Та Есүсийн зааснаар залбирдаг уу?
Та Есүсийн зааснаар залбирдаг уу?
«Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа» (МАТ 7:28).
1, 2. Олон түмэн ямар учраас Есүсийн сургаалыг гайхаж байсан бэ?
БИД Бурхны цорын ганц Хүү Есүс Христийн сургаалыг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлэх учиртай. Түүн шиг хэлж ярьсан хүн нэг ч байхгүй билээ. Олон түмэн Есүсийг «Ууланд айлдсан номлол»-оо заахад нь гайхан шагшиж байсан (Матай 7:28, 29-ийг уншина уу).
2 Еховагийн Хүү төгс бус хүний сургаалд үндэслэн нуршуу ярьдаг хуулийн багш нар шиг бус, «эрх мэдэлтэй нэгэн шиг» заадаг байв. Учир нь тэрбээр Бурхны сургаалыг заадаг байсан юм (Иох. 12:50). Энэ өгүүллээр Есүсийн «Ууланд айлдсан номлол»-ыг үргэлжлүүлэн үзэж, залбирлын талаар юу заасныг нь дэлгэрэнгүй ярилцъя.
Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү бай
3. Матай 6:5-д бичсэн Есүсийн үгийн гол санааг хэлнэ үү.
3 Залбирал бол жинхэнэ шүтлэгийн чухал хэсэг бөгөөд бид Еховад тогтмол залбирах учиртай. Тэгэхдээ Есүсийн «Ууланд айлдсан номлол»-д зааснаар залбирах шаардлагатай. Тэрбээр: «Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод, залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм» хэмээжээ (Мат. 6:5).
4-6. а) Фарисайчууд «синагогт ба гудамжны буланд зогсож», залбирах дуртай байсан нь ямар учиртай вэ? б) Хоёр нүүртнүүд «шагналаа бүрэн авсан» гэдэг нь юу гэсэн үг вэ?
4 Есүсийн шавь нар сүсэгтэй хүний дүр үзүүлдэг, өөрсдийгөө зөвт гэж үздэг, «хоёр нүүрт» фарисайчууд шиг залбирах ёсгүй байв (Мат. 23:13–32). Хоёр нүүрт тэр хүмүүс «синагогт ба гудамжны буланд зогсоод, залбирах дуртай» байжээ. Яагаад тэгдэг байсан юм бол оо? «Хүмүүст харагдах» гэдэг байж. І зууны иудейчүүд сүмд шатаалт тахил өргөх цагаар (өглөө ес, үдийн гурван цаг) бүх нийтээрээ залбирдаг заншилтай байв. Иерусалимын оршин суугчид сүмийн хашаанд сүсэгтнүүдтэй хамт залбирдаг байж. Бусад газар сүсэгт иудейчүүд өдөрт хоёр удаа «синагогт ... зогсоод» залбирдаг байв (Лук 18:11, 13-тай харьцуулна уу).
5 Ихэнх хүн залбирлын цагаар сүм юм уу синагогт очих боломжгүй байдгаас хаа байсан газраа залбирдаг байсан биз ээ. Зарим хүн залбирлын цагийг тааруулж «гудамжны буланд зогсох» дуртай байсан нь гудамжаар яваа «хүмүүст харагдахыг» хүсдэгийнх байж. Сүсэгтэй хүн мэт харагдах дуртай хоёр нүүртнүүд хүмүүсээр бишрүүлэх гэсэндээ «удаан залбирч буй дүр үзүүлдэг» байв (Лук 20:47). Бид тэгж залбирах ёсгүй.
6 Есүс тийм хоёр нүүртнүүдийг «шагналаа бүрэн авсан юм» гэжээ. Тэд нэр алдар, магтаал сайшаалд шунаж байсан бөгөөд тэдэнд түүнээс өөр юу ч олдохгүй ажээ. Ехова хоёр нүүртэй тэдний залбиралд хариулахгүй учир тэд, үнэн хэрэгтээ, нэр алдар, магтаал сайшаалаас өөр шагналгүй юм. Харин Христийн жинхэнэ дагалдагчдын залбиралд Бурхан хариулна гэдгийг Есүсийн хэлсэн дараах үг харуулдаг.
7. Есүс «дотоод өрөөндөө» залбирахыг зөвлөсөн нь ямар утгатай вэ?
7 «Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж, хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө» (Мат. 6:6). Есүс дотоод өрөөндөө орж, хаалгаа хаагаад залбирахыг зөвлөсөн нь хурлыг төлөөлж олны өмнө залбирахыг хориглосон бус, харин бусдаар магтуулах, хүний анхаарлыг өөртөө татах зорилгоор залбирахыг буруушаасан хэрэг байв. Хэрэв бид Бурхны ард түмнийг төлөөлж олны өмнө залбирах завшаан эдэлдэг бол дээрх зөвлөгөөг санаж явах хэрэгтэй. Залбирлын талаарх Есүсийн зөвлөгөөг цааш нь үзье.
8. Матай 6:7-д бичсэнээр, ямар залбирал Бурханд таалагддаггүй вэ?
8 «Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм» (Мат. 6:7). Энд Есүс Бурханд таалагддаггүй өөр нэг залбирлын талаар хэлжээ. Залбирлаа давтан хэлэх нь Бурханд таалагддаггүй. Гэхдээ чин сэтгэлийн гуйлт, талархлаа Бурханд давтан хэлж болохгүй гэсэн үг биш ээ. Есүс өөрөө үхэхийнхээ өмнөх шөнө Гетсеманийн цэцэрлэгт «өмнөх үгээ хэлэн залбирч» байсан (Марк 14:32–39).
9, 10. Ямар сэдлээр давтан давтан залбирах нь буруу вэ?
9 Харин «харь үндэстнүүдийг» дуурайн нэг янзын залбирлаа давтах нь буруу юм. Тэд цээжилсэн, нуршуу залбирлаа «давтан» залбирдаг. Баал гэдэг хуурамч бурхныг шүтдэг хүмүүс «өглөөнөөс үд дунд болтол» бурхнаа нэрээр нь дуудан: «Баал аа, бидэнд хариулж өгөөч» гэж орилсон ч хариу аваагүй билээ (Х.дээд 18:26). Өнөөдөр ч гэсэн сая сая хүн Бурханд олон үгтэй, нэг хэвийн залбирал хэлдэг нь «Бурхан өөрсдийг нь сонсоно» гэж андуу боддогийнх юм. Гэтэл «олон үг» хэлэн, нуршиж, давтан залбирах нь Еховад ямар ч утгагүй байдгийг Есүсийн хэлснээс бид ойлгодог. Тэрбээр цааш нь ингэж хэлжээ.
10 «Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг» (Мат. 6:8). Иудейн шашны удирдагчид харь үндэстнүүдтэй адил нуршин залбирдаг байжээ. Бурханд гуйлт, талархлаа хэлж, түүнийг магтан залбирах нь жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг мөн (Флп. 4:6). Гэхдээ юу хэрэгтэй байгааг Бурханд сануулах хэрэгтэй гэж бодон дахин дахин хэлэх нь зохисгүй. Бурхан «юу хэрэгтэй байгааг гуйхаас [маань] өмнө мэддэг» гэдгийг санаж явцгаая.
11. Олныг төлөөлж залбирах завшаан эдэлдэг бол юуг санах нь зүйтэй вэ?
11 Бурханд таалагддаггүй залбирлын талаарх Есүсийн үг бидэнд их сургамжтай. Бурхан сүржин гоё, олон үгэнд уярдаггүй. Олны өмнө залбирахдаа тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлэхийг оролдох юм уу хэзээ дуусаж, «Амен» гэх юм бол гэж бодтол нь нурших учиргүй. Бас залбирлыг зарлал хэлэх эсвэл сонсогчдод зөвлөгөө өгөх далим болговол Есүсийн «Ууланд айлдсан номлол»-доо өгсөн зөвлөгөөг зөрчсөнтэй адил юм.
Есүс залбирахыг заасан
12. «Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж хүсэх нь ямар учиртай вэ?
12 Есүс Бурханд таалагддаггүй залбирлын талаар хэлсний зэрэгцээ Бурханд хэрхэн залбирахыг шавь нартаа заасан юм (Матай 6:9–13-ыг уншина уу). Тэрбээр жишээ залбирлаа цээжлүүлж, дахин дахин хэлүүлэх зорилгоор заагаагүй. Харин залбиралдаа ямар ямар санаа оруулж болохыг онцолсон. Тухайлбал, Есүс жишээ залбирлаа: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж эхлэн Бурхныг эн тэргүүнд тавьсан (Мат. 6:9). Еховаг «бидний Эцэг» гэх нь зүйд нийцнэ. Учир нь тэрбээр дэлхийгээс асар хол «тэнгэрт» оршдог, биднийг Бүтээгч билээ (Д.хууль 32:6; Ш.дэд 6:21; Үйлс 17:24, 28). «Бидний» гэдэг үг Бурхантай дотно харьцаатай итгэл нэгтнүүдийг маань сануулдаг. «Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэсэн хүсэлт нь Еховаг Еденд дэгдсэн самуун явдлаас хойш доромжлуулсан нэрээ ариусгах арга хэмжээ аваач гэсэн гуйлт юм. Тэгж залбирдгийн маань хариуд Ехова дэлхий дэх ёс бусыг арилгаж, улмаар нэрээ ариунаар дуурсгана (Езек. 36:23).
13. а) «Таны хаанчлал ирэх болтугай» гэсэн хүсэлт яаж биелэх вэ? б) Бурхан хүсэл тааллаа газар дээр хэрхэн биелүүлэх вэ?
13 «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» (Мат. 6:10). Бид жишээ залбирлын энэ хүсэлтээс үүдэн «хаанчлал» бол Христийн тэргүүлдэг, дахин амилж түүнтэй нэгдсэн «ариун хүмүүсээс» бүрддэг, Мессиагийн тэнгэрийн засгийн газар гэдгийг санаж явах учиртай (Дан. 7:13, 14, 18; Ис. 9:6, 7). Хаанчлалыг «ирэх болтугай» гэж залбирах нь Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг дэлхий дэх бүх эсэргүүцэгчийг Бурхны Хаанчлал устгаасай гэж хүсдэгээ харуулж байгаа хэрэг. Энэ үйл явдал удахгүй болоход зөвт байдал, энх тайван, хөгжил цэцэглэлийн диваажин болох боломж дэлхийд бүрдэнэ (Дуу. 72:1–15; Дан. 2:44; 2 Петр 3:13). Еховагийн хүсэл таалал эдүгээ тэнгэрт биелж байгаа бөгөөд газар дээр биелээсэй гэж залбирах нь Бурхан эсэргүүцэгчдийг эрт цагт устгаж байсан шигээ дахин устгаж дэлхийн талаарх санаа зорилгоо хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа хэрэг юм (Дуулал 83:1, 2, 13–18-ыг уншина уу).
14. «Талхыг энэ өдөр бидэнд өгөөч» гэж залбирах нь яагаад зөв бэ?
14 «Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч» (Мат. 6:11; Лук 11:3). Ингэж залбирах нь «энэ өдөр» шаардлагатай хоол хүнсийг Бурхнаас гуйна гэсэн үг. Энэ нь Ехова хэрэгцээг маань өдөр бүр хангаж чадна гэж итгэдгээ харуулна гэсэн үг болохоос бус, элбэг хангалуун байлгаач гэж хүснэ гэсэн үг биш ээ. Өдөр тутмын хэрэгцээнийхээ төлөө залбирах нь Бурхан израильчуудад маннаг «өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр» цуглуулж байхыг тушаасныг сануулдаг (Ег. 16:4).
15. «Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач» гэсэн гуйлт ямар утгатай вэ?
15 Жишээ залбиралд байдаг дараагийн гуйлт бидэнд нэг чухал зүйлийг сануулдаг. Есүс: «Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач» гэжээ (Мат. 6:12). Лукийн бичсэн Евангелид «өр» гэдгийг «нүгэл» гэсэн байдаг (Лук 11:4). Бид хүмүүсийг «уучилсан» нөхцөлд л Ехова биднийг уучилна (Матай 6:14, 15-ыг уншина уу). Бид хүмүүсийг дуртайяа уучлах ёстой (Ефес 4:32; Кол. 3:13).
16. «Сорилтод бүү оруулаач, харин бузар муугаас гэтэлгээч» гэсэн гуйлтыг юу гэж ойлгох нь зүйтэй вэ?
16 «Биднийг сорилтод бүү оруулаач, харин бузар муугаас гэтэлгээч» (Мат. 6:13). Жишээ залбиралд байдаг хоорондоо уялдаа бүхий энэ хоёр гуйлтыг юу гэж ойлгох нь зүйтэй вэ? Ехова биднийг сорьдоггүйг, биднээр нүгэл үйлдүүлэх гэдэггүйг бид баттай мэддэг (Иаков 1:13-ыг уншина уу). «Бузар муугийн» эх булаг Сатан бол жинхэнэ «Соригч» мөн (Мат. 4:3). Гэхдээ Библид Ехова зарим юмыг зөвшөөрдгийг нь өөрөө хийдэг мэтээр бичсэн байдаг (Рут 1:20, 21; Ном. 11:5). Тэгэхлээр, «биднийг сорилтод бүү оруулаач» гэж залбирах нь хорхой хүргэм зүйлд татагдан сорилтод унахыг бүү зөвшөөрөөч гэж Еховагаас гуйна гэсэн үг юм. Мөн «бузар муугаас гэтэлгээч» гэж залбирах нь Сатанд ялагдахыг бүү зөвшөөрөөч гэж гуйна гэсэн үг. Бурхан биднийг «хэрээс ... хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй» гэдэгт итгэлтэй байж болно (1 Коринт 10:13-ыг уншина уу).
Тасралтгүй «гуй, ... хай, ... тогш»
17, 18. Тасралтгүй «гуйж, ... хайж, ... тогших» гэж юу гэсэн үг вэ?
17 Элч Паул: «Залбиралд өөрсдийгөө зориул» гэж итгэл нэгтнүүддээ уриалсан (Ром 12:12). Есүс бас дээрхтэй ижил утгатай тушаал өгөн: «Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ» гэж хэлсэн (Мат. 7:7, 8). Бурхнаас хүсэл таалалд нь нийцэх зүйлийг тасралтгүй «гуйх» нь буруу биш ээ. Элч Иохан Есүсийн үгэнд үндэслэн: «Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм» гэж бичсэн (1 Иох. 5:14).
18 Есүс тасралтгүй «гуй, ... хай» гэж зөвлөсөн учир бид залбиралд нухацтай хандаж, залбирлынхаа хариуг тэр дор нь аваагүй ч цөхрөлтгүй залбирч байх учиртай. Түүнчлэн, Хаанчлалд орж, Хаанчлалын ивээл, ач тус, шагналыг хүртье гэвэл тасралтгүй «тогших» шаардлагатай. Тэгвэл Бурхныг залбиралд маань хариулна гэж найдах үндэс байна уу? Биднийг үнэнч л байвал Ехова хариулна. Учир нь Христ: «Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ» гэж хэлсэн. Еховагийн олон үйлчлэгчид тохиолдсон явдал Ехова «залбирлыг сонсдог Нэгэн» үнэхээр мөн гэдгийг баталдаг (Дуу. 65:2).
19, 20. Матай 7:9–11-д Есүсийн хэлснээр, Еховаг халамжит эцэгтэй зүйрлэж болохын учир юу вэ?
19 Есүс Бурхныг үр хүүхдэдээ сайныг өгдөг халамжит эцэгтэй зүйрлэсэн. Та өөрийгөө Есүсийг «Ууланд айлдсан номлол»-оо хэлэхэд нь сонсож байгаагаар төсөөл дөө! Есүс: «Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ? Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?» гэж хэлдэг (Мат. 7:9–11).
20 Хүн төрөлхийн нүгэлтэйн улмаас «бузар» боловч үр хүүхдээ өөрийн эрхгүй хайрладаг. Хүүхдэдээ «сайн бэлэг» өгөхийг л бодно уу гэхээс хуурч мэхлэхийг хэзээ ч боддоггүй. Тэнгэрийн Эцэг маань бидэнд ариун сүнс гэх мэтийн «сайныг» халамжит эцгийн сэтгэлээр өгдөг (Лук 11:13). Бид «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг» өгдөг Еховад ариун сүнсний дэмжлэгтэйгээр үйлчлэн сайшаалыг нь хүлээдэг (Иак. 1:17).
Есүсийн сургаалын ач тусыг үргэлж хүртэх нь
21, 22. «Ууланд айлдсан номлол» юугаараа гайхалтай вэ? Есүсийн эдгээр сургаал танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
21 «Ууланд айлдсан номлол» бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу сургаал юм. Энгийн атлаа Бурхны тухай ихийг мэдүүлдгээрээ энэ сургаал үнэхээр гайхалтай. Энэ номлолд байдаг зөвлөгөөг хэрэгжүүлбэл ямар ямар ач тус хүртэж болохыг цуврал өгүүллээр үзлээ. Есүсийн сургаал бидний өнөөгийн амьдралыг сайжруулдаг төдийгүй ирээдүйн сайхан найдвар өгдөг.
22 Энэхүү цуврал өгүүллээр Есүсийн «Ууланд айлдсан номлол»-д байдаг эрдэнийн чулуутай зүйрлэм олон сайхан сургаалаас цөөн хэдийг нь үзлээ. Энэ номлолыг сонссон хүмүүс «гайхаж байсан» нь хачирхалтай хэрэг биш ээ (Мат. 7:28). Агуу Багш Есүс Христийн энэ болон бусад хосгүй сургаалыг оюун ухаан, зүрх сэтгэлдээ шингээвэл бид ч гэсэн тэдэн шиг гайхах нь гарцаагүй.
Хариулна уу
• Есүс хоёр нүүрт хүмүүсийн залбирлын тухайд юу хэлсэн бэ?
• Нэг янзаар давтан залбирахаас яагаад зайлсхийх хэрэгтэй вэ?
• Есүсийн жишээ залбиралд ямар хүсэлт, гуйлт байдаг вэ?
• Тасралтгүй «гуйж, ... хайж, ... тогших» гэж юу гэсэн үг вэ?
[Догол мөрийн асуулт]
[15-р хуудасны зураг]
Есүс хүнд харагдаж, сонсогдох гэж залбирдаг хоёр нүүрт хүмүүсийг буруушаасан
[17-р хуудасны зураг]
Таны бодлоор, өдөр тутмын талх гуйж залбирах нь ямар учраас зохистой вэ?