Skip to content

Гарчиг руу орох

Еховад үйлчлэхийг завшаан гэж эрхэмлэгтүн

Еховад үйлчлэхийг завшаан гэж эрхэмлэгтүн

Еховад үйлчлэхийг завшаан гэж эрхэмлэгтүн

«Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ» (1 КОР 12:18).

1, 2. а) Христиан хүн бүр Бурхны байгууллагад үүрэг гүйцэтгэдгийг юунаас ойлгож болох вэ? б) Энэ өгүүллээр ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ЭРТНИЙ Израилийн үеэс Ехова ард түмнээ сүнслэгээр тэжээж, удирдан чиглүүлэх зорилгоор хурлыг үүсгэн бий болгожээ. Жишээ нь, Иошуа Аи хотыг эзлэн авсныхаа дараа «Израилийн чуулган» буюу хуралд «хуулийн бүх үгсийг буюу ерөөл ба хараалыг хуулийн номд бичигдсэн ёсоор нь уншиж» сонсгожээ (Иош. 8:34, 35).

2 МЭ І зуунд элч Паул ахлагч Тимотод бичсэн захидалдаа христиан хурлыг «Бурханы гэр бүл», «үнэний багана ба суурь» хэмээн онцлон тэмдэглэжээ (1 Тим. 3:15). Эдүгээ Бурхны «гэр бүл» жинхэнэ христиануудын олон улсын ахан дүүгийн барилдлага болон өргөжин тэлжээ. Паул Бурхнаар удирдуулан Коринтын христиануудад бичсэн эхний захидлынхаа 12 дугаар бүлэгт хурлыг хүний биетэй адилтгасан бөгөөд биеийн эрхтнүүд өөр өөр үүрэг гүйцэтгэдэг боловч бүгдээрээ чухал гэсэн. Паул: «Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ» хэмээгээд «бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн зарим эрхтнүүддээ бид илүү хүндэтгэл үзүүлдэг» гэж бичсэн (1 Кор. 12:18, 23). Тэгэхлээр, Бурхны гэр бүлд багтдаг үнэнч хүний гүйцэтгэх үүргийг нөгөөгийнхтэй нь харьцуулан чухал, чухал бус гэж дүгнэх үндэс байхгүй. Учир нь хүн бүр өөр өөр үүрэгтэй. Тэгвэл Бурхны байгууллагад үүрэг хүлээхийн тулд яах хэрэгтэй вэ? Тэр үүргээ эрхэмлэдгээ яаж харуулах вэ? Үүрэг хүлээхэд ямар ямар хүчин зүйл нөлөөлөх вэ? «Ахиц дэвшлээ бүгдэд илэрхий болгохын тулд» яах хэрэгтэй вэ? (1 Тим. 4:15).

Үүргээ эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ?

3. Хуралд үүрэг хүлээх болон тэр үүргээ эрхэмлэдгээ харуулах нэг арга юу вэ?

3 Хуралд үүрэг хүлээх болон тэр үүргээ эрхэмлэдгээ харуулах нэг арга бол «итгэмжит ухаалаг боол», түүнийг төлөөлдөг Удирдах Зөвлөлтэй хамтран ажиллах явдал юм (Матай 24:45–47-г уншина уу). Боолын ангийн удирдлага зааврыг хэр зэрэг дуулгавартай сахидгаа шалгах хэрэгтэй. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд боолын анги бидэнд хувцас хунар, гадаад байдал, үзэж харах, уншиж сонсох зүйлийн талаар болон Интернет ашиглах тухайд тодорхой зөвлөгөө өгч байгаа билээ. Тэгвэл сүнслэг аюулд өртөхгүйн тулд бид тэр зөвлөгөөг хэрэгжүүлдэг үү? Бас гэр бүлийн хичээлийг тогтмолжуулахыг уриалж байгаа. Энэ уриалгыг нь хүлээн авч, тодорхой нэг өдөр хичээл хийдэг болсон уу? Ганц бие христианууд зав чөлөө гарган Библийг бие даан судалж байгаа юу? Боолын ангийн удирдлага зааврыг дагадаг хүн бүрийг, гэр бүл бүрийг Ехова ивээнэ.

4. Хувийн хэргээ шийдэхдээ юу юуг харгалзан үзэх ёстой вэ?

4 Зарим хүн ямар хувцас өмсөх, үс зүсээ яаж янзлах, юу үзэж харах, юу уншиж сонсохыг хувийн хэрэг гэж үздэг байж болох юм. Гэхдээ Бурханд өөрийгөө зориулсан, Бурхны байгууллагад хүлээдэг үүргээ эрхэмлэн үздэг христиан хүн аливаа шийдвэр гаргахдаа өөрийнхөөрөө л байх гэж зүтгэдэггүй. Харин Бурхны Үг буюу Библид бичигдсэн Бурхны үзэл бодлыг онцгой анхаарах ёстой. Библи бидний «хөл дэх дэнлүү», «зам дахь гэрэл» байх учиртай (Дуу. 119:105). Хувийн хэргээ шийдэхдээ ч дэлгэрүүлэх ажил, христиан болон христиан бус хүмүүст хэрхэн нөлөөлөхийг харгалзан үзэх нь ухаалаг хэрэг юм (2 Коринт 6:3, 4-ийг уншина уу).

5. Хараат бус байх гэсэн үзэлтэй болохоос зайлсхийх хэрэгтэйн учир юу вэ?

5 «Эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнс» нь хаа сайгүй тархсан учир түүнийг агаартай адилтгаж болох юм (Ефес 2:2). Энэ сүнс биднийг Еховагийн байгууллагаар удирдуулах хэрэггүй гэж бодоход хүргэх аюултай. Бид элч Иоханы зөвлөгөөг «хүлээж аваагүй» Диотреф шиг болохыг яавч хүсэхгүй (3 Иох. 9, 10). Тиймд хараат бус байх гэсэн үзэлтэй болохоос зайлсхийх хэрэгтэй. Еховагийн бидэнтэй харьцдаг сувгийг үг яриагаараа ч, үйл хэргээрээ ч эсэргүүцэх учиргүй (Тоо. 16:1–3). Харин ч боолын ангитай хамтран ажиллах завшаанаа эрхэмлэн үзэх хэрэгтэй. Тэгэхлээр, биднийг тэргүүлдэг хурлын ахлагчдад дуулгавартай байж, захирагдах нь зүйн хэрэг биз дээ? (Еврей 13:7, 17-г уншина уу).

6. Боломж бололцоогоо нягталж үзэхийн учир юу вэ?

6 Бурхны байгууллагад хүлээдэг үүргээ эрхэмлэдгээ харуулах бас нэг арга бол боломж бололцоогоо сайтар нягталж үзээд, «үйл хэргээ томруулах» болон Еховаг алдаршуулахын тулд чадах бүхнээ хийх явдал юм (Ром 11:13). Зарим хүн байнгын эхлэгчээр үйлчилдэг. Зарим нь миссионер, явуулын харгалзагч, бетелчин болж бүрэн цагаар үйлчилдэг. Бас олон христиан Хаанчлалын танхим барих ажилд оролцдог. Еховагийн ард түмний дийлэнх нь гэр бүлийнхнийхээ сүнслэг хэрэгцээг чадах чинээгээрээ хангадгийн зэрэгцээ долоо хоног бүр боломжийнхоо хэрээр дэлгэрүүлдэг (Колоссай 3:23, 24-ийг уншина уу). Хаанчлалын үйл хэргийн төлөө өөрийгөө дуртайяа золиослон, чин сэтгэлээсээ үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийвэл Бурханд үйлчлэх завшаан эдэлсээр байх болно.

Үүрэг хүлээхэд ямар ямар хүчин зүйл нөлөөлөх вэ?

7. Хурлын гишүүд боломж бололцооноосоо шалтгаалан өөр өөр үүрэг гүйцэтгэдэг гэж үзэхийн учрыг тайлбарлана уу.

7 Боломж бололцоогоо нягталж үзэх нь их чухал. Учир нь хуралд ямар үүрэг хүлээх нь бидний чадвар, боломжоос тодорхой хэмжээгээр шалтгаалдаг. Тухайлбал, христиан эрчүүдийн хүлээх үүрэг христиан эмэгтэйчүүдийнхээс зарим талаар өөр байдаг. Нас, эрүүл мэнд гэх зэрэг нь бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Сургаалт үгс 20:29-д: «Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ. Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс» гэж байдаг. Залуу хүн хүч тэнхээтэй учир олон ажилд гар бие оролцох боломжтой байдаг бол ахмад хүн мэргэн ухаан, дадлага туршлагаараа хуралд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Гэхдээ бид Еховагийн нигүүлслийн ачаар л байгууллагад нь хувь нэмэр оруулдаг гэдгийг санаж явцгаая (Үйлс 14:26; Ром 12:6–8).

8. Хувь хүний хүсэл сонирхол сүнслэг үйл хэрэгт оруулах хувь нэмэрт хэрхэн нөлөөлдөг вэ?

8 Хуралд үүрэг гүйцэтгэхэд нөлөөлөх бас нэг хүчин зүйлийг авч үзье. Нэг айлын хоёр охин байлаа гэж бодъё. Хоёулаа дунд сургууль төгссөн, боломж бололцоо нь ч ижил байжээ. Эцэг эх нь хоёр охиноо сургуулиа төгсөөд байнгын эхлэгч болохыг хөхүүлэн дэмждэг байв. Нэг нь сургуулиа төгсөөд байнгын эхлэгч болсон байхад нөгөө нь эхлэгчээр үйлчлэх боломжгүй ажилд оржээ. Ямар учраас ийм эрс ялгаатай шийдвэр гаргасан юм бол? Өөр өөр хүсэл сонирхолтой байсных аж. Эцсийн эцэст, тэд дор бүрнээ л хүссэн юмаа хийдэг болсон нь энэ. Ер нь, бид ч гэсэн тэгдэг биз дээ? Тэгэхлээр, бид Еховагийн төлөө юу хийхийг хүсдэгээ нухацтай бодох хэрэгтэй. Амьдралынхаа хэв маягийг өөрчилж байгаад ч болов сүнслэг үйл хэрэгт одоогийнхоосоо илүү их хувь нэмэр оруулах боломж танд бий юү? (2 Кор. 9:7).

9, 10. Еховагийн төлөө илүү ихийг хийх хүсэл оргилдоггүй бол яах нь зүйтэй вэ?

9 Гэтэл Еховагийн төлөө илүү ихийг хийх хүсэл оргилдоггүй, урсгалаар л яваад байх хандлагатай бол яах хэрэгтэй вэ? Паул Филиппойн христиануудад бичсэн захидалдаа: «Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм» хэмээсэн байдаг. Тийм ээ, Ехова бидний дотор ажиллаж, хүсэл төрүүлж чадна (Флп. 2:13; 4:13).

10 Тэгвэл хүсэл тааллыг нь биелүүлэх оргилуун хүсэлтэй болгохыг Еховагаас гуйж болохгүй нь юу билээ? Эртний Израилийн Давид хаан чухам тийн гуйсан байдаг. Тэрбээр: «ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч. Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач. Учир нь Та бол миний авралын Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг» гэж залбирчээ (Дуу. 25:4, 5). Бид ч бас Еховад таалагддаг зүйл хийх хүсэлтэй болохын тулд залбирч болно шүү дээ. Өөрсдийнх нь төлөө бидний хийдэг бүхнийг Ехова Бурхан болон түүний Хүү хэр зэрэг үнэлдгийг эргэцүүлэн бодохлоор тэдэнд талархах сэтгэл төрдөг (Мат. 26:6–10; Лук 21:1–4). Тийн талархдаг бол сүнслэг ахиц дэвшил гаргах хүсэлтэй болгохыг Еховагаас өөрийн эрхгүй гуйна. Зөнч Исаиа Еховад ямар сэтгэлээр үйлчлэх ёстойн сайхан жишээг бидэнд үлдээжээ. Тэрбээр «Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ?» гэсэн Еховагийн дууг сонсоод: «Би энд байна. Намайг явуулаач» гэж хэлжээ (Ис. 6:8).

Яаж ахиц дэвшил гаргах вэ?

11. а) Ямар хэрэгцээ гарч байгаагийн улмаас христиан эрэгтэй Бурхны байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээхийг хичээх нь зүйтэй вэ? б) Христиан эрэгтэй хариуцлагатай үүрэг хүлээдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

11 2008 оны үйлчлэлийн жилд дэлхий дахины хэмжээнд нийтдээ 289 678 хүн баптисм хүртсэн учир хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүд зайлшгүй хэрэгтэй болж байна. Тэгвэл ийм хэрэгцээ байгааг ойлгодог христиан эрэгтэй яах нь зүйтэй вэ? Товчхон хэлэхэд, туслах үйлчлэгч болон ахлагч болохын тулд Библийн шаардлага хангахыг хичээх нь зүйтэй (1 Тим. 3:1–10, 12, 13; Тит 1:5–9). Тийм шаардлага хангахын тулд яах хэрэгтэй вэ? Дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох, хурлаас оноосон аливаа үүрэг даалгаврыг нямбай биелүүлэх, цуглаан дээр хэлэх хариултынхаа чанарыг сайжруулах, итгэл нэгтнүүддээ санаа тавих хэрэгтэй. Ингэвэл хуралд хүлээсэн үүргээ эрхэмлэдгээ харуулна.

12. Үнэний төлөө хичээл зүтгэлтэй залуус яадаг вэ?

12 Залуу эрчүүд, ялангуяа, өсвөр насныхан ахиц дэвшлээ илэрхий болгохын тулд яах хэрэгтэй вэ? Библийн мэдлэгээ тэлэн «сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголтоо» гүнзгийрүүлэх зорилго тавьж болно (Кол. 1:9). Бурхны Үгийг нямбай судалж, цуглаанд идэвхтэй оролцох нь энэ зорилгодоо хүрэхэд ихээхэн тустай. Залуу эрчүүд бас янз бүрийн хэлбэрээр бүрэн цагаар үйлчлэх боломж олгодог «үлэмж том, үр нөлөөтэй хаалгаар» орох шаардлага хангахыг зорилго болгох хэрэгтэй (1 Кор. 16:9). Еховад үйлчлэхийг гол зорилго, үндсэн ажлаа болговол жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун амьдарч, арвин их ивээл хүртэнэ (Номлогчийн үгс 12:1-ийг уншина уу).

13, 14. Христиан эмэгтэйчүүд үүргээ эрхэмлэдэг нь юунаас харагддаг вэ?

13 Христиан эмэгтэйчүүд «ЭЗЭН тушаал буулгадаг. Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна» хэмээсэн Дуулал 68:11-ийн биелэлд гар бие оролцох завшаан эдэлдэг. Шавь бэлдэх ажилд оролцох нь Гэрч эмэгтэйчүүдийн хувьд Бурхны байгууллагад хүлээдэг үүргээ эрхэмлэдгээ харуулах нэг чухал арга юм (Мат. 28:19, 20). Тиймээс христиан эмэгтэйчүүд дэлгэрүүлэх ажилд чадах чинээгээрээ оролцон, тэр ажлын төлөө өөрсдийгөө дуртайяа золиосолдгоос нь хурал дахь үүргээ эрхэмлэн үздэг нь харагддаг.

14 Паул Титэд бичсэн захидалдаа: «Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, ... юу сайн болохыг заах ёстой. Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр ба хүүхдүүдээ хайрладаг, нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй» гэж тэмдэглэжээ (Тит 2:3–5). Тэгэхлээр, төлөвшсөн христиан эмэгтэйчүүд хуралд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байх нь ээ. Тэд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүдийг хүндэтгэн, хувцас, гадаад байдал болон үзэж харах, уншиж сонсох зүйлийн тухайд ухаалаг шийдвэр гаргадаг нь бусдад үлгэр жишээ болдог төдийгүй Бурхны байгууллагад хүлээдэг үүргээ эрхэмлэдгийнх нь илрэл болдог.

15. Ганц бие христиан эмэгтэйчүүд ганцаардлаа хэрхэн даван туулж болох вэ?

15 Үүргээ эрхэмлэн үнэлэх нь ганц бие эмэгтэйчүүдийн заримд амаргүй байж болох юм. Нэг эмэгтэй: «Ганц бие хүнд ганцаардах үе гардаг л юм» гэж хэлжээ. Тэрбээр ганцаардлыг хэрхэн ялдаг тухайгаа: «Бурханд залбирч, Библи судлах нь үүргээ үнэлэхэд тус болдог. Би Библи судлахдаа Ехова намайг хэрхэн үздэгийг илүү анхаардаг. Бас хурлынхаа бусад хүнд тус болохыг хичээдэг. Ингэхлээр зөвхөн өөрийгөө бус, бусдыг боддог болдог» гэж ярьжээ. Дуулал 32:8-д бичсэнээр, Ехова Давидад: «Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» гэж хэлсэн байдаг. Тийм ээ, Ехова бүх үйлчлэгчдээ, ганц бие христиан эмэгтэйчүүдэд ч санаа тавьдаг. Тиймээс христиан хүн бүр ард түмнийх нь салшгүй хэсэг гэдгээ Еховагийн тусламжтайгаар ухаарч чадна.

Бурханд үйлчлэх үүргээ ямагт эрхэмлэгтүн!

16, 17. а) Еховагийн урилгыг хүлээн авч байгууллагынх нь гишүүн болохыг ухаалаг хэрэг гэхийн учир юу вэ? б) Еховагийн байгууллагад хүлээдэг үүргээ ямагт эрхэмлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

16 Ехова үйлчлэгч нэг бүрээ хайрын сэтгэлээр өөртөө татаж, дотно харьцаа тогтоодог. Есүс: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн (Иох. 6:44). Ехова энэ дэлхийн олон тэрбум хүний дундаас биднийг байгууллагынхаа гишүүн болгохоор урьсан гээд бод доо! Энэ урилгыг хүлээж авсан маань бидний гаргасан хамгийн ухаалаг шийдвэр байсан. Үүний ачаар амьдрал маань утга учиртай, зорилготой болсон. Бид Бурхны байгууллагад багтдагийнхаа ачаар баяр баясгалантай, сэтгэл хангалуун явдаг!

17 Дуулалч: «ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон Таны сүр жавхлангийн орших газарт хайртай» хэмээгээд «Миний хөл тэгш газарт зогсдог. Цуглаануудад би ЭЗЭНийг магтана» гэж дуулсан байдаг (Дуу. 26:8, 12). Жинхэнэ Бурхан бид бүхнийг байгууллагадаа багтааж, үүрэг хүлээлгэдэг. Тиймээс Еховагийн байгууллагад хүлээдэг үүргээ эрхэмлэж байхын тулд теократ зааврыг дагаж, сүнслэг үйл хэргээр бялхаж байцгаая!

Санаж байна уу?

• Христиан хүн бүр Бурхны байгууллагад үүрэг хүлээдэг гэж үзэх нь яагаад зөв бэ?

• Бурхны байгууллагад хүлээдэг үүргээ эрхэмлэдгээ яаж харуулах вэ?

• Үүрэг хүлээхэд ямар ямар хүчин зүйл нөлөөлөх вэ?

• Христиан хүүхэд залуус болон томчууд Бурхны байгууллагад хүлээдэг үүргээ эрхэмлэдгээ хэрхэн харуулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[16-р хуудасны зураг]

Христиан эрчүүд Бурхны байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг болъё гэвэл яах хэрэгтэй вэ?

[17-р хуудасны зураг]

Христиан эмэгтэйчүүд Бурхны байгууллагад хүлээдэг үүргээ эрхэмлэдэг нь юунаас харагддаг вэ?