Таны залбирал таныг илчилдэг
Таны залбирал таныг илчилдэг
«Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг» (ДУУ. 65:2).
1, 2. Ямар учраас Еховагийн үйлчлэгчид итгэлтэйгээр залбирдаг вэ?
ЕХОВА үнэнч үйлчлэгчдийнхээ залбирлыг дандаа сонсдог учир биднийхийг ч сонсдог гэдэгт итгэлтэй байж болно. Олон сая Гэрч нь нэгэн зэрэг залбирахад ч Ехова тэднийгээ нэгбүрчлэн сонсдог.
2 Бурхан гуйлтыг нь сонсдог гэдэгт итгэлтэй байсан Давид: «Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг» хэмээн дуулжээ (Дуу. 65:2). Давид өөрт нь үнэнч байсан учир Ехова залбиралд нь хариулдаг байсан. Бид өөрсдөөсөө: «Би Еховад найддагаа, жинхэнэ шүтлэгийг эн тэргүүнд тавьдгаа залбирлаараа харуулдаг уу? Ер нь, намайг залбирлаар минь дүгнэвэл би ямар хүн бэ?» гэж асуух нь зүйтэй.
Еховад даруухнаар залбирах нь
3, 4. а) Бурханд залбирахдаа ямар байх ёстой вэ? б) Үйлдсэн ноцтой нүглийнхээ талаарх таагүй «бодлуудаас» салж чадахгүй байвал яах вэ?
3 Залбирлынхаа хариуг авъя гэвэл Бурханд даруухнаар залбирах учиртай (Дуу. 138:6). «Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, мөнхийн зам уруу намайг залаач» гэж хэлсэн Давидыг дуурайн, Еховагаар шалгуулах гэж гуйх хэрэгтэй (Дуу. 139:23, 24). Ингэж залбираад зогсохгүй дуртайяа шалгуулж, Үгээрээ өгдөг зөвлөгөөг нь хүлээн авч байцгаая. Тэгвэл Ехова биднийг «мөнхийн зам уруу» залах буюу мөнх амийн замаар явахад тусална.
4 Үйлдсэн ноцтой нүглийнхээ талаарх таагүй «бодлуудаас» салж чадахгүй, шаналж байвал яах вэ? (Дуулал 32:1–5-ыг уншина уу). Аагим халуун модыг хатаадаг шиг мөс чанарынхаа өвдөхийг эс хайхрах нь хүнийг тамирдуулдаг. Давид нүгэл үйлдсэний улмаас баяр баясгалангүй болж, бүр өвдсөн ч байж мэднэ. Гэхдээ нүгэл үйлдсэнээ Бурханд илчлээд сэтгэл нь үнэхээр тайвширсан. «Алдаа зөрчил нь уучлагдаж», Бурхан өөрийг нь өршөөсөн гэдгийг мэдрээд тэрбээр хэчнээн их баярласан бол! Нүглээ Бурханд илчлэхэд сэтгэл уужирдаг бөгөөд христиан ахлагчдаас тусламж авах нь сүнслэгээр эдгэхэд тустай (Сур. 28:13; Иак. 5:13–16).
Бурхнаас гуйх ба Бурханд талархах нь
5. Санаа зовох үедээ яах нь зөв бэ?
5 Ямар нэг зүйлээс болж сэтгэл санаагаар их зовж байвал элч Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэх нь зүйтэй. Тэрбээр: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» хэмээсэн (Флп. 4:6). Ялангуяа, аюул юм уу хавчлага тулгарах үед Еховагаас тусламж гуйж, Еховагаар удирдуулах хэрэгтэй.
6, 7. Бурханд залбирахдаа юу юуны төлөө талархах хэрэгтэй вэ?
6 Гэхдээ бид ямар нэг хэрэг гарахлаар л залбирдаг бол ямар хүмүүс болж таарах вэ? Паул биднийг Бурханд «талархалтайгаар» хүсэлтээ мэдүүл гэсэн билээ. Бидэнд ч бас Давидынх шиг сэтгэлээр залбирах бүрэн үндэс бий. Тэрбээр: «Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юм Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ. ... Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя» хэмээсэн байдаг (Ш.дээд 29:11–13).
7 Есүс хоол хүнс өгдөгт нь Бурханд талархаж байсан. Бас Эзний оройн зоогийг тэмдэглэхдээ талх, дарсны төлөө талархан залбирсан (Мат. 15:36; Марк 14:22, 23). Бид ч гэсэн хоол хүнснээс гадна «хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгууд», «зөв шударга тогтоолууд» болон үгээ Библид бичүүлснийх нь төлөө «ЭЗЭНд талархах» учиртай (Дуу. 107:15; 119:62, 105).
Бусдын төлөө залбирах нь
8, 9 Итгэл нэгт христиануудынхаа төлөө залбирах ёстойн учир юу вэ?
8 Мэдээж бид өөрсдийнхөө төлөө залбирдаг. Гэхдээ бусдын төлөө, нэрийг нь мэдэхгүй христиануудын төлөө ч залбирах учиртай. Паул Колоссай дахь бүх христианыг нэрээр нь мэддэггүй байсан байж болох ч «Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг нь бид Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүний төлөөх та нарын хайрыг сонссоны учир» хэмээн бичсэн байдаг (Кол. 1:3, 4). Бас Тесалоникийн христиануудын төлөө залбирч байжээ (2 Тес. 1:11, 12). Бусдын төлөө залбирах нь бидний ямар хүмүүс болохыг төдийгүй итгэл нэгт ах дүүсээ хэрхэн үздэгийг маань илчилдэг.
9 Хэрэв бид тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинуудын» төлөө залбирдаг бол Бурхны байгууллагыг гэсэн сэтгэлтэйгээ батлан харуулна (Иох. 10:16, ШГ). Паул «сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир» гэж итгэл нэгтнүүдээсээ хүссэн байдаг (Ефес 6:17–20). Тэгвэл бид итгэл нэгтнүүдийнхээ төлөө тэгж залбирдаг бил үү?
10. Бусдын төлөө залбирах нь ямар ач тустай вэ?
10 Бусдын төлөө залбирах нь тэдэнд хандах хандлагаа өөрчлөхөд тусалж болох юм. Жишээ нь, хэн нэг хүнд төдийлөн дотно ханддаггүй байлаа гэхэд тэр хүний төлөө залбирдаг болбол хайрладаг болохгүй гэж үү? (1 Иох. 4:20, 21). Бусдын төлөө залбирах нь босгон байгуулдаг бөгөөд эв нэгдлийг зузаатгадаг. Бас итгэл нэгтнүүдээ Христийнх шиг хайраар хайрладгаа харуулах арга юм (Иох. 13:34, 35). Хайр нь ариун сүнсний үр жимсний нэг хэсэг билээ. Сүнсний үр жимсний хэсэг болох хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг хөгжүүлэхэд туслахыг Еховагаас хүсэн, ариун сүнс гуйж дор бүрнээ залбирдаг уу? (Лук 11:13; Гал. 5:22, 23). Тэгдэг бол сүнсээр явдаг төдийгүй сүнс дотор амьд байгаагаа үг яриа болон үйл хэргээрээ харуулж байгаа хэрэг юм (Галат 5:16, 25-ыг уншина уу).
11. Бусдыг гуйж өөрийнхөө төлөө залбируулж болно гэхийн учир юу вэ?
11 Жишээ нь, хүүхэд тань шалгалт өгөхдөө хуулчих юмсан гэж бодож байгааг мэдлээ гэхэд үнэнч шударга байж, бузар мууг үйлдэхгүй байхад нь туслахын тулд хүүхдийнхээ төлөө залбирч, Библид үндэслэн ярилцах нь зүйтэй. Паул Коринт дахь христиануудад: «Та нар бузар мууг бүү үйлдээсэй гэж Бурханд бид залбирдаг» гэж бичжээ (2 Кор. 13:7). Биднийг ийн даруухнаар залбирахад Бурхан таалдаг бөгөөд сайн гэж үнэлдэг (Сургаалт үгс 15:8-ыг уншина уу). «Бидний төлөө залбирагтун. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг [«Бид бүх юманд үнэнч шударга байхыг», ШЕ] хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» гэж бичсэн Паулыг дуурайн бусдыг гуйж өөрийнхөө төлөө залбируулж болно (Евр. 13:18).
Залбирал илүү ихийг илчилдэг
12. Залбирлын гол сэдэв юу байх учиртай вэ?
12 Бидний залбирал Еховад идэвх зүтгэлтэй үйлчилдэг, аз жаргалтай Гэрчүүд нь мөн гэдгийг харуулдаг уу? Бид залбирахдаа Бурхны хүсэл таалал биелэх, Хаанчлалын тухай мэдээ түгэн дэлгэрэх, Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх, нэр нь ариусахыг чухалчилдаг уу? Есүсийн жишээ болгон хэлсэн залбирлыг үзэхэд эдгээр зүйл залбирлын маань гол сэдэв байх учиртай нь харагддаг. Уг залбирал: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж эхэлдэг (Мат. 6:9, 10).
13, 14. Залбирал бидний юуг илчилдэг вэ?
13 Залбирал бидний хандлага, дур сонирхол, хүсэл эрмэлзлийг илчилдэг. Ехова бидний дотор хүнийг мэддэг. Сургаалт үгс 17:3-т: «Галын дөлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг бол ЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг» гэж байдаг. Бурхан бидний зүрхэнд юу байгааг хардаг (1 Сам. 16:7). Ехова биднийг цуглаан, дэлгэрүүлэх ажил, сүнслэг ах дүү нартаа хэрхэн ханддагийг мэддэг. Бас Христийн «ах дүүсийг» хэрхэн үздэгийг ч мэддэг (Мат. 25:40). Залбирч байгаа зүйлээ үнэхээр бодож явдаг эсэх, эсвэл хэдхэн үг эвлүүлчихээд дахин дахин хэлээд байдаг эсэхийг Бурхан мэддэг. Есүс: «Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн [андуу] боддог юм» гэж захисан (Мат. 6:7).
14 Бурханд хэр зэрэг найддаг маань залбирлаас харагддаг. Давид Еховад хандан: «Та миний хоргодох газар, дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ. Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач. Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач» гэж хэлсэн байдаг (Дуу. 61:3, 4). Бурхан бэлгэдлийн утгаар биднийг «асраараа дээгүүр маань бүрхэж», аюулгүй байлган хамгаалдаг (Илч. 7:15). Итгэл үнэмшлээсээ болж ямар ч сорилтод орсон, Еховаг «бидний талд» байдаг гэсэн итгэлтэйгээр залбирахад сэтгэл үнэхээр тайвширдаг (Дуулал 118:5–9-ийг уншина уу).
15, 16. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг хүсдэг бол залбирлын тусламжтайгаар юу ойлгож болох вэ?
15 Еховад чин сэтгэлээсээ залбирах нь хүсэл эрмэлзлийнхээ учир шалтгааныг ойлгоход тусалдаг. Жишээ нь, Бурхны ард түмний дунд харгалзагчаар үйлчлэхийг хүсдэг байлаа гэхэд Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, даруухнаар үйлчлэх гэсэн чин сэтгэлтэйнх үү, эсвэл «тэргүүн болохыг дурладаг», бүр бусдыг «ноёрхох» сонирхолтойнх уу гэдгээ ойлгож болох юм. Еховад үйлчилдэг хүн тийм сонирхолтой байх учиргүй (3 Иохан 9, 10; Лук 22:24–27-г уншина уу). Ехова Бурханд чин сэтгэлээсээ залбирах нь хүсэл сонирхолдоо хөтлөгдөн буруудаж яваагаа ойлгож, лавшрахаас нь өмнө засахад тус болдог.
16 Христиан эхнэрүүд нөхрөө туслах үйлчлэгч, цаашлаад харгалзагч буюу ахлагчаар үйлчлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг байж болох юм. Тэгвэл энэ хүслээ ганцаарчлан залбирахдаа Бурханд хэлж, үүнтэйгээ уялдуулан биеэ үлгэр жишээ авч явах нь зөв бөгөөд чухал юм. Учир нь христиан эрэгтэйн нэр хүндэд гэр бүлийнхнийх нь үг яриа, биеэ авч явах байдал нөлөөлдөг.
Бусдыг төлөөлж залбирах нь
17. Ганцаарчлан залбирахдаа хүн саад болохооргүй газар байх нь яагаад сайн бэ?
17 Есүс тэнгэрийн Эцэгтээ ганцаарчлан залбирахын тулд олны хөлөөс зайдуу газар очдог байв (Мат. 14:13; Лук 5:16; 6:12). Бид ч бас ганцаарчлан залбирч байх хэрэгтэй. Хүн саад болохооргүй газар тайван залбирахлаар Еховад таалагдах, сүнслэг байдалд маань тустай шийдвэр гаргах боломж илүү олдож болох юм. Гэхдээ Есүс бас олныг төлөөлж залбирдаг байсан. Одоо, бусдыг төлөөлж хэрхэн залбирч болохыг авч үзье.
18. Христиан эрчүүд хурлыг төлөөлж олны өмнө залбирахдаа юу санах хэрэгтэй вэ?
18 Цуглаан дээр хурлыг төлөөлж залбирах эрчүүд үнэнч хүмүүс байх учиртай (1 Тим. 2:8). Тэгж гэмээнэ итгэл нэгтнүүд нь тэднийг залбирсны дараа «амен» буюу «ёсоор болтугай» гэж хэлэн, санал нэгтэйгээ батлан харуулж чадна. Есүс жишээ болгон хэлсэн залбиралдаа бусдыг цочирдуулахаар юм уу бусдад эвгүй санагдахаар юм огт хэлээгүй (Лук 11:2–4). Бас өөрийг нь сонсож байсан хүн нэг бүрийн зовлон, гачигдлыг тоочоогүй. Хувийн асуудлыг олныг төлөөлж залбирахдаа бус, харин ганцаарчлан залбирахдаа хэлэх нь зүйтэй. Түүнчлэн олныг төлөөлж залбирахдаа нууц асуудлыг дурдах ёсгүй.
19. Олныг төлөөлөн залбирч байх үед бид биеэ хэрхэн авч явах ёстой вэ?
19 Олныг төлөөлөн залбирч байх үед бид «Бурхнаас эмээдгээ» харуулах учиртай (1 Петр 2:17). Өөр цагт, өөр газар хийж болдог ч цуглааны үед зохисгүйд тооцогдох зарим үйлдэл байдгийг санах нь зүйтэй (Ном. 3:1). Тухайлбал, залбирал сонсож байгаа бүх хүн хөтлөлцөх юм уу сугадалцан зогсжээ гэж бодъё. Иймэрхүү үйлдэл нь цуглаанд ирсэн, бидний итгэл үнэмшлийг хуваалцдаггүй хүмүүст эвгүй санагдах юм уу тэдний анхаарлыг сарниулж болох юм. Гэр бүлийн хосууд эвтэйхэн хөтлөлцөж болох ч тэврэлдэн зогсвол үүнийг харсан хүмүүс бүдэрч болзошгүй. Тэд хайр сэтгэлээ шүтлэг мөргөлөөс дээгүүр тавьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж мэднэ. Еховаг гүнээ хүндэтгэх үүднээс «Бурханы алдрын төлөө бүхнийг хийж», бусдын анхаарлыг сарниулах, бусдыг гайхашруулах эсвэл бүдрүүлэх аливаа үйлдлээс зайлсхийхийг хичээцгээе (1 Кор. 10:31, 32; 2 Кор. 6:3).
Юу гэж залбирах вэ?
20. Ром 8:26, 27-г тайлбарлана уу.
20 Ганцаарчлан залбирахдаа юу гэж хэлэхээ мэдэхгүй үе байж болох юм. Паул: «Яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин [ариун] Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж, бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч [Бурхан] нь мэддэг» гэж бичсэн байдаг (Ром 8:26, 27). Ехова Сударт олон залбирал бичүүлсэн. Тэрбээр Библийг бичигчдэд онгод оруулан тэмдэглүүлсэн эдгээр гуйлтыг биднийх мэт үзэж, биелүүлж өгдөг. Бурхан биднийг ч, сүнсээр нь хөтлүүлэн Библийг бичсэн хүмүүсийн тэмдэглэсэн зүйлийн утга агуулгыг ч мэддэг. Ариун сүнс бидний төлөө «зуучлан гуйхад» Ехова бидний гуйлтыг биелүүлдэг. Гэхдээ Бурхны Үгийг сайн мэддэг болох тусам залбирахдаа хэлэх үг санаанд шууд ордог болно.
21. Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?
21 Тэгэхлээр, залбирал бидний тухай үнэхээр ихийг илчилдэг нь тодорхой болж байна. Жишээлбэл, Еховатай хэр зэрэг дотно харьцаатай маань, Үгийг нь хэр зэрэг сайн мэддэг маань залбирлаас харагддаг (Иак. 4:8). Дараагийн өгүүллээр, Библид бичигдсэн зарим залбирал, залбирлын үг хэллэгийг авч үзье. Бас ийн авч үзэх нь Бурханд залбирахад ямар ач холбогдолтой байж болохыг ярилцъя.
Хариулна уу
• Еховад залбирахдаа ямар байх ёстой вэ?
• Итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирахын учир юу вэ?
• Залбирлаасаа өөрийнхөө талаар болон хүсэл эрмэлзлийнхээ талаар юу мэдэж болох вэ?
• Олныг төлөөлөн залбирч байх үед бид биеэ хэрхэн авч явах учиртай вэ?
[Догол мөрийн асуулт]
[4-р хуудасны зураг]
Та Еховаг байнга магтаж, Еховад байнга талархдаг уу?
[6-р хуудасны зураг]
Олныг төлөөлөн залбирч байх үед бид биеэ авч явах байдлаараа Еховаг алдаршуулах учиртай