Skip to content

Гарчиг руу орох

Хайраа гээсэн ертөнцөд андын холбоогоо зузаатгагтун

Хайраа гээсэн ертөнцөд андын холбоогоо зузаатгагтун

Хайраа гээсэн ертөнцөд андын холбоогоо зузаатгагтун

«Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун» (ИОХ. 15:17).

1. Ямар учраас І зууны христианууд бие биетэйгээ дотносон нөхөрлөх хэрэгтэй байсан бэ?

 ЕСҮС дэлхийд өнгөрүүлсэн сүүлчийн үдэш үнэнч элч нартаа бие биедээ өмөг түшиг болсон үнэнч нөхөд байхыг захижээ. Шавь нар нь нэг нэгнээ хайрладаг байж гэмээнэ дагалдагч нь гэж олонд танигдахыг Есүс үүнээс өмнөхөн хэлсэн байв (Иох. 13:35). Элч нар хожим өөрсдөд нь тулгарах сорилтыг тэвчиж, Есүсийн даалгах гэж байсан ажлыг хийе гэвэл бие биетэйгээ дотносон нөхөрлөх учиртай байв. Үнэхээр ч І зууны христианууд Бурхандаа болон бие биедээ гуйвшгүй үнэнч байснаараа олонд танигджээ.

2. а) Бид ямар байхыг хичээдэг вэ? Яагаад? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

2 І зууны христиануудын үлдээсэн тэр сайхан жишээг дуурайдаг хүмүүсийг нэгтгэдэг олон улсын байгууллагын гишүүн байх гэдэг юутай сайхан завшаан бэ! Бид Есүсийн тушааснаар бие биеэ жинхэнэ ёсоор хайрлахыг хамаг чадлаараа хичээдэг. Гэхдээ эцсийн энэ өдрүүдэд амьдарч байгаа ихэнх хүн «үнэнч бус» (ШЕ), үл хайрлагч болжээ (2 Тим. 3:1–3). Тэд хувийн ашиг харж нөхөрлөдөг учир жинхэнэ нөхөд байж чаддаггүй. Харин бид жинхэнэ христиан хүний мөн чанараа гээхгүй байхын тулд аминч үзэлтэй болохоос сэргийлэх ёстой. Үүний тулд, үнэнч нөхөрлөлийн үндэс юу вэ? Яаж сайн анд нөхөдтэй болох вэ? Ямар үед андын харьцаагаа таслах хэрэгтэй вэ? Андын холбоогоо хэрхэн зузаатгах вэ? гэсэн асуултыг авч үзье.

Үнэнч нөхөрлөлийн үндэс юу вэ?

3, 4. Хувиршгүй үнэнч нөхөрлөлийн үндэс юу вэ? Яагаад тэгж хэлж болох вэ?

3 Хувиршгүй үнэнч нөхөрлөлийн үндэс нь Еховаг хайрлах хайр юм. Соломон хаан: «Гоонь хүнийг хэн нэгэн нь дийлж чадах бөгөөд хоёул байх аваас түүнийг няцааж чадна. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй» хэмээн бичжээ (Ном. 4:12). Еховаг нөхөрлөлийнхөө гурав дахь сур болгодог хүмүүс нөхөрлөлдөө үнэнч байж чаддаг.

4 Еховаг хайрладаггүй хүмүүс ч сайхан нөхөрлөж чаддаг нь үнэн. Гэхдээ Бурхныг хайрлах хайраар бие биетэйгээ холбогдсон хүмүүсийн нөхөрлөл бат бөх байдаг. Нэг нэгнийгээ буруу ойлголоо гэхэд Еховагийн сэтгэлд нийцүүлэн нөхөртөө андын ёсоор хандаж чаддаг. Бурхныг эсэргүүцэгчид ард түмнийг нь хагалан бутаргахыг элдвээр оролдоод, эцэст нь, жинхэнэ христиануудыг салгах аргагүй гэдгийг ухаардаг. Еховагийн үйлчлэгчид итгэл нэгтнээсээ урваснаас үхсэн нь дээр гэж үздэгийг батлах түүхэн баримт олон бий (1 Иохан 3:16-г уншина уу).

5. Рут Наоми хоёр юуны ачаар тийм үнэнч нөхөд байсан бэ?

5 Сэтгэлд таатай хамгийн сайхан нөхөрлөл бол Еховаг хайрладаг хүмүүстэй нөхөрлөх явдал юм. Рут Наоми хоёрын жишээг үзье. Тэдний нөхөрлөл Библид бичигдсэн хамгийн бишрэм түүхийн нэг юм. Юуны ачаар тэд тийм үнэнч нөхөд болсныг Рутийн үг харуулдаг. Тэрбээр Наомид: «Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. ... Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай» гэж хэлжээ (Рут 1:16, 17). Тэгэхлээр, Рут Наоми хоёрын хэн хэн нь Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг байсан нь илэрхий байна. Бас Еховаг хайрладаг хүний ёсоор бие биедээ ханддаг байсан нь ч харагдаж байна. Тийм ч учраас Ехова энэ хоёр эмэгтэйг ивээсэн билээ.

Яаж сайн нөхөдтэй болох вэ?

6-8. а) Үнэнч нөхөрлөлийг бий болгохын тулд яах хэрэгтэй вэ? б) Итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөхийн тулд өөрийн санаачилгаар юу юу хийж болох вэ?

6 Рут Наоми хоёрын жишээг үзэхэд үнэнч нөхөрлөл санамсаргүйгээр бий болдоггүй нь харагддаг. Харин ч анд нөхөд дор бүрнээ Еховаг хайрлах хайрыг нөхөрлөлийнхөө үндэс болгохын зэрэгцээ хичээл зүтгэл гаргаж, өөрийгөө золиослон байж үнэнчээр нөхөрлөж чаддаг. Христиан эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж буй Еховаг шүтдэг хүүхдүүд хүртэл бие биетэйгээ андын харьцаа тогтоохын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тэгвэл яаж сайн нөхөдтэй болох вэ?

7 Санаачилга гаргаарай. Элч Паул Ром дахь христиан нөхдөдөө «зочломтгой байхыг» уриалсан байдаг (Ром 12:13). Зочломтгой бай гэдэг нь нэг л удаа зочил гэсэн үг биш, харин байнга хийх үйлдэл бөгөөд өдөр тутам олдох багахан боломжийг ч алдахгүй зочилно гэсэн үг. Хэн ч таны өмнөөс зочломтгой байж чадахгүй шүү дээ (Сургаалт үгс 3:27-г уншина уу). Зочломтгой байх нэг арга бол хурлынхаа янз бүрийн хүмүүсийг гэртээ урьж, энгийн хоолоор дайлах явдал юм. Та хурлынхаа гишүүдийг зочлохыг амьдралынхаа салшгүй хэвшил болгож чадах уу?

8 Санаачилга гарган найз нөхөдтэй болох бас нэг арга бол хурлынхаа янз бүрийн хүнийг дэлгэрүүлэх ажилд урих явдал юм. Та айлын үүдэнд зогсохдоо Еховаг хайрлах сэтгэлдээ хөтлөгдөн ярьж байгаа итгэл нэгтэндээ өөрийн эрхгүй татагдана даа.

9, 10. Паул ямар үлгэр жишээ үзүүлсэн бэ? Хэрхэн дуурайж болох вэ?

9 Хайр дотор өргөнөөр нээлттэй байгаарай (2 Коринт 6:12, 13-ыг уншина уу). Найзаа болгочихмоор хүн манай хуралд даанч алга гэж та бодож байсан уу? Хэрэв тэгж байсан бол та найз нөхдөө сонгохдоо хэтэрхий өрөөсгөл ханддаг байж болох юм. Элч Паулыг санацгаая. Тэрбээр хайр дотор өргөнөөр нээлттэй байхын сайхан жишээ үзүүлсэн билээ. Нэгэн цагт иудей бус хүмүүстэй дотносон нөхөрлөх тухай бодоо ч үгүй явсан тэрбээр хожим нь «харь үндэстнүүдийн элч» болсон (Ром 11:13).

10 Түүнээс гадна, Паул зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөдөг хүн биш байв. Паулын дотнын анд болсон Тимот түүнээс олон насаар дүү, бас удам угсаа, соёл хүмүүжил гэх зэргээрээ өөр хүн байсан. Насаар ахмад хүнтэй дотно нөхөрлөдөг, тэр нөхөрлөлөө үнэлдэг христиан залуус өнөөдөр олон бий. Тухайлбал, 20 гарч яваа Ванесса: «Миний нэг дотнын найз 50 гаруй настай хүн байдаг юм. Үеийнхээ найзуудад хэлж болох бүх л юмыг би тэр найздаа хэлдэг. Тэр найз минь ч надад их санаа тавьдаг» гэж ярьсан юм. Тэд яаж тийм дотнын нөхөд болсон юм бол? Ванесса: «Би зүгээр байж байгаад тийм найзтай болчихоогүй. Санаачилга гаргаж, хичээх хэрэгтэй байсан» гэж туршлагаасаа хуваалцжээ. Та ч гэсэн үеийнхнээсээ өөр хүмүүстэй нөхөрлөх санаачилга гаргадаг уу? Таныг хүчин чармайлт гаргавал Ехова гарцаагүй ивээнэ.

11. Ионатан Давид хоёроос юу сурч болох вэ?

11 Үнэнч байгаарай. «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж Соломон бичсэн байдаг (Сур. 17:17). Тэрбээр энэ үгийг бичихдээ эцэг Давид нь Ионатантай хэрхэн нөхөрлөж явсныг бодож байсан байж болох юм (1 Сам. 18:1). Саул хаан, хүү Ионатандаа Израилийн хаан ширээг өвлүүлэхийг хүсэж байв. Гэвч Ехова Давидыг хаан болгохоор сонгосныг Ионатан хүлээн зөвшөөрч байлаа. Тэрбээр эцэг Саул шигээ Давидад атаархаагүй юм. Харин ч Давидыг олны хүндэтгэл хүлээхэд нь зэвүүцэж хорсоогүй бөгөөд бас эцэг нь бусдын өмнө гүтгэхэд ч үнэмшээгүй (1 Сам. 20:24–34). Бид Ионатан шиг найз байж чаддаг уу? Найзууд маань хуралд хариуцлагатай үүрэг хүлээх болоход тэднийхээ өмнөөс баярладаг уу? Тэднийгээ зовж шаналахад нь тайвшруулж, дэмждэг үү? Найзынхаа тухай гүтгэлэг сонсоод шууд итгэдэг үү? Эсвэл Ионатаны адилаар, тэр гүтгэлгийг няцааж, найздаа үнэнч байдаг уу?

Ямар үед андын харьцаагаа таслах хэрэгтэй вэ?

12-14. Библи судалж байгаа зарим хүнд ямар бэрхшээл тулгардаг вэ? Тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

12 Библи судалсны үндсэн дээр амьдралаа өөрчилж байгаа хүнд тулгарч болох нэг бэрхшээл нь найз нөхдийн асуудал юм. Дотнын найзуудынх нь дунд Библийн хэм хэмжээний дагуу амьдардаггүй хүмүүс байж мэднэ. Урьд нь тэр хүн амралт чөлөөт цагаа тэдэнтэй өнгөрүүлдэг байсан боловч одоо тэдний биеэ авч явах байдал зэрэг нь өөрт нь сөргөөр нөлөөлж болохыг ойлгоод, уулзаж учрахаа цөөлөх хэрэгтэйг ухаарч болох юм (1 Кор. 15:33). Гэхдээ тэдэнтэй нийлэхгүй бол тэдэнд үнэнч бус хандсантай адил болох юм шиг санагдаж мэднэ.

13 Хэрэв танд ийм бэрхшээл тулгарсан бол дараах зүйлийг санаарай. Таны найз жинхэнэ найз мөн л бол таныг амьдралаа сайжруулах гэж байгаад баярлах учиртай. Бүр, тантай хамт Еховагийн тухай мэдэж авахыг ч хүсэж болох шүү дээ. Харин таныг «өөрсөдтэй нь хамт дураараа дургих явдалд холбогдоогүйд гайхширч, муу хэлбэл» хуурамч найз болж таарна (1 Петр 4:3, 4). Тэгэхлээр та бус, харин тэд үнэнч бус байгаа хэрэг юм.

14 Тиймээс Библи судалж байгаа хүмүүсийг Бурхныг хайрладаггүй урьдын найз нөхөд нь орхилоо гэхэд хурлын гишүүд найз нөхөд нь болж, хоосон орон зайг нөхөх хэрэгтэй (Гал. 6:10). Та Библи судалж байгаа, цуглаанд ирдэг болсон хүмүүстэй сайн танилцаж, тэднийг мэддэг болсон уу? Та тэдний төлөө хааяа ч болов цаг гарган урамшуулж зоригжуулдаг уу?

15, 16. а) Найз тань Еховад үйлчлэхээ боливол яах нь зүйтэй вэ? б) Бурханд хайртайгаа яаж батлан харуулж болох вэ?

15 Гэтэл таны дотносон нөхөрлөдөг христиан Еховагаас нүүр буруулбал, эсвэл хурлаас хасагдлаа гэхэд та яах вэ? Ийм үед их амаргүй байдаг нь ойлгомжтой. Дотнын найз нь Еховад үйлчлэхээ болиход ямар санагдсан тухай нэг Гэрч эмэгтэй: «Миний дотор тэр чигээрээ хоосорчих шиг болсон. Би найзыгаа үнэн дотор бат үндэслэсэн гэж бодож байсан ч тиймгүй байсан юм билээ. Гэрийнхнийгээ л баярлуулах гэж Еховад үйлчилж байсан юм болов уу даа. Тэгээд би өөрийгөө шалгаж: „Тэгвэл би ямар учраас Еховад үйлчилдэг вэ?“ гэж бодож эхэлсэн» гэж ярьжээ. Энэ бэрхшээлийг давахад нь түүнд юу тус болсон бэ? Тэрбээр: «Би ачаагаа Еховад даатгасан. Би Еховаг хайрладагтаа үйлчилдэг болохоос бус, байгууллагынхаа дотроос найз нөхөд өгдөгт нь болж үйлчилдэг юм биш гэдгээ харуулахаар шийдсэн» гэж хэлжээ.

16 Бид ертөнцийн найз байхаар шийдсэн хүмүүстэй дотно байдаг бол Бурхны найз хэвээрээ үлдэнэ гэж найдахын хэрэггүй. Иаков: «Ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм» гэж бичсэн (Иак. 4:4). Найз нөхрөө алдсан ч өөрт нь үнэнч байвал хагацахын зовлонг даван туулахад маань Бурхан тусална гэж итгэх нь түүнд хайртайгаа батлан харуулж байгаа хэрэг (Дуулал 31:23-ыг уншина уу). Дээр дурдсан Гэрч эмэгтэй энэ талаар: «Хүнийг албадан Еховаг юм уу өөрийгөө хайрлуулах аргагүй гэдгийг би ухаарсан. Хайрлах эсэхээ хүн өөрөө л шийддэг» гэж хэлжээ. Тэгвэл Еховад үнэнчээр үйлчилж байгаа хүмүүстэй андын холбоогоо зузаатгахын тулд яах хэрэгтэй вэ?

Андын холбоогоо зузаатгах нь

17. Сайн найзууд бие биетэйгээ хэрхэн харьцдаг вэ?

17 Илэн далангүй харьцаа нөхөрлөлд чухал үүрэгтэй. Рут Наоми, Давид Ионатан, Паул Тимот нарын түүхийг Библиэс уншиж байхад сайн найзууд бие биетэйгээ чөлөөтэй харьцахаас гадна нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг нь ажиглагддаг. Хүмүүстэй хэрхэн харьцах тухайд Паул: «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг» гэж зөвлөсөн байдаг. Тэрбээр «гаднах хүмүүс» буюу христиан бус хүмүүстэй хэрхэн харьцахыг ийнхүү онцлон захижээ (Кол. 4:5, 6). Хэрэв бид итгэгч бус хүмүүстэй ярихдаа хүндэтгэлтэй харьцах учиртай юм бол итгэл нэгт найз нөхдөө бүр ч их хүндэтгэх ёстой бус уу?

18, 19. Христиан найзынхаа зөвлөгөөг хэрхэн үзэх нь зүйтэй вэ? Ефесийн ахлагчид ямар жишээ үлдээсэн бэ?

18 Дотнын сайн найзууд нэгнийхээ санал бодлыг хүндэтгэн үздэг учир бие биетэйгээ нигүүлсэнгүй, илэн далангүй харьцдаг. Мэргэн ухаант Соломон хаан: «Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу» гэж бичсэн байдаг (Сур. 27:9). Та найзынхаа өгдөг зөвлөгөөг ингэж үнэлдэг үү? (Дуулал 141:5-ыг уншина уу). Найз тань таны аль нэг үйлдэлд санаа зовж байгаагаа хэлэхэд та яадаг вэ? Энэрэнгүй сэтгэлээр тэгж ярьж байна гэж боддог уу, эсвэл гомддог уу?

19 Элч Паул Ефес дэх хурлын ахлагчидтай дотнын харьцаатай байжээ. Тэднийг христиан болохдоо ямар хүмүүс байсныг нь ч мэдэж байсан биз ээ. Паул тэдэнтэй сүүлчийн удаа уулзахдаа илэн далангүй ярилцаж, зөвлөгөө өгчээ. Тэгэхэд нь тэд яасан бол? Тэд гомдоогүй, харин ч өөрсдөд нь тийн санаа тавьсанд талархсан бөгөөд түүнтэй дахин уулзахгүй гэдгийг мэдээд уйлж байсан (Үйлс 20:17, 29, 30, 36–38).

20. Дотнын найз яадаг вэ?

20 Сайн найзууд нэгнийхээ зөвлөгөөг аваад зогсохгүй нэгэндээ ухаалаг зөвлөгөө өгдөг. Гэхдээ бид «өөрийн хувийн ажлыг анхаарах» учиртайгаа мартах ёсгүй (1 Тес. 4:11). Бас «бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» гэдгийг ч хүлээн зөвшөөрөх учиртай (Ром 14:12). Гэхдээ христиан хүн сайхан сэтгэлийн угаас найздаа Еховагийн хэм хэмжээг сануулах шаардлага гарч болох юм (1 Кор. 7:39). Хэрэв ганц бие найз тань Гэрч бус хүнд сэтгэл татагдаж байгааг анзаарвал та яах вэ? Нөхөрлөлдөө ан цав суулгаж мэднэ гэж болгоомжлоод дуугүй өнгөрөх үү? Эсвэл таны найз зөвлөгөөг тань үл ойшоовол яах вэ? Буруу алхам хийсэн нөхөртөө туслахын тулд хоньчдоос тусламж эрэх биз ээ. Үүний тулд зориг гаргах хэрэгтэй болно. Гэхдээ Еховаг хайрлах хайраар холбогдсон анд нөхрийн сэтгэлд арилшгүй сэв суухгүй нь лавтай.

21. Бид заримдаа ямар алдаа гаргадаг вэ? Хурлынхантайгаа андын холбоогоо зузаатгах нь яагаад чухал бэ?

21 Колоссай 3:13, 14-ийг уншина уу. Бид найз нөхдөө, найз нөхөд маань ч биднийг болчимгүй үг юм уу үйлдлээр гомдоох үе гарах нь ойлгомжтой. «Бид бүгд олон юман дээр бүдэрдэг» гэж Иаков бичсэн байдаг шүү дээ (Иак. 3:2). Гэхдээ жинхэнэ найзууд нэг нь нөгөөгөө хэр олон удаа гомдоосныг тоолж тооцохгүйгээр бие биеэ үнэн голоосоо уучилдаг. Тэгэхлээр, бие биетэйгээ илэн далангүй харьцахын зэрэгцээ дуртайяа уучилж байх нь андын холбоогоо зузаатгахад чухал үүрэг гүйцэтгэдэг байх нь ээ. Анд нөхдөө хайрлах ийм хайр «эв нэгдлийн төгс холбоос» байх юм.

Хариулна уу

• Яаж сайн анд нөхөдтэй болох вэ?

• Ямар үед андын харьцаагаа таслах хэрэгтэй вэ?

• Андын холбоогоо зузаатгахын тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны зураг]

Рут Наоми хоёрын үнэнч нөхөрлөлийн үндэс юу байсан бэ?

[19-р хуудасны зураг]

Та үргэлж зочломтгой байдаг уу?