Дэлхий дээр мөнх амьдрах найдвар нь Христийн сургаал мөн үү?
Дэлхий дээр мөнх амьдрах найдвар нь Христийн сургаал мөн үү?
«[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно» (ИЛЧ. 21:4).
1, 2. Нэгдүгээр зууны иудейчүүд дэлхий дээр мөнх амьдарна гэж найддаг байсныг юу харуулдаг вэ?
НЭР нөлөөтэй нэгэн баян залуу Есүс дээр гүйн ирж, өмнө нь сөгдөөд, «Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ?» гэж асуув (Марк 10:17). Харин тэр залуу мөнх амийг өвлөн авахлаараа хаана амьдарна гэж бодож байсан бол? Бурхан иудейчүүдэд дахин амилж, дэлхий дээр мөнх амьдарна гэсэн найдварыг олон зууны өмнө өгснийг бид өмнөх өгүүллээр ярилцсан. I зууны иудейчүүдийн ихэнх нь тэр найдварт итгэдэг байжээ.
2 Есүсийн дотнын найз Марта ч нас барсан ахынхаа тухай: «Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ» хэмээхдээ дэлхий дээр амилна гэж бодож байсан нь лавтай (Иох. 11:24). Харин тухайн үед амьдарч байсан садукайчууд амилалт байхгүй гэж ярьдаг байв (Марк 12:18). Гэхдээ Жорж Фут Мур «Нэгдүгээр зууны иудей шашин» гэдэг номдоо: «МЭӨ II болон I зууны үеийн бүтээлүүдэд аль хэдийнээ талийн одсон өвөг дээдэс хүн төрөлхтний их эргэлтийн үед дэлхий дээр амилна гэсэн найдварын тухай тодорхой бичсэн байдаг» хэмээн тэмдэглэжээ («Judaism in the First Centuries of the Christian Era»). Тэгэхлээр, Есүс дээр ирсэн мөнөөх баян залуу ч дэлхий дээр мөнх амьдарна гэж найдаж байсан.
3. Энэ өгүүллээр ямар ямар асуултыг авч үзэх вэ?
3 Дэлхий дээр мөнх амьдрах найдварыг Христийн сургаал биш хэмээдэг шашин болон Библи судлаачид өнөөдөр олон байдаг. Бас ихэнх хүн, хүнийг үхэхэд биеэс нь гардаг сүнс өөр ертөнцөд амьдардаг гэдэгт итгэдэг. Тиймээс хүмүүс Христиан Грек Сударт бичсэн «мөнх амь» гэдэг үгийг уншихлаараа тэнгэрт амьдрахыг л хэлж байна гэж ойлгодог. Харин үнэхээр тийм гэж үү? Есүс мөнхийн амь гэдэг үгээр ямар санааг хэлэх гэсэн юм бол? Шавь нар нь юунд итгэдэг байсан бэ? Христиан Грек Сударт дэлхий дээр мөнх амьдрах найдварын тухай байдаг уу?
«Шинэ ертөнцөд» мөнх амьдрах нь
4. «Шинэ ертөнц бий болоход» юу болох вэ?
4 Тослогдсон христианууд дэлхийг захирах зорилгоор тэнгэрт амилахыг Библид бичсэн байдаг (Лук 12:32; Илч. 5:9, 10; 14:1–3). Гэхдээ Есүс мөнх амийн тухай ярихдаа зөвхөн тэнгэрт амилах хүмүүст хамааруулдаггүй байсан. Бүх эд хөрөнгөө орхиод дагалдагч нь болоорой гэсэнд гунигтай болсон баян залууг явсны дараа Есүс шавь нартаа юу хэлснийг үзье. Есүс: «Би тодорхой хэлье. Шинэ ертөнц бий болж, хүнээс төрсөн намайг цог жавхлант ширээнд суухад, та нар ч намайг дагаж ирсэн учир арван хоёр ширээнд сууж, Израилийн арван хоёр овгийг захирах болно. Миний төлөө орон гэр, ах дүү, эгч, эцэг эх, үр хүүхэд, тариалангаа орхисон аливаа хүн түүнээс зуу дахин их шагнал хүртэж, бас мөнх амийг хүртэнэ» гэжээ (Матай 19:28, 29, ШГ). Шавь нар нь хаад болох бөгөөд, тэнгэрээс захирах ангид багтдаггүй хүмүүсийг төлөөлдөг «Израилийн арван хоёр овгийг» шүүнэ гэдгийг Есүс хэлжээ (1 Кор. 6:2). Түүнээс гадна, өөрийг нь дагах «аливаа хүн» шагнал авах бөгөөд «мөнх амийг хүртэнэ» гэж хэлсэн. Энэ бүхэн «шинэ ертөнц бий болоход» биелнэ.
5. Есүс юуг «шинэ ертөнц» гэж хэлсэн бэ?
5 Есүс юуг «шинэ ертөнц» гэж хэлсэн бэ? Тэрбээр энэ үгийг огт тайлбарлаагүйг бодоход олон зууны туршид иудейчүүдийн найдвар болсоор ирсэн зүйлийн тухай ярьж байсан нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн нөхцөл байдал шинэчлэгдэн, Адам Ева хоёрын нүгэл үйлдэхээс өмнөх Еден цэцэрлэг шиг болох тухай ярьж байжээ. Тэр үед «шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээх» гэсэн Бурхны амлалт биелнэ (Ис. 65:17).
6. Хонь ямааны тухай ёгт үлгэр мөнх амьдрах найдварын талаар юу хэлдэг вэ?
6 Бас Есүс «үеийн төгсгөлийн» тухай айлдахдаа мөнх амийн тухай хэлжээ (Мат. 24:1–3). Тэрбээр: «Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж, Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлах» бөгөөд буруутгагдсан нь «мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм» гэж хэлсэн. Мөнх амийг авах «зөвт хүмүүс» нь Христийн тослогдсон «ах дүүсийг» үнэнчээр дэмждэг хүмүүс юм (Мат. 25:31–34, 40, 41, 45, 46). Тослогдогсод захирах үүрэг хүлээхээр сонгогдсоныг бодохлоор «зөвт хүмүүс» гэдгээр Хаанчлалын дэлхий дэх харьяат албатуудыг хэлсэн нь тодорхой. Библид: «[Еховагийн томилсон Хаан] далайгаас далай хүртэл, мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах [«албатуудтай болох» (ШЕ)] болтугай» гэж зөгнөсөн байдаг (Дуу. 72:8). Захирагдах албатууд нь дэлхий дээр мөнх амьдарна.
«Иохан» ном юу харуулдаг вэ?
7, 8. Есүс Никодемд ямар хоёр өөр найдварын тухай хэлсэн бэ?
7 Дээр бичсэнийг үзвэл, «Матай», «Марк», «Лук» номд Есүс «мөнх амь» гэдэг үгийг нэг бус удаа дурдсан байна. Есүс мөнх амийн тухай ярьсныг «Иохан» номд 17 удаа тэмдэглэсэн байдаг. Эдгээрийн заримд дэлхий дээр мөнх амьдрах найдварын талаар юу хэлснийг нь авч үзье.
8 Иоханы тэмдэглэснээр, Есүс анх фарисай хүн Никодемд мөнх амийн тухай ярьжээ. Тэрбээр Никодемд: «Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй» гэж хэлсэн. Тийм ээ, тэнгэрийн Хаанчлалд орохын тулд «хоёр дахиа ... төрөх» хэрэгтэй (Иох. 3:3–5). Есүс ингэж яриад зогссонгүй цааш нь үргэлжлүүлэн хүн бүрийн хүртэж болох найдварын тухай өгүүлжээ (Иохан 3:16-г уншина уу). Мөнх амийн найдварын тухай хэлсэн Есүсийн үг тослогдсон дагалдагчид болон дэлхийд амьдрах бусад хүмүүсийн аль алинд нь хамаатай байв.
9. Есүс самари эмэгтэйд ямар ямар найдварын тухай хэлсэн бэ?
9 Есүс Никодемтэй Иерусалимд ярилцсанаасаа хойш хойд зүгт орших Галил руу явах замдаа Самарийн Сухар хотын орчим байдаг Иаковын худгийн дэргэд нэг эмэгтэйтэй тааралджээ. Есүс эмэгтэйд: «Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно» гэж хэлсэн (Иох. 4:5, 6, 14). «Ус» гэдэг нь мөнх амийг бүх хүн төрөлхтөнд эргүүлэн өгөхийн тулд авсан Бурхны арга хэмжээ юм. Энэ арга хэмжээнд дэлхий дээр амьдрах хүмүүс ч хамрагддаг. «Илчлэлт» номд Бурхан өөрөө: «Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө» хэмээснийг тэмдэглэсэн байдаг (Илч. 21:5, 6; 22:17). Тэгэхлээр, Есүс мөнх амьдрах боломж Хаанчлалыг өвлөх тослогдсон хүмүүст төдийгүй Бурханд итгэдэг, дэлхийд амьдрах найдвартай хүмүүст ч байдгийг самари эмэгтэйд тайлбарласан хэрэг байжээ.
10. Есүс Бетзада цөөрмийн дэргэд өвчтэй хүнийг эдгээснийхээ дараа өөрийг нь шүүмжилж байсан иудейчүүдэд юу гэж хэлсэн бэ?
10 Дараа жил нь, Есүс дахин Иерусалимд очихдоо Бетзада гэдэг цөөрмийн дэргэд нэгэн өвчтөнийг эдгээжээ. Үүнийг нь хараад шүүмжилж байсан иудейчүүдэд: «Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй» хэмээн тайлбарлав. Эцэг нь «бүх шүүлтийг Хүүдээ даатгасан» гэж хэлснийхээ дараа тэрбээр: «Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай» гэж хэлсэн. Цааш нь: «Булшинд байгчид бүгдээрээ [Хүний Хүүгийн] дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ» хэмээсэн юм (Иох. 5:1–9, 19, 22, 24–29). Энэ нь Есүс өөрийгөө, дэлхий дээр мөнх амьдарна гэсэн иудейчүүдийн найдварыг биелүүлэхээр Бурхнаар томилогдсон нэгэн гэдгийг хавчигч иудейчүүдэд хэлсэн хэрэг байлаа. Бас уг найдварыг биелүүлэхийн тулд үхэгсдийг амилуулна гэж хэлсэн.
11. Есүс Иохан 6:48–51-д байгаа үгийг хэлэхдээ дэлхий дээр мөнх амьдрах найдварыг ч багтаасан гэж хэлэхийн учир юу вэ?
11 Есүс Галилд очоод олон мянган хүнд гайхамшгаар талх өгсөнд тэд түүнийг дагав. Есүс тэдэнд бэлгэдлийн утгатай «амийн талхны» тухай ярьсан (Иохан 6:40, 48–51-ийг уншина уу). Тэрбээр: «Миний өгөх талх бол Миний махан бие юм» гэжээ. Есүс тэнгэрийн Хаанчлалд хамтран захирах хүмүүсийн төлөө төдийгүй «ертөнц» буюу золиосны ач тусыг хүртэх зохистой бусад хүмүүсийн төлөө ч амиа өгсөн билээ. «Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл», өөрөөр хэлбэл, Есүсийн золиос нүгэл ба үхлээс аврах хүчтэй гэдэгт итгэвэл мөнх амийг хүртэнэ. Тэгэхлээр Есүс «мөнхөд амьдрах» гэж хэлэхдээ Мессиагийн засаглалын үед дэлхий дээр мөнх амьдарна гэсэн иудейчүүдийн эртнээс найдаж байсан зүйлийг хэлсэн хэрэг байсан.
12. Есүс хонинууддаа «мөнх амийг өгнө» гэж хэлэхдээ ямар хоёр найдварын тухай хэлж байсан бэ?
12 Хожим нь Иерусалимд болсон Шинэтгэн ариусгасны баярын үеэр Есүс эсэргүүцэгчдэд хандан: «Та нар Миний хонин сүрэг биш учир итгэдэггүй. Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө» гэж хэлжээ (Иох. 10:26–28). Есүс зөвхөн тэнгэрт л мөнх амьдрах тухай ярьж байсан уу? Диваажин дэлхийд ч мөнх амьдрах тухай ярьсан болов уу? Тэрбээр үүнээс өмнө шавь нараа тайвшруулан: «Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм» гэж хэлж байсан (Лук 12:32). Харин уг баярын үеэр: «Надад энэ хотонд байхгүй өөр хонинууд ч бий. Би тэднийг ч авчрах үүрэгтэй» хэмээжээ (Иох. 10:16, ШГ). Тэгэхлээр, Есүс эсэргүүцэгчидтэй ярихдаа «өчүүхэн сүрэг» тэнгэрт амьдарна, олон сая «өөр хонинууд» дэлхий дээр мөнх амьдарна гэсэн хоёр найдвар байдгийг хэлсэн байна.
Тайлбарлах шаардлагагүй байсан найдвар
13. Есүс: «Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэхдээ ямар найдварын тухай хэлсэн бэ?
13 Есүс тарчлаах шонд хадуулчихаад зовж байхдаа хүн төрөлхтний найдварын тухай дахин батлан хэлсэн. Хажуугийнх нь шонд хадуулсан нэг гэмт хэрэгтэн: «Есүс ээ, Та өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай» гэж хэлэхэд Есүс: «Үнэнээр Би чамд хэлье. ... Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэж хариулжээ (Лук 23:42, 43). Тэр хүн иудей хүн байсан болохлоор түүнд Диваажингийн тухай тайлбарлах шаардлага байсангүй. Өөрөөр хэлбэл, ирээдүйд дэлхий дээр мөнх амьдрах найдвар байгаа гэдгийг мэддэг байсан.
14. а) Тэнгэрт амьдрах найдварыг элч нар ойлгохгүй байсныг юу харуулдаг вэ? б) Есүсийн дагалдагчид тэнгэрийн найдварын тухай хэзээнээс ойлгодог болсон бэ?
14 Харин тэнгэрийн найдварын тухай хэлснээ тайлбарлах шаардлага Есүст гарчээ. Есүсийг өөрсдөд нь зориулан тэнгэрт орон байр бэлдэхээр явна гэхэд шавь нар нь ойлгоогүй юм (Иохан 14:2–5-ыг уншина уу). Дараа нь тэрбээр: «Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй. Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана» гэж хэлжээ (Иох. 16:12, 13). Дагалдагчид нь МЭ 33 оны Пентекостын өдөр Бурхны ариун сүнсээр тослогдсоныхоо дараа л ирээдүйд хаад болж, тэнгэрээс захирна гэдгээ ойлгожээ (1 Кор. 15:49; Кол. 1:5; 1 Петр 1:3, 4). Ийнхүү тэнгэр дэх өвийн тухай ойлголт тодорхой болж, Христиан Грек Судрын захидлуудын гол сэдэв болсон. Тэгвэл хүн төрөлхтөн дэлхий дээр мөнх амьдрах найдвартайг эдгээр захидлуудад бичсэн байдаг уу?
Бурхан онгод оруулан бичүүлсэн захидлууд юу өгүүлдэг вэ?
15, 16. «Еврей» ном болон Петрийн бичсэн захидал дэлхий дээр мөнх амьдрах найдварыг хэрхэн баталдаг вэ?
15 Элч Паул еврей христиануудад бичсэн захидалдаа итгэл нэгтнүүдийгээ «тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар» гэсэн байдаг. Үүнээс гадна, Бурхан «ирэх ертөнцийг» Есүст захируулсан гэж бичсэн (Евр. 2:3, 5; 3:1). Монгол Библид «ертөнц» гэж орчуулдаг, Христиан Грек Сударт гардаг «оикоумене» гэдэг грек үгээр хүн амьдардаг дэлхийг хэлдэг. Тэгэхлээр, «ирэх ертөнц» гэдэг нь Есүс Христэд захирагдах дэлхий дээрх хүний нийгмийн ирээдүйн тогтолцоог хэлдэг нь тодорхой байна. Тэр цагт Есүс «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэсэн Бурхны амлалтыг биелүүлнэ (Дуу. 37:29).
16 Элч Петр бас хүн төрөлхтний ирээдүйн тухай онгодоор хөтлүүлэн: «Өнөөгийн тэнгэр болоод газар нь ... галд зориулагдан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна» гэж бичжээ (2 Петр 3:7). Одоо оршин байгаа «тэнгэр» мэт засгийн газрууд болон ёс бус хүний нийгэм юугаар солигдох вэ? (2 Петр 3:13-ыг уншина уу). Мессиа тэргүүтэй Бурхны Хаанчлал буюу «шинэ тэнгэр» болон Бурхны үнэнч үйлчлэгчдээс бүрддэг шинэ нийгэм буюу «шинэ газраар» солигдоно.
17. Хүн төрөлхтний найдварын талаар Илчлэлт 21:1–4-т юу гэж бичсэн байдаг вэ?
17 Библийн сүүлчийн номд төгс болсон хүн төрөлхтний тухай сэтгэл хөдлөм үзэгдлийг бичсэн байдаг (Илчлэлт 21:1–4-ийг уншина уу). Еден цэцэрлэгт анхны хүн нүгэл үйлдээд төгс бус болсон цагаас хойш, төгс болох гэдэг нь Бурханд итгэдэг хүн төрөлхтний найдвар байсаар ирсэн. Диваажин дэлхийд зөв шударга хүмүүс өтөлж хөгшрөхийн зовлонгүй, мөнх амьдарна. Уг найдвар Еврей болон Христиан Грек Сударт үндэслэсэн байдаг бөгөөд өнөөгийн Еховагийн үйлчлэгчдэд урам зориг хайрладаг (Илч. 22:1, 2).
Тайлбарлана уу
• Есүс юуг «шинэ ертөнц» гэж хэлсэн бэ?
• Есүс Никодемд юуны тухай ярьсан бэ?
• Хажуугийнх нь шонд хадуулсан нэг гэмт хэрэгтэнд Есүс юу амласан бэ?
• «Еврей» ном болон Петрийн бичсэн захидал дэлхий дээр мөнх амьдрах найдварыг хэрхэн баталдаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[8-р хуудасны зураг]
Хонь мэт хүмүүс дэлхий дээр мөнх амьдарна
[10-р хуудасны зураг]
Есүс хүмүүст мөнх амийн тухай хэлж ярьсан