Skip to content

Гарчиг руу орох

Есүсийн сургаал жаргалтай болгодог

Есүсийн сургаал жаргалтай болгодог

Есүсийн сургаал жаргалтай болгодог

«Есүс ... уул өөд гарав. ... Шавь нар нь Түүн дээр ирлээ. Тэр ... сургаж эхлэв» (МАТ. 5:1, 2).

1, 2. а) Есүс «Ууланд айлдсан номлол»-оо хэзээ, хаана айлдсан бэ? б) Сургаалаа яаж эхэлсэн бэ?

 МЭ 31 он байлаа. Есүс Галилд хийж байсан дэлгэрүүлэх ажлаа түр завсарлаад Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэх гэж Иерусалимд очжээ (Иох. 5:1). Дараа нь Галилд буцаж ирээд 12 элчээ сонгохын тулд Бурхнаас удирдлага гуйн шөнөжин залбирчээ. Маргааш нь өвчтэй хүмүүсийг эдгээж байтал нь олон хүн цуглав. Тэрбээр шавь нар болон цугласан олонтой хамт уулын бэлд суугаад сургаал алдаж эхлэв (Мат. 4:23—5:2; Лук 6:12–19).

2 Есүс жинхэнэ аз жаргалыг эдлэхийн тулд Бурхантай дотно харьцаатай байх хэрэгтэйг тайлбарлан «Ууланд айлдсан номлол»-оо эхэлжээ (Матай 5:1–12-ыг уншина уу) *. Нэгэн тольд тодорхойлсноор, жаргал гэдэг нь «бие сэтгэл ... амар амгалан, баясгалантай байдал» ажээ. Есүсийн сургаалдаа хэлсэн жаргалын тухай есөн зүйл христиан хүний эдэлдэг жаргалыг онцлон харуулдаг бөгөөд тэдгээр нь 2000 орчим жилийн өмнөхтэй адил өнөөдөр ч ач холбогдолтой байна. Одоо, эдгээрийг нэг нэгээр нь авч үзье.

Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс

3. Ямар хүмүүсийг сүнсэн дотроо ядуу гэх вэ?

3 «Сүнсэн дотроо ядуу хүмүүс жаргалтай яа! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм» (Мат. 5:3). Сүнсэн дотроо ядуу хүмүүс нь сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг бөгөөд Бурхнаас өршөөл хүртэх хэрэгтэйгээ ойлгодог хүмүүс юм.

4, 5. а) Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай байдгийн учир юу вэ? б) Сүнслэг хэрэгцээгээ яаж хангах вэ?

4 Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай байдгийн «учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм». Шавь нар нь Есүсийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрсний ачаар Бурхны тэнгэрийн Хаанчлалд түүнтэй хамт захирах эрхтэй болсон (Лук 22:28–30). Христиан хүн тэнгэрт гарч Христийн хамтран залгамжлагч болох ч бай, Хаанчлалын удирдлага дор диваажин дэлхийд мөнх амьдрах ч бай, сүнслэг хэрэгцээгээ үнэхээр мэдэрч, Бурхнаас хамааралтай гэдгээ бүрэн дүүрэн ухамсарладаг бол жаргалтай амьдарна.

5 Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүн цөөхөн байдаг нь итгэлгүй, «сүсэггүй» буюу ариун юмыг эрхэмлэдэггүй хүн олон байдгийнх юм (2 Тес. 3:1, 2; Евр. 12:16). Библи нямбай судлах, шавь бэлдэх ажлыг идэвхийлэн хийх, цуглаанд тогтмол очих нь сүнслэг хэрэгцээгээ хангах зарим арга мөн (Мат. 28:19, 20; Евр. 10:23–25).

Гашууддаг хүмүүс «жаргалтай»

6. Ямар хүмүүсийг «гашуудаж буй хүмүүс» гэх вэ? Тэд яагаад жаргалтай байдаг вэ?

6 «Гашуудаж буй хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд тайвшрал авах болно» (Мат. 5:4). «Гашуудаж буй хүмүүс» нь сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс юм. Тэд зовлон тоочоод байдаг хүмүүс биш ээ. Харин нүгэлтэйгээсээ, бас төгс бус байдлын үр дагавраас болж шаналдаг хүмүүс юм. Тийм хүмүүсийг «жаргалтай» гэхийн учир юу вэ? Тэд Бурхан болон Христэд итгэдэг бөгөөд Еховатай дотно харьцаатай явдагтаа тайвширдаг (Иох. 3:36).

7. Сатаны ертөнцийг хэрхэн үзэх ёстой вэ?

7 Бид Сатаны ертөнцөд газар авсан ёс бус байдлаас болж гашууддаг уу? Ертөнцөөс олж болох юманд бид, үнэндээ, хэрхэн ханддаг вэ? Элч Иохан: «Ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус ... юм» гэж бичсэн (1 Иох. 2:16). Ертөнцийн сүнс буюу Бурхнаас хөндийрсөн хүний нийгэмд давамгайлдаг өдөөгч хүч сүнслэг байдалд маань нөлөөлж байгааг анзаарвал яах нь зүйтэй вэ? Шаргуу залбирч, Бурхны Үгийг судалж, ахлагчдаас тусламж авах хэрэгтэй. Зовлон бэрхшээл тулгардаг ч, бид Еховатай дотносохын хэрээр өөрсдийгөө «тайтгаруулдаг» (1 Кор. 2:12; Дуу. 119:52; Иак. 5:14, 15).

«Дөлгөөн хүмүүс» хэчнээн их жаргалтай вэ!

8, 9. Дөлгөөн хүн ямар байдаг вэ? Тэд ямар учраас жаргалтай вэ?

8 «Дөлгөөн хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» (Мат. 5:5). Дөлгөөн байх гэдэг нь сул доройн шинж биш бөгөөд аядуу зөөлөн хүний дүр эсгэх гэсэн үг биш ээ (1 Тим. 6:11). Дөлгөөн хүн Еховагийн хүсэл тааллыг биелүүлж, Еховагаар удирдуулан даруу байдаг. Бас итгэл нэгтнүүд болон бусадтай харьцахдаа ч дөлгөөн байдаг. Даруу байвал элч Паулын зөвлөгөөг хэрэгжүүлж чадна (Ром 12:17–19-ийг уншина уу).

9 Дөлгөөн хүмүүсийг жаргалтай гэхийн учир юу вэ? Тэд «дэлхийг өвлөн авах болно» гэж дөлгөөн зантай Есүс хэлсэн. Дэлхийг өвлөн авах гол Эзэн нь Есүс билээ (Дуу. 2:8; Мат. 11:29; Евр. 2:8, 9). Мөн «Христийн хамтран залгамжлагчид» болох дөлгөөн зантай хүмүүс түүний өвөөс хүртэж, дэлхийг өвлөнө (Ром 8:16, 17). Дөлгөөн зантай бусад хүн Есүсийн Хаанчлалын удирдлага дор дэлхий дээр мөнх амьдарна (Дуу. 37:10, 11).

10. Догшин ширүүн зан гаргадаг бол ямар аюултай вэ?

10 Бид Есүсийг дуурайн дөлгөөн байх учиртай. Хэрэв бид догшин ширүүн зан гаргадаг бол ямар аюултай вэ? Хүмүүс биднээс хөндийрнө. Бас христиан эрэгтэй догшин ширүүн зантай бол хуралд хариуцлагатай үүрэг хүлээх шаардлага хангаж чадахгүй (1 Тим. 3:1, 3). Паул Титийг Кретийн христиануудад «хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх хүнд бүх талаар даруухан байдлыг харуулахыг» сануулж байхыг захисан (Тит 3:1, 2). Ийм дөлгөөн зантай хүн бусдад таатай санагддаг.

Тэд «зөвт байдлын төлөө» өлсдөг

11-13. а) Зөвт байдлын төлөө өлсөж, цангах гэж юу гэсэн үг вэ? б) Өлсөж, цангадаг хүмүүс хэрхэн «хангалуун» болдог вэ?

11 «Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд хангалуун болох болно» (Мат. 5:6). Энд Есүс «зөвт байдал» гэдгээр Бурхны хүсэл таалал, хууль тушаалд нийцэх зөв үйл хийхийг хэлсэн. Дуулалч Бурхны зөв шийдвэрийг «хүсэн тэмүүлсээр сэтгэл минь шаналж байна» хэмээжээ (Дуу. 119:20). Бид зөвт байдлыг өндөр үнэлдэг үү? Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг уу?

12 Есүсийн хэлснээр, зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс «хангалуун болох» учир жаргалтай байдаг ажээ. Өлсөж, цангадаг хүмүүс хангалуун болох боломж МЭ 33 оны Пентекостоос хойш Еховагийн ариун сүнс «зөвт байдлын ... талаарх хөдөлшгүй нотолгоог ертөнцөд» өгч эхэлсэн тэр цагаас бүрдсэн (Иох. 16:8, ШЕ). Бурхан ариун сүнсээрээ хүмүүсийг удирдан, «зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай» Христиан Грек Судрыг бичүүлсэн (2 Тим. 3:16). Бас Бурхны ариун сүнс бидэнд «зөвт байдал ... дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөхөд» тусалдаг (Ефес 4:24). Нүглээ гэмшин, Есүсийн золиосны үндсэн дээр Бурхнаас өршөөл гуйдаг хүнийг Бурхан зөвт хэмээн үздэгийг мэдэхлээр сэтгэл тайвширдаг (Ром 3:23, 24-ийг уншина уу).

13 Дэлхийд амьдрах найдвартай, зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс зөвт нөхцөл бүрдсэн дэлхийд мөнх амьдрах тэр цагт бүрэн хангалуун болно. Тэр болтол амьдралдаа Еховагийн хэм хэмжээг баримтлах шийдвэрээсээ няцахгүй байцгаая. Есүс: «Эхлээд [Бурхны] хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайгтун» гэсэн (Мат. 6:33). Бид энэ тушаалыг биелүүлбэл Бурханд таалагддаг үйл хэрэг, жинхэнэ аз жаргалаар бялхаж «хангалуун» болно (1 Кор. 15:58).

Энэрэнгүй хүмүүс жаргалтай байдгийн учир

14, 15. Энэрэнгүй байхын тулд яах хэрэгтэй вэ? Энэрэнгүй хүмүүсийг жаргалтай гэхийн учир юу вэ?

14 «Энэрэнгүй хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно» (Мат. 5:7). Энэрэнгүй хүн бусдыг өрөвддөг. Есүс хүмүүсийг өрөвдсөндөө гайхамшиг үйлдэн зовлонгоос нь ангижруулдаг байв (Мат. 14:14). Ехова гэмшсэн хүмүүсийг уучилдгийн адилаар энэрэнгүй хүн өөрт нь муу юм хийсэн хүнийг уучилдаг (Ег. 34:6, 7; Дуу. 103:10). Бид буруутай хүнийг уучлахын зэрэгцээ зовж зүдэрсэн хүмүүст хэрэгтэй үг хэлж, тустай үйл хийх зэргээр энэрэнгүй байж болно шүү дээ. Библийн үнэнийг бусдад хүргэх нь энэрэнгүй сэтгэлийн нэг том илрэл юм. Есүс олон түмнийг өрөвдсөндөө «тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» гэж Библид байдаг (Марк 6:34).

15 «Энэрэнгүй хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно» гэж хэлсэн Есүстэй санал нийлэхгүй байхын аргагүй. Бусдад энэрэнгүй хандвал тэд ч бас бидэнд энэрэнгүй хандана. Бас Бурхан биднийг шүүхдээ бусдад энэрэнгүй ханддаг байсныг маань харгалзан үзээд, шийтгэл оноохгүй байж болох юм (Иак. 2:13). Энэрэнгүй хүмүүс л нүглээ уучлуулж, мөнх амьтай болно (Мат. 6:15).

«Зүрхэн дотроо цэвэр ариун» хүмүүс жаргалтай байдгийн учир

16. «Зүрхэн дотроо цэвэр ариун» байх гэж юу гэсэн үг вэ? «Зүрхэн дотроо цэвэр ариун» хүмүүс Бурхныг яаж «хардаг» вэ?

16 «Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд Бурхныг харах болно» (Мат. 5:8). Хүн «зүрхэн дотроо цэвэр ариун» байдаг нь аливаад хандах хандлага, хүсэл эрмэлзлээр нь илэрдэг. Тийм хүн бусдыг «цэвэр зүрхний ... хайраар» хайрладаг (1 Тим. 1:5). Бидний зүрх цэвэр байвал «Бурхныг харна». Энэ нь Еховаг шууд харна гэсэн үг биш ээ. Учир нь «[Бурхныг] хараад, амьд байж чадах хүн байхгүй» (Ег. 33:20). Гэхдээ Есүс: «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлсэн. Есүс Бурхны зан чанарыг төгс дуурайсан учир түүнийг ажиглах нь Бурхныг харах нэг арга юм (Иох. 14:7–9). Дэлхий дээр амьдардаг бид өөрсдийн маань төлөө Бурхны юу хийдгийг ажигласнаараа «Бурхныг хардаг» (Иов 42:5). Тослогдсон христианууд тэнгэрт дахин амилж, сүнсэн биетэй болохлоороо тэнгэрийн Эцгээ яг байгаагаар нь харна (1 Иох. 3:2).

17. Бид «зүрхэн дотроо цэвэр ариун» байдаг бол ямар байх вэ?

17 «Зүрхэн дотроо цэвэр ариун» хүн ёс суртахууны хувьд болон сүнслэгээр цэвэр байдаг учир Еховатай тогтоосон харьцаандаа хир буртаг суулгахгүйн тулд Еховагийн хувьд бузар булай юмнаас зайлсхийдэг (Ш.дээд 28:9; Ис. 52:11). Хэрэв бид зүрхэн дотроо цэвэр ариун бол үг яриа, үйл хэрэг маань ч цэвэр байх бөгөөд Еховад үйлчлэхдээ хэзээ ч хоёр нүүр гаргахгүй.

«Амар тайвныг тогтоогч хүмүүс» Бурхны хөвгүүд болно

18, 19. Ямар хүнийг «амар тайвныг тогтоогч» гэх вэ?

18 «Амар тайвныг тогтоогч хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд „Бурхны хөвгүүд“ гэж нэрлэгдэх болно» (Мат. 5:9). «Амар тайвныг тогтоогч хүмүүс» үйлсээрээ танигддаг. Есүсийн хэлсэн «амар тайвныг тогтоогч хүмүүс» «хэн нэгний хорон мууг муугаар хариулдаггүй». «Харин үргэлж ... бүх хүний төлөө сайн зүйл рүү тэмүүлдэг» (1 Тес. 5:15).

19 «Амар тайвныг тогтоогч» байя гэвэл цаг ямагт эв эеийг эрхэмлэх учиртай. «Амар тайвныг тогтоогч хүмүүс» «дотнын анд нөхдийг салгах» ямар ч юм хийдэггүй (Сур. 16:28). Харин ч «бүх хүнтэй эвтэй байх» санаачилга гарган, сайн үйл хийдэг (Евр. 12:14).

20. Одоогоор хэн «Бурхны хөвгүүд» болсон бэ? Хожим нь хэн Бурхны хүүхдүүд болох вэ?

20 Амар тайвныг тогтоогч хүмүүс «„Бурхны хөвгүүд“ гэж нэрлэгдэх» учраас жаргалтай байдаг. Ехова тослогдсон үнэнч христиануудыг үрчилж авсан учир тэд «Бурхны хөвгүүд» болчихоод байгаа. Тэд Христэд итгэдгээ үйл хэргээрээ харуулдгийн зэрэгцээ «хайрын ба амар тайвны Бурхныг» чин сэтгэлээсээ шүтдэг учир Еховатай яг л хүүхэд шиг нь дотно байдаг (2 Кор. 13:11; Иох. 1:12). Тэгвэл амар тайвныг тогтоогч «өөр хонинуудын» тухайд юу хэлж болох вэ? Есүс Мянган жилийн засаглалынхаа үед тэдний «Мөнхийн Эцэг» байх бөгөөд мянган жил өнгөрөхөд өөрөө «Бурхны эрхшээлд орно». Тэр цагт «өөр хонинууд» жинхэнэ ёсоор Бурхны хүүхдүүд болно (Иох. 10:16, ШГ; Ис. 9:6; Ром 8:21; 1 Кор. 15:27, 28).

21. Бид «сүнс дотор амьд байгаа» бол яах вэ?

21 Хэрэв бид «Сүнс дотор амьд байгаа» бол амар тайвныг тогтоогч гэдэг маань хүн бүхэнд илэрхий байх болно. Бид «нэг нэгнээ өдөөн сөрөхгүй» (Гал. 5:22–26). «Бүх хүнтэй эвтэй байхыг» хичээнэ (Ром 12:18).

Хавчигддаг ч жаргалтай

22-24. а) «Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс» ямар учраас жаргалтай байдаг вэ? б) Дараагийн хоёр өгүүллээр юун тухай үзэх вэ?

22 «Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс жаргалтай яа! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм» (Мат. 5:10). Есүс энэ үгээ тайлбарлан: «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар жаргалтай яа! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм» гэжээ (Мат. 5:11, 12).

23 Христианууд эрт цагт Бурханд үйлчилж байсан зөнчдийн адилаар доромжлуулж, хавчигдаж, зүсэн бүрийн хорон муугаар хэлүүлнэ гэдгээ мэддэг. Энэ нь «зөвт байдлын төлөө» гэдгийг ч ойлгодог. Эдгээрийг тэвчиж чадвал Еховад таалагдаж, Еховаг алдаршуулан сэтгэл тэнэгэр явах юм (1 Петр 2:19–21). Зовлон бэрхшээл тулгарлаа гээд Еховад үйлчлэхийн баяр баясгалангаа өнөөдөр ч, ирээдүйд ч алдахгүй. Түүнчлэн, тэнгэрийн Хаанчлалд Христтэй хамт захирахын, эсвэл Хаанчлалын дэлхий дэх албатын хувьд мөнхийн амьтай болохын баяр баясгаланг алдахгүй. Бурхан биднийг таалалдаа багтаан, сайхан сэтгэл гаргаж, өгөөмөр хандаж буйн нотолгоо нь энэ бүх ивээл хишиг юм.

24 «Ууланд айлдсан номлол»-оос сурах юм их бий. Дараагийн хоёр өгүүллээс олон сургамжтай зүйлийг мэдэж авцгаая. Есүсийн сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг үзэцгээе.

[Зүүлт]

^ Матай 5:3–11-д хэрэглэсэн макариои гэдэг грек үгийг «Ариун Библи» (АББН, 2004) орчуулгад «ерөөлтэй» гэж хөрвүүлжээ. Гэхдээ «Шинэ ертөнцийн орчуулга», «Иерусалимын Библи» зэрэг өөр олон орчуулгад энэ үгийг «жаргалтай» гэж орчуулсан байдаг нь оновчтой юм. Тийм учраас, ойлгомжтой болгох үүднээс энэ өгүүлэлд «ерөөлтэй» гэдэг үгийн оронд «жаргалтай» гэдэг үгийг хэрэглэлээ.

Хариулна уу

• Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс яагаад жаргалтай байдаг вэ?

• «Дөлгөөн хүмүүс» ямар учраас жаргалтай байдаг вэ?

• Христианууд хавчигддаг боловч жаргалтай байдаг нь ямар учиртай вэ?

• Есүсийн хэлсэн жаргалын тухай зүйлийн аль нь танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

[Догол мөрийн асуулт]

[7-р хуудасны зураг]

Есүсийн хэлсэн жаргалын тухай есөн зүйл өнөөдөр ч ач холбогдолтой

[8-р хуудасны зураг]

Библийн үнэнийг бусдад хүргэх нь энэрэнгүй сэтгэлийн нэг том илрэл юм