Skip to content

Гарчиг руу орох

Таныг аврахын тулд Ехова юу хийснийг та үнэлдэг үү?

Таныг аврахын тулд Ехова юу хийснийг та үнэлдэг үү?

Таныг аврахын тулд Ехова юу хийснийг та үнэлдэг үү?

«Израилийн Бурхан [Ехова] магтагдах болтугай! Юу гэвэл Тэр бидэн уруу ирж, Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн» (ЛУК 1:68).

1, 2. Бид хүнд байдалтай байгааг ямар жишээгээр тайлбарлаж болох вэ? Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ТА өөрийгөө эмнэлэгт хэвтэж байгаагаар төсөөл дөө. Таны эмчлүүлж байгаа тасгийн өвчтнүүд бүгд адилхан өвчтэй аж. Тэр өвчнийг эмчлэх аргыг одоохондоо олоогүй учир тийм өвчтэй хүн эцэстээ үхдэг ажээ. Тэгтэл нэг эмч эмчлэх арга олох судалгааны ажлыг тэргүүлэн удирдаж байгааг дуулсан танд найдвар төрж, ямар нэг ахиц дэвшил гарахыг чих тавин хүлээх болов. Та нэгэн өдөр эмчлэх арга олдсоныг дуулжээ! Тэр эмч эмчлэх арга олохын тулд ихийг золиосолсон байв. Танд ямар сэтгэл төрөх бол? Үхлийн аюулаас аврагдах замыг танд болон өөр олон хүнд нээсэн тэр хүнийг хүндэтгэх, талархах сэтгэл төрөх нь гарцаагүй.

2 Энэ жишээ хэтрүүлэг мэт санагдаж болох ч үнэндээ бодит байдалд нийцдэг. Бүх хүн дээрх жишээнд дүрсэлснээс ч илүү хүнд байдалтай байна. Бид бүгдэд аврагч зайлшгүй хэрэгтэй (Ром 7:24-ийг уншина уу). Биднийг аврахын тулд Ехова ч, Хүү нь ч ихийг золиосолсон. Одоо, биднийг яагаад аврах хэрэгтэй болоод байна вэ? Биднийг аврахын тулд Есүс юу золиосолсон бэ? Ехова юу золиосолсон бэ? Бурхны ачаар аврагдах боломжтой болсондоо талархдагаа юугаар харуулах вэ? гэсэн дөрвөн чухал асуултыг авч үзье.

Аврагдахын учир

3. Нүглийн аюулыг цар тахлынхтай харьцуулахад ямар вэ?

3 Саяхны нэгэн судалгаанаас үзвэл, түүхэнд гарсан хамгийн хөнөөлтэй цар тахлын нэг нь 1918 онд дэгдэж, олон арван сая хүний аминд хүрсэн испани томуу ажээ. Гэхдээ үүнээс ч аюултай өвчин байдаг бөгөөд тийм өвчин цөөн тооны хүнд халддаг ч халдвар авсан хүмүүсийн ихэнх нь амиа алддаг байна. * Тэгвэл нүглийн аюулыг тийм цар тахлынхтай харьцуулахад ямар вэ? Ром 5:12-т: «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» гэж байдгийг санацгаая. Төгс бус хүмүүс бүгдээрээ нүгэлтэй учир нүглийн тархалтыг 100 хувь гэж тооцож болно (Ром 3:23-ыг уншина уу). Тэгвэл нүглээс болж хэдэн хүн үхдэг вэ? Паулын бичсэнээр, нүглийн улмаас «бүх хүн» үхдэг.

4. Еховагийн хүслээр бол, хүн хэр удаан амьдрах ёстой вэ? Бурхны үзэл бодол хүнийхээс ямар ялгаатай вэ?

4 Өнөөдөр олон хүн нүгэл болон үхлийг жирийн юм мэт үздэг. Хүмүүс зуурдын үхэлтэй эвлэрч чаддаггүй ч өтөлж хөгшрөөд нас барахыг «жам ёсных» гэж үздэг. Хүн төрөлхтний үзэл бодол Бүтээгчийн анхны санаа зорилгоос хэтэрхий их холджээ. Эдүгээ хүний амьдрах хугацаа дэндүү богино, Бүтээгчийн бодож байсантай жишихийн аргагүй болсон байна. Нарийн яривал, Еховагийн хэмжүүрээр «нэг өдөр» амьдарсан хүн ч байдаггүй (2 Петр 3:8). Тиймээс Бурхны Үгэнд хүний амьдралын ахар богиныг зун ургаж намар хагдардаг «өвс ногоо», «зүгээр л нэг амьсгал» гэж дүрсэлсэн байдаг (Дуу. 39:5; 1 Петр 1:24). Бид энэ бүхнийг ямагт санаж явах хэрэгтэй. Учир нь өнөөх айхавтар «өвчин» буюу нүглийн урхгийг ойлговол «эмчилгээ» буюу авралын ач холбогдлыг илүү үнэлдэг болно.

5. Нүглийн улмаас бид юу алдсан бэ?

5 Нүглийн урхгийг ойлгоё гэвэл нүглээс болж юу алдсанаа олж мэдэх нь зүйтэй. Гэхдээ бид өөрсдөө тэр зүйлийг хэзээ ч эдэлж үзээгүй учир ойлгоё ч гэсэн эхлээд төвөгтэй байж болох юм. Эхэндээ Адам Ева хоёр төгс амьтай байсан. Төгс оюун ухаантай, төгс бие бялдартай тэд санаа бодол, сэтгэл мэдрэмж, үйл хэргээ хянаж чадах байв. Тиймээс Еховад үйлчлэнгээ өөрсдөд нь байсан гайхамшигт чанаруудыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадах байлаа. Гэтэл тэд гайхамшигт бэлэг буюу төгс аминаас татгалзжээ. Адам Ева хоёр Еховагийн хуулийг зөрчихөөр шийдэн нүгэл үйлдсэн учир Бүтээгчийнхээ хүсэж байсан шиг мөнх амьдрах аргагүй болов. Бас үр хүүхдэдээ тэр амийг өвлүүлэх боломжгүй болсон (Эх. 3:16–19). Мөн дээр дурдсан аймшигт «өвчин» тэдэнд ч, үр хүүхдэд нь ч туссан. Тиймээс Ехова тэр хоёрт ял оноосон нь зүйн хэрэг юм. Гэхдээ бидэнд аврагдах боломж олгодог (Дуу. 103:10).

Биднийг аврахын тулд Есүс юу золиосолсон бэ?

6, 7. а) Биднийг аврахын тулд ихийг золиослох шаардлагатайг Ехова анх хэрхэн мэдэгдсэн бэ? б) Хуулиас өмнө амьдарч байсан Абел нарын үнэнч хүмүүс амьтнаар тахил өргөдөг байснаас ямар дүгнэлт хийж болох вэ?

6 Адам Евагийн үр удмыг аврахын тулд ихийг золиослох хэрэгтэй болохыг Ехова мэдэж байжээ. Чухам юу гэдгийг Эхлэл 3:15-ын зөгнөлөөс мэдэж болно. Ехова «үр» буюу аврагч илгээх бөгөөд тэр аврагч нэгэн өдөр Сатаныг үгүй хийх аж. Гэхдээ бэлгэдлийн утгаар түүний өсгий шархдах буюу тэрбээр зовох байв. Өсгий нь шархадвал зовуурилан шаналж, сульдаж доройтох нь ойлгомжтой. Гэхдээ энэ зөгнөл чухам ямар утгатай вэ? Еховагийн сонгосон Нэгэнд юу тохиолдох вэ?

7 Хүн төрөлхтнийг нүглээс аврахын тулд тэрхүү аврагч нүглийг цайруулан, үр дагаврыг нь арилгаж, хүмүүсийг Бурхантай эвлэрүүлэх ёстой байв. Үүний тулд юу хэрэгтэй байсан бэ? Тахил хэрэгтэй гэдгийг хүмүүс эртнээс гадарлаж байсан нь харагддаг. Тухайлбал, анхны үнэнч хүн Абел Еховад амьтнаар тахил өргөн сайшаалыг нь хүлээж байсан. Бурхнаас эмээдэг Ноа Абрахам Иаков Иов нарын хүмүүс ч бас амьтнаар тахил өргөөд Бурханд таашаагдаж байжээ (Эх. 4:4; 8:20, 21; 22:13; 31:54; Иов 1:5). Хожим нь, амьтнаар тахил өргөхийн чухлыг Мосегийн хууль илүү тодорхой ойлгуулсан.

8. Тэргүүн тахилч жил бүрийн Эвлэрүүллийн өдрөөр юу хийдэг байсан бэ?

8 Мосегийн хуульд заасан хамгийн чухал тахилуудын нэг нь жил бүрийн Эвлэрүүллийн өдрөөр өргөдөг тахил байв. Тэр өдөр тэргүүн тахилч бэлгэдлийн утгатай зан үйл үйлдэж, эхний ээлжид тахилчдын төлөө, дараагийн ээлжид тахилч бус бусад овгийнхны нүглийг цайруулах зорилгоор тахил өргөдөг байв. Зөвхөн тэргүүн тахилч асар буюу сүмийн Ариунаас ариун газарт гагцхүү энэ өдөр ордог байжээ. Тэгээд тахил болгож өргөсөн амьтны цусыг гэрээний авдрын өмнө цацдаг байв. Ехова Бурхны оршихуйг бэлгэддэг гэрэлт үүл тэрхүү ариун авдрыг заримдаа бүрхдэг байсан (Ег. 25:22; Лев. 16:1–30).

9. а) Тэргүүн тахилч Эвлэрүүллийн өдөр хэнийг төлөөлдөг байсан бэ? Өргөдөг тахил нь юуны бэлгэдэл байсан бэ? б) Тэргүүн тахилч Ариунаас ариун газарт ордог байсан нь юуг бэлгэддэг вэ?

9 Тэргүүн тахилчийн үйлддэг байсан бэлгэдлийн зан үйлийн учир холбогдлыг элч Паул Бурхны онгодоор хөтлүүлэн тайлбарласан. Тэргүүн тахилч өөрөө Мессиа буюу Есүс Христийг төлөөлж байжээ. Харин өргөдөг тахил нь золих тахил буюу Христийн үхлийг бэлгэдэж байсан аж (Евр. 9:11–14). Тэрбээр төгс амиа тахил болгон үхсэнээр хоёр бүлэг хүний, тодруулбал, сүнсээр тослогдсон 144 000 ах дүү нь болох тахилчид болон «өөр хонинуудын» нүглийг цайруулсан (Иох. 10:16, ШГ). Тэргүүн тахилч Ариунаас ариун газарт ордог байсан нь Есүсийг тэнгэрт өөрт нь орж, золих тахилынхаа үнэ цэнийг Ехова Бурханд өргөн барихыг бэлгэдэж байв (Евр. 9:24, 25).

10. Библид зөгнөснөөр, Мессиад юу тохиолдох байсан бэ?

10 Тэгэхлээр, Адам Ева хоёрын үр удмыг аврахын тулд ихийг золиослох шаардлагатай аж. Мессиа амиа золиос болгох ёстой байжээ! Еврей Судрыг бичсэн зөнчид энэ тухай тодорхой бичсэн байлаа. Тухайлбал, зөнч Даниел «Жонон Мессиаг» «гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээхийн» тулд «таслагдах» буюу алуулна гэж шууд бичжээ (Дан. 9:24–26). Бас Исаиа Мессиаг төгс бус, нүгэлт хүмүүсийн төлөө доромжлуулж, хавчигдаж, хатгагдах буюу алуулахыг зөгнөсөн (Ис. 53:4, 5, 7).

11. Еховагийн Хүү биднийг аврахын тулд амиа золиослоход бэлэн байснаа хэрхэн харуулсан бэ?

11 Бурхны цорын ганц Хүү биднийг аврахын тулд юу золиослох ёстойгоо дэлхийд ирэхээсээ өмнө мэдэж байжээ. Тэрбээр тарчлан зовж байгаад үхэх учиртай байв. Эцэг нь энэ бүхнийг хэлж ярихад Есүс шантарч няцсан уу, дургүйцсэн үү? Үгүй ээ, харин ч Эцгийнхээ зааврыг дуулгавартай дагасан (Ис. 50:4–6). Дэлхийд байхдаа ч Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэн дуулгавартай байсан. Яагаад? Есүс нэг шалтгааныг тайлбарлан: «Би Эцэгээ хайрладаг» гэж хэлсэн. Бас «Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй» гэж хэлэхдээ өөр нэгэн шалтгааныг тэмдэглэжээ (Иох. 14:31; 15:13). Тэгэхлээр, биднийг аврагдах боломжтой болоход Еховагийн Хүүгийн хайр ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Есүс биднийг аврахын төлөө төгс амиа дуртайяа золиосолсон.

Биднийг аврахын тулд Ехова юу золиосолсон бэ?

12. Золиосны арга хэмжээ хэний хүсэл тааллын илрэл бэ? Тэрбээр юуны учир ийм арга хэмжээ авсан бэ?

12 Есүс бол золиосны арга хэмжээг Санаачлагч биш ээ. Биднийг аврах нь Еховагийн хүсэл тааллын салшгүй хэсэг юм. Сүм дэх тахилын ширээ Еховагийн «хүслийг» бэлгэддэг байсныг элч Паул тэмдэглэсэн байдаг (Евр. 10:10). Тиймээс, Христийн золиосны ачаар аврагдах боломжтой болсон маань, юуны түрүүнд, Еховагийн ач юм (Лук 1:68). Золиосны арга хэмжээ бол Бурхны төгс хүсэл тааллынх нь болон хүн төрөлхтнийг гэсэн агуу хайрынх нь илрэл билээ (Иохан 3:16-г уншина уу).

13, 14. Бидний төлөө Еховагийн юу хийснийг ойлгоход Абрахамын түүх ямар ач холбогдолтой вэ?

13 Ехова биднийг хайрладгаа ийн харуулахдаа юу золиосолсон бэ? Үүнийг ойлгох бидэнд амаргүй. Гэхдээ Библид гардаг нэг үйл явдлыг авч үзвэл ойлгоход дөхөм болно. Ехова Абрахам гэдэг үнэнч хүнд биелүүлэхэд үнэхээр амаргүй хүсэлт тавьжээ. Тэр хүсэлт ёсоор бол, Абрахам хүү Исаакаа тахил болгох учиртай болов. Ехова Абрахамд энэ тухай хэлэхдээ «цорын ганц хайртай хүү» Исаакаа гэснийг нь бодохлоор Абрахам үр хүүхдэдээ хайр халамжтай хүн байж (Эх. 22:2). Гэвч Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг хүүгээ хайрлахаас ч илүү чухалд тооцон, тэр хүсэлтийг дуулгавартай биелүүлэхээр болжээ. Гэхдээ Ехова хожим өөрөө хийх тэр зүйлийг Абрахамаар хийлгээгүй юм. Хүүгээ тахил болгон өргөдгийн даваан дээр Бурхны илгээсэн тэнгэр элч Абрахамыг болиулав. Абрахам ийм хүнд бэрх сорилттой тулгарахдаа ч Бурханд дуулгавартай байхаар эргэлт буцалтгүй шийдсэн байсан бөгөөд дахин амилахаас нь нааш хүүтэйгээ уулзаж чадахгүйгээ сайн мэдэж байсан ч Бурхан хүүг нь заавал амилуулна гэдэгт бат итгэж байв. Тийм ч учраас, Абрахам хүүгээ «амилуулагдсан мэт» буцаан авсан гэж Паул бичжээ (Евр. 11:19).

14 Абрахам хүүгээ тахил болгон өргөх гэж байхдаа хэчнээн их шаналж байсан бол оо? Үүнийг бодож үзэх нь Ехова «хайрт Хүүгээ» золиослохдоо ямар их зовж шаналсныг төсөөлөхөд тус болно (Мат. 3:17). Гэхдээ Еховагийн сэтгэл Абрахамынхаас илүү их өвдөж байсныг тооцох хэрэгтэй. Тэрбээр Хүүтэйгээ хамт тоолж баршгүй олон сая, магадгүй олон тэрбум жилийг өнгөрүүлсэн. Хүү нь Эцгийнхээ «уран дархнаар» дуртайяа ажиллаж, «Үг» буюу Төлөөлөгч нь байсан (Сур. 8:22, 30, МБОХ, 2000, 31; Иох. 1:1). Хүүг нь тарчилган зовоож, элэглэн шоолж, эцэс сүүлд нь, гэмт хэрэгтэн мэт цаазлахад Ехова яаж зовж байсныг бид бүрэн гүйцэд ухаарахын аргагүй. Биднийг аврахын тулд Ехова үнэхээр ихийг золиосолжээ! Тэгвэл биднийг аврахын тулд хийсэн бүхнийг нь үнэлдгээ юугаар харуулах вэ?

Золиосны арга хэмжээг үнэлдгээ хэрхэн харуулах вэ?

15. Есүс нүглийг цайруулах үйл хэргээ хэрхэн гүйцээсэн бэ? Үүний дүнд ямар боломж бүрдсэн бэ?

15 Есүс тэнгэрт гарсныхаа дараа хайртай Эцэгтээ очиж, золиосны үнэ цэнийг өргөн барьж, нүглийг цайруулах агуу үйл хэргээ гүйцээсэн. Үүний ачаар хүмүүст их ивээл хүртээх боломж бүрдэв. Юуны түрүүнд, Христийн тослогдсон ах дүүсийн, улмаар, «бүх ертөнцийн» нүглийг бүрмөсөн уучлах боломжтой болсон. Нүглээ чин сэтгэлээсээ гэмшиж, Христийн жинхэнэ дагалдагч болсон бүх хүн золиосны ачаар Ехова Бурхантай дотно харьцаа тогтоодог (1 Иох. 2:2). Энэ нь таны хувьд чухам юу гэсэн үг вэ?

16. Биднийг аврахын тулд авсан Еховагийн арга хэмжээнд талархах учиртайг жишээгээр тайлбарлана уу.

16 Өгүүллийн эхэнд гарсан жишээг эргэн санацгаая. Аюулт өвчнийг эмчлэх арга олсон эмч танай тасгийн өвчтнүүдэд: «Эмчилгээ хийлгэж, дэглэм сахивал заавал эдгэнэ» хэмээжээ гэж бодъё. Гэтэл ихэнх өвчтөн эм ууж, дэглэм сахихаас төвөгшөөж, эмчийн зааврыг дагахгүй гэцгээвэл та яах вэ? Эмчилгээний үр дүнг батлах баримт байсаар атал тэднийг дагах уу? Үгүй биз дээ? Харин ч эмчлэх арга олсон эмчид талархаж, өгсөн зааврыг нь баримтлан, цаашлаад, бусдад энэ талаар ярих нь гарцаагүй. Үүнтэй адилаар, Хүүгээ золиослон байж биднийг аврах арга хэмжээ авсан Еховад хэчнээн их талархдагаа харуулахыг бид дор бүрнээ чин сэтгэлээсээ хичээх учиртай (Ром 6:17, 18-ыг уншина уу).

17. Таныг аврах зорилгоор Еховагийн хийсэн бүхэнд талархдагаа та яаж харуулах вэ?

17 Хүнийг нүгэл, үхлээс аврахын тулд Ехова болон Хүүгийнх нь хийсэн бүхнийг бид үнэлдэг бол үүнийгээ үйл хэргээрээ харуулах учиртай (1 Иох. 5:3). Нүгэл үйлдэх хандлагатай тэмцэцгээе. Санаатайгаар нүгэл үйлддэг зуршлаа нууж хоёр нүүр гаргахгүй байцгаая. Эс тэгвээс золиосыг огт үнэлдэггүй буюу энэ арга хэмжээний төлөө Бурханд талархдаггүй гэж хэлсэнтэй адил болно. Харин талархлаа илэрхийлж, Бурхны нүдэнд цэвэр байхын тулд тууштай тэмцэцгээе (2 Петр 3:14). Бас аврагдах найдвараа хүмүүстэй хуваалцаж, улмаар Еховатай дотносож, мөнх амийн найдвар өвөрлөхөд нь тэдэнд тусалцгаая (1 Тим. 4:16). Ехова Есүс хоёр биднээр магтуулах гавьяатай бөгөөд бид үүнд цаг зав, хүч чадлаа харамгүй зориулах нь зүйтэй! (Марк 12:28–30). Бурхан эдгэшгүй өвчинтэй адил нүглээс биднийг бүрмөсөн чөлөөлж, санаж зорьсныхоо дагуу төгс болгон, мөнх амьдруулах цаг ирнэ гээд бодоод үз дээ. Энэ бүхэн биднийг аврахын тулд Еховагийн хийсэн бүхний ачаар биелнэ! (Ром 8:21).

[Зүүлт]

^ Испани томууны дэгдэлтийн үед тухайн үеийн дэлхийн хүн амын 20-50 хувь нь халдвар авсан бөгөөд тэдний 1-10 хувь нь үхсэн гэсэн тооцоо байдаг. Гэтэл ховор тохиолддог Эбола гэдэг вирусээр үүсгэгддэг өвчин огцом дэгдэх үед халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь нас барсан байна.

Хариулна уу

• Аврагдах зайлшгүй хэрэгтэйн учир юу вэ?

• Есүс өөрийгөө золиосолсон нь танд ямар ач холбогдолтой вэ?

• Еховагийн өгсөн бэлэг буюу золиосны арга хэмжээ танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

• Таныг аврах зорилгоор Ехова арга хэмжээ авсны хариуд та юу хийх вэ?

[Догол мөрийн асуулт]

[27-р хуудасны зураг]

Израилийн тэргүүн тахилч Эвлэрүүллийн өдөр Мессиагийн амьд үлгэр загвар болдог байв

[28-р хуудасны зураг]

Абрахам хүүгээ тахил болгон өргөхдөө дуртай байснаас Хүүгээ золиос болгосон Еховагийн тухай ихийг мэдэж болно