Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн мэргэн ухааныг бүтээл нь илчилдэг

Еховагийн мэргэн ухааныг бүтээл нь илчилдэг

Еховагийн мэргэн ухааныг бүтээл нь илчилдэг

«Түүний үл үзэгдэх чанарууд ... бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон ... байгаа» (РОМ 1:20).

1. Ертөнцийн мэргэн ухаан ямар үр дагаварт хүргэдэг вэ?

 ЕР НЬ, хүмүүс мэргэн ухаан гэдгийг өөр өөрөөр ойлгодог. Жишээ нь, зарим хүн их мэдлэгтэй хүнийг мэргэн ухаантай гэдэг. Гэвч энэ ертөнцөд ухаант мэргэд гэгдэх хүмүүс амьдралын жинхэнэ утга учрыг олоход тус болох найдвартай заавар өгөх нь үгүй. Тэдний үгээр явбал «давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхинд ... туугддаг» (Ефес 4:14).

2, 3. а) Еховаг «цорын ганц мэргэн Бурхан» гэхийн учир юу вэ? б) Бурхны өгдөг мэргэн ухаан ертөнцийн мэргэн ухаанаас ямар ялгаатай вэ?

2 Харин Ехова Бурхнаас мэргэн ухаан авдаг хүмүүс тэднээс их өөр байдаг. Библид Еховаг «цорын ганц мэргэн Бурхан» гэдэг (Ром 16:27). Ехова орчлонт ертөнц дэх юмсын бүтэц найрлага, үүх түүх гээд нарийн ширийн бүхнийг мэддэг. Хүмүүсийн судалгаа шинжилгээний эх үндэс болдог байгалийн хуулийг бүгдийг нь Ехова санаж сэдсэн билээ. Тиймээс хүн юу ч зохион бүтээгээд, яаж ч сэтгээд Еховаг бишрүүлж чадахгүй. «Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурхны өмнөх мунхаглал ажээ» (1 Кор. 3:19).

3 Ехова үйлчлэгчдэдээ «мэргэн ухааныг өгдөг» гэж Библид бичжээ (Сур. 2:6). Бурхны өгдөг мэргэн ухаан тодорхой байдгаараа хүний мэргэн ухаанаас ялгаатай. Бурхнаас ирдэг мэргэн ухаан нарийн зөв мэдлэг, ойлголтод үндэслэдгийн зэрэгцээ ухаалаг шийдвэр гаргахад тусалдаг (Иаков 3:17-г уншина уу). Элч Паул Еховагийн мэргэн ухааныг бишрэн: «Аяа, Бурхны мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?» гэж бичжээ (Ром 11:33). Ехова мэргэн ухаанаараа хэнтэй ч зүйрлэмгүй учир хууль тушаалаараа амьдралын хамгийн зөв замыг заадаг гэдэгт бид эргэлздэггүй. Тэгээд ч яавал аз жаргалтай амьдрахыг Ехова л хамгийн сайн мэддэг (Сур. 3:5, 6).

Есүс бол «уран дархан»

4. Еховагийн мэргэн ухааныг мэдэх нэг арга юу вэ?

4 Еховагийн мэргэн ухаан болон бусад хосгүй чанарыг бүтээлүүдээс нь мэдэж болдог (Ром 1:20-ийг уншина уу). Хамгийн томоос эхлээд хамгийн жижиг бүтээл нь Еховагийн аль нэг зан чанарыг тусган харуулдаг. Тэнгэр огторгуй, газар шороо гээд хаашаа ч харсан, мэргэн ухаантай, хайрын сэтгэлтэй Бүтээгч байдгийн үй түмэн нотолгоо олддог. Бүтээлийг нь анхааралтай авч үзвэл Бүтээгчийн талаар ихийг мэдэж болно (Дуу. 19:1; Ис. 40:26).

5, 6. а) Бүтээх ажилд Еховагаас гадна хэн оролцсон бэ? б) Энэ өгүүллээр юун тухай үзэх вэ? Яагаад?

5 Бурхан «тэнгэр газрыг бүтээхдээ» цор ганцаараа байгаагүй (Эх. 1:1). Бурхан үзэгдэх бүтээлээ бий болгохоосоо өмнө нэгэн сүнсэн бүтээл бүтээсэн бөгөөд тэр нь бусад «бүх юмыг» бүтээхэд оролцсон талаар Библид тэмдэглэжээ. Тэр бүтээл нь Бурхны цорын ганц Хүү буюу «бүх бүтээлийн Ууган», хожим нь дэлхийд хүн болж ирсэн Есүс Христ юм (Кол. 1:15–17). Есүс ч Еховагийн адилаар мэргэн ухаантай. «Сургаалт үгс» номын 8-р бүлэгт хүнчлэн дүрсэлсэн мэргэн ухаанаар Есүсийг төлөөлүүлжээ. Бас Бурхны «уран дархан» (МБОХ, 2000) хэмээжээ (Сур. 8:12, 22–31).

6 Тэгэхлээр, үзэгдэх бүтээлээс нь Ехова болон түүний «уран дархан» Есүсийн мэргэн ухааныг ухаарч ойлгохын зэрэгцээ ихийг сурч болно. Одоо, Сургаалт үгс 30:24–28-д «мэргэн» хэмээн тодотгосон дөрвөн бүтээлийг жишээ болгон авч үзье. *

Хөдөлмөрч байхын жишээ

7, 8. Шоргоолжны тухай сонирхолтой баримт хэлнэ үү.

7 «Дэлхий дээр өчүүхэн» гэгдэх бүтээлийн бүтэц, үйл ажиллагааг судалж үзэхэд сургамжтай зүйл ихийг мэдэж болдог. Шоргоолжны мэргэн ухааныг жишээ болгон үзье (Сургаалт үгс 30:24, 25-ыг уншина уу).

8 Нэг хүнд, хамгийн багаар бодоход, газар дээр болон газар доор зав чөлөөгүй ажиллаж байдаг 200 000 шоргоолж оногддог гэж судлаачид тооцоолжээ. Шоргоолж бол бүл болон эмх журамтай амьдардаг шавьж юм. Бүл болгонд хатан шоргоолж, эр шоргоолж, ажилчин шоргоолж гэж бий. Тэдгээр нь өөр өөрийн үүрэгтэй. Өмнөд Америкийн нэгэн зүйл шоргоолжийг чадварлаг цэцэрлэгчтэй зүйрлэдэг ажээ. Энэхүү өчүүхэн шавьж мөөгний талбайгаасаа авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд талбайгаа бордож, мөөгөө шилжүүлэн суулгаж, засаж тайрдаг гэнэ. Хоол хүнсээ бүлийнхээ хэрэгцээний хэрээр бэлтгэдгийг нь судлаачид олж тогтоожээ. *

9, 10. Шоргоолжны хөдөлмөрч чанарыг хэрхэн дуурайх вэ?

9 Бидэнд шоргоолжноос сурах юм бий. Сайн үр дүнд хүрье гэвэл хөдөлмөрч байх учиртайг шоргоолж үлгэрлэн үзүүлдэг. Библид: «Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай. Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа, өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж, ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг» гэж бичсэн байдаг (Сур. 6:6–8). Ехова Бурхан ч, «уран дархан» Есүс ч хөдөлмөрч билээ. Есүс: «Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна» хэмээсэн (Иох. 5:17).

10 Бид Бурхан болон Христийг дуурайн, хөдөлмөрч байх ёстой. Бурхны байгууллагад ямар ч үүрэг хүлээдэг байсан «Эзний үйл хэрэгт үргэлж бялхсан байх» учиртай (1 Кор. 15:58). Тиймээс, «Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат» хэмээн Ромын христиануудад Паулын зөвлөснийг сахих нь зүйтэй (Ром 12:11). Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх гэсэн хүчин зүтгэл хэзээ ч талаар өнгөрөхгүй. «Учир нь Бурхан ... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж Библид байдаг шүү дээ (Евр. 6:10).

Өөрийгөө сүнслэг аюулаас хамгаалах нь

11. Хадны доргоны зарим онцлогийг хэлнэ үү.

11 Бидэнд үлгэр жишээ үзүүлдэг, харьцангуй жижиг биетэй бас нэг амьтан бол хадны дорго юм (Сургаалт үгс 30:26-г уншина уу). Жижигхэн дугариг чихтэй, богино хөлтэй энэ амьтан хадархаг газар амьдардаг. Хадны дорго нь хурц хараа болон хадны нүх, ангал дахь үүрнийхээ ачаар махчин амьтдаас амиа хамгаалдаг. Хадны дорго нэг дор олуулаа амьдардаг онцлогтой амьтан. Тиймээс бие биеэ хамгаалахын зэрэгцээ өвлийн хүйтнийг ажрахгүй давдаг. *

12, 13. Хадны доргоноос юу сурч болох вэ?

12 Хадны доргоноос юу сурч болох вэ? Нэгдүгээрт, хадны дорго хурц харааныхаа ачаар махчин амьтныг алсаас хараад үүрнээсээ холддоггүй учир аюулд өртдөггүй. Бид ч бас Сатаны ертөнцөд нуугдмал байдаг аюулыг олж хардаг байхын тулд сүнслэг хараагаа хурц байлгах шаардлагатай. Элч Петр христиануудад: «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» гэж уриалсан (1 Петр 5:8). Есүс дэлхийд байхдаа үнэнч байдлыг нь эвдэх гэсэн Сатаны бүх оролдлогоос өөрийгөө хамгаалж, ямагт сонор сэрэмжтэй байсан (Мат. 4:1–11). Ийнхүү дагалдагчдадаа сайн жишээ үзүүлжээ.

13 Сонор сэрэмжтэй байх нэг арга бол Еховагийн сүнслэг хамгаалалтын ач тусыг бүрэн дүүрэн хүртэх явдал юм. Бурхны Үгийг судлах, цуглаанд очихын чухлыг үл тоомсорлож болохгүй (Лук 4:4; Евр. 10:24, 25). Хоёрдугаарт, нэг дор олуулаа байх нь хадны доргод олон талын ашигтай байдаг шиг итгэл нэгтнүүдтэйгээ дотно байх нь бидэнд «хамтдаа зоригжиход» тустай (Ром 1:12). Биднийг сүнслэгээр хамгаалах зорилготой Еховагийн арга хэмжээний ач тусыг хүртдэг бол дуулалч Давидын адилаар Еховаг «миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад» гэж үздэгээ харуулна (Дуу. 18:2).

Эсэргүүцлийг сөрөн шаргуу байх нь

14. Ганцхан царцаа юман чинээ санагдахгүй байж болох ч сүрэг царцаан тухайд юу хэлж болох вэ?

14 Царцаанаас ч гэсэн сурах юм их бий. 5 см хэртэй ганц царцааг юман чинээ бодохгүй байж болох ч сүрэг царцааг басаж болохгүй (Сургаалт үгс 30:27-г уншина уу). Айхавтар ховдог энэ шавьж сүргээрээ бол хураахад бэлэн болсон талбайг дор нь хоосолж чаддаг аж. Царцааны төрлийн голион сүргийн ойртон буй чимээг Библид тэрэгнүүдийн нүргээн, сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээтэй зүйрлэсэн байдаг (Иоел 2:3, 5). Хүмүүс царцаа голио гэх мэтийн шавьжны дайралтыг зогсоох гэж гал тавьж үзсэн ч нэмэр болоогүй ажээ. Учир нь үхсэн голионууд давхарлан унасаар галыг унтраадаг тул арынх нь голионууд ямар ч саадгүй урагшилдаг байна. Голио хаан юм уу удирдагчгүй атлаа замдаа таарах бараг бүх саадыг ажрахгүй давдаг, зохион байгуулалт сайтай цэргүүдтэй адил юм * (Иоел 2:25).

15, 16. Хаанчлалыг тунхаглагчдыг голион сүрэгтэй зүйрлэсний учир юу вэ?

15 Зөнч Иоел Еховагийн үйлчлэгчдийг голиотой зүйрлэсэн байдаг. Тэрбээр: «Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн, цэргүүд мэт хэрэм рүү авирна. Тэд тус бүр жагсаалаар урагшилж, өөрсдийн замаас гажихгүй явна. Тэд бие биеэ үл түлхэн, өөр өөрсдийнхөө замаар алхана. Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч эгнээгээ алдахгүй [«Зарим нь суманд оногдон уналаа ч бусад нь эгнээгээ алддаггүй», ШЕ]» гэж бичжээ (Иоел 2:7, 8).

16 Энэ зөгнөлд Бурхны Хаанчлалын орчин үеийн тунхаглагчдыг үнэхээр оновчтой дүрсэлжээ. Эсэргүүцлийн ямар ч «хэрэм» дэлгэрүүлэх ажлыг зогсоож дийлээгүй. Хаанчлалыг тунхаглагчид, олон түмэнд «үзэн ядагдаж» байсан ч Бурхны хүсэл тааллыг цөхрөлтгүй биелүүлсэн Есүсийг дуурайдаг (Ис. 53:3). Зарим христиан итгэл үнэмшлээсээ болж «суманд оногдон унах» буюу амиа алддаг нь үнэн. Гэлээ ч дэлгэрүүлэх ажил урагш ахисаар, дэлгэрүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа. Харин ч хавчлага нь сайн мэдээг сонсох боломжгүй байсан хүмүүст Хаанчлалын тухай мэдээ сонсох боломжийг нээдэг (Үйлс 8:1, 4). Та тоомсор муутай юм уу эсэргүүцдэг хүмүүсийг үл тоон, голио шиг шаргуу дэлгэрүүлдэг үү? (Евр. 10:39).

«Сайнаас зуурч ав»

17. Гүрвэлийн хөл ямар учраас гөлгөр гадаргуунд наалддаг вэ?

17 Геккон гэдэг нэг зүйлийн жижиг гүрвэл татах хүчинд автдаггүй гэлтэй (Сургаалт үгс 30:28-ыг уншина уу *). Энэ жижигхэн амьтан хана өөд сурмаг гэгч нь авирч, тэр байтугай, гөлгөр гадаргуутай таазнаас ч уналгүй хурдан шалмаг явдаг нь эрдэмтдийн гайхлыг төрүүлдэг. Яаж ингэдэг юм бол оо? Гүрвэлийн саварт сорж хөхдөг зүйл эсвэл тусгай цавуу байдаггүй. Харин хөлийнх нь хуруу болгон олон тооны биржгэр судалтай бөгөөд судал бүр нь олон мянган үстэй ажээ. Үс бүр нь хавтгай үзүүртэй олон зуун үсэнцэртэй. Сонирхолтой нь, үсэнцэрүүдийн молекулуудыг харилцан таталцахад гүрвэлийн биеийн жингээс ч хүнд жинг тогтоон барих хүч гардаг тул геккон шилэн гадарга дээгүүр ч уруугаа гүйж чаддаг байна. Гүрвэлийн энэ хосгүй чадварыг биширдэг судлаачид гүрвэлийн хөлийг дуурайлган нийлэг материал зохион бүтээвэл маш бөх наалддаг тууз болно гэж үзэж буй ажээ. *

18. Үргэлж «сайнаас зуурахын» тулд яах хэрэгтэй вэ?

18 Геккон гүрвэлээс юу сурч болох вэ? Библи бидэнд: «Бузар мууг жигш, сайнаас зуурч ав» гэж уриалдаг (Ром 12:9). Сатаны ертөнцөд давамгайлдаг ёс бус нөлөөнд автвал Бурхны тогтоосон зарчмуудаас «зуурахаа» болих аюултай. Жишээ нь, Бурхны хуулийг сахидаггүй хүмүүстэй ажил сургууль дээрээ шууд нөхөрлөх эсвэл ёс бус юмыг үзэж харах, уншиж сонсох зэргээр дам нөхөрлөвөл сайныг үйлдэх шийдвэрээсээ ухарч мэднэ. Ийм аюул өөртөө бүү учруулаарай. Бурхны Үг: «Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай» гэж сэрэмжлүүлдэг (Сур. 3:7). Тиймээс эрт цагт Бурхны ард түмэнд Мосегийн өгсөн мэргэн зөвлөгөөг хэрэгжүүлцгээе. Тэрбээр: «ЭЗЭН Бурхнаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зуур» хэмээжээ (Д.хууль 10:20). Еховагаас зуурах нь «зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн» Есүсийг дуурайж байгаа хэрэг юм (Евр. 1:9).

Бүтээлээс сургамж авах нь

19. а) Та Еховагийн ямар чанарыг бүтээлээс нь олж хардаг вэ? б) Бурхны өгдөг мэргэн ухаан ямар ач тустай вэ?

19 Тэгэхлээр, Еховагийн чанарууд бүтээлээс нь илэрхий харагдаж байгаа бөгөөд бид ч бүтээлээс нь ихийг сурах боломжтой байгаа биз? Еховагийн бүтээлийг хэдийчинээ их судална, мэргэн ухааныг нь төдийчинээ их биширнэ. Мэргэн ухааны эх булаг Еховад анхаарал хандуулдаг бол одоо илүү их жаргалтай, ирээдүйд аюулгүй амьдарна (Ном. 7:12). Бас Сургаалт үгс 3:13, 18-д бичсэн үгийн үнэнийг биеэрээ үзнэ. «Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй».

[Зүүлт]

^ Дурдсан нэмэлт материалыг уншиж судлаад энэ өгүүллийг цуглаан дээр үзэхдээ бусадтай хуваалцахыг хүүхэд залууст онцгойлон уриалж байна.

^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 1997 оны 3 дугаар сарын 22-ны дугаарын 31-р хуудас, 2002 оны 5 дугаар сарын 22-ны дугаарын 31-р хуудаснаас нэмэлт мэдээлэл үзнэ үү (англи).

^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 1990 оны 9 дүгээр сарын 8-ны дугаарын 15, 16-р хуудаснаас нэмэлт мэдээлэл үзнэ үү (англи).

^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 1976 оны 10 дугаар сарын 22-ны дугаарын 11-р хуудаснаас нэмэлт мэдээлэл үзнэ үү (англи).

^ Сургаалт үгс 30:28 (ШЕ): «Геккон гүрвэл савраараа зуурдаг бөгөөд хааны сүрлэг ордонд байдаг»

^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 2008 оны 4 дүгээр сарын дугаарын 26-р хуудаснаас нэмэлт мэдээлэл үзнэ үү (англи).

Санаж байна уу?

Бид ...

• шоргоолжноос ...

• хадны доргоноос ...

• голионоос ...

• гүрвэлээс ...

юу сурч болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[16-р хуудасны зураг]

Та шоргоолж шиг ажилсаг уу?

[17-р хуудасны зураг]

Хадны дорго олуулаа амьдардгийн ачаар аюулгүй байдаг. Та яадаг вэ?

[18-р хуудасны зураг]

Христианууд голиог дуурайн Бурханд шаргуу үйлчилдэг

[18-р хуудасны зураг]

Геккон гүрвэл аливаа гадаргуунаас «зуурдаг» шиг христианууд сайнаас зуурдаг

[Зураг эзэмшигч]

Stockbyte/Getty Images