Skip to content

Гарчиг руу орох

Хэцүү үед ч баяр баясгалангаа бүү алдагтун

Хэцүү үед ч баяр баясгалангаа бүү алдагтун

Хэцүү үед ч баяр баясгалангаа бүү алдагтун

«[Еховад] хоргодогч бүгд баяр хөөртэй байж, ... мөнхөд баярлан дуулах болно» (ДУУ. 5:11).

1, 2. а) Өнөөдөр хүмүүс юунаас болж зовдог вэ? б) Жинхэнэ христианууд бусдын адил зовохоос гадна өөр юуг тэвчих ёстой вэ?

 ХҮН ТӨРӨЛХТӨНД учирдаг гай гамшиг Еховагийн Гэрчүүдийг тойрч гардаггүй. Гэмт хэрэг, дайн дажин гэх мэтийн шударга бус явдлын золиос болсон хүн Бурхны үйлчлэгчдийн дунд цөөнгүй бий. Байгалийн гамшиг, ядуурал, өвчин, үхлээс болж олон хүн зовж шаналдаг. Элч Паул: «Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдгийг бид мэднэ» хэмээн бичсэн нь ч оножээ (Ром 8:22). Бид бас төгс бусынхаа үр дагаврыг амсдаг. Тийм ч учраас, эртний Давид хааны адилаар: «Миний гэм буруу толгойгоос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна» гэж хэлж магадгүй (Дуу. 38:4).

2 Жинхэнэ христианууд хүн болгонд нийтлэг тохиолддог бэрхшээл зовлон амсахаас гадна бэлгэдлийн утгаар «загалмай» буюу тарчлаах шон үүрч явдаг (Лук 14:27). Өөрөөр хэлбэл, Есүстэй адилхан, бусдад үзэн ядагдаж, хавчигддаг (Мат. 10:22, 23; Иох. 15:20; 16:2). Тиймд бид шинэ ертөнцөд их ивээл хүртэх цагаа хүлээнгээ, маш их хүчин чармайлт, тэсвэр тэвчээр гарган байж Христийг дагах шаардлагатай болдог (Мат. 7:13, 14; Лук 13:24).

3. Христианууд Бурхны тааллыг олохын тулд зовж амьдрах шаардлагагүй гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

3 Тэгвэл жинхэнэ христианууд ямар ч баяр баясгалангүй, аз жаргалгүй амьдардаг хэрэг үү? Төгсгөл иртэл уйлж гашуудан, зовж шаналах ёстой юу? Ехова биднийг сайхан ирээдүйг хүлээнгээ аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Библид Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг жаргалтай хүмүүс гэж нэг бус удаа бичсэн байдаг (Исаиа 65:13, 14-ийг уншина уу). Дуулал 5:11-д: «[Еховад] хоргодогч бүгд баяр хөөртэй байж, ... мөнхөд баярлан дуулах болно» хэмээн бичжээ. Тэгэхлээр, хүнд хэцүү үед ч баяр баясгалантай, амар тайван, сэтгэл хангалуун байж болдог гэсэн үг. Зовлон тохиолдсон ч баяр баясгалангаа алдахгүй байхад Библи хэрхэн тусалдаг тухай ярилцъя.

Ехова бол жаргалтай Бурхан

4. Бүтээлүүд нь өөрийнх нь хүсэл тааллыг үл тоомсорлоход Бурханд ямар санагдсан бол оо?

4 Еховаг жишээ болгон авъя. Тэрбээр Төгс хүчит Бурхан учир орчлонт ертөнц тэр чигээрээ түүний мэдэлд байдаг. Бурхан юугаар ч дутдаггүй, түүнд хэн ч хэрэггүй. Гэхдээ Ехова эгнэшгүй их хүчтэй мөртлөө сүнсэн хөвгүүдийнх нь нэг өөртэй нь тэрсэлдэн Сатан болоход гонсойсон нь лавтай. Дараа нь бусад тэнгэр элчийг уг самуун хэрэгт холбогдоход сэтгэл нь өвдсөн биз ээ. Дэлхий дээрх хамгийн агуу бүтээл нь болох Адам Ева хоёрыг өөрөөс нь нүүр буруулахад хэчнээн их шаналсныг ч бас бодоод үзээрэй. Тэр цагаас хойш тэдний үр сад Еховагийн эрх мэдлийг эсэргүүцсээр ирсэн (Ром 3:23).

5. Ехова юунд маш их шаналдаг вэ?

5 Сатаны дэгдээсэн самуун одоо ч хүчээ авсаар байна. Ехова хиймэл шүтээн шүтэх явдал, хүчирхийлэл, аллага, бэлгийн гаж харьцааг 6 000-аад жилийн турш харж байна (Эхл. 6:5, 611, 12). Жигшмээр худал үг, доромжлолыг сонсож байна. Тэр байтугай, өөрийг нь шүтдэг хүмүүс хүртэл сэтгэл зүрхийг нь өвтгөж байсан удаатай. Тийм нэгэн явдлыг Библид: «Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж, говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ! Тэд Бурханыг дахин дахин сорьж, Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн» хэмээн дүрслэн бичжээ (Дуу. 78:40, 41). Ард түмэн нь өөрийг нь үл тоомсорлоход Ехова асар ихээр гашууддаг (Иер. 3:1–10). Тэгэхлээр муу юм тохиолдох явдал байдаг бөгөөд тийм үед Ехова сэтгэл зүрхнийхээ угаас зовж шаналдаг нь тодорхой байна (Исаиа 63:9, 10-ыг уншина уу).

6. Ярвигтай асуудал тулгарвал Бурхан яадаг вэ?

6 Гэхдээ Ехова юу ч хийж чадахгүй болтлоо шаналж зовдог юм биш ээ. Ярвигтай асуудал үүссэн даруйд нь түүний муу үр дагаврыг багасгах алхам хийсэн. Бас санаа зорилгоо бүрэн биелүүлэх урт хугацааны арга хэмжээ авсан. Үүнийг бодож үзвэл, Ехова хэмжээгүй эрх мэдэл нь зөвтгөгдөж, үнэнч үйлчлэгчид нь их ивээл хүртэх цагийг баяртайгаар хүлээдэг ажээ (Дуу. 104:31). Тийм ээ, Ехова өөрийг нь хэчнээн гутаан доромжилсон ч түүнийг эс хайхран, «жаргалтай Бурхан» хэвээрээ л байдаг (1 Тим. 1:11, ШЕ; Дуу. 16:11).

7, 8. Ямар нэг юм болж бүтэхгүй байвал Еховаг хэрхэн дуурайх вэ?

7 Үнэндээ, бид бэрхшээлийг шийдэж чадах эсэх тухайд өөрсдийгөө Еховатай харьцуулах нь утгагүй ч, саад тотгор тулгарсан үед Еховаг дуурайж чадна. Ямар нэг юм болж бүтэхгүй болоход гуньж гутрах нь хэвийн үзэгдэл боловч ийм байдал удаан хугацаагаар үргэлжлэх ёстой юм биш. Бид Еховагийн дүр төрхөөр бүтээгдсэн учир бэрхшээлээ дүгнэж цэгнэн, боломжийнхоо хэрээр болгож бүтээх мэргэн ухаан хийгээд сэтгэн бодох чадвартай.

8 Амьдралын бэрхшээлийг давахад туслах нэг чухал хүчин зүйл бол зарим юманд чадал хүрэхгүйгээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Тухайн асуудлаас болж шаналбал улам л цөхөрч, жинхэнэ Бурхныг шүтэхийн баяр баясгаланг алдах аюул байдаг. Ухаалаг арга хэмжээ авсны дараа бэрхшээлийнхээ талаар бодохгүй байн, илүү үр ашигтай зүйлийг анхаарах нь хамгийн сайн. Библид байдаг дараах үйл явдал үүнийг тодорхой харуулдаг.

Ухаалаг байдал амин чухал

9. Ханна нэгэн асуудалд хэрхэн ухаалаг хандсан бэ?

9 Зөнч Самуелын эх Ханнагийн жишээг авч үзье. Тэрбээр хүүхэд төрүүлээгүйдээ ихэд гутардаг байв. Хүүсэр учраас бусдын элэг доог болж, заримдаа уйлан, хоол унд ч идэхгүй болтлоо сэтгэлээр унадаг байжээ (1 Сам. 1:2–7). Ханна нэг удаа Еховагийн асарт очоод байхдаа ихэд шаналан, «ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлдаг» (1 Сам. 1:10). Еховад сэтгэлээ уудлан залбирсных нь дараа тэргүүн тахилч Ели түүн дээр очоод, «Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай!» гэжээ (1 Сам. 1:17). Энэ удаад Ханна чадах бүхнээ хийсэн гэдгээ баттай ойлгожээ. Хүүхэд төрүүлнэ гэдэг түүний хэрээс хэтэрсэн хэрэг байлаа. Тийм ч учраас уг асуудалд ухаалаг ханджээ. Тэгээд «буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов» (1 Сам. 1:18).

10. Паул хүч хүрэхгүй асуудалтай тулгараад хэрхэн ухаалаг хандсан бэ?

10 Элч Паул ч бас гай зовлон тохиолдоход Ханнатай адилхан ухаалаг хандаж чадсан билээ. Тэрбээр ихэд шаналж, түүнээсээ болж сэтгэл нь маш их хямарч байв. Үүнийгээ махан биеийн «өргөс» хэмээн нэрлэсэн байдаг (2 Кор. 12:7). Шаналгаад байсан юм нь юу ч байлаа гэсэн, Паулын хийж чадсан зүйл нь түүнээс салахын тулд Еховагаас тусламж гуйсан залбирал байжээ. Хэдэн удаа залбирсан бол? Гурван удаа. Гурав дахь удаагаа залбирсных нь дараа Бурхан түүнд махан биеийн өргөсийг нь гайхамшгаар авч өгөхгүй гэдгээ мэдэгджээ. Паул ч үүнийг зөвшөөрөөд, Еховад бүрэн дүүрэн үйлчлэхэд гол анхаарлаа хандуулсан (2 Коринт 12:8–10-ыг уншина уу).

11. Бэрхшээлээ даван туулахад «залбирал болон гуйлт» ямар ач тустай вэ?

11 Эдгээр жишээнээс, хэцүү асуудлынхаа талаар Еховад залбирахаа больсон нь дээр юм байна гэж ойлгож болохгүй (Дуу. 86:7). Харин ч Бурхны Үг бидэнд: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» хэмээн уриалдаг. Тийм гуйлт, залбиралд Ехова хэрхэн хариулах вэ? Библид: «Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» гэж бичжээ (Фил. 4:6, 7). Ехова бэрхшээлийг маань арилгаж өгөхгүй байж магад. Гэхдээ залбиралд хариулж, санаа бодлыг маань хамгаална. Жишээ нь, тухайн асуудлынхаа талаар залбирсны дараа санаа зовоод байх нь аюултай гэдгийг ойлгож болох юм.

Бурхны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярлагтун

12. Удаан хугацаагаар сэтгэлээр унах нь яагаад аюултай вэ?

12 Сургаалт үгс 24:10-т: «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж» гэж бичжээ. Бас «Зүрх гутрах үед сүнс эмтэрнэ» хэмээсэн сургаал үг бий (Сур. 15:13). Зарим христиан Библиэ ч уншихгүй, Бурхны Үгийг ч эргэцүүлэн бодож чадахгүй болтлоо сэтгэлээр унадаг. Ёс төдий залбирдаг болж, итгэл нэгтнүүдээсээ хөндийрч магадгүй. Удаан хугацаагаар ийм байх нь аюултай (Сур. 18:1, 14).

13. Зовлон гунигаа мартаж, баяр баясгалантай болоход ямар ямар үйл хэрэг тус болдог вэ?

13 Харин өөдрөг байвал амьдралыг өөр өнцгөөс хараад, баяр баясгалан олж авч чадна. Давид: «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм» гэж бичжээ (Дуу. 40:8). Амьдралд ямар нэг юм болж бүтэхгүй боллоо ч сүнслэг сайн хэвшлээ бүү орхиорой. Аз жаргал авчирдаг үйл хэрэгт оролцох нь зовлон гунигаа мартах сайн арга юм. Ехова бидэнд Үгийг нь уншиж, байнга няхуур үздэг бол аз жаргалтай, баяр баясгалантай болно гэж хэлдэг (Дуу. 1:1, 2; Иак. 1:25). Ариун Судар, христиан цуглааны аль алинаас сонсож болдог «тааламжит үгс» урам сэргээж, сэтгэл зүрхийг баясгадаг (Сур. 12:25; 16:24).

14. Ехова биднийг баяр баясгалантай байлгах ямар баталгаа өгдөг вэ?

14 Бурхан биднийг баяр баясгалантай байлгах олон баталгаа өгдөг. Авралын найдвар өгсөн нь аз жаргалтай байх гол эх үндэс болдог (Сур. 13:5). Одоо юу ч тохиолдлоо гэсэн, Бурхныг шаргуу эрж хайж байсан цагт эцэстээ шагнал хүртэнэ гэдгээ бид мэддэг (Номлогчийн үгс 8:12-ыг уншина уу). Зөнч Хабаккук бас ийм итгэлтэй байсан нь түүний бичсэн үгнээс харагддаг. Тэрбээр: «Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана» хэмээн бичжээ (Хаб. 3:17, 18).

Еховаг «Бурханаа болгодог ард түмэн» жаргалтай

15, 16. Ирээдүйд ивээл хүртэх цагаа хүлээнгээ одоо ч баяр баясгалан өгдөг Бурхны зарим бэлгийг нэрлэнэ үү.

15 Бид өмнөө байгаа гайхамшигтай ирээдүйг хүлээнгээ Бурхны өгсөн олон сайхан зүйлд баясан баярлах хэрэгтэй. Энэ бол Еховагийн хүсэл юм. Библид: «Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу» гэж бичжээ (Ном. 3:12, 13). «Сайныг үйлдэх» гэдэг нь бусдын төлөө сайн үйлс бүтээхийг хэлнэ. Есүс авахаасаа өгөх нь илүү жаргалтай гэж хэлсэн байдаг. Хань ижил, үр хүүхэд, эцэг эх, төрөл садандаа сайхан сэтгэлийн үйлс хийвэл асар их таашаал авдаг (Сур. 3:27). Бас сүнслэг ах дүүстээ халамж анхаарал тавьж, дайлж зочлон, өршөөнгүй сэтгэлээр ханддаг бол баяр хөөрөөр цалгиж, Еховаг ч баярлуулна (Гал. 6:10; Кол. 3:12–14; 1 Петр 4:8, 9). Мөн, христиан үйлчлэлд өөрийгөө золиослон оролцох нь үнэхээр баяр баясгалан авчирдаг.

16 «Номлогчийн үгс» номоос иш татсан дээрх зүйлд идэж уух гэх мэтийн энгийн зүйлээс сэтгэлийн таашаал авдаг тухай бичжээ. Тийм ээ, бид сорилтод орсон үедээ ч Еховагийн өгсөн олон сайхан бэлгээс баяр баясгалан амсаж болно. Түүнчлэн, жаргах нар, үзэсгэлэнт байгаль, төрхгүйтэн тонгочих амьтны үр төл гээд ертөнцийн олон гайхамшгийг үнэ төлбөргүй үздэг ч бишрэх сэтгэл төрж, баярлан баясдаг. Тэдгээр зүйлийг эргэцүүлэн боддог бол сайн сайхан бүхнийг Бэлэглэгч Еховаг улам хайрлах болно.

17. Бид юуны ачаар зовлонгоос бүрмөсөн ангижрах вэ? Одоо юуны ачаар сэтгэл уужирдаг вэ?

17 Бурхныг хайрлаж, хууль тушаалд нь захирагдаж, золиосонд итгэдэг бол эцэстээ төгс бус амьдралын зовлонгоос бүрмөсөн ангижирч, үүрдийн баяр баясгалан эдэлнэ (1 Иох. 5:3). Харин одоо бол, биднийг шаналгаад байгаа бүх зүйлийг Ехова маш сайн мэддэг гэж бодохлоор сэтгэл уужирдаг. Давид нэгэнтээ: «Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно. Яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан. Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн» гэж бичжээ (Дуу. 31:7). Ехова хайрандаа хөтлөгдөн биднийг бүх л зовлон зүдгүүрээс маань аварна (Дуу. 34:19).

18. Бурхны ард түмэн баяр баясгалангаар цалгиж байх ёстойн учир юу вэ?

18 Амласан бүхэн нь биелэх цагийг хүлээнгээ жаргалтай Бурхан Еховагаа дуурайж явцгаая. Гутранги бодолд автаж, Бурханд үйлчлэх хүчээ сулруулахгүй байцгаая. Бэрхшээл тулгарвал сэтгэн бодох чадвараа зөв ашиглан, мэргэн ухаанаар удирдуулцгаая. Тэнгэрийн Эцэг маань биднийг сэтгэлээ барьж, хүнд хэцүү явдлаас үүдсэн муу үр нөлөөг багасгах ямар нэг алхам хийхэд тусална. Бурхны өгсөн материаллаг болон сүнслэг сайн сайхан бүхэнд баярлаж явцгаая. Еховатай ойр дотно байдаг хүн баяр баясгалантай байх болно. Учир нь «[Еховаг] Бурханаа болгодог ард түмэн» жаргалтай байдаг (Дуу. 144:15).

Та юу мэдэж авсан бэ?

• Амьдралд бэрхшээл тулгарахад Еховаг хэрхэн дуурайж болох вэ?

• Ухаалаг байх нь бэрхшээлийг даван туулахад ямар ач тустай вэ?

• Хүнд хэцүү үед ч Бурхны хүслийг гүйцэлдүүлэхийн баяр баясгаланг хэрхэн эдэлж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[16-р хуудасны зураг]

Муу юм болоход Ехова зовж шаналдаг

[Зураг эзэмшигч]

© G.M.B. Akash/Panos Pictures

[18-р хуудасны зураг]

Ехова бидэнд баяр баясгалангаа алдахгүй байхад хэрэгтэй бүхнийг өгдөг