Skip to content

Гарчиг руу орох

Есүсийг дуурайн зоригтой дэлгэрүүлэгтүн

Есүсийг дуурайн зоригтой дэлгэрүүлэгтүн

Есүсийг дуурайн зоригтой дэлгэрүүлэгтүн

«Сайн мэдээг та нарт ярих зориг ... бидэнд байсан юм» (1 ТЕС. 2:2).

1. Хаанчлалын тухай сайн мэдээ яагаад сэтгэл татдаг вэ?

 САЙН мэдээ сонсоход үнэхээр таатай байдаг. Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ бол хамгийн сайн нь билээ. Энэхүү сайн мэдээ бидэнд зовлон зүдүүр, өвчин эмгэг, уйтгар гуниг, үхэл хагацал үгүй болно гэсэн итгэл найдвар төрүүлдэг. Бас мөнхийн аминд хүрэх үүдийг нээж, Бурхны санаа зорилгыг ойлгуулж, Бурхантай дотно харьцаа тогтоох замыг зааж өгдөг. Ийм болохлоор, Есүсийн хүн төрөлхтөнд хүргэсэн энэхүү сайн мэдээг хэн хүнгүй дуртайяа сонсоно доо гэж бодогддог. Гэвч тэгдэггүй нь үнэхээр харамсалтай.

2. Есүс хүмүүсийг бие биеийнх нь «эсрэг болгохоор ирсэн» гэдгийг юу гэж ойлгох вэ?

2 Есүс: «Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг нь хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно» гэж шавь нартаа хэлсэн байдаг (Мат. 10:34–36). Үнэхээр ч ихэнх хүн сайн мэдээг хүлээн авдаггүй, харин ч дургүйцдэг. Зарим нь сайн мэдээ тунхагладаг хүнд, бүр ойр дотнынхондоо ч дайсагнан хандах нь бий.

3. Сайн мэдээ дэлгэрүүлэх тушаалыг биелүүлэхэд юу хэрэгтэй вэ?

3 Бид Есүсийн тунхагласан үнэнийг тунхагладаг бөгөөд бидний хүргэдэг мэдээнд хүмүүс эрт цагийн хүмүүстэй адил ханддаг. Энэ нь гайхаж хачирхмаар хэрэг биш ээ. Учир нь Есүс шавь нартаа: «Боол эзнээсээ илүү агуу биш ... Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» гэж хэлснийг бид мэддэг (Иох. 15:20). Олон улс оронд биднийг шууд хавчдаггүй боловч дургүйцдэг, үл тоомсорлодог хүн цөөнгүй байдаг. Тиймээс сайн мэдээг эр зоригтой дэлгэрүүлэхийн тулд тууштай бөгөөд бат итгэлтэй байх хэрэгтэй (2 Петр 1:5–8-ыг уншина уу).

4. Паулыг дэлгэрүүлэхэд эр зориг хэрэгтэй байсны учир юу вэ?

4 Заримдаа та дэлгэрүүлэх ажилд оролцохоос эсвэл дэлгэрүүлэх ажлын зарим хэлбэрээс халширдаг байж болох юм. Гэхдээ ганцхан танд тэгж санагддаг юм биш ээ. Элч Паул үнэнийг нарийн сайн мэддэг, эр зоригтой дэлгэрүүлдэг байсныг бид мэддэг. Гэхдээ Паулд хүртэл дэлгэрүүлэхэд амаргүй үе гардаг байжээ. Тэрбээр Тесалоникийн христиануудад: «Та нарын мэдэж байгаачлан биднийг Филиппойд хэдийнээ зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурханы минь дотор бидэнд байсан юм» хэмээн бичсэн байдаг (1 Тес. 2:2). Филиппой хотын захирагчид Паул Силас хоёрыг саваагаар жанчиж, шоронд хийгээд хөлийг нь дөнгөлөхийг тушаажээ (Үйлс 16:16–24). Тэглээ ч Паул Силас хоёрт дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэх зориг оржээ. Тэгвэл бид бас яавал зоригтой болох вэ? Энэ асуултад хариулахын тулд Бурхны эртний үйлчлэгчид Еховагийн тухай үнэнийг юуны ачаар эр зоригтой тунхаглаж байсныг авч үзээд, тэдний жишээг хэрхэн дуурайж болохыг мэдэж авцгаая.

Дайсагналыг давахад эр зориг хэрэгтэй байсан нь

5. Еховад үнэнч хүмүүсийн хувьд эр зориг ямар учраас хэрэгтэй байсан бэ?

5 Эр зоригийн хамгийн сайн жишээг Есүс Христ үлдээсэн билээ. Гэхдээ хүн төрөлхтний түүхийн эхнээс л Еховад үнэнч хүмүүс зоригтой байх хэрэгтэй байжээ. Яагаад Бурхны үйлчлэгчдэд эр зориг хэрэгтэй байдаг вэ? Еденд самуун дэгдсэний дараа Ехова өөрийнх нь үйлчлэгчид болон Сатаны үйлчлэгчдийн хооронд дайсагнал бий болохыг зөгнөсөн (Эх. 3:15). Үүнээс хойш удалгүй Бурханд үнэнч Абел ахынхаа гарт хөнөөгдсөн нь тийм дайсагнал үнэхээр байдгийг тодорхой харуулсан. Усан галаваас өмнө амьдарч байсан Бурхны үнэнч үйлчлэгч Енох ч бас тийм дайсагналыг өөрийн биеэр үзсэн юм. Тэрбээр Бурхныг мянга мянган ариун нэгэнтэйгээ ирж, бурханлаг бусчуудыг шүүнэ хэмээн зөгнөж байв (Иуда 14, 15). Энэ мэдээ тэр үеийн хүмүүст таатай санагдаагүй нь ойлгомжтой. Тэд түүнийг үзэн яддаг учир алахаас ч буцахгүй байсан бололтой. Тиймээс Бурхан өөрөө Енохыг «авч явсан». Энэ бүхнийг бодож үзвэл, Енох үнэхээр эр зоригтой хүн байжээ (Эх. 5:21–24).

6. Фараонтай ярилцахад нь Мосед эр зориг хэрэгтэй байсны учир юу вэ?

6 Фараонтай уулзаж ярилцах даалгавар авсан Мосе хэр зэрэг зоригтой байх ёстой байсныг бодож үзье. Египетчүүдийн боддогоор, фараон бурхдын төлөөлөгч төдийгүй бүр нарны бурхан Рагийн хүү ажээ. Мосегийн уулзсан фараон бусад фараоны адилаар өөрийнхөө хөргийг шүтдэг байсан байж болох юм. Фараоны үг хууль байлаа. Хүссэнээрээ шийдвэр гаргадаг, эрх мэдэлтэй, ихэмсэг бардам, зөрүүд гөжүүд тэрбээр юу хийхээ хэнээр ч заалгадаггүй байжээ. Гэтэл ийм хүний өмнө жирийн нэг хоньчин Мосе урилга заллагагүйгээр дахин дахин очоод, гамшиг болно гэж зөгнөж, түүгээр зогсохгүй, хэдэн сая боолоо чөлөөлж явуулах хүсэлт гаргасан гээд бод доо. Мосед эр зориг хэрэгтэй байсан нь гарцаагүй (Тоо. 12:3; Евр. 11:27).

7, 8. а) Эртний үнэнч үйлчлэгчдэд ямар сорилт тулгарч байсан бэ? б) Эртний үйлчлэгчид юуны ачаар эр зоригтой байж, цэвэр шүтлэгийг дэмжиж, түгээн дэлгэрүүлж чадсан бэ?

7 Түүнээс хойш ч Еховагийн үнэнч зөнчид болон бусад үйлчлэгчид жинхэнэ шүтлэгийн төлөө эр зориг гаргаж байсан. Сатаны ертөнц тэдэнд харгис ханддаг байв. «Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ» гэж Паул бичжээ (Евр. 11:37). Тэд юуны ачаар тууштай байж чадсан юм бол? Паулын үгийн хам сэдвийг үзвэл Абел Абрахам Сара нар юуны ачаар тэвчиж чадсаныг мэдэж болно. Тэрбээр: «Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй [«биелэхийг үзээгүй», ШЕ], харин холоос тэдгээрийг харж, мэндчилж» байсан хэмээсэн (Евр. 11:13). Жинхэнэ шүтлэгийн төлөө эр зоригтой явж байсан Елиа Иеремиа нарын зөнчид болон эртний бусад үнэнч үйлчлэгчид ч Еховагийн амлалт биелнэ гэдэгт итгэдэгтээ тэвчиж чаджээ (Тит 1:2).

8 Тэд сайхан ирээдүйг хардаг байсан. Тэд амилахлаараа Тэргүүн тахилч Христ Есүс болон түүний удирдлага дор байдаг 144 000 тахилчийн тусламжтайгаар аажмаар төгс болж, «ялзралын боолчлолоос чөлөөлөгдөнө» (Ром 8:21). Түүнээс гадна, Ехова Иеремиаг тайвшруулан: «Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй» гэж амласан нь Иеремиад ч, бусад үнэнч үйлчлэгчид ч эр зориг өгч байсан (Иер. 1:19). Бид ч гэсэн сайхан ирээдүй болон сүнслэг хамгаалалтын талаарх Бурхны амлалтыг эргэцүүлэн бодохлоороо зоригждог (Сур. 2:7; 2 Коринт 4:17, 18-ыг уншина уу).

Есүс хайрандаа хөтлөгдөн эр зоригтой дэлгэрүүлсэн

9, 10. Есүс а) шашны удирдагчдын, б) цэргүүдийн, в) тэргүүн тахилчийн, г) Пилатын өмнө хэрхэн зоригтой байсан бэ?

9 Есүс эр зоригтой байхын олон талын жишээг бидэнд үлдээсэн. Тухайлбал, тэрбээр эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс өөрийг нь үзэн яддагийг мэдэж байсан ч Бурхны тушаалаар хүмүүст хүргэх ёстой мэдээгээ тэдний таалалд нийцүүлэхийг оролдоогүй юм. Тэрбээр өөрсдийгөө зөвтгөх дуртай, хуурамч сургаал заадаг шашны удирдагчдын үнэн дүр төрхийг айж хулчийхгүйгээр илчлэн, тэднийг шулуухан зэмлэн буруушаасан. Нэгэн удаа Есүс: «Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт хүмүүс мэт харагдавч, дотроо хоёр нүүрт зан болон хууль бус явдлаар дүүрэн аж» гэж хэлсэн (Мат. 23:27, 28).

10 Есүс өөрийг нь баривчлахаар Гетсеманийн цэцэрлэгт ирсэн цэргүүдэд өөрийгөө зоригтой илчилсэн (Иох. 18:3–8). Түүнийг Дээд шүүхэд авчрахад тэргүүн тахилч байцаажээ. Тэргүүн тахилч өөрийг нь алах шалтаг хайж байгааг мэдэж байсан ч тэрбээр Христ, Бурхны Хүү мөн гэдгээ эр зоригтойгоор мэдэгдсэн. Бас Бурхны «баруун гарт сууж, тэнгэрийн үүлсийн дунд ирэхийг» нь харахыг нь ч хэлдэг (Марк 14:53, 57–65). Дараа нь Есүсийг уяа хүлэгтэй нь Пилатад хүргэжээ. Пилат өөрийг нь суллах эрх мэдэлтэй байсан ч Есүс хилсээр буруутгагдсанаа хэлээгүй (Марк 15:1–5). Ямар их зоригтой байж вэ!

11. Эр зориг хайр хоёр ямар холбоотой вэ?

11 Гэхдээ Есүс Пилатад: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» гэж хэлсэн (Иох. 18:37). Ехова Есүст сайн мэдээг дэлгэрүүлэхийг тушаасан бөгөөд Есүс ч энэ тушаалыг дуртайяа биелүүлсэн нь тэнгэрийн Эцэгтээ хайртайнх байв (Лук 4:18, 19). Бас хүмүүсийг хайрладаг, амьдрал ахуй нь хэчнээн хүнд байгааг ойлгодог байсан. Бид ч бас Бурхныг болон бусдыг хайрладаг бол эр зоригтой дэлгэрүүлж чадна (Мат. 22:36–40).

Эр зоригтой дэлгэрүүлэх хүчийг ариун сүнс өгдөг

12. Эртний шавь нарыг баярлуулсан ямар үйл явдал болсон бэ?

12 Есүсийг нас барснаас хойш хэдэн долоо хоногийн дараа олон хүн Еховагийн тусламжтайгаар Есүсийн дагалдагч болсонд шавь нар их баярласан. Иерусалимд Пентекостын баяр тэмдэглэж байсан иудей болон бусад үндэстний 3 000 хүн ганцхан өдрийн дотор баптисм хүртжээ. Энэ явдлын талаар Иерусалимд байсан бүхэн шуугьж байсан биз ээ. Библид: «Хүн бүрд айдас байлаа. Элч нар ... олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв» гэж бичжээ (Үйлс 2:41, 43).

13. Христианууд ямар учраас эр зориг гуйж залбирсан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

13 Харин шашны удирдагчид уурлан хилэгнэж, Петр Иохан хоёрыг баривчлан, нэг шөнө хориод, Есүсийн тухай ярихгүй байхыг тушаажээ. Тэд суллагдмагцаа итгэл нэгтнүүдтэйгээ уулзан, болсон бүх явдлыг ярьж, бүгдээрээ хамтдаа Еховад залбирч, эсэргүүцэлтэй тулгарч байгаагаа хэлээд, «Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийн боолуудад соёрхооч» хэмээн гуйжээ. Үүний үрээр «тэд бүгд ариун сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв» (Үйлс 4:24–31).

14. Биднийг дэлгэрүүлэхэд ариун сүнс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

14 Тэгэхлээр, Ехова Есүсийн шавь нарыг хүчирхэг ариун сүнсээрээ дэмжин, үгийг нь эр зоригтой ярихад тусалсан нь тодорхой байна. Үнэнийг тунхаглах, тэр тусмаа, эсэргүүцэгч хүмүүст сайн мэдээг хүргэх ажлыг бид өөрсдөө зоригтойдоо хийдэг юм биш ээ. Биднийг гуйхад Ехова ариун сүнсээ өгдөг бөгөөд өгөхөд бэлэн байдаг. Тиймээс бид Еховагийн тусламжтайгаар ямар ч эсэргүүцлийг эр зоригтой даван туулж чадна (Дуулал 138:3-ыг уншина уу).

Орчин үеийн христианууд эр зоригтой дэлгэрүүлдэг

15. Өнөөдөр хүмүүс үнэнд хэрхэн ханддаг вэ?

15 Өнөөдөр ч гэсэн хүмүүс сайн мэдээнд өөр өөрөөр ханддаг. Зарим нь нааштай хүлээн авч байхад зарим нь бидний шашин шүтлэгийг ойлгодоггүй, хүндэтгэж ч үздэггүй. Бас Есүсийн хэлснээр, зарим хүн биднийг шүүмжилдэг, элэглэн шоолдог, зарим нь бүр «үзэн яддаг» (Мат. 10:22). Заримдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидний талаар буруу ташаа мэдээлж, бүр гүтгэлгийн чанартай суртал ухуулга явуулдаг (Дуу. 109:1–3). Гэлээ ч Еховагийн ард түмэн сайн мэдээг дэлхий даяар эр зоригтой тунхагласаар байна.

16. Эр зоригтой дэлгэрүүлэхэд хүмүүсийн үзэл бодол өөрчлөгддөгийг жишээгээр хэлнэ үү.

16 Биднийг эр зоригтой байвал хүмүүс Хаанчлалын тухай сайн мэдээнд өөрөөр ханддаг болж болох юм. Киргизстаны нэг Гэрч эмэгтэй: «Би айлаар дэлгэрүүлж яваад, „Би Бурханд итгэдэг. Гэхдээ христ шашны Бурханд итгэдэггүй. Манайд дахиж л ирдэг юм бол би нохойгоо тавина шүү“ гэж хэлсэн хүнтэй тааралдсан юм. Үнэхээр ч тэр хүний цаана том гэгчийн бульдог нохой гинжтэй байгаа нь харагдаж билээ. Гэхдээ „Хаанчлалын тухай мэдээ“ цувралын 37-р танилцуулга буюу „Хуурамч шашны төгсгөл ойрхон байна!“ гэдэг танилцуулга тараах кампанит ажлын үеэр би тэр айлын өөр хүнтэй таарч юу магад гэж бодоод дахиад очлоо. Тэгтэл өнөөх эрэгтэй үүдээ нээх нь тэр. Би тэр даруйд Еховад залбирчихаад „Сайн байна уу? Би гурав хоногийн өмнө тантай юу ярьснаа ч санаж байна, бас танай нохойг ч санаж байна. Гэхдээ танай хажуугаар зүгээр өнгөрөөд явчихаж чадсангүй. Яагаад гэвэл би тантай л адил жинхэнэ Бурханд итгэдэг хүн. Бурхан удахгүй өөрийг нь гутаан доромжилдог бүх шашныг шийтгэнэ. Энэ тухай энэ танилцуулгаас уншаарай“ гэж хэлтэл тэр хүн танилцуулгыг минь авлаа. Би ч дотроо гайхаж л байлаа. Дараа нь би өөр байшин руу явав. Хэдэн минутын дараа өнөөх эрэгтэй танилцуулгаа барьсаар араас минь гүйж ирээд: „Би уншчихлаа. Бурхны уур хилэнд өртөхгүйн тулд яах хэрэгтэй вэ?“ гэсэн юм» гэж ярьжээ. Тэр эрэгтэй Библийн хичээл заалгадаг, цуглаанд ирдэг болжээ.

17. Нэгэн Гэрчийн эр зориг хүнээс айж байсан суралцагчийг хэрхэн өөрчилсөн бэ?

17 Биднийг эр зоригтой байвал бусад маань ч зоригтой болдог. Оросод Гэрч эмэгтэй автобусаар явж байхдаа нэг хүнд сэтгүүл өгөх гэж байтал нэгэн эрэгтэй суудлаасаа ухасхийн босож ирээд, сэтгүүлийг нь булаан авч, базаад, шалан дээр хаяжээ. Тэгээд Гэрч эмэгтэйг чангаар хараан зүхэж, гэрийнх нь хаягийг нэхэж, тосгонд нь дэлгэрүүлэхгүй байхыг шаарджээ. Гэрч эмэгтэй тусламж хүсэн Еховад залбирчихаад, «Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай» гэсэн Есүсийн үгийг өөртөө сануулжээ (Мат. 10:28). Тэгээд суудлаасаа босож өнөөх эрэгтэйд: «Би танд хаягаа өгөхгүй. Бас дэлгэрүүлэхээ ч болихгүй» гэж тайван хэлээд автобуснаас буужээ. Тэр автобусанд нэг суралцагч нь явж байсныг эмэгтэй мэдээгүй аж. Тэр суралцагч хүмүүсээс айгаад цуглаанд очдоггүй байжээ. Харин Гэрч эмэгтэйн зоригтой байхыг үзээд, цуглаанд очдог болохоор шийдсэн байна.

18. Сайн мэдээг Есүсийн адилаар зоригтой дэлгэрүүлэхэд юу туслах вэ?

18 Бурхнаас хөндийрсөн өнөөгийн ертөнцөд сайн мэдээг Есүс шиг дэлгэрүүлэхийн тулд эр зоригтой байх хэрэгтэй. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Ирээдүйгээ харж, Бурхан болон хүмүүсийг хайрлах хайраа лавшруулах хэрэгтэй. Эр зориг гуйж Еховад залбирч байх нь зүйтэй. Ганцаараа биш, Есүстэй хамт гэдгээ ямагт санах хэрэгтэй (Мат. 28:20). Түүнээс гадна, ариун сүнс танд хүч өгнө. Ехова ч таныг ивээж, дэмжинэ. Тиймд бүгдээрээ зоригтойгоор: «[Ехова] миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?» гэж хэлцгээе (Евр. 13:6).

Хариулна уу

• Бурхны үйлчлэгчдэд эр зориг ямар учраас хэрэгтэй байдаг вэ?

• Эр зоригтой байх тухайд . . .

эртний үнэнч үйлчлэгчдээс юу сурч болох вэ?

Есүс Христээс юу сурч болох вэ?

эртний христиануудаас юу сурч болох вэ?

орчин үеийн христиануудаас юу сурч болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны зураг]

Есүс шашны удирдагчдын үнэн нүүр царайг зоригтой илчилсэн

[23-р хуудасны зураг]

Ехова бидэнд сайн мэдээ дэлгэрүүлэх эр зоригийг өгдөг