Skip to content

Гарчиг руу орох

Хоосон юмыг бүү харагтун!

Хоосон юмыг бүү харагтун!

Хоосон юмыг бүү харагтун!

«Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч» (ДУУ. 119:37).

1. Нүд хэр зэрэг чухал бэ?

 НҮД гэдэг хэчнээн үнэтэй эрхтэн бэ! Хүн нүдээрээ эргэн тойрныхоо бүх зүйлийн нарийн ширийнийг өнгө будагтай нь хэдхэн хоромд хардаг. Бас анд нөхрөө таньж, аюул ослыг ялгаж чаддаг. Бид нүднийхээ ачаар гоо сайхныг мэдэрч, бүтээлийн гайхамшгийг биширч, Бурхан оршин байдгийн баталгаа хийгээд Бурхны суу алдрыг олж хардаг (Дуу. 8:3, 4; 19:1, 2; 104:24; Ром 1:20). Түүнчлэн, аливаа мэдээлэл нүдээр дамжин тархинд очдог учраас Еховаг танин мэдэж, түүнд итгэдэг болоход нүд чухал үүрэг гүйцэтгэдэг​(Иош. 1:8; Дуу. 1:2, 3).

2. Юу үзэж харахаа анхаарах хэрэгтэйн учир юу вэ? Дуулалчийн чин сэтгэлийн үг ямар сургамжтай вэ?

2 Гэхдээ нүдэнд өртсөн зүйл хор хөнөөл ч учруулж болдог. Нүд, оюун ухаан хоёр хоорондоо маш нягт холбоотой учраас үзэж харсан зүйл зүрх сэтгэлд хүсэл төрүүлэх юм уу зүрх сэтгэлийн хүслийг улам дэвэргэдэг. Бид Сатан Диаволын гарт байдаг, завхран гажуудаж, хүсэл тачаалаа хангах гэж улайрдаг ертөнцөд амьдардаг учир замыг маань алдуулж болзошгүй зураг хөрөг, зар сурталчилгаа, мэдээ мэдээллээр бөмбөгдүүлж байдаг. Тэр бүхнийг халти харахад л хор хохирол амсах аюултай (1 Иох. 5:19). Тиймээс дуулалч: «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч» хэмээн Бурхнаас гуйсны учрыг ойлгоход түвэггүй​(Дуу. 119:37).

Нүдэндээ хууртахын аюул

3-5. Нүдэндээ хууртахын аюулыг харуулах ямар ямар жишээ Библид байдаг вэ?

3 Анхны эмэгтэй Евад юу тохиолдсоныг саная. Сатан түүнд «сайн мууг мэдүүлэгч мод»-ноос жимс авч идвэл нүд нь «нээгдэнэ» гэж хэлсэн. Нүд минь «нээгдэнэ» гэсэн бодол Евагийн сэтгэлийг гижигдсэн нь лавтай. Тэгээд тэр модны жимс «хүнс болоход шимтэй, нүд булаам, ... сайхан» болохыг хараад хориотой жимснээс идэх гэсэн хүсэл нь улам бадарчээ. Хорхой нь хүрсэн Ева модыг харснаас болж Бурхны тушаалыг зөрчсөн бөгөөд нөхөр Адам нь ч бас дуулгаваргүй загнан, нийт хүн төрөлхтөнд гай зовлон тарьжээ (Эх. 2:17; 3:2–6; Ром 5:12; Иак. 1:14, 15).

4 Ноагийн үед зарим тэнгэр элч бас нүдэндээ хууртсан. Эхлэл 6:2-т тэдний талаар: «Бурхны хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов» гэж бичсэн байдаг. Хүний охидыг тачаадан харсан самуун тэнгэр элчүүдэд хүнтэй хурьцах гаж хүсэл төржээ. Тэднээс төрсөн хүүхдүүд харгис хэрцгий хүмүүс байв. Тэр цагт хүмүүсийн бузар гэм үлэмж их болсон тул Ноа болон түүний гэрийнхнээс бусад бүх хүн устгагджээ​(Эх. 6:4–7, 11, 12).

5 Олон зууны дараа Ахан гэгч израиль хүн эзлэгдсэн Иерихо хотод байсан эд зүйлийг «үзээд», заримыг нь хулгайлжээ. Уг нь израильчууд Иерихо хотынхны бүх эд зүйлийг устгаж, нэр бүхий зүйлсийг л Еховагийн эрдэнэсийн санд авчрах тушаалтай байв. Бурхан тэднийг «хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс авахаас» сэрэмжлүүлсэн байлаа. Гэтэл Ахан уг тушаалыг зөрчсөнөөс болж Израилийн ард түмэн Аи хотынхонд ялагдаж, өчнөөн хүнээ алдав. Ахан хулгай нь илчлэгдсэний дараа л хэргээ хүлээсэн бөгөөд «Би үзээд, шунахайран тэдгээрийг авсан» гэж хэлдэг. Нүднийх нь хүсэл тачаал түүнийг болон «түүнд байсан бүхнийг» сүйрэлд хүргэжээ (Иош. 6:18, 19; 7:1–26). Ахан хориотой зүйлээс авахыг ихэд хүссэн аж.

Биеэ захирдаг байх нь чухал

6, 7. Биднийг урхидахын тулд Сатаны өргөн хэрэглэдэг «зальхай аргууд»-ын нэг нь юу вэ? Зар сурталчилгаа эрхлэгчид үүнийг хэрхэн ашигладаг вэ?

6 Өнөөдөр олон хүн Ева, дуулгаваргүй тэнгэр элчүүд болон Ахан нарын адилаар нүдэндээ хууртахын аюулд өртдөг. Хүн төрөлхтнийг төөрөлдүүлэхийн тулд Сатаны хэрэглэдэг «зальхай аргуудын» дотроос «нүдний хүсэл тачаал» төрүүлэх арга хамгийн үр дүнтэй нь ажээ (2 Кор. 2:11, МАБ; 1 Иох. 2:16). Хүн үзсэн харсан зүйлдээ татагддаг гэдгийг орчин үеийн зар сурталчилгаа эрхлэгчид маш сайн мэддэг. «Хүнийг хамгийн их уруу татдаг мэдрэхүй бол харах мэдрэхүй юм. Энэ нь хүч нөлөөгөөрөө бусад мэдрэхүйгээс давуу бөгөөд хүмүүс үзсэн харсан зүйлээсээ болоод ухамсартайгаа зөрчилдсөн алхам хийдэг» хэмээн европын тэргүүлэх зэргийн маркетингийн мэргэжилтэн хэлжээ.

7 Тиймээс, зар сурталчилгаа эрхлэгчид харах мэдрэхүйн нөлөөг дээд зэргээр ашиглаж, хүмүүсийн анхаарлыг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ татахын тулд чухам юу үзүүлж харуулахаа нарийн бодож боловсруулдаг. Тиймээс сэтгэл татам дүрс, зургууд алхам тутамд тааралддагт гайхах хэрэггүй! Зар сурталчилгааны нөлөөг судалсан Америкийн нэгэн судлаач зар сурталчилгаа «дан ганц мэдээлэл өгөх бус, хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, хариу үйлдэл хийлгэх зорилготой» гэж хэлжээ. Ер нь, сурталчилгаанд хуял тачаал хөдөлгөх зорилготой зүйлийг ашиглах нь элбэг байдаг. Тэгэхлээр юу үзэж харах, юуг оюун ухаан, зүрх сэтгэлдээ нэвтрүүлэхээ хянах нь туйлын чухал юм!

8. Нүдээ хамгаалахын чухлыг Библид хэрхэн онцолдог вэ?

8 Жинхэнэ христианууд нүд болон махан биеийн хүсэл тачаалдаа дийлдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тийм учраас, Бурхны Үг бидэнд аливаа зүйлийг үзэж харж, хүсэж сонирхохдоо биеэ захирдаг байхыг уриалдаг (1 Кор. 9:25, 27; 1 Иох. 2:15–17-г уншина уу). Бурхны үнэнч үйлчлэгч Иов үзэж харах, хүсэж сонирхох зүйл хоорондоо маш нягт холбоотойг мэддэг байжээ. Тийм ч учраас, «Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?» хэмээн хэлжээ (Иов 31:1). Иов эмэгтэй хүнд шалиглан хүрэх нь бүү хэл, тэр тухай бодож ч зүрхлээгүй. Есүс: «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг» гэж хэлэхдээ ёс бус юм бодож, оюун санаагаа бузарлахгүй байхын чухлыг онцолсон ​(Мат. 5:28).

Ямар хоосон юмнаас зайлсхийх вэ?

9. а) Интернет хэрэглэхдээ туйлын болгоомжтой байх хэрэгтэйн учир юу вэ? б) Порно материалыг халти харах нь ямар үр дагавартай вэ?

9 Өнөөгийн нийгэмд ялангуяа Интернетээр порно материал үзэж «харах» нь улам ихсэж байна. Бид зориуд порно үзэх гэж Интернетээс хайдаггүй боловч тэд биднийг олоод ирдэг. Энэ юу гэсэн үг вэ? Анхаарал татам зурагтай сурталчилгаа компьютерийн дэлгэцэн дээр гэнэт гарч ирэх юм уу эсвэл жирийн юм шиг харагдах мейл ирж болох юм. Тийм мейл нь, үнэн чанартаа, порно материал байдаг бөгөөд нэгэнт нээсэн бол буцааж хаахад хэцүү ажээ. Ийм материалыг хаахаасаа өмнө халти харсан ч ухаан санаанд арилшгүй ул мөр үлддэг байна. Порно материалыг зэрвэс харахад л гашуун үр дагавар амсдаг. Ийм юм үзсэн хүний мөс чанар өвдөж, ёс бус дүр зургийг ухаан санаанаасаа баллах гэж тэмцэх хэрэгтэй болдог. Харин санаатай «хардаг» бол байдал бүр ч ноцтой бөгөөд тийм хүн гаж хүслээ үхүүлэх зайлшгүй шаардлагатай​(Ефес 5:3, 4, 12-ыг уншина уу; Кол. 3:5, 6).

10. Хүүхэд ямар учраас порнод амархан татагддаг вэ? Порно үзэх нь хүүхдэд ямар аюултай вэ?

10 Хүүхэд сониуч зангаасаа болоод порно материалд татагдаж мэднэ. Энэ нь бэлгийн амьдралын талаарх үзэл бодолд нь удаан хугацааны туршид сөргөөр нөлөөлөх аюултай. Нэгэн судалгаанаас үзэхэд, ийм сөрөг нөлөө нь жам ёсны бэлгийн харьцааны талаар буруу үзэлтэй болохоос эхлээд «бусадтай хэвийн, чин сэтгэлийн харьцаатай байж чадахгүйд хүрэх, эмэгтэйчүүдийн талаар бодит үнэнээс тасархай ойлголттой болох, цаашлаад порнод донтох, үүний улмаас хичээл сурлагадаа муудах, найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ таарамж муутай болоход» хүргэдэг ажээ. Хожим нь гэр бүлтэй болоход нь бүр ч илүү сөрөг үр дагавар гарч болзошгүй.

11. Порно үзэхийн аюулыг харуулах жишээ хэлнэ үү.

11 Нэг христиан эрэгтэй: «Би Гэрч болохоосоо өмнө олон муу зуршилтай байсан. Салахад хамгийн хэцүү нь порно үздэг зуршил байсан даа. Одоо ч ямар нэг үнэр гэнэтхэн үнэртэх юм уу хөгжим сонсогдоход, эсвэл нүдэнд туссан ямар нэг юмнаас болж, хааяа зүгээр юм бодоод санаандгүй байж байтал тэр дүр зургууд нүдэнд харагддаг. Би өдөр тутам байнга тэмцэх хэрэгтэй болдог» хэмээн бичжээ. Өөр нэг христиан эрэгтэй бага байхдаа эцэг эхийнхээ эзгүйд Гэрч биш аавынхаа порно сэтгүүлийг үзсэн аж. Тэрбээр: «Тэр зурагнууд балчир ухаанд минь аймшигтай ул мөр үлдээсэн! 25 жил өнгөрсөн ч гэсэн тэр зургууд одоо хүртэл ухаан санаанд хадаатай байдаг. Яаж ч хичээгээд мартаж чаддаггүй. Бодоогүй байхад ч бодогдоод байдаг болохоор би өөрөө буруутай юм шиг санагддаг» гэж бичжээ. Хоосон юм харж өөрийгөө зовоохгүйн тулд огт харахгүй байх нь ухаалаг хэрэг юм. Ийм ухаалаг байхын тулд яах хэрэгтэй вэ? Аливаа «бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулахыг» хичээх хэрэгтэй ​(2 Кор. 10:5).

12, 13. Христианууд ямар хоосон юмыг харах ёсгүй вэ? Яагаад?

12 Бидний зайлсхийх ёстой бас нэг «хорон» буюу хоосон юм бол эд баялгийн хойноос хөөцөлдөх явдлыг өөгшүүлдэг юм уу далдын хүч, хүчирхийлэл, цус урсгах явдал, үхлийг тод томруун дүрсэлдэг кино, нэвтрүүлэг, дуу хөгжим зэрэг юм (Дуулал 101:3-ыг уншина уу). Христиан эцэг эхчүүд үр хүүхдийнхээ үзэж харах зүйлийг хянамгай сонгож, үүгээрээ Еховагийн өмнө хариуцлага хүлээдэг. Жинхэнэ христиан хүн ид шидтэй зориуд холбогдохгүй нь лавтай. Гэхдээ эцэг эхчүүд кино, видео тоглоом, тэр байтугай, зурган болон хүүхдийн номд хүртэл далдын хүчийг сурталчилсан байдгийг анхаарах хэрэгтэй ​(Сур. 22:5).

13 Хүчирхийлэл, алаан хядааныг үнэмшилтэй дүрсэлсэн видео тоглоом, киног хөгшин залуу хэн боловч таашаан үзэх учиргүй (Дуулал 11:5-ыг уншина уу). Бид Еховагийн үзэн яддаг аливаа зүйлд ухаан бодлоо төвлөрүүлэхээс зайлсхийх ёстой. Сатан бидний санаа бодлыг бай болгодог (2 Кор. 11:3). Библид буруушаадаггүй юмыг ч хэтэрхий олон цагаар үзвэл гэр бүлийн хичээл хийх, Библи өдөр бүр унших, цуглаанд бэлдэх завгүй болох аюултай ​(Флп. 1:9, 10).

Есүсийг дуурайгтун

14, 15. Сатан Христийг гурав дахиа сорихдоо ямар арга хэрэглэсэн бэ? Есүс сорилтыг хэрхэн даван туулсан бэ?

14 Харамсалтай нь, ёс бус энэ ертөнцөд хоосон юмыг огт харахгүй байх аргагүй. Есүст хүртэл ийм аюул тулгарч байсан. Сатан Есүсийг Бурхны хүсэл тааллыг гүйцэтгэх ажлаас нь хөндийрүүлэхийн тулд гурав дахиа сорихдоо «Түүнийг асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь үзүүлжээ» (Мат. 4:8). Яагаад ингэсэн бэ? Харах мэдрэхүйн хүчтэй нөлөөг ашиглах гэж оролдсон нь гарцаагүй. Дэлхийн бүх хаанчлалын сүр хүчийг үзүүлбэл Есүс ертөнцөд алдар нэртэй болохыг хүсэх байх гэж боджээ. Харин Есүс яасан бэ?

15 Есүс хорхой хүргэм зүйлд анхаарлаа хандуулж, зүрхэндээ буруу хүсэл төрүүлээгүй. Диаволын саналаас татгалзах уу, яах вэ гэж огт бодолгүйгээр шууд татгалзсан. Есүс: «Зайл, Сатан аа!» гэж эрс шийдэмгий хэлжээ (Мат. 4:10). Тэрбээр Еховатай тогтоосон харьцаагаа л бодож байсан бөгөөд Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг амьдралынхаа гол зорилго болгож байсан учир Сатанд тийм хариу өгсөн (Евр. 10:7). Ийнхүү Есүс Сатаны зальт төлөвлөгөөг амжилттай таслан зогсоосон.

16. Сатаны сорилтыг даван туулсан Есүсийн жишээнээс юу сурч болох вэ?

16 Есүсийн жишээнээс ихийг сурч болно. Нэгдүгээрт, Сатан бидний хэнийг ч сорьж мэднэ (Мат. 24:24). Хоёрдугаарт, зүрхний аливаа хүсэл сайн ч бай, муу ч бай, үзэж харж байгаа зүйлээс шалтгаалан улам хүчтэй болдог. Гуравдугаарт, Сатан биднийг төөрүүлэхийн тулд «нүдний хүсэл тачаалыг» хөдөлгөх бүх аргыг хэрэглэдэг (1 Петр 5:8). Дөрөвдүгээрт, эрс шийдэмгий байвал бид ч бас Сатаныг эсэргүүцэж чадна ​(Иак. 4:7; 1 Петр 2:21).

Нүдээ «цэвэр» байлгагтун

17. Хорхой хүргэм зүйлтэй тулгарвал яахаа урьдаас шийдчихсэн байх нь яагаад ухаалаг вэ?

17 Бид Еховад өөрсдийгөө зориулахдаа хоосон юмнаас хол байх ам тангараг өгсөн билээ. Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхээ амласан бид, «Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд бүх бузар замаас хөлөө татсан юм» хэмээсэн дуулалчийнхтай адилхан сэтгэлтэй явдаг (Дуу. 119:101). Хорхой хүргэм зүйлтэй тулгарвал яахаа урьдаас шийдчихсэн байх нь хамгийн ухаалаг хэрэг юм. Библид юу буруушаадгийг бид тодорхой мэддэг болсон. Бас Сатаны заль мэхийг ч мэддэг. Чулууг талх болго гэж Сатан Есүсийг хэзээ сорилоо? 40 хоног мацаг бариад, «өлссөн» байхад нь шүү дээ (Мат. 4:1–4). Сатан ажиглаж байгаад, бидний хэзээ суларч, хэзээ сорилтод амархан унаж болохыг мэдэж чадна. Тиймээс энэ талаар яг одоо анхааралтай бодож үзээрэй. Бүү хойшлуулаарай! Еховад өгсөн ам тангаргаа өдөр бүр санаж явбал хоосон юмнаас хол байх шийдвэрээсээ няцахгүй ​(Сур. 1:5; 19:20).

18, 19. а) «Цэвэр» болон «муу» нүдний ялгааг хэлнэ үү. б) Ашиг тустай зүйлийг бодож санаж явах нь ямар учраас чухал бэ? Филиппой 4:8-д ямар зөвлөгөө байдаг вэ?

18 Хараа булааж, анхаарал сарниулах юм өдөр тутам тааралддаг бөгөөд улам олширч байна. Тиймээс нүдээ «цэвэр» байлга хэмээсэн Есүсийн зөвлөгөөг сахих нь одоо бүр ч чухал болоод байна (Мат. 6:22, 23).Нүдээ «цэвэр» байлгадаг хүн Бурхны хүсэл тааллыг биелүүлэх гэсэн нэг л зорилгод анхаарлаа төвлөрүүлдэг. Харин «муу» нүдтэй хүн зальтай, шунахай байдаг бөгөөд хоосон юмсад татагддаг.

19 Нүдээрээ хардаг зүйл оюун ухаанд нөлөөлж, оюун ухаанд хоногшсон зүйл зүрх сэтгэлд нэвтэрдгийг бүү мартаарай. Тиймээс ашиг тустай зүйлийг бодож санаж явах нь амин чухал юм (Филиппой 4:8-ыг уншина уу). Дуулалчийг дууриан: «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» хэмээн залбирч байцгаая. Энэ залбирлынхаа дагуу явдаг бол Ехова биднийг «Өөрийн замд ... сэргээнэ» гэдэгт итгэлтэй байж болно​(Дуу. 119:37; Евр. 10:36).

Давтах асуулт

• Нүд, оюун ухаан, зүрх сэтгэл ямар харилцан холбоотой вэ?

• Порно үзэх нь ямар аюултай вэ?

• Нүдээ «цэвэр» байлгах нь ямар учраас чухал бэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Христианууд ямар хоосон юмыг харах ёсгүй вэ?