Skip to content

Гарчиг руу орох

«Бурхны үгийг зоригтойгоор яригтун»

«Бурхны үгийг зоригтойгоор яригтун»

«Бурхны үгийг зоригтойгоор яригтун»

«Тэд бүгд ариун сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв» (ҮЙЛС 4:31).

1, 2. Дэлгэрүүлэх ажлаа үр өгөөжтэй хийх хэрэгтэйн учир юу вэ?

 ЕСҮС үхэхээсээ гурван өдрийн өмнө шавь нартаа: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж зөгнөн хэлжээ. Тэрбээр амилснаасаа хойш тэнгэрт гарахаасаа өмнө шавь нартаа «бүх үндэстнийг дагалдагч болгож, тушаасан бүгдийг [нь] сахин биелүүлэхийг тэдэнд заахыг» даалгасан. Бас «үеийн төгсгөл хүртэл ... үргэлж хамт байхаа» амласан (Мат. 24:14; 26:1, 2; 28:19, 20).

2 І зуунд эхэлсэн энэ ажилд Еховагийн Гэрчүүд бид идэвхтэй оролцдог. Хүний амь настай холбоотой, Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх энэ ажлаас илүү чухал ажил байдаггүй. Тэгэхлээр, үр өгөөжтэй дэлгэрүүлэх нь амин чухал юм. Ариун сүнсээр удирдуулах нь эр зоригтой дэлгэрүүлэхэд ач тустай байдгийг энэ өгүүллээр үзье. Чадварлаг зааж, тогтмол дэлгэрүүлэхэд Еховагийн сүнс хэрхэн тусалдгийг дараагийн хоёр өгүүллээр үзнэ.

Эр зоригтой байх хэрэгтэйн учир

3. Хаанчлалын тухай тунхаглахад эр зориг хэрэг болдгийн учир юу вэ?

3 Хаанчлалын тухай тунхаглах ажлыг Бурхнаас авсан маань юутай ч зүйрлэшгүй завшаан билээ. Гэхдээ энэ ажлыг хийхэд тэр бүр амар байдаггүй. Бурхны Хаанчлалын тухай мэдээг дуртайяа хүлээн авдаг хүн байдаг ч олонх нь Ноагийн үеийн хүмүүстэй адил байдаг. «Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй» гэж Есүс хэлсэн (Мат. 24:38, 39). Бас биднийг элэглэн дооглодог юм уу эсэргүүцдэг хүмүүс байдаг (2 Петр 3:3). Эрх мэдэлтнүүд, сургуулийн хүүхдүүд, ажлын хамт олон, заримдаа гэр бүлийнхэн маань ч эсэргүүцэж болох юм. Түүнээс гадна, бид ичимхий зан, ад үзэгдэх вий гэж айх гэх мэтийн дутагдалтайгаа тэмцэх хэрэгтэй болдог. Ер нь, Бурхны үгийг «зоригтойгоор» ярихад саад болох зүйл цөөнгүй ээ (Ефес 6:19, 20). Гэхдээ Бурхны үгийг цөхрөлтгүй ярихад эр зориг зайлшгүй хэрэгтэй. Яавал зоригтой болох вэ?

4. а) «Зоригтой» гэж орчуулсан үг ямар утгатай вэ? б) Элч Паул ямар учраас Бурхны үгийг Тесалоникийн хүмүүст зоригтой ярьж чадсан бэ?

4 «Зоригтой» гэж орчуулсан грек үг нь «ил тод, илэн далангүй, шулуун» гэсэн утгатай аж. Бас «эрэлхэг байх, итгэлтэй байх, ... үл айх» гэсэн санаа илэрхийлдэг. Гэхдээ бүдүүлэг байна гэсэн үг биш ээ (Кол. 4:6). Бид зоригтой байхын зэрэгцээ бүх хүнтэй эвтэй байхыг хүсдэг (Ром 12:18). Түүнээс гадна, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлэхдээ санаандгүйгээр бусдыг гомдоохгүйн тулд эр зоригийг ая эвтэй хослуулах нь зүйтэй. Жинхэнэ ёсоор эр зоригтой болъё гэвэл ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй боловч дан ганц өөрийн хүч чадалд найдах учиргүй. Филиппой хотынхон элч Паул болон түүний хамтрагчидтай «зүй бусаар харьцжээ». Гэвч дараа нь тэд Тесалоникийн хүмүүст Бурхны үгийг зоригтой ярьж чадсан аж. Яаж зориг орсон талаараа Паул: «Бурханы минь дотор» гэж бичсэн байдаг (1 Тесалоник 2:2-ыг уншина уу). Ехова Бурхан биднийг айдсаа ялан дийлэхэд тусалж, тэдэн шиг зоригтой болгож чадна.

5. Петр Иохан болон бусад шавь нарыг Ехова яаж зоригжуулсан бэ?

5 Петр Иохан хоёр «[ард олныг] захирагчид, ахлагч нар мөн хуулийн багш нарт» байцаагдахдаа: «Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ. Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй» гэж хэлдэг. Тэгээд тэд хавчлагыг зогсоож өгөөч гэлгүй, харин «Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийн боолуудад соёрхооч» гэж залбирдаг (Үйлс 4:5, 19, 20, 29). Тэгэхэд нь Ехова тэдний хүсэлтийг яаж биелүүлсэн билээ? (Үйлс 4:31-ийг уншина уу). Тэдэнд ариун сүнсээ өгч, тэднийг зоригжуулсан. Бурхны сүнс биднийг ч бас зоригжуулдаг. Тэгвэл Бурхны сүнсийг авч, тэр сүнсээр удирдуулан дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Эр зоригтой болох нь

6, 7. Бурхны ариун сүнсийг авах хамгийн энгийн арга юу вэ? Жишээ хэлнэ үү.

6 Бурхны ариун сүнсийг авах хамгийн энгийн арга нь ариун сүнс гуйж залбирах юм. Есүс: «Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн (Лук 11:13). Үнэндээ, бид ариун сүнсийг тогтмол гуйх учиртай. Жишээ нь, бид гудамжаар, албан бусаар, аль эсвэл албан газраар дэлгэрүүлэхийн аль нэгээс зүрхшээдэг бол Еховад залбиран, ариун сүнсээ өгч, зоригжуулахыг гуйж болно (1 Тес. 5:17).

7 Роза * гэдэг христиан эмэгтэй энэ аргыг хэрэглэжээ. Нэг удаа Розаг ажил дээрээ байхад хамт ажилладаг багш эмэгтэй хүүхэдтэй зүй бус харьцдаг талаар бичсэн тэмдэглэл уншиж байгаад сэтгэл нь шаналсандаа: «Ер нь, юу болох нь энэ вэ!» гэж өөрийн эрхгүй дуу алджээ. Роза дэлгэрүүлэх энэ сайхан боломжийг алдсангүй. Тэрбээр хэрхэн зориг гаргасан тухайгаа ярихдаа: «Би Еховад залбирч, ариун сүнсээрээ туслахыг гуйсан юм» гэжээ. Роза сонирхолтой яриа өрнүүлсэн төдийгүй дахин ярилцахаар болжээ. Бас Нью-Йорк хотод амьдардаг, 5 настай Милен охины жишээг үзье. Милен: «Би хичээлдээ явахаасаа өмнө ээжтэйгээ хамт Еховад дандаа залбирдаг» гэж ярьсан юм. Юуны талаар залбирдаг юм бол? Миленийг эр зоригтой байж, байр сууриа чанд баримтлан, Бурхныхаа тухай ярихад туслахыг гуйдаг аж. «Залбирлын ачаар охин маань төрсөн өдрийн баяр болон бусад баяр ёслолд хэрхэн ханддагаа зоригтой тайлбарлаж чаддаг. Бас тиймэрхүү баярт оролцохгүй байж чаддаг» гэж ээж нь ярьжээ. Тэгэхлээр, залбирлын ачаар зоригжиж болдгийг эдгээр жишээ харуулж байгаа биз?

8. Эр зоригтой болох тухайд зөнч Иеремиагаас юу сурч болох вэ?

8 Зөнч Иеремиаг эр зоригтой болоход нь юу тусалсныг бодоцгооё. Ехова Иеремиаг зөнчөө болгож, үндэстнүүд рүү явуулна гэхэд тэрбээр: «Би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй» гэж хариулдаг (Иер. 1:4–6). Гэхдээ мэдээ тунхаглах ажлаа тасралтгүй, идэвхтэй хийсээр сүйрэл тунхаглагч гэгдэх болжээ (Иер. 38:4). Үнэхээр ч, Иеремиа Еховагийн шүүх мэдээг, наад зах нь, 65 жил эрэлхгээр тунхагласан билээ. Тэрбээр аймшиггүй, эр зоригтой дэлгэрүүлдгээрээ израильчуудын дунд алдаршсан тул түүнээс хойш 600 жилийн дараа Есүсийг зоригтой дэлгэрүүлэхэд ард олон Иеремиа амилжээ гэцгээж байв (Мат. 16:13, 14). Тэгвэл Бурхны үгийг тунхаглахдаа эхлээд дурамжхан байсан зөнч Иеремиа бүрэг ичимхий зангаа яаж ялсан юм бол? Тэрбээр: «[Бурхны үг] миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч байна» гэж хэлсэн байдаг (Иер. 20:9). Тийм ээ, Еховагийн үг Иеремиад нөлөөлж, ярих хүсэл төрүүлсэн.

9. Ямар учраас Бурхны үг Иеремиад нөлөөлсөн шигээ бидэнд нөлөөлдөг вэ?

9 Элч Паул: «Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй [«хүчтэй нөлөөлдөг», ШЕ], хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм» гэж еврей христиануудад бичсэн захидалдаа тэмдэглэсэн байдаг (Евр. 4:12). Бурхны үг Иеремиад нөлөөлсөн шигээ бидэнд ч нөлөөлдөг. Библийг хэдийгээр хүмүүс бичсэн боловч тэд Бурхны ариун сүнсний удирдлагаар бичсэн тул энэ нь хүний мэргэн ухааны бүтээл биш ээ. 2 Петр 1:21-д: «Нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ» гэж байдаг. Тиймээс Библийг бие даан нямбай судалбал ариун сүнсний удирдлага дор бичигдсэн санаа нь оюун ухаанд маань шингэнэ (1 Коринт 2:10-ыг уншина уу). Тэр санаа бидний дотор «шатаж буй гал мэт» болдог тул бид дотроо хадгалах аргагүй болно.

10, 11. а) Эр зоригтой болохын тулд Библийг хэрхэн судлах вэ? б) Та бие даан чанартай судлахын тулд юу хийхээр төлөвлөж байна вэ? Ядаж нэгийг нь хэлнэ үү.

10 Библийг бие даан судлахдаа санааг нь зүрх сэтгэлдээ гүн шингээж, дотор хүндээ хүргэвэл сурч мэдсэн маань бидэнд хүчтэй нөлөөлнө. Зөнч Езекиел нэг үзэгдэл үздэг. Уг үзэгдлээр бол тэрбээр зөрүүд хүмүүст хүргэх ёстой чухал мэдээ бүхий хуйлмал номыг иддэг аж. Өөрөөр хэлбэл, Езекиел тэр мэдээг ухаан санаандаа бүрэн шингээж, өөрийнхөө нэг хэсэг болгох ёстой байлаа. Ингэсэн цагт тэр мэдээг тунхаглах нь бал идэх адил таатай болох байв (Езекиел 2:83:4, 79-ийг уншина уу).

11 Бид зарим талаараа Езекиелийнхтэй төстэй үед амьдарч байна. Өнөөдөр олон хүн Библийн мэдээг сонсох дургүй байдаг. Тиймээс Бурхны үгийг цөхрөлтгүй ярихыг хүсдэг бол Библийг нямбай судалж, санааг нь оюун ухаандаа бүрэн шингээх хэрэгтэй. Библийг алдаг оног бус, тогтмол судлахыг зуршил болгох ёстой. Бид «Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» хэмээсэн дуулалчтай адилхан хүсэлтэй байх учиртай (Дуу. 19:14). Уншсанаа эргэцүүлэн бодох цаг гаргах нь их чухал. Учир нь эргэцүүлэн бодохын хэрээр Библийн үнэн сэтгэлд маань гүн хоногшино. Тэгэхлээр, бид Библийг бие даан чанартай судлах хэрэгтэй байх нь ээ *.

12. Ариун сүнсээр удирдуулахад цуглаан тусалдаг гэхийн учир юу вэ?

12 Еховагийн ариун сүнсний дэмжлэг авах өөр нэг арга бол «хамтран цуглахаа болилгүй», «бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхаарах» явдал юм (Евр. 10:24, 25). Цуглаанд тогтмол очих, анхааралтай сонсох, сурч мэдсэнээ хэрэгжүүлэх зорилгоор биеэ дайчлах нь сүнсээр удирдуулах арга юм. Тэгээд ч Еховагийн сүнс биднийг хурлаар дамжуулан удирддаг (Илч. 3:6).

Зоригтой болохын ач тус

13. І зууны христианууд амжилттай дэлгэрүүлснийг бодвол юу ойлгож болох вэ?

13 Ариун сүнс бол орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч бөгөөд биднийг Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх чадвартай болгодог. І зууны христианууд ариун сүнсний дэмжлэгтэйгээр дэлгэрүүлэх ажилдаа гайхамшигтай амжилт гаргасан. Тэд сайн мэдээг «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхагласан» билээ (Кол. 1:23). Тэдний ихэнх нь «эрдэм номгүй, боловсролгүй» байсныг бодож үзвэл тэд агуу хүчээр удирдуулж байсан нь ойлгомжтой (Үйлс 4:13).

14. «Сүнс дотор шатахад» юу туслах вэ?

14 Ариун сүнсээр удирдуулан амьдарвал зоригтой дэлгэрүүлэх хүсэл төрдөг. Ариун сүнс гуйн тогтмол залбирч, бие даан нямбай судалж, уншсанаа залбирч байгаад эргэцүүлэн бодож, цуглаанд тогтмол очих нь «сүнс дотор шатахад» ач холбогдолтой (Ром 12:11). Ефес хотод ирсэн, Александрын уугуул, «үгэнд цэцэн Апол гэгч Иудей эрийн» талаар Библид: «Тэрээр гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв» гэж байдаг (Үйлс 18:24, 25). Бид ч гэсэн «сүнс дотор шатвал» айлаар ч, албан бусаар ч дэлгэрүүлэхдээ урьдынхаасаа илүү зоригтой байж чадна.

15. Илүү их зоригтой болох нь бидэнд ямар ач тустай вэ?

15 Илүү их зоригтой болох нь бидэнд ач тустай. Бид чухал бөгөөд тустай ажил хийдгээ ухамсарлах тусам ажилдаа илүү өөриймсөг ханддаг. Үр өгөөжтэй дэлгэрүүлж илүү их баяр баясгалан эдлэхийн хэрээр улам бүр урамшин зоригждог. Дэлгэрүүлэх ажлынхаа хойшлуулшгүй чухлыг илүү их ухаарвал бүр ч их хичээл зүтгэлтэй болдог.

16. Хичээл зүтгэл маань суларсан бол яах нь зүйтэй вэ?

16 Хэрэв та урьдынх шигээ хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэхээ больсон бол яах вэ? Эсвэл хичээл зүтгэл гаргахаа бүр больсон бол яах вэ? Өөрийгөө шударгаар шалгах хэрэгтэй болжээ гэсэн үг. Паул: «Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал» гэж бичсэн (2 Кор. 13:5). Та өөрөөсөө: «Би урьдынх шигээ гал цогтой байгаа юу? Би ариун сүнс гуйж Еховад залбирдаг уу? Хүсэл тааллыг нь биелүүлэхэд Еховаг тусална гэж найддагаа залбирлаараа харуулдаг уу? Дэлгэрүүлэх ажил өгсөнд нь талархан залбирдаг бил үү? Би хэр зэрэг бие дааж судалдаг вэ? Уншсан, сонссоноо эргэцүүлэн бодоход хэр их цаг зарцуулдаг вэ? Би цуглаанд хэр зэрэг идэвхтэй оролцдог вэ?» гэж асуугаарай. Иймэрхүү асуултыг эргэцүүлэн бодох нь дутагдлаа олж мэдээд, засахад тустай.

Бурхны сүнсний тусламжтайгаар зоригжигтун

17, 18. а) Өнөөдөр дэлгэрүүлэх ажил хэр зэрэг өргөн далайцтай өрнөж байна вэ? б) Яавал Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг «зоригтойгоор» дэлгэрүүлэх вэ?

17 Есүс амилсныхаа дараа шавь нартаа: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» гэж хэлсэн (Үйлс 1:8). Тэр үед эхэлсэн энэ ажил эдүгээ урьд өмнө байгаагүй өргөн далайцтай өрнөж байна. Еховагийн 7 сая гаруй Гэрч Хаанчлалын тухай мэдээг 230 гаруй оронд тунхаглан, жилд 1,5 тэрбум цаг зарцуулж байна. Хэзээ ч давтагдашгүй энэ ажилд хувь нэмэр оруулдаг гэж бодохлоор сэтгэл үнэхээр хөдөлдөг.

18 Дэлгэрүүлэх ажил І зууны үеийнх шигээ өнөөдөр ч дэлхий дахины хэмжээнд Бурхны сүнсний удирдлагаар явагдаж байна. Хэрэв бид сүнсээр удирдуулбал «зоригтойгоор» дэлгэрүүлж чадна (Үйлс 28:31). Тиймээс, бүгдээрээ Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхдээ сүнсээр удирдуулцгаая!

[Зүүлт]

^ Нэрсийг өөрчлөв.

^ Библи унших болон бие даан судлахдаа илүү ач тус хүртэхийн тулд «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 10 дугаар сарын 1-ний дугаарын 3–10-р хуудасны «Библи унших нь ашигтай бөгөөд тааламжтай», «Судлах нь үр ашигтай бөгөөд таатай» гэдэг өгүүлэл (монгол), «Теократ үйлчлэлийн сургуулийн ач тус» номын 21–32-р хуудасны «Унших чадвараа сайжруулагтун», «Судлах нь ач тустай» бүлгүүдийг үзнэ үү (англи).

[Давтах асуулт]

• Бурхны үгийг ярихад зориг хэрэгтэй байдгийн учир юу вэ?

• Есүсийн эртний шавь нар юуны ачаар зоригтой дэлгэрүүлсэн бэ?

• Яавал зоригтой болох вэ?

• Эр зоригтой болох нь ямар ач тустай вэ?

[Догол мөрийн асуулт]

[7-р хуудасны зураг]

Үр хүүхдээ зоригжуулахын тулд эцэг эхчүүд яах нь зүйтэй вэ?

[8-р хуудасны зураг]

Дэлгэрүүлж явахдаа товчхон залбирвал зоригждог