Skip to content

Гарчиг руу орох

Бурхны үйлчлэгчид ээ, үргэлж эелдэг боловсон байгтун

Бурхны үйлчлэгчид ээ, үргэлж эелдэг боловсон байгтун

Бурхны үйлчлэгчид ээ, үргэлж эелдэг боловсон байгтун

«Бурханыг дуурайгчид болцгоо» (ЭФ. 5:1)

1, 2. а) Эелдэг боловсон байх нь яагаад чухал бэ? б) Энэ өгүүллээр юун тухай авч үзэх вэ?

 БИЕЭ хүндэтгэлтэй авч явах талаар судлаач Сью Фокс: «Эелдэг боловсон занд амралт гэж байдаггүй. Эелдэг зан хэзээ ч, хаана ч ашиг тустай байдаг» гэж бичжээ. Хүмүүс бие биетэйгээ үргэлж боловсон харьцдаг бол элдэв зөрчил багасаж, бүр байхгүй болох нь ч олонтаа. Харин бүдүүлэг харьцах нь санал зөрөлдөөн, гомдол бухимдал, уйтгар гунигт хүргэдэг.

2 Жинхэнэ христиан хурлын гишүүдийн ихэнх нь эелдэг боловсон зантай хүмүүс байдаг ч өнөөгийн ертөнцөд түгээмэл болсон бүдүүлэг хандлагын нөлөөнд автахаас сэргийлэх шаардлагатай. Энэ өгүүллээр, боловсон харьцах талаарх Библийн зарчмуудыг хэрэгжүүлбэл дээрх хандлагаас ангид байж, хүмүүсийг жинхэнэ шүтлэг рүү татаж болдгийг ярилцана. Бас эелдэг боловсон байна гэж чухам яахыг хэлдгийг ойлгохын тулд Ехова Бурхан болон түүний Хүүгийн жишээг авч үзнэ.

Ехова болон түүний Хүү эелдэг боловсон зантай

3. Ехова Бурхан эелдэг боловсон харьцах талаар ямар жишээ үзүүлсэн бэ?

3 Ехова Бурхан эелдэг харьцах талаар төгс жишээ үзүүлдэг. Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэдэг өндөр дээд байр суурьтай хэр нь хүмүүстэй туйлын энэрэнгүй, хүндэтгэлтэй харьцдаг. Библийн эх бичгийг үзвэл, тэрбээр Абрахам Мосе нарт хандахдаа захиран тушаасан өнгөөр бус, харин эелдэгхэнээр хүсэж гуйсан байдаг (Эх. 13:14; Ег. 4:6). Ехова бол үйлчлэгчдээ алдаа гаргахад «өршөөлт, нигүүлсэлт, уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян Бурхан» билээ (Дуу. 86:15). Бусдын хийсэн зүйл санаанд нь таарахгүй бол уураа барьж чаддаггүй хүн байдаг. Харин Ехова огт тийм биш.

4. Бусдыг юм хэлэхэд Еховаг дуурайн яах хэрэгтэй вэ?

4 Хүмүүсийг хэрхэн сонсдогоос нь Еховагийн эелдэг боловсон зан бас харагддаг. Абрахамыг Содомын оршин суугчдын талаар олон асуулт дараалан асуухад, тухай бүрд нь тэвчээртэйгээр хариулж байсан (Эх. 18:23–32). Хайран цагаас минь хумсаллаа гэж бодоогүй. Ехова үйлчлэгчдийнхээ залбирлыг болон үйлдсэн нүгэлдээ гэмшигчдийн уйлан хашгирахыг сонсдог (Дуулал 51:11, 17-г уншина уу). Бид ч бас Еховаг дуурайн, бусдын хэлэх үгийг сайн сонсох хэрэгтэй биш үү?

5. Есүсийн эелдэг занг дуурайх нь бусадтай илүү дотно харьцаатай болоход хэрхэн тусалдаг вэ?

5 Есүс Христ Эцгээсээ олон зүйл сурсны дотор эелдэг боловсон занд суралцжээ. Дэлхий дэх үйлчлэл нь их цаг, хүч шаарддаг байсан боловч тэвчээр алдалгүй, хүмүүст үргэлж сайхан сэтгэлээр ханддаг байв. Уяман өвчтэй хүмүүс, аргагүйн эрхэнд гуйлга гуйж амьдардаг хараагүйчүүд болон бусдын гар харагсдад туслахад хэзээд бэлэн байж, дуртайяа тусалдаг байсан. Өөр дээр нь хэл үггүй хүрээд ирэхэд огтхон ч цааргалж, цаашаа гэдэггүй байв. Сэтгэл санаа нь хямарсан хүмүүст туслахын тулд хийж байсан ажлаа зогсоох үе ч олон гарчээ. Есүс өөрт нь итгэдэг хүмүүст туйлын эелдэг ханддаг байв (Марк 5:30–34; Лук 18:35–41). Христианууд бид Есүсийг дуурайн эелдэг, тусч байхыг хичээдэг. Үүнийг хамаатан садан, хөршүүд болон бусад хүн анзаарахгүй өнгөрдөггүй. Түүнээс гадна, бид биеэ тийнхүү авч явбал Еховаг алдаршуулж, өөрсдөө ч баяр жаргал эдэлнэ.

6. Есүс халуун дотно, нөхөрсөг харьцах талаар ямар жишээ үзүүлсэн бэ?

6 Есүс хүмүүсийг хүндэтгэж, нэрээр нь дууддаг байсан. Иудейн шашны удирдагчид тийм байсан уу? Үгүй. Тэд Хуулийг мэддэггүй хүмүүсийг хараагдсанд тооцож, дорд үздэг байжээ (Иох. 7:49). Бурхны Хүү хүмүүсийг тэгж үздэггүй байв. Марта, Мариа, Закхай болон өөр олон хүнийг нэрээр нь дууддаг байсан (Лук 10:41, 42; 19:5). Өнөөдөр хүмүүс ахуй нөхцөл, соёлоос шалтгаалаад бие биеэ дуудах арга хэлбэр нь өөр өөр байдаг ч Еховагийн үйлчлэгчид бусдад нөхөрсгөөр хандахыг хичээдэг. * Ялгаварлах үзэлд авталгүй, итгэл нэгтнүүд болон бусад хүнийг зохих ёсоор хүндэтгэдэг (Иаков 2:1–4-ийг уншина уу).

7. Хаана ч явсан бусадтай эелдэг харьцахад Библийн зарчим хэрхэн тусалдаг вэ?

7 Бурхан болон түүний Хүү бүх үндэстэн ястанд нигүүлсэнгүй ханддаг нь тэднийг хүндэтгэдгийн илрэл бөгөөд үүний дүнд зөв хандлагатай хүмүүс үнэн рүү татагддаг. Яахыг эелдэг боловсон зан гаргаж байна гэж үзэх нь газар бүр харилцан адилгүй байдаг. Тийм учраас, биеэ авч явах талаар хатуу дүрэм журамд баригдалгүй, Библийн зарчмуудын тусламжтайгаар уян хатан байж, хаана ч явсан хүмүүсийг хүндэтгэж болно. Дэлгэрүүлэх ажлаа илүү үр өгөөжтэй хийхэд эелдэг боловсон зан ямар ач тустай байдгийг ярилцъя.

Мэндлэх ба яриа өдөх

8, 9. а) Ямар зуршил бүдүүлэг мэт санагдаж магадгүй вэ? б) Матай 5:47-д бичсэн Есүсийн үгийг хүмүүстэй харьцахдаа хэрэгжүүлэх ёстойн учир юу вэ?

8 Өнөөдөр хүмүүс зав чөлөө багатай болсон учраас бие биедээ «сайн байна уу?», «сонин сайхан юутай вэ?» гэдэг үгийг ч хэлж амжихгүй өнгөрөх нь олонтаа. Хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд зөрж өнгөрөх хүн бүртэй мэндэлнэ гэж юу байх вэ. Гэхдээ хүмүүстэй мэндлэх зүй зохистой цаг, нөхцөл гэж байдаг. Ер нь та хүнтэй мэндэлдэг үү? Эсвэл инээмсэглэх ч үгүй, аятайхан ч үг хэлэхгүй өнгөрчихдөг үү? Бүдүүлэг байя гэж бодоогүй хэр нь тийм зуршилтай болчихох тал байдаг.

9 Есүс: «Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу?» хэмээн хэлсэн байдаг (Мат. 5:47). Энэ талаар Дональд Вайс гэдэг мэргэжилтэн: «Харсан ч хараагүй юм шиг өнгөрөхөд хүн гомддог. Тоохгүй өнгөрснөө хаацайлах ямар ч арга байдаггүй. Эвгүй байдалд орохгүй байх энгийн арга хэлье. Хүмүүстэй мэндлээрэй. Хэдэн үг солиорой» гэж бичжээ. Хэрэв бид өөрсдөө бусдад хүйтэн хөндий хандахгүй байхыг хичээвэл сайн үр дүнд хүрнэ.

10. Дэлгэрүүлэх ажлаа үр өгөөжтэй явуулахад эелдэг боловсон зан ямар ач тустай вэ? ( «Эхлээд инээмсэглээрэй» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү.)

10 Хойд Америкийн нэгэн том хотод амьдардаг Том, Кэрол гэдэг христиан хосын жишээг авч үзье. Тэдний дэлгэрүүлэх ажлын нэг арга нь ойр хавийнхаа хүмүүстэй найрсаг яриа өрнүүлэх явдал ажээ. Чухам яаж ярилцдаг тухайгаа Том өгүүлэхдээ Иаков 3:18-ыг дурдаад, «Бид хүмүүстэй эвтэй байж, нөхөрсгөөр ярилцахыг хичээдэг. Гэрийнхээ гадаа байгаа юм уу тэр хавьд ажилладаг хүмүүс дээр очиж, инээмсэглээд, мэндэлдэг. Тэгээд сонирхдог сэдвээр нь, жишээлбэл, тэдний үр хүүхэд, нохой муур, гэр орон, ажил төрөл гэх мэтийн тухай ярилцдаг. Аяндаа тэд биднийг найзаа гэж үздэг болдог» гэж хэлжээ. Кэрол нэмж: «Дараа нь уулзахлаараа нэрээ хэлээд, тэдний нэрийг бас асуудаг. Тэгээд энд юу хийж байгаагаа хэлдэг. Гэхдээ яриагаа сунжруулахгүй байхыг хичээдэг. Ингээд эцэст нь дэлгэрүүлэх боломжтой болдог» гэж ярьжээ. Том Кэрол хоёр хөрш зэргэлдээ амьдардаг олон хүний итгэлийг олжээ. Нэлээд олон хүн Библид үндэслэсэн ном хэвлэл авсан бөгөөд үнэнийг сурч мэдэхийг хүссэн хүмүүс ч гарсан байна.

Хэцүү үед ч эелдэг байх нь

11, 12. Дэлгэрүүлж явах үед ширүүн харьцах хүн тааралдана гэдэгт бэлэн байх хэрэгтэйн учир юу вэ? Тийм хүнд хэрхэн хандах вэ?

11 Бид сайн мэдээ дэлгэрүүлж яваад заримдаа эелдэг бус хүмүүстэй тааралддаг. Үүнд гайхах хэрэггүй. Учир нь Христ Есүс шавь нартаа: «Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» гэж сануулсан билээ (Иох. 15:20). Гэхдээ биднийг хэл амаар доромжилсон хүмүүст адилхан хариулах нь сайн үр дүнд хүрэхгүй. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Элч Петр: «Та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна» гэж бичжээ (1 Петр 3:15). Дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариулан эелдэг хандвал биднийг доромжилсон хүмүүсийн сэтгэл зөөлөрч болох юм (Тит 2:7, 8).

12 Хүмүүс бүдүүлэг үг хэлсэн ч бид Бурханд таалагдахуйцаар хариулахад бэлэн байх хэрэгтэй. Паул: «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» хэмээн зөвлөжээ (Кол. 4:6). Гэрийнхэн, ангийнхан, ажлын хамт олон, хурлын гишүүд болон хөршүүддээ эелдэг хандаж сурсан хүн дооглуулж, доромжлууллаа ч христиан хүний ёсоор хариулах бэлтгэлтэй байдаг (Ром 12:17–21-ийг уншина уу).

13. Эелдэг байсны ачаар эсэргүүцэгчдийн сэтгэлийг зөөлрүүлсэн жишээ хэлнэ үү.

13 Хэцүү үед ч эелдэг боловсон байвал сайн үр дүнд хүрдэг. Жишээ нь, Японд нэг Гэрч эрэгтэйг гэрийн эзэн зочинтойгоо нийлээд дооглон тохуурхжээ. Харин Гэрч эелдэг харьцан, тэднээс салж яваад, цааш үргэлжлүүлэн дэлгэрүүлж байхдаа нөгөө зочин өөрийг нь ойрхноос харж байгааг анзаарчээ. Тэгээд түүн дээр буцаж очсонд, «Саяын болсон явдалд уучлаарай. Биднийг таагүй харьцаж байхад ч та инээмсэглэсээр байсныг би ажигласан. Яавал тан шиг болох вэ?» гэж асуужээ. Тэрбээр ажлаасаа халагдсаны дээр эхийгээ алдаад удаагүй байсан тул сэтгэл нь шаналж, уй гашууд автсан хүн байжээ. Гэрч Библи судлахыг санал болгосонд тэр хүн ч зөвшөөрч, долоо хоногт хоёр удаа хичээл хийдэг болсон байна.

Эелдэг боловсон занд суралцах хамгийн сайн арга

14, 15. Эрт цагт Еховагийн үйлчлэгчид үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ?

14 Библи бичигдэж байх үед хүүхдүүд эелдэг боловсон занг гэр бүлийнхнээсээ сурдаг байсан бөгөөд эцэг эхчүүд голлон заадаг байжээ. Эхлэл 22:7-д Абрахам болон түүний хүү Исаак бие биеэ дуудахдаа эелдэг харьцаж байсныг бодоорой. Иосеф ч бас эцэг эхээрээ сайн заалгасан нь харагддаг. Шоронд байхдаа тэрбээр бусад хоригдолд ч эелдэг ханддаг байсан (Эх. 40:8, 14). Мөн фараонд хэлсэн үгнээс нь дээд тушаалын хүнтэй зөв зохистой харьцаж сурсан нь тодорхой харагддаг (Эх. 41:16, 33, 34).

15 Израильчуудад өгсөн Арван тушаалд: «Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно» гэсэн заалт байжээ (Ег. 20:12). Эцэг эхээ хүндлэх нэг арга нь гэртээ эелдэг боловсон байх явдал байв. Иефтагийн охин өөрт нь хэцүү байсан ч эцгийнхээ тангаргийг зөвшөөрч, эцгээ гүн хүндэтгэдгээ харуулсан (Шүү. 11:35–40).

16-18. а) Хүүхдийг эелдэг боловсон занд сургахын тулд яах хэрэгтэй вэ? б) Хүүхдийг эелдэг боловсон занд сургахын ач тус юу вэ?

16 Үр хүүхдээ эелдэг боловсон харьцаатай болгож хүмүүжүүлэх нь туйлын чухал юм. Хүүхдүүд зөв хүмүүжилтэй болж төлөвшихийн тулд зочидтой аятайхан мэндлэх, утсаар эвтэйхэн хариулах, хүмүүсийн дэргэд зохистой хооллох зэрэгт багаасаа сурах хэрэгтэй. Хүмүүсийг гэрт ороход нь хаалга онгойлгож өгөх, өндөр настай болон бие муутай хүмүүст санаа тавих, хүнд юм өргөж яваа хүмүүст туслах зэргээр боловсон харьцах хэрэгтэйн учрыг хүүхдүүдэд ойлгуулах шаардлагатай. «Баярлалаа», «зүгээр», «танд туслах уу?», «уучлаарай» гэх зэргийн үгийг чин сэтгэлээсээ хэлэх нь яагаад чухал байдгийг бас ухааруулах нь зүйтэй.

17 Хүүхдийг эелдэг боловсон занд сургахад хатуу дэглэм шаардлагагүй. Үлгэр жишээ үзүүлэх нь хамгийн сайн арга юм. Хоёр ах, нэг эрэгтэй дүүтэй, хорин таван настай Курт гэдэг залуу яаж эелдэг занд суралцсан тухайгаа: «Бид дөрөв аав ээж хоёрынхоо бие биетэйгээ эелдэг зөөлөн харьцахыг, мөн бусад хүнд тэвчээртэй хандаж, халамж анхаарал тавихыг харж, сонсож өссөн. Аав маань намайг цуглааны өмнө юм уу дараа ах эгч нар дээр дагуулж очоод ярилцдаг байж билээ. Би аавынхаа яаж мэндлэхийг сонсож, тэднийг хүндэтгэж байгааг нь хардаг байлаа. Аавын биеэ авч явах байдал яваандаа надад шингэсэн юм. Хүмүүстэй өөрийн мэдэлгүй л эелдэг харьцдаг болчихдог. Энэ бол албадлагаар хийдэг үйлдэл биш, чин сэтгэлээсээ хүсээд хийдэг зүйл юм» гэж ярьжээ.

18 Эцэг эхчүүд хүүхдээ эелдэг боловсон занд сургавал ямар ач тустай байж болох вэ? Хүүхдүүд нь хүмүүстэй амархан анд нөхөд болж, бусадтай үргэлж эвтэй байж сурна. Дарга, хамт олонтойгоо гар нийлж ажилладаг хүн болно. Бас эелдэг боловсон зантай, зөв шударга хүүхдүүд эцэг эхийгээ баярлуулж, сэтгэлийг нь дүүргэж явдаг (Сургаалт үгс 23:24, 25-ыг уншина уу).

Эелдэг боловсон хүн бусдаас ялгардаг

19, 20. Нигүүлсэнгүй Бурхан болон түүний Хүүгийн жишээг шийдвэр төгс дагах хэрэгтэйн учир юу вэ?

19 Паул: «Хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо» хэмээн бичжээ (Еф. 5:1). Библийн зарчмуудыг, тэр дундаа, энэ өгүүллээр ярилцсан санааг амьдралдаа хэрэгжүүлбэл Ехова Бурхан болон түүний Хүүг дуурайж байгаа хэрэг юм. Ингэвэл, өндөр байр суурьтай хүнд таалагдах юм уу бусдаас илүү болох гэж эелдэг дүр эсгэхгүй (Иуда 16).

20 Сатан Диавол хорон муу засаглалынх нь хугацаа дуусах дөхөж байгаа энэ үед биеэ хүндэтгэлтэй авч явах талаар Еховагийн тогтоосон хэм хэмжээг баллаж арилгахын төлөө улайран зүтгэж байна. Гэвч жинхэнэ христиануудын эелдэг боловсон харьцааг бүрмөсөн устгаж чадахгүй. Нигүүлсэнгүй Бурхан болон түүний Хүүгийн сайхан жишээг бүгдээрээ дор бүрнээ шийдвэр төгс дагацгаая. Тэгвэл бидний үг яриа, биеэ авч явах байдал бүдүүлэг хүмүүсийнхээс үргэлж ялгарч, эелдэг боловсон Ехова Бурхныхаа нэрийг алдаршуулж, чин сэтгэлтэй хүмүүсийг жинхэнэ шүтлэг рүү татах болно.

[Зүүлт]

^ Зарим оронд насаар ах хүнийг нэрээр нь дуудахдаа ард нь хүндэтгэлийн үг дагуулж хэлдэг. Эс тэгвэл бүдүүлэг гэж үздэг. Харин тухайн хүнийг зөвшөөрвөл хүндэтгэлийн үг хэрэглэхгүй байж болдог байна. Христианууд ийм ёсыг хүндэтгэх нь зүйтэй.

Санаж байна уу?

• Эелдэг боловсон зангийн талаар Ехова болон түүний Хүүгээс юунд суралцаж болох вэ?

• Хүнтэй элэгсэг дотноор мэндлэх нь христианууд бидний нэр хүндийг өргөдгийн учир юу вэ?

• Эелдэг боловсон харьцаа дэлгэрүүлэх ажлын үр дүнг хэрхэн сайжруулдаг вэ?

• Хүүхдийг эелдэг боловсон занд сургахад эцэг эхчүүд ямар үүрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[27-р хуудасны хавсралт]

 Эхлээд инээмсэглээрэй

Танихгүй хүнтэй эхэлж ярилцах нь олон хүний хувьд амаргүй байдаг. Харин Еховагийн Гэрчүүд Бурхныг болон бусдыг хайрладаг учраас Библийн үнэнийг хүмүүстэй хуваалцахын тулд яриа өдөж сурахыг маш их хичээдэг. Энэ талаар сайн үр дүнд хүрэхэд юу туслах вэ?

Филиппой 2:4-т үнэлж баршгүй тустай зарчим байдаг. Тэнд: «Хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар» гэж бичжээ. Энэ зарчмыг дараах байдлаар бодож үзээрэй. Урьд нь огт уулзаж байгаагүй хүний хувьд та танихгүй хүн гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл тэр хүнд яаж дотно сэтгэгдэл төрүүлэх вэ? Халуун дотноор инээмсэглээд, нөхөрсгөөр мэндлэх нь тустай байж болох юм. Гэхдээ үүнээс илүү зүйлийг бодож үзэх хэрэгтэй.

Яриа өдөхийг оролдвол нөгөө хүнийхээ бодлыг таслах нь лавтай. Хэрэв тэр хүний бодож байгаа зүйлийн талаар бус, өөрийнхөө бодож байгаа зүйлийн талаар ярилцах гэвэл нааштай хариу сонсох нь юу л бол. Харин тэр хүний бодлыг ямар нэг байдлаар мэдэж чадвал тэр сэдвээр яриа өдөх нь зүйтэй. Есүс Самарийн нэг худгийн дэргэд тааралдсан эмэгтэйтэй ярихдаа яг тийм арга хэрэглэсэн (Иох. 4:7–26). Эмэгтэй ус авах тухай бодож байсан тул Есүс тэр сэдвээр яриа өдсөн. Удалгүй тэдний яриа сонирхолтой сүнслэг сэдэв рүү шилжсэн.

[26-р хуудасны зураг]

Хүмүүстэй нөхөрсөг харьцвал гэрчлэх сайхан боломж олдож болох юм

[28-р хуудасны зураг]

Эелдэг боловсон зан хэзээд хэрэгтэй