Итгэмжит нярав ба түүний төлөөлөгч Удирдах Зөвлөл
Итгэмжит нярав ба түүний төлөөлөгч Удирдах Зөвлөл
«Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?» (ЛУК 12:42).
1, 2. Есүс эцсийн өдрүүдийн шинж тэмдгийг хэлэхдээ ямар чухал асуулт хөндсөн бэ?
ЕСҮС эцсийн өдрүүдийн шинж тэмдгийг хэлэхдээ «Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит, ухаалаг боол нь хэн бэ?» гэсэн асуулт хөнджээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ боол итгэмжит байсныхаа төлөө шагнал хүртэж, эзнийхээ хамаг эзэмшил хөрөнгийг хариуцна гэжээ (Мат. 24:45–47).
2 Есүс үүнээс хэдэн сарын өмнө буюу Майхан баярын үеэр дээрхтэй төстэй нэгэн асуулт асуусан байдаг (Лук 12:42–44-ийг уншина уу). Тэгэхдээ боолыг «нярав» гэжээ. «Нярав» гэдэг нь гэрийн аж ахуй юм уу зарц нарыг хариуцсан даамал юм. Гэхдээ нярав ч гэсэн бас л зарц. Тэгвэл боол буюу нярав гэж хэн бэ? «Цагт нь хоол ундыг» яаж өгдөг вэ? Сүнслэг хоол өгөхдөө Еховагийн ашигладаг сувгийг хүлээн зөвшөөрөх нь бид бүгдэд амин чухал юм.
3. а) Шашин судлаачид Есүсийн хэлсэн «боолыг» хэн гэж үздэг вэ? б) «Нярав» буюу «боол» гэж хэнийг хэлдэг вэ? Есүс «зарц нар» гэж хэлэхдээ юуг онцолсон бэ?
3 Есүсийн хэлсэн боол гэдэг нь өөрсдийгөө христиан гэж үздэг хүмүүсийн дунд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс юм гэж христ шашин судлаачид тайлбарладаг. Гэхдээ жишээнд гардаг «эзэн» буюу Есүс, христ шашны янз бүрийн урсгалд олон боол байна гээгүй. Харин ч «нярав» буюу «боол» ганц л байх бөгөөд түүнд бүх хөрөнгөө хариуцуулна хэмээсэн. «Харуулын цамхаг» сэтгүүлд өмнө нь тайлбарлаж байснаар «нярав» гэдгээр тослогдсон христиануудаас бүрддэг «өчүүхэн сүргийг» нийтэд нь хэлдэг. Есүс «өчүүхэн сүргийн» талаар ярихдаа няравын тухай хэлснийг «Лук» номын хам сэдвээс мэдэж болно (Лук 12:32). Харин «зарц нар» гэж хэлэхдээ тослогдсон христиануудын хувь хүний үүргийг онцлон тэмдэглэжээ. Эндээс, «Боолын ангийн гишүүн бүр сүнслэг хоолыг цагт нь өгөх ажилд оролцдог уу?» гэсэн сонирхолтой асуулт урган гарч байна. Судрыг нягтлан судалбал энэ асуултын хариу олдоно.
Еховагийн эрт цагийн үйлчлэгч
4. Ехова эртний израиль үндэстний талаар юу хэлсэн бэ? Юуг анхаарах хэрэгтэй вэ?
4 Ехова өөрийн ард түмэн буюу эртний израиль үндэстнийг нийтэд нь үйлчлэгч хэмээжээ. Ехова: «Та нар бол миний гэрчүүд ... миний сонгож авсан миний үйлчлэгч» гэж хэлсэн нь Библид байдаг (Исаиа 43:10, ШЕ). Бурхан израильчуудыг «гэрчүүд» гэж хэлэхдээ олон тоон дээр, харин «үйлчлэгч» гэхдээ ганц тоон дээр хэлснийг тэмдэглүүштэй. Энэ «үйлчлэгчийн» ангид бүх израиль хүн багтаж байв. Гэхдээ тахилчид болон тахилч бус левичүүд л ард олонд Бурхны хуулийг заах үүрэгтэй байсныг анхаарах хэрэгтэй (Ш.дэд 35:3; Мал. 2:7).
5. Есүсийн хэлснээр, ямар том өөрчлөлт гарах байсан бэ?
5 Тэгвэл израиль үндэстэн Есүсийн хэлсэн тэр боол мөн байсан уу? Биш байсан. Есүс тухайн үеийнхээ иудейчүүдэд: «Бурхны хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» гэсэн нь үүнийг харуулдаг (Мат. 21:43). Тэгэхлээр, өөрчлөлт гарах ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Ехова шинэ үндэстнийг сонгон авах аж. Гэхдээ Есүсийн хэлсэн жишээнд гардаг боол эртний израиль үндэстний адилаар «үйлчлэгчийн» үүрэг гүйцэтгэн Бурхны хууль тушаалыг хүмүүст заах ажээ.
Итгэмжит боол бий болсон нь
6. МЭ 33 оны Пентекостын өдөр ямар шинэ үндэстэн бий болсон бэ? Энэ үндэстний бүрэлдэхүүнд хэн багтдаг вэ?
6 Тэр шинэ үндэстэн буюу «Бурхны Израиль» сүнслэг израильчуудаас бүрддэг (Гал. 6:16; Ром 2:28, 29; 9:6). МЭ 33 оны Пентекостын өдөр Бурхны сүнс асгарахад энэ үндэстэн бий болсон бөгөөд сүнсээр тослогдсон христианууд бүгдээрээ тэр үндэстэнд багтах болов. Энэ үндэстэн Эзэн буюу Есүс Христийн томилсон боолын ангийн үүргийг гүйцэтгэх болсон. Тэд бүгдээрээ сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх тушаал авчээ (Мат. 28:19, 20). Тэгвэл боолын ангийн гишүүн бүр сүнслэг хоолыг цагт нь өгөх ажилд оролцох ёстой байсан уу? Судар энэ асуултад ямар хариу өгдгийг үзье.
7. Элч нарын үндсэн үүрэг юу байсан бэ? Хожим нь ямар үүрэг хүлээдэг болсон бэ?
7 Есүсийн томилолтоор илгээгдсэн 12 элчийн гол үүрэг нь сайн мэдээ дэлгэрүүлэх явдал байв (Марк 3:13–15-ыг уншина уу). Сонирхолтой нь, «элч» гэж орчуулсан «апостолос» гэдэг грек үг нь «илгээх» гэсэн утгатай үйл үгнээс үүсдэг ажээ. Тэгэхлээр, тэдний үүрэг элч гэдэг нэртэй нь тохирдог байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, христиан хурал үүсэн бий болохын хамтаар элч нар бас «харгалзах үүрэг» (ШЕ) хүлээх болжээ (Үйлс 1:20–26).
8, 9. а) 12 элч юунд гол анхаарлаа хандуулж байсан бэ? б) Өөр ямар хүмүүс хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг болсон бэ?
8 12 элч гол анхаарлаа юунд хандуулж байсан бэ? Пентекостын өдрийн дараа болсон нэг явдлаас үүнийг мэдэж авцгаая. Тэр үед бэлэвсэн эмэгтэйчүүдэд олгодог өдөр тутмын хүнсний асуудлаар гомдол гарахад 12 элч шавь нарыг цуглуулж, «Ширээнд үйлчлэхийн тулд Бурхны үгэнд хайнга хандах нь бидэнд хүсүүштэй зүйл биш юм» гэжээ (Үйлс 6:1–6-г уншина уу). Тэгээд элч нар өөр төлөвшсөн христиан эрчүүдийг томилж, «энэхүү үүргийг» хариуцуулаад харин өөрсдөө «үгийн үйлчлэлд» илүүтэй анхаарчээ. Ехова ч энэ арга хэмжээг ивээсэн тул «Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан» (Үйлс 6:7). Тэгэхлээр, сүнслэг хоолоор хангах ажил элч нарын гол үүрэг байжээ (Үйлс 2:42).
9 Хожим нь, бусад хүмүүс ч хариуцлагатай үүрэг хүлээдэг болсон. Антиох хурал ариун сүнсний заавраар Паул Барнаб хоёрыг миссионерээр илгээжээ. Тэд анхны 12 элчийн тоонд багтдаггүй боловч элч гэгддэг болсон (Үйлс 13:1–3; 14:14). Иерусалим дахь удирдах зөвлөл тэдний элчээр томилогдсоныг хүлээн зөвшөөрчээ (Гал. 2:7–10). Үүнээс хойш удалгүй Паул сүнслэг хоол түгээх ажилд оролцох болж, ариун сүнсний удирдлагаар анхны захидлаа бичсэн түүхтэй.
10. Нэгдүгээр зууны үеийн тослогдсон христианууд бүгдээрээ сүнслэг хоол бэлдэх ажилд оролцдог байсан уу? Тайлбарлана уу.
10 Тэгвэл дэлгэрүүлэх ажлыг харгалзах, сүнслэг хоол бэлдэх ажилд сүнсээр тослогдсон христианууд бүгдээрээ оролцдог байсан уу? Үгүй ээ. Элч Паул: «Бүгд элч нар гэж үү? Бүгд эш үзүүлэгчид гэж үү? Бүгд багш нар гэж үү? Бүгд гайхамшгийг үйлдэгчид гэж үү?» гэж бичсэн байдаг (1 Кор. 12:29). Сүнсээр төрсөн христианууд бүгдээрээ сайн мэдээ дэлгэрүүлдэг байсан боловч тун цөөн тооны буюу ердөө найман хүн Христиан Грек Судрын 27 номыг ариун сүнсний удирдлагаар бичсэн.
Орчин үеийн итгэмжит боол
11. Боол ямар «хөрөнгө» хариуцахаар томилогдсон бэ?
11 Матай 24:45-д бичсэн Есүсийн үгийг үзэхэд төгсгөлийн цаг үед ч итгэмжит ухаалаг боолын анги дэлхийд байх нь тодорхой байна. Илчлэлт 12:17-д тэднийг эмэгтэйн үрийн «үлдэгдэл» (ШЕ) хэмээжээ. Энэ үлдэгдэл нь нийтээрээ Христийн дэлхий дэх бүх хөрөнгийг хариуцахаар томилогджээ. Итгэмжит няравын хариуцдаг, Эзний дэлхий дэх «хөрөнгөнд» Хаанчлалын дэлхий дэх харьяат албатууд, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд чухал үүрэгтэй барилга байгууламж ордог.
12, 13. Христиан хүн тэнгэрлэг дуудлагатай гэдгээ яаж мэддэг вэ?
12 Христиан хүн тэнгэрт амьдрах найдвартай, сүнслэг Израилийн гишүүн мөн гэдгээ яаж мэддэг вэ? Энэ асуултын хариуг элч Паулын үгнээс олж болно. Тэрбээр өөртэй нь адил тэнгэрийн найдвартай хүмүүст: «Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид „Аав! Эцэг минь!“ гэж дууддаг. Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурхны өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм» хэмээн бичжээ (Ром 8:14–17).
13 Товчхон хэлбэл, тийм хүмүүс Бурхны ариун сүнсээр тослогдож, «тэнгэрлэг дуудлага» буюу урилга авдаг (Евр. 3:1). Энэ урилгыг Бурхан өөрөө өгдөг. Тэд ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, айдас хүйдэсгүйгээр Бурхны хөвгүүд болох урилгыг шууд хүлээн авдаг (1 Иохан 2:20, 21-ийг уншина уу). Тэгэхлээр, тослогдсон христианууд тэнгэрт амьдрах найдварыг өөрсдөө сонгодоггүй, харин Ехова тэднийг тамгалдаг буюу тэдэнд ариун сүнсээ өгдөг (2 Кор. 1:21, 22; 1 Петр 1:3, 4).
Зөв хандах нь
14. Тослогдогсод тэнгэрлэг дуудлагыг хэрхэн үздэг вэ?
14 Тэнгэрийн шагнал авна гэж найддаг тослогдсон христианууд өөрсдийгөө хэрхэн үзэх нь зүйтэй вэ? Авсан урилга нь хэдий гайхамшигтай боловч, эцсийн эцэст, урилга гэдгийг тэд ухамсарладаг. Тослогдогсод шагналаа авахын тулд үхэн үхтэлээ үнэнч байх ёстой. Бас «Ах дүү нар аа, би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс рүүгээ зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа руу урагшилдаг» гэж хэлсэн Паул шиг даруу байх хэрэгтэй (Флп. 3:13, 14). Тослогдсон үлдэгдэл «дуудагдсан тэрхүү дуудлагадаа» «аливаа төлөв даруу байдлаар», «айдас ба чичрэлээр» «зүй зохистой явахыг» хамаг чадлаараа хичээх учиртай (Ефес 4:1, 2; Флп. 2:12; 1 Тес. 2:12).
15. Дурсах цуглаан дээр бэлгэдлийн идээнээс хүртдэг христианд бусад нь хэрхэн хандах вэ? Тослогдогсод ямар үзэл бодолтой байдаг вэ?
15 Христиан хүн өөрийгөө тослогдсон гэж үзээд, Дурсах цуглаан дээр бэлгэдлийн идээнээс хүртдэг болбол бусад нь яах нь зүйтэй вэ? Хэн ч тэр хүнийг шүүх ёсгүй. Энэ нь тухайн христиан болон Ехова Бурхан хоёрын хэрэг юм (Ром 14:12). Нөгөөтэйгүүр, христиан хүн үнэхээр тослогдсон бол бусдаас онцгой анхаарал шаарддаггүй. Тослогдсон хүн өөрийгөө «үй олон хүний» бүлэгт багтдаг туршлагатай христиануудаас илүүгээр сүнслэг зүйлийг ойлгодог гэж боддоггүй (Илч. 7:9). Бас хамтран зүтгэгч «өөр хонинуудаасаа» илүү их ариун сүнс авдаг гэж үздэггүй (Иох. 10:16, ШГ). Түүнээс гадна өөрт нь онцгой хүндэтгэл үзүүлэхийг итгэл нэгтнүүдээсээ шаарддаггүй бөгөөд бэлгэдлийн идээнээс хүртэх эрх эдэлдэг нь томилогдсон ахлагчдаас илүү эрхтэй гэсэн үг гэж үздэггүй.
16-18. а) Библийн шинэ ойлголтыг тослогдсон христианууд бүгдээрээ хэлэлцдэг үү? Жишээгээр тайлбарлана уу. б) Ямар учраас Удирдах Зөвлөл бүх тослогдсон христиантай зөвлөлдөх шаардлагагүй вэ?
16 Дэлхийд байгаа тослогдсон христианууд бүгдээрээ Библийн шинэ ойлголтыг бие биетэйгээ хэлэлцэж ярилцдаг уу? Үгүй ээ. Христийн тослогдсон дагалдагчдыг сүнслэг хоолоор хангах ажлыг боолын анги бүхэлдээ хариуцдаг боловч боолын ангийн гишүүн бүр тийм үүрэг хүлээдэггүй (1 Коринт 12:14–18-ыг уншина уу). Дээр тэмдэглэснээр, І зууны христианууд бүгдээрээ дэлгэрүүлэх ажилд оролцдог байсан ч тэднээс тун цөөн тооны хүн Библийн номуудыг бичих болон христиан хурлыг харгалзах үүрэг хүлээдэг байв.
17 Үүнийг ойлгохын тулд жишээ татъя. Библид заримдаа «чуулган» буюу хурлыг эрхзүйн ямар нэг асуудлыг шийдсэн мэтээр бичсэн байдаг (Мат. 18:17). Гэхдээ үнэндээ хурлыг төлөөлдөг ахлагчид л ийм шийдвэр гаргадаг. Ахлагчид шийдвэр гаргахаасаа өмнө хурлын бүх гишүүнээс санал асуудаггүй. Тэд Бурхны оноосон эрх үүргийн хүрээнд хурлын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг.
18 Үүнтэй адилаар, өнөөдөр боолын ангийг цөөн тооны тослогдсон христиан төлөөлдөг. Тэд Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийг бүрдүүлдэг. Сүнсээр тослогдсон энэ эрчүүд Хаанчлалын үйл хэрэг, сүнслэг хоол бэлдэх ажлыг харгалздаг. Нэгдүгээр зууны удирдах зөвлөлийн адилаар орчин үеийн Удирдах Зөвлөл шийдвэр гаргахаасаа өмнө боолын ангийн бүх гишүүнтэй зөвшилцдөггүй (Үйлс 16:4, 5-ыг уншина уу). Гэхдээ тослогдсон христианууд бүгдээрээ өнөөдөр явагдаж байгаа ургацын чухал ажилд гар бие оролцдог. Тослогдсон христианууд нийтдээ «итгэмжит ухаалаг боол» мөн боловч дор бүрнээ өөр өөр үүрэг хүлээдэг (1 Кор. 12:19–26).
19, 20. Үй олон хүн «итгэмжит ухаалаг боол» болон түүний төлөөлөгч Удирдах Зөвлөлд хэрхэн хандах нь зүйтэй вэ?
19 Энэ бүхнийг бодож үзээд дэлхийд мөнх амьдрах найдвартай, улам бүр өсөн нэмэгдэж буй үй олон хүн яах нь зүйтэй вэ? Хааны хөрөнгийн нэгээхэн хэсэг болох үй олон хүн «итгэмжит ухаалаг боолыг» төлөөлдөг Удирдах Зөвлөлийн бүх арга хэмжээг дэмжиж, хамтран ажилладаг. Мөн Удирдах Зөвлөлийн бэлддэг сүнслэг хоол ундыг өндөр үнэлдэг. Тэд боолын ангийг хүндэтгэдэг боловч боолын ангид багтдаг гэх хэнийг ч бусдаас дээгүүр тавьдаггүй. Бурхны ариун сүнсээр үнэхээр тослогдсон христиан хүн өөрийгөө хүндэтгүүлэх гэж бусдыг шахаж шаарддаггүй (Үйлс 10:25, 26; 14:14, 15).
20 Тослогдсон үлдэгдлийн нэг буюу «зарц» ч бай, үй олон хүний нэг ч бай, бүгдээрээ итгэмжит нярав болон түүний төлөөлөгч Удирдах Зөвлөлтэй бүрэн дүүрэн хамтран ажиллахыг эргэлт буцалтгүй шийдэцгээе. Дор бүрнээ «сонор сэргэг байж», төгсгөл хүртэл үнэнч байцгаая (Мат. 24:13, 42).
Санаж байна уу?
• «Итгэмжит ухаалаг боол» гэж хэн бэ? «Зарц нар» гэдгээр юуг онцолдог вэ?
• Христиан хүн тэнгэрлэг дуудлагатайгаа яаж мэддэг вэ?
• Сүнслэг хоол бэлдэх ажил хэний гол үүрэг вэ?
• Тослогдсон христиан өөрийгөө хэрхэн үзэх нь зүйтэй вэ?
[Догол мөрийн асуулт]
[23-р хуудасны зураг]
Орчин үеийн Удирдах Зөвлөл итгэмжит ухаалаг боолын ангийг төлөөлдөг. Нэгдүгээр зуунд ч тийм байсан