Еховагийн удирдлага зөвтгөгдөнө!
Еховагийн удирдлага зөвтгөгдөнө!
«Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирдаг» (ДАН. 4:17).
1, 2. Хүний удирдлага бүтэлгүйтэж байгаагийн зарим шалтгаан юу вэ?
ХҮНИЙ удирдлага бүтэлгүйтсээр ирсэн! Үүнд эргэлзэх юм байхгүй. Гол шалтгаан нь хүмүүст зөв зохистой удирдах мэргэн ухаан байдаггүйтэй холбоотой. Орчин үеийн хүмүүн удирдагчид «өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, ... ариун бус, ... эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, ... биеэ тоодог» болсон нь хүний удирдлага бүтэлгүйтэж байгаагийн тодоос тод баталгаа юм (2 Тим. 3:2–4).
2 Эрт дээр үед анхны хүмүүс удирдлагыг нь эсэргүүцсэнээрээ Бурхнаас хараат бус боллоо гэж ойлгосон байж магадгүй. Гэвч үнэн хэрэгтээ Сатанд захирагдах болжээ. «Энэ ертөнцийн захирагч» Сатаны хүчтэй нөлөөнд автсан хүмүүний гаж удирдлагын зургаан мянган жилийн явцад байдал түүхэнд байгаагүйгээр дордож, өнөөдрийн хэмжээнд хүрсэн (Иох. 12:31). Нэгэн номд орчин үеийн хүн төрөлхтний нөхцөл байдлын талаар бичихдээ «төгс ертөнцийг хүлээх нь» бүтэшгүй зүйл хэмээжээ («The Oxford History of the Twentieth Century»). Тэнд цааш нь: «Төгс ертөнц гэж байдаггүй бөгөөд түүнийг бий болгох гэсэн оролдлого гай зовлон, захиргаадалтын дэглэм, хамгийн хор хөнөөлтэй дайнд хүргэдэг» хэмээн тайлбарлажээ. Эндээс, хүний удирдлага бүтэлгүйтэж байгааг шударгаар хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна!
3. Адам Ева хоёр нүгэл үйлдээгүй бол Бурхан яаж захирах байсан бэ?
3 Анхны хүмүүс амжилтад хүргэдэг цорын ганц удирдлага болох Бурхны удирдлагыг эсэргүүцсэн нь юутай эмгэнэлтэй вэ! Адам Ева хоёр үнэнч хэвээрээ байсан бол Ехова дэлхийг яаж захирах байсныг тодорхой хэлэх аргагүй. Ямар ч байсан, хүн төрөлхтөн бүхэлдээ Еховад захирагдах байсан бөгөөд Бурхан хэнийг ч алаг үзэлгүй, бүгдийг хайрын үүднээс удирдах байсан гэдэгт итгэж болно (Үйлс 10:34; 1 Иох. 4:8). Бас Бурхны хосгүй мэргэн ухааныг бодоод үзсэн ч, хүн төрөлхтөн Еховагийн удирдлагаас татгалзаагүй бол хүний засаглалын улмаас үүдэн бий болсон бүх алдаа дутагдлаас зайлсхийж болох байсан гэдэгт эргэлзэх юм байхгүй. Бурхны удирдлага буюу теократ удирдлага «бүх амьтны хүслийг хангах» байсан (Дуу. 145:16). Товчоор хэлбэл, энэ нь төгс удирдлага байх байв (Д.хууль 32:4). Хүмүүс үүнээс татгалзсан нь даанч харамсмаар!
4. Бурхан Сатанд удирдан захирах ямар эрх олгосон бэ?
4 Гэхдээ Ехова хүмүүст өөрсдийгөө удирдахыг нь зөвшөөрсөн ч бүтээлээ захирах эрхээ ер алдаагүй. Вавилоны хүчирхэг хаан хүртэл «Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирдаг» гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүрч байсан (Дан. 4:17). Эцсийн эцэст Хаанчлал Бурхны хүсэл тааллыг биелүүлнэ (Мат. 6:10). Ехова Сатаны дэгдээсэн маргаантай асуудалд тодорхой хариу өгөхийн тулд түүнд «энэ үеийн бурхан» болох боломж түр зуур өгсөн нь үнэн (2 Кор. 4:4; 1 Иох. 5:19). Гэхдээ Сатан Еховагийн зөвшөөрснөөс өөр юм хийж чаддаггүй (Ш.дэд 20:6; Иов 1:11, 12; 2:3–6-тай харьцуулна уу). Бас Бурхны гол Дайсны захирдаг ертөнцөд амьдардаг ч Бурханд захирагдахаар шийдсэн хүмүүс хэзээнээсээ байсаар ирсэн.
Бурхан Израилийг удирдсан нь
5. Израильчууд Бурханд юу гэж амласан бэ?
5 Абелын үеэс Израиль үндэстэн үүсэх хүртэл олон хүн Еховаг үнэнчээр шүтэж, хууль зарлигийг нь дуулгавартай сахиж явсан (Евр. 11:4–22). Мосегийн үед Ехова Иаковын үр удамтай гэрээ байгуулснаар Израиль үндэстэн бий болсон түүхтэй. МЭӨ 1513 онд израильчууд Еховаг Удирдагчаа болгон, «ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ» хэмээн өөрсдийнхөө болон үр удмынхаа өмнөөс амлажээ (Ег. 19:8).
6, 7. Израилийг удирдсан Бурхны удирдлагын онцлог юу байсан бэ?
6 Ехова израильчуудыг ард түмнээ болгон сонгосон нь учиртай (Дэд хууль 7:7, 8-ыг уншина уу). Бурхан израильчуудын тусын тулд төдийгүй, бас өөрийн нэр болон хэмжээгүй эрх мэдлийн тухай асуудлаас үүдэн ийм алхам хийжээ. Энэ асуудал хамгийн чухал нь байлаа. Израильчууд Еховаг цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийн гэрч болох ёстой байсан (Ис. 43:10; 44:6–8). Тийм ч учраас Ехова Израилийн ард түмэнд: «Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ» хэмээн айлджээ (Д.хууль 14:2).
7 Бурхан израильчуудыг удирдахдаа тэдний төгс бусыг тооцон үздэг байлаа. Гэхдээ хууль нь төгс байсан бөгөөд Бурхны зан чанарыг тусган харуулдаг байв. Мосегоор дамжуулан өгсөн хууль тушаалууд нь Еховаг цэвэр ариун, шударга ёсыг хайрладаг, уучлахад бэлэн, тэвчээртэй гэдгийг онцолдог байсан. Иошуагийн үед ард түмэн Еховагийн хууль тушаалыг сахин, амар тайван байж, сүнслэг их ивээл хүртэж байжээ (Иош. 24:21, 22, 31). Еховагийн удирдлага хамгийн сайн гэдгийг Израилийн түүхийн энэ үе батлан харуулсан.
Хүнээр удирдуулбал горыг нь амсана
8, 9. Израиль ямар мунхаг хүсэлт тавьсан бэ? Үр дүн нь ямар байсан бэ?
8 Гэвч израильчууд олон жилийн турш Бурхны удирдлагаас дахин дахин нүүр буруулж, ивээл хамгаалалтыг нь алдаж байсан. Эцэст нь тэд нүдэнд үзэгддэг хүмүүн хаантай болгож өгөхийг зөнч Самуелаар дамжуулан Бурхнаас шаардсан. Тэдний хүсэлтийг ёсоор болгохыг Ехова Самуелд тушаахдаа: «Тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм» хэмээн нэмж хэлжээ (1 Сам. 8:7). Ехова Израильд хаантай болохыг зөвшөөрсөн ч хүнээр удирдуулбал горыг нь амсах болно гэдгийг анхааруулсан (1 Самуел 8:9–18-ыг уншина уу).
9 Еховагийн анхааруулга үнэн байсныг түүх баталсан. Хүнээр удирдуулснаар, ялангуяа Еховад үнэнч бус хаадын үед Израиль ноцтой асуудалтай тулгарч байжээ. Израилийн энэ жишээг бодож үзвэл, олон зууны туршид Еховаг мэддэггүй хүмүүс төр барихдаа мөнхийн сайн сайхныг авчирч чадаагүйд гайхах хэрэггүй. Зарим удирдагч амар тайван, аюулгүй байдлыг бий болгох гэсэн хүчин зүтгэлийг нь ивээхийг Бурхнаас гуйдаг. Гэтэл Бурхан өөрт нь захирагддаггүй хүмүүсийг ивээнэ гэж үү? (Дуу. 2:10–12).
Бурхнаар удирдуулдаг шинэ үндэстэн
10. Израилийн орыг Бурхны сонгосон ард түмэн эзлэх болсон нь ямар учиртай вэ?
10 Израилийн ард түмэн Еховад үнэнчээр үйлчлэх хүсэлгүй нь тодорхой болжээ. Эцэст нь тэд Бурхны томилсон Мессиаг хүлээж аваагүй тул Ехова тэднээс нүүр буруулж, шинэ үндэстнийг бүрдүүлэх бүлэг хүнийг тэдний оронд тавихаар шийдсэн. Үүний дүнд, МЭ 33 онд Еховагийн тослогдсон үйлчлэгчдээс бүрддэг христиан хурал үүссэн бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ, Еховагаар удирдуулдаг шинэ үндэстэн байлаа. Паул тэр хурлыг «Бурханы Израиль» гэжээ (Гал. 6:16).
11, 12. Израиль үндэстэн болон «Бурханы Израилийн» хооронд удирдлагын тухайд ижил төстэй ямар талууд байдаг вэ?
11 Израилийн ард түмэн болон «Бурханы Израилийн» хооронд ялгаатай хийгээд ижил төстэй тал бий. Христиан хурал хүмүүн хаангүй бөгөөд нүглээ цайруулж амьтдаар тахил өргөдөггүйгээрээ эртний Израилиас ялгаатай. Израиль үндэстэн болон христиан хуралд байдаг ижил төстэй нэг зүйл бол ахмадууд буюу ахлагчид юм (Ег. 19:3–8). Христиан ахлагчид сүргийг захирдаггүй. Харин хурлыг хариулж, христиан үйл хэргийг удирдахдаа чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Хурлын гишүүн бүрийг эрхэмлэн хүндэтгэж, хайрын сэтгэлээр харьцаж, ханддаг (2 Кор. 1:24; 1 Петр 5:2, 3).
12 «Бурханы Израилийн» гишүүд болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» эртний Израильтай Бурхны хэрхэн харьцаж байсныг эргэцүүлэн бодоод, Ехова болон түүний удирдлагыг улам ихээр үнэлдэг (Иох. 10:16, ШГ). Жишээ нь, Израилийн хаад харьяат албатууддаа сайн, муу аль алинаар нь нөлөөлдөг байсныг түүх харуулдаг. Христиануудыг удирддаг хүмүүс эндээс сургамж авч болно. Тэд эртний хаад шиг захирдаггүй ч гэсэн итгэлийн талаар ямагт сайн жишээ үзүүлж байх ёстой (Евр. 13:7).
Ехова өнөөдөр хэрхэн удирддаг вэ?
13. 1914 онд ямар онцгой үйл явдал болсон бэ?
13 Өнөөдөр христианууд хүний удирдлагын төгсгөл ойрхон байгааг дэлхий даяар тунхаглаж байна. Ехова 1914 онд тэнгэрт Хаанчлал байгуулж, Есүс Христийг Хаанаар томилохдоо «ялахын тулд ялсаар гарч ирэх» эрх мэдлийг түүнд өгчээ (Илч. 6:2). Шинээр томилогдсон Хаан «Өөрийн дайснуудын дунд захирах» ёстой байлаа (Дуу. 110:2). Харамсалтай нь, үндэстнүүд Еховад захирагдахаас байнга татгалздаг. Тэд үйл хэргээрээ «Бурхан байдаггүй» гэж хэлдэг (Дуу. 14:1).
14, 15. а) Бурхны Хаанчлал биднийг хэрхэн захирдаг вэ? Бид ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? б) Бурхны удирдлага хамгийн сайн гэдэг нь өнөөдөр юунаас харагддаг вэ?
14 «Бурханы Израилийн» тослогдсон гишүүдээс үлдсэн цөөн хэдэн хүн одоо ч дэлхий дээр байгаа бөгөөд тэд Есүсийн ах дүү нарын хувьд «Христийн төлөөх элчин сайд нарын» ажлыг хийж байна (2 Кор. 5:20). Итгэмжит, ухаалаг боолоор томилогдсон тэр хүмүүс тослогдсон итгэл нэгтнүүд болон дэлхийд мөнх амьдрах найдвартай олон сая христианд санаа тавьж, сүнслэг хоол унд өгдөг (Мат. 24:45–47; Илч. 7:9–15). Бурхны орчин үеийн жинхэнэ үйлчлэгчид сүнслэгээр цэцэглэж байгааг үзвэл Ехова уг арга хэмжээг ивээж байгаа нь тодорхой байна.
15 Бид дор бүрнээ: «Би христиан хуралд ямар үүрэг хүлээх ёстойгоо бүрэн ойлгодог уу? Еховагийн удирдлагыг зохих ёсоор дэмждэг үү? Еховагийн удирддаг Хаанчлалын харьяат албат гэдгээрээ бахархдаг уу? Бурхны Хаанчлалын тухай бусдад боломжоороо ярьж байх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг уу?» гэж бодож үзэх хэрэгтэй. Хурлын гишүүд бид бүгдээрээ Удирдах Зөвлөлөөс гаргасан зааврыг дуртайяа мөрдөж, ахлагчидтай хамтран ажилладаг. Энэ нь Бурхнаар удирдуулж байгаа хэрэг юм (Еврей 13:17-г уншина уу). Бурханд дуртайяа захирагдвал хуваагдмал ертөнцөд байдаггүй хосгүй эв нэгдэл тогтоно. Бас амар тайван, зөвт байдлын үр жимс ургаж, улмаар Еховагийн удирдлага хамгийн сайн гэдгийг батлан, Ехова Бурхныг алдаршуулдаг.
Еховагийн удирдлага хамгийн сайн нь
16. Хүн бүр ямар шийдвэр гаргах хэрэгтэй вэ?
16 Еденд дэгдсэн маргаантай асуудал шийдэгдэх цаг маш хурдан ойртож байна. Тиймээс одоо хүмүүсийн хувьд шийдвэр гаргах цаг мөн. Хүн бүр Еховагаар удирдуулах уу, хүнээр удирдуулах уу гэдгээ шийдэх ёстой. Даруу хүмүүсийг зөв шийдвэр гаргахад нь тусална гэдэг бол бидний хувьд завшаантай хэрэг юм. Удахгүй Хармагедоноор Сатаны нөлөөнд байдаг хүний удирдлага Еховагийн удирдлагаар эгнэгт солигдоно (Дан. 2:44; Илч. 16:16). Хүний засаглал төгсөж, Бурхны Хаанчлал дэлхийг бүхэлд нь захирах болно. Еховагийн удирдлага бүрэн утгаараа зөвтгөгдөнө (Илчлэлт 21:3–5-ыг уншина уу).
17. Хэнээр удирдуулахаа зөв шийдэхэд нь даруу хүмүүст ямар ямар зүйл тус болох вэ?
17 Еховаг дэмжих тодорхой шийдвэр гаргаж амжаагүй байгаа хүмүүс Бурхны удирдлага хүн төрөлхтөнд ямар ач тустайг залбирч байгаад сайтар бодох хэрэгтэй. Хүний засаглал терроризм гэх мэтийн гэмт хэргийг шийдэх чадваргүй нь тодорхой болсон. Бурхны засаглал ёс бус бүхнийг дэлхийгээс арчин зайлуулна (Дуу. 37:1, 2, 9). Хүн удирдаж байсан цагт дайн дажин тасрахгүй. Харин Бурхны засаглал «дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоо[но]» (Дуу. 46:9). Түүгээр зогсохгүй, хүн амьтдын хоорондох эв нэгдлийг сэргээнэ (Ис. 11:6–9). Ядуурал, өлсгөлөн хүний засаглалын нэг онцлог байдаг бол, Бурхны засаглал үүнийг бүрмөсөн арилгана (Ис. 65:21). Хүмүүст ямагт сайн сайхныг хүсдэг удирдагч хүртэл өвчин, үхлийг арилгаж чаддаггүй байхад, Бурхны засаглалын үед өвчтэй, хөгшин хүмүүс залуугийнх шигээ хүч тэнхээтэй болж, баяр хөөрөөр бялхана (Иов 33:25; Ис. 35:5, 6). Дэлхий диваажин болохоор үл барам, нас барагсад ч дахин амилна (Лук 23:43; Үйлс 24:15).
18. Бурхны удирдлага хамгийн сайн гэдэгт итгэдгээ хэрхэн харуулах вэ?
18 Сатан анхны хүмүүсийг Бүтээгчээсээ нүүр буруулахад гол нөлөө үзүүлснээр өнөөгийн гай зовлон, муу муухай бүхэн бий болсон бөгөөд энэ бүгдийг Бурхны удирдлага үүрд устгана. Сатаны 6 000 жилийн туршид учруулсан хор хөнөөлийг Бурхан Христийн тусламжтайгаар 1 000 жилийн дотор арилгана гээд бод доо! Бурхны удирдлага хамгийн зөв гэдгийг батлах агуу баталгаа биш гэж үү? Бурхны Гэрчүүд бид түүнийг Удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрдөг учраас өдөр бүр, цаг мөч тутамд амьдралынхаа хэв маягаар Еховагийн үйлчлэгч, Хаанчлалынх нь харьяат албат гэдгээ харуулж, Гэрч нь гэдгээрээ бахархаж явцгаая. Боломж бүрийг ашиглан, хүмүүст Еховагийн удирдлага хамгийн сайн гэдгийг ярьцгаая.
Та Бурхны удирдлагын талаар дараах Библийн зүйлүүдээс юу мэдэж авсан бэ?
• 1 Самуел 8:9–18
[Догол мөрийн асуулт]
[29-р хуудасны зураг]
Ехова захирах эрхээ ер алдаагүй
[31-р хуудасны зураг]
Еховад дуртайяа захирагдвал дэлхий даяар эв нэгдэл тогтоно