Skip to content

Гарчиг руу орох

Шавь бэлдэхийн баяр баясгаланг биеэрээ үзэгтүн

Шавь бэлдэхийн баяр баясгаланг биеэрээ үзэгтүн

Шавь бэлдэхийн баяр баясгаланг биеэрээ үзэгтүн

«Тиймээс явж, ...хүмүүсийг шавь болгогтун» (МАТ. 28:19, ШЕ).

1–3. а) Дэлгэрүүлэгчид Библийн хичээл заах боломжийг юу гэж үздэг вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 «БИ нэг пакистан гэр бүлд Библийн хичээл заагаад гурав орчим сар болсон юм» гэж АНУ-д хинди хэлний хэсэгт үйлчилдэг нэг Гэрч эмэгтэй бичжээ. Тэрбээр цааш нь: «Нэг л мэдэхэд, бид сайн найзууд болсон. Тэднийг удахгүй Пакистан руу буцна гэж бодохоос л нүдийг минь нулимс бүрхэх юм. Энэ нь тэднийгээ явчихлаар санана даа гэж гунихарсных төдийгүй тэднийг Еховатай танилцуулсандаа баярласных юм» гэж бичжээ.

2 Та бас энэ эмэгтэйн адилаар Библийн хичээл заагаад баярлаж үзсэн үү? Есүс болон түүний шавь нар, шавь бэлдэхийн баяр баясгаланг биеэрээ үзсэн юм. Есүсээр заалгасан 70 шавь дэлгэрүүлж яваад буцаж ирээд сайн ажилласан тухайгаа тайлагнадаг. Тэгэхэд нь Есүс «Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж[ээ]» (Лук 10:17–21). Өнөөдөр ч гэсэн олон хүн шавь бэлдэхийн баяр баясгаланг үзэж явна. 2007 оны байдлаар ажилч хичээнгүй, баяр баясгалантай дэлгэрүүлэгчид сар бүр, дунджаар, зургаан сая таван зуун мянган Библийн хичээл заажээ!

3 Гэхдээ Библийн хичээл заахын баяр баясгаланг үзээгүй хүмүүс бас байдаг. Зарим нь Библийн хичээл заалгүй удсан байж болох юм. Библийн хичээл заахад ямар ямар бэрхшээл тулгардаг вэ? Тэдгээрийг яаж даван туулах вэ? «Тиймээс явж, ...хүмүүсийг шавь болгогтун» хэмээсэн Есүсийн тушаалыг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийвэл ямар шагнал хүртэх вэ? (Мат. 28:19, ШЕ).

Баяр баясгаланг үгүй хийдэг бэрхшээл

4, 5. а) Зарим газар хүмүүс сайн мэдээг хэрхэн хүлээж авдаг вэ? б) Зарим нутгийн дэлгэрүүлэгчдэд ямар ямар бэрхшээл тулгардаг вэ?

4 Зарим газар хүмүүс манай хэвлэлийг дуртайяа авч, Библийн хичээл хийх чин хүсэлтэй байдаг. Замбид түр хугацаагаар үйлчилсэн австрали хос: «Өмнө нь бидний сонссон яриа үнэхээр үнэн байсан. Замби бол дэлгэрүүлэгч хүний хувьд диваажин л гэсэн үг. Гудамжаар дэлгэрүүлэхэд яадаг гээч, хүмүүс өөрсдөө хүрч ирдэг. Зарим нь бүр манай сэтгүүлийн төдөн сарын төдний дугаарыг авмаар байна гэдэг юм» гэж бичжээ. Саяхны нэг жилд Замбийн итгэл нэгтнүүд маань 200 000 гаруй Библийн хичээл заасан нь дунджаар дэлгэрүүлэгч бүр, доод тал нь, нэг хичээл заажээ гэсэн үг юм.

5 Гэхдээ зарим нутагт хэвлэл тарааж, Библийн хичээл тогтмол заана гэдэг амаргүй даваа аж. Учир нь хүмүүс гэртээ байхаасаа байхгүй нь их, байдаг нэгэн нь шашныг үл тоомсорлодог бололтой. Энэ нь шүтлэггүй гэр бүлд өсөж хүмүүжсэн юм уу хуурамч шашныхны хоёр нүүр гаргадгийг жигшдэгтэй холбоотой байж мэднэ. Хуурамч хоньчдын балгаар тарж, туйлдсан хүн олон (Мат. 9:36). Тиймээс тэднийг Библийн талаар ярилцахаас болгоомжилдгийг нь буруушаах аргагүй юм.

6. Зарим хүнд ямар ямар бэрхшээл тулгардаг вэ?

6 Зарим дэлгэрүүлэгчид баяр баясгаланг нь үгүй хийдэг өөр бэрхшээл тулгардаг. Тухайлбал, урьд нь шавь бэлдэх ажилд их идэвхтэй оролцдог байсан дэлгэрүүлэгчид өвчин хууч, өндөр насны эрхээр хүссэнээрээ дэлгэрүүлэх аргагүй болдог. Бас заримдаа бид өөрсдөдөө бэрхшээл учруулдаг. Та өөрийгөө хичээл зааж чаддаггүй гэж чамладаг уу? Еховагаас фараонтай ярилцах даалгавар авсан Мосегийнх шиг сэтгэгдэл танд төрдөг байж болох юм. Мосе: «ЭЗЭН минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, би хэзээ ч уран үгтэй байгаагүй» гэж хэлсэн байдаг (Ег. 4:10). Өөрийгөө чамлах нэг шалтгаан нь бүтэлгүйтэх вий гэж айх явдал юм. Тэгж айдаг хүн: «Над шиг төгс бус багшаар хичээл заалгасан хүн шавь болохгүй биз» гэж боддог байж мэднэ. Тэгээд Библийн хичээл огт заахгүй гэж шийдэж болох юм. Тэгвэл эдгээр бэрхшээлийг яаж даван туулах вэ?

Зүрхээ бэлдэх нь

7. Есүс ямар учраас дэлгэрүүлдэг байсан бэ?

7 Эхний алхам бол зүрхээ бэлдэх юм. Есүс: «Зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг» хэмээсэн билээ (Лук 6:45). Тэрбээр бусдад чин сэтгэлээсээ санаа тавьдаг байсан учир дэлгэрүүлдэг байсан. Жишээ нь, элэг нэгт иудейчүүд нь сүнслэгээр ядуу дорой байгааг ажиглаад тэднийг «өрөвджээ». Тэгээд шавь нартаа: «Ургац үнэндээ арвин... байна. Тиймээс ургацын Эзнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа» гэж хэлсэн (Мат. 9:36–38).

8. а) Юуны тухай бодох нь зүйтэй вэ? б) Нэг суралцагчийн захидлаас юу мэдэж болох вэ?

8 Хэн нэгэн Гэрчийг цаг гаргаж хичээл зааж өгсний үрээр ямар их ач тус хүртсэнээ бодож байх нь шавь бэлдэх ажил хийдэг бидэнд их ач холбогдолтой. Бас дэлгэрүүлэх ажилд тааралдах хүмүүсийн талаар, сайн мэдээг сонсоод тэд ямар ач тус хүртэхийг эргэцүүлэн бодож байх хэрэгтэй. Нэг эмэгтэй нутгийнхаа, Еховагийн Гэрчүүдийн салбарт захидал бичжээ. Тэрбээр: «Манайд ирж, Библийн хичээл заадаг Гэрчүүдэд би хэчнээн их талархдагаа та бүхэнд бичих гэсэн юм. Би тэднээс олон юм асуусаар товлосон цагаас нь хоцроочихдог. Тиймээс тэд надтай хичээл хийхээс заримдаа халширдаг байх л даа. Гэхдээ үргэлж тэвчээртэй байж, сурч мэдсэнээ надтай харамгүй хуваалцдаг юм. Тэднийг надтай учруулсанд нь би Ехова Есүс хоёрт талархдаг» гэж бичжээ.

9. Есүс юуг голлон анхаарч байсан бэ? Түүнийг яаж дуурайх вэ?

9 Өөрсдөд нь туслах гэсэн Есүсийн хүчин зүтгэлийг хүмүүс тэр бүр ойшоогоогүй (Мат. 23:37). Зарим хүн Есүсийг нэг хэсэг дагаж байснаа сургаалыг нь хүлээн авч чадаагүйн улмаас «цаашид Түүнтэй хамт явсангүй» гэж Библид байдаг (Иох. 6:66). Тэглээ гээд Есүс дэлгэрүүлж байсан мэдээгээ үнэ цэнгүй гэж бодоогүй юм. Тарьсан үрийнх нь ихэнх нь ургаагүй боловч тэрбээр, гол нь, өөрийнхөө хийж байсан сайн юмыг анхаарч байв. Цайрч, хураахад бэлэн болсон талбайг харж байсан бөгөөд ургацын ажилд туслахын баяр баясгаланг өөрийн биеэр үзсэн билээ (Иохан 4:35, 36-г уншина уу). Бид ч гэсэн талбайнхаа үржил шимгүйг бодохын оронд ургацын ажилд оролцдогоо санаж, ирээдүйд хураана гэж найдан өөдрөг сэтгэлтэй байх нь зүйтэй. Үргэлж тийм өөдрөг явахын тулд яах хэрэгтэйг дэлгэрэнгүй үзье.

Ирээдүйд хураана гэж бодож тарих нь

10, 11. Үргэлж баяр баясгалантай байхын тулд яах хэрэгтэй вэ?

10 Тариачин хүн ургац хураана гэж үр суулгадгийн адилаар бид Библийн хичээлтэй болно гэж дэлгэрүүлэх хэрэгтэй. Гэтэл цаг гарган, тогтмол дэлгэрүүлдэг ч гэртээ байдаг хүн ховор эсвэл уулзсан хүмүүстэйгээ дахин уулзах боломж гардаггүй бол яах вэ? Тийм үед үнэхээр шантармаар. Гэлээ гээд айлаар дэлгэрүүлэхээ болих уу? Яалаа гэж! Айлаар дэлгэрүүлэх нь цаг хугацааны шалгуурыг давсан шилдэг арга бөгөөд одоо ч гэсэн Гэрчүүд ийм аргаар олон хүнийг олдог.

11 Үргэлж баяр баясгалантай байхын тулд айлаар дэлгэрүүлэхээс гадна хүмүүстэй уулзах өөр арга хэрэглэвэл ямар вэ? Та гудамж талбай юм уу албан газраар дэлгэрүүлж үзсэн үү? Утсаар дэлгэрүүлэх боломжтой юу? Эсвэл уулзаж ярилцсан хүмүүстэйгээ дахин уулзахын тулд утасных нь дугаарыг авах боломж гардаг уу? Уйгагүй дэлгэрүүлж, уян хатан байвал Хаанчлалын тухай мэдээг нааштай хүлээж авах хүмүүсийг олохын баяр баясгаланг өөрийн биеэр үзнэ.

Хайхрамжгүй байдлыг даван туулах нь

12. Хэсгийн маань хүмүүс шашин сонирхдоггүй бол яах хэрэгтэй вэ?

12 Танай хэсгийн хүмүүс шашин сонирхдоггүй бол яах вэ? Тэдний сонирхлыг татах сэдвээр яриа өрнүүлэхийн тулд арга барилаа өөрчлөх үү? Элч Паул Коринт дахь итгэл нэгтнүүддээ: «Би иудейчүүдэд иудей хүн адил, [...] би Бурхны хуульгүй байгаа бус... атлаа, хуульгүй хүмүүст хуульгүй хүн адил ...болсон юм» хэмээгээд үүнийхээ учрыг тайлбарлан: «Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа» гэж бичжээ (1 Кор. 9:20–22). Бид ч гэсэн түүнийг дуурайн, хэсгийнхээ хүмүүсийн сонирхдог сэдвийг олж болно шүү дээ. Олон хүн шүтлэггүй боловч гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хүсэж явдаг. Бас амьдралын утга учрыг хайдаг байж болох юм. Тиймээс, Хаанчлалын тухай мэдээг тэдний сонирхолд нийцүүлэн хүргэж болно биз дээ?

13, 14. Шавь бэлдэх ажлын баяр баясгаланг өөрийн биеэр үзэхийн тулд юу хийж болох вэ?

13 Шашин сонирхдоггүй хүн олон байдаг хэсэгт үйлчилдэг дэлгэрүүлэгчид ч шавь бэлдэх ажлын баяр баясгаланг өөрийн биеэр үзэж байна. Тэдний зарим нь гадаад хэл сурдаг. Жишээ нь, 60 гарсан нэг хос хурлынх нь нутаг дэвсгэрт олон хятад оюутан гэрийнхэнтэйгээ хамт суудгийг мэджээ. «Тэгээд бид хятад хэл сурахаар шийдсэн юм. Хэл сурахын тулд өдөр бүр цаг гаргах шаардлагатай болсон ч ямар үр дүнд хүрснээ хараад баярладаг. Бид энэ хавийн олон хятад хүнд Библийн хичээл заадаг болсон» гэж нөхөр нь хэлсэн байна.

14 Та гадаад хэл сурах боломжгүй байлаа ч гадаад хэлээр ярьдаг хүмүүстэй тааралдвал «Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ» гэдэг товхимлыг үр ашигтай хэрэглэж болно шүү дээ. Бас дэлгэрүүлж явахад тааралдсан гадаад хүмүүст мэддэг хэлээр нь ном хэвлэл хүргэж өгч болно. Хэл, соёл өөр хүмүүстэй харьцахын тулд илүү их цаг, хүчин зүтгэл гаргах хэрэгтэй нь үнэн. Гэхдээ «Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана» гэсэн Бурхны Үгэн дэх зарчмыг бүү мартаарай (2 Кор. 9:6).

Хурлын хамт олны хүчин зүтгэл

15, 16. а) Шавь бэлдэх ажлыг хурлын хамт олны хүчээр бүтдэг гэж хэлэхийн учир юу вэ? б) Настай христианууд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг вэ?

15 Шавь бэлдэх нь ганц хүний хичээл зүтгэлээр бус, хурлын хамт олны хүчээр бүтдэг ажил билээ. Ингэж хэлэхийн учир юу вэ? Есүс: «Та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» хэмээсэн (Иох. 13:35). Тэгээд ч суралцагч хүмүүс цуглаанд ирэхэд хурлын маань халуун дулаан уур амьсгал тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Библийн хичээл заалгадаг нэг эмэгтэй: «Би цуглаанд очих их дуртай. Хүмүүс надад үнэхээр элгэмсэг ханддаг» гэж бичжээ. Дагалдагч нь болох хүмүүсийг төрсөн гэрийнхэн нь эсэргүүцэж болзошгүйг Есүс хэлсэн (Матай 10:35–37-г уншина уу). Гэхдээ дагалдагчдаа христиан хурлаас олон сайхан «ах дүү, эгч дүү, эх, үр хүүхэдтэй» болгохоо амласан (Марк 10:30).

16 Суралцагчдыг сүнслэгээр өсөхөд өндөр настай итгэл нэгтнүүд маань чухал үүрэг гүйцэтгэдэг. Яаж? Настай христианууд тэр бүр Библийн хичээл заах боломжгүй боловч цуглаан дээр ач холбогдолтой хариу өгч, бүх хүний итгэлийг бэхжүүлдэг. Тэд «зөв шударга амьдралынхаа» үлгэр жишээгээр христиан хурлыг чимдгийн зэрэгцээ чин сэтгэлтэй хүмүүсийн анхаарлыг Бурхны байгууллагад хандуулдаг (Сур. 16:31).

Айдсаа ялан дийлэх нь

17. Өөрийгөө чамладаг бол яах нь зүйтэй вэ?

17 Хэрэв та өөрийгөө Библийн хичээл заах чадваргүй гэж чамладаг бол яах нь зүйтэй вэ? Ехова Мосед ариун сүнсээрээ тусалж, ах Аароныг нь хамтрагч болгон өгснийг санаарай (Ег. 4:10–17). Бас Бурхны ариун сүнс бидний дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ гэж Есүс батлан хэлсэн (Үйлс 1:8). Түүнээс гадна, Есүс шавь нараа дэлгэрүүлэх ажилд хоёр хоёроор нь явуулдаг байсан шүү дээ (Лук 10:1). Тиймээс, та Библийн хичээл заахаас зүрхшээдэг бол ариун сүнсээрээ мэргэн ухаан өгөхийг Бурхнаас гуйж залбираад, танд туслан, зоригжуулж чадах туршлагатай хүнтэй хамт дэлгэрүүлээрэй. Ехова гайхамшигт санаа зорилгоо биелүүлэх үйлсдээ энэ «ертөнцийн мөхөс юмс» буюу жирийн хүмүүсийг оролцуулахаар сонгосныг санаж, итгэлтэй байгаарай (1 Кор. 1:26–29).

18. Бүтэлгүйтэх вий гэж айдаг бол яах хэрэгтэй вэ?

18 Бүтэлгүйтэх вий гэж айдаг бол яах хэрэгтэй вэ? Шавь бэлдэх нь хоол хийхтэй адилгүйг санах хэрэгтэй. Ер нь, хоол амттай болсон болоогүйн аль алинд нь тогооч ганцаараа хариуцлага хүлээдэг байхад шавь бэлдэх ажил, наад зах нь, гурван талын хамтын ажиллагаа шаарддаг. Ехова хамгийн гол ажлыг нугалж, хүмүүсийг өөртөө татдаг (Иох. 6:44). Дэлгэрүүлэгчид бид суралцагчаа сүнслэгээр өсөхөд нь туслахын тулд заах урлагийг чадмаг эзэмших ёстой нь зүйн хэрэг (2 Тимот 2:15-ыг уншина уу). Харин суралцагч мэдлэгээ хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг (Мат. 7:24–27). Суралцагч маань хичээл хийхээ болиход бидний урам хугардаг. Мэдээж, бид суралцагчаа ухаалаг шийдвэр гаргаасай гэж хүсдэг. Гэхдээ эцсийн эцэст «хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» (Ром 14:12).

Ямар шагнал хүртэх вэ?

19–21. а) Библийн хичээл заах нь бидэнд ямар ашигтай вэ? б) Ехова дэлгэрүүлэх ажилд оролцдог бүх хүнийг хэрхэн үздэг вэ?

19 Библийн хичээл заах нь эхлээд Хаанчлалыг хайх үйлсэд анхаарлаа хандуулахад тусалдаг. Бас Бурхны Үгийн үнэнийг зүрх сэтгэл, оюун ухаандаа гүн хоногшуулахад ач тустай. Ингэж хэлэхийн учир юу вэ? Барак гэдэг эхлэгч: «Библийн хичээл заахын тулд Бурхны Үгийг сайн судлахаас өөр аргагүй болдог юм. Библийн сургаалыг бусдад зөв заая гэвэл эхлээд өөрийнхөө итгэл үнэмшлийг бэхжүүлэх ёстой юм байна гэдгийг би ухаарсан» гэж хэлжээ.

20 Та одоогоор Библийн хичээл заадаггүй бол дэлгэрүүлэх ажил тань Бурханд ямар ч үнэ цэнгүй гэж бүү бодоорой. Ехова өөрийг нь алдаршуулахын тулд хийдэг бүхнийг маань өндөр үнэлдэг. Дэлгэрүүлэх ажилд оролцдог бүх хүн «Бурхны хамтран зүтгэгч» мөн. Гэхдээ Библийн хичээл заавал илүү их баяр баясгалантай болдог. Учир нь бидний тарьсныг Бурхан яаж ургуулахыг Библийн хичээл заахлаараа харж болдог (1 Кор. 3:6, 9). Эхлэгчээр үйлчилдэг Эми гэдэг эмэгтэй: «Би суралцагчаа сүнслэгээр өсөхийг хараад Еховад өөрийн эрхгүй талархдаг. Ехова тэр хүнд надаар гайхамшигтай бэлэг өгүүлэн, өөрийгөө мэдүүлж, мөнх амьтай болох боломж олголоо гэж би боддог» гэжээ.

21 Библийн хичээлтэй болж, тасралтгүй хичээллэхийн тулд чадах бүхнээ хийвэл Бурханд үйлчлэх ажилдаа гол анхаарлаа хандуулж, шинэ ертөнцөд амьдрах найдвараа бэхжүүлэх ач тустай. Түүнчлэн, Еховагийн дэмжлэгтэйгээр сонсогчдоо аврагдахад нь тус болж болох юм (1 Тимот 4:16-г уншина уу). Тийм сайхан явдал болоход бид хэчнээн их баярлах бол оо!

Санаж байна уу?

• Библийн хичээл заахад нь зарим дэлгэрүүлэгчид юу саад болдог вэ?

• Дэлгэрүүлэх хэсгийн маань олон хүн шашин сонирхдоггүй юм шиг санагддаг бол яах хэрэгтэй вэ?

• Библийн хичээл заавал ямар шагнал хүртэх вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Та чин сэтгэлтэй хүмүүсийг олохын тулд айлаар дэлгэрүүлэхээс гадна өөр ямар арга хэрэглэдэг вэ?