Ахиц дэвшлээ илэрхий болгогтун
Ахиц дэвшлээ илэрхий болгогтун
«Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай» (1 ТИМ. 4:15).
1, 2. Библид Тимотын бага насны талаар юу гэж байдаг вэ? 20-оод настай байхад нь түүний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
РОМЫН эзэнт гүрний харьяа Галат муж буюу одоогийн Туркт Тимот бага насаа өнгөрөөжээ. Есүсийг нас барснаас хойш олон арван жил өнгөрч, тэнд нэлээд хэдэн христиан хурал үүсэн байгуулагдсан байлаа. Тимот хүү, ээж эмээ хоёрынхоо хамт христиан болж, хуралдаа идэвхтэй үйлчилдэг болжээ (2 Тим. 1:5; 3:14, 15). Залуу христиан Тимот төрж өссөн нутагтаа танил дотнын хүмүүсийнхээ хүрээлэлд Бурхандаа баяр хөөртэй үйлчилж байсан нь лавтай. Гэтэл амьдралд нь гэнэтийн өөрчлөлт гарчээ.
2 Паулыг хоёр дахь удаагаа уг мужид ирэхэд бүх зүйл эхэлсэн байна. Тэр үед Тимот 20-оод настай байсан бололтой. Паул Лустрт очихдоо Тимотыг нутгийн хурлуудын «ах дүүсийн дотор сайнаар яригддаг нэгэн» болохыг анзаарчээ (Үйлс 16:2). Залуу хүү ч наснаасаа эрт төлөвшсөн нь тодорхой харагдсан байж таарна. Паул болон нутгийн ахлагчдын зөвлөл ариун сүнсний удирдлагаар Тимот дээр гараа тавин, хуралд тусгай ажил гүйцэтгүүлэхээр томилжээ (1 Тим. 4:14; 2 Тим. 1:6).
3. Тимот ер бусын ямар урилга авсан бэ?
3 Тимот элч Паултай хамт аялах ер бусын урилга авчээ! (Үйлс 16:3). Ямар их гайхаж, догдолсон бол оо! Учир нь тэрбээр Паулыг даган, бас заримдаа бусад итгэл нэгтнүүдтэйгээ хамт явж, элч нар болон ахлагчдын өгсөн янз бүрийн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой байлаа. Паул Тимот хоёр явуулын үйлчлэлд оролцон, ах дүүсийг сүнслэгээр бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм (Үйлс 16:4, 5-ыг уншина уу). Тийм ч учраас, Тимотын сүнслэгээр ахиж дэвшиж байгаа нь христиан итгэл нэгтнүүдэд нь илэрхий харагдаж байлаа. Элч Паул Тимоттой арваад жил хамт ажиллачихаад байхдаа Филиппойн христиануудад: «Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай [Тимотоос] өөр хэн ч надад алга. ... Тимот надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайн мэдээний төлөө үйлчлэн өөрийгөө хэрхэн нотолсныг та нар мэднэ» хэмээн бичжээ (Флп. 2:20–22).
4. а) Тимот илүү хариуцлагатай ямар үүрэг даалгавар авсан бэ? б) 1 Тимот 4:15-д байдаг Паулын үгтэй холбогдон ямар ямар асуулт урган гарч болох вэ?
4 Паул Филиппойн христиануудад захидал бичиж байх тэр үедээ Тимотод илүү хариуцлагатай үүрэг буюу ахлагч болон туслах үйлчлэгч томилох даалгавар өгчээ (1 Тим. 3:1; 5:22). Эндээс харахад Тимот итгэл хүлээсэн христиан харгалзагч болсон байсан нь тодорхой байна. Гэсэн хэдий ч Паул мөнхүү захидалдаа Тимотыг ахиц дэвшлээ бүгдэд илэрхий болгохыг захижээ (1 Тим. 4:15). Тимот ахиц дэвшлээ дээд зэргээр хэдийнээ илэрхийлчихээд байсан юм биш үү? Паулын захиас ямар учиртай байсан бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?
Сүнслэгээр ахиж дэвшиж байгаагаа харуулагтун
5, 6. Ефесийн хурлын сүнслэг цэвэр ариун байдалд ямар аюул нүүрлэсэн бэ? Тимот энэ аюулыг хэрхэн зайлуулж чадах байсан бэ?
5 1 Тимот 4:15-ын хам сэдвийг үзье (1 Тимот 4:11–16-г уншина уу). Паул үүнийг бичихээсээ өмнө Македони руу явсан бөгөөд Тимотыг Ефест үлдэхийг гуйжээ. Учир нь тус хотын зарим хүн хурлын гишүүдийг хуурамч сургаалаар хагалан бутаргах болсон байлаа. Тимот хурлын сүнслэг цэвэр ариун байдлыг хамгаалах үүрэг авсан бөгөөд энэ даалгавраа биелүүлэхийн тулд өөрөө сайн үлгэр дуурайл үзүүлэх ёстой байв.
6 Паул Тимотод: «Итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол» гээд цааш нь: «Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай» хэмээн бичжээ (1 Тим. 4:12, 15). Тимотын ахиц дэвшил ямар нэг хариуцлагатай үүргээс бус, харин христиан зан чанараас нь харагдах учиртай байв. Энэ бол христиан хүн бүрийн илэрхийлэх ёстой ахиц дэвшил юм.
7. Хурлын бүх гишүүн яах шаардлагатай вэ?
7 Өнөөдөр Тимотын үеийнхтэй адил, хуралд янз бүрийн үүрэг хариуцлагатай хүмүүс байдаг. Зарим нь ахлагч, туслах үйлчлэгч байхад, зарим нь эхлэгчээр үйлчилдэг. Нөгөө нэг хэсэг нь явуулын харгалзагч, бетелчин, миссионерээр үйлчилдэг. Ахлагчид чуулган гэх мэтийн сургалтын янз бүрийн хөтөлбөрт оролцдог. Гэхдээ сүнслэгээр ахиж дэвшиж байгаагаа харуулах боломж эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудад бүгдэд нь бий (Мат. 5:16). Өндөр үүрэг хариуцлага хүлээсэн христианууд хүртэл сүнслэгээр ахиж дэвшиж байгаагаа бүгдэд илэрхий болгох шаардлагатай нь Тимотын жишээнээс харагддаг.
Үг яриагаараа үлгэр дуурайл бологтун
8. Үг яриа шүтлэгт хэрхэн нөлөөлдөг вэ?
8 Тимот үг яриагаараа үлгэр дуурайл болох ёстой байв. Ахиж дэвшиж байгаагаа үг яриагаараа хэрхэн харуулж болох вэ? Үг яриа маань бидний талаар ихийг хэлж өгдөг. Есүс: «Зүрхний бялхалаас ам ярьдаг» гэж тун онож хэлжээ (Мат. 12:34). Есүсийн дүү Иаков бас үг яриа шүтлэгт нөлөөлөх хүчтэй байдгийг хүлээн зөвшөөрч: «Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө шүтлэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхийг хуурч буй бөгөөд шүтлэг нь ашиггүй ажээ» хэмээн бичжээ (Иак. 1:26).
9. Үг яриагаараа хэрхэн үлгэр дуурайл болох вэ?
9 Бидний сүнслэгээр хэр зэрэг өсөж байгааг хурлын бусад гишүүн үг ярианаас маань мэдэх боломжтой. Тиймээс төлөвшсөн христианууд зохисгүй, муу, шүүмжилсэн өнгө аястай, гомдмоор зүйлийг бус, харин сэргээсэн, тайвшруулсан, сэтгэл зассан, урам хайрласан зүйлийг ярихыг хичээдэг (Сур. 12:18; Ефес 4:29; 1 Тим. 6:3–5, 20). Ёс суртахууны асуудлаарх итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах хийгээд Бурхны өндөр хэм хэмжээг өмгөөлөн хамгаалахад бэлэн байдаг бол Бурханд чин үнэнчээ батлан харуулна (Ром 1:15, 16). Чин сэтгэлтэй хүмүүс биднийг Бурхнаас заяасан ярих чадвараа хэрхэн ашиглаж байгааг ажиглаж, бидний жишээг дуурайх нь лавтай (Флп. 4:8, 9).
Биеэ авч явах болон цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бологтун
10. Сүнслэгээр ахиж дэвшихэд ямар итгэл чухал бэ?
10 Христиан хүн бусдад үлгэр дуурайл үзүүлэхийн тулд дан ганц тустай үг хэлэх нь учир дутагдалтай. Зөв юм ярьдаг мөртлөө хийдэггүй бол тэр хүн хоёр нүүртэй болж таарна. Паул фарисайчуудын хоёр нүүртэйг, мөн тэр нь ямар хор уршигтайг маш сайн мэддэг байсан учир Тимотыг тийм хуурамч, дүр эсгэсэн зантай болохоос нэг бус удаа сэрэмжлүүлсэн байдаг (1 Тим. 1:5; 4:1, 2). Гэхдээ Тимот хоёр нүүртэй хүн байгаагүй. Паул түүнд бичсэн хоёр дахь захидалдаа: «Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг боддог» гэжээ (2 Тим. 1:5). Гэсэн хэдий ч Тимот христиан хүний хувьд чин сэтгэлтэй гэдгээ бусдад батлан харуулах шаардлагатай байсан. Тэрбээр биеэ авч явах байдлаараа жишээ үзүүлэх ёстой байв.
11. Паул Тимотод эд хөрөнгөний талаар юу гэж бичсэн бэ?
11 Паул Тимотод бичсэн хоёр захидалдаа биеэ авч явах байдал гэдэгт юу юу ордгийг дурджээ. Жишээлбэл, Тимот эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх ёсгүй байсан. Паул: «Мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүн үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» гэж бичжээ (1 Тим. 6:10). Эд хөрөнгийг хайрладаг бол сүнслэгээр сулын шинж юм. Харин «хоол хүнс, хувцас хунар»-тай эгэл амьдралдаа сэтгэл хангалуун байдаг христиан хүн сүнслэг ахиц дэвшлээ илэрхий харуулж байна гэсэн үг (1 Тим. 6:6–8; Флп. 4:11–13).
12. Ахиц дэвшлээ биеэ авч явах байдлаараа хэрхэн харуулах вэ?
12 Христиан эмэгтэйчүүд «зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэх» нь туйлын чухал болохыг Паул Тимотод бичсэн захидалдаа дурджээ (1 Тим. 2:9). Хувцас сонгох, үс зүсээ янзлах болон өөр олон зүйлд даруу, түвшин байдаг эмэгтэйчүүд маш сайн жишээ болдог (1 Тим. 3:11). Энэ зарчим христиан эрчүүдэд ч хамаатай. Паул харгалзагчдад «биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн» байхыг зөвлөсөн (1 Тим. 3:2). Эдгээр чанарыг алхам тутамдаа илэрхийлдэг бол бидний ахиц дэвшил бүгдэд харагдана.
13. Яавал Тимот шиг цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл болох вэ?
13 Тимот бас цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл болох ёстой байв. Паул цэвэр ариун гэдэг үгийг хэрэглэхдээ биеэ авч явах байдлын нэг онцгой хэсэг болох бэлгийн ёс суртахууны талаар хэлжээ. Ялангуяа, Тимот эмэгтэйчүүдтэй харьцахдаа муу хэлүүлэх ямар ч шалтаг гаргах ёсгүй байв. Тэрбээр «настай эмэгтэйчүүдийг эхчүүд шигээ, залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж, бүх цэвэр ариун байдал дотор» хандах учиртай байлаа (1 Тим. 4:12; 5:2). Садар самууныг нууцаар үйлдлээ ч Бурханд мэдэгдэхгүй өнгөрдөггүй бөгөөд яваандаа бусад хүнд ил болдог. Христиан хүний сайн үйлс ч бас далдлагдана гэж байдаггүй (1 Тим. 5:24, 25). Хурлын бүх гишүүн биеэ авч явах байдал болон цэвэр ариун байдлаараа ахиц дэвшлээ харуулах боломжтой.
Хайр ба итгэл чухал
14. Бие биеэ хайрлахын чухлыг Судар хэрхэн онцолдог вэ?
14 Жинхэнэ христиан хүний нэг гол чанар бол хайр юм. Есүс шавь нартаа: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлжээ (Иох. 13:35). Тийм хайрыг хэрхэн илэрхий болгох вэ? Бурхны Үг биднийг «хайр дотор» байн, «бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр» хандан, «зочломтгой» байхыг уриалдаг (Ефес 4:2, 32; Евр. 13:1, 2). Элч Паул: «Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла» хэмээн бичжээ (Ром 12:10).
15. Хайр ямар учраас бүх хүнд, ялангуяа христиан ахлагчдад илэрхийлбэл зохих чухал чанар вэ?
15 Хэрэв Тимот итгэл нэгтнүүдтэйгээ ширүүн дориун харьцаж, муухай аашилдаг байсан бол багш, харгалзагч болсон амжилт нь талаар болох байлаа (1 Коринт 13:1–3-ыг уншина уу). Харин ч тэрбээр ах дүүсээ чин сэтгэлээсээ хайрлаж, зочлон, тэдний төлөө сайн үйлс хийдэг байсан учир сүнслэг ахиц дэвшил нь онцгойрч харагддаг байжээ. Тиймд, элч Паул Тимотод бичсэн захидалдаа бусдад үлгэр дуурайл болохын тулд илэрхийлбэл зохих хайр хэмээх чанарыг онцгойлон дурдсан нь тохирчээ.
16. Тимот ямар учраас бат итгэлтэй байх хэрэгтэй байсан бэ?
16 Тимот Ефест үлдээд байхдаа итгэлийн сорилтод оржээ. Зарим хүн христиан сургаалтай зөрчилдсөн сургаал номлолыг хөхүүлэн дэмжиж байв. Зарим нь «үлгэр домгууд»-ыг түгээн дэлгэрүүлэх юм уу хурлын сүнслэг байдалд ямар ч нэмэр болохгүй сэдвээр судалгаа хийдэг байжээ (1 Тимот 1:3, 4-ийг уншина уу). Паул тийм хүмүүсийг «биеэ тоосон, юу ч ойлгодоггүй», «маргаантай асуудлууд, үгсийн талаар маргаан хийдэг өвчтэй» гэж хэлсэн (1 Тим. 6:3, 4). Тимот хуралд нэвтрэн орсон тиймэрхүү хор хөнөөлтэй санааг судлан өөрийгөө эрсдэлд оруулах байсан хэрэг үү? Үгүй ээ. Паул Тимотыг «итгэлийн сайн тэмцлээр» тэмцэж, «дэмий хоосон үг ярианаас хийгээд „мэдлэг“ гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос» зайлсхийхийг зөвлөсөн билээ (1 Тим. 6:12, 20, 21). Тимот Паулын мэргэн зөвлөгөөг дагасан нь эргэлзээгүй (1 Кор. 10:12).
17. Бидний итгэл хэрхэн соригдож болох вэ?
17 Сонирхолтой нь, Паул Тимотод: «Хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна» гэж бичжээ (1 Тим. 4:1). Хурлын бүх гишүүн, түүний дотор өндөр үүрэг хариуцлага хүлээсэн христианууд хүртэл Тимотын адилаар, гуйвшгүй бат итгэлтэй байх шаардлагатай. Хэрэв бид тэрс явдлын эсрэг бат зогсож, шийдвэртэй алхам хийвэл ахиц дэвшил маань илэрхий болж, итгэлийн сайн жишээ үзүүлж чадна.
Ахиц дэвшлээ илэрхий болгохыг хичээгтүн
18, 19. а) Ахиц дэвшлээ яаж бүгдэд илэрхий болгож болох вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Жинхэнэ христиан хүний сүнслэгээр ахиж дэвшиж байгаа нь гадаад байдал, төрөлхийн авьяас чадвар, нэр хүндтэй нь холбоогүй гэдэг нь тодорхой байна. Бас хуралд олон жил хариуцлагатай үүрэг хүлээсэн гэдгээс шалтгаалахгүй байж болох юм. Харин бодол санаа, үг яриа, биеэ авч явах байдлаараа Еховад дуулгавартай байвал жинхэнэ ёсоор сүнслэгээр ахиж дэвшиж байгаагийн баталгаа болно (Ром 16:19). Бие биеэ хайрлаж, итгэлээ батжуул хэмээсэн тушаалыг биелүүлэх нь бидний үүрэг юм. Ахиц дэвшлээ бүгдэд илэрхий болгохын тулд Паулын Тимотод хэлсэн үгэнд «санаа тавьж», «тэдгээрийн дотор» байцгаая.
19 Сүнслэгээр ахиж дэвшиж, христиан ёсоор төлөвшиж байгааг харуулдаг бас нэг чанар бол Бурхны ариун сүнсний үр жимсний хэсэг болох баяр баясгалан юм (Гал. 5:22, 23). Хүнд хэцүү үед энэ чанарыг хэрхэн хөгжүүлж, улмаар үргэлж баяр баясгалантай байж болохыг дараагийн өгүүллээр ярилцъя.
Хариулна уу
• Үг яриа маань бидний талаар юу хэлдэг вэ?
• Ахиц дэвшлээ биеэ авч явах болон цэвэр ариун байдлаараа хэрхэн харуулж болох вэ?
• Христианууд ямар учраас итгэл, хайрын жишээ үзүүлэх ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]
[11-р хуудасны зураг]
Залуу Тимот наснаасаа эрт төлөвшсөн байсан
[13-р хуудасны зураг]
Таны ахиц дэвшил бүгдэд илэрхий харагддаг уу?