Skip to content

Гарчиг руу орох

Залуус аа, ахиж дэвшиж буйгаа харуулагтун

Залуус аа, ахиж дэвшиж буйгаа харуулагтун

Залуус аа, ахиж дэвшиж буйгаа харуулагтун

«Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай» (1 ТИМ. 4:15).

1. Бурхан залуусыг яаж яваасай гэж хүсдэг вэ?

 «ЗАЛУУ минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга» (Ном. 11:9). Энэ үгийг эртний Израилийн мэргэн ухаант Соломон хаан Ехова Бурхны ариун сүнсээр удирдуулан бичжээ. Ехова залуус та бүхнийг жаргалтай амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Зөвхөн залуудаа төдийгүй насан туршдаа сайн сайхан яваасай гэж хүсдэг. Ер нь, хүн бага залуу явахдаа алдаа гаргаж, ирээдүйгээ баллах нь бий. Бурхны үнэнч үйлчлэгч Иов хүртэл «залуу үеийнхээ ... гэм бурууд» харамссан байдаг (Иов 13:26). Амьдралын босгоор алхан орж буй залуу христиануудад чухал чухал шийдвэр гаргах шаардлага тулгардаг. Гэнэн тэнэг шийдвэр гаргавал сэтгэлийн шархтай хоцорч, үлдсэн бүх амьдралдаа зовж мэднэ (Ном. 11:10).

2. Залуус Библийн ямар зөвлөгөөг хэрэгжүүлбэл ноцтой алдаа гаргахгүй явж чадах вэ?

2 Залуу хүн ухаалаг шийдвэр гаргаж сурах хэрэгтэй. Элч Паулаас Коринтын христиануудад өгсөн зөвлөгөөг үзье. Тэрбээр: «Ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. ... Харин ухаанаараа төлөвшсөн хүн бай» хэмээжээ (1 Кор. 14:20). Энд зөвлөснөөр төлөвшсөн хүний адилаар аливааг эргэцүүлэн бодож, оновчтой шийдвэр гаргаж сурвал ноцтой алдаа гаргалгүй явж чадна.

3. Төлөвшихийн тулд яах хэрэгтэй вэ?

3 Төлөвшихийн тулд заавал хүч хөдөлмөр гаргах учиртайг залуус та бүхэн санаж яваарай. Паул Тимотод: «Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол. ... Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай. ... Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай» хэмээн зөвлөжээ (1 Тим. 4:12–15). Христиан залуус ахиц дэвшил гаргаж, үүнийгээ бусдад илэрхий болгох учиртай.

Яаж ахиж дэвших вэ?

4. Ахиж дэвших гэж яахыг хэлэх вэ?

4 «Ахиж дэвших» гэдгийг, өөр үгээр хэлбэл, урагшлах, улам сайжрах гэж болох юм. Паул Тимотод ахиж дэвшиж байгаагаа үг, зан байдал, хайр, итгэл, цэвэр ариун байдал хийгээд Бурханд үйлчлэх үйлчлэлээрээ харуулж байхыг уриалсан. Тимот амьдралынхаа хэв маягаар бусдад үлгэр дуурайл үзүүлэх учиртай байв. Өөрөөр хэлбэл, сүнслэгээр тасралтгүй ахиж дэвших ёстой байсан.

5, 6. а) Тимот ахиц дэвшлээ хэзээнээс харуулсан бэ? б) Залуучууд сүнслэгээр ахиж дэвшихийн тулд Тимотыг хэрхэн дуурайж болох вэ?

5 Паул энэ зөвлөгөөг МЭ 61–64 оны хооронд бичжээ. Тэр үед Тимот туршлагатай ахлагч болчихсон, зохих хэмжээнд ахиж дэвшсэн хүн байв. Бүр МЭ 49 юм уу 50 онд «Лустр болон Икониумын ах дүүс» хорь орчим настай Тимотын ахиц дэвшлийг ажиглаад «сайнаар ярьдаг» байжээ (Үйлс 16:1–5). Тэр үед Паул Тимотыг миссионерийн аялалдаа дагуулан хэдэн сар явахдаа ахиж дэвшиж байгааг нь ажигласныхаа эцэст Тесалоникийн христиануудыг урамшуулан, итгэлийг нь бэхжүүлэх зорилгоор Тимотыг тийш нь явуулжээ (1 Тесалоник 3:1–3, 6-г уншина уу). Тэгэхлээр Тимот залуугаасаа ахиц дэвшлээ харуулж байсан нь илт байна.

6 Хурлын гишүүн залуус та бүхэн христиан амьдрал, Библийн үнэнийг заах ажилдаа ахиц дэвшил гаргахын тулд христиан зан чанарыг одооноос эхлэн хөгжүүлээрэй. Есүсийг бүр 12 настай байхад «мэргэн ухаан нь өссөөр байсан» гэж Библид бичсэн байдаг (Лук 2:52). Одоо бүгдээрээ 1) бэрхшээл тулгарахад, 2) гэр бүл болох бэлтгэлээ базаахдаа, 3) «сайн үйлчлэгч» болохын тулд ахиж дэвшиж байгаагаа хэрхэн харуулж болох талаар ярилцъя (1 Тим. 4:6).

Бэрхшээлийг «ухаалгаар» давах нь

7. Зовлон бэрхшээл тохиолдоход залуучууд яадаг вэ?

7 17 настай Кэрол гэдэг Гэрч охин: «Заримдаа сэтгэл хямарч, бие минь их ядарснаас өглөө босохоос ч дургүй хүрдэг байлаа» гэж ярьжээ. * Түүнийг 10 настай байхад эцэг эх нь салж, охин ёс журамгүй явдалтай эхтэйгээ амьдардаг болжээ. Танд ч гэсэн Кэролд тохиолдсон шиг, шийдье гэхэд таны хэрээс хэтэрсэн бэрхшээл тулгараад байж болох юм.

8. Тимотод ямар ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

8 Тимот сүнслэгээр өсөхийн зэрэгцээ бэрхшээлийг ч даван туулах ёстой байв. Тимотын «ходоод байнга тааруу байдаг» байжээ (1 Тим. 5:23). Нэгэн удаа Паул, элч байх эрхийг нь үгүйсгэдэг хүмүүсийн өдөөсөн маргааныг шийдүүлэх зорилгоор Тимотыг Коринт руу явуулдаг. Тимотыг тэдний дунд «айж түгшилгүйгээр» үүргээ биелүүлээсэй гэсэндээ Тимотод туслахыг тэндхийн хурлын гишүүдэд уриалжээ (1 Кор. 4:17; 16:10, 11). Үүнээс үзвэл, Тимот бүрэг, нүүрэмгий бус хүн байжээ.

9. «Ухаалаг байх» гэж юу гэсэн үг вэ? «Ухаалаг байх» нь «айдсын сүнсэнд» автахаас ямар ялгаатай вэ?

9 Хожим нь Паул Тимотод туслах үүднээс: «Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын [«ухаалаг байхын», ШЕ] сүнсийг өгсөн» хэмээн бичжээ (2 Тим. 1:7). «Ухаалаг» байвал аливааг эргэцүүлэн бодож, оновчтой шийдвэр гаргаж чадна. Бас бэрхшээлээс халшран зугтах бус, даван туулж чадна. Гэтэл төлөвшөөгүй залуус бэрхшээл тулгарахлаар «айсдын сүнсэнд» автаж, хэтэрхий их унтах, зурагт олон цагаар үзэх, мансууруулах бодис хэрэглэх, архидан согтуурах, зугаа цэнгэлээр хөөцөлдөх, бүр садар самуунтай орооцолдох гэх зэргээр бэрхшээлээс зугтахыг оролддог. Гэтэл Бурхан христиан хүнд «бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг» уриалдаг (Тит 2:12).

10, 11. Ухаалаг байх нь сүнслэг талаараа хүчтэй христиан болоход ямар ач тустай вэ?

10 Библи «залуу эрчүүдийг ухаалаг бай» гэж уриалдаг (Тит 2:6). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлье гэвэл бэрхшээл тулгарахад залбирч, Бурхныг хүч өгнө гэж найдах хэрэгтэй (1 Петр 4:7-г уншина уу). Ингэвэл «Бурхнаас тэтгэгддэг хүчинд» чин сэтгэлээсээ найддаг болно (1 Петр 4:11).

11 Дээр дурдсан Кэрол Бурханд залбирч, ухаалаг байсны ачаар бэрхшээлээ давж чаджээ. Тэрбээр: «Ээжийнхээ ёс журамгүй явдлын эсрэг байр суурь баримтална гэдэг миний хувьд хамгийн хэцүү байсан. Гэхдээ залбирлын ачаар Еховаг надтай хамт байдгийг мэдэрч, юунаас ч айхаа больсон» гэж ярьсан юм. Зовлон бэрхшээл хүнийг тэсвэр хатуужил гэх мэтийн сайн чанартай болгодгийг санаж яваарай (1 Петр 1:6, 7; Гаш. 3:27). Ямар ч бэрхшээл тулгарсан, Бурхан таныг хэзээ ч орхихгүй. «Үнэхээр чамд тусална» (Ис. 41:10).

Гэр бүл болох бэлтгэлээ базаах нь

12. Гэр бүлтэй болохыг хүсэж байгаа христиан хүн Сургаалт үгс 20:25-ын зарчмыг бодож үзэх хэрэгтэйн учир юу вэ?

12 Зарим залуус гэр бүлтэй болбол ганцаардал, уйтгар гуниг болон амьдралын бусад бэрхшээлийг шийднэ гэж бодоод яаран гэрлэдэг. Гэтэл гэрлэлтийн тангараг өргөхөд ихээхэн нухацтай хандах учиртай. Эрт цагт ч гэсэн сайтар тунгааж бодолгүйгээр «ариун» тангаргийг яаран өргөх явдал гардаг байжээ (Сургаалт үгс 20:25-ыг уншина уу). Өнөөдөр ч гэсэн зарим залуу гэр бүлтэй болох нь хэчнээн хариуцлагатай алхам болохыг тэр бүр бодож үзэхгүйгээр гэрлэчихээд хожим хойно нь ойлгодог.

13. Үерхдэг хүнтэй болохоосоо өмнө христиан залуус ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? Ач тустай зөвлөгөөг хаанаас олж болох вэ?

13 Тиймээс хүнтэй үерхэхээсээ өмнө: «Би ер нь яагаад гэрлэе гэж бодох болов? Юу хүсээд гэрлэх гээд байгаа билээ? Энэ хүн надад тохирох уу? Гэр бүлтэй болохлоор ямар үүрэг хүлээхээ би ойлгож байгаа юу?» гэх зэргийн асуултыг бодож үзээрэй. Энэ чухал асуудлаар өөрийгөө шударгаар шалгахад туслах зорилгоор «итгэмжит, ухаалаг боол» ач тустай өгүүлэл олныг нийтэлсэн * (Мат. 24:45–47). Эдгээрийг Еховагаас ирсэн зөвлөгөө гэж үзэж байгаарай. Анхааралтай уншиж судлаад, авсан зөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй. Ингэвэл «ухаангүй адуу, эсвэл луус шиг» болохгүй (Дуу. 32:8, 9). Гэр бүлтэй байхын хариуцлагыг ойлгодог, ухаанаараа төлөвшсөн хүн болоорой. Хэрэв та өөрийгөө хүнтэй үерхэхэд бэлэн гэж үзвэл «цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл болох» ёстойгоо хэзээ ч бүү мартаарай (1 Тим. 4:12).

14. Сүнслэгээр ахиж дэвших нь гэрлэсний дараа ч ямар ач тустай вэ?

14 Сүнслэгээр өсөх нь гэр бүл болсны дараа ч ач тустай байдаг. Төлөвшсөн хүн «Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд» хүрэх гэж хичээдэг (Ефес 4:11–14). Христийн зан чанартай болох гэж мэрийдэг. Бидэнд үлгэр жишээ үзүүлсэн «Христ ... Өөрийнхөө сэтгэлд нийцүүлж» байгаагүй юм (Ром 15:3). Гэр бүлтэй хүн өөрийнхөө бус, ханийнхаа эрх ашгийг хардаг бол гэр бүл нь эв нэгдэлтэй, амар тайван байна (1 Кор. 10:24). Ханийнхаа хүсэл сонирхлыг дээгүүр тавьдаг нөхөр хүн өөрийгөө золиослон эхнэрээ хайрладаг, эхнэр нь Тэргүүндээ захирагддаг Есүсийг дуурайн нөхөртөө захирагддаг (1 Кор. 11:3; Ефес 5:25).

«Үйлчлэлээ гүйцээ»

15, 16. Бурханд үйлчлэх ажилдаа ахиц дэвшил гаргахын тулд яах вэ?

15 Паул Тимотод: «Би Бурхны болон ... Христ Есүсийн оршихуйд ... чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. ... Бэлэн байгтун» хэмээн уриалсны зэрэгцээ «Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ» гэж бичихдээ чухал үүрэг хүлээдгийг нь онцлон тэмдэглэжээ (2 Тим. 4:1, 2, 5). Тимот үүргээ биелүүлэхийн тулд өөрийгөө «итгэлийн үгсээр тэжээх» ёстой байв (1 Тимот 4:6-г уншина уу).

16 Өөрийгөө «итгэлийн үгсээр тэжээхийн» тулд яах хэрэгтэй вэ? Паул: «Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай. ... Эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай» гэж зөвлөжээ (1 Тим. 4:13, 15). Сүнслэгээр өсөхийн тулд Библийг бие даан нямбай судлах хэрэгтэй. «Дотор бай» гэснийг Библийн өөр нэг орчуулгад «биеэ зориулах» гэж бичжээ. Та Библийг хэр зэрэг сайн судалдаг вэ? «Бурхны гүн юмсыг» судлахад өөрийгөө бүрэн зориулдаг уу? (1 Кор. 2:10) Эсвэл судалсан болоод л өнгөрдөг үү? Уншиж судалсан зүйлдээ «санаа тавих» буюу цэгнэн боддог бол сүнслэгээр ахиж дэвших хүсэл төрнө (Сургаалт үгс 2:1–5-ыг уншина уу).

17, 18. а) Ямар чадвар хөгжүүлэх хэрэгтэй вэ? б) Тимотынх шиг сэтгэл гаргах нь Бурханд үйлчлэхэд ямар ач тустай вэ?

17 Мишээл гэдэг эхлэгч: «Би үр өгөөжтэй үйлчлэхийн тулд бие даан судлах байнгын хуваарь мөрддөг, цуглаанд тогтмол очдог. Үүнийхээ ачаар сүнслэгээр тасралтгүй өсөж байгаагаа мэдэрдэг» гэж туршлагаасаа хуваалцсан юм. Эхлэгчээр үйлчлэх нь дэлгэрүүлэх ажилд Библийг өргөн хэрэглэх чадварыг хөгжүүлж, сүнслэгээр өсөхөд тусалдаг. Библи болон ном хэвлэлийг анхааралтай уншиж, цуглаан дээр утга төгөлдөр хариу өгөхийг хичээж байгаарай. Бас Теократ үйлчлэлийн сургуулийн даалгаврынхаа сэдвийг сайн судалж, чанартай сайн биелүүлэн ахиц дэвшлээ харуулаарай.

18 «Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хийнэ» гэдэг нь үр өгөөжтэй дэлгэрүүлэн, бусдыг аврагдахад нь тусална гэсэн үг. Үүний тулд «заах урлагийг» эзэмших хэрэгтэй (2 Тим. 4:2, ШЕ). Туршлагатай хүнтэй хамт дэлгэрүүлбэл залуу Тимот Паулаас ихийг сурсан шиг та ч гэсэн ихийг сурна (1 Кор. 4:17). Паул сайн мэдээ дэлгэрүүлэн хүмүүсийг христиан болоход нь тусалсан төдийгүй тэдний төлөө бүр «амиа ч өгөхийг хүсэх» буюу байгаа бүхнээ зориулж байсан нь тэднийг үнэхээр дотнын хүмүүсээ гэж үзэж байсных аж (1 Тес. 2:8). Паулын энэ жишээг дуурайхын тулд бусдын төлөө үнэхээр санаа тавин, «сайн мэдээний төлөө үйлчилсэн» Тимотынх шиг сэтгэл гаргах хэрэгтэй (Филиппой 2:19–23-ыг уншина уу). Та Бурханд үйлчлэхдээ өөрийгөө золиослох сэтгэл гаргадаг уу?

Ахиж дэвшихийн баяр хөөр

19, 20. Сүнслэгээр ахиж дэвших нь ямар учраас баяр хөөр авчирдаг вэ?

19 Сүнслэгээр өсөхийн тулд зайлшгүй хичээж мэрийх шаардлагатай нь үнэн. Гэхдээ та тэвчээр гарган заах ур чадвараа хөгжүүлбэл, аажимдаа, «олон хүнийг [сүнслэгээр] баян болгож», тэд таны «өргөмжлөлийн титэм» болно (2 Кор. 6:10; 1 Тес. 2:19). Бүрэн цагаар үйлчилдэг Фред гэдэг христиан: «Одоо би бусдад туслахын тулд урьдынхаасаа илүү их цаг гаргадаг болсон. Тэгээд авахаасаа өгөх нь жаргалтай гэдгийн үнэнийг биеэрээ үзэж байна» гэж хэлжээ.

20 Залуу эхлэгч Дафни сүнслэгээр өсөхийн баяр хөөрийг мэдэрдэг тухайгаа: «Би Еховагийн тухай ихийг мэдээд улам дотно болсон юм. Еховаг чадлынхаа хэрээр баярлуулж байгаа гэж бодохлоор үнэхээр сайхан санагддаг» гэж хэлжээ. Сүнслэг ахиц дэвшлийг хүмүүс тэр бүр анзаарахгүй байж болох ч Ехова үргэлж хардаг бөгөөд өндөр үнэлдэг (Евр. 4:13). Христиан залуус та бүхэнд тэнгэрийн Эцэг Еховагаа магтан алдаршуулах хосгүй боломж байдаг юм шүү. Сүнслэгээр ахиж дэвшин Еховаг баярлуулж яваарай (Сур. 27:11).

[Зүүлт]

^ Зарим нэрийг өөрчлөв.

^ «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номын 2 дугаар дэвтрээс «Энэ хүн надад тохирох уу?» гэдэг хэсэг (англи); «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2001 оны 5 дугаар сарын 1-ний дугаараас «Амьдралын ханиа сонгоход Бурхны удирдлага» гэдэг өгүүлэл; «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 10-р бүлгийг тус тус үзнэ үү.

Давтах асуулт

• Сүнслэгээр ахиж дэвших гэж яахыг хэлэх вэ?

• Ахиж дэвшиж байгаагаа ...

бэрхшээл тулгарахад ...

гэр бүл болох бэлтгэлээ базаахдаа ...

Бурханд үйлчлэхдээ хэрхэн харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[15-р хуудасны зураг]

Бэрхшээлийг даван туулахад залбирал тусалдаг

[16-р хуудасны зураг]

Залуу дэлгэрүүлэгчид заах аргыг хэрхэн эзэмшиж болох вэ?