Skip to content

Гарчиг руу орох

Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

«Миний амнаас гарсан Миний үг ... илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлнэ» (ИС. 55:11).

1. Төлөвлөгөө, зорилго хоёрын ялгааг жишээгээр хэлнэ үү.

 ХОЁР хүн машинаар аялах гээд тус тусдаа бэлтгэлээ базааж байна гэж бодъё. Нэг нь аль замаар явж, зорьсон газраа яаж хүрэхээ нарийн төлөвлөж байна. Нөгөөх нь очих газраа сайн мэдэхийн зэрэгцээ тийшээ хүрэхийн тулд янз бүрийн замаар явж болдгийг ч мэднэ. Тиймээс ямар нэг саад тулгарвал замаа өөрчлөхөд бэлэн аж. Энэ хоёр хүний сонгосон арга нь төлөвлөгөө зорилго хоёрын ялгааг тодорхой хэмжээгээр харуулж байна. Төлөвлөгөө зохиохыг яг ямар замаар яаж явахаа нарийн боловсруулахтай зүйрлэж болох юм. Харин зорилго тавихад зорьж хүссэн юмаа сайн мэдэх хэрэгтэй боловч ганц зам сонгох албагүй.

2, 3.а) Еховагийн санаа зорилгод юу багтдаг вэ? Ехова Адам Ева хоёрыг нүгэл үйлдэхэд үүссэн нөхцөл байдалд хэрхэн хандсан бэ? б) Бурхныг санаа зорилгоо хэрхэн биелүүлж байгааг ойлгож, тэр дагуу үйл хэргээ явуулах хэрэгтэйн учир юу вэ?

2 Ехова хүсэл тааллаа биелүүлэхдээ өөрчлөхийн аргагүй нарийн төлөвлөгөө зохиодоггүй, харин аажим аажмаар илчлэгдэх зорилго тавьдаг (Ефес 3:11). Энэ зорилгод нь хүн төрөлхтөн болон дэлхийн талаар анх санаж зорьсон зүйл нь багтдаг. Тэрбээр манай гаригийг диваажин болгон хувиргаж, төгс хүмүүсийг үүрд амар тайван, аз жаргалтай амьдруулахыг хүсэж байв (Эх. 1:28). Ехова Адам Ева хоёрыг нүгэл үйлдэхэд ч санаа зорилгоо өөрчлөөгүй. Тэрбээр үүссэн нөхцөл байдлыг нухацтай авч үзээд, санаа зорилгоо заавал биелүүлэхийн тулд зохих арга хэмжээ авсан (Эхлэл 3:15-ыг уншина уу). Ехова бэлгэдлийн эмэгтэйгээс «үр» буюу Хүү төрүүлэн, түүгээр самуун дэгдээгч Сатаныг устгуулж, тарьсан бүх хор хөнөөлийг нь арилгуулахаар шийдсэн​(Евр. 2:14; 1 Иох. 3:8).

3 Бурхныг санаа зорилгоо биелүүлэхэд саад болох зүйл тэнгэр газрын хаана ч байхгүй (Ис. 46:9–11). Тэгж хэлж болохын учир нь Еховад ариун сүнс гэдэг дийлдэшгүй хүч бий. Бурхан энэ хүчээрээ санаа зорилгоо заавал «хэрэгжүүлнэ» (Ис. 55:10, 11). Бид Бурхныг санаа зорилгоо хэрхэн биелүүлж байгааг ойлгож, тэр дагуу үйл хэргээ явуулах нь зүйтэй. Бидний ирээдүй Бурхны санаа зорилго биелэхээс шалтгаална. Түүнчлэн, Еховаг ариун сүнсээ хэрхэн ашигладгийг ойлговол бидний итгэл бэхэжнэ. Тиймээс, ариун сүнс Еховагийн санаа зорилго биелэхэд эрт цагт ямар үүрэг гүйцэтгэсэн, одоо ямар үүрэг гүйцэтгэж байгаа, ирээдүйд ямар үүрэг гүйцэтгэхийг авч үзье.

Ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ?

4.Ехова санаа зорилгоо хэрхэн аажмаар илчилсэн бэ?

4 Библийг бичигдэж байхад Ехова санаа зорилгоо аажим аажмаар илчилсэн. Амласан Үр гэж чухам хэн болох нь эхлээд «нууц» байлаа (1 Кор. 2:7). 2 000 орчим жилийн дараа л Ехова үр гэдэг үгийг дахин дурдсан байдаг (Эхлэл 12:7; 22:15–18-ыг уншина уу). Бурхан Абрахамд илүү өргөн хүрээнд биелэх нэгэн зүйлийг амлажээ. «Чиний үрсээр [«үрээр», ШЕ] дамжуулан» гэснийг нь үзвэл, тэр Үр хүн болж ирэх бөгөөд Абрахамын удмаас төрөх нь тодорхой байв. Ийм нарийн ширийн зүйл илчлэгдсэнийг Сатан анхааралдаа авсан нь гарцаагүй. Тэр Дайсан Абрахамын удмыг таслах юм уу бузарлан завхруулж, Бурхны санаа зорилго биелэхэд саад болохыг хүсэж байсан нь эргэлзээгүй. Гэхдээ Бурхны үл үзэгдэх сүнс үүргээ гүйцэтгэж байсан учраас Сатаны хүсэл биелэх боломжгүй байв. Бурхны сүнс чухам ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ?

5, 6. Ехова Үрийн өвөг дээдэс болох хүмүүсийг сүнсээрээ хэрхэн хамгаалж байсан бэ?

5 Ехова сүнсээрээ, Үрийн өвөг дээдэс болох хүмүүсийг хамгаалж байсан. Ехова Абрамд (Абрахам): «Би бол чиний бамбай» гэж хэлсэн (Эх. 15:1). Энэ нь хоосон амлалт биш байлаа. МЭӨ 1919 оны үед болсон явдлыг жишээ болгон авч үзье. Абрахам Сара хоёр Герар нутагт түр сууж байжээ. Герарын хаан Абимелех Сараг Абрахамын эхнэр гэдгийг мэдэлгүй, эхнэрээ болгохоор авчээ. Энэ явдал нь Абрахамын үрийг төрүүлэхэд Сарад саад болох гэсэн Сатаны далд явуулга байв уу? Энэ талаар Библид бичээгүй. Гэхдээ Ехова хөндлөнгөөс оролцсон гэдгийг Бурхны Үг хэлж өгдөг. Тэрбээр Абимелехийн зүүдэнд үзэгдэн, Сарад ойртохгүй байхыг анхааруулжээ ​(Эх. 20:1–18).

6 Ехова Абрахам болон түүний гэр бүлийнхнийг ганц л удаа хамгаалсан юм биш ээ. Тэднийг олон удаа аварч байсан (Эх. 12:14–20; 14:13–20; 26:26–29). Тийм учраас, дуулалч: «Тэр [Ехова] тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд тэдний төлөө хаадыг ч зэмлэн „Миний тослогдогчдод бүү хүр, Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ“ гэв» хэмээн Абрахам ба түүний үр удмын талаар бичжээ ​(Дуу. 105:14, 15).

7. Ехова Израиль үндэстнийг хэрхэн хамгаалсан бэ?

7 Ехова сүнсээрээ, амласан Үрийг төрүүлэх эртний Израиль үндэстнийг хамгаалсан. Ехова Израильд сүнсээрээ Хууль өгсөн бөгөөд энэ Хууль жинхэнэ шүтлэгийг хэвээр нь хадгалж, иудейчүүдийг сүнслэг талаар болон ёс суртахуун, бие махбодын хувьд бузарлагдахаас хамгаалж байв (Ег. 31:18; 2 Кор. 3:3). Шүүгчдийн үед Ехова Израилийг дайснуудаас нь аврах зорилгоор зарим хүнд сүнсээрээ хүч өгчээ (Шүү. 3:9, 10). Ехова Абрахамын үрийн гол хэсэг болох Есүсийг төрөх хүртэлх олон зууны турш Иерусалим, Бетлехем болон сүмийг ариун сүнсээрээ хамгаалж байсан. Тэдгээр нь Есүст хамаатай зөгнөлүүд биелэхэд чухал үүрэг гүйцэтгэх байв.

8. Ариун сүнс Бурхны Хүүгийн амьдрал, үйл хэрэгт шууд нөлөөлж байсныг юу харуулдаг вэ?

8 Ариун сүнс Есүсийн амьдрал, үйл хэрэгт шууд нөлөөлж байсан. Ариун сүнсний нөлөөгөөр урьд хожид болж байгаагүй нэгэн ер бусын явдал болжээ. Мариа хэмээх төгс бус онгон бүсгүй жирэмсэлж, үхэлд боолчлогддоггүй төгс Хүү төрүүлсэн аж (Лук 1:26–31, 34, 35). Дараа нь ариун сүнс нялх Есүсийг цаг бусын үхлээс аварсан (Мат. 2:7, 8, 12, 13). Бурхан Есүсийг гучаад настай байхад нь ариун сүнсээрээ тослон, Давидын хаан ширээ залгамжлагчаар томилж, дэлгэрүүлэх ажил даалгажээ (Лук 1:32, 33; 4:16–21). Есүс өвчтэй хүмүүсийг эдгээх, хурсан олныг хооллох, нас барагсдыг амилуулах гэх мэтийн гайхамшгийг ариун сүнсний хүчээр үйлдсэн. Есүсийн засаглалын үед хүн төрөлхтөн ямар ивээл хүртэхийг эдгээр агуу үйлс харуулдаг.

9, 10. а) Есүсийн І зууны шавь нар дээр ариун сүнс байсан нь юугаар батлагддаг вэ? б) Еховагийн санаа зорилго биелэхэд хамаатай ямар шинэ зүйл МЭ І зуунд илчлэгдсэн бэ?

9 МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн Ехова сүнсээрээ Абрахамын үрийн туслах хэсэг болох хүмүүсийг тосолдог болсон. Тэдний ихэнх нь Абрахамын үр удам биш байв (Ром 8:15–17; Гал. 3:29). І зууны Есүсийн шавь нар хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж, гайхамшиг үйлдэх чадвартай болсон нь ариун сүнс тэдэн дээр байсны нотолгоо юм (Үйлс 1:8; 2:1–4; 1 Кор. 12:7–11). Тэдэнд ариун сүнсний ийм гайхамшигт бэлэг өгөгдсөн нь Еховагийн санаа зорилгын биелэлд хамаатай нэгэн шинэ зүйл илчлэгдсэн хэрэг байв. Ехова олон зуун жилийн өмнөөс уламжлал болон тогтсон, Иерусалимын сүмд төвлөрсөн шүтлэгийг хэрэгсэхээ больж, шинээр үүсэн байгуулагдсан христиан хурлыг таалан соёрхох болов. Тэр цагаас хойш Ехова тослогдсон христиануудын хурлыг өөрийнхөө санаа зорилгод үйлчлүүлдэг болжээ.

10 Библи бичигдэж байх үед Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд хамгаалах, хүч өгөх, тослох гэх зэргийн олон зүйлд ариун сүнсээ ашиглаж байсан. Тэгвэл, өнөөдрийн тухайд юу хэлж болох вэ? Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд ариун сүнсээрээ одоо юу хийдэг вэ? Бид ариун сүнсний удирдлага дор үйлчлэхийг хүсдэг учраас үүнийг мэдэх хэрэгтэй. Орчин үед Еховагийн ариун сүнсээ ашигладаг аргуудаас дөрвийг нь үзье.

Ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

11. Ариун сүнс Бурхны ард түмнийг цэвэр ариун байхад тусалдаг нь юунаас харагддаг вэ? Ариун сүнсийг амьдралдаа чөлөөтэй нэвтрүүлдэг гэдгээ хэрхэн харуулж болох вэ?

11 Нэгдүгээрт, ариун сүнс Бурхны ард түмнийг цэвэр ариун байхад тусалдаг. Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд нь тодорхой үүрэг гүйцэтгэж буй хүмүүс ёс суртахууны хувьд цэвэр ариун байх ёстой (1 Коринт 6:9–11-ийг уншина уу). Жинхэнэ христиануудын дунд өмнө нь завхайрах, садар самуун үйлдэх, ижил хүйстэнтэйгээ нөхцөх гэх мэтийн муу юм хийж явсан хүмүүс бий. Ер нь, нүглийг төрүүлдэг хүсэл тачаал хүний сэтгэлд бугшиж үлддэг талтай (Иак. 1:14, 15). Гэхдээ тэр хүмүүс «угаагдсан» буюу Бурханд таалагдахын тулд амьдралаа өөрчилжээ. Тэгвэл Бурхныг хайрладаг хүнд буруу хүсэл тачаалдаа дийлдэхгүй байхад нь юу тусалдаг вэ? «Бидний Бурханы Сүнс» гэж 1 Коринт 6:11-д бичжээ. Ёс суртахууны хувьд үргэлж цэвэр ариун байдаг бол энэ сүнсний хүчтэй нөлөөг амьдралдаа чөлөөтэй нэвтрүүлдэг гэсэн үг.

12. а) Езекиелийн үзэгдэлд гардгаар, Ехова байгууллагаа хэрхэн удирддаг вэ? б) Ариун сүнсний удирдлага дор үйлчилж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?

12 Хоёрдугаарт, Ехова байгууллагаа хүссэн зүг рүүгээ ариун сүнсээрээ удирдан залдаг. Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсэг Езекиелийн үзэгдэлд Еховагийн санаа зорилгыг биелүүлэхийн тулд юунд ч дийлдэхгүй урагшлах тэнгэрийн тэрэг болж дүрслэгддэг. Тэр тэргийг тодорхой зүг рүү явахад нь юу хөдөлгөдөг вэ? Ариун сүнс хөдөлгөдөг (Езек. 1:20, 21). Еховагийн байгууллага тэнгэр, газар дээр хоёр хэсэгтэй билээ. Хэрэв тэнгэр дэх хэсэг нь ариун сүнсээр удирдуулдаг бол, дэлхий дэх хэсэг нь ч мөн адил байх ёстой. Бурхны байгууллагын дэлхий дэх хэсгээс гаргасан зааврыг үнэнчээр, дуулгавартай дагадаг бол Еховагийн тэнгэрийн тэрэгтэй хөл нийлүүлэн алхаж, ариун сүнснийх нь удирдлага дор үйлчилж байгаа хэрэг юм ​(Евр. 13:17).

13, 14. а) Есүсийн ярьсан «энэ үеийнхэн» гэдэгт хэн хэн ордог вэ? б) Библийн үнэнийг ойлгоход ариун сүнс тусалдгийг харуулах жишээ хэлнэ үү. («Та Библийн үнэний шинэ ойлголтыг тухай бүрд нь хүлээн авдаг уу?» гэсэн хавсралтыг үзнэ үү.)

13 Гуравдугаарт, Ехова бидэнд Библийн үнэнийг ариун сүнсээрээ ойлгуулдаг (Сур. 4:18). «Итгэмжит, ухаалаг боол» «Харуулын цамхаг» сэтгүүлийг Библийн үнэнийг аажмаар илчлэх гол суваг болгон ашигласаар ирсэн (Мат. 24:45). Есүсийн ярьсан «энэ үеийнхэн» гэдэгт хэн хэн ордог тухай ойлголтыг жишээ болгон авч үзье (Матай 24:32–34-ийг уншина уу). Есүс үеийнхэн гэдгээр хэнийг хэлсэн бэ? «Христийн залран байх үе таны хувьд ямар утга учиртай вэ?» гэсэн гарчигтай өгүүлэлд тайлбарласнаар, Есүс муу хүмүүсийг бус, харин ариун сүнсээр тослогдох гэж байсан шавь нараа хэлжээ. * І зууны болон орчин үеийн Есүсийн тослогдсон дагалдагчид шинж тэмдгийг хараад зогсохгүй, цаад учрыг нь ойлгох буюу Есүсийг «үүдэн дээр» байгааг мэдэх ажээ.

14 Энэ тайлбарыг юу гэж ойлгох вэ? «Энэ үеийнхэн» хэдий болтол байхыг тооцох аргагүй ч «үеийнхэн» гэдэг үгийн талаар хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Ер нь энэ үгээр амьдралын үе нь цаг хугацааны шугамын аль нэг хэсэгт давхацсан, янз бүрийн насны хүмүүсийг хэлдэг. Тэр үе нь хэтэрхий удаан үргэлжлэхгүй бөгөөд хэзээ нэгэн цагт дуусна (Ег. 1:6). Тэгвэл, Есүс «энэ үеийнхэн» гэдгээр юуг хэлсэн бэ? Зөгнөсөн шинж тэмдэг 1914 онд илэрч эхлэхэд амьд байсан тослогдсон христиануудын амьдралын үе агуу их гай гамшиг эхлэхийг харах тослогдсон христиануудынхтай давхцахыг хэлсэн гэж ойлгож болно. Тэр үеийнхэн эхлэлтэй байсан шигээ төгсгөлтэй байх нь ойлгомжтой. Шинж тэмдэг олон талаар биелж байгаа нь тэр гай гамшиг ойрхон байгаагийн тодоос тод баталгаа юм. Үргэлж яарах сэтгэлтэй, сонор сэрэмжтэй байвал Библийн үнэний шинэ ойлголтыг тухай бүрд нь хүлээн авч, ариун сүнсний удирдлагыг дагаж байгаагаа харуулна​(Марк 13:37).

15. Ариун сүнс бидэнд сайн мэдээ дэлгэрүүлэх хүч өгдөг нь юунаас харагддаг вэ?

15 Дөрөвдүгээрт, ариун сүнс бидэнд сайн мэдээ тунхаглах хүч өгдөг (Үйлс 1:8). Сайн мэдээ дэлхийн өнцөг булан бүрд тунхаглагдаж байгааг ариун сүнсний хүч гэхээс өөр юу гэх вэ? Жишээ нь, та их ичимхий юм уу аймхайгаасаа болоод «Би хэзээ ч айлаар дэлгэрүүлж чадахгүй!» гэж бодож байсан байж болох юм. Гэтэл одоо энэ ажлыг идэвх зүтгэлтэй хийж байгаа биз дээ. * Эсэргүүцэл, хавчлагатай тулгарсан ч дэлгэрүүлсээр байдаг Еховагийн үнэнч Гэрч олон. Бид Бурхны ариун сүнсний хүчээр л зүрх үхүүлэм саад бэрхшээлийг давж, хүч хүрэхгүй зүйлээ ч хийж чаддаг (Мика 3:8; Мат. 17:20). Дэлгэрүүлэх ажилд хамаг чадлаараа оролцдог бол сүнсний удирдлага дор үйлчилж байна гэсэн үг.

Ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэх вэ?

16. Ехова ард түмнээ агуу их гай гамшгийн үеэр хамгаална гэдэгт итгэж болохын учир юу вэ?

16 Ирээдүйд Ехова санаа зорилгоо ариун сүнсээрээ гайхамшигтайгаар биелүүлнэ. Ингэхдээ үйлчлэгчдээ ариун сүнсээрээ хэрхэн хамгаалахыг нь ярилцъя. Ехова эрт үед ариун сүнсээрээ хувь хүмүүсийг болон Израилийн ард түмнийг бүхэлд нь хамгаалж байсныг дээр тэмдэглэсэн. Тиймээс удахгүй болох агуу их гай гамшгийн үеэр ард түмнээ тэр хүчирхэг сүнсээрээ хамгаална гэдэгт итгэх бүрэн үндэс бий. Тэр үед Ехова бидний төлөө чухам юу хийхийг таамаглах шаардлагагүй. Харин үүний оронд Ехова өөрийг нь хайрладаг хүмүүсийг анхаарлынхаа гадна орхидоггүй бөгөөд ариун сүнсний хүрэхгүй газар гэж байдаггүйг бодож, ирээдүйгээ итгэлтэйгээр угтах нь зүйтэй​(Ш.дэд 16:9; Дуу. 139:7–12).

17. Ехова шинэ ертөнцөд ариун сүнсээрээ юу хийх вэ?

17 Удахгүй бий болох шинэ ертөнцөд Ехова ариун сүнсээрээ юу хийх вэ? Тэр үед дэлгэгдэх шинэ номууд ариун сүнсний удирдлага дор бичигдэнэ (Илч. 20:12). Шинэ номуудад юуны тухай бичсэн байх бол? Мянган жилийн хугацаанд Ехова биднээс юу юу шаардахыг дэлгэрэнгүй бичсэн байх бололтой. Та тэдгээрийг нягталж судлахсан гэж хүсэж байна уу? Бид шинэ ертөнц хурдан болоосой гэж тэсэн ядан хүлээдэг. Еховаг дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо ариун сүнсээрээ биелүүлэх тэр цагт амьдрал ямар сайхан байх бол оо!

18. Та ямар шийдвэр гаргаж байна вэ?

18 Аажмаар илчлэгдэж буй Еховагийн санаа зорилго амжилттай хэрэгжинэ гэдгийг ямагт санаж явцгаая. Учир нь Бурхан орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч болох ариун сүнсээрээ санаа зорилгоо заавал биелүүлнэ. Бурхны санаа зорилго танд ч бас хамаатай. Тиймд Еховагаас сүнсийг нь гуйж, сүнсээр нь удирдуулж байхаар шийдээрэй (Лук 11:13). Тэр шийдвэрийнхээ дагуу амьдарвал Еховагийн хүн төрөлхтнийг суулгахаар зорьсон Диваажин дэлхийд үүрд мөнх сайхан амьдрах ирээдүй танд бий.

[Зүүлт]

^ Ичимхий зангаа ялж, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэгч болсон хүний жишээг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1993 оны 9 дүгээр сарын 15-ны дугаарын 19-р хуудаснаас үзээрэй (англи).

Санаж байна уу?

• Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд Библи бичигдэж байх үед ариун сүнсээрээ юу хийж байсан бэ?

• Ехова ариун сүнсээрээ орчин үед юу хийдэг вэ?

• Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд ирээдүйд ариун сүнсээрээ юу хийх вэ?

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны хавсралт]

Та Библийн үнэний шинэ ойлголтыг тухай бүрд нь хүлээн авдаг уу?

Ехова Библийн үнэнийг илүү нарийн ойлгоход нь ард түмэндээ үргэлж тусалдаг. «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгдсэн шинэ ойлголтуудаас дурдвал:

▪ Есүс нэг ёгт үлгэртээ хөрөнгөний ямар сайн талыг сүнслэг өсөлттэй холбон хэлсэн бэ? (Мат. 13:33) (2008 оны 7 дугаар сарын 15, 19, 20-р хуудас)

▪ Тэнгэрт амьдрах найдвартай христиануудыг сонгож дууссан уу? (2007 оны 5 дугаар сарын 1, 30, 31-р хуудас, (англи))

▪ Еховаг «сүнсээр шүтэх» гэж юу гэсэн үг вэ? (Иох. 4:24, ШЕ) (2002 оны 7 дугаар сарын 15, 15-р хуудас)

▪ Үй олон хүн сүмийн аль хашаанд үйлчилдэг вэ? (Илч. 7:15) (2002 оны 5 дугаар сарын 1, 30, 31-р хуудас (англи))

▪ Хонь, ямааг хэзээ ялгах вэ? (Мат. 25:31–33) (1995 оны 10 дугаар сарын 15, 18–28-р хуудас (англи))