Skip to content

Гарчиг руу орох

Еховаг нэгэн дуугаар магтахын учир

Еховаг нэгэн дуугаар магтахын учир

Еховаг нэгэн дуугаар магтахын учир

«ЭЗЭНийг магтагтун!» (ДУУ. 111:1).

1, 2. «Халлелуяа» гэдэг үг ямар утгатай вэ? Энэ үгийг Христиан Грек Сударт ямар тохиолдолд хэрэглэсэн байдаг вэ?

 «ХАЛЛЕЛУЯА!» Ийнхүү бахдан хашгирах дууг Христийн сүм цуглаанаас сонсож болно. Зарим хүний амны уншлага болсон байх нь ч бий. Гэхдээ чухам цаад утгыг нь мэдэх хүн цөөхөн бөгөөд энэ үгийг байнга хэлдэг ихэнх хүн Бурхны таалалд үл нийцэх хэв маягаар амьдардаг (Тит 1:16). Библийн нэгэн тольд тайлбарласнаар «Халлелуяа нь дууллыг бичсэн хүмүүсийн Еховаг хамтдаа магтан алдаршуулахыг олон түмэнд уриалсан үг» юм. Ер нь, «халлелуяа» гэдэг нь «Та бүхэн Яа [буюу] Еховаг магтагтун» гэсэн утгатай болохыг Библи судлаач олон эрдэмтэн онцлон тэмдэглэдэг.

2 Тийм учраас, Дуулал 111:1-ийг «Шинэ ертөнцийн орчуулга»-д «Хүмүүс ээ, Яаг магтагтун!» гэж орчуулжээ. Илчлэлт 19:1–6-д хуурамч шашны мөхлийг баярлан тэмдэглэж байгаа тухай өгүүлдэг бөгөөд тэнд дээрх үг хэллэгийг грек хэлбэрээр нь дөрвөн удаа давтсан байдаг. Хуурамч шашин мөхөхөд Бурхны жинхэнэ үйлчлэгчид «Халлелуяа» гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хүндэтгэлтэйгээр хэрэглэх ажээ.

Түүний агуу үйлс

3. Хамтдаа тогтмол цугладгийн маань гол зорилго юу вэ?

3 111-р дууллыг зохиогч, Еховаг нэгэн дуугаар магтан алдаршуулах олон шалтгааныг хэлж өгсөн. 1-р зүйлд: «Би шулуун шударга хүмүүсийн дунд болон чуулганд бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө» гэжээ. Өнөөдөр Еховагийн Гэрчүүд бас тийм бодолтой байдаг. Цуглаан, чуулганд тогтмол очдогийн маань гол зорилго бол Еховаг магтан алдаршуулах явдал билээ.

4. Хүмүүс Еховагийн үйлсийг хэрхэн судалж болох вэ?

4 «ЭЗЭНий үйлс агуу юм. Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг юм» (Дуу. 111:2). «Судалдаг» гэдэг үгийг анхааръя. Нэг тайлбар тольд бичсэнээр, энэ зүйлийг Бурхны үйлсийг «няхуур нямбай, ихэд сүсэглэн бодож, судалдаг» хүмүүст хамааруулж болно. Ехова бүтээлүүдээ тодорхой зорилго, утга учиртайгаар бүтээжээ. Нар, сар, дэлхийг харилцан зохицолтойгоор, тус тусынх нь байранд тавьснаар манай дэлхийд гэрэл гэгээ, илч дулаан ирж, өдөр шөнө, улирал гариг ээлжлэн солигдож, далайд таталт түрлэг болж байдаг ажээ.

5. Орчлонт ертөнцийн талаарх хүмүүсийн ойлголтод ахиц гарснаар юу тодорхой болсон бэ?

5 Эрдэмтэд манай нарны аймаг дахь дэлхийн байрлалын талаар их зүйлийг нээсэн бөгөөд сарны масс, хэмжээ, тойрог зам дэлхийтэй төгс зохицсон байдгийг тогтоожээ. Тэнгэрийн эдгээр эрхэс эмх цэгцтэй, харилцан шүтэлцээтэй байдаг нь жилийн дөрвөн улирал тогтмол ээлжлэн солигдох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Бас орчлонт ертөнц дэх юмс үзэгдэлд үйлчилж байдаг хүчнүүд өөр хоорондоо хэчнээн нарийн зохилдлоготойг сайн мэддэг болсон. Тийм учраас, техник технологийн салбарын нэг профессор «„Яг таг“ зохион бүтээгдсэн орчлонт ертөнц» гэсэн гарчигтай өгүүлэлдээ: «Сүүлийн 30 жилийн дотор өчнөөн олон эрдэмтэн орчлонт ертөнц хар аяндаа бий болсон гэх онолд итгэхээ больж, үзэл бодлоо өөрчилснийг ойлгоход хэцүү биш ээ. Дэлхийн бүтэц, зохион байгуулалтын талаар илүү ихийг мэдэх тусам оюун ухаант Бүтээгч байдгийн баталгаа төдийчинээ тод болдог» гэж бичжээ.

6. Бурхан хүнийг хэрхэн бүтээсэн нь танд ямар санагддаг вэ?

6 Бурхны бас нэгэн агуу үйлс хүнийг хэрхэн бүтээснээс нь харагддаг (Дуу. 139:14). Бурхан хүнийг бүтээхдээ оюун ухаан, тус тусын үүрэгтэй эрхтэн бүхий бие махбод, ажил хийх чадал чадвар, авьяас билиг хайрлажээ. Жишээ нь, ярих, сонсох, унших, бичих зэрэг нь үнэхээр гайхамшиг бөгөөд энэ нь Бурхнаас заяасан чадвар юм. Ихэнх хүн ийм чадвартай. Түүнчлэн, хүнийг босоо байрлалтайгаар бүтээсэн нь гайхамшиг мөн. Хүн босоо байрлалтай хэр нь тэнцвэрээ хадгалж чаддаг бөгөөд бие махбодын бүтэц, зохион байгуулалт, эрхтнүүдийн үйл ажиллагаа, химийн урвал зэрэг нь үнэнхүү гайхан биширмээр билээ. Түүнээс гадна, хүн мэдрэлийн эрхтнийхээ ачаар бодож, мэдэрч чаддаг. Гэтэл эрдэмтдийн хийж чадсан зүйл үүний хаана нь ч хүрдэггүй. Тэд тодорхой амжилтад хүрдэг нь Бурхан оюун ухаан, мэдрэхүй хайрласны ач юм. Хамгийн их мэргэшсэн, авьяас чадвартай инженер хүртэл гарын арван хуруу шиг тийм гайхалтай багажийг зохион бүтээж чадаагүй. «Хүн Бурхны өгсөн хурууны тусламжгүйгээр урлаг хийгээд барилгын салбарт гайхалтай амжилт гаргаж чадах байсан уу?» гэдгийг бодож үзээрэй.

Бурхны агуу үйлс хийгээд зан чанар

7. Библийг Бурхны агуу үйлсийн нэг гэж үзэхийн учир юу вэ?

7 Еховагийн агуу үйлсэд хүн төрөлхтний төлөө түүний хийсэн өөр олон гайхамшигтай зүйл ордог. Тэдгээрийг Библид бичиж үлдээжээ. Библи ч өөрөө Еховагийн агуу үйлс бөгөөд Библийн номууд хоорондоо гайхалтай нарийн зохицсон байдаг. Үнэндээ, «Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад ... тустай» байдгаараа бусад номоос ялгаатай (2 Тим. 3:16). Тухайлбал, «Эхлэл» хэмээх Библийн эхний номд Ехова Ноагийн үед дэлхийг ёс бус хүмүүсээс хэрхэн цэвэрлэснийг тайлбарласан байхад, «Египетээс гарсан нь» хэмээх дараагийн номд Израилийг Египетийн боолчлолоос чөлөөлж, жинхэнэ Бурхан гэдгээ баталсан тухай өгүүлдэг. Дуулалч тэр үйл явдлыг бодоод, дараах үгийг бичсэн нь лавтай. Тэрбээр: «[Еховагийн] ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог. ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч» гэж бичжээ (Дуу. 111:3, 4). Түүхийн бүхий л хугацаанд, түүний дотор, таны амьдралын туршид хийсэн Еховагийн ажил түүний «цог жавхлантай ба сүр хүчтэйг» сануулж байдаг гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү?

8, 9. а) Бурхны үйлс хүний үйлсээс юугаараа ялгаатай вэ? б) Та Бурхны ямар ямар чанарыг үнэлдэг вэ?

8 Дуулалч бас Еховагийн зөвт байдал, өрөвч нигүүлсэнгүй сэтгэл гэх зэргийн гайхамшигтай чанаруудыг онцолжээ. Нүгэлт хүн төрөлхтөн Бурханд зөв гэж харагдах үйл хийх нь тун ховор. Тэдний үйл хэрэг ихэнхдээ шунал, атаархал, бардам зангийн илрэл байдаг. Үүний нэг баталгаа бол хүмүүс ашиг орлогын төлөө юм уу эсвэл өөрсдийн дэгдээсэн дайнд зориулан хөнөөлт зэвсэг үйлдвэрлэдэг явдал юм. Энэ нь гэм буруугүй олон сая хүнд, хэлэхийн аргагүй зовлон гамшиг, айдас хүйдэс авчирдаг. Түүнчлэн, ядуусын хөлс хүчийг мөлжиж, амжилтад хүрдэг хүн олон байдаг. Жишээ болгон, пирамид барихын тулд боолын хүчийг шавхаж байсан түүхийг олон хүн хэлэх байх. Тэдгээр пирамидыг гол нь бардам ихэрхэг фараонуудын оршуулгын газар болгодог байжээ. Түүнээс гадна, өнөөгийн хүн төрөлхтөн харгис хэрцгий үйлс хийгээд зогсохгүй, «дэлхийг устгаж» байна (Илчлэлт 11:18-ыг уншина уу).

9 Гэтэл Еховагийн үйлс үргэлж зөв шударга хэм хэмжээнд үндэслэсэн байдгаараа дээрхээс эрс ялгаатай! Түүний үйлсийн нэг нь нүгэлт хүн төрөлхтнийг аврахын тулд өрөвч сэтгэлийн үүднээс авсан арга хэмжээ юм. Бурхан Хүүгээ золиослон, «Өөрийнхөө зөвийг илэрхийлсэн» (Ром 3:25, 26). Үнэхээр, «Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг». Бурхан нүгэлт хүмүүстэй харьцахдаа тэвчээртэй байж, нигүүлсэнгүй гэдгээ баталсан. Тэдэнд буруу замаасаа эргэж, зөв юм хийхийг тушаахын оронд учирлаж гуйсан байдаг (Езекиел 18:25-ыг уншина уу).

Амласнаа биелүүлдэг Бурхан

10. Ехова Абрахамтай байгуулсан гэрээнийхээ тухайд үнэнч байдлын ямар жишээ үзүүлсэн бэ?

10 «Тэр Өөрөөс нь эмээгчдэд хоол хүнс өгсөн. Тэр Өөрийнхөө гэрээг мөнхөд санах болно» (Дуу. 111:5). Дуулалч, Абрахамтай байгуулсан гэрээний тухай хэлсэн бололтой. Ехова Абрахамын үр удмыг ивээхээ амлаж, тэднийг дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно гэж хэлжээ (Эх. 22:17, 18; Дуу. 105:8, 9). Энэ амлалт эхлээд Абрахамын үр удам болох Израиль үндэстэнд биелсэн. Тэд олон жил Египетэд дарлагдсан боловч «Бурхан ... Абрахам[тай] ... байгуулсан Өөрийн гэрээг санаж», тэднийг чөлөөлжээ (Ег. 2:24). Дараа нь тэдэнд хэрхэн хандаж байснаас нь Еховагийн нигүүлсэнгүй чанар харагддаг. Ехова тэдний махан биеийг хоол хүнсээр, оюун ухаан, зүрх сэтгэлийг сүнслэг хоолоор хангаж байсан (Д.хууль 6:1–3; 8:4; Нех. 9:21). Түүнээс хойш хэдэн зууны турш израильчууд Еховагаас дахин дахин нүүр буруулж байсан ч Ехова зөнчдөө илгээж, эргэн ирэхийг уриалж байв. Израильчуудыг Египетээс чөлөөлснөөсөө хойш 1500 гаруй жилийн дараа цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээжээ. Иудейчүүдийн ихэнх нь Есүсийг хүлээж авахын оронд цаазлуулсан юм. Тэгэхэд нь Ехова, «Бурхны Израиль» хэмээх бэлгэдлийн шинэ үндэстнийг үүсгэн байгуулсан. Шинэ үндэстэн Христтэй хамт Абрахамын сүнслэг үрийг бүрдүүлдэг бөгөөд Ехова хүн төрөлхтнийг тэр үрээр дамжуулан ивээнэ гэдгээ амласан билээ (Гал. 3:16, 29; 6:16).

11. Ехова Абрахамтай байгуулсан «Өөрийн гэрээг» одоо ч хэрхэн «санадаг» вэ?

11 Ехова «Өөрийн гэрээг» болон уг гэрээ ёсоор хүн төрөлхтнийг хэрхэн ивээх тухайгаа одоо ч «санаж» байгаа. Өнөөдөр 400 гаруй хэлээр сүнслэг хоол ундыг элбэг дэлбэг өгч байна. Бас «Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч» гэсэн үгийн дагуу бие махбодын хэрэгцээнийхээ төлөө залбирсан залбирлыг маань сонсож, хариулсаар байна (Лук 11:3; Дуу. 72:16, 17; Ис. 25:6–8).

Еховагийн агуу хүч

12. Бурхан эртний Израильд «үндэстнүүдийн өв залгамжлалыг» хэрхэн өгсөн бэ?

12 «Тэр үндэстнүүдийн өв залгамжлалыг Өөрийн ард түмэнд өгснөөр Өөрийн үйлсийн хүчийг тэдэнд мэдүүлсэн» (Дуу. 111:6). Израильчууд Египетээс гайхамшгаар чөлөөлөгдсөн нь Израилийн түүхэнд болсон нэг онцгой үйл явдал билээ. Энэ тухай дуулалч бодож байсан байж болох юм. Ехова израильчуудыг Амласан газар руу орохыг нь зөвшөөрсөн бөгөөд тэд Иордан голын баруун, зүүн этгээдэд буй хаант улсуудыг эзлэн авчээ (Нехемиа 9:22–25-ыг уншина уу). Тийнхүү Ехова Израильд «үндэстнүүдийн өв залгамжлалыг» өгсөн. Бурхны хүч үнэхээр агуу бус уу!

13, 14. а) Бурхан Вавилоны тухайд хүч чадлаа хэрхэн харуулсан бэ? б) Ехова ард түмнээ чөлөөлөх илүү агуу ямар үйлс хийсэн бэ?

13 Ехова өөрсдийнх нь сайн сайхны төлөө бүхнийг хийж өгсөн ч израильчууд Еховад ч, өөрсдийн өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковт ч хүндэтгэл үзүүлээгүй билээ. Тэрслүү явдлаас нь болж Бурхан тэднийг газар нутгаас нь зайлуулж, Вавилоны олз болгожээ (Ш.дэд 36:15–17; Нех. 9:28–30). Зарим Библи судлаач, 111-р дууллыг зохиогч Израилийг Вавилоны олзноос буцаж ирсний дараа амьдарч байсан гэж үздэг. Хэрэв тийм бол, уг дуулалч Еховагийн үнэнч байдал, хүчийг бүр ч илүү бахдан биширсэн байх. Учир нь Вавилон олзны хүмүүсээ хэзээ ч чөлөөлөхгүй гэсэн бодлого баримталдаг гүрэн байжээ. Гэтэл Бурхан иудейчүүдийг Вавилоноос чөлөөлж, үнэнч зан болон хүч чадлаа харуулсан (Ис. 14:4, 17).

14 Түүнээс хойш тав орчим зууны дараа Ехова хүчээ илүү өргөн далайцтай ашиглан, гэмшсэн хүмүүсийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлсөн (Ром 5:12). Үүний үр дүнд 144 000 хүнд Христийн тослогдсон дагалдагч болох үүд хаалга нээгджээ. 1919 онд Ехова дэлхий дээр амьдарч байсан тослогдогсдын жижиг бүлгийг хуурамч шашны олзноос чөлөөлөн, хүчээ үзүүлсэн. Төгсгөлийн энэ цаг үед тэдний хүрсэн ололт амжилт бол зөвхөн Бурхны хүч гавьяа юм. Тэд үхэн үхтэлээ үнэнч гэдгээ баталбал Есүс Христтэй хамт тэнгэрээс дэлхийг захирч, гэмшсэн хүмүүст тус хүргэнэ (Илч. 2:26, 27; 5:9, 10). Эртний израильчууд Амласан газрыг эзэмшсэн бол, гэмшсэн хүмүүс бүх дэлхийг өвлөнө (Мат. 5:5).

Мөнхийн бөгөөд баттай зарчмууд

15, 16. а) Бурхны мутрын бүтээлд юу юу ордог вэ? б) Эртний Израильд өгсөн хуульд ямар ямар заалт байдаг вэ?

15 «Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм. Түүний бүх тогтоолууд баттай юм. Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон. Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн» (Дуу. 111:7, 8). Еховагийн «мутрын үйлсэд» Израильд зориулан арван чухал хууль сийлэн бичсэн хоёр чулуун хавтан ордог (Ег. 31:18). Мосегийн Хуулийн гэрээний хэсэг болсон эдгээр хууль болон бусад бүх тушаал зарлигууд мөнхийн, баттай зарчимд үндэслэгджээ.

16 Жишээ нь, тэдгээр чулуун хавтанд сийлсэн хуульд: «Чиний Бурхан ЭЗЭН [Ехова] Би бол хартай Бурхан» гэж бичсэн байдаг. Цааш нь, Ехова өөрийг нь «хайрлаж, ... тушаалыг [нь] сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг» тухай бичжээ. Чулуун хавтанд «эцэг эхээ хүндэл», «чи бүү хулгайл» гэх зэргийн мөнхийн зарчмуудыг сийлснээс гадна бусдын юманд шунахайрахыг хориглосон гүнзгий утга бүхий хууль байв (Ег. 20:5, 6, 12, 15, 17).

Ариун болоод сүрдмээр Аврагч

17. Израильчуудын хувьд Бурхны нэрийг ариун гэж үзэх ямар ямар шалтгаан байсан бэ?

17 «Тэр Өөрийн хүмүүст золилтыг илгээсэн. Тэр Өөрийн гэрээг мөнхөд байгуулсан. Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм» (Дуу. 111:9). Энд ч бас дуулалч, Еховаг Абрахамтай байгуулсан гэрээндээ үнэнч гэдгийг санаж байсан байх. Ехова гэрээнийхээ дагуу, ард түмнээ эртний Египетэд боолчлогдож байхад нь, хожим Вавилонд олзлогдоод байхад нь орхилгүй, аль алинд нь тэднийг аварч байсан. Зөвхөн энэ хоёр тохиолдол гэхэд л израильчуудын хувьд Бурхны нэрийг ариун гэж үзэх хангалттай шалтгаан болох байв (Египетээс гарсан нь 20:7; Ром 2:23, 24-ийг уншина уу).

18. Та ямар учраас Бурхны нэрийг авч явахыг хосгүй завшаан гэж үздэг вэ?

18 Орчин үеийн христианууд бид ч Бурхны нэрийг ариун гэж үздэг. Учир нь бид хэзээ ч ангижрах боломжгүй нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөж, аврагдсан билээ. Тиймээс, жишээ залбирлын: «Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэсэн эхний шаардлагад нийцүүлэн амьдрахын тулд чадах бүхнээ хийх ёстой (Мат. 6:9). Энэ аугаа нэрийн талаар эргэцүүлэн бодвол Бурхнаас эмээдэг болно. 111-р дууллыг зохиогч Бурхнаас эмээх талаар зөв бодолтой байсан нь дараах үгнээс нь харагддаг. «ЭЗЭНээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг» (Дуу. 111:10).

19. Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?

19 Бурхнаас зохих ёсоор эмээдэг бол мууг үзэн яддаг болно. Бас 112-р дуулалд бичсэн Бурхны сайхан чанаруудыг дуурайдаг болно. Тэр тухай дараагийн өгүүллээр үзнэ. 112-р дуулал Бурхныг үүрд мөнх магтах сая сая хүний тоонд багтахын тулд ямар шаардлага хангах учиртайг хэлж өгдөг. Үнэндээ, Еховаг магтахгүй байхын аргагүй. «Түүний магтаал мөнхөд байдаг» (Дуу. 111:10).

Эргэцүүлж бодоорой

• Еховаг нэгэн дуугаар магтан алдаршуулах ёстойн учир юу вэ?

• Бүтээлүүдээс Еховагийн ямар ямар чанар харагддаг вэ?

• Бурхны нэрийг авч явах үүргээ та юу гэж үздэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[20-р хуудасны зураг]

Тогтмол цугладгийн маань гол зорилго бол Еховаг магтан алдаршуулах явдал мөн

[23-р хуудасны зураг]

Еховагийн бүх хууль мөнхийн, баттай зарчимд тулгуурладаг