Skip to content

Гарчиг руу орох

Христийн жинхэнэ дагалдагч гэдгээ батлагтун

Христийн жинхэнэ дагалдагч гэдгээ батлагтун

Христийн жинхэнэ дагалдагч гэдгээ батлагтун

«Сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг. Харин муу модноос муу үр жимс ургадаг» (МАТ. 7:17).

1, 2. Төгсгөлийн цаг үед Христийн жинхэнэ дагалдагчид хуурамч христиануудаас юугаараа ялгардаг вэ?

 ЕСҮСИЙН хэлснээр, өөрийг нь дагадаг гэх хүмүүс жинхэнэ дагалдагчдаас нь үр жимс буюу заадаг сургаал, биеэ авч явах байдлаараа ялгарах аж (Мат. 7:15–17, 20). Үнэхээр ч хүмүүс оюун ухаандаа нэвтрүүлж, зүрх сэтгэлдээ шингээсэн зүйлийнхээ эрхшээлд байдаг (Мат. 15:18, 19). Хуурамч сургаал заалгадаг хүмүүс «муу үр жимс» ургуулдаг бол үнэнийг заалгадаг хүмүүс «сайн үр жимс» ургуулдаг.

2 Бидний амьдарч буй төгсгөлийн цаг үед энэхүү хоёр төрлийн үр жимс илэрхий болжээ (Даниел 12:3, 10-ыг уншина уу). Хуурамч христианууд Бурхны талаар буруу ойлголттой, «бурханлаг байдлын дүртэй» явдаг бол сүнслэг хэрсүү ухаантнууд Бурхныг сүнс болон үнэнээр шүтдэг (Иох. 4:24; 2 Тим. 3:1–5). Христианууд бүгдээрээ Христийнх шиг зан чанар илэрхийлэхийг хичээдэг. Гэхдээ бид дор бүрнээ яадаг вэ? Жинхэнэ христиануудын таван онцлог шинжийг авч үзэнгээ «Би Бурхны Үгтэй яв цав тохируулан биеэ авч яван, үнэнийг заадаг уу? Үнэнийг хайдаг хүмүүс намайг хараад үнэнд татагддаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай.

Бурхны Үгийг сахиж амьдрах нь

3. Еховад ямар хүн таалагддаг вэ? Христиан байна гэдэг жинхэнэ христиануудын хувьд юуг хамардаг вэ?

3 «Намайг „Эзэн минь, Эзэн минь“ гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно» гэж Есүс хэлсэн (Мат. 7:21). Тийм ээ, өөрийгөө христиан гэж хэлэх бус, харин христиан гэдгээ батлах үйл хэрэг хийх нь Еховад таалагддаг. Христиан байна гэдэг Христийн жинхэнэ дагалдагчдын амьдралынх нь бүх хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл, мөнгө төгрөг, ажил алба, амралт чөлөөт цаг, ертөнцийн ёс заншил, баяр ёслол, гэр бүл болон хүмүүсийн хоорондын харьцааны асуудалд ч христиан ёсоор хандах учиртай. Харин хуурамч христианууд өнөөгийн эцсийн өдрүүдэд Бурхны хэм хэмжээнээс улам бүр холдож байгаа үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, үйл хэрэгт холбогджээ (Дуу. 92:7).

4, 5. Малахи 3:18-д бичигдсэн Еховагийн үгийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

4 Тэгээд ч зөнч Малахи: «Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно» гэж бичсэн байдаг (Мал. 3:18). Та энэ үгийг эргэцүүлж бодонгоо өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. «Би ертөнцийн хүмүүстэй адилхан байдаг уу, эсвэл тэднээс ялгардаг уу? Би ажлын хамт олон юм уу сургуулийн хүүхдүүд гэх мэтийн ертөнцийн хүмүүсээс ялгарахгүй байх гэж хичээдэг үү? Эсвэл Библийн зарчмыг дагадгийнхаа учрыг тохиромжтой үед хэлж, байр сууриа чанд баримталдаг уу?» (1 Петр 3:16-г уншина уу). Бид өөрсдийгөө Еховаг хайрладаггүй, Еховад үйлчилдэггүй хүмүүсээс дээгүүр тавьдаггүй ч тэднээс ялгарах учиртай.

5 Хэрэв та дутагдлаа олж харсан бол энэ талаар залбирч яагаад болохгүй гэж? Библийг тогтмол судалж, тасралтгүй залбирч, цуглаанд тогтмол очвол өөрийгөө засах сүнслэг хүчийг олж авна. Бурхны Үгийг хэдийчинээ хэрэгжүүлнэ, «сайн үр жимсийг», ялангуяа, «[Бурхны] нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимсийг» төдийчинээ их ургуулна (Евр. 13:15).

Бурхны Хаанчлалыг тунхаглах нь

6, 7. Хаанчлалын мэдээ тунхаглах тухайд жинхэнэ болон хуурамч христианууд хэрхэн ялгардаг вэ?

6 Есүс: «Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ» гэж хэлсэн (Лук 4:43). Ямар учраас Есүс Бурхны Хаанчлалыг дэлгэрүүлэх ажлынхаа гол сэдэв болгосон бэ? Бурхны Хаанчлалын Хааны хувьд тэрбээр хүн төрөлхтний зовлонгийн уг үндэс буюу нүгэл болон Диаволыг сүнсээр төрж, амилах ах дүү нарынхаа хамт устгахаа мэдэж байсан (Ром 5:12; Илч. 20:10). Тиймээс, дагалдагчдадаа энэ тогтолцооны төгсгөл иртэл Хаанчлалын тухай тунхаглахыг тушаасан (Мат. 24:14). Гэтэл өөрсдийгөө Христийн дагалдагч хэмээн ярьдаг хүмүүс энэ ажлыг хийдэггүй. Үнэндээ, тэд энэ ажлыг хийж чадахгүй. Үүний гурван шалтгааныг л дурдъя. Нэгдүгээрт, тэд ойлгодоггүй зүйлээ дэлгэрүүлж чадахгүй. Хоёрдугаарт, Хаанчлалын тухай мэдээг хүмүүст дуулгах явцад тулгардаг эсэргүүцэл, доромжлолыг давах эр зориг, даруу зан тэдэнд дутдаг (Мат. 24:9; 1 Петр 2:23). Гуравдугаарт, хуурамч христиануудад Бурхан сүнсээ өгдөггүй (Иох. 14:16, 17).

7 Харин Христийн жинхэнэ дагалдагчид Бурхны Хаанчлал гэж юу болохыг, юу хийхийг нь ойлгодог. Түүнээс гадна, Еховагийн сүнсний дэмжлэгтэйгээр Хаанчлалыг дэлхий даяар тунхаглаж, Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг (Зех. 4:6). Та энэ ажилд тогтмол оролцдог уу? Хаанчлалыг тунхаглагч та дэлгэрүүлэх ажилд илүү их цаг зарцуулах, илүү үр өгөөжтэй дэлгэрүүлэх гэх зэргээр ахиц дэвшил гаргахыг хичээдэг үү? Тухайлбал, зарим хүн дэлгэрүүлэх ажилдаа Библийг илүү чадварлаг ашиглаж сурах зорилго тавин ажлынхаа чанарыг сайжруулахыг хичээдэг. Судраас ухуулах зуршилтай байсан элч Паул: «Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй» хэмээсэн билээ (Евр. 4:12; Үйлс 17:2, 3).

8, 9. а) Библийг дэлгэрүүлэх ажилдаа ашиглахын ач тусыг харуулах жишээ хэлнэ үү. б) Яавал Бурхны Үгийг илүү чадварлаг ашиглаж сурах вэ?

8 Нэг Гэрч эрэгтэй айлаар дэлгэрүүлж яваад католик шашин шүтдэг эрэгтэйтэй таарч, Даниел 2:44-ийг уншиж өгөөд Бурхны Хаанчлал яаж жинхэнэ энх тайвныг тогтоож, аюулгүй байдал бий болгохыг тайлбарлажээ. Тэгэхэд нь өнөөх эрэгтэй: «Та Библид тэгж байдаг гэж хэлээд л өнгөрөлгүй, бүр Библиэ нээж байгаад уншуулсныг би их үнэлж байна» гэж хэлжээ. Бас нэг Гэрч эрэгтэй грекийн үнэн алдартны шашин шүтдэг эмэгтэйд Библиэс нэг зүйл уншиж өгтөл эмэгтэй ихэд сонирхож олон асуулт тавьжээ. Тэгэхэд нь Гэрч эрэгтэй эхнэртэйгээ хамт Библиэс хариулжээ. Хожим нь тэр эмэгтэй: «Би яагаад та нартай ярилцах дуртай байсан бэ гэвэл та нар манайд Библиэ авч ирээд, Библиэс уншиж байсан учраас л тэр юм шүү дээ» гэж хэлсэн аж.

9 Мэдээж, байгууллагын маань хэвлэл чухал ач холбогдолтой бөгөөд дэлгэрүүлж явахдаа хүмүүст өгөх нь зүйтэй. Гэхдээ л ажлын маань гол зэвсэг бол Библи шүү дээ. Тиймээс та дэлгэрүүлэх ажилдаа Библи ашиглахыг зуршил болгоогүй бол тогтмол ашиглах зорилго тавьж яагаад болохгүй гэж? Жишээ нь, айлаар дэлгэрүүлэхдээ хүмүүст уншиж өгөх Библийн зүйлийг урьдчилан бэлдэж болно шүү дээ. Тухайлбал, Бурхны Хаанчлал гэж юу болохыг, танай нутгийн хүмүүст тулгардаг бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхийг нь тайлбарласан хэдэн гол зүйлийг сонгож болно.

Бурхны нэрийг бахархалтайгаар авч явах нь

10, 11. Бурхны нэрийг хэрэглэх тухайд Есүс болон түүнийг дагадаг гэх хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг вэ?

10 «„Та нар Миний гэрч мөн“ гэж ЭЗЭН айлдаж байна. „Би бол Бурхан“» гэж Библид байдаг (Ис. 43:12). Еховагийн хамгийн агуу Гэрч Есүс Христ Бурхны нэрийг авч явах, хүмүүст мэдүүлэх үүргээ завшаанд тооцдог байсан (Египетээс гарсан нь 3:15; Иохан 17:6; Еврей 2:12-ыг уншина уу). Үнэндээ, Есүс Эцгийнхээ нэрийг тунхагладаг байсан учир «итгэмжит гэрч» гэгдсэн (Илч. 1:5; Мат. 6:9).

11 Харин Бурхан болон түүний Хүүг төлөөлдөг гэж ярьдаг хүмүүс Бурхны нэрэнд хэтэрхий хүндэтгэлгүй хандаж, Бурхны нэрийг Библийн орчуулгуудаасаа бүр хасдаг болжээ. Саяхны нэг жишээг дурдъя. Католик шашны хамба лам нарт зориулсан нэг зааварт тэмдэглэхдээ шүтлэгийн зан үйлд «Бурхны нэрийг тэмдэглэдэг тетраграмматон буюу ЙХВХ дөрвөн үсгийг хэрэглэх болон дуудахыг хориглоно» хэмээжээ *. Ямар тэрслүү үзэл бэ!

12. Еховагийн үйлчлэгчид Еховаг төлөөлдгөө 1931 онд хэрхэн илэрхий болгосон бэ?

12 Жинхэнэ христианууд Христ болон түүнээс өмнө амьдарч байсан гэрчүүдийн үлэмж агуу «үүлийг» дуурайн Бурхны нэрийг хэрэглэдгээрээ бахархдаг (Евр. 12:1). Үнэндээ Бурхны үйлчлэгчид 1931 онд Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болж, Еховаг төлөөлдгөө улам илэрхий болгосон (Исаиа 43:10–12-ыг уншина уу). Ийнхүү Христийн жинхэнэ дагалдагчид «[Бурхны] нэрээр дуудагдсан ... хүмүүс» болсон (Үйлс 15:14, 17).

13. Бурхны нэрээр дуудагдсан хүмүүст тавигддаг шаардлагыг яаж хангах вэ?

13 Тэгвэл Бурхны нэрээр дуудагдсан хүмүүст тавигддаг шаардлагыг яаж хангах вэ? Юуны түрүүнд, Бурхныхаа тухай гэрчлэх ажлыг үнэнчээр хийх ёстой. Паул: «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно. Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ?» гэж бичсэн (Ром 10:13–15). Бас Бүтээгчийг маань гутаан доромжилдог шашны хуурамч сургаалыг, тухайлбал, Диаволын харгис хэрцгий занг хайрын Бурхных мэтээр ойлгуулдаг, тамын тухай сургаалыг ухаалгаар илчлэх ёстой (Иер. 7:31; 1 Иох. 4:8; Марк 9:17–27-той харьцуулна уу).

14. Зарим хүн Бурхны нэрийг мэдээд яасан бэ?

14 Та тэнгэрийн Эцгийнхээ нэрийг авч явдгаараа бахархдаг уу? Энэ ариун нэрийг мэдэхэд нь хүмүүст тусалдаг уу? Францын Парис хотын нэг эмэгтэй Еховагийн Гэрчүүд Бурхны нэрийг мэддэг гэж дуулсныхаа дараа тааралдсан анхны Гэрчээс Бурхны нэрийг Библиэс үзүүлэхийг хүсжээ. Тэгээд Дуулал 83:18-ыг уншаад сэтгэл нь үнэхээр их хөдөлж гэнэ. Тэр үеэс Библи судалж, Гэрч болсон энэ эмэгтэй одоо гадаадад үйлчилж байгаа аж. Австралид амьдардаг, католик шашинтан эмэгтэй Бурхны нэрийг Библиэс анх үзээд баярласандаа нулимс унагажээ. Одоо тэрбээр байнгын эхлэгчээр үйлчлээд олон жилийн нүүрийг үзэж байна. Саяхан Гэрчүүд Ямайкад амьдардаг нэг эмэгтэйд Бурхны нэрийг өөрийнх нь Библиэс үзүүлэхэд бас баярын нулимс унагажээ. Тиймээс, бүгдээрээ Бурхны ариун нэрийг авч явах болон бүх хүнд мэдүүлэх үүргээ Есүсийг дуурайн бахархалтайгаар биелүүлцгээе.

«Ертөнцийг ... бүү хайрла»

15, 16. Жинхэнэ христианууд ертөнцийг хэрхэн үздэг вэ? Өөрөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ?

15 «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй» гэж Библид байдаг (1 Иох. 2:15). Ертөнц болон ертөнцийн сүнс нь Ехова болон түүний ариун сүнсийг эсэргүүцдэг. Тиймээс Христийн жинхэнэ дагалдагчид ертөнцийнх биш байдаг төдийгүй ертөнцийг хайрлахгүй байхаар шийддэг. Учир нь тэд, Иаковын бичсэнчлэн, «ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал» гэдгийг мэддэг (Иак. 4:4).

16 Өчнөөн олон зүйлээр хорхойг маань хүргэдэг энэ ертөнцөд Иаковын үгийг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй (2 Тим. 4:10). Тиймээс Есүс дагалдагчдынхаа төлөө: «Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэж залбирсан (Иох. 17:15, 16). Одоо, та өөрөөсөө: «Би ертөнцийнх биш байх гэж хичээл зүтгэл гаргадаг уу? Библийн сургаалтай зөрчилддөг болон хуурамч шашинтай холбоогүй боловч ертөнцийн сүнсний тусгал болдог баяр ёслол, ёс заншилд хэрхэн ханддагийг минь хүмүүс мэддэг үү?» гэж асуугаарай (2 Кор. 6:17; 1 Петр 4:3, 4).

17. Чин сэтгэлтэй хүмүүст Еховагийн талд зогсох хүслийг юу төрүүлж болох вэ?

17 Бидний баримталдаг, Библид үндэслэсэн байр суурь хэдийгээр ертөнцийнхний таашаалд нийцдэггүй боловч чин сэтгэлтэй хүмүүсийн анхаарлыг татаж магадгүй. Тэд биднийг Библид үндэслэсэн итгэл үнэмшлээ амьдралынхаа бүх хүрээнд чанд баримталдгийг ажиглаад: «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэж тослогдогсдод хэлж болох юм (Зех. 8:23).

Жинхэнэ христиан хайраар хайрлагтун

18. Еховаг болон хөршөө хайрлах гэж яахыг хэлдэг вэ?

18 Есүс: «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Чи хөршөө өөрийн адил хайрла» гэсэн билээ (Мат. 22:37, 39). Энэ хайр (грекээр агапи) нь зарчимд үндэслэдэг бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлэх хийгээд биеэ зөв авч явах ухамсар төрүүлдэг. Гэхдээ бас сэтгэл мэдрэмжтэй холбоотой, чин сэтгэлээс гардаг халуун хайр юм (1 Петр 1:22). Аминч үзэлтэй огт холбоогүй энэ хайр бусдыг гэсэн үг яриа, үйл хэргээр илэрдэг (1 Коринт 13:4–7-г уншина уу).

19, 20. Христиан хайр хэчнээн хүчтэйг харуулах жишээ хэлнэ үү.

19 Хайр бол Бурхны ариун сүнсний үр жимсний нэг хэсэг билээ. Тийм учраас жинхэнэ христианууд яс үндэс, хэл соёл, улс төрийн ялгаа зааг гэх мэтийн хүмүүсийн давж чаддаггүй саадыг давж чаддаг (Иохан 13:34, 35-ыг уншина уу; Гал. 5:22). Чин сэтгэлтэй хүмүүс тийм хайранд өөрийн эрхгүй татагддаг. Жишээ нь, Израильд амьдардаг нэг еврей залуу Еховагийн Гэрчүүдийн цуглаанд анх удаа очихдоо еврей болон араб хүмүүс хамтдаа Еховаг шүтдэгийг хараад ихэд гайхжээ. Тэгээд цуглаанд тогтмол ирдэг, Библийн хичээл хийдэг болжээ. Тэгвэл та итгэл нэгтнүүдээ чин сэтгэлээсээ тэгж хайрладаг уу? Бас Хаанчлалын танхимд шинээр ирж буй хүмүүсийг яс үндэс, арьсны өнгө, зэрэг зиндаагаар нь ялгаварлахгүйгээр халуун дотноор угтан авдаг уу?

20 Жинхэнэ христианууд бид бүх хүнийг хайрлахыг хичээдэг. Эль-Сальвадорт нэг дэлгэрүүлэгч бүсгүй католик шашин шүтдэг, 87 настай эмэгтэйтэй Библийн хичээл хийдэг байсан ч эмэгтэй сүмдээ явсаар байжээ. Нэг удаа тэр эмэгтэй хүнд өвдөж, эмнэлэгт хэвтжээ. Эмнэлгээс гарсных нь дараа Гэрчүүд түүнийг эргэж, хоол хүнс авч очсон байна. Тэд түүнийг сар орчим ингэж халамжилжээ. Гэтэл сүмээс нь нэг ч хүн эргэж ирээгүй аж. Тэгээд өнөөх эмэгтэй хиймэл шүтээнүүдээ хаяж, сүмээсээ гарч, дахиад Библийн хичээл хийдэг болжээ. Тийм ээ, христиан хайр үнэхээр хүчтэй! Хүний зүрх сэтгэлд үг ярианаас ч илүү хүчтэй хүрдэг.

21. Яавал ирээдүй маань аюулгүй болох вэ?

21 Удахгүй Есүс өөрт нь үйлчилдэг гэх бүх хүнд: «Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл» гэж хэлнэ (Мат. 7:23). Тиймээс бүгдээрээ Эцэг Хүү хоёрыг алдаршуулах үр жимс ургуулцгаая. «Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ» гэж Есүс хэлсэн билээ (Мат. 7:24). Тийм ээ, Христийн жинхэнэ дагалдагч гэдгээ баталбал Бурхныхаа сайшаалыг хүлээж, ирээдүй маань хадан дээр суурилсан мэт аюулгүй байх болно!

[Зүүлт]

^ Англи хэлээр гарсан, католик шашны орчин үеийн зарим хэвлэлд, тухайлбал, Библийн нэг орчуулгад дээрх дөрвөн үсгийг «Яхвэ» гэж буулгасан байдаг (The Jerusalem Bible).

Санаж байна уу?

• Христийн жинхэнэ дагалдагчид хуурамч дагалдагчдаас юугаараа ялгардаг вэ?

• Жинхэнэ христиануудын онцлог шинж болдог «үр жимсний» заримыг нэрлэнэ үү.

• Христиан хүний ургуулбал зохих үр жимс ургуулах талаар та ямар зорилго тавьж байна вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Та дэлгэрүүлэхдээ Библи ашигладаг зуршилтай юу?

[15-р хуудасны зураг]

Библийн сургаалтай зөрчилддөг баяр ёслолд хэрхэн ханддагийг тань хүмүүс мэддэг үү?