Үргэлж Христийнх шиг бодол санаатай байгтун
Үргэлж Христийнх шиг бодол санаатай байгтун
«Христ Есүсийн дагуу ... нэг бодол санаатай бай» (РОМ 15:5).
1. Христийнх шиг бодол санаатай болох гэж хичээхийн учир юу вэ?
ЕСҮС Христ: «Над уруу ир. ... Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно» гэж хэлсэн (Мат. 11:28, 29). Энэхүү чин сэтгэлийн уриалга нь халамжит Есүсийн бодол санааг тод харуулдаг. Дуурайвал зохих хамгийн сайн жишээг гагцхүү Есүс үзүүлсэн. Тэрбээр Бурхны хүчирхэг Хүү байсан атлаа хүмүүст, ялангуяа, зовж зүдэрсэн хүмүүст өрөвч, уян зөөлөн сэтгэлээр ханддаг байжээ.
2. Есүсийнхтэй адил бодол санаатай болоход тустай ямар ямар чанарыг авч үзэх вэ?
2 Яавал Есүсийнхтэй адил бодол санаатай болж, тэр бодол санаагаа гээхгүй явж, улмаар амьдрал дээрээ «Христийн оюун ухааныг» тусган харуулж болохыг энэ болон дараагийн хоёр өгүүллээр ярилцана (1 Кор. 2:16). Есүсийн дөлгөөн ба даруу зан, энэрэл, Бурханд дуулгавартай байдал, эр зориг, хувиршгүй хайр гэсэн таван чанарыг дэлгэрэнгүй авч үзье.
Есүсийн дөлгөөн занд суралцах нь
3. а) Есүс даруу байхын чухлыг зааж ямар жишээ үзүүлсэн бэ? б) Сул дорой шавь нараа алдахад нь Есүс яасан бэ?
3 Бурхны төгс Хүү Есүс дэлхийд дуртайяа ирэн төгс бус, нүгэлт хүмүүсийн дунд үйлчилсэн билээ. Тэдний зарим нь хожим өөрийг нь алах байсан ч Есүс үргэлж өөрийгөө захирч, баяр баясгалантай байсан (1 Петр 2:21–23). Есүс рүү «хараагаа чиглүүлэх» нь бусдын алдаа дутагдал, төгс бус байдал бидний хувьд сорилт болоход ч өөрийгөө захирч, баяр баясгалангаа алдахгүй байхад тустай (Евр. 12:2). Тэрбээр буулгыг нь хамтдаа үүрэлцэж, өөрөөс нь суралцахыг шавь нартаа уриалсан (Мат. 11:29). Тэд юунд суралцаж болох байсан бэ? Жишээ нь, Есүсийн дөлгөөн занг, бас шавь нараа алдаа дутагдал гаргахад тэвчээртэй ханддагийг нь сурч болох байлаа. Есүс үхэхийнхээ өмнөх орой тэдний хөлийг угааж «зүрх сэтгэлдээ ... даруу» байхын мартагдашгүй сургамж үлдээсэн (Иохан 13:14–17-г уншина уу). Дараахан нь, «сэргэг байж» чадаагүй Петр Иаков Иохан гурвын сул доройг ойлгож өрөвдсөн Есүс: «Симон, чи унтаж байна уу?» гэж асуугаад, «Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой» гэж хэлжээ (Марк 14:32–38).
4, 5. Бусдын сул талыг анзаарвал Есүсийн жишээгээр яах нь зүйтэй вэ?
4 Хэрэв итгэл нэгт ах дүүсийн маань хэн нэг нь өрсөлдөөнч, гомдомтгой, эсвэл ахлагчид юм уу «итгэмжит ухаалаг боолын» зөвлөгөөг хүлээн авахдаа хойрго бол бид яах нь зүйтэй вэ? (Мат. 24:45–47). Иймэрхүү зан авир Сатаны ертөнцөд түгээмэл байдаг учир ертөнцийн хүмүүсийн ингэж авирлахыг тэвчиж болдог ч итгэл нэгтнүүдээ тэвчихэд туйлын амаргүй байж болох юм. Бусдын алдаа дутагдалд амархан бухимддаг бол өөрөөсөө: «Би „Христийн оюун ухааныг“ илүү сайн тусган харуулдаг болохын тулд яах хэрэгтэй вэ?» гэж асуугаарай. Шавь нар нь сүнслэг бодол санаатай болж чадаагүй байхад ч Есүс бухимдан цухалдаж байгаагүйг санаж явахыг хичээгээрэй.
5 Элч Петрийн жишээг авч үзье. Есүс Петрийг завинаасаа гараад, усан дээгүүр алхаж өөр лүү нь ир гэхэд Петр эхэндээ тэгж чадсан. Тэгснээ салхи хараад айн, живж эхлэв. Тэгэхэд нь Есүс уурлаж, «Болж! Хашрав уу, чи?» гэсэн үү? Үгүй ээ! «Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран: „Бага итгэлт минь, чи юунд эргэлзэв?“ гэжээ» (Мат. 14:28–31). Христиан нөхрийн тань итгэл дутмаг байгааг анзаарвал Есүсийг дуурайн «гараа сунгаж», итгэлээ бэхжүүлэхэд нь туслах уу? Тусалбал Петрт дөлгөөн хандсан Есүсээс суралцаж байгаа хэрэг болно.
6. Эрх мэдэл, нэр алдарт дурлахын тухайд Есүс шавь нартаа юу гэж сургасан бэ?
6 Түүнчлэн, Петр болон бусад элч нар хэн нь хамгийн агуу вэ гэж дандаа маргадаг байжээ. Иаков Иохан хоёр Есүсийг хаанчлахад нэг нь баруун талд нь, нөгөө нь зүүн талд нь суухыг хүсдэг байлаа. Петр болон бусад элч нар үүнийг нь мэдээд тэдэнд зэвүүцдэг. Шавь нар нь өсөж хүмүүжсэн нийгмийнхээ нөлөөнд автан тийм бодол санаатай болсныг Есүс ойлгож байв. Тэгээд тэднийг өөр лүүгээ дуудаж: «Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ. Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог» гэж хэлдэг. Цааш нь өөрийгөө жишээ болгон «Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн» хэмээжээ (Мат. 20:20–28).
7. Хурлаа эв нэгдэлтэй байлгахын тулд хүн бүр ямар байх хэрэгтэй вэ?
7 Даруу зантай Есүсийн бодол санааг эргэцүүлэн бодох нь ах дүүсийнхээ дунд «хамгийн өчүүхэн» байхад тус болно (Лук 9:46–48). «Хамгийн өчүүхэн» байх нь эв нэгдэлтэй байхад тустай. Ехова өнөр гэр бүлийн эцгийн адилаар хүүхдүүдээ «хамтдаа нэгдмэлээр амьдраасай», эв эетэй байгаасай гэж хүсдэг (Дуу. 133:1). Есүс Эцэгтээ хандан: «Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдээсэй», жинхэнэ христианууд бүгд эв нэгдэлтэй байгаасай гэж залбирсан (Иох. 17:23). Тэгэхлээр бид эв нэгдэлтэй бол Христийн дагалдагч гэдгээ батлан харуулна. Эв нэгдлээ хадгалахын тулд бусдын төгс бус байдалд Христийнх шиг үзэл бодлоор хандах учиртай. Есүс ууч сэтгэлтэй хүн байсан. Есүсийн зааж сургаснаар, бид бусдыг уучилдаг байж гэмээнэ бусдаар уучлуулна (Матай 6:14, 15-ыг уншина уу).
8. Бурханд олон жил үйлчилсэн хүмүүсээс юунд суралцаж болох вэ?
8 Бас Христийг олон жил дуурайж байгаа христиануудын итгэлийг дуурайвал ихийг сурч болдог. Тэд Есүсийн адилаар бусдын төгс бус байдлыг ихэнхдээ ойлгож чаддаг. Бас Христийнх шиг өрөвч сэтгэлтэй байвал «хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх» хийгээд эв нэгдлээ хадгалахад тустайг, мөн Христийн бодол санааг тусган харуулахыг хурлын бүх гишүүнд уриалж буй хэрэг болохыг ухаарсан байдаг. Тэд «Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэснээр бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар нэг дуу хоолойгоор алдаршуулахын тул юм» гэж Ром дахь христиануудад бичсэн элч Паулынхтай адил сэтгэл өвөрлөдөг (Ром 15:1, 5, 6). Тийм ээ, бид эв нэгдэлтэйгээр Еховаг шүтвэл түүнийг алдаршуулна.
9. Есүсийг дуурайхын тулд ариун сүнс авах хэрэгтэйн учир юу вэ?
9 Есүс «зүрх сэтгэлдээ ... даруу» байхыг Бурхны ариун сүнсний үр жимсний нэг хэсэг болсон дөлгөөн зантай уялдуулсан юм. Тийм учраас, Есүсийг жинхэнэ ёсоор дуурайя гэвэл үлгэр жишээг нь судлахын зэрэгцээ Еховагаас ариун сүнс авах хэрэгтэй. Бурхны ариун сүнсийг гуйн залбирч, үр жимсийг нь буюу «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг» хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай (Гал. 5:22, 23). Есүсийг дуурайн даруу ба дөлгөөн занг хөгжүүлбэл тэнгэрийн Эцэг Еховагаа баярлуулна.
Есүс хүмүүст энэрэнгүй ханддаг байсан нь
10. Есүс энэрэнгүй хүн байсан нь юунаас харагддаг вэ?
10 Энэрэл бол ариун сүнсний үр жимсний бас нэг хэсэг юм. Есүс хүмүүст дандаа энэрэнгүй ханддаг байжээ. Тэрбээр сайн санаа өвөрлөн ирсэн хүн бүрийг энэрэнгүй сэтгэлээр «угтан авдаг» байв (Лук 9:11-ийг уншина уу). Есүсийн энэрэнгүй сэтгэлээс бид юунд суралцаж болох вэ? Энэрэнгүй хүн нөхөрсөг, эелдэг зөөлөн, өрөвч, нигүүлсэнгүй байдаг. Есүс тийм л хүн байсан. Хүмүүс «хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байсан» учир Есүс тэднийг өрөвддөг байв (Мат. 9:35, 36).
11, 12. а) Есүс өрөвч сэтгэлээ үйлсээрээ харуулсан нэг түүхийг ярина уу. б) Энэ түүхээс юунд суралцаж болох вэ?
11 Есүс энэрэнгүй, өрөвч сэтгэлээ үйлсээрээ харуулдаг байсныг батлах нэг жишээ үзье. Бүтэн 12 жил цус алдах өвчнөөр шаналсан нэг эмэгтэй байжээ. Мосегийн хуулиар, тийм өвчтэй хүн ч, түүнд хүрсэн хүн ч бузар хэмээгдэж, шүтлэгийн арга хэмжээнд оролцох эрхгүй байдгийг эмэгтэй мэдэж байлаа (Лев. 15:25–27). Гэлээ ч Есүс энэрэнгүй сэтгэлээрээ олны хүндэтгэл хүлээж байсан учир өөрийг нь эдгээж чадах төдийгүй эдгээхийг хүснэ гэж эмэгтэй итгэж байжээ. Тэрбээр: «Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ» гэж өөртөө дахин дахин хэлж байлаа. Тэгээд зориг гарган хувцсанд нь хүрмэгц эдгэснээ тэр даруйд мэдэрчээ.
12 Есүс хэн нэг хүний гар өөрт нь хүрснийг мэдээд, харах гэж эргэн тойрноо ажиглав. Мөнөөх эмэгтэй Хууль зөрчлөө хэмээн зэмлүүлнэ гэж айсандаа ч тэр үү, чичирсээр ирж, Есүсийн өмнө унаад, бүх үнэнээ хэллээ. Есүс хөөрхий эмэгтэйг зэмлэсэн үү? Үгүй! Харин ч, «Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван яв» гэж эелдэг зөөлөн хэлжээ (Марк 5:25–34). Эмэгтэй тийм үг сонсоод хэчнээн их тайвширсан бол оо!
13. а) Есүсийн үзэл бодол фарисайчуудынхаас ямар ялгаатай байсан бэ? б) Есүс хүүхдэд хэрхэн ханддаг байсан бэ?
13 Христ эрх мэдлээ ашиглан зовлон дээр зовлон нэмдэг хатуу сэтгэлтэй фарисайчууд шиг байгаагүй (Мат. 23:4). Харин ч ард олонд энэрэнгүй хандаж, Еховагийн үзэл бодлыг тэвчээртэйгээр заадаг байжээ. Тэрбээр дагалдагчдынхаа хувьд хайр халамжтай найз, ямагт энэрэнгүй, жинхэнэ анд нь байсан юм (Сур. 17:17; Иох. 15:11–15). Хүүхэд багачууд хүртэл Есүстэй хамт байхдаа тааваараа байдаг, Есүс ч хүүхдүүдтэй хамт байх дуртай байсан нь лавтай. Тэрбээр хүүхдэд зав гаргахын тулд ажлаа ч түр зогсоож байсан юм. Нэгэн удаа хүмүүс Есүсээр гар хүргүүлэх гэж хүүхдүүдээ авчирдаг. Тэгтэл тэр үеийн шашны удирдагчидтай адил өөрсдийгөө дээгүүр тавих үзэлтэй байсан шавь нар нь тэдэнд саад хийхийг оролдоход Есүс дургүйцжээ. Тэгээд шавь нартаа: «Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм» хэмээгээд, хүүхдүүдийг жишээ болгон, «Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй» гэж хэлсэн (Марк 10:13–15).
14. Хүүхдийг хайрлан халамжлах нь ямар ач тустай вэ?
14 Тэр хүүхдүүдийн зарим нь Есүс өөрсдийг нь «тэвэрч, ... мутраа тавиад ерөөж» байсныг олон жилийн дараа дурсахад ямар санагдсан бол оо (Марк 10:16). Өнөөгийн хүүхдүүд ч гэсэн өөрсдийг нь чин сэтгэлээсээ хайрлан халамжилдаг ахлагчид болон бусад христианыг хожмын цагт сайхнаар дурсан санана. Хамгийн гол нь, хурлын хамт олны чин сэтгэлийн хайр халамжийг мэдэрсэн хүүхэд Еховагийн сүнс ард түмнийх нь дээр байдгийг бага балчраасаа ойлгодог.
Энэрэлгүй ертөнцөд энэрэнгүй байх нь
15. Энэрэнгүй хүмүүс ховор болсныг бид яагаад гайхдаггүй вэ?
15 Бусдад энэрэнгүй сэтгэл гаргах зав алга гэж боддог хүн олон болжээ. Тиймээс Еховагийн ард түмэн ажил сургууль дээрээ, унаагаар зорчихдоо эсвэл дэлгэрүүлж явахдаа тийм бодолтой хүмүүстэй өдөр бүр тааралддаг. Хүмүүсийн хатуу сэтгэл бидний урмыг хугалж болох ч гайхлыг маань төрүүлдэггүй. Ехова Паулд онгод оруулан, «эцсийн өдрүүдийн» хэцүү цагт амьдрах жинхэнэ христианууд «өөрсдийгөө хайрлагчид, ... үл хайрлагч» хүмүүстэй тааралдахыг урьдаас хэлүүлсэн (2 Тим. 3:1–3).
16. Христийнх шиг энэрэнгүй сэтгэлийг хурал дотор хэрхэн хөгжөөх вэ?
16 Харин жинхэнэ христиан хурал халуун дулаан уур амьсгалаараа энэрэлгүй ертөнцөөс эрс ялгардаг. Христиан хүн бүр Есүсийг дуурайн хурлынхаа уур амьсгалыг таатай болгоход хувь нэмэр оруулж чадна. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Юуны түрүүнд, эрүүл мэнд юм уу бусад шалтгааны улмаас тусламж хэрэгтэй итгэл нэгтнүүддээ тус дэм болж, тэдний урмыг сэргээх нь зүйтэй. Хүмүүст тулгардаг зовлон бэрхшээл «эцсийн өдрүүдэд» нэмэгдэж байгаа боловч энэ нь цоо шинэ юм биш шүү дээ. Эртний христиануудад одоогийнх шиг бэрхшээл тулгарч байсан. Тэгэхлээр, тэр үеийн христиануудын адилаар бид бие биедээ тустай үйл хийх нь зүйтэй. Тухайлбал, Паулын уриалснаар, «хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр хандах» хэрэгтэй (1 Тес. 5:14). Энэ нь Христийнх шиг энэрэнгүй сэтгэлийг үйлсээрээ харуулна гэсэн үг юм.
17, 18. Есүс шиг энэрэнгүй байх ямар ямар арга байдаг вэ?
17 Христианууд итгэл нэгтнүүдээ энэрэнгүй сэтгэлээр «угтан авах» буюу тэднийг сайн таньдаг ч бай, үгүй ч бай, тэдэнд чин сэтгэлийн хайр халамж үзүүлэн, Есүс яаж хандах байсан, яг тэгж хандах үүрэгтэй (3 Иох. 5–8). Есүс санаачилга гарган хүмүүст энэрэнгүй хандаж байсныг дуурайн бид бусдыгаа «сэргээж» байх учиртай (Ис. 32:2; Мат. 11:28–30, ШЕ).
18 Хүн бүр бусдадаа санаа тавьж тустай үйл хийн энэрэнгүй сэтгэлээ илэрхийлж болно. Энэрэнгүй сэтгэл гаргах ямар арга, боломж байгааг хайж олоод, чадах бүхнээ хийгээрэй. Паул: «Ах дүүсийн хайраар бие биедээ өөрсдийгөө зориул. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» хэмээн уриалсан билээ (Ром 12:10). Энэ нь Христийн жишээг дуурайн, бусдад чин сэтгэлээсээ энэрэнгүй хандаж, тэднийг «жинхэнэ хайраар» хайрлаж сурна гэсэн үг юм (2 Кор. 6:6). Паулын тайлбарласнаар, Христийнх шиг хайр «тэвчээртэй, энэрэнгүй» бөгөөд «атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй» билээ (1 Кор. 13:4). Итгэл нэгтнүүдийнхээ урьдын алдаа дутагдлаас болж өс хонзон санахын оронд «Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд» гэсэн уриалгыг дагаж байцгаая (Ефес 4:32).
19. Христ шиг энэрэнгүй байвал ямар ивээл хүртэх вэ?
19 Христийнх шиг энэрэнгүй сэтгэлтэй болж, хэзээ ч, хаана ч энэрэнгүй байхыг хичээвэл их ивээл хүртэнэ. Еховагийн сүнс христиан хуралд маань илүү их нөлөө үзүүлж, сүнсний үр жимсийг хөгжүүлэхэд нь хүн бүрд тусална. Түүнчлэн, Есүсийн жишээг өөрсдөө дуурайхын зэрэгцээ түүнийг дуурайхад нь бусдад тусалдаг бол Бурхнаа баяр хөөртэй, эв нэгдэлтэйгээр шүтэж, Бурхнаа баярлуулна. Тиймээс цаг үргэлж Есүсийг дуурайн, хүмүүст дөлгөөн бөгөөд энэрэнгүй хандахыг хичээцгээе.
Тайлбарлана уу
• Есүс «зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу» гэдгээ хэрхэн харуулсан бэ?
• Есүс энэрэнгүй сэтгэлийг юугаар харуулсан бэ?
• Христийг дуурайн, төгс бус хүмүүст дөлгөөн, энэрэнгүй ханддагаа ямар ямар аргаар харуулж болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[8-р хуудасны зураг]
Итгэл нь суларсан Петр шиг нэгэндээ та туслах уу?
[10-р хуудасны зураг]
Энэрэнгүй сэтгэл ноёлсон хурал бүрдүүлэхэд та ямар хувь нэмэр оруулах вэ?