Skip to content

Гарчиг руу орох

«Бүх хүнтэй эвтэй байгтун»

«Бүх хүнтэй эвтэй байгтун»

«Бүх хүнтэй эвтэй байгтун»

«Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» (РОМ 12:18).

1, 2. а) Есүс дагалдагчдадаа юун тухай хэлсэн бэ? б) Эсэргүүцэлд хэрхэн хандах тухай зөвлөгөөг хаанаас авч болох вэ?

 ДАГАЛДАГЧИД НЬ ертөнцийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарахыг Есүс хэлсэн байдаг. Чухам ямар учраас ийм юм болохыг нас барахынхаа өмнөх үдэш тайлбарлажээ. Тэрбээр: «Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг» гэж элч нартаа хэлжээ (Иох. 15:19).

2 Есүсийн үг үнэн болохыг элч Паул өөрийн биеэр үзсэн. Тэрбээр залуу хамтрагч Тимотод бичсэн хоёр дахь захидалдаа: «Чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр, хавчлага, зовлонг дагасан» хэмээгээд, цааш нь: «Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» гэсэн байлаа (2 Тим. 3:10–12). Паул эсэргүүцэлд хэрхэн ухаалаг хандаж болохыг Ром дахь христиануудад хаягласан захидлынхаа 12-р бүлэгт зөвлөсөн байдаг. Түүний зөвлөгөө төгсгөлийн цаг үед амьдарч байгаа бидэнд ч тустай.

«Юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай»

3, 4. Ром 12:17-гийн зөвлөгөөг а) шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлийн гишүүд б) хүмүүстэй харьцахдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

3 Ром 12:17-г уншина уу. Христиан хүнд дайсагнал тулгарсан ч адилхан хариу барих учиргүйг Паул тайлбарлажээ. Энэ зөвлөгөөг шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлийн гишүүд онцгой анхаарах нь зүйтэй. Христиан хүн итгэгч бус ханийнхаа хэлсэн хорон үг, хийсэн буруу хэрэгт адилхан хариу барьчихмаар санагдах үед ч тэвчээд явдаг. «Бузар мууг бузар муугаар ... хариуллаа» гээд хэзээ ч сайн юманд хүрэхгүй. Байдал улам л дордоно.

4 Үүний оронд «Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай» хэмээсэн Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэх нь илүү оновчтой арга юм. Жишээлбэл, нөхөр нь итгэл үнэмшлийнх нь талаар таагүй юм ярихад ч христиан эмэгтэй сэтгэлийнхээ угаас сайныг үйлддэг бол хэрүүл маргаан гарахаас сэргийлж болох талтай (Сур. 31:12). Бетелд үйлчилдэг Карлос гэдэг Гэрч залуугийн аав ээжийг нь айхавтар эсэргүүцдэг байсан ч ээж нь сайхан сэтгэл гарган, эзэгтэйн үүргээ сайн биелүүлдэг байсныхаа ачаар тэр саадыг амжилттай давжээ. Карлос: «Ээж маань бидэнд аавыгаа хүндэтгэж бай гэж үргэлж захидаг байсан. Бас намайг аавтай франц боулинг тоглуулдаг байж билээ. Би тэр тоглоомд дургүй л дээ. Харин аав тэр тоглоомыг тоглохлоороо сэтгэл нь үнэхээр сэргэдэг байж билээ» гэж ярьсан юм. Карлосын аав яваандаа Библи судалдаг болж, баптисм хүртжээ. Еховагийн Гэрчүүд «бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэхийг» хичээдэг учир байгалийн гамшиг болоход хүмүүст бодит тусламж үзүүлдэг. Үүний дүнд зарим хүн бидний талаарх үзэл бодлоо өөрчилдөг.

Эсэргүүцлийг «галтай нүүрсээр» «хайлуулах нь»

5, 6. а) Дайсны толгой дээр «галтай нүүрс» овоолох гэж юу гэсэн үг вэ? б) Ром 12:20-ийн зөвлөгөөг хэрэгжүүлээд үр дүнд хүрсэн явдлыг мэддэг бол ярина уу.

5 Ром 12:20-ийг уншина уу. Паул энэ зүйлийг Сургаалт үгс 25:21, 22-т үндэслэн бичсэн нь лавтай. Тэнд: «Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг. Цангасан бол уух юм өг. Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөд ЭЗЭН чамайг шагнана» гэж байдаг. «Ром» номын 12-р бүлэгт бичсэн бусад зөвлөгөөг нь бодож үзвэл Паул эсэргүүцэгчийг цээрлүүлэх юм уу ичээх зорилгоор толгой дээр нь галтай нүүрс овоол гээгүй нь ойлгомжтой. «Сургаалт үгс» болон «Ром» номд бичсэн зөвлөгөөний аль алийг нь хүдэр хайлуулах эртний аргаас сэдэвлэн бичсэн бололтой. ХІХ зууны Английн судлаач Чарльз Брижс: «Хатуу металлыг боловсруулахдаа доор нь ч, дээр нь ч, өөрөөр хэлбэл, металлыг гал дээр тавих төдийгүй металлын дээр галтай нүүрс овоол. Бүхнийг тэвчдэг, өөрийгөө золиосолдог гал халуун хайрын илчинд хайлдаггүй тийм хатуу зүрх ховор шүү» хэмээн тэмдэглэсэн байдаг.

6 Галтай нүүрс металлыг хайлуулдгийн адилаар христиан хүний энэрэнгүй үйлс эсэргүүцэгчдийн сэтгэлийг уярааж, дайсагнахыг нь болиулдаг. Еховагийн үйлчлэгч биднийг энэрэнгүй байвал хүмүүс бидэнд болон тунхагладаг мэдээнд маань илүү нааштай ханддаг болж болох юм. Элч Петр: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно» гэж бичсэн байдаг (1 Петр 2:12).

«Бүх хүнтэй эвтэй байгтун»

7. Христийн шавь нартаа өгөхөөр амласан амар амгалан гэж юу вэ? Энэ нь бидэнд ямар хүсэл төрүүлдэг вэ?

7 Ром 12:18-ыг уншина уу. Есүс элч нартайгаа өнгөрүүлсэн сүүлчийн орой: «Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгаланг та нарт өгнө» гэж хэлсэн (Иох. 14:27). Христийн, шавь нартаа өгөхөөр амласан амар амгалан гэдэг нь Ехова Бурхан болон түүний Хүүгээр хайрлуулдаг, тэдний сайшаалыг хүлээдэг гэдгээ ойлгодог хүний мэдэрдэг сэтгэлийн тайван амгалан байдал юм. Ийм мэдрэмж бусадтай эвтэй байх хүсэл төрүүлдэг. Жинхэнэ христиан хүн амар тайвныг тогтоогч байх учиртай (Мат. 5:9).

8. Гэр бүл болон хуралд амар тайвныг хэрхэн тогтоож болох вэ?

8 Гэр бүлийн хүрээнд амар тайвныг тогтоох нэг арга бол санал зөрөлдөөнийг хурцдахаас нь өмнө, аль болох хурдан шийдэх явдал юм (Сур. 15:18; Ефес 4:26). Христиан хуралд ч энэ зарчмыг баримтлах нь зүйтэй. Элч Петр амар тайвныг мөшгөхийг хэлээ захирахтай холбон бичсэн байдаг (1 Петр 3:10, 11). Иаков ч гэсэн үг хэлээ захирч байхын зэрэгцээ атаархах болон хувиа хичээхээс болгоомжлохыг хатуу сануулаад, «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм» гэж тайлбарласан (Иак. 3:17, 18).

9. «Бүх хүнтэй эвтэй байхыг» хичээхдээ юуг мартах ёсгүй вэ?

9 Амар тайвныг тогтоох гэдэг нь гэр бүл болон хурлаар хязгаарлагдахгүй илүү өргөн хүрээг хамардаг ойлголт болохыг Ром 12:18 харуулдаг. Паул бидэнд «бүх хүнтэй эвтэй байгтун» гэж захисан. Тэгэхлээр бүх хүнтэй, тодруулбал, айл хөршийнхөн, ажлын хамт олон, сургуулийн хүүхдүүд, дэлгэрүүлж явахад тааралддаг хүмүүстэй ч эвтэй байх ёстой. Гэхдээ Паул «хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол» гэж онцолжээ. Энэ нь бид «бүх хүнтэй эвтэй байхын» тулд боломжтой бүхнийг хийх нь зүйтэй боловч Бурхны тогтоосон зарчмыг зөрчих ёсгүй гэсэн үг юм.

Өшөө авалт нь Еховагийнх

10, 11. «Бурханы уур хилэнд зай гаргах» гэж юу гэсэн үг вэ? Ингэх нь ямар учраас зөв бэ?

10 Ром 12:19-ийг уншина уу. Дэлгэрүүлэх ажил болон тунхагладаг мэдээнээс маань болоод бидэнтэй «зөрөлдөгсөд» буюу биднийг таашаадаггүй хүмүүст, тэр байтугай, илэрхий дайсагнадаг хүмүүст ч «тэвчээртэй» хандаж, «төлөв» байх хэрэгтэй (2 Тим. 2:23–25). Паул христиануудад: «Өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга» гэж зөвлөсөн. Өшөө авах нь бидний мэдлийн хэрэг биш гэдгийг христианууд бид ойлгодог. Дуулалч: «Уурлахаа больж, хилэнгээ март. Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ» хэмээн бичсэн байдаг (Дуу. 37:8). Бас Соломон: «„Хорон муугийн хариуг би өгнө дөө“ гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ. Тэр чамайг аварна» гэж зөвлөсөн билээ (Сур. 20:22).

11 Эсэргүүцэгчид бидэнд хор хохирол учрууллаа гэхэд тэднийг шийтгэх хэрэгтэй эсэхийг, мөн хэзээ шийтгэхийг мэддэг Еховад уг хэрэг явдлыг даатгах нь ухаалаг юм. Паул: «„«Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө» гэж Эзэн айлдав“ гэж бичигджээ» хэмээснийг үзвэл юу бодож байсан нь ойлгомжтой (Дэд хууль 32:35-тай харьцуулна уу). Хэрэв бид өөрсдөө өшөө авах гэвэл Еховагийн эрх мэдэлд халдан, бардам загнасан хэрэг болно. Бас «Би буцааж төлнө» гэсэн амлалтад нь итгэхгүй байгаатай адил болох юм.

12. Ехова уур хилэнгээ хэзээ, яаж илчлэх вэ?

12 Паул Ромын христиануудад бичсэн захидлынхаа эхэнд: «Бурханы уур хилэн үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг» гэсэн байдаг (Ром 1:18). Ехова уур хилэнгээ «үлэмж их зовлонгийн» үед Хүүгээрээ дамжуулан илчилнэ (Илч. 7:14). Энэ нь «Бурханы зөв шүүлтийн шинж тэмдэг» байх болно. Энэ тухай Паул: «Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ» гэж өөр нэгэн захидалдаа тайлбарлажээ (2 Тес. 1:5–8).

Бузар мууг сайнаар дийлэгтүн

13, 14. а) Эсэргүүцэл тулгарахад бид яагаад гайхдаггүй вэ? б) Хавчигчдыг ерөөх гэж юу гэсэн үг вэ?

13 Ром 12:14, 21-ийг уншина уу. Еховаг санаа зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэдэг бид даалгасан ажлыг нь гүйцэтгэх буюу «Хаанчлалын ... сайн мэдээг» «дэлхий даяар» дэлгэрүүлэх үйл хэрэгт оролцохдоо юунд ч сатааралгүйгээр хамаг хүчээ зориулдаг (Мат. 24:14). Энэ үйл хэргээс болж дайснууд маань уурлаж бухимддагийг бид мэддэг. Учир нь Есүс: «Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» гэж хэлсэн билээ (Мат. 24:9). Тийм ч учраас бид эсэргүүцэлтэй тулгарлаа ч гайхаж цочирддоггүй, шантарч мохдоггүй. Элч Петр: «Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла» гэж захисан (1 Петр 4:12, 13).

14 Зарим хүн мэдлэггүйн гайгаар биднийг хавчдаг байж болох учир бид тэднийг дайснаа гэж үзэлгүй, тэдэнд үнэнийг ойлгуулахыг хичээдэг (2 Кор. 4:4). «Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа» гэсэн Паулын зөвлөгөөг сахихыг хичээж мэрийдэг (Ром 12:14). Эсэргүүцэгчдийг ерөөх нэг арга бол тэдний төлөө залбирах явдал юм. Есүс «Ууланд айлдсан номлол»-доо: «Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир» гэж сургасан (Лук 6:27, 28). Хавчигч хүн ч Христийн үнэнч шавь, Бурхны хичээнгүй үйлчлэгч болж болдгийг элч Паулын түүх харуулдаг (Гал. 1:13–16, 23). Тэрбээр өөр нэгэн захидалдаа: «Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж, гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг» гэж хэлсэн байдаг (1 Кор. 4:12, 13).

15. Бузар мууг сайнаар дийлэх хамгийн сайн арга юу вэ?

15 Тийм ч учраас жинхэнэ христиан хүн «Ром» номын 12-р бүлгийн эцэст: «Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн» гэснийг хэрэгжүүлэхийг хичээдэг. Бүх бузар муугийн эх булаг бол Сатан Диавол мөн (Иох. 8:44; 1 Иох. 5:19). Есүс ирээдүйн үйл явдлыг элч Иоханд үзүүлэхдээ тослогдсон ах дүүс нь «[Сатаныг] Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялахыг» мэдэгдсэн (Илч. 12:11). Үүнийг бодож үзвэл, Сатаныг ялах, мөн өнөөгийн тогтолцоон дахь түүний ёс бус нөлөөнд үл автах хамгийн сайн арга бол гэрчлэх ажил хийн сайныг үйлдэх явдал юм. Өөрөөр хэлбэл, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлнэ гэсэн үг ажээ.

Найдвар дотор баярлах нь

16, 17. «Ром» номын 12-р бүлгээс а) амьдралаа юунд зориулах тухай б) хурлынхандаа хэрхэн хандах тухай в) биднийг эсэргүүцдэг хүмүүст хэрхэн хандах тухай юу мэдэж авсан бэ?

16 Ром дахь христиануудад элч Паулын бичсэн захидлын 12-р бүлгийг товч үзэхэд их юм бодогдож байна. Еховад өөрсдийгөө зориулсан үйлчлэгч бид өөрсдийгөө дуртайяа золиослох учиртай. Ингэх нь Бурхны хүсэл таалал мөн гэдгийг эргэцүүлэн бодож байгаад өөрсдөдөө баталсан учир Бурхны сүнсээр хөтлүүлэн өөрсдийгөө дуртайяа золиосолдог. Бид сүнс дотор шатаж, хичээл зүтгэл гарган бэлгүүдээ ашиглах ёстой. Бурхандаа даруухнаар үйлчлэн, христиан эв нэгдлээ хадгалахын тулд чадах бүхнээ хийх учиртайг ч ярилцлаа. Тэрчлэн, зочломтгой байж, бусдынхаа сэтгэлийг хуваалцаж чаддаг байх хэрэгтэй юм байна.

17 Бас «Ром» номын 12-р бүлгээс эсэргүүцэл тулгарахад хэрхэн хандах тухай олон зөвлөгөө авч үзлээ. Эсэргүүцэгчдэд адилхан хариу барилгүй, харин ч энэрэнгүй хандахыг хичээх нь зүйтэй. Бүх хүнтэй эвтэй байхын тулд Бурхны тогтоосон зарчмын хүрээнд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй. Энэ зарчмыг гэр бүл, хуралд төдийгүй айл хөршийнхөн, ажлын хамт олон, сургуулийн хүүхдүүд, дэлгэрүүлэх ажилд тааралддаг хүмүүстэй харьцахдаа баримтлах нь зүйтэй. Илт дайсагнадаг хүмүүстэй таарсан ч өшөө авалт нь Еховагийнх гэдгийг санан, бузар мууг сайнаар дийлэхийн төлөө чадах бүхнээ хийх учиртай билээ.

18. Ром 12:12-т ямар гурван зүйлийг онцлон тэмдэглэсэн бэ?

18 Ром 12:12-ыг уншина уу. Паул ийм олон ашигтай зөвлөгөө өгөхийн зэрэгцээ гурван зүйлийг онцлон тэмдэглэжээ. Бид эдгээр зөвлөгөөг Еховагийн тусламжгүйгээр хэрэгжүүлж чадахгүй учир Паул бидэнд «залбиралд өөрсдийгөө зориул» хэмээн уриалсан. Ингэвэл «зовлон дотор тэвчээртэй бай» гэсэн өөр нэг уриалгыг нь биелүүлж чадна. Улмаар, бидэнд зориулан Еховагийн бэлдэж байгаа ирээдүйн тухай бодож, тэнгэр газрын алинд нь ч бай, мөнх амьдрах «найдвар дотор баярлах» нь зүйтэй.

Давтах асуулт

• Эсэргүүцэлд хэрхэн хандах нь зүйтэй вэ?

• Амьдралын ямар ямар хүрээнд амар тайвныг тогтоох хэрэгтэй вэ? Яаж тогтоох вэ?

• Өшөө авах ёсгүйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[8-р хуудасны зураг]

Хүмүүст бодит тусламж үзүүлбэл ташаа ойлголтыг нь засаж болох юм

[9-р хуудасны зураг]

Та хурал дотроо амар тайвныг тогтоохыг хичээдэг үү?