Skip to content

Гарчиг руу орох

«Сүнс Дотор Шат»

«Сүнс Дотор Шат»

«Сүнс Дотор Шат»

«Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат» (РОМ 12:11).

1. Ямар учраас израильчууд амьтнаар тахил өргөх юм уу бусад өргөл авчирдаг байсан бэ?

 ҮЙЛЧЛЭГЧИД нь хайраа илэрхийлж, хүсэл таалалд нь захирагддагаа харуулан чин сэтгэлээсээ өргөсөн тахилыг Ехова өндөр үнэлдэг. Эрт цагт израильчуудыг Мосегийн хуульд заасан ёсоор нүглээ уучлуулах болон талархлаа илэрхийлэх зорилгоор амьтнаар тахил өргөх юм уу бусад өргөл авчрахад Ехова хүлээж авдаг байв. Харин өнөөгийн христианууд Хуульд заасан яг тийм тахил өргөх шаардлагагүй болсон. Гэхдээ Ром дахь христиануудад бичсэн элч Паулын захидлын 12-р бүлгийг үзвэл одоо ч гэсэн тахил өргөх нь зүйтэй аж. Тэгвэл энэ нь ямар тахил байх юм бэ?

Амьд тахил

2. Христианууд бид яаж амьдрах учиртай вэ? Үүний тулд яах хэрэгтэй вэ?

2 Ром 12:1, 2-ыг уншина уу. Тослогдсон христиан хүн иудей ч бай, харь үндэстэн ч бай, Бурхны өмнө үйлсээр бус, итгэлээр зөвтгөгддөгийг Паул захидлынхаа эхний бүлгүүдэд тодорхой тайлбарлажээ (Ром 1:16; 3:20–24). Харин 12-р бүлэгт христиан хүн талархлаа илэрхийлэн өөрийгөө золиосолж амьдрах учиртайг тайлбарласан байна. Үүний тулд «зүрх сэтгэлээ [«бодол санаагаа», ШЕ] шинэчилснээр өөрчлөгдөх» ёстой. Бид төрөлхийн төгс бусаасаа болоод «нүглийн болон үхлийн хуульд» захирагддаг (Ром 8:2). Тиймээс үзэл бодол, дур сонирхлоо үндсээр нь өөрчлөн «ухаанаа шинэчлэх» зайлшгүй шаардлагатай (Ефес 4:23, МБОХ 1996). Гэхдээ Бурхан болон ариун сүнсний тусламжгүйгээр бүрмөсөн өөрчлөгдөх аргагүй. Түүнээс гадна, өөрчлөгдөнө гэсэн шийдвэр төгс байх учиртай. Энэ нь ёс суртахуун, зугаа цэнгэл, үзэл бодлын хувьд ялзран гажуудсан «энэ ертөнцийн заншлыг» дагахгүй байхын тулд чадах бүхнээ хийнэ гэсэн үг юм (Ефес 2:1–3).

3. Бид ямар учраас христиан үйл хэрэгт оролцдог вэ?

3 Түүнчлэн, Паул бидэнд «Бурханы ... сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг [өөрсдөдөө] батлахын» тулд эргэцүүлэн бодохыг уриалжээ. Бид ямар учраас Библийг өдөр бүр уншиж, уншсанаа эргэцүүлэн бодож, залбирч, цуглаанд очиж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг билээ? Ахлагчдыг уриалдаг учраас л тэгдэг үү? Тэдний уриалга бидэнд тус болдог нь үнэн. Гэхдээ гол нь, Еховаг гэсэн чин сэтгэлийн хайраа илэрхийлэх хүслийг ариун сүнс бидэнд төрүүлдэг учир христиан үйл хэрэгт оролцдог. Түүнээс гадна, Бурхан биднийг сүнслэг үйл хэрэгт оролцоосой гэж хүсдэгийг бид дор бүрнээ өөртөө баталсан билээ (Зех. 4:6; Ефес 5:10). Христиан ёсоор амьдрах нь Бурханд таалагдана гэдгийг бид ойлгоод баяр баясгалантай, сэтгэл хангалуун явдаг.

Өөр өөр бэлгүүд

4, 5. Христиан ахлагчид бэлгээ юунд зориулдаг вэ?

4 Ром 12:6–8, 11-ийг уншина уу. Паул: «Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй» гэжээ. Паулын хэлсэн бэлгүүдийн зарим нь, тодруулбал, ятгах, тэргүүлэх гэх мэт нь христиан ахлагчдад шууд хамаатай. Тэд тэргүүлэх үүргээ биелүүлэхдээ «хичээл зүтгэл» гаргах учиртай.

5 Харгалзагчдын хичээл зүтгэл нь сургах үүргээ биелүүлэхэд нь, мөн «үйлчлэлд» нь илэрхий байх учиртайг Паул хэлсэн. Паул «үйлчлэл» гэдгээр «нэг бие» болох хурлын үйлчлэлийг хэлсэн нь хам сэдвээс харагддаг (Ром 12:4, 5). Бас энэ үйлчлэл нь Үйлс 6:4-т дурдсан тэр үйлчлэлтэй холбоотой аж. Тэнд элч нар: «Бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя» хэмээснийг тэмдэглэсэн байдаг. Тэгэхлээр, ахлагчид хурлын гишүүдийг босгон байгуулахад бэлэг буюу авьяас чадвараа зориулахын зэрэгцээ бие даан судлах, тодорхой нэг сэдвээр нарийвчилсан судалгаа хийх, хурлыг сургах, хуралд сүнслэг халамж анхаарал тавих гэх зэргээр хичээл зүтгэл гарган Бурхны Үгэнд үндэслэн удирдлага заавар өгдөг бол «үйлчлэлээ» гүйцэтгэж байна гэсэн үг. Харгалзагчид хоньдыг «баяртайгаар» халамжлан анхаарч, бэлгээ чин сэтгэлээсээ зориулах учиртай (Ром 12:7, 8; 1 Петр 5:1–3).

6. Энэ өгүүллийн гол зүйл болсон Ром 12:11-ийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

6 Паул цааш нь: «Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат» хэмээжээ. Хэрэв бид үйлчлэлдээ хойрго ханддаг болсноо анзаарвал бие даан судлах аргаа сайжруулахын зэрэгцээ Еховагаас сүнсийг нь илүү олон удаа, илүү шаргуу гуйж залбирах хэрэгтэй. Бурхны сүнс биднийг бүлээн болохоос сэргийлж, хичээл зүтгэлээ сайжруулахад тусална (Лук 11:9, 13; Илч. 2:4; 3:14, 15, 19). Ариун сүнс эртний христиануудад «Бурханы агуу үйлсийн» тухай тунхаглах хүч өгсөн билээ (Үйлс 2:4, 11). Биднийг ч бас хичээл зүтгэлтэй үйлчлэн, «сүнс дотор шатахад» тусална.

Даруу байх нь

7. Бурханд даруухнаар үйлчлэх ёстойн учир юу вэ?

7 Ром 12:3, 16-г уншина уу. Бидэнд бэлэг байдаг нь Еховагийн нигүүлслийн ач билээ. Паул өөр нэгэн захидалдаа: «Бидний чадвар Бурханаас гардаг юм» гэсэн байдаг (2 Кор. 3:5). Тиймээс бид өөрсдийгөө алдаршуулах учиргүй. Үйлчлэлдээ үр жимс гаргалаа гэхэд өөрийнхөө авьяас чадварынх гэж үзэх бус, Бурхны ивээл гэж үзэн, даруу байх учиртай (1 Кор. 3:6, 7). Үүнтэй холбогдуулан Паул: «Би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод» гэж захисан. Мэдээж, өөрийгөө зохих хэмжээгээр хүндэтгэж, Еховад үйлчилдэгтээ баяр баясгалантай, сэтгэл хангалуун явах нь буруу биш ээ. Гэхдээ даруу буюу хэр хэмжээгээ мэддэг байх нь өөрийнхөөрөө зүтгэхээс сэргийлдэг. Христиан хүн «эрүүл ухаантай» байхыг хичээдэг.

8. «Өөрөө өөрийгөө мэргэн ... болгохоос» хэрхэн сэргийлэх вэ?

8 Амжилтдаа эрдэж бардвал мунхаг хэрэг болно. Учир нь «Бурхан ургуулдаг» шүү дээ (1 Кор. 3:7). Хурлын гишүүн бүрд Бурхны «ногдуулсан итгэлийн хэмжээ» гэж Паул хэлсэн. Бусдынхаа итгэлийн хэмжээгээр хийсэн бүхнийг үнэлбэл өөрийгөө бусдаас дээгүүр тавихгүй байж болдог. Паул цааш нь: «Өөр хоорондоо нэг санаатай байцгаа» гэж захижээ. Тэрбээр өөр нэгэн захидалдаа: «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үз» хэмээсэн байдаг (Флп. 2:3). Чин сэтгэлээсээ даруу байж, зориуд хичээхгүй л бол итгэл нэгт хүн бүрийг ямар нэгэн талаараа өөрөөсөө илүү гэж хүлээн зөвшөөрөхөд амаргүй байдаг. Даруу л байвал «өөрөө өөрийгөө мэргэн ... болгохоос» сэргийлж чадна. Хүний анхаарал татахуйц хариуцлагатай үүрэг хүлээдэг ч бай, үгүй ч бай, христиан хүн бүр «төлөв даруу байхыг эрхэмлэн», хүмүүсийн тоож үздэггүй хар ажлыг ч голохгүй хийдэг бол жинхэнэ ёсоор баяр баясгалантай байх болно (1 Петр 5:5).

Христиан эв нэгдэл

9. Ямар учраас Паул сүнсээр төрсөн христиануудыг биеийн эрхтнүүдтэй зүйрлэсэн бэ?

9 Ром 12:4, 5, 9, 10-ыг уншина уу. Паул тослогдсон христиануудыг Христ гэдэг тэргүүний дор эв нэгдэлтэй үйлчилдэг нэг биеийн эрхтнүүдтэй зүйрлэжээ (Кол. 1:18). Харилцан адилгүй үйл ажиллагаатай олон эрхтэн нэг биед байдгийн адилаар христианууд «олуулаа Христ дотор нэг бие» болдгийг сүнсээр төрсөн христиануудад онцлон хэлсэн. Тэрбээр бас Ефес дэх тослогдсон христиануудад: «Бид тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог» гэж бичжээ (Ефес 4:15, 16).

10. «Өөр хонинууд» ямар эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

10 «Өөр хонинууд» Христийн биеийн хэсэг биш боловч дээрх жишээнээс ихийг ойлгож болно (Иох. 10:16, ШГ). Ехова «бүх юмсыг [Есүст] захируулахаар хөл дор нь тавьж, Түүнийг чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ» гэж Паул бичсэн (Ефес 1:22). Өөр хонинууд бол Еховагийн Хүүдээ захируулсан «бүх юмсын» нэг хэсэг билээ. Бас «итгэмжит, ухаалаг боолд» Христийн даатгасан «эзэмшил хөрөнгөд» ч багтдаг (Мат. 24:45–47). Тиймээс дэлхийд амьдрах найдвартай хүмүүс Христийг Тэргүүнээ хэмээн хүлээн зөвшөөрч, итгэмжит ухаалаг боол болон түүнийг төлөөлдөг Удирдах Зөвлөлд, мөн хурлуудад томилогдсон эрчүүдэд захирагдах учиртай (Евр. 13:7, 17). Ингэвэл христиан эв нэгдлээ хадгална.

11. Христиан эв нэгдлийн үндэс юу вэ? Паул өөр ямар зөвлөгөө өгсөн бэ?

11 «Эв нэгдлийн төгс холбоос» болсон хайр бол христиан эв нэгдлийн үндэс юм (Кол. 3:14). Паул «Ром» номын 12-р бүлэгт үүнийг онцлон тэмдэглэж, «хайр нь хоёр нүүргүй байг» хэмээгээд «ах дүүсийн хайраар бие биеэ хайрлахыг» бидэнд уриалжээ. Ингэвэл бид бие биеэ харилцан хүндэлж чадна. Тэгээд ч Паул: «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» хэмээжээ. Гэхдээ жинхэнэ хайрыг сэтгэлийн хөдлөл төдийнхнөөр үзэж болохгүй. Хурлаа цэвэр ариун байлгахын тулд бид чадах бүхнээ хийх учиртай. Паул хайрын тухай бичихдээ: «Бузар мууг жигш, сайнаас зуурч ав» гэж бас зөвлөсөн.

Зочломтгой байх нь

12. Байгаагаа бусадтай хуваалцах тухайд Македонийн христиануудаас юу сурч болох вэ?

12 Ром 12:13-ыг уншина уу. Итгэл нэгтнүүдээ хайрлах хайр маань «ариун хүмүүсийн хэрэгцээнд» боломжийнхоо хэрээр «хандив өргөх» хүсэл төрүүлдэг. Бид баян чинээлэг биш байж болох ч, байгаагаа бусадтай хуваалцаж болно шүү дээ. Паул Македони дахь христиануудын тухай: «Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж. Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ. [Иудей дэх] Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйсан» гэж бичсэн байдаг (2 Кор. 8:2–4). Македонийн христианууд ядуу зүдүү байсан боловч их өгөөмөр хүмүүс байжээ. Тэд Иудейн гачигдалтай ах дүүстэйгээ юу байгаагаа хуваалцахыг завшаан гэж үзэж байв.

13. «Зочломтгой бай» гэж юу гэсэн үг вэ?

13 «Зочломтгой бай» гэж орчуулсан грек үг нь санаачилга гаргах гэсэн санаа илэрхийлдэг ажээ. Библийн өөр нэг орчуулгад «зочломтгой байх боломж хайх» гэж буулгасан байдаг (The New Jerusalem Bible ). Бусдыг хоолонд урих гэх зэрэг нь зочломтгой байх нэг арга бөгөөд зочломтгой байх гол шалтгаан нь хайрын сэтгэлээс үүдэлтэй бол туйлын сайн. Гэхдээ санаачилга гаргавал бусдыг зочлох өөр боломж цөөнгүй олддог. Тухайлбал, мөнгө төгрөгөөр дутагдах юм уу бие муутайгаасаа болоод хоол хийж өгч чаддаггүй юм гэхэд цай, ундаа гэх мэтийн уух юм өгөх нь ч зочломтгой зангийн бас нэг шинж шүү дээ.

14. а) «Зочломтгой» гэж орчуулсан грек үг нь ямар хоёр үгнээс үүсдэг вэ? б) Гадаад хүмүүст санаа тавьдгаа дэлгэрүүлэх ажлаараа хэрхэн харуулж болох вэ?

14 Зочломтгой байх нь хүний үзэл бодолтой бас холбоотой. «Зочломтгой» гэж орчуулсан грек үг нь «хайр», «танихгүй хүн» гэсэн хоёр үгнээс үүсдэг байна. Тэгвэл бид танихгүй буюу харийн хүнд хэрхэн ханддаг вэ? Хурлынх нь нутаг дэвсгэрт нүүж ирсэн гадаадын хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд гадаад хэл сурахыг хичээдэг христиануудыг жинхэнэ зочломтгой хүмүүс гэж үзэж болно. Гадаад хэл сурах боломж хүн бүрд байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ сайн мэдээг олон хэлээр нийтэлсэн «Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ» гэдэг товхимлыг чадварлаг ашиглан гадаад хүмүүст туслах боломж бид бүгдэд бий. Та энэ товхимлыг дэлгэрүүлэх ажилдаа хэрэглээд сайн үр дүнд хүрч байсан уу?

Бусдын сэтгэлийг хуваалцах нь

15. Ром 12:15-ын зөвлөгөөг хэрэгжүүлэхэд Есүсийн жишээ ямар ач холбогдолтой вэ?

15 Ром 12:15-ыг уншина уу. Энэ зүйлд тэмдэглэсэн Паулын зөвлөгөөний гол санааг товч хэлье гэвэл бусдын сэтгэлийг хуваалц гэж болох байх. Бусдыг баяр хөөртэй, зовлон гунигтай байхын алинд нь ч сэтгэлийг нь ойлгож, бүр сэтгэлийг нь хуваалцаж сурах хэрэгтэй. Хэрэв бид сүнсээр шатдаг бол бусдын жаргал, зовлонг хуваалцдаг маань илэрхий байх болно. 70 шавь нь дэлгэрүүлэх ажлаар явж ирээд сайн үр дүнд хүрснээ тайлагнан баяр хөөр болоход Есүс ч «Ариун Сүнс дотор үлэмжээр баярласан» (Лук 10:17–21). Өөрөөр хэлбэл, Есүс тэдний баярласан сэтгэлийг хуваалцсан. Нөгөөтэйгүүр, найз Лазарыгаа нас барахад Есүс «уйлж буй хүмүүстэй хамт уйлсан» (Иох. 11:32–35).

16. Бусдынхаа сэтгэлийг хэрхэн хуваалцаж болох вэ? Хэн үүнийг онцгой анхаарах хэрэгтэй вэ?

16 Бид Есүсийн адилаар бусдын сэтгэлийг хуваалцахыг хүсдэг. Итгэл нэгтэн маань баярлаж байвал бид ч баяртай байдаг. Бас итгэл нэгтнийхээ зовлон шаналал, уй гунигийг ч хуваалцах учиртай. Үнэн голоосоо өрөвч сэтгэл гарган, цаг харамлахгүйгээр итгэл нэгтнээ чих тавин сонсох нь сэтгэлийнх нь зовлонг нимгэлэхэд ихээхэн тустай. Анхааран сонсвол өрөвдөх сэтгэл төрж нулимс унагах үе ч байдаг (1 Петр 1:22). Ялангуяа, ахлагчид Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэн, бусдын сэтгэлийг хуваалцахыг онцгой анхаарах учиртай.

17. «Ром» номын 12-р бүлгийн энэ өгүүллээр үзсэн зүйлүүдээс бид юу ойлгосон бэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Энэ өгүүллээр авч үзсэн «Ром» номын 12-р бүлгийн зүйлүүд бол христиан хүн бүрийн хувийн амьдралдаа болон итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа хэрэгжүүлэх учиртай зөвлөгөө юм. Дараагийн өгүүллээр 12-р бүлгийн үлдсэн хэсгийг ярилцан, христиан бус хүмүүс, бүр биднийг эсэргүүцдэг, хавчдаг хүмүүсийг хэрхэн үзэж, тэдэнтэй хэрхэн харьцах тухай мэдэж авцгаая.

Давтах асуулт

• «Сүнс дотор шатдаг» гэдгээ хэрхэн харуулах вэ?

• Бурханд даруухнаар үйлчлэхийн учир юу вэ?

• Итгэл нэгтнүүдээ өрөвдөж, сэтгэлийг нь хуваалцдагаа яаж харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[4-р хуудасны зураг]

Бид ямар учраас христиан үйл хэрэгт оролцдог вэ?

[6-р хуудасны зураг]

Хаанчлалын тухай мэдэхэд нь гадаад хүмүүст туслах ажилд хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?