Иов Еховагийн нэрийг алдаршуулсан
Иов Еховагийн нэрийг алдаршуулсан
«ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] нэр алдаршиг» (ИОВ 1:21).
1. «Иов» номыг хэн бичсэн гэж үзэж болох вэ? Хэзээ бичсэн бэ?
МОСЕ амиа аврахын тулд Египетийн фараонаас зугтан Мидианд ирэхдээ 40 орчим настай байжээ (Үйлс 7:23, 29). Тэнд байхдаа холгүй орших Уз хэмээх нутагт сууж байсан Иовд ямар сорилт тохиолдсоныг дуулсан байж болох юм. Олон жилийн дараа Мосе израильчуудтай хамт цөлөөр тэнүүлчилснийхээ эцэст Узад дөхөж очоод байхдаа Иовын амьдралын сүүлчийн он жилүүдийн талаар дуулсан байх. Иудейчүүдийн ярьдгаар, Иовыг нас барснаас хойш Мосе «Иов» номыг бичсэн ажээ.
2. «Иов» ном Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн итгэлийг бэхжүүлдэг гэхийн учир юу вэ?
2 «Иов» ном Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн итгэлийг бэхжүүлдэг. Ингэж хэлэхийн учир юу вэ? Энэ номд тэнгэрт болсон туйлын чухал үйл явдлыг өгүүлдэг бөгөөд Бурхны хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудлыг онцлон тэмдэглэдэг. Иовын түүх Бурханд үнэнч байх гэж яахыг хэлдгийг гүн гүнзгий ойлгуулж, Ехова үнэнч үйлчлэгчдэд нь сорилт тулгарахыг зөвшөөрдгийн учрыг хэлж өгдөг. Түүнээс гадна, Сатан Диаволыг Ехова Бурхан болон хүн төрөлхтний дайсан гэдгийг «Иов» ном илчилдэг. Иов шиг төгс бус хүн ч хүнд сорилтод сөхрөлгүй Бурханд үнэнч байж болохыг уг ном харуулдаг. «Иов» номд өгүүлсэн зарим үйл явдлыг дэлгэрэнгүй үзье.
Иовыг Сатан сорьсон нь
3. Иов ямар хүн байсан бэ? Сатан юуны учир Иовыг байгаа болгосон бэ?
3 Иов баян чинээлэг, нэр хүндтэй, өрхийн сайн тэргүүн байв. Ядууст тусалдаг, ухаалаг мэргэн зөвлөгөө өгдгөөрөө олны хүндэтгэл хүлээдэг байжээ. Хамгийн гол нь, Бурхнаас эмээдэг байв. Иов бол «гэм зэмгүй, шулуун шударга, Бурхнаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв» гэж Библид бичжээ. Сатан Диавол түүнийг довтолгооны бай болгосон нь эд баялаг, нэр хүндтэй нь холбоотой биш байв. Харин Бурханд үнэнч байснаас нь үүджээ (Иов 1:1; 29:7–16; 31:1).
4. Үнэнч байх гэж яахыг хэлдэг вэ?
4 Тэнгэр элчүүд Еховагийн өмнө цугласан тухай «Иов» номын эхэнд гардаг. Сатан ч бас тэдний дунд байсан бөгөөд Иовыг буруутгажээ (Иов 1:6–11-ийг уншина уу). Тэрбээр яриандаа Иовын эд баялгийн талаар дурдсан ч Бурханд үнэнч байдлыг нь голлон хөнджээ. «Үнэнч байдал» гэж орчуулдаг үг нь шулуун шударга, гэм зэмгүй, зөв, өөгүй байх гэсэн санаа илэрхийлдэг. Библийн үүднээс тайлбарлавал, үнэнч байх гэдэг нь Еховад үнэнч байхын төлөө зүрхээ тэр чигээр нь зориулах гэсэн үг юм.
5. Сатан Иовыг юу гэж гүтгэсэн бэ?
5 Сатаны хэлснээр Иов Бурхныг үнэн сэтгэлээр бус, ашиг хонжоо харж шүтдэг ажээ. Бурхан өөрийг нь ивээж, хамгаалж байсан цагт л Иов Бурханд үнэнч байна хэмээн гүтгэжээ. Энэ гүтгэлэгт хариу өгөхийн тулд Ехова Сатанд Иовыг сорихыг нь зөвшөөрчээ. Ингээд Иов ганцхан өдрийн дотор мал сүргийнхээ заримыг хулгайд, заримыг нь гамшигт, бас албат зарц нарынхаа ихэнхийг, арван сайхан хүүхдээ алдав (Иов 1:13–19). Сатан Иов руу ингэж довтлоод зорилгодоо хүрсэн үү? Гай зовлон тохиолдоход Иов: «ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] нэр алдаршиг» хэмээсэн нь Библид байдаг (Иов 1:21).
6. а) Тэнгэр элчүүдийг Бурхны өмнө дахин цуглахад юу болсон бэ? б) Иовын талаар хэлсэн Сатаны үг ямар битүү утгатай байсан бэ?
6 Хожим нь тэнгэр элчүүд Еховагийн өмнө дахин цуглажээ. Тэгэхэд Сатан Иовыг дахин гүтгэж: «Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм. Харин одоо Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно» гэж Еховад хэлжээ. Ийнхүү Сатан бусад хүнийг ч гүтгэх нь тэр! Тэрбээр: «Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» гэсэн нь ганц Иовыг төдийгүй Бурханд үйлчилдэг бүх хүнийг үнэнч бус хэмээн гүтгэсэн хэрэг байлаа. Тиймээс Бурхан Иовыг шаналгаат өвчнөөр сорихыг нь Сатанд зөвшөөрчээ (Иов 2:1–8). Гэвч Иовд учирсан сорилт үүгээр дууссангүй.
Иовоос авах сургамж
7. Иовын эхнэр болон Иов дээр ирсэн хүмүүс ямар дарамт учруулсан бэ?
7 Гай зовлон тохиолдоход Иовын эхнэр ч бас зовсон. Арван хүүхдээсээ хагацаж, үгүйрэн хоосорсон тэр эмэгтэй энэлэн шаналж байсан нь гарцаагүй. Аймшигт өвчнөөр тарчилж байсан эр нөхрөө харахад нүд халтирам байсан биз ээ. Тэрбээр Иовд: «Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурхныг хараагаад, үх» гэжээ. Дараа нь Елифаз, Билдад, Зофар гэгч гурван эр иржээ. Бодвол, Иовыг тайвшруулах гэж ирсэн байх. Гэвч андуу ташаа юм ярьцгаасан тэд, үнэн хэрэгтээ, «хөөрхийлөлтэй тайтгаруулагчид» байв. Тухайлбал, Билдад Иовын хүүхдүүдийг үйлдсэн нүглийнхээ шийтгэлийг хүртсэн мэтээр ярьжээ. Елифаз Иовыг урьд өмнө нь нүгэл үйлдсэнийхээ гайгаар зовж байгаа нь тэр хэмээсэн төдийгүй бүр үнэнч байлаа гээд Бурхан огт үнэлэхгүй гэсэн утгатай үг цухуйлгажээ (Иов 2:9, 11; 4:8; 8:4; 16:2; 22:2, 3). Иов ийм хүнд дарамт тулгарахад ч Бурханд үнэнч байсан. Тэрбээр «өөрийгөө Бурхны өмнө зөвтгөн» алдаа гаргаж байсан нь үнэн (Иов 32:2). Гэлээ ч бүх сорилтыг үнэнчээр давсан юм.
8. Зөвлөгөө өгөхдөө Елихуг хэрхэн дуурайх нь зүйтэй вэ?
8 Дараа нь Елиху гэгч хүн Иов дээр ирсэн тухай «Иов» номд гардаг. Елиху Иов болон гурван найзынх нь мэтгэлцээнийг анхааралтай сонссон. Тэрбээр өнөөх дөрвөөс насаар бага боловч илүү ухаалаг хүн байв. Елиху Иовд их хүндэтгэлтэй хандаж, Бурханд үнэнч байдгийг нь үнэлж магтсан хэдий ч өөрийгөө хэт их зөвтгөснийг нь бас анхааруулсан. Тэгээд Бурханд үнэнчээр үйлчлэх нь хэзээд тустай гэдгийг батлан хэлсэн (Иов 36:1, 11-ийг уншина уу). Бусдад зөвлөгөө өгөхдөө Елихуг дуурайвал хэчнээн сайн бэ! Тэрбээр тэвчээртэй байн, анхааралтай сонсож, зохих ёсоор магтсаны зэрэгцээ тохирсон зөвлөгөө өгсөн (Иов 32:6).
9. Ехова Иовд хэрхэн тусалсан бэ?
9 Эцэст нь, сүрдмээр явдал болж, Ехова Иовтой ярилцжээ. «Шуурган дундаас ЭЗЭН [Ехова] Иовд хариулав» гэж Библид байдаг. Ехова Иовоос олон асуулт асууж, буруу ойлголтоо засахад нь сайхан сэтгэлээр тусалсан. Иов ч зэмлэлийг дуртайяа хүлээн авч, «Би бол өчүүхэн юм. ... Би ... шороо ба үнсэн дунд гэмшье» хэмээн буруугаа хүлээв. Дараа нь Ехова «зөвийг яриагүй» өнөөх хуурамч тайтгаруулагчдыг буруушаасан. Иов ч тэдний төлөө залбирахаар болдог. Тэгээд «нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов» (Иов 38:1; 40:4; 42:6–10).
Бид Еховаг хэр их хайрладаг вэ?
10. Бурхан Сатаныг хайхрахгүй орхих юм уу устгаагүй нь ямар учиртай вэ?
10 Ехова орчлонт ертөнцийг бүтээсэн бөгөөд бүх бүтээлээ захирах эрхтэй. Тэгээд яагаад маргаантай асуудал өдөөсөн Диаволыг зүгээр орхичихож болоогүй юм бэ? Бурхан Сатаныг хайхрахгүй орхих юм уу эсвэл устгалаа гэхэд маргаантай асуудал шийдэгдэхгүй гэдгийг сайн мэдэж байв. Диавол Еховагийн үнэнч үйлчлэгч Иовыг эд баялгаа алдвал үнэнч үлдэхгүй гэж гүтгэсэн. Гэвч Иов тэр сорилтыг үнэнчээр давсан. Тэгтэл Сатан махан бие нь зовбол ямар ч хүн Бурхнаас нүүр буруулна гэсэн. Иов тийм зовлон үзсэн ч урьдын адил үнэнч байсан. Ийнхүү тэр үнэнч хүн хэдийгээр төгс бус боловч Сатаны худалчийг баталж чадсан. Тэгвэл Бурхны бусад үйлчлэгчийн талаар юу хэлж болох вэ?
11. Есүс Сатаны өдөөсөн маргаантай асуудалд бүрэн гүйцэд хариу өгөхийн тулд яасан бэ?
11 Үнэн хэрэгтээ, Бурханд үйлчилдэг хүн бүр харгис дайсан Сатаныг яаж ч байсан Бурхандаа үнэнч хэвээрээ байдаг нь Сатаны гүтгэлгийг дор бүрнээ няцааж байгаа хэрэг юм. Есүс дэлхийд ирж, Сатаны өдөөсөн маргаантай асуудалд бүрэн гүйцэд хариу өгсөн билээ. Тэрбээр бидний өвөг Адамын адилаар төгс хүн байсан. Есүс үхэн үхтэлээ үнэнч байснаараа Сатаны худалчийг, гүтгэлгийнх нь ор үндэсгүйг хөдөлшгүйгээр баталсан (Илч. 12:10).
12. Еховад үйлчилдэг хүн бүр ямар завшаан эдэлж, ямар үүрэг хүлээдэг вэ?
12 Тэглээ ч гэсэн Сатан Еховагийн үйлчлэгчдийг сорьсоор байдаг. Тиймээс Бурханд үнэнч гэдгээ, өөрөөр хэлбэл, ашиг хонжоо хайлгүй, харин хайрын сэтгэлээр Бурханд үйлчилдгээ батлан харуулах нь бид бүгдийн хувьд завшаан бөгөөд үүрэг юм. Энэ үүргээ хэрхэн үзэх вэ? Еховад үнэнч байна гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг. Түүнээс гадна, Ехова бидэнд тэвчих хүч өгдгийн зэрэгцээ Иовд хандсаныхаа адилаар биднийг хэрээс хэтэрсэн хүчээр сорихыг Сатанд зөвшөөрдөггүйг мэдэхлээр сэтгэл амардаг (1 Кор. 10:13).
Сатан бол хөнөөлт дайсан, тэрслэгч
13. «Иов» номоос Сатаны тухай ямар нарийн ширийн зүйлийг мэдэж болох вэ?
13 Сатан ичгүүргүйгээр Еховагийн эрх мэдэлд халдаж, хүн төрөлхтнийг төөрүүлсэн талаар Еврей Сударт дэлгэрэнгүй бичсэн байдаг. Еховаг эсэргүүцсэнийг нь Христиан Грек Сударт бүр ч дэлгэрэнгүй тэмдэглэсэн бөгөөд Ехова хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөж, Сатаныг бүрмөсөн устгана гэдгийг «Илчлэлт» номд бичжээ. Сатаны самуун явдлыг «Иов» номоос илүү нарийн мэдэж болдог. Сатан тэнгэр элчүүдийн хамт Еховагийн өмнө очихдоо Еховаг магтан алдаршуулах гэсэнгүй, харин муу зорилго, хорон санаа өвөрлөсөн байжээ. Тэрбээр Иовыг гүтгэсээр сорих зөвшөөрөл авчихаад «ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ» (Иов 1:12; 2:7).
14. Сатан Иовд ямар зан гаргаж, юу хийсэн бэ?
14 Тэгэхлээр, Сатаныг өрөвдөх сэтгэлгүй дайсан гэдгийг нь «Иов» номоос мэдэж болох нь ээ. Иов 1:6 болон 2:1-д тэмдэглэсэн үйл явдлын хооронд хэчнээн хугацаа өнгөрсөн нь тодорхойгүй бөгөөд энэ хооронд Сатан Иовыг сорьж, тарчилган зовоосон. Иов үнэнч байсан учир Ехова Сатанд: «Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг [Иовыг] сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна» гэж бахархан хэлсэн (Иов 2:3–5). Гэвч Сатан гүтгэлэг нь няцаагдсаныг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэгээд Иовыг бүр хатуу сорих гэж зүтгэв. Ийнхүү Диавол Иовыг баян чинээлэг явахад нь ч, үгээгүй хоосон болоход нь ч сорьжээ. Үүнээс харахад, Сатан ядуу зүдүү болон гамшигт өртсөн хүмүүсийг өрөвдөж энэрэхийг огт мэддэггүй, үнэнч хүмүүсийг үзэн яддаг нэгэн гэдэг нь тодорхой байна (Иов 2:3). Гэлээ ч Иов үнэнч байж Сатаны худалчийг баталсан.
15. Орчин үеийн тэрслэгчид Сатантай юугаараа адил бэ?
15 Сатан бол Бурханд тэрсэлсэн анхны бүтээл юм. Орчин үеийн тэрслэгчид ч Диаволынх шиг зан авир гаргадаг. Тэд христиан хурлын гишүүд, ахлагчид, цаашлаад, Удирдах зөвлөлөөс өө сэв хайдгийнхаа гайгаар үзэл бодлоо гажуудуулсан байж болох юм. Зарим тэрслэгч Бурхны Ехова гэдэг нэрийг цээрлэдэг. Тэд Еховаг танин мэдэж, Еховад үйлчлэхийг хүсэж эрмэлздэггүй. Бас эцэг Сатаныгаа дуурайн, үнэнч хүмүүсийг хавчлагын бай болгодог (Иох. 8:44). Тиймээс Еховагийн үйлчлэгчид тэдэнтэй харьцахаас эрс зайлсхийдгийг гайхах хэрэггүй (2 Иох. 10, 11).
Иов Еховагийн нэрийг алдаршуулсан
16. Иов Еховад яаж ханддаг байсан бэ?
16 Иов Еховаг нэрээр нь дууддаг, бас нэрийг нь алдаршуулдаг хүн байв. Хүүхдүүд нь үрэгдсэн тухай зүрх зүсэм мэдээ дуулаад ч Бурхныг огт буруутгаагүй. Гарз хохирол учрахад Бурхнаас болсон мэтээр буруу зөрүү ярьж байсан ч Еховагийн нэрийг алдаршуулдаг байсан. Хожим нь тэрбээр: «Үзэгтүн, ЭЗЭНээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муугаас зайлах нь ухаарал юм» гэсэн гүнзгий утгатай зүйрлэл хэлжээ (Иов 28:28).
17. Иов юуны ачаар үнэнч байж чадсан бэ?
17 Иов юуны ачаар үнэнч байж чадсан бэ? Гай зовлон тохиолдохоос өмнө Еховатай дотно харьцаа тогтоочихоод байсан нь лавтай. Иов Сатаны дэгдээсэн маргаантай асуудлын талаар мэдэж байсан эсэх нь тодорхойгүй боловч Бурханд үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдсэн байжээ. Тэрбээр: «Үхэн үхтэлээ би үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» гэж хэлсэн (Иов 27:5). Иов Бурхантай яаж тийм дотно харьцаатай болсон бол? Иов холын хамаатан нь болох Абрахам, Исаак, Иаков нартай Бурхны хэрхэн харьцаж байсныг дуулж мэдсэний зэрэгцээ тэр мэдлэгээ эрхэмлэдэг байсан нь гарцаагүй. Бас бүтээлүүдийг нь ажиглаад Еховагийн зан чанарыг сайн мэдэх болсон биз ээ (Иов 12:7–9, 13, 16-г уншина уу).
18. а) Иов Еховад үнэнч гэдгээ хэрхэн баталсан бэ? б) Иовын жишээг хэрхэн дуурайх вэ?
18 Иов мэдлэгийнхээ ачаар Еховад таалагдах чин хүсэлтэй болсон. Тэрбээр гэрийнхнийгээ Бурханд таалагдахгүй ямар нэг юм хийсэн байх вий эсвэл «сэтгэлдээ Бурхныг хараасан байж магадгүй» гэж бодоод тогтмол тахил өргөдөг байсан (Иов 1:5). Хүнд сорилт тулгараад байхад ч Еховаг муу хэлж байгаагүй (Иов 10:12). Үнэхээр сайхан жишээ байгаа биз? Бид ч бас Ехова болон түүний санаа зорилгын талаар мэдлэгээ гүнзгийрүүлж байх учиртай. Бие даан судлах, цуглаанд явах, залбирах, сайн мэдээ дэлгэрүүлэх гэх мэтээр сүнслэг үйл хэрэгт тогтмол оролцвол Еховатай улам дотно харьцаатай болно. Бас Еховагийн нэрийг тунхаглахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Иов үнэнч байснаараа Еховаг баярлуулсан шиг өнөөдөр ч үнэнч үйлчлэгчид нь Еховаг баярлуулдаг. Энэ тухай дараагийн өгүүллээр ярилцъя.
Санаж байна уу?
• Иов ямар учраас Сатан Диаволын анхаарлыг татсан бэ?
• Иов ямар ямар сорилтод орсон бэ? Яасан бэ?
• Иовыг дуурайн үнэнч байхад юу туслах вэ?
• «Иов» номоос Сатаны талаар юу мэдэж болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[4-р хуудасны зураг]
Иовын түүх Бурхны хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудлыг сануулдаг
[6-р хуудасны зураг]
Ямар нөхцөл байдал таны хувьд үнэнч байдлын сорилт болж болох вэ?