Skip to content

Гарчиг руу орох

Эмэгтэйчүүд ээ, та нар тэргүүндээ захирагддаг уу?

Эмэгтэйчүүд ээ, та нар тэргүүндээ захирагддаг уу?

Эмэгтэйчүүд ээ, та нар тэргүүндээ захирагддаг уу?

«Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн» (1 КОР. 11:3).

1, 2. а) Элч Паул Еховагийн тогтоосон захирах, захирагдах ёсны тухай юу гэж бичсэн бэ? б) Энэ өгүүллээр юун тухай авч үзэх вэ?

 ЭЛЧ Паул «Христ бол эр хүн бүрийн тэргүүн», «Бурхан бол Христийн тэргүүн» хэмээн бичихдээ Еховаг эмх журам тогтоосон тухай хэлсэн аж (1 Кор. 11:3). Бид өмнөх өгүүллээр, Есүс өөрийн Тэргүүн болох Ехова Бурханд захирагдахыг завшаан, баяр хөөр гэж үздэг байсан тухай, мөн христиан эрчүүд Христийг тэргүүнээ гэж үздэг тухай ярилцсан билээ. Христ хүмүүстэй өрөвч, сайхан сэтгэлээр, амин хувиа бодолгүй харьцдаг байжээ. Христиан эрчүүд ч бас бусдад, ялангуяа эхнэртээ тэгж хандах учиртай.

2 Тэгвэл эмэгтэйчүүд яах ёстой вэ? Тэдний тэргүүн хэн бэ? «Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн» гэж Паул бичжээ. Бурхны удирдлагаар бичсэн энэ үгийг эмэгтэйчүүд хэрхэн үзэх хэрэгтэй вэ? Нөхөр нь итгэгч биш байсан ч энэ зарчмыг баримтлах уу? Эрэгтэй хүнд захирагдах гэдэг нь шийдвэр гаргах үед санал бодлоо илэрхийлэх эрхгүй гэсэн үг үү? Ямар эмэгтэй хүндэтгэл хүлээдэг вэ?

«Би түүнд тохирох туслагчийг бүтээе»

3, 4. Нөхөр эхнэрүүд тэргүүллийн зарчмыг баримтлах нь яагаад ач тустай вэ?

3 Хэн гэр бүлийн тэргүүн байхыг Бурхан шийдсэн билээ. Ехова Адамыг бүтээснийхээ дараа: «Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе» хэмээн айлджээ. Бурхан Еваг бүтээж өгөхөд Адам ханьтай, туслагчтай болсондоо ихэд баярлан: «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах» гэж хэлжээ (Эх. 2:18–24). Адам Ева хоёр төгс үр удмын өвөг дээдэс болж, улмаар хүн төрөлхтөн диваажин дэлхийд үүрд аз жаргалтай амьдрах сайхан ирээдүйтэй байв.

4 Харамсалтай нь, элэнц эцэг эх маань самуун дэгдээсний улмаас Еден цэцэрлэг дэх төгс байдал алдагджээ (Ром 5:12-ыг уншина уу). Гэхдээ тэргүүллийн зарчим өөрчлөгдөөгүй. Нөхөр хүн тэргүүний эрхээ зөв эдэлж, эхнэр нь нөхөртөө захирагдвал тэд асар их ивээл хүртэж, гэр бүлийнх нь амьдрал аз жаргалаар цалгидаг. Бас Тэргүүн Еховад захирагдан баяртай байсан Есүс шиг баяр хөөртэй амьдарна. Есүс хүн болох хүртлээ Еховагийн өмнө «үргэлж баярлаж байв» (Сур. 8:30). Харин хүн төгс бус болсны гайгаар эрчүүд нь тэргүүний үүргээ төгс биелүүлэх, эмэгтэйчүүд нь төгс захирагдах чадваргүй болжээ. Гэхдээ нөхөр эхнэрүүд чадах чинээгээрээ хичээдэг бол гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байх боломж одоо ч бий.

5. Нөхөр эхнэр хоёр Ром 12:10-т бичсэн зөвлөгөөг анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

5 Нөхөр эхнэр хоёр гэр бүлээ сайн сайхан авч явъя гэвэл христиан хүн бүрд хамаатай дараах зөвлөгөөг ажил хэрэг болгох нь зүйтэй. Библид: «Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» гэж байдаг (Ром 12:10). Түүнчлэн, нөхөр эхнэрийн аль аль нь «бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханддаг» болохын төлөө чармайх хэрэгтэй (Ефес 4:32).

Итгэгч биш ханьтай бол

6, 7. Христиан эхнэр итгэгч биш нөхөртөө захирагддаг бол ямар үр дүнд хүрч болох вэ?

6 Таны хань Еховад үйлчилдэггүй бол яах вэ? Ер нь нөхрүүд итгэгч биш байх нь олонтаа. Тийм бол эхнэр та нөхөртөө хэрхэн хандах хэрэгтэй вэ? Библид: «Эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» хэмээн зөвлөжээ​(1 Петр 3:1, 2).

7 Бурхны Үг эхнэрүүдэд итгэгч биш нөхөртөө захирагддаг байхыг уриалдаг. Эхнэрийнх нь байр байдал гүн сэтгэгдэл төрүүлж, гэргий маань биеэ ийм сайхан авч явдаг болсон нь юуных вэ гэж бодоход хүргэж магад. Улмаар, эхнэрийнхээ юунд итгэж үнэмшдэгийн учрыг олох гэж хичээн, яваандаа Библийн үнэнийг өөрийн болгож ч мэднэ.

8, 9. Христиан эхнэр биеэ зөв авч явлаа ч итгэгч биш нөхөр нь нааштай ханддаггүй бол яах вэ?

8 Гэтэл итгэгч биш нөхөр нь нааштай ханддаггүй бол яах вэ? Хэдий амаргүй байсан ч цаг үргэлж христиан зан чанар илэрхийлж байхыг Библи итгэгч эмэгтэйчүүдэд уриалдаг. Жишээ нь, 1 Коринт 13:4-т: «Хайр бол тэвчээртэй» гэж байдаг. Тэгэхлээр, христиан эхнэр «аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор ... хүлцэн тэвчиж» байх нь зүйтэй (Ефес 4:2). Бурхны үйлдэх хүч буюу ариун сүнсний тусламжтайгаар хүнд хэцүү нөхцөлд ч христиан чанарыг илэрхийлэх боломжтой.

9 Паул: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» хэмээн бичжээ (Флп. 4:13). Итгэгч бус ханьтай христиан хүн яаж ч хичээгээд хүч хүрэхээргүй олон зүйлийг Бурхны сүнсний дэмжлэгтэйгээр хийж чаддаг. Заримдаа, хатуу ширүүн ханддаг ханиасаа хариугаа авчихмаар санагдаж болох юм. Гэтэл Библид: «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул» хэмээн бүх христианд уриалаад, «Учир нь „«Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө» гэж Эзэн [Ехова] айлдав“ гэж бичигджээ» хэмээсэн байдаг (Ром 12:17–19). Бас 1 Тесалоник 5:15-д: «Хэн ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун» хэмээн дээрхтэй төстэй зөвлөгөө өгчээ. Бид өөрийнхөө хүчээр хийж чадахгүй зүйлийг Еховагийн ариун сүнсний тусламжтайгаар хийж чаддаг. Тиймээс хүч хүрэхгүй үедээ Бурхны ариун сүнсийг гуйж залбирах нь зүйтэй.

10. Хүмүүсийг таагүй үг хэлэх юм уу, муу юм хийхэд Есүс яадаг байсан бэ?

10 Есүс өөрт нь таагүй юм хэлсэн, эсвэл муу юм хийсэн хүмүүст хэрхэн хандсан нь бидэнд үлгэр жишээ болдог. 1 Петр 2:23-т: «Тэр зүхэгдэж байхдаа хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа» гэж бичжээ. Бид энэ сайхан жишээг нь дууриах учиртай. Хүмүүсийг таагүй хандвал бүү уурлаарай. Бүх христианд өгсөн зөвлөгөөг сахиж, «эелдэг бөгөөд даруу байн», «мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор» бүү хариулаарай​(1 Петр 3:8, 9).

Дуугарах эрхгүй хүн үү?

11. Зарим христиан эмэгтэй ямар агуу завшаан эдлэх вэ?

11 Эмэгтэй хүн нөхөртөө захирагдана гэхлээр гэр бүлийн болон бусад асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрхгүй гэсэн үг үү? Тийм биш ээ. Ехова эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адилаар олон боломж завшаан олгодог. Христийг энэ дэлхийг захирах үед тэнгэрийн хаан, тахилчаар үйлчлэх агуу завшаан эдлэх 144 000 хүн байдаг. Тэдний дунд эмэгтэйчүүд ч байгаа гээд бод доо! (Гал. 3:26–29). Тэгэхлээр Ехова эмх журам тогтоохдоо эмэгтэйчүүдэд чухал үүрэг оноодог нь тодорхой байна.

12, 13. Эмэгтэйчүүд зөгнөдөг байсныг юу харуулдаг вэ?

12 Жишээлбэл, Библи бичигдэж байх үед эмэгтэйчүүд зөгнөдөг байжээ. Иоел 2:28, 29-д: «Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүл[нэ]. ... Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана» гэж зөгнөсөн байдаг.

13 МЭ 33 оны Пентекостын өдөр Иерусалим дахь нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд цуглаад байсан Есүсийн 120-оод шавийн дунд эмэгтэйчүүд ч байв. Тэгтэл Бурхан тэр бүх хүний дээр сүнсээ асгажээ. Петр, зөнч Иоелийн зөгнөлийг иш татаж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд хамаатай болохыг заан: «Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан „Бурхан айлдаж байна. «Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүл[нэ]. ... Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно...“ гэж хэлэгдсэнчлэн ажээ» хэмээн тайлбарласан​(Үйлс 2:16–18).

14. Нэгдүгээр зуунд христиан сургаалыг түгээн дэлгэрүүлэхэд эмэгтэйчүүд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

14 Нэгдүгээр зуунд христиан сургаалыг түгээн дэлгэрүүлэхэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэд хүмүүст Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлж, энэ ажилд хамаатай үйлс бүтээж явжээ (Лук 8:1–3). Тухайлбал, Фойбе гэдэг эмэгтэйг элч Паул «Кенхрей дахь чуулганы үйлчлэгч» хэмээсэн байдаг. Түүнчлэн, хамтран зүтгэгч нөхдөдөө мэнд дамжуулахдаа «Эзэн дотор ажиллагч Труфайна болон Труфоса» нарын олон үнэнч эмэгтэйг дурджээ. Бас «Эзэн дотор шаргуу ажилласан хайрт Персис» гэж бичжээ​(Ром 16:1, 12).

15. Орчин үед христиан сургаалыг түгээн дэлгэрүүлэхэд эмэгтэйчүүд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

15 Орчин үед Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлж буй долоон сая гаруй хүний дийлэнхийг бүх насны эмэгтэйчүүд эзэлдэг (Мат. 24:14). Тэдний дотор бүрэн цагийн үйлчлэгч, миссионер, Бетелийн гэр бүлийн гишүүд олон бий. Давид: «ЭЗЭН тушаал буулгадаг. Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна» хэмээн дуулжээ (Дуу. 68:11). Энэ юутай үнэн үг вэ! Ехова сайн мэдээ тунхаглан, санаа зорилгыг нь биелүүлэхэд хувь нэмрээ оруулдаг эмэгтэйчүүдийг өндөр үнэлдэг. Христиан эмэгтэй Бурхны тушаалаар эр хүнд захирагдах ёстой гэдэг нь санал бодлоо ч хэлэх эрхгүй гэсэн үг биш ажээ.

Саналаа чөлөөтэй хэлсэн хоёр эмэгтэй

16, 17. Эмэгтэйчүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй нь Сарагийн жишээнээс хэрхэн харагддаг вэ?

16 Ехова эмэгтэйчүүдэд олон янзын завшаан олгодог юм бол эрчүүд чухал шийдвэр гаргахынхаа өмнө эхнэртэйгээ зөвлөлдөх нь зүйн хэрэг биз дээ? Тэгээд ч ингэх нь ухаалаг юм. Нөхрийгөө асуугаагүй юм уу хэлээгүй байхад өөрсдийн санаачилгаар үзэл бодлоо илэрхийлсэн буюу тодорхой алхам хийсэн эмэгтэйчүүдийн жишээ Сударт гардаг. Хоёр жишээ үзье.

17 Эхнийх нь Абрахамын эхнэр Сарад тохиолдсон явдал юм. Тэрбээр нөхрийнхөө татвар эм болон түүний хүүг хүндэтгэлгүй байсан учир гэрээсээ явуулахыг нөхрөөсөө хүссээр байв. Энэ нь «Абрахамыг ихэд зовоосон» таагүй хүсэлт байв. Харин Бурхан тэгж үзээгүй. Тиймээс, Ехова Абрахамд: «Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс» хэмээн айлджээ (Эх. 21:8–12). Абрахам Еховагийн үгэнд орж, Сарагийн хэлсэн бүгдийг сонсон, хүсэлтийг нь биелүүлсэн.

18. Абигаил ямар санаачилга гаргасан бэ?

18 Набалын эхнэр Абигаилын тухай бас бодъё. Давид атаач Саул хаанаас зугтаж явахдаа Набалын мал сүргийн ойролцоо буудаллаж байжээ. Давид хүмүүсийнхээ хамт тэрхүү баяны эд хөрөнгөнөөс юу ч авалгүй, харж хамгаалж байв. Гэтэл «зөрүүд, муухай зантай» Набал Давидын хүмүүсийг «харааж зүхсэн» удаатай. «Өөдгүй», «мунхаг» тэрбээр нэгэн удаа Давидын хүмүүсийг өөрт нь хүндэтгэлтэй хандан, тусламж гуйхад татгалзжээ. Абигаил болсон явдлыг дуулаад, нөхөртөө хэлэлгүй «хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ бэлтгэгдсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч», Давид болон түүнтэй хамт байсан хүмүүст өгчээ. Абигаил зөв юм хийсэн үү? Библид: «ЭЗЭН Набалыг цохисонд тэр үхэв» гэж байдаг. Хожим нь Давид Абигаилыг эхнэрээ болгосон ​(1 Сам. 25:3, 14–19, 23–25, 38–42).

Магтаал хүртдэг эмэгтэйчүүд

19, 20. Ямар эмэгтэй магтаал хүртвэл зохих вэ?

19 Аливаа зүйлийг хийхдээ Еховагийн арга барилыг дууриадаг эхнэрийг Сударт магтан бичсэн байдаг. Библийн «Сургаалт үгс» номд «арван хуруу тэгш эхнэрийг» сайшаан: «Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй. Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна. Тэр бүх л амьдралынхаа турш нөхөртөө мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг» гэж бичжээ. Түүнээс гадна, «тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг. Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэднэ. Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө. Эр нөхөр нь ч гэсэн түүнийг магтана» ​(Сур. 31:10–12, 26–28).

20 Ямар эмэгтэй магтаал хүртвэл зохих вэ? Сургаалт үгс 31:30-д: «Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон. Харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай» гэсэн байдаг. Еховагаас эмээдэг эмэгтэй Бурхны тогтоосон тэргүүллийн зарчмыг дуртайяа сахидаг. «Христ бол эр хүн бүрийн тэргүүн», «Бурхан бол Христийн тэргүүн» байдгийн адил «эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн» юм ​(1 Кор. 11:3).

Бурхны өгсөн бэлгийг эрхэмлэгтүн

21, 22. а) Гэр бүлийг бэлэг болгон өгсөн Бурхандаа талархах ямар ямар шалтгаан гэр бүлтэй христиануудад байдаг вэ? б) Еховагийн тогтоосон эрх мэдэл, тэргүүллийн зарчмыг хүндэтгэх ёстойн учир юу вэ? (17-р хуудасны хавсралт үзнэ үү.)

21 Бурханд талархлаа илэрхийлэх өдий төдий шалтгаан гэр бүлтэй христиануудад бий. Ялангуяа, гэр бүл гэдэг бэлэг өгсөнд нь Бурханд талархаж болно. Учир нь үүний ачаар тэд амьдралаа холбож, Еховатай хамт алхан, баяр хөөртэй үйлчлэх боломжтой болсон (Рут 1:9; Мика 6:8). Гэр бүлийг Санаачлагч Ехова Бурхан гэр бүлийн амьдралыг аз жаргалтай байлгахад юу шаардлагатайг маш сайн мэддэг. Тиймээс, үргэлж Бурхны зааснаар яваарай. Тэгвэл өнөөгийн хэцүү ертөнцөд ч Еховагийн «баяр баясгалан ... та нарын хүч чадал» байх болно (Нех. 8:10).

22 Эхнэрээ өөрийн бие адил хайрладаг христиан нөхөр тэргүүний үүргээ биелүүлэхдээ эелдэг зөөлөн, хайр халамжтай байдаг. Еховагаас эмээдэг эхнэр нь ч гэсэн нөхрөө дэмждэг, гүн хүндэтгэдэг учир тийм эхнэрийг хайрлахгүй байхын аргагүй. Хамгийн гол нь, тийм сайхан үлгэр жишээч нөхөр эхнэр хоёр магтаал хүндэтгэл хүлээх эрхтэй Ехова Бурхныг алдаршуулдаг.

Санаж байна уу?

• Ехова захирах, захирагдах ямар ёс тогтоосон бэ?

• Нөхөр эхнэрүүд бие биеэ хүндэтгэх хэрэгтэйн учир юу вэ?

• Христиан эхнэр итгэгч бус нөхөртөө хэрхэн хандах ёстой вэ?

• Нөхрүүд чухал шийдвэр гаргахынхаа өмнө эхнэртэйгээ яагаад зөвлөлдөх ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]

[17-р хуудасны хавсралт]

Эрх мэдлийг хүндэтгэх хэрэгтэйн учир

Ехова оюун ухаант бүтээлүүдийнхээ дунд захирах, захирагдах ёсыг тогтоожээ. Энэ нь сүнсэн болон хүмүүн бүтээлүүдийн аль алинд нь ач тус хүргэх зорилготой. Тэр ёсыг сахиснаар тэд сонгох эрх чөлөө эдлэн, Бурхандаа эв нэгдэлтэй, харилцан зохицолтой үйлчлэн, Бурхныг алдаршуулах боломжтой ​(Дуу. 133:1).

Тослогдсон христиануудын хурал Есүс Христийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг Тэргүүнээ гэж үздэг (Ефес 1:22, 23). Есүс Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд «бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм» (1 Кор. 15:27, 28). Бурханд өөрийгөө зориулсан хүмүүс хурал болон гэр бүлд тэргүүллийн зарчмыг сахин биелүүлэх нь туйлын чухал ажээ (1 Кор. 11:3; Евр. 13:17). Ингэвэл Еховагийн ивээл, сайшаалыг хүртэнэ ​(Ис. 48:17).

[13-р хуудасны зураг]

Эхнэр хүн залбирлын тусламжтайгаар христиан зан чанар илэрхийлж чадна

[15-р хуудасны зураг]

Ехова Хаанчлалын үйл хэргийг ахиулахад хувь нэмэр оруулдаг эмэгтэйчүүдийг өндөр үнэлдэг