Skip to content

Гарчиг руу орох

Тэнгэр элчүүд бол «үйлчлэгч сүнснүүд» юм

Тэнгэр элчүүд бол «үйлчлэгч сүнснүүд» юм

Тэнгэр элчүүд бол «үйлчлэгч сүнснүүд» юм

«Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?» (ЕВР. 1:14).

1. Матай 18:10; Еврей 1:14-өөс ямар дүгнэлт хийж болох вэ?

 ЕСҮС Христ дагалдагчдыг нь хэн ч бүү бүдрүүлэг гэсэндээ: «Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцгийн нүүрийг байнга хардаг юм» гэж хэлжээ (Мат. 18:10). Үнэнч тэнгэр элчүүдийн талаар элч Паул: «Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?» хэмээн бичжээ (Евр. 1:14). Тэгэхлээр, Бурхан хүмүүст туслуулахаар тэнгэр элчүүдээ илгээдэг байх нь ээ. Ингэж бодохлоор сэтгэл уужирдаг. Библид тэнгэр элчүүдийн талаар юу гэж бичсэн байдаг вэ? Тэнгэр элчүүд бидэнд хэрхэн тусалдаг вэ? Тэднээс юу сурч болох вэ?

2, 3. Сүнсэн бүтээлүүд ямар үүрэг хүлээдэг вэ?

2 Бурхны «үгийг биелүүлдэг, хүч чадалтай» олон сая үнэнч сүнсэн бүтээл тэнгэрт байдаг (Дуу. 103:20; Илчлэлт 5:11-ийг уншина уу). Тэд Бурхны зан чанарыг дуурайдгийн зэрэгцээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бас сонгох эрх чөлөө эдэлдэг. Бурхны байгууллагад өндөр байр суурь эзэлдэг тэнгэр элчүүд нарийн зохион байгуулалттай бөгөөд тэргүүн тэнгэр элч нь Михаел (Есүсийн тэнгэрийн нэр) юм (Дан. 10:13; Иуда 9). «Бүх бүтээлийн Ууган» энэ тэнгэр элч бол «Үг» буюу Бурхны төлөөлөгч бөгөөд Ехова бусад бүх бүтээлийг түүгээр хийлгэсэн (Кол. 1:15–17; Иох. 1:1–3).

3 Тэргүүн тэнгэр элчийн дор байдаг серафууд Еховагийн ариун байдлыг тунхаглаж, ард түмнийг нь сүнслэгээр цэвэр ариун байхад тусалдаг. Бас Бурхны эрх мэдлийг дэмждэг херубууд гэж бий (Эх. 3:24; Ис. 6:1–3, 6, 7). Мөн Бурхны хүсэл тааллыг биелүүлэх тодорхой үүрэг хүлээдэг бусад тэнгэр элчүүд байдаг (Евр. 12:22, 23).

4. «Газар дэлхийн суурь тавигдахад» тэнгэр элчүүд яасан бэ? Хүмүүс сонгох эрх чөлөөгөө зөв эдэлсэн бол яах байсан бэ?

4 Тэнгэр элчүүд дор бүрнээ хүлээсэн үүргээ дуртайяа биелүүлэн, хүн төрөлхтний гэр болсон «газар дэлхийн суурь тавигдахад» баярлан хөөрч байжээ (Иов 38:4, 7). Ехова хүнийг «тэнгэр элчүүдээс арай дорд болгосон» ч «дүр төрхийнхөө дагуу» буюу зан чанарыг нь дуурайх чадвартайгаар бүтээсэн билээ (Евр. 2:7; Эх. 1:26). Адам Ева хоёр сонгох эрх чөлөөгөө зөв эдэлсэн бол үр хүүхдүүдийнхээ хамт диваажин дэлхийд амьдран, Еховагийн оюун ухаант бүтээлүүдийн өнөр өтгөн гэр бүлд багтах байв.

5, 6. Тэнгэрт ямар самуун явдал гарсан бэ? Бурхан ямар арга хэмжээ авсан бэ?

5 Бурхны тэнгэрийн гэр бүлд самуун гарсан нь үнэнч тэнгэр элчүүдийг хирдхийлгэсэн явдал байсан нь гарцаагүй. Нэгэн тэнгэр элч Еховаг магтан алдаршуулах үүргээ чамлан, Бурхан мэт шүтүүлэхийг хүсэх болжээ. Ийнхүү тэрбээр Еховагийн эрх мэдэлтэй холбоотой асуудлыг хөндөн, өөрөө эрх мэдэлтэй болох гэж улайран зүтгэж Сатан («Эсэргүүцэгч» гэсэн утгатай) болсон. Библид бичсэнээр, Сатан анхны хос Адам Ева хоёрыг хуурч, Бүтээгчийг эсэргүүцсэн самуун явдалдаа татан оруулжээ (Эх. 3:4, 5; Иох. 8:44).

6 Ехова Сатаны эсрэг яаралтай арга хэмжээ авч, «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» хэмээсэн нь Библид бичигдсэн анхны зөгнөл юм (Эх. 3:15). Тэгэхлээр, Бурхны «эмэгтэй» Сатан хоёрын хооронд дайсагнал бий болох ажээ. Ехова үнэнч сүнсэн бүтээлүүдээс бүрддэг тэнгэрийн байгууллагаа эхнэр шигээ үзэн, нөхрийн ёсоор ханддаг. Анхны зөгнөл чухам хэрхэн биелэх нь олон жил «нууц» байсан хэдий ч ирээдүйн найдварын үндэс болж байв. Бурхан тэнгэрийн байгууллагынхаа нэг гишүүнээр самуун дэгдээсэн бүх этгээдийг устгуулж, «тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмыг нэгтгүүлэх» зорилго тавьжээ (Ефес 1:8–10).

7. Ноагийн үед зарим тэнгэр элч яасан бэ? Ехова тэднийг яасан бэ?

7 Ноагийн үед зарим тэнгэр элч гаж хүсэлд автсаны улмаас тэнгэрийн «орон байраа орхин», хүн биетэй болон дэлхийд бууж иржээ (Иуда 6; Эх. 6:1–4). Ехова тэднийг түнэр харанхуйд хаясанд тэд Сатантай нэгдэн «муу сүнснүүд» болж, Бурхны үйлчлэгчдэд дайсагнах болжээ (Ефес 6:11–13, ШГ; 2 Петр 2:4).

Тэнгэр элчүүд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

8, 9. Ехова үйлчлэгчдэдээ туслахдаа тэнгэр элчээ хэрхэн ашигладаг вэ?

8 Эрт цагт тэнгэр элчүүд Абрахам, Иаков, Мосе, Иошуа, Исаиа, Даниел, Есүс, Петр, Иохан, Паул нарын хүмүүст үйлчилж байжээ. Үнэнч тэнгэр элчүүд Бурхны тушаалаар шийтгэх, зөгнөл дамжуулах, Мосегийн хууль гэх мэтийн Бурхны зааврыг мэдэгдэх зэргийн үүрэг гүйцэтгэдэг байв (Х.дэд 19:35; Дан. 10:5, 11, 14; Үйлс 7:53; Илч. 1:1). Гэхдээ өнөөдөр Бурхны Үг бүтнээрээ байгаа тул тэнгэр элчүүд тиймэрхүү үүрэг гүйцэтгэдэггүй байж болох юм (2 Тим. 3:16, 17). Гэлээ ч Бурхны хүсэл тааллыг биелүүлэх үйлсэд идэвхтэй оролцон, үйлчлэгчдийг нь дэмжсээр байдаг.

9 «ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг» гэж Библид байдаг (Дуу. 34:7; 91:11). Хүн соригдохлоороо Бурханд үнэнч байж чадахгүй гэж Сатан гүтгэсэн учир биднийг янз бүрээр сорихыг нь Ехова түүнд зөвшөөрсөн (Лук 21:16–19). Гэхдээ Ехова үйлчлэгчдийнхээ үнэнчээ батлан, давж чадах сорилтыг сайн мэддэг. Өөрөөр хэлбэл, сорилт хэзээнээс хэр чадлаас нь хэтрэхийг мэддэг (1 Коринт 10:13-ыг уншина уу). Тэнгэр элчүүд ч Бурхныг тушаавал үйлчлэгчдэд нь туслахад бэлэн байдаг. Тэд Шадрах, Мешах, Абед-него, Даниел, Петр нарын амийг аварч байсан ч Стефан, Иаков нарыг дайснаас авраагүй (Дан. 3:17, 18, 28; 6:22; Үйлс 7:59, 60; 12:1–3, 7, 11). Тэдэнд тохиолдсон явдал, тухайн үед хөндөгдсөн асуудал нь харилцан адилгүй байсныг Бурхан тухай бүрд нь авч үзэж байжээ. Нацист дэглэмийн үед ч бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан христиануудын зарим нь амь үрэгдсэн байхад ихэнх нь эсэн мэнд үлдсэн.

10. Бурхан бидэнд тэнгэр элчүүдээр туслуулахаас гадна өөр ямар аргаар тусалдаг вэ?

10 Хүн бүр өөрийг нь харж ханддаг тэнгэр элчтэй гэсэн сургаал Библид байдаггүй. Гэхдээ бид «хүслийнх нь дагуу юуг ч гуйсан, [Бурхан] биднийг сонсдог» гэдэгт бат итгэн залбирдаг (1 Иох. 5:14). Ехова бидэнд туслуулахаар тэнгэр элчээ явуулж болох ч заримдаа өөр аргаар тусалдаг. Тухайлбал, бидэнд туслуулах юм уу сэтгэлийг маань тайвшруулах зорилгоор итгэл нэгтнийг маань явуулж болох юм. Эсвэл «Сатаны элч» мэт нударгалах «махан биеийн ... өргөсөө» тэвчих мэргэн ухаан, сэтгэлийн тэнхээг Бурхан өөрөө өгч болох юм (2 Кор. 12:7–10; 1 Тес. 5:14).

Есүсийг дуурайгтун

11. Тэнгэр элчүүд Есүст хэрхэн тусалсан бэ? Есүс Бурханд үнэнч байснаараа юуг баталж, ямар үр дүнд хүрсэн бэ?

11 Есүсийн тухайд Ехова тэнгэр элчүүдээр ямар үүрэг гүйцэтгүүлснийг үзье. Тэнгэр элчүүд Есүсийг төрөхөд нь, дахин амилахад нь хүмүүст мэдэгдэж, бас Есүст үйлчилж байсан. Тэд Есүсийг дайсны гарт оруулалгүй, амийг нь аварч чадах байсан ч тэгээгүй. Гэхдээ нэг тэнгэр элч түүнийг зоригжуулахаар ирж байсан билээ (Мат. 28:5, 6; Лук 2:8–11; 22:43). Есүс Еховагийн санаа зорилгын дагуу амиа золиослон үхэхдээ төгс хүн туйлын хүнд сорилттой тулгарсан ч үнэнч байж чаддагийг батлан харуулсан. Тиймээс Ехова Есүсийг амилуулж, үхэшгүй мөнхийн амь, «бүх эрх мэдлийг» өгч тэнгэр элчүүдийг захируулсан (Мат. 28:18; Үйлс 2:32; 1 Петр 3:22). Ийнхүү Есүс Бурхны «эмэгтэйн үрийн» гол хэсэг болжээ (Эх. 3:15; Гал. 3:16).

12. Есүсийн ухаалаг байсныг хэрхэн дуурайж болох вэ?

12 Тэнгэр элчээр туслуулах гэж бодлогогүй алхам хийн Бурхныг сорих нь буруу гэдгийг Есүс мэддэг байв (Матай 4:5–7-г уншина уу). Тиймээс бүгдээрээ Есүсийг дуурайн шаардлагагүй үед эрсдэлтэй алхам хийлгүй, бас хавчлагаас хулчийхгүй «ухаалаг» амьдарцгаая (Тит 2:12).

Үнэнч тэнгэр элчүүдээс юу сурч болох вэ?

13. 2 Петр 2:9–11-д бичсэнээс үзвэл, үнэнч тэнгэр элчүүдээс юу сурч болох вэ?

13 Элч Петр Еховагийн тослогдсон үйлчлэгчдийг «доромжилдог» хүмүүсийн талаар бичихдээ үнэнч тэнгэр элчүүдийн үзүүлдэг сайн жишээг тэмдэглэжээ. Юу гэвэл, тэнгэр элчүүд хэдийгээр хүч чадлаар агуу боловч «Эзний өмнө» байдаг буюу Еховаг хүндэтгэдэг учир доромжлогчдыг ч Бурхны өмнөөс шүүдэггүй аж (2 Петр 2:9–11-ийг уншина уу). Тиймээс бүгдээрээ хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийг хүндэтгэн, шүүмжлэхгүй байж, аливаа хэрэг явдлыг Хамгийн дээд шүүгч Еховад даатгаж явцгаая (Ром 12:18, 19; Евр. 13:17).

14. Тэнгэр элчүүд Бурханд даруухнаар үйлчлэхийн үлгэр жишээг хэрхэн үзүүлдэг вэ?

14 Тэнгэр элчүүд бас Еховад даруухнаар үйлчлэн үлгэр жишээ үзүүлдэг. Зарим тэнгэр элч нэрээ ч хэлээгүй байдаг (Эх. 32:29; Шүү. 13:17, 18). Тэнгэрт олон сая сүнсэн бүтээл байдаг боловч Михаел Габриел хоёрын нэрийг л Библид бичсэн байдаг. Энэ нь тэнгэр элчүүдийг тахин шүтэхээс сэргийлэхэд тустай (Лук 1:26; Илч. 12:7). Элч Иохан нэгэн удаа тэнгэр элчид мөргөхийг завдтал тэнгэр элч: «Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь ... хамтран зүтгэгч боол билээ» гэж хэлсэн (Илч. 22:8, 9). Бид гагцхүү Бурхныг шүтэж, Бурханд залбирах учиртай (Матай 4:8–10-ыг уншина уу).

15. Тэнгэр элчүүд тэвчээртэй байхын жишээг хэрхэн үзүүлдэг вэ?

15 Тэнгэр элчүүд бас тэвчээрийн жишээ үзүүлдэг. Тэд Бурхны нууцыг шимтэн сонирхдог боловч бүгдийг нь мэддэггүй. Библид: «Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг» гэж байдаг (1 Петр 1:12). Тэд Бурхныг «олон янзын мэргэн ухаанаа» «чуулганаар [«хурлаар», ШЕ] дамжуулан» мэдэгдтэл нь тэвчээртэй хүлээдэг (Ефес 3:10, 11).

16. Бид яавал тэнгэр элчүүдэд үлгэр жишээ болох вэ?

16 Христиан хүн сорилттой тулгарахлаараа «тэнгэр элч нарт үзмэр болдог» (1 Кор. 4:9). Тэнгэр элчүүд үнэнч байгааг маань ажиглаад баярладаг, нүгэлтнийг гэмшихэд бүр ч их баяр хөөр болдог (Лук 15:10). Мөн Бурхны хэм хэмжээнд нийцүүлэн биеэ авч явдаг христиан эмэгтэйчүүдийг ажигладаг. «Тэнгэр элчүүдийн улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой» гэж Библид бичсэн байдаг (1 Кор. 11:3, 10). Тэнгэр элчүүд теократ журам болон тэргүүллийн зарчмыг баримталдаг христиан эмэгтэйчүүд төдийгүй Бурхны дэлхий дэх бусад үнэнч үйлчлэгчдээр бахархдаг. Тэдний дуулгавартай зангаас Бурхны тэнгэрийн хөвгүүд үлгэр жишээ авдаг.

Тэнгэр элчүүд дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй дэмждэг

17, 18. Тэнгэр элчүүд дэлгэрүүлэх ажлыг дэмждэг гэхийн учир юу вэ?

17 Тэнгэр элчүүд «Эзний өдөр» болж буй чухал үйл явдалд оролцдог. Тухайлбал, 1914 онд тэнгэрт Хаанчлал байгуулагдсаны дараа «Михаел болон түүний тэнгэр элч нар» Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс доош хаясан (Илч. 1:10; 11:15; 12:5–9). Элч Иохан «газар дээр суугчдад тунхаглах мөнхийн сайн мэдээ» бүхий нэгэн тэнгэр элчийг «тэнгэрийн дундуур ... нисэж явахыг» харжээ. Тэр тэнгэр элч: «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө» гэж тунхаглаж байв (Илч. 14:6, 7). Тиймээс Еховагийн үйлчлэгчид Диаволын харгис эсэргүүцэлтэй тулгардаг ч, тэнгэрт байгуулагдсан Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа тэнгэр элчүүдийн дэмжлэгтэйгээр хийдэг гэж итгэдэг (Илч. 12:13, 17).

18 Нэгдүгээр зууны христиан Филип нэгэн тэнгэр элчийн хэлснээр яваад Етиопын тайган амбантай тааралддаг. Өнөөдөр биднийг чин сэтгэлтэй хүмүүстэй уулзуулах гэж тэнгэр элчүүд бидэнтэй шууд ярьдаггүй (Үйлс 8:26–29). Гэхдээ тэд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг маань үл үзэгдэх байдлаар дэмжин, биднийг «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүс» рүү явуулдгийг батлах орчин үеийн жишээ баримт олон бий * (Үйлс 13:48, ШЕ). Тиймээс Бурхныг «сүнсээрээ, үнэнээр» шүтэхийг хүсдэг хүмүүсийг олоход хувь нэмэр оруулахын тулд дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь амин чухал юм (Иох. 4:23, 24).

19, 20. «Үеийн төгсгөлийн» үйл явдалд тэнгэр элчүүд ямар үүрэг гүйцэтгэх вэ?

19 Өнөө үе буюу Есүсийн хэлсэн «үеийн төгсгөлд» тэнгэр элчүүд «зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгах» ажээ (Мат. 13:37–43, 49). Тэнгэр элчүүд тослогдогсдыг эцэслэн цуглуулж, тамгалахад тодорхой үүрэг гүйцэтгэнэ (Матай 24:31-ийг уншина уу; Илч. 7:1–3). Бас Есүсийг «хонио ямаанаас тусгаарлахад» нь оролцоно (Мат. 25:31–33, 46).

20 «Эзэн Есүсийг хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэхэд» «Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй» бүх хүн устгагдана (2 Тес. 1:6–10). Энэ үйл явдлыг элч Иохан гайхамшгаар үзээд Есүс болон тэнгэр элчүүдийг цагаан зүсмийн морьд унан, зөв шударгаар дайтаж байгаагаар дүрсэлжээ (Илч. 19:11–14).

21. «Гартаа ёроолгүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэр элч» Сатан болон чөтгөрүүдийг яах вэ?

21 Түүнээс гадна, Иохан «гартаа ёроолгүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэр элч тэнгэрээс бууж ирэхийг» үзсэн. Энэ бол тэргүүн тэнгэр элч Михаел бөгөөд тэрбээр Диавол болон чөтгөрүүдийг хүлээд ёроолгүй гүнд хаяна. Тэд Христийн Мянган жилийн засаглалын эцэст ахархан хугацаанд суллагдаж, төгс болсон хүмүүсийг эцсийн удаа сорино. Дараа нь Сатан болон түүнтэй нэгдэн Бурхныг эсэргүүцсэн бүх этгээд устгагдана (Илч. 20:1–3, 7–10; 1 Иох. 3:8). Ийнхүү Бурхны эсрэг дэгдээсэн самуун бүрмөсөн дарагдана.

22. Тун удахгүй болох үйл явдалд тэнгэр элчүүд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Үүнийг бодохлоор ямар сэтгэгдэл төрж байна вэ?

22 Сатаны ёс бус тогтолцоо тун удахгүй бүрмөсөн устана. Тэнгэр элчүүд Еховаг эрх мэдлээ зөвтгөж, дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо биелүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Үнэнч тэнгэр элчүүд бол «авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд» үнэхээр мөн. Хүсэл тааллыг нь биелүүлэхэд, мөнхийн амьтай болоход маань тусалдаг тэнгэр элчүүдээ илгээдэгт нь Ехова Бурханд талархаад баршгүй!

[Зүүлт]

^ «Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» номын 549–551-р хуудсыг үзнэ үү (англи).

Хариулна уу

• Сүнсэн бүтээлүүд ямар зохион байгуулалттай вэ?

• Зарим тэнгэр элч Ноагийн үед яасан бэ?

• Бурхан үйлчлэгчдэдээ туслахдаа тэнгэр элчүүдийг хэрхэн ашигладаг вэ?

• Үнэнч тэнгэр элчүүд орчин үед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны зураг]

Тэнгэр элчүүд Бурхны хүсэл тааллыг баяр хөөртэй биелүүлдэг

[23-р хуудасны зураг]

Тэнгэр элчүүд Бурхны тушаалаар үйлчлэгчдэд нь тусалдгийг Даниелд тохиолдсон явдал харуулдаг

[24-р хуудасны зураг]

Тэнгэр элчүүд Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажлыг дэмждэг учир эр зоригтой дэлгэрүүлцгээе!

[Зураг эзэмшигч]

Globe: NASA photo