Skip to content

Гарчиг руу орох

Бид Еховагийн нигүүлслээр Еховагийнх болдог

Бид Еховагийн нигүүлслээр Еховагийнх болдог

Бид Еховагийн нигүүлслээр Еховагийнх болдог

«Бид Эзэнийх» (РОМ 14:8).

1, 2. а) Бидэнд ямар завшаан олддог вэ? б) Ямар ямар асуулт урган гарч байна вэ?

 ЕХОВА Изр аилийн ард түмэнд: «Та нар бүх ард түмний дундах Миний эзэмшил болно» хэмээсэн нь тэдний хувьд хосгүй завшаантай хэрэг байлаа (Ег. 19:5). Өнөөдөр христиан хурлын гишүүдэд Еховагийнх байх завшаан олддог (1 Петр 2:9; Илч. 7:9, 14, 15). Энэ завшааны ачаар бид үүрдийн ач тус хүртэнэ.

2 Еховагийнх байх нь завшаан мөнийн зэрэгцээ бас хариуцлагатай хэрэг юм. Зарим хүн: «Би Еховагийн шаардлагыг биелүүлж чадах болов уу? Хэзээ нэгэн цагт нүгэл үйлдчихвэл Бурхан намайг орхих уу? Еховагийнх болохлоор эрх чөлөө минь хязгаарлагдах уу?» гэх мэтээр бодож болох юм. Үнэндээ, эдгээр нь бодууштай асуулт мөн. Гэхдээ эхлээд, Еховагийнх байх нь ямар ач тустай вэ? гэсэн асуултыг нухацтай авч үзье.

Еховагийнх байх нь жаргалтай

3. Рахаб Еховад үйлчлэхээр шийдээд ямар ач тус хүртсэн бэ?

3 Еховагийнх болсон хүмүүс ач тус хүртдэг үү? Эртний Иерихо хотод амьдарч байсан Рахаб гэгч янхан эмэгтэйн түүхийг үзье. Тэрбээр ёс журамгүй явдлыг буруушаадаггүй Канаан нутгийн бурхдыг багаасаа шүтсэн нь гарцаагүй. Гэхдээ бусад үндэстнийг ялахад нь израильчуудад тусалсан Еховагийн тухай мэдээд, жинхэнэ Бурхан мөн гэж ухаарчээ. Тиймээс амь насаараа дэнчин тавин, Бурхны сонгосон ард түмэнд тусалж, ирээдүйгээ тэдний гарт даатгасан. Библид: «Янхан эм Рахаб элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?» хэмээсэн байдаг (Иак. 2:25). Рахаб Бурхны Хуулийн ачаар хайр болон шударга ёсонд суралцсан цэвэр ард түмний нэг болоод ямар ач тус хүртсэнийг бодож үзье. Тэрбээр амьдралынхаа урьдын хэв маягийг орхисондоо хэчнээн их баярласан бол оо! Рахаб израиль эртэй гэрлэж, Боаз гэдэг хүү төрүүлж өсгөсөн бөгөөд хүү нь хожим Бурхны үнэнч үйлчлэгч болсон (Иош. 6:25; Рут 2:4–12; Мат. 1:5, 6).

4. Рут Еховад үйлчлэхээр шийдээд ямар ач тус хүртсэн бэ?

4 Моаб эмэгтэй Рут ч бас Еховад үйлчлэхээр шийджээ. Тэрбээр Моабын Хемош гэх мэтийн бурхдыг багаасаа шүтдэг байсан биз ээ. Гэхдээ жинхэнэ Бурхан Еховаг мэддэг болж, нутагт нь цагаачлан ирсэн израиль хүнтэй гэр бүл болсон (Рут 1:1–6-г уншина уу). Хожим нь Рут авьсан Орпатай цуг хадам эх Наомийг даган Бетлехем рүү явахаар болж замд гарахад Наоми хоёр бүсгүйг гэртээ харихыг ятгадаг. Үнэхээр ч тэдний хувьд Израильд суурьших амаргүй байх байв. Тэгээд Орпа «өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явжээ». Харин Рут буцсангүй. Тэрбээр итгэлдээ хөтлөгдөн хэнийх байхаа шийдсэн байв. Рут: «Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан» гэж Наомид хэлдэг (Рут 1:15, 16). Рут Еховад үйлчлэхээр шийдсэнийхээ ачаар бэлэвсэн, ядуу, газаргүй хүмүүсийг харгалзан үзсэн Бурхны Хуулийн ач тусыг биеэрээ үзсэн. Тэрбээр Еховагийн хамгаалалтад аз жаргалтай, амар тайван амьдарсан.

5. Та Еховад үнэнчээр үйлчилж байгаа хүмүүсийг ажиглаад юу олж мэдсэн бэ?

5 Еховад өөрийгөө зориулснаасаа хойш олон арван жил үнэнч яваа хүмүүсийг та өөрөө мэддэг байж болох юм. Еховад үйлчилдгийнхээ үрээр ямар ач тус хүртдэгийг нь тэднээс асуугаарай. Ямар ч бэрхшээлгүй амьдардаг хүн нэг ч байхгүй нь үнэн. Гэхдээ «ЭЗЭНийг Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!» хэмээсэн дуулалчийн үгийн үнэнийг батлах баримт олон бий (Дуу. 144:15).

Ехова хэрээс хэтэрсэн юм шаарддаггүй

6. Еховагийн шаардлагыг биелүүлж чадахгүй байх вий гэж санаа зовох хэрэггүйн учир юу вэ?

6 Та Еховагийн шаардлагыг биелүүлж чадах эсэхдээ эргэлзэж байсан байж болох юм. Бурхны үйлчлэгч байх, хуулийг нь сахиж амьдрах, Бурхны нэрийн өмнөөс ярина гэж бодоход сүрдмээр байж мэднэ. Жишээ нь, Бурхан Мосег израильчууд болон Египетийн хаан руу явуулж, тэдэнтэй яриулахаар болоход Мосе өөрийгөө чамлаж байсан. Бурхан түүнд хэрээс нь хэтэрсэн шаардлага тавиагүй юм. Харин «юу хийхийг» нь «заасан» билээ (Египетээс гарсан нь 3:11; 4:1, 10, 13–15-ыг уншина уу). Мосе ч Бурхнаас тусламж аваад хүсэл тааллыг нь биелүүлэхийн баяр баясгаланг үзсэн. Ехова биднээс ч гэсэн хэрээс маань хэтэрсэн юм огт шаарддаггүй. Төгс бусыг маань ойлгодог, бас туслахыг хүсдэг (Дуу. 103:14). Есүсийн дагалдагч болж Бурханд үйлчлэхлээр айж сүрдэхээ больж, харин ч сэргэдэг. Учир нь Еховад үйлчлэн амьдрах нь хүмүүст сайныг үйлдэж, Бурхнаа баярлуулж байгаа хэрэг юм. Есүс: «Над уруу ир. Би та нарыг амраая [«сэргээнэ», ШЕ]. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ» гэж хэлсэн (Мат. 11:28, 29).

7. Шаардлагыг нь биелүүлэхэд Ехова тусална гэдэгт итгэлтэй байж болохын учир юу вэ?

7 Ехова өөрт нь найддаг хүнд үргэлж урам зориг өгдөг. Иеремиаг санацгаая. Тэрбээр зоригтой ярьж чаддаггүй хүн байсан бололтой. Ехова өөрийг нь зөнчөө болгоход тэрбээр: «Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй» гэж хэлдэг. Хожим нь бүр «Түүний нэрээр дахин ярихгүй» гэж хэлсэн удаатай (Иер. 1:6; 20:9). Гэхдээ Еховагийн дэмжлэгтэйгээр олны таашаадаггүй мэдээг 40 жил дэлгэрүүлж чадсан. Ехова түүнд: «Чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна» гэж хэлэн олон удаа зоригжуулж байсан (Иер. 1:8, 19; 15:20).

8. Яавал Еховад итгэж найддагаа харуулах вэ?

8 Ехова Мосе Иеремиа нарыг дэмжиж байсан шигээ христианууд биднийг ч бас дэмжиж, шаардлагыг нь биелүүлэхэд тусална. Хамгийн гол нь, Бурханд найдах хэрэгтэй. Библид: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж байдаг (Сур. 3:5, 6). Үгээрээ болон хурлаар өгдөг Еховагийн тусламжийг хүлээн авбал түүнд итгэж найддагаа харуулна. Амьдрал гэдэг замаар алхахдаа Еховагаар удирдуулбал үнэнч байхад маань юу ч саад болохгүй.

Ехова үйлчлэгч нэг бүрдээ санаа тавьдаг

9, 10. 91-р дууллыг үзвэл, Бурхан яаж хамгаалахаа амласан бэ?

9 Еховад өөрийгөө зориулах эсэхээ шийдэхдээ зарим хүн нүгэл үйлдээд, үнэ хүндгүй болж, Еховад хаягдах вий гэж айдаг. Гэхдээ Ехова өөртэй нь тогтоосон эрхэм харьцаагаа алдахгүй байхад шаардагдах бүх хамгаалалтыг өгдөг нь үнэхээр талархмаар. Энэ талаар 91-р дуулалд юу бичсэн байдгийг үзье.

10 91-р дуулал: «Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд хандан: „[Та бол] Миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан минь“ гэнэ. Учир нь чамайг анчны урхинаас ... авардаг нэгэн бол Тэр юм» гэж эхэлдэг (Дуу. 91:1–3). Бурхан өөрийг нь хайрладаг, өөрт нь итгэж найддаг хүнийг авран хамгаалахаа амладаг (Дуулал 91:9, 14-ийг уншина уу). Яаж хамгаална гэсэн бэ? Эрт цагт Ехова зарим үйлчлэгчийнхээ амь насыг хамгаалж байсан нь зарим тохиолдолд Мессиагийн удам угсааг хамгаалсан хэрэг байв. Гэхдээ шоронд хоригдож, тамлагдах юм уу Бурханд үнэнч байхыг нь болиулах гэсэн харгис дайсны гарт амиа алдсан Бурхны үйлчлэгч олон байсан (Евр. 11:34–39). Ехова тэдний үнэнч байдлыг нь эвдэх аюулаас сүнслэгээр хамгаалж байсан учир тэд зоригжин, сорилтыг тэвчиж чаджээ. Үүнийг бодож үзвэл, Бурхан сүнслэгээр хамгаалахаа амласныг 91-р дууллаас мэдэж болно.

11. «Хамгийн Дээд Нэгэний халхавч» гэж юу вэ? Бурхан ямар хүнийг тэнд хамгаалдаг вэ?

11 Тэгэхлээр, дуулалч сүнслэг хамгаалалтыг «Хамгийн Дээд Нэгэний халхавч» гэдгээр бэлгэдэн хэлжээ. Еховагийн урилгаар тэнд оршин суудаг хүмүүс Еховад итгэх итгэл болон Еховаг хайрлах хайрыг нь үгүй хийх хэн нэгэн болон аливаа бүхнээс ангид, аюулгүй байдаг (Дуу. 15:1, 2; 121:5). Бурханд итгэдэггүй хүмүүс тэр халхавчийг огт мэддэггүй. Харин «[Та бол] миний итгэдэг Бурхан» гэж хэлдэг хүмүүсийг Ехова тэнд хамгаалдаг. Хавхавчинд байнга байвал «анчин» Сатаны урхинд орж, Еховагийн тааллыг алдах вий гэж хэтэрхий их санаа зовох хэрэггүй болдог.

12. Бурхантай тогтоосон харьцаанд маань юу аюул учруулдаг вэ?

12 Бурхантай тогтоосон эрхэм харьцаанд маань юу аюул учруулдаг вэ? Дуулалч «харанхуйд явагч тахал, үд дунд цөлжүүлэх мөхөл» гэх зэргийг хэлжээ (Дуу. 91:5, 6). «Анчин» олон хүнийг хараат бус байх гэсэн аминч хүслээр нь урхиджээ (2 Кор. 11:3). Шунал, бардам зан, эд хөрөнгөнд дурлах явдлыг хөөрөгдсөөр зарим хүнийг барьжээ. Зарим хүнийг эх оронч үзэл, удамшил хувьслын онол, хуурамч шашин гэх мэтийн гүн ухаанаар төөрүүлсэн байна (Кол. 2:8). Бас Бурхны хуультай зөрчилддөг бэлгийн харьцааг урхи болгон цөөнгүй хүнийг олзолсон. Сүнслэг байдалд онц аюултай тахал мэт иймэрхүү зүйлийн улмаас олон сая хүн Бурхныг хайрлах хайраа гээжээ (Дуулал 91:7–10-ыг уншина уу; Мат. 24:12).

Бурхныг хайрлах хайраа хамгаалах нь

13. Бидний сүнслэг байдалд аюул учруулдаг зүйлээс Ехова яаж хамгаалдаг вэ?

13 Тэгвэл эдгээр аюулаас Ехова ард түмнээ хэрхэн хамгаалдаг вэ? Дуулалч: «Бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө» хэмээжээ (Дуу. 91:11). Биднийг сайн мэдээ дэлгэрүүлэхэд тэнгэр элчүүд удирдаж, хамгаалдаг (Илч. 14:6). Түүнээс гадна, христиан ахлагчид Судрыг чанд баримтлан биднийг сургаж, хуурамч сургаалд төөрөлдөхөөс хамгаалдаг. Бас ертөнцийн үзэл бодлоос ангижрах гэж хичээж байгаа хүн нэг бүрд тусалдаг (Тит 1:9; 1 Петр 5:2). Түүнчлэн, биднийг удамшил хувьслын тухай сургаалд төөрөлдөх, хуял тачаалд автах, эд баялаг, нэр алдарт дурлах гэх мэтийн янз бүрийн хор хөнөөлтэй хүсэлд хөтлөгдөх, нөлөөнд автахаас сэргийлэхийн тулд «итгэмжит, ухаалаг боол» сүнслэг хоол өгдөг (Мат. 24:45). Иймэрхүү аюулд өртөхгүй байхад тань юу тус болдог вэ?

14. Сүнслэг хамгаалалтын ач тусыг яаж бүрэн дүүрэн хүртэх вэ?

14 Яавал Бурхны «халхавч» буюу хамгаалалтад байнга байх вэ? Ер нь, хүн аваар осолд орох, гэмт хэрэгт өртөх, халдварт өвчин тусах зэргээс байнга сэргийлж өөрийгөө хамгаалах хэрэгтэй байдаг шиг сүнслэг аюулаас ч өөрийгөө байнга хамгаалах хэрэгтэй. Үүний тулд хэвлэл, цуглаан, чуулганаар өгдөг Еховагийн удирдлага зааврыг байнга сахих шаардлагатай. Ахлагчдаас зөвлөгөө авах нь зүйтэй. Бас итгэл нэгтнүүдийн маань илэрхийлдэг олон сайхан чанар бидэнд тустай байдаг шүү дээ. Хуралтайгаа ойр дотно байх нь мэргэн ухаалаг болгодог ач тустай (Сур. 13:20; 1 Петр 4:10-ыг уншина уу).

15. Ехова биднийг сайшаалыг нь алдахад хүргэж болзошгүй зүйлээс хамгаалж чадна гэж итгэхийн учир юу вэ?

15 Еховагийн сайшаалыг алдахад хүргэж болох аюултай зүйлүүд байдаг ч Ехова биднийг тэр бүхнээс хамгаалж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй (Ром 8:38, 39). Ехова христиан хурлыг эрх мэдэл бүхий шашны болон улс төрийн удирдагчдаас хамгаалсаар ирсэн. Тэдний гол зорилго бол биднийг хөнөөх бус, харин ариун Бурхнаас маань хөндийрүүлэх явдал юм. Гэхдээ «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» хэмээсэн Еховагийн амлалт ямагт үнэн байдаг (Ис. 54:17).

Хэн бидэнд эрх чөлөө өгдөг вэ?

16. Ямар учраас ертөнц бидэнд эрх чөлөө өгдөггүй вэ?

16 Еховагийнх болохлоор эрх чөлөө хязгаарлагдах уу? Үгүй ээ, харин ч ертөнцийнх байх нь эрх чөлөөг хязгаарладаг. Бурхнаас хөндийрсөн энэ ертөнц хүнийг боолчилдог харгис бурхны гарт байдаг (Иох. 14:30). Жишээ нь, Сатаны тогтолцоо санхүүгийн дарамт шахалт үзүүлэн хүний эрх чөлөөг хязгаарладаг (Илчлэлт 13:16, 17-той харьцуулна уу). Нүгэл ч бас хүнийг боолчилдог, мэхэлдэг (Иох. 8:34; Евр. 3:13). Тийм атал Бурханд итгэдэггүй хүмүүс Еховагийн сургаалтай зөрчилддөг амьдралын хэв маягийг эрх чөлөө өгдөг мэтээр сурталчилдаг. Гэтэл үнэндээ тэднийг дагах хэн боловч нүглийн боол болж, ёс суртахууны хувьд доройтсоноо удаж төдөлгүй ухаардаг (Ром 1:24–32).

17. Ехова биднийг юунаас чөлөөлөх вэ?

17 Харин өөрсдийгөө гарт нь даатгавал Ехова биднийг аюултай бүхнээс чөлөөлнө. Амь насанд аюултай өвчин тусчихаад өөрийг нь аварч чадах чадварлаг мэс засалчид өөрийгөө даатгаж байгаа хүнтэй бид зарим талаараа төстэй байж болох юм. Бид удамшин дамждаг нүгэлтэй учир амь насанд маань аюул заналхийлдэг. Христийн золих тахилд үндэслэн өөрсдийгөө Еховад даатгасан цагт л нүглийн үр дагавраас зайлж, мөнхийн амьтай болно (Иох. 3:36). Мэс засалчийн нэр хүндтэйг нь мэдээд илүү их найдвар төрдөг шиг Еховагийн тухай ихийг мэдэхийн хэрээр илүү их найддаг болно. Тиймээс Бурхны Үгийг цаашдаа ч илүү нямбай судалж байцгаая. Ингэвэл Бурхных байхаас айх аливаа айдсыг ялан дийлэх тийм хайраар түүнийг хайрлаж сурна (1 Иох. 4:18).

18. Еховагийнх болбол ямар ач тус хүртдэг вэ?

18 Ехова бүх хүнд сонгох эрх чөлөө өгдөг. Бурхны Үгэнд: «Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, ЭЗЭН Бурханаа хайрла» гэж байдаг (Д.хууль 30:19, 20). Бурхан биднийг өөрт нь үйлчлэхээ сайн дураараа шийдэн хайраа илэрхийлээсэй гэж хүсдэг. Бурхныг хайрлаж, Бурхных боллоо гэхэд эрх чөлөө маань хязгаарлагдахгүй. Харин ч аз жаргалтай болж, аз жаргалтай амьдарна!

19. Еховагийнх байхыг Еховагийн нигүүлслийн ач гэж үзэхийн учир юу вэ?

19 Бидэн шиг нүгэлт хүмүүс төгс Бурхных байх гавьяагүй. Гагцхүү Бурхны нигүүлслийн ачаар л ийм завшаан эдэлдэг (2 Тим. 1:9). Тийм ч учраас Паул: «Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх» гэж бичсэн (Ром 14:8). Еховагийнх болохоор шийдвэл хэзээ ч харамсахгүй!

Хариулна уу

• Еховагийнх байх нь ямар ач тустай вэ?

• Бид Бурхны шаардлагыг юуны ачаар биелүүлж чаддаг вэ?

• Ехова үйлчлэгчдээ яаж хамгаалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[8-р хуудасны зураг]

Еховагийнх болсны ачаар ямар ач тус хүртдэгийг нь бусдаасаа асуугаарай

[10-р хуудасны зураг]

Ехова биднийг яаж хамгаалдаг вэ?