Skip to content

Гарчиг руу орох

Амьдралын хамгийн сайн замаар явагтун!

Амьдралын хамгийн сайн замаар явагтун!

Амьдралын хамгийн сайн замаар явагтун!

«Амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх» (РОМ 14:8).

1. Есүс амьдралын хамгийн сайн замын тухай юу заасан бэ?

 ЕХОВА биднийг амьдралын хамгийн сайн замаар яваасай гэж хүсдэг. Хүмүүсийн сонгодог зам олон боловч хамгийн сайн зам ганц л байдаг. Бурхны Үгийн дагуу явж, түүний Хүү Есүс Христээс суралцахаас илүү сайн юм нэгээхэн ч үгүй. Есүс дагалдагчдадаа Бурхныг сүнс ба үнэнээр шүтэхийг зааж, шавь бэлдэх даалгавар өгсөн (Мат. 28:19, 20; Иох. 4:24). Есүсийн энэ зааврыг сахин мөрдвөл Еховагийн тааллыг олж, ивээлийг нь хүртэнэ.

2. І зуунд олон хүн Хаанчлалын тухай мэдээг хэрхэн хүлээн авч байсан  бэ? «Зам»-д хамаарагдах гэдэг нь юу гэсэн үг байсан бэ?

2 Үнэнийг хүлээн авч итгээд, баптисм хүртэж байгаа номхон даруу хүмүүсийг бид амьдралын хамгийн сайн замаар явахыг найр тавин урьдаг (Үйлс 13:48). МЭ І зуунд янз бүрийн үндэстний олон мянган хүн үнэнийг хүлээн авч, Бурханд өөрийгөө зориулснаа нийтэд батлан харуулж баптисм хүртэж байжээ (Үйлс 2:41). Эртний тэр христианууд «Зам»-д хамаарагддаг байв (Үйлс 9:2; 19:23). Христийн дагалдагч болсон тэд насан туршдаа Есүс Христэд итгэж, түүнийг даган дуурайж амьдрах болсон учир «Зам» гэдэг нь үнэхээр тохирсон үг юм (1 Петр 2:21).

3. Еховагийн ард түмэн яагаад баптисм хүртдэг вэ? Өнгөрсөн арван жилийн хугацаанд хэдэн хүн баптисм хүртсэн бэ?

3 Шавь бэлдэх ажил эцсийн өдрүүдэд улам хүчээ авч, өнөөдөр 230 гаруй улс орныг хамраад байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд 2 700 000 гаруй хүн Еховад үйлчлэхээр шийдэн, түүнд өөрийгөө зориулснаа харуулж баптисм хүртжээ. Энэ нь долоо хоногт дунджаар 5 000 гаруй хүн баптисм хүртсэн гэсэн үг! Баптисм хүртэх шийдвэрийг Бурхныг хайрлах хайр, Судрын мэдлэг, заалгасан зүйлдээ итгэх итгэлд үндэслэн гаргадаг. Баптисм хүртсэнээр амьдралын нэг чухал үе эхэлдэг гэж хэлж болно. Учир нь энэ үеэс Еховатай дотно харьцаа тогтоох эхлэл тавигддаг. Мөн түүнчлэн баптисм хүртсэнээр, Ехова өөрийнх нь замаар явж байсан эртний үнэнч үйлчлэгчдэдээ тусалж байсан шиг өнөөдөр ч гэсэн үнэнч үйлчлэгчдэдээ тусална гэдэгт итгэж байгаагаа харуулдаг (Ис. 30:21).

Баптисм хүртэх нь яагаад чухал бэ?

4, 5. Баптисм хүртэхийн ивээл хишиг, ашиг тус юу вэ?

4 Та Бурхны тухай мэдлэг эзэмшиж, амьдралаа тодорхой хэмжээгээр өөрчлөөд, одоо баптисм хүртээгүй дэлгэрүүлэгчээр үйлчилж байж болох юм. Ийм ахиц гаргасан тань маш сайн байна. Харин та Бурханд өөрийгөө зориулан залбирсан уу? Баптисм хүртэхийг хүсэж байгаа юу? Та Библи судлах явцдаа, амьдралын тань зорилго Еховаг алдаршуулах болохоос бус, дураараа дургих юм уу эд хөрөнгөтэй болох биш юм байна гэдгийг мэддэг болсон байх (Дуулал 148:11–13-ыг уншина уу; Лук 12:15). Тэгвэл баптисм хүртэхийн ашиг тус юу вэ?

5 Та Бурханд өөрийгөө зориулсан христиан болчихвол амьдрал тань хамгийн их утга учиртай болно. Бурхны хүслийг үйлддэг учраас жаргалтай байна (Ром 12:1, 2). Еховагийн ариун сүнс танд амар тайван, итгэл гэх мэтийн христиан зан чанарыг төлөвшүүлэхэд тусална (Гал. 5:22, 23). Бурхан таны залбиралд хариулан, Үгийнх нь дагуу амьдрах гэсэн хүчин чармайлтыг тань ивээнэ. Та өөрөө Бурханд үйлчлэхийн баяр баясгалан эдэлнэ. Бурхны сайшаадаг замаар явахлаар мөнх амьдрах найдвар тань батажна. Түүнээс гадна, Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэнээр Еховагийн Гэрчүүдийн нэг нь болохыг үнэхээр хүсдэгээ харуулна (Ис. 43:10–12).

6. Баптисм хүртэнэ гэдэг нь юуг харуулж байна гэсэн үг болох вэ?

6 Бурханд өөрийгөө зориулан, баптисм хүртвэл Еховагийнх болсон гэдгийг тань нийтээрээ мэдэх болно. Элч Паул: «Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх» хэмээн бичжээ (Ром 14:7, 8). Бурхан бидэнд сонгох эрх чөлөө өгсөн нь биднийг үнэлж эрхэмлэдгийнх юм. Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн, амийн энэ замаар явахаар бат шийдсэн хүн Бурхны зүрхийг баярлуулна (Сур. 27:11). Баптисм хүртэнэ гэдэг бол Бурханд өөрийгөө зориулсны бэлгэдэл болохоос гадна, Еховаг Захирагчаа хэмээн үздэгээ нийтэд тунхаглаж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлаар Еховагийн талд байгаа гэдгээ харуулж байна гэсэн үг (Үйлс 5:29, 32). Ехова ч бас бидний талд байгаа (Дуулал 118:6-г уншина уу). Түүнчлэн, баптисм хүртсэнээр эдүгээ болон ирээдүйд өөр олон сүнслэг ивээл хүртэх зам нээгддэг.

Хайр халамжтай ах дүү нартай болно

7-9. а) Есүс бүхнийг орхиод өөрийг нь дагасан хүмүүст ямар баталгаа өгсөн бэ? б) Марк 10:29, 30-д бичсэн Есүсийн амлалт өнөөдөр хэрхэн биелж байна вэ?

7 Элч Петр Есүсээс: «Хараач, бид бүх зүйлсийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ?» гэж асуудаг (Мат. 19:27). Петр Есүсийн бусад шавь нарын хамт ирээдүйд ямар ашиг тус хүртэхээ мэдэхийг хүсжээ. Тэд Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд өөрсдийгөө бүрэн зориулахын тулд олон чухал юмаа золиосолсон билээ (Мат. 4:18–22). Есүс тэдэнд ямар баталгаа өгсөн бэ?

8 Маркийн бичсэнээр, Есүс шавь нараа сүнслэг ах дүүстэй болно гэж хэлсэн. Тэрбээр: «Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна» гэжээ (Марк 10:29, 30). Есүсийн амласнаар «гэр орноо» өгч, итгэл нэгтнүүдийнхээ «ах дүү, эгч дүү..., эх» болсон І зууны христиануудын дунд Лудиа Акул Прискила Гайос нар байсан (Үйлс 16:14, 15; 18:2–4; 3 Иох. 1, 5–8).

9 Есүсийн хэлсэн үг өнөөдөр илүү өргөн хүрээтэй биелж байна. Хаанчлалын үйл хэргийг янз бүрийн улс оронд өргөжүүлэхийн тулд «эдлэн газраа» буюу орлогын эх үүсвэрээ орхин миссионер, Бетелийн гэр бүлийн гишүүн, олон улсын үйлчлэгч болдог хүн цөөнгүй. Амьдралаа энгийн болгохын тулд «гэр орноо ... орхидог» итгэл нэгтнүүд олон бий. Ехова тэдний төлөө хэрхэн санаа тавьсан хийгээд тэд Еховад үйлчлээд ямар их аз жаргалтай болсон туршлагыг нь сонсох бидэнд ч таатай байдаг (Үйлс 20:35). Түүнээс гадна, баптисм хүртсэн бүх үйлчлэгч дэлхий дахины итгэл нэгтнүүдтэйгээ ах дүү бололцдог бөгөөд «эхлээд [Бурхны] хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайхын» ивээлийг хүртдэг (Мат. 6:33).

«Халхавчинд» ор

10, 11. «Хамгийн Дээд Нэгэний халхавчинд орших» гэж яахыг хэлдэг вэ? Энэ халхавчинд яаж орох вэ?

10 Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхийн өөр нэг агуу ивээл бол «Хамгийн Дээд Нэгэний халхавчинд» орших завшаан юм (Дуулал 91:1-ийг уншина уу). Халхавчинд оршино гэдэг нь аюулгүй, найдвартай бэлгэдлийн газар буюу сүнслэг аюулаас хамгаалагдсан нөхцөл байдалд байна гэсэн үг. Бурханд итгэдэггүй, сүнслэгээр сохор хүмүүс үүнийг мэддэггүй учир тэдний хувьд энэ нь «халхавч»-тай адил юм. Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч, Еховад бүрэн дүүрэн итгэдэг маань «Миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан минь» гэж хэлж байгаа хэрэг (Дуу. 91:2). Ехова Бурхан бидний найдвартай хоргодох газар болдог (Дуу. 91:9). Үүнээс илүү найдвартай газар байна гэж үү?

11 Еховагийн «халхавчинд» орно гэдэг нь түүнтэй хувийн ойр дотно харьцаатай болох завшаан эдэлнэ гэсэн үг. Энэ нь түүнд өөрийгөө зориулж, баптисм хүртэхээс эхэлдэг. Дараа нь Библи судлах, чин сэтгэлээсээ залбирах, бүрэн дуулгавартай байх гэх зэргээр Бурханд ойртож, түүнтэй дотно харьцаатай болдог (Иак. 4:8). Еховатай Есүс шиг ойр дотно харьцаатай байсан хүн нэг ч байхгүй. Түүний, Бүтээгчид итгэх итгэл нь хэзээ ч суларч байгаагүй юм (Иох. 8:29). Тиймээс бүгдээрээ Еховад огтхон ч эргэлзэхгүй байцгаая. Бас Бурханд өөрийгөө зориулсан амлалтаа биелүүлэхэд маань Ехова тусалж чадна, туслахыг хүсдэг гэдэгт бүрэн дүүрэн итгэцгээе (Ном. 5:4). Бурхны ард түмнийхээ төлөө авч хэрэгжүүлсэн сүнслэг бүх арга хэмжээ бол биднийг хайрлаж, өөрт нь үр бүтээлтэй, аз жаргалтай үйлчлээсэй гэж хүсдэгийнх нь маргашгүй баталгаа юм.

Сүнслэг диваажингаа эрхэмлэгтүн

12, 13. а) Сүнслэг диваажин гэж юу вэ? б) Шинэ хүмүүст туслах ямар боломж байна вэ?

12 Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэнээр ивээлээр дүүрэн сүнслэг диваажинд амьдрах үүд хаалга бас нээгддэг. Энэ бол Ехова Бурхантай болон өөр хоорондоо эв найртай харьцдаг итгэл нэгтнүүдтэйгээ хамт байх хосгүй сүнслэг орчин юм (Дуу. 29:11; Ис. 54:13). Энэ ертөнцөд бидний сүнслэг диваажинтай зүйрлэх юм байхгүй. Үүний тодоос тод нотолгоо олон улсын чуулганаас харагддаг. Тэнд олон үндэстэн ястны, янз бүрийн хэл соёлтой ах дүүс маань амар тайван, эв нэгдэлтэй, ахан дүүгийн хайр ноёлсон уур амьсгалыг бүрдүүлэн, хамтдаа цугладаг.

13 Бидний сүнслэг диваажин өнөөгийн ертөнцийн үзэшгүй муухай нөхцөл байдлаас эрс тэс ялгаатай (Исаиа 65:13, 14-ийг уншина уу). Бид хүмүүст Хаанчлалын тухай мэдээ тунхаглан, сүнслэг диваажинд амьдрах урилга тараах завшаан эдэлдэг. Хурлын гишүүн болоод удаагүй хүмүүст дэлгэрүүлэх ажлаасаа ач тус хүртэхэд нь тусална гэдэг ч бас ивээл юм. Акул Прискила хоёр Апол гэдэг хүнд «Бурханы замыг улам ч зөв тайлбарлаж өгсөн» шиг бид ахлагчдын заавраар, шинэ хүмүүст туслах завшаан эдэлж болох шүү дээ (Үйлс 18:24–26).

Есүсээс үргэлж суралцагтун

14, 15. Есүсээс үргэлж суралцах ямар үндэс байдаг вэ?

14 Есүсээс үргэлж суралцах бүрэн үндэс бий. Есүс хүн болохоосоо өмнө тоолж баршгүй олон мянган жил Эцэгтэйгээ хамтран ажилласан (Сур. 8:22, 30). Бурханд үйлчлэн, үнэнийг гэрчилж амьдрах нь амьдралын хамгийн сайн зам гэдгийг тэрбээр мэдэж байсан (Иох. 18:37). Өөр ямар ч амьдрал амин хувиа бодсон, харалган хэрэг гэдэг нь түүнд маш тодорхой байлаа. Тэрбээр хүнд хэцүү сорилттой тулгарч, амь насаа алдахаа мэдэж байв (Мат. 20:18, 19; Евр. 4:15). Үлгэр дуурайл болсон Есүс яаж үнэнч хэвээрээ байхыг бидэнд заасан.

15 Есүсийг баптисм хүртсэний дараахан Сатан түүнийг амьдралын хамгийн сайн замаас гаргах гэж сорьсон ч амжилтад хүрээгүй (Мат. 4:1–11). Сатан юу ч хийсэн, бид үнэнч хэвээрээ байх боломжтойг энэ явдал харуулдаг. Сатан баптисм хүртэх гэж байгаа болон баптисм хүртээд удаагүй хүмүүсийг анхааралдаа авдаг (1 Петр 5:8). Еховагийн Гэрчүүдийн талаар буруу ташаа ойлголттой болсон гэр бүлийнхэн маань сайн санааны үүднээс эсэргүүцэж магадгүй. Тийм сорилттой тулгарвал хүндэтгэлтэй, эвтэйхэн хариулах, гэрчлэх зэргээр христиан сайхан чанар хөгжүүлэх боломж бүрдэнэ (1 Петр 3:15). Энэ нь биднийг сонсогчдод сайнаар нөлөөлдөг (1 Тим. 4:16).

Амьдралын хамгийн сайн замаас зуурагтун!

16, 17. а) Дэд хууль 30:19, 20-д амь настай холбоотой ямар үндсэн гурван шаардлага байдаг вэ? б) Есүс Иохан Паул нар Мосегийн бичсэнтэй санал нэг байсан нь юунаас харагддаг вэ?

16 Есүсийг дэлхийд ирэхээс 1 500 жилийн өмнө Мосе израильчуудад тухайн үеийнхээ хамгийн сайн замыг сонгохыг уриалж: «Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, ЭЗЭН Бурханаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай» хэмээн хэлжээ (Д.хууль 30:19, 20). Израиль Бурханд үнэнч байж чадаагүй. Гэхдээ Мосегийн хэлсэн үндсэн гурван шаардлага өнөө хэр нь өөрчлөгдөөгүй байна. Үүнийг Есүс болон бусад хүн бас давтан хэлсэн байдаг.

17 Нэгдүгээрт, бид «ЭЗЭН Бурханаа хайрлах» ёстой. Бурхны зөвт хэм хэмжээг сахидаг бол Бурхныг хайрладгийн шинж юм (Мат. 22:37). Хоёрдугаарт, «Түүний үгийг дуулгавартай дагах» буюу Бурхны Үгийг судалж, хууль тушаалыг нь биелүүлэх ёстой (1 Иох. 5:3). Үүний тулд цуглаанд тогтмол очих хэрэгтэй. Тэнд Библи судалдаг (Евр. 10:23–25). Гуравдугаарт, Еховагаас «зуурах» ёстой. Өмнө маань юу ч тулгарсан Бурханд үргэлж итгэн, Хүүг нь дагаж явцгаая (2 Кор. 4:16–18).

18. а) 1914 онд «Харуулын цамхаг» сэтгүүлд Библийн үнэнийг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? б) Бид үнэний гэрлийн талаар ямар сэтгэлтэй явах ёстой вэ?

18 Библийн үнэний дагуу амьдарна гэдэг үнэхээр их ивээлтэй! Энэ тухай 1914 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд: «Бид ивээлтэй, жаргалтай хүмүүс биш гэж үү? Бурхан маань үнэнч биш гэж үү? Хэрэв үүнээс илүү дээр юмыг мэддэг хүн байвал тэр хүн түүгээрээ яваг. Хэрэв та нарын дотор илүү сайныг олсон хүн байвал бидэнд хэлэг. Бид Бурхны Үгэнд бичсэнээс илүү сайн, арай дээр гэх юм байдгийг огтхон ч мэдэхгүй. ... Жинхэнэ Бурхны тухай тодорхой мэдлэг бидний зүрх сэтгэл, амь амьдралд амар тайван, баяр баясгалан, ивээл хишгийг авчирсан. Үүнээс илүү зүйл байдаг гэж үгээр хэлж, үзгээр бичиж чадахгүй нь. Бурхны Мэргэн ухаан, Шударга чанар, Хүч, Хайрын Түүх бидний оюун ухаан, зүрх сэтгэлийн хүслийг элбэг дэлбэг хангадаг. Бид өөр зүйл хайдаггүй. Энэ гайхалтай Түүх бидний ухаан санаанд улам тод тамгалагдаасай гэхээс өөр хүсэл бидэнд байхгүй» хэмээн бичжээ («Харуулын цамхаг» сэтгүүл, 1914 оны 12 дугаар сарын 15, 377–378-р хуудас). Сүнслэг гэрэл болон Библийн үнэний төлөө талархах сэтгэл маань одоо ч өөрчлөгдөөгүй. Үнэндээ, Еховагийн «гэрэлд ... алхдаг» маань бидний хувьд бүр ч илүү баярлах шалтгаан болдог (Ис. 2:5; Дуу. 43:3; Сур. 4:18).

19. Баптисм хүртэх шаардлага хангасан хүмүүс яарах хэрэгтэйн учир юу вэ?

19 Та Еховагийн «гэрэлд ... алхахыг» хүсдэг ч гэсэн түүнд өөрийгөө зориулж, баптисм хүртэж амжаагүй байгаа бол яараарай. Баптисм хүртэхэд зайлшгүй чухал Библийн шаардлагыг хангахын тулд яах хэрэгтэй байна, түүнийг хийгээрэй. Энэ бол Бурхан болон Христийн хийсэн бүхний төлөө талархлаа илэрхийлэх хосгүй арга юм шүү. Өөртөө байгаа хамгийн үнэтэй өмч хөрөнгө болох амиа Еховад өгөөрэй. Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг хүсдэгээ харуулж, Хүүг нь дагаарай (2 Кор. 5:14, 15). Энэ бол амьдралын хамгийн сайн зам гэдэг нь маргашгүй үнэн!

Хариулна уу

• Баптисм юуны бэлгэдэл болдог вэ?

• Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхийн ивээл юу вэ?

• Есүсээс суралцах нь яагаад маш чухал бэ?

• Амьдралын хамгийн сайн замаас зуурахад юу туслах вэ?

[Догол мөрийн асуулт]

[25-р хуудасны зураг]

Та баптисм хүртсэнээрээ амьдралын хамгийн сайн зам сонгосон гэдгээ харуулна

[26-р хуудасны зураг]

Та «халхавчинд» орсон уу?