Skip to content

Гарчиг руу орох

«Христ дотор нуугдсан» эрдэнэсийг ологтун

«Христ дотор нуугдсан» эрдэнэсийг ологтун

«Христ дотор нуугдсан» эрдэнэсийг ологтун

«Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг» (КОЛ. 2:3).

1, 2. а) 1922 онд юу олдсон бэ? Олдсон зүйл нь эцэстээ яасан бэ? б) Бурхны Үг хүн бүрд яахыг уриалдаг вэ?

 ЭРДЭНЭС олдоход хэвлэл мэдээллийн хэрэгслээр их шуугиан дэгддэг. Тухайлбал, Британийн археологич Ховард Картер олон жил эрэл хайгуул хийн, хөдөө хөхөрч, гадаа гандаж явсны эцэст 1922 онд нэгэн гайхамшигтай олдвор олжээ. Тэр нь Египетийн фараон Тутанхамены бараг хөндөгдөөгүй булш байсан юм. Тэр булшнаас 5 000 орчим эд өлгийн зүйл гарчээ.

2 Картерийн олсон эд зүйл хэдий гайхамшигтай байсан ч эцэстээ музейн үзмэр, хувь хүмүүсийн цуглуулга болоод дуусжээ. Тэдгээр нь түүхийн болоод соёлын үнэт зүйл мөн боловч, үнэндээ, бидний өдөр тутмын амьдралд бараг ач холбогдолгүй юм. Харин үнэхээрийн ашиг тустай жинхэнэ эрдэнэс хайхыг Бурхны Үг бидэнд уриалдаг. Энэ уриалга хүн болгонд хамаатай бөгөөд тэр эрдэнэс нь өөр ямар ч эрдэнэстэй харьцуулахын аргагүй үнэ цэнэтэй (Сургаалт үгс 2:1–6-г уншина уу).

3. Еховагийн хайхыг уриалдаг эрдэнэс ямар ашиг тустай вэ?

3 Еховагийн хайхыг уриалдаг эрдэнэс ямар ашиг тустайг бодож үзье. Тэр эрдэнэсийн тоонд «ЭЗЭНээс эмээхүй» ордог бөгөөд энэ нь өнөөгийн аюултай цагт биднийг хамгаалдаг (Дуу. 19:9). «Бурханы [тухай] мэдлэгийг» олж авах нь хүнд олдох хосгүй завшаан юм. Учир нь үүний ачаар бид Хамгийн Дээд Нэгэнтэй дотно харьцаа тогтоох боломжтой болдог. Бас Бурхны өгдөг мэргэн ухаан, оюун ухаан, хэрсүү ухаан нь биднийг амьдралд тулгарах өдөр тутмын бэрхшээлийг амжилттай даван туулах чадвартай болгодог (Сур. 9:10, 11). Ийм үнэт эрдэнэсийг яаж олох вэ?

Сүнслэг эрдэнэсийг олох нь

4. Бурхны амласан эрдэнэсийг хаанаас олох вэ?

4 Бид сүнслэг эрдэнэсийг чухам хаанаас хайхаа мэддэг учир эрж байгаа зүйлээ олох гэж хаа сайгүй хайгуул хийдэг археологичид, судлаачдаас ялгаатай. Бурхны амласан эрдэнэс яг хаана байдгийг Бурхны Үг газрын зураг адилаар бидэнд зааж өгдөг. Элч Паул: «Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг» гэж бичжээ (Кол. 2:3). Энэ үгийг уншихлаар «Тэр эрдэнэсийг хайх хэрэгтэйн учир юу вэ? „Христ дотор нуугдсан“ гэдэг нь юу гэсэн үг вэ? Яаж олох вэ?» гэх зэргийн асуулт урган гарч болох юм. Эдгээр асуултад хариулахын тулд Паулын үгийг дэлгэрэнгүй авч үзье.

5. Ямар нөхцөл байдлын улмаас Паул сүнслэг эрдэнэсийн тухай бичсэн бэ?

5 Дээрх үгийг Паул Колоссай дахь итгэл нэгтнүүддээ бичжээ. Тэрбээр тэднийг «хайрын дотор холбогдож», «урамшаасай» гэсэндээ асар их «тэмцэлдэх» буюу сэтгэл гарган, чадах бүхнээ хийж байгаагаа хэлжээ (Колоссай 2:1, 2-ыг уншина уу). Ямар учраас бүр тэмцэлдэхэд хүрсэн юм бол оо? Колоссайн христианууд грекийн гүн ухааны сургаалыг дэмждэг юм уу Мосегийн хуулийг урьдынх шигээ сахихыг шаарддаг зарим хүний нөлөөнд автаж болзошгүй байсныг Паул мэдэж байсан бололтой. Тиймээс итгэл нэгтнүүддээ: «Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн» гэж бичжээ (Кол. 2:8).

6. Паулын зөвлөгөөг анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

6 Сатан болон Сатаны ёс бус тогтолцоо өнөөдөр ч бидэнд ижилхэн нөлөө үзүүлдэг. Хүнийг дээдлэх туйлширсан үзэл, удамшил хувьслын онол гэх мэтийн ертөнцийн сургаал номлол орчин үеийн хүмүүсийн үзэл бодол, ёс суртахуун, зорилго эрмэлзэл, амьдралын хэв маягт шууд тусдаг. Өргөн дэлгэр тэмдэглэдэг олон баяр ёслолын цаана хуурамч шашин байдаг. Телевизийн нэвтрүүлэг, кино, хөгжим болон Интернетээр сурталчилдаг зүйл нь махан биеийн дур хүслийг өөгшүүлдэг, залуу хөгшин гэлгүй бүх хүнд аюул учруулдаг болжээ. Хэрэв бид энэ ертөнцийн эдгээр болон бусад нөлөөнд автвал Еховагийн зааврыг өөрөөр үздэг болж, сэтгэлээ хувирган, улмаар жинхэнэ аминд хүрэх гэж хичээхээ болих аюулд өртөнө (1 Тимот 6:17–19-ийг уншина уу). Тэгэхлээр, Сатаны заль мэхэнд хууртахыг хүсдэггүй хэн боловч Колоссайн христиануудад бичсэн Паулын үгийг ойлгож, зөвлөгөөнд нь нухацтай хандах хэрэгтэй болж байна.

7. Паулын хэлснээр, Колоссайн христиануудад хэрэгтэй хоёр зүйл юу байсан бэ?

7 Паулын колоссайчуудад бичсэн үгийг эргэн санацгаая. Тэрбээр тэдний төлөө санаа зовж байгаагаа бичээд, тэднийг «хайрын дотор холбогдон», «урамшихад» нь тус болох хоёр зүйлийг онцолжээ. Нэгдүгээрт, «бүрэн итгэлт ойлголт» гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Судрыг зөв ойлгодог гэдэгтээ итгэлтэй байх учиртай аж. Ингэж байж л тэдний итгэл бат бөх үндэстэй байх байв (Евр. 11:1). Хоёрдугаарт, «Бурханы нууцын жинхэнэ мэдлэг» хэмээжээ. Тэд үнэний тухай үндсэн мэдлэгээ гүнзгийрүүлж, Бурхны гүн юмсыг сайн ойлгодог байх учиртай байв (Евр. 5:13, 14). Паул тэр үеийн колоссайчуудад ч, өнөөгийн бидэнд ч хэрэгтэй зөвлөгөө өгсөн байжээ. Тэгвэл бид Судрыг зөв ойлгодог гэдэгтээ итгэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ? Яаж нарийн зөв мэдлэгтэй болох вэ? «Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг» хэмээсэн Паулын үгнээс гол аргыг мэдэж болно.

«Христ дотор нуугдсан» эрдэнэс

8. Эрдэнэс «Христ дотор нуугдсан байдаг» гэдэг нь юу гэсэн үг вэ?

8 Эрдэнэсийг «Христ дотор нуугдсан байдаг» гэхлээр цоож цуургатай, хүршгүй далд байдаг гэж ойлгож болохгүй. Харин эрдэнэсийг олж авахын тулд ихээхэн хүчин зүтгэл гаргаж, Есүс Христэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь ч Есүсийн хэлсэнтэй яв цав тохирдог. Тэрбээр өөрийнхөө тухай: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» хэмээсэн (Иох. 14:6). Тийм ээ, Бурхны тухай мэдлэгийг олж авахын тулд Есүсээр туслуулж, заалгах хэрэгтэй.

9. Есүс ямар ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

9 Есүс өөрийгөө «зам» гэснээс гадна «үнэн, амь» хэмээсэн. Тэгэхлээр Есүс хүмүүсийг Бурхантай харьцаа тогтооход нь туслахын зэрэгцээ өөр үүрэг гүйцэтгэдэг байж таарна. Тийм ээ, тэрбээр хүмүүсийг Библийн үнэнийг ойлгож, мөнхийн амьтай болоход нь туслах чухал үүрэг гүйцэтгэдэг. Есүсийн дотор нуугдсан сүнслэг эрдэнэс юутай ч харьцуулшгүй бөгөөд Библийг нямбай судалдаг хүнд олддог. Одоо бүгдээрээ ирээдүйн найдвар болон Бурхантай тогтоосон харьцаанд маань шууд нөлөөлөх сүнслэг эрдэнэсийн заримыг авч үзье.

10. Колоссай 1:19; 2:9-өөс Есүсийн тухай юу мэдэж болох вэ?

10 «Бурханлаг чанарын бүх бялхал нь Христийн дотор бодитойгоор оршиж байгаа» (Кол. 1:19; 2:9, МАБ). Есүс тэнгэрийн Эцэгтэйгээ урт удаан хугацааг хамт өнгөрүүлсэн учир зан чанар, хүсэл тааллыг нь хэнээс ч илүү мэддэг. Тэрбээр дэлхий дээр дэлгэрүүлж байхдаа, Эцгийнхээ заасан бүхнийг бусдад заасан бөгөөд зан чанарыг нь үйл хэргээрээ харуулдаг байв. Тиймдээ ч «Намайг харсан хүн Эцэгийг харсан» гэж хэлсэн (Иох. 14:9). Бурхны бүх мэргэн ухаан, мэдлэг Христийн дотор «нуугдах» буюу «оршдог» учир Еховаг таньж мэдэх хамгийн сайн арга нь Есүсийн тухай аль болох ихийг мэдэх явдал юм.

11. Есүс Библийн зөгнөлүүдтэй ямар холбоотой вэ?

11 «Бүх эш үзүүлэгч [Есүсийг] гэрчилдэг» (Үйлс 10:43). Эндээс, Библийн олон зөгнөл биелэхэд Есүс гол үүрэгтэй нь харагдаж байна. Үнэхээр ч Мессиагийн Хаанчлалд гүйцэтгэдэг Есүсийн үүргийг авч үзэхгүйгээр Библийн зөгнөлүүдийг, тодруулбал, Эхлэл 3:15-д байдаг анхны зөгнөлөөс эхлээд «Илчлэлт» номын гайхамшигт зөгнөлүүдийг зөв ойлгох аргагүй юм. Тэгэхлээр Есүсийг амласан Мессиа гэж хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст Еврей Судрын зөгнөлүүд ойлгомжгүй байдгийн учир олдож байна. Бас Мессиагийн тухай олон зөгнөлийг тэмдэглэсэн Еврей Судрыг үнэлдэггүй хүмүүс Есүсийг ердөө л агуу хүн гэж үздэгийн учир ч тайлагдаж байна. Харин Бурхны ард түмэн Есүсийн тухай мэдлэгийнхээ ачаар ирээдүйд биелэх зөгнөлүүдийг ч ойлгодог (2 Кор. 1:20).

12, 13. а) Есүс бол «ертөнцийн гэрэл» гэж юу гэсэн үг вэ? б) Сүнслэг харанхуйгаас чөлөөлөгдсөн христиан хүн ямар үүрэг хүлээдэг вэ?

12 «Би бол ертөнцийн гэрэл мөн» (Иохан 8:12; 9:5-ыг уншина уу). Есүсийг дэлхийд хүн болж төрөхөөс олон жилийн өмнө зөнч Исаиа: «Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна» хэмээжээ (Ис. 9:2). Есүс: «Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна» хэмээн дэлгэрүүлж эхэлсэн тэр цагаас Исаиагийн зөгнөлийг биелүүлснийг элч Матай тайлбарлажээ (Мат. 4:16, 17). Есүс дэлгэрүүлэх ажлаараа хүмүүсийг сүнслэгээр гэгээрүүлж, хуурамч сургаалын боолчлолоос чөлөөлсөн. Тэрбээр: «Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн» гэж хэлсэн  билээ  (Иох. 1:3–5; 12:46).

13 Үүнээс хойш олон жилийн дараа элч Паул итгэл нэгтнүүддээ: «Та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв» гэж бичсэн (Ефес 5:8). Нэгэнт сүнслэг харанхуйгаас чөлөөлөгдсөн тул христианууд гэрлийн хүүхдүүд шиг явах үүрэгтэй. Ийм үүрэг хүлээдэг гэж үзэх нь Есүсийн «Ууланд айлдсан номлол»-ын сургаалтай тохирдог. Есүс шавь нартаа: «Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг» гэж захисан (Мат. 5:16). Та Есүсийн дотроос олсон сүнслэг эрдэнэсийг хэр зэрэг үнэлдэг вэ? Өндөр үнэлдгээ үг яриа, үйл хэргээрээ харуулдаг уу?

14, 15. а) Библийн түүхийг үзвэл, хонь гэх мэтийн амьтныг жинхэнэ шүтлэгийн зан үйлд хэрхэн хэрэглэдэг байсан бэ? б) «Бурханы Хурга» Есүсийг хосгүй үнэтэй эрдэнэс гэхийн учир юу вэ?

14 Есүс бол «Бурханы Хурга» (Иох. 1:29, 36). Эрт цагт нүглээ уучлуулах, Бурхантай харьцах зорилготой шүтлэгийн зан үйлд хонь хэрэглэдэг байсныг Библийн түүх харуулдаг. Тухайлбал, Абрахамыг ганц хүү Исаакаа тахил болгон өргөхөд бэлэн байгаагаа харуулахад нь Бурхан хүүдээ юу ч хийж болохгүйг хэлээд, оронд нь шатаалт тахил болгон өргөх эр хонь өгдөг (Эх. 22:12, 13). Бас израильчууд Египетээс чөлөөлөгдөхдөө хонь нядалж, Еховаг дээгүүр нь өнгөрөхөөс урьтаж хонины цусаар тэмдэг тавьсан түүхтэй (Ег. 12:1–13). Хожим нь, хонь ямаа гэх мэтийн амьтнаар тахил өргөхийг Мосегийн хуульд заасан байв (Ег. 29:38–42; Лев. 5:6, 7).

15 Гэхдээ хүн ямар ч тахил өргөсөн, нүгэл болон үхлээс бүрмөсөн чөлөөлөгдөх аргагүй байсан (Евр. 10:1–4). Харин Есүс «ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга» юм. Ганц үүнийг бодож үзэхэд л Есүс бол өөр ямар ч эрдэнэстэй зүйрлэшгүй эрдэнэс гэдэг нь ойлгогдож байна. Тиймээс бид золиосны тухай цаг гарган нямбай судалж, энэ гайхамшигтай арга хэмжээнд итгэдгээ үйл хэргээрээ харуулах нь зүйтэй. Ингэвэл их ивээл, том шагнал хүртэнэ. «Өчүүхэн сүрэг» Христтэй хамт тэнгэрээс захирах завшаан эдэлж, «өөр хонинууд» диваажин дэлхийд мөнх амьдарна (Лук 12:32; Иох. 6:40, 47; 10:16, ШГ).

16, 17. Есүс бол «итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч» гэдгийг ойлгох нь яагаад чухал бэ?

16 Есүс бол «итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч» юм (Еврей 12:1, 2-ыг уншина уу). «Еврей» номын 11-р бүлэгт Паул итгэл гэж юу болохыг товч тодорхойлсныхоо дараа Ноа Абрахам Сара Рахаб нарын үнэнч хүмүүсийн итгэлийн жишээг дурдсан байдаг. Дараа нь үүндээ дөрөөлөн, «Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье» хэмээн христиануудад уриалсан байдаг. Энэ нь ямар учиртай вэ?

17 «Еврей» номын 11-р бүлэгт нэр нь гарсан үнэнч хүмүүс Бурхны амлалтад бат итгэж байсан боловч Бурхан амлалтаа Мессиа болон Хаанчлалаар дамжуулан хэрхэн биелүүлэхийг нарийн сайн мэддэггүй байсан. Үүнийг тооцож үзвэл тэдний итгэлийг бүрэн дүүрэн байсан гэж хэлэх аргагүй юм. Еховагаар удирдуулан Мессиагийн талаар олон зөгнөл бичсэн хүмүүс ч зөгнөлийнхөө утгыг бүрэн гүйцэд ойлгодоггүй байсан (1 Петр 1:10–12). Гагцхүү Есүсийн үүргийг, ялангуяа, зөгнөлийг яаж биелүүлснийг нь гүйцэд ойлгосон цагт л итгэл бүрэн дүүрэн болдог. Тэгэхлээр, «итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч» Есүсийн үүргийг тодорхой ойлгож, хүлээн зөвшөөрөх нь хэчнээн чухал бэ!

Тасралтгүй хайгтун

18, 19. а) Христийн дотор нуугдсан бусад сүнслэг эрдэнэсийг хэлнэ үү. б) Сүнслэг эрдэнэсийг хайхдаа Есүст анхаарлаа хандуулж байх нь ямар ач тустай вэ?

18 Хүн төрөлхтнийг аврах Бурхны санаа зорилго дахь Есүсийн олон талт үүргээс цөөн хэдийг авч үзлээ. Христийн дотор нуугдсан сүнслэг эрдэнэс шавхагдашгүй арвин билээ. Тэдгээрийг олбол бид ач тус хүртэж, баяр баясгалан эдэлнэ. Элч Петр Есүсийг гийж буй «үүрийн цолмон» гэсэн байдаг (2 Петр 1:19). Бас Библид Есүсийг «Амен» гэдэг (Илч. 3:14). Та эдгээрийн утга учир, ач холбогдлыг мэдэх үү? «Хай, тэгвэл та нар олно» гэж Есүс хэлсэн (Мат. 7:7).

19 Есүсийн гүйцэтгэсэн үүрэг үнэхээр өргөн хүрээтэй бөгөөд хүн төрөлхтний сайн сайхантай тийм нягт холбоотой үүрэг гүйцэтгэсэн хүн түүнээс өөр байхгүй билээ. Христийн дотор байдаг сүнслэг эрдэнэсийг сэтгэл гарган хайх хэн боловч төвөггүй олно. Эрхэм танд «Христ дотор нуугдсан» эрдэнэсийг олохын баяр баясгаланг эдэлж, ивээл хишгийг нь хүртэхийг хүсье!

Санаж байна уу?

• Бурхан христиануудад ямар эрдэнэс хайхыг уриалдаг вэ?

• Колоссайн христиануудад өгсөн Паулын зөвлөгөө бидэнд ч ач холбогдолтой гэхийн учир юу вэ?

• «Христ дотор нуугдсан» сүнслэг эрдэнэсийн заримыг дурдаж, тайлбарлана уу.

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны зураг]

Библи бол «Христ дотор нуугдсан» эрдэнэст хүрэх замыг заадаг газрын зурагтай адил юм