Skip to content

Гарчиг руу орох

Бид Христийн хайранд хөтлөгдөн бусдыг хайрладаг

Бид Христийн хайранд хөтлөгдөн бусдыг хайрладаг

Бид Христийн хайранд хөтлөгдөн бусдыг хайрладаг

«Есүс ... дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав» (ИОХ. 13:1).

1, 2. а) Есүсийн хайр юугаараа гайхамшигтай вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

 ЕСҮС хайрын төгс жишээ үзүүлсэн. Есүсийн биеэ хэрхэн авч явсан, хүмүүстэй хэрхэн харьцсан, ямар сургаал заасан, бас амиа золиосолж үхсэнийг нь бодохлоор бүхнийг хайрын сэтгэлээр хийдэг хүн байсан нь харагддаг. Тэрбээр уулзаж учирсан бүх хүнийг, ялангуяа, шавь нараа дэлхий дэх амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл хайрлаж байв.

2 Есүсийн дагалдагчид Багшийнхаа хайрын агуу жишээг үлгэр болгон дуурайх нь зүйтэй. Бас Есүсийнх шиг хайраар итгэл нэгтнүүд болон бусдыг хайрлах учиртай. Дутагдал, ялангуяа, ноцтой алдаа гаргасан хүмүүст Есүс хайраа хэрхэн илэрхийлснээс хурлын ахлагчид юу сурч болохыг энэ өгүүллээр ярилцъя. Түүнчлэн, гачигдал зовлон үзэж байгаа юм уу байгалийн гамшигт өртсөн эсвэл өвчин эмгэг туссан нэгнээ христианууд хэрхэн Христийнх шиг хайраар хайрлаж болохыг хэлэлцье.

3. Петр ноцтой алдаа гаргасан ч Есүс хэрхэн хандсан бэ?

3 Есүсийг үхэхийн өмнөх орой элч Петр түүнийг гурван удаа үгүйсгэдэг (Марк 14:66–72). Гэхдээ хэлж байснаар нь, эргээд ирэхэд Есүс түүнийг уучилдаг. Бас хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн (Лук 22:32; Үйлс 2:14; 8:14–17; 10:44, 45). Ноцтой алдаа гаргасан хүмүүст Есүсийн хэрхэн хандсан нь бидэнд ямар сургамжтай вэ?

Алдаа гаргасан хүмүүст Христийнх шиг бодол санаагаар хандах нь

4. Ямар үед Христийнх шиг бодол санаагаар хандах зайлшгүй шаардлага гардаг вэ?

4 Христийнх шиг бодол санаагаар хандах шаардлагатай олон нөхцөлийн нэг нь ноцтой алдаа гаргасан гэр бүлийн юм уу хурлын гишүүнтэй харьцах ярвигтай асуудал юм. Сатаны тогтолцооны эцсийн өдрүүд оргил цэгтээ ойртохын хэрээр ертөнцийн сүнс хүмүүсийг ёс суртахууны хувьд улам бүр доройтуулж байгаа нь харамсалтай. Христианууд хөгшин залуу гэлгүй ёс суртахууны асуудалд тоомжиргүй ханддаг ертөнцийн нөлөөнд автвал нарийн замаар явах шийдвэрээсээ ухрах аюултай. І зуунд зарим христиан хурлаас хасагдаж, зарим нь зэмлэл хүртэж байсан. Өнөөдөр ч ийм явдал гардаг (1 Кор. 5:11–13; 1 Тим. 5:20). Гэхдээ ахлагчид иймэрхүү асуудлыг шийдэхдээ Христийнх шиг хайраар хандвал буруу юм хийсэн хүнд тусах үр нөлөө нь сайн байдаг.

5. Ахлагчид алдаа гаргасан хүнд Христийнх шиг бодол санаагаар хэрхэн хандаж болох вэ?

5 Ахлагчид Есүсийг дуурайн Еховагийн зөв хэм хэмжээг цаг ямагт баримтлах ёстой. Ингэх нь Еховагийн дөлгөөн зан, сайхан сэтгэл, хайрыг дуурайж байгаа хэрэг юм. Буруу хэрэгтээ чин сэтгэлээсээ харамссан, «эмтэрсэн зүрхтэй», «сүнсээрээ гэмшигч» хүнийг «дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засах» нь ахлагчдад төвөг багатай байж болох юм (Дуу. 34:18; Гал. 6:1). Тэгвэл өөрийнхөөрөө зүтгэн, бараг эсвэл огт гэмшихгүй байгаа хүнд яаж хандах нь зөв бэ?

6. Ахлагчид алдаа гаргасан хүнтэй харьцахдаа яах ёсгүй вэ? Яагаад?

6 Буруу юм хийсэн атлаа Судрын зөвлөгөөг хүлээж авахгүй байгаа юм уу буруугаа бусдад тохож байгаа хүнд ахлагчид болон бусад христиан уурлан бухимдаж мэднэ. Тэд алдаа гаргасан хүний ямар гарз хохирол учруулсныг нь мэдэх тул биеэ авч яваа байдал, ааш зангийнх нь талаар санасан бодсоноо шууд хэлчихмээр санагдаж болох юм. Гэхдээ уурлаж уцаарлах нь хор болно уу гэхээс «Христийн оюун ухаан»-ыг тусгасан хэрэг огт болохгүй (1 Кор. 2:16; Иаков 1:19, 20-ийг уншина уу). Есүс тухайн үедээ зарим хүнд тодорхой сануулга өгч байсан ч бусдын зэвүүг хүргэх юм уу сэтгэлийг нь шархлуулах үг хэзээ ч хэлж байгаагүй (1 Петр 2:23). Харин ч гэмшвэл Ехова руу буцаж ирэх зам нь нээлттэй гэдгийг үг яриа, үйл хэргээрээ тодорхой ойлгуулдаг байсан. Тэгээд ч Есүсийн дэлхийд ирсэн нэг гол зорилго нь «нүгэлтнүүдийг аврах» явдал байсан (1 Тим. 1:15).

7, 8. Ахлагчид эрхзүйн асуудлыг шийдэхдээ юуг удирдлага болгох учиртай вэ?

7 Тэгвэл сахилга батын арга хэмжээ авахуулсан хүнд бид хэрхэн хандаж Есүсийг дуурайх ёстой вэ? Судрын үндэстэй эрхзүйн арга хэмжээ сүргийг хамгаалж, алдаа гаргасан хүнийг гэмшихэд нь туслах зорилготой байдгийг санах нь зүйтэй (2 Кор. 2:6–8). Харамсалтай нь, зарим христиан гэмшээгүйгээсээ болж хурлаас хасагддаг ч хожим тэднээс олон нь Ехова руу болон хуралд буцаж ирдэг нь сайхан. Ахлагчид Христийн хайрыг илэрхийлбэл алдаа гаргасан хүнийг гэмшиж, алсдаа буцаж ирэхэд нь тус дөхөм болох ач холбогдолтой. Гэмшсэн хүн ахлагчдын өгсөн Библийн зөвлөгөөг бүгдийг нь санахгүй байж болох ч өөрийг нь хүндэтгэж, хайрлаж байсныг санах нь лавтай.

8 Тиймээс ахлагчид алдаа гаргасан хүнийг Библийн зөвлөгөөг хүлээж авахгүй байхад нь ч «Сүнсний үр жимсийг», ялангуяа, Христийнх шиг хайр илэрхийлэх ёстой (Гал. 5:22, 23). Алдаа гаргасан христианыг хурлаас хасах гэж яарч болохгүй. Харин тэр хүнийг Ехова руу буцаж ирээсэй гэж хүсэж байгаагаа харуулах учиртай. Тэгвэл нүгэлтэн хожим нь үзэл бодлоо өөрчилсөн хойноо Ехова Бурханд ч, хуралдаа буцаж ирэхэд тус болсон «хүн бэлгүүдэд» ч чин сэтгэлээсээ талархдагийг олон хүний туршлага харуулдаг (Ефес 4:8, ШЕ, 11, 12).

Төгсгөлийн цаг үед Христийнх шиг хайр илэрхийлэх нь

9. Есүс шавь нараа хайрладгаа үйл хэргээр харуулсан жишээ хэлнэ үү.

9 Хайраа үйл хэргээрээ харуулсан Есүсийн нэг гайхамшигтай жишээг Лук тэмдэглэжээ. Есүс Ромын цэргүүд Иерусалимыг бүслээд, гарах гарцгүй болгохыг мэдэж байсан. Тиймээс шавь нартаа: «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно» гэж урьдчилан мэдэгдсэн нь хайрынх нь илрэл байв. Шавь нар нь яах ёстой байсан бэ? Есүс: «Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог. Юу гэвэл бичигдсэн бүх зүйлс биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм» гэж хэлэн, тодорхой бөгөөд нарийн заавар өгчээ (Лук 21:20–22). МЭ 66 онд Ромын цэргүүд Иерусалимыг бүслэн авахад дуулгавартай христианууд Есүсийн зааврыг дагасан.

10, 11. Иерусалимаас явсан эртний христиануудын жишээ «агуу их гай гамшигт» бэлдэхэд ямар ач холбогдолтой вэ?

10 Христианууд Иерусалимаас явах замдаа ч, дараа нь ч өөрсдийг нь хайрласан Христ шиг бие биеэ хайрлах ёстой байв. Тэд юу байгаагаа бусадтайгаа хуваалцаж байсан нь гарцаагүй. Гэхдээ Иерусалим устах тухай Есүсийн хэлсэн зөгнөл илүү өргөн хүрээнд биелэх ёстой байжээ. Тэрбээр: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно» гэж хэлсэн (Мат. 24:17, 18, 21). Удахгүй болох тэр «агуу их гай гамшгийн» өмнө, бас гамшгийн үеэр бид ч гэсэн зовлон туулж, юм юмаар дутагдаж болох юм. Гэхдээ Христийнх шиг бодол санаатай байвал тэр гамшгийг давж чадна.

11 Тэр үед бид Есүсийг дуурайн, амин хувиа бодолгүй, бусдыгаа хайрлах хэрэгтэй болно. Энэ тухайд элч Паул: «Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. ... Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай» гэж бичсэн байдаг (Ром 15:2, 3, 5).

12. Бид одоо ямар хайр хөгжүүлэх хэрэгтэй вэ? Яагаад?

12 Есүсийн хайрыг өөрийн биеэр үзсэн элч Петр ч бас христиануудад «чин сэтгэлээс ах дүүсээ хайрлан», «үнэнд дуулгавартай байхыг» уриалжээ. Христианууд «бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлах» учиртай (1 Петр 1:22). Христийнх шиг зан чанарыг хөгжүүлэх нь өнөөдөр бидэнд хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Бурхны ард түмэнд урьд урьдынхаас илүү хүнд дарамт шахалт тулгарч байгаа. Христиан хүн өнөөгийн тогтолцоог бүрдүүлдэг аль ч хэсэгт найдвар тавих учиргүйг дэлхий дахинд болж байгаа санхүүгийн хямрал бэлхнээ харуулж байна шүү дээ (1 Иохан 2:15–17-г уншина уу). Тэгэхлээр, энэ тогтолцооны төгсгөл ойртохын хэрээр Еховатай болон хурлынхантайгаа илүү дотносож, жинхэнэ анд нөхөр болох хэрэгтэй. Паул: «Ах дүүсийн хайраар бие биедээ өөрсдийгөө зориул. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» гэж зөвлөсөн (Ром 12:10). Петр ч бас энэ санааг онцлон тэмдэглэж: «Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм» хэмээн бичжээ (1 Петр 4:8).

13–15. Зарим христиан гамшигт нэрвэгдсэн ах дүүсээ Христийнх шиг хайраар хэрхэн хайрласан бэ?

13 Еховагийн Гэрчүүд Христийнх шиг хайрыг үйл хэргээрээ харуулдгаараа дэлхий дахины хэмжээнд олны хүндэтгэл хүлээдэг. 2005 онд АНУ-ын хойд хэсгийн өргөн уудам нутаг дэвсгэрт хүчтэй хар салхи гарахад тусламжийн ажилд сайн дураараа оролцсон христиануудын жишээг үзье. Есүсийн жишээг дуурайн, сайн дураараа ирсэн 20 000 гаруй Гэрчийн олонх нь гамшигт нэрвэгдсэн ах дүү нартаа туслахын тулд тав тухтай гэр орон, найдвартай ажлаа орхисон байна.

14 Нэг нутагт далайн давалгаа 10 метр өндөр хуйлран босож, эх газар луу 80 километр түрэн орж иржээ. Тэгээд буцах замдаа таарсан барилга байшингийн гуравны нэгийг хаман оджээ. Тэнд гадаадын хэд хэдэн орноос Гэрчүүд ажлын багаж зэвсэг, барилгын бараа материал авчран, шаардлагатай бүх ажлыг хийсэн бөгөөд тэдний дунд барилгын ажлын ур чадвартай хүмүүс ч байв. Эгч дүү хоёр бэлэвсэн Гэрч тусламжийн ажилд оролцох гэж ойр зуурын эд зүйлээ аваад ачааны машинаар 3 000 гаруй километр зам туулж иржээ. Дүү эмэгтэй нь тэр нутагт үлдэж, одоо ч тусламжийн ажилд оролцон, байнгын эхлэгчээр үйлчилж байгаа аж.

15 Гэрчүүд нийтдээ итгэл нэгтнүүд болон бусад хүмүүсийн 5 600 гаруй байшинг шинээр барих буюу сэргээн засварлажээ. Нутгийн Гэрчүүд итгэл нэгтнүүдийнхээ ийм их хайрыг мэдрээд яасан бол? Нэг Гэрч эмэгтэй байшин нь бүрмөсөн нурсан учир цоорхой дээвэртэй, эвдэрхий зуухтай чингэлэг тэргэнд нүүж орохоос өөр аргагүй болсон байв. Гэрчүүд түүнд энгийн боловч тохилог байшин барьж өгчээ. Тэрбээр будаг нь ханхалсан шинэхэн байшингийнхаа довжоон дээр зогсоод Еховад болон ах дүү нартаа талархсандаа баярын нулимс унагажээ. Бас олон Гэрч шинэ орон гэртэй болсныхоо дараа ч түр сууж байсан байрандаа жил гаруй амьдарчээ. Учир нь тэд тусламжийн ажилчдыг шинэ сууцандаа тавтай байлгах гэсэн аж. Итгэл нэгтнүүд маань Христийнх шиг хайрыг үйл хэргээрээ харуулсан байгаа биз?

Өвчтэй нэгэндээ Христ шиг хандах нь

16, 17. Өвчтэй нэгэндээ Христ шиг ханддаг хүн яадаг вэ?

16 Ноцтой хөнөөл учруулсан байгалийн гамшигт нэрвэгдсэн хүн бидний дунд харьцангуй цөөн байгаа болов уу. Харин өвдөж шаналахын зовлонг бараг бүгдээрээ өөрөө юм уу гэрийнхнийгээ өвдөхөд үздэг. Есүс өвчтэй хүмүүст хэрхэн ханддаг байсан нь бидэнд жишээ болдог. Тэрбээр хайрандаа хөтлөгдөн тэднийг өрөвддөг байв. Олон түмэн өвчтэй хүмүүсийг авчрахад Есүс «өвдсөн бүгдийг эдгээжээ» (Мат. 8:16; 14:14).

17 Өнөөдөр христианууд өвчин эмгэгийг Есүс шиг гайхамшгаар эдгээдэггүй боловч өвдөж шаналдаг хүмүүст Есүсийнх шиг өрөвч сэтгэл гаргадаг. Энэ нь юунаас харагддаг вэ? Тухайлбал, ахлагчид Христийнх шиг бодол санааг илэрхийлж, хурлынхаа өвчтэй гишүүдэд туслах ажил зохион байгуулж, гар бие оролцон, Матай 25:39, 40-ийг зарчмын хувьд хэрэгжүүлдэг * (Уншина уу).

18. Хоёр Гэрч эмэгтэй итгэл нэгтэндээ жинхэнэ хайрыг юугаар харуулсан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

18 Христиан хүн бусдад сайныг үйлдэхийн тулд заавал ахлагч байх албагүй. Нэг жишээ үзье. 44 настай Шарлин гэдэг эмэгтэй хавдартай байсан бөгөөд эмч нар түүнийг 10 хоногийн настай гэжээ. Шарон Николет гэдэг хоёр Гэрч эмэгтэй Шарлины биеийн байдал, түүнийг асарч сувилах ажил нөхөрт нь их амаргүй байгааг хараад, нас бартал нь тогтмол асарч сувилахаар шийджээ. Тэгтэл Шарлин 10 хоног бус, 40 гаруй хоног амьдарсан бөгөөд хоёр эмэгтэй ч түүнийг амьдралынх нь эцэс хүртэл хайрлажээ. Шарон: «Энэ хүний өвчин эдгэхгүй шүү дээ гэж бодохлоор үнэхээр хэцүү байсан. Гэхдээ Ехова бидэнд хүч тэнхээ өгч байсан юм. Энэ явдал биднийг Еховатай, бие биетэй маань илүү дотно болгосон» гэж ярьжээ. Шарлины нөхөр: «Итгэл нэгт энэ хоёр эмэгтэйн сайхан сэтгэл, тусламж дэмжлэгийг би хэзээ ч мартахгүй. Тэдний чин сэтгэл, өөдрөг зангийн ачаар Шарлин минь эцсийн сорилтыг амжилттай давсан даа. Тэд туслаагүй бол би ч бие, сэтгэлээрээ туйлдах байсан. Тэдэнд үүрд талархаж явна. Тэр хоёрын өөрсдийгөө золиослох сэтгэл Еховад итгэх итгэлийг минь бэхжүүлж, ахан дүүгийн барилдлагаа хайрлах хайрыг минь лавшруулсан» гэж сэтгэлийнхээ үгийг хэлсэн юм.

19, 20. а) Христийнх шиг бодол санаатай болоход туслах ямар таван чанарыг авч үзсэн бэ? б) Та яахаар шийдсэн бэ?

19 Бид цуврал гурван өгүүллээр Есүсийнх шиг бодол санаатай болоход туслах таван чанарыг авч үзээд, түүнийг үзэл бодол, үйл хэргээрээ хэрхэн дуурайж болохыг ярилцлаа. Есүс шиг «зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу» байцгаая (Мат. 11:29). Хүний төгс бус байдал, алдаа дутагдал нь цухалзахад ч энэрэнгүй хандацгаая. Бас сорилт тулгарахад ч зоригтой байж, Еховагийн бүх хуулийг дуулгавартай сахицгаая.

20 Түүнчлэн, шавь нараа «эцэст нь хүртэл» хайрласан Христийнх шиг хайраар итгэл нэгт бүх ах дүүгээ хайрлацгаая. Христийнх шиг хайр илэрхийлбэл Есүсийн жинхэнэ дагалдагч мөн гэдгээ батална (Иох. 13:1, 34, 35). «Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье» (Евр. 13:1). Хайраа бүү харамлаарай! Еховаг магтан алдаршуулж, хүмүүст туслах үйлсэд амьдралаа зориулаарай! Тэгвэл Ехова таны чин сэтгэлийн хүчин чармайлтыг арвин ихээр ивээнэ.

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 5 дугаар сарын 1-ний дугаараас «Христиан хүн өндөр настнуудад санаа тавих үүрэгтэй» гэдэг өгүүлэл, 1986 оны 10 дугаар сарын 15-ны дугаараас «„Дулаацах болтугай, цадах болтугай“ гэж хэлэхээс илүүг хийгтүн» гэдэг өгүүллийг (англи) тус тус үзнэ үү.

Тайлбарлана уу

• Ахлагчид алдаа гаргасан хүнд Христийнх шиг бодол санаагаар хэрхэн хандаж болох вэ?

• Төгсгөлийн цаг үед Христийнх шиг хайр илэрхийлэх нь яагаад чухал бэ?

• Өвчтэй нэгэндээ Христ шиг ханддаг хүн яадаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[17-р хуудасны зураг]

Ахлагчид алдаа гаргасан хүнийг Ехова руу буцаж ирээсэй гэж хүсдэг

[18-р хуудасны зураг]

Иерусалимаас явсан христианууд Христийнх шиг бодол санааг яаж илэрхийлсэн бэ?

[19-р хуудасны зураг]

Еховагийн Гэрчүүд Христийнх шиг хайрыг үйл хэргээрээ харуулдгаараа олны хүндэтгэл хүлээдэг