Skip to content

Гарчиг руу орох

«Сүнсний сэлмийг» чадварлаг эзэмшигтүн

«Сүнсний сэлмийг» чадварлаг эзэмшигтүн

«Сүнсний сэлмийг» чадварлаг эзэмшигтүн

«Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав» (ЕФЕС 6:17).

1, 2. Хаанчлалыг тунхаглагчид хэрэгтэй байгаа учир бид яах нь зүйтэй вэ?

 ОЛОН түмний сүнслэг хэрэгцээг мэдэрсэн Есүс шавь нартаа: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа» гэж хэлсэн. Ингэж хэлчихээд тэрбээр зүгээр суугаагүй. Хожим нь арван хоёр шавиа дуудаад, тэднийг дэлгэрүүлэх буюу «ургац» хураах ажилд явуулсан юм (Мат. 9:35–38; 10:1, 5). Дараа нь мөн тэр ажилд «өөр далан хүнийг томилж, тэднийг ... хоёр хоёроор нь ... илгээв» (Лук 10:1, 2).

2 Хаанчлалыг тунхаглах хүн өнөөдөр ч их хэрэгтэй байна. 2009 оны үйлчлэлийн жилийн Дурсах цуглаанд дэлхий даяар 18 168 323 хүн ирсний 10 сая гаруй нь Еховагийн Гэрч биш байсан юм. Талбай цайрч, хураахад үнэхээр бэлэн болжээ (Иох. 4:34, 35). Тиймээс бид илүү олон ажилчин явуулахыг гуйж залбирах учиртай. Гэхдээ энэ залбиралтайгаа уялдуулан юу хийх хэрэгтэй вэ? Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлаа идэвхтэй, илүү үр өгөөжтэй хийх хэрэгтэй (Мат. 28:19, 20; Марк 13:10).

3. Илүү үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд Бурхны сүнс чухал үүрэг гүйцэтгэдэг гэхийн учир юу вэ?

3 Бурхны сүнсээр удирдуулах нь «Бурханы үгийг зоригтойгоор ярихад» чухал үүрэгтэйг өмнөх өгүүллээр ярилцсан (Үйлс 4:31). Ариун сүнс бас чадварлаг дэлгэрүүлэхэд тусалдаг. Илүү үр өгөөжтэй дэлгэрүүлэх нэг арга бол Ехова Бурхны өгсөн сайн багаж буюу Үг нь болох Библийг чадварлаг ашиглаж сурах явдал юм. Библийг бичихэд ариун сүнс гол үүрэг гүйцэтгэсэн (2 Тим. 3:16). Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүст онгод оруулан Библийг бичүүлсэн. Тиймээс Библийн үнэнийг чадварлаг тайлбарлах нь ариун сүнсээр удирдуулж байгаа хэрэг юм. Энэ талаар ярилцахаасаа өмнө Бурхны Үг хэчнээн хүчтэй болохыг үзье.

Бурхны үг хүчтэй нөлөөлдөг

4. Бурхны үг хүнийг хэрхэн өөрчилдөг вэ?

4 Бурхны үг үнэхээр хүчтэй! (Евр. 4:12). Зүйрлэн хэлэхэд, Бурхны үг нь хүний хийсэн ямар ч илдээс хурц учир үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог. Библийн үнэн дотор хүнд хүрч, ухаан санаа, сэтгэл зүрхэнд нэвтэрч, дотроо чухам ямар хүн болохыг илчилдэг. Шинэчлэх хүчтэй энэ үнэн хүнийг жинхэнэ ёсоор өөрчилдөг (Колоссай 3:10-ыг уншина уу). Тийм ээ, Бурхны Үг хүний амьдралыг өөрчлөх чадалтай!

5. Библи амьдралын ямар ямар хүрээнд удирдлага болдог вэ? Энэ нь ямар ач тустай вэ?

5 Түүнээс гадна, Библи бол хосгүй мэргэн ухаан өгдөг ном билээ. Өнөөгийн хэцүү нийгэмд яаж амьдарч болохыг бичсэн ашигтай мэдээлэл Библид байдаг. Бурхны Үг яг хөл дорх замыг төдийгүй алсын замыг гэрэл тусгасан мэт тодорхой харуулдаг (Дуу. 119:105). Бэрхшээлийг давах болон найз нөхөд, зугаа цэнгэл, ажил алба, хувцас хунар сонгох гэх мэтийн асуудлыг шийдэхэд их тустай (Дуу. 37:25; Сур. 13:20; Иох. 15:14; 1 Тим. 2:9). Бурхны Үгэнд байдаг зарчмыг удирдлага болговол хүмүүстэй сайн харьцаатай байж болдог (Мат. 7:12; Флп. 2:3, 4). Бурхны Үгээр өмнөх замаа гэрэлтүүлбэл гаргах шийдвэрийнхээ хожмын үр дагаврыг тооцож чаддаг (1 Тим. 6:9). Бас Библид ирээдүйн талаарх Бурхны санаа зорилго байдаг тул түүнд нийцүүлэн амьдрахад дөхөм болдог (Мат. 6:33; 1 Иох. 2:17, 18). Хэрэв хүн Библийн зарчмыг амьдралынхаа удирдлага болговол үнэхээр утга учиртай амьдарна!

6. Сүнслэг тулалдаанд Библи хэр зэрэг хүчтэй зэвсэг болдог вэ?

6 Сүнслэг тулалдаанд Библи хэр зэрэг хүчтэй зэвсэг болдгийг бодож үзье. Паул Бурхны үгийг «Сүнсний сэлэм» хэмээсэн (Ефес 6:12, 17-г уншина уу). Бурхны үгийг үр өгөөжтэй ашигладаг хүн бусдыг Сатаны боолчлолоос чөлөөлөгдөхөд нь тусалж чаддаг. Энэ бол хөнөөдөг бус, амь авардаг сэлэм билээ. Тиймээс энэ сэлмийг чадварлаг эзэмшиж сурахыг хичээх нь зөв биз дээ?

Зөв заах нь

7. «Сүнсний сэлмийг» сайн эзэмшиж сурах нь ямар учраас чухал бэ?

7 Цэрэг хүн сургууль хийсээр зэвсгээ сайн эзэмшиж сурвал тулалдаанд гарамгай ашиглаж чадна. Сүнслэг тулалдаанд оролцдог бид ч «Сүнсний сэлмийг» сайн эзэмшиж сурах хэрэгтэй. Паул: «Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» гэж захисан (2 Тим. 2:15).

8, 9. Библийн зүйлийн утгыг ойлгоход юу тус болох вэ? Жишээгээр тайлбарлана уу.

8 Дэлгэрүүлж явахдаа «үнэний үгийг зөв заахад» юу тус болох вэ? Библийн сургаалыг хүмүүст ойлгуулахын тулд эхлээд өөрөө ойлгосон байх нь зүйтэй. Үүний тулд Библийн нэг зүйл буюу нэг хэсгийн хам сэдвийг анхааралтай үзэх хэрэгтэй. Нэг тольд «үг, өгүүлбэр, бичвэрийн хам сэдэв гэдэг нь тухайн үг, өгүүлбэр, бичвэрийн өмнөх болон дараах үгс, өгүүлбэрүүд, бичвэрүүд мөн бөгөөд утгыг тодруулах ач холбогдолтой» гэж тайлбарлажээ.

9 Библийн аль нэг хэсгийг зөв ойлгохын тулд ойролцоох зүйлүүдийг үзэх нь зүйтэй. Нэг жишээ үзье. Галат 5:13-т бичигдсэн Паулын үгийг ойлгохын тулд ойролцоох зүйлүүдийг нь судлах шаардлага гардаг. Тэрбээр: «Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил» хэмээжээ. Паул эрх чөлөө гэдгээр юу хэлсэн юм бол? Нүгэл болон үхлээс чөлөөлөгдсөнийг үү, хуурамч сургаалд боолчлогдохоо больсныг уу, эсвэл өөр ямар нэг юмнаас чөлөөлөгдсөнийг хэлсэн юм болов уу? Хам сэдвийг нь үзвэл «Хуулийн хараалаас золигдон» эрх чөлөөтэй болсныг хэлсэн нь харагддаг (Гал. 3:13, 19–24; 4:1–5). Өөрөөр хэлбэл, Христийн дагалдагч болсон хүний эдэлдэг тэр эрх чөлөөг хэлсэн аж. Ийм эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүс бие биедээ хайраар үйлчилдэг байв. Харин хайрладаггүй хүн бусдыгаа «зуух» буюу далдуур муулж, хэрүүл маргаан хийдэг байжээ (Гал. 5:15).

10. Библийн зүйлийн утгыг зөв ойлгохын тулд өөр юу юу мэдэх хэрэгтэй вэ? Хаанаас мэдэж болох вэ?

10 Библийн зүйлийг зөв ойлгохын тулд уг номыг хэн, хэзээ, ямар нөхцөлд бичив гэх зэргийн нэмэлт мэдээллийг үзэх нь тустай. Бас ямар зорилгоор бичсэнийг мэдвэл сайн. Боломжтой бол, тухайн номыг бичиж байх үеийн нийгмийн байдал, хүмүүсийн ёс суртахуун болон шашин шүтлэгийн талаар мэдэж аваарай *.

11. Библийг тайлбарлахдаа юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

11 «Үнэний үгийг зөв заах» гэхлээр Библийн үнэнийг зөв тайлбарлахыг л хэлдэг гэж ойлгох нь учир дутагдалтай. Бид хүмүүсийг Библиэр айлгахаас болгоомжлох нь зүйтэй. Диавол өөрийг нь сориход Есүс Судрыг ашиглан үнэнийг хамгаалж байсан. Бид Есүсийг дуурайн Библийн тусламжтайгаар үнэнийг хамгаалах нь зүйтэй боловч түүнийг сонсогчдоо айлгах бороохой болгох учиргүй (Д.хууль 6:16; 8:3; 10:20; Мат. 4:4, 7, 10). «Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна» хэмээсэн элч Петрийн зөвлөгөөг сахицгаая (1 Петр 3:15).

12, 13. Бурхны Үгийн үнэн ямар «цайзуудыг» эвдэж нураадаг вэ? Жишээ хэлнэ үү.

12 Бурхны Үгийг зөв заавал ямар үр дүнтэй вэ? (2 Коринт 10:4, 5-ыг уншина уу). Библийн үнэн «цайзууд» буюу ягшмал хатуу юмсыг, тухайлбал, хуурамч сургаал, муу зуршил, төгс бус хүний мэргэн ухааны тусгал болсон гүн ухаан гэх мэтийг «эвдэж нураах» чадалтай. «Бурханы мэдлэгийн эсрэг босогч» аливаа сургаалыг Библиэр цавчиж болдог. Хүмүүс Библийн сургаалын ачаар үзэл бодлоо үнэнд нийцүүлэн өөрчилдөг.

13 Энэтхэгт амьдардаг 93 настай эмэгтэйд тохиолдсон явдлыг үзье. Тэрбээр хар багаасаа хойд насанд итгэдэг байжээ. Эмэгтэй гадаадад амьдардаг хүүтэйгээ захидлаар Библийн хичээл хийж эхлэхдээ Ехова болон түүний амлалтын талаар сурч мэдсэн болгоноо шууд хүлээн зөвшөөрчээ. Гэтэл хүү нь хүн үхээд яадаг талаар бичсэнд хойд насны тухай сургаалд бат итгэдэг байсан тэрбээр: «Би чиний тэр Библийн учрыг ойлгохгүй байна. Хүнд ямар нэг үхдэггүй юм байдаг гэж бүх шашин номлодог биз дээ. Хүний бие үхдэг, харин ямар нэг үл үзэгдэх юм бараг 8 400 000 удаа дахин төрдөг гэж бүх насаараа итгэж явлаа. Энэ худлаа болж байна уу? Тэгэхлээр ихэнх шашны номлол буруу гэсэн үг үү?» хэмээн эсэргүүцэн бичжээ. Ийм ягшмал үзлийг «Сүнсний сэлэм» «эвдэн нурааж» чадах болов уу? Эмэгтэй уг сэдвийг Библиэс гүнзгийрүүлж үзсэний эцэст: «Би одоо л үхлийн тухай үнэнийг ойлгож эхэлж байна. Нас барсан хүмүүс амилж, бид хайртай хүмүүстэйгээ дахиад уулзана гэж бодохлоор би их баярлаж байна. Бурхны Хаанчлал хурдан ирээсэй» гэж хэдэн долоо хоногийн дараа бичжээ.

Итгүүлэх аргыг «сэлэмтэй» хослуулах нь

14. Сонсогчоо итгүүлэх гэж яахыг хэлдэг вэ?

14 Дэлгэрүүлэх ажилд Библийг үр өгөөжтэй ашиглах гэдэг нь Библиэс иш татахыг л хэлдэг юм биш ээ. Паул хүмүүсийг «итгүүлдэг» байсан шиг бид ч итгүүлэх учиртай (Үйлс 19:8, 9; 28:23). «Итгүүлэх» гэж орчуулсан үг нь «талдаа оруулах» гэсэн утгатай аж. Тэгэхлээр, бидний итгүүлсэн хүн «үнэхээр үнэмшсэн учир ямар нэг зүйлд итгэнэ» гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Библийн сургаалыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор итгүүлнэ гэдэг нь тухайн сургаалыг үнэмшүүлэн талдаа оруулж байгаа хэрэг юм. Үүний тулд хэлж байгаа зүйлийнхээ үнэнийг сонсогчдоо итгүүлэх хэрэгтэй. Үүнд дараах аргыг хэрэглэнэ.

15. Библид анхаарлыг нь хандуулан Библийг хүндэтгэдэг болгохын тулд яах хэрэгтэй вэ?

15 Бурхны Үгэнд анхаарлыг нь хандуулан Бурхны Үгийг хүндэтгэдэг болгоорой. Библийн зүйл уншуулахаасаа өмнө тухайн асуудлаар Бурхан ямар бодолтой байдгийг мэдэхийн чухлыг онцлон тэмдэглээрэй. Дэлгэрүүлж буй хүндээ асуулт тавьж, хариулахыг нь сонссоныхоо дараа «Энэ тухайд Бурхан ямар бодолтой байдгийг сонирхъё» гэх юм уу эсвэл «Энэ талаар Бурхан юу хэлэх бол?» гэх зэргээр хэлж болно. Библийн зүйл уншуулахаасаа өмнө ингэж хэлбэл, нэг талаар, Библийг Бурхны Үг гэж онцлон тэмдэглэнэ, нөгөө талаар, Библийг хүндэтгэх сэтгэлийг сонсогчид төрүүлнэ. Бурханд итгэдэг боловч Библийн сургаалыг төдийлөн сайн мэддэггүй хүнд дэлгэрүүлэхдээ ийм арга хэрэглэх нь туйлын чухал юм (Дуу. 19:7–10).

16. Библийн зүйлийг зөв тайлбарлахын тулд яах хэрэгтэй вэ?

16 Библийн зүйлийг зөвхөн унших бус, тайлбарлаарай. Паул заасан зүйлээ «тайлбарлан нотолдог» байв (Үйлс 17:3). Ер нь, Библийн зүйлд нэгээс олон санаа байдаг учир ярилцаж буй тухайн сэдэвт хамаатай гол үгийг онцлох хэрэг гардаг. Үүний тулд гол санаа илэрхийлж байгаа үгсийг давтах юм уу өөр үгээр хэлэх эсвэл тэдгээрийг олж харахад нь туслах зорилгоор асуулт тавьж болно. Дараа нь тухайн хэсгийн утгыг тайлбарлаарай. Ингэвэл уг зүйл өөрт нь чухам ямар ач холбогдолтойг тухайн хүн ойлгож чадна.

17. Судраас үнэмшилтэйгээр ярьж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслахын тулд яах хэрэгтэй вэ?

17 Судраас үнэмшилтэйгээр ярьж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслаарай. Паул сонсогчдоо чин сэтгэлээсээ хандан, үгээ логик сайтай хэлж «Судраас ухуулах» буюу үнэмшилтэйгээр ярьж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь тусалдаг байв (Үйлс 17:2, 4). Паулыг дуурайн сонсогчийнхоо зүрх сэтгэлийг хөдөлгөхийг хичээх хэрэгтэй. Тухайн хүнд чин сэтгэлээсээ санаа тавьж байгаагаа мэдрүүлэх асуултыг эвтэйхэн тавьж, зүрхэнд нь юу байгааг «гадагш гаргаарай» (Сур. 20:5). Гэхдээ өөрийнхөө санааг түс тас хэлэх нь зохисгүй. Тодорхой, логик сайтай баримт хэлээрэй. Түүнийгээ үнэмшил төрүүлэм нэмэлт баримтаар дахин батлаарай. Таны хэлэх зүйл Бурхны Үгэнд хөдөлгөөнгүй үндэслэсэн байх учиртай. Нэг зүйлийг тодорхой тайлбарлаж, гол санааг нь жишээгээр тодруулах нь хоёр гурван зүйлийг угсруулан уншихаас илүү үр дүнтэй байдаг. Үнэмшил төрүүлэм нэмэлт баримт татах нь «уруулд ятгалгыг нэмэх» ач холбогдолтой (Сур. 16:23). Заримдаа тухайн сэдвээр судалгаа хийж, нэмэлт мэдээлэл өгөх шаардлага гарч болох юм. Дээр дурдсан 93 настай эмэгтэйн тухайд үхэшгүй мөнхийн сүнсний тухай сургаал ямар учраас тийм түгээмэл байдгийг мэдүүлэх хэрэг гарчээ. Тэр сургаал хаанаас үүссэн, ямар учраас ихэнх шашин уг сургаалыг номлодог болсныг ойлгуулсны дүнд тэрбээр хүн үхээд яадаг тухай Библийн сургаалд итгэж, зөв дүгнэлтэд хүрчээ.

«Сэлмээ» чадварлаг ашиглах нь

18, 19. «Сүнсний сэлмийг» чадварлаг ашигладаг байх нь ямар учраас чухал бэ?

18 «Энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна» гэж Библид бичжээ. Муу хүмүүс улам бүр бузар муу болж байна (1 Кор. 7:31; 2 Тим. 3:13). Тиймээс «Сүнсний сэлэм буюу Бурхны үгээр» «цайзуудыг» эвдэж нураасаар байх нь амин чухал юм.

19 Бидэнд Бурхны Үг Библи байдаг нь, бас Библийн мэдээг чин сэтгэлтэй хүмүүст хүргэж, энэ хүчирхэг сэлмээр хуурамч сургаалыг үндсээр нь цавчих боломж байдаг нь ямар сайн хэрэг вэ! Библийн мэдээ ямар ч «цайзыг» нураах хүчтэй. Тиймээс, бүгдээрээ Бурхны даалгасан, Хаанчлалын тухай тунхаглах ажилдаа «Сүнсний сэлмийг» чадварлаг ашиглахын тулд чин сэтгэлийн хүчин чармайлт гаргацгаая!

[Зүүлт]

^ Библийн номуудын талаарх нэмэлт мэдээллийг «Библи юун тухай өгүүлдэг вэ?» товхимол (монгол), «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд тустай», «Судрыг ойлгох нь» номууд болон «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Еховагийн Үг амьд» гэх мэтийн өгүүллээс олж болно (англи).

[Давтах асуулт]

• Бурхны Үг хэр зэрэг хүчтэй вэ?

• «Үнэний үгийг зөв заахын» тулд яах хэрэгтэй вэ?

• Бурхны үг «цайзуудыг» яадаг вэ?

• Дэлгэрүүлэгч хүний хувьд та итгүүлэх чадвараа яаж сайжруулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[Хавсралт/12-р хуудасны зураг]

Итгүүлэх аргыг Бурхны Үгтэй хослуулах нь:

▪ Библийг хүндэтгэх сэтгэл төрүүлэх

▪ Библийн зүйлүүдийг тайлбарлах

▪ Хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхийн тулд үнэмшилтэйгээр ярих

[11-р хуудасны зураг]

«Сүнсний сэлмийг» чадварлаг эзэмшиж сурах хэрэгтэй