Эрчүүд ээ, сүнсэнд тарьж, үйлчлэлээ өргөжүүлэхийг эрмэлзэгтүн
Эрчүүд ээ, сүнсэнд тарьж, үйлчлэлээ өргөжүүлэхийг эрмэлзэгтүн
«Сүнсэнд таригч нь ... мөнх амийг хурааж авна» (ГАЛ. 6:8).
1, 2. Матай 9:37, 38 хэрхэн биелж байна вэ? Улмаар хурлуудад ямар хэрэгцээ гарч байна вэ?
ТА БҮХЭН түүхэн үйл явдлын гэрч болж байна! Есүс Христийн хэлж байсан ажил ид өрнөж байна. Есүс: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа» гэж хэлсэн билээ (Мат. 9:37, 38). Ехова Бурхан ийм залбиралд урьд хожид өгч байгаагүй хариуг өгч байна. 2009 оны үйлчлэлийн жилд дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдийн хурлын тоо 2031-ээр нэмэгдэн, 105 298-д хүрч, өдөрт дунджаар 757 хүн баптисм хүртжээ!
2 Ийнхүү өсөн нэмэгдэхийн хэрээр хурлын гишүүдийг сургах, хариулах шаардлага хангасан эрчүүд улам их хэрэгтэй болж байна (Ефес 4:11). Ехова хоньдыг нь асарч маллах шаардлага хангасан эрчүүдийг олон арван жилийн өмнөөс томилж ирсэн бөгөөд цаашид ч томилно гэдэгт итгэж болно. Эцсийн өдрүүдэд Еховагийн ард түмний дунд «долоон хоньчин, найман удирдагч» буюу удирдах үүрэгтэй чадварлаг эрчүүд олон байхыг Мика 5:5-д бичсэн зөгнөл батлан хэлдэг.
3. «Сүнсэнд таригч» байна гэж яахыг хэлдэг вэ?
3 Та баптисм хүртсэн эрэгтэй хүн бол хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэг болохын тулд яах хэрэгтэй вэ? Гол нь «Сүнсэнд таригч» байх хэрэгтэй (Гал. 6:8). Сүнсэнд тарихын тулд Бурхны ариун сүнсийг амьдралдаа шууд нэвтрүүлж байх шаардлагатай. Хэзээ ч «махан биед таригч» болохгүй байхаар бат шийдээрэй. Тав тух, чөлөөт цаг, зугаа цэнгэлээс болж Бурхны үйл хэрэгт өөрийгөө дайчлах хүслээ бүү бөхөөгөөрэй. Христианууд бүгдээрээ «Сүнсэнд таригч» байх учиртай бөгөөд эрчүүд ийм байдаг бол хуралд хариуцлагатай үүрэг хүлээх шаардлагыг яваандаа хангаж болох юм. Өнөөдөр туслах үйлчлэгч, ахлагчид улам их хэрэгтэй болж байгаа учир энэ өгүүлэл христиан эрчүүдэд онцгой хамаатай юм. Тиймээс эрчүүд ээ, бид та бүхнийг залбирч байгаад, энэ өгүүллийг нухацтай судлахыг уриалж байна.
Сайн ажил хийхийг эрмэлзэх нь
4, 5. а) Баптисм хүртсэн эрчүүд хуралд ямар үүрэг хүлээхийг эрмэлзэх хэрэгтэй вэ? б) Үүний тулд яах хэрэгтэй вэ?
4 Христиан эрэгтэй зүгээр сууж байгаад л ахлагч болчихдоггүй. «Сайн ажил» хийхийг эрмэлздэг байх учиртай (1 Тим. 3:1). Үүний тулд итгэл нэгтнүүддээ үйлчлэн, тэдэнд чин сэтгэлээсээ санаа тавина гэсэн үг (Исаиа 32:1, 2-ыг уншина уу). Зөв сэтгэлээр тийн эрмэлздэг хүн нэр алдрын хойноос хөөцөлддөггүй. Харин ч бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золиослох оргилуун хүсэлтэй явдаг.
5 Туслах үйлчлэгч, ахлагч болохыг хүсэж эрмэлздэг хүн Сударт бичсэн шаардлага хангахыг хичээдэг (1 Тим. 3:1–10, 12, 13; Тит 1:5–9). Хэрэв та Бурханд өөрийгөө зориулсан эрэгтэй бол дараах асуултыг өөртөө тавиарай. «Би дэлгэрүүлэх ажилд бүрэн дүүрэн оролцдог уу? Хамаг боломжоороо дэлгэрүүлэхэд нь бусдадаа тусалдаг уу? Итгэл нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, тэднийгээ сэргээдэг бил үү? Би хурлынхандаа анзаарагдахуйцаар Бурхны Үгийг сайн судалдаг уу? Хариултынхаа чанарыг сайжруулж байгаа юу? Ахлагчдын өгсөн даалгаврыг хичээнгүйлэн биелүүлдэг үү?» (2 Тим. 4:5). Иймэрхүү асуултыг нухацтай бодож үзэх нь зүйтэй.
6. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг хүсдэг хүн өөр ямар шаардлага хангах ёстой вэ?
6 Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг хүсдэг хүний хангавал зохих бас нэг шаардлага бол Бурхны «Сүнсээр дамжуулан хүч чадлаар ... доторх хүн[ээ] хүчтэй болгох» явдал юм (Ефес 3:16). Христиан хуралд ахлагч, туслах үйлчлэгч болно гэдэг нь албан тушаалд сонгогдоно гэсэн үг биш. Ийм үүрэг хүлээхийн тулд сүнслэгээр ахиж дэвших шаардлагатай. Яавал сүнслэгээр өсөх вэ? Үргэлж «Сүнсээр явж», сүнсний үр жимсийг өөртөө бий болгох нь нэг арга юм (Гал. 5:16, 22, 23). Нэмэлт үүрэг хүлээхэд хэрэгтэй христиан зан чанарыг илэрхийлэхийн зэрэгцээ сүнслэгээр өсөхөд тус болох зөвлөгөөг хэрэгжүүлбэл «ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болно» (1 Тим. 4:15).
Өөрийгөө золиослох сэтгэлтэй байх нь
7. Бусдад үйлчилнэ гэж яахыг хэлдэг вэ?
7 Бусдад үйлчилнэ гэдэг нөр их хөдөлмөр бөгөөд үүний тулд өөрийгөө золиослох хэрэгтэй болдог. Христиан ахлагчид сүнслэг хоньчин учир сүрэгт нь зовлон бэрхшээл тулгарахад маш их санаа зовдог. Элч Паул хонин сүргийг хариулах ажилдаа ямар сэтгэлээр хандаж байсныг бодъё. Тэрбээр Коринт дахь итгэл нэгтнүүддээ: «Та нарыг гашуудуулъя гэсэнд бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм» гэжээ (2 Кор. 2:4). Паул ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг байсан нь харагдаж байна.
8, 9. Эрчүүд бусдад хэрхэн санаа тавьж байсныг харуулах Библийн жишээ хэлнэ үү.
8 Өөрийгөө золиослох сэтгэл бол Еховагийн үйлчлэгчдийн төлөө зүтгэж байсан эрчүүдийн гол онцлог шинж юм. Жишээ нь, Ноаг гэрийнхэндээ: «Авдар барьж дуусахаараа надад хэлээрэй. Би орно шүү» гэж хэлж байгаагаар төсөөлөхөд ч бэрх байгаа биз? Мосе Египетэд байсан израильчуудад: «Улаан тэнгисийн эрэг дээр уулзъя. Яаж ийгээд өөрсдөө яваад очоорой» гээгүй. Иошуа: «Иерихогийн хэрмийг нурахлаар надад дуулгаатахаарай» гэж хэзээ ч хэлээгүй. Исаиа өөр хүнийг заагаад, «Тэр хүн байна! Түүнийг явуулаач» гэж хэлээгүй (Ис. 6:8).
9 Бурхны сүнсээр удирдуулахын хамгийн сайн жишээ үзүүлсэн хүн бол Есүс Христ юм. Тэрбээр хүн төрөлхтний төлөө өөрийгөө золиослох даалгаврыг дуртайяа хүлээн авсан (Иох. 3:16). Есүс биднийг хайрласандаа өөрийгөө золиосолсны хариуд бидэнд ч бас Есүсийг дууриах хүсэл төрдөггүй гэж үү? Олон жил ахлагчаар үйлчилж буй нэг Гэрч Бурхны сүрэгт ямар сэтгэлээр ханддаг тухайгаа: «Миний хоньдыг хариул гэж Есүсийн Петрт хэлсэн үг сэтгэлийн минь гүнд хүрсэн. Чин сэтгэлээсээ хэдхэн үг хэлэх юм уу сайхан сэтгэлээр өчүүхэн юм хийхэд л нөгөө хүн ямар их сэргэдгийг би олон жил харж байна. Хоньдыг хариулах бол миний дуртай ажил» гэж хэлжээ (Иох. 21:16).
10. Христиан эрчүүд ямар учраас бусдад үйлчилж байсан Есүсийг дууриахыг хичээдэг вэ?
10 Бурханд өөрийгөө зориулсан христиан эрчүүд хонин сүргийг хариулахдаа «Би та нарыг амраая [«сэргээнэ», ШЕ]» гэж хэлсэн Есүсийг дууриахыг хичээдэг (Мат. 11:28). Бурханд итгэдэг, хурлыг хайрладаг тэд асар их юмаа золиослох нь дээ гэх юм уу, эсвэл чадал сорьсон ажил гэж бодолгүйгээр сайн ажил хийхийг эрмэлздэг. Харин тэгж эрмэлздэггүй бол яах вэ? Хурлын гишүүдэд үйлчлэх хүсэлтэй болох арга бий юү?
Үйлчлэх хүсэлтэй болох нь
11. Бусдад үйлчлэх хүсэлтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?
11 Хэрэв өөрийгөө чадваргүй хэмээн голоод, хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэггүй бол ариун сүнс гуйн залбирах нь зүйтэй (Лук 11:13). Энэ талаар санаа зовохоо болиход тань Еховагийн сүнс тусална. Ехова христиан эрэгтэйд сайн ажил хийх эрмэлзлийг сүнсээрээ төрүүлж, үйлчлэх хүч өгдөг учир бусдад үйлчлэх хүслийг Бурхан өгдөг гэж хэлж болно (Флп 2:13; 4:13). Тиймд хариуцлагатай үүрэг хүлээх хүсэлтэй болоход туслахыг Еховагаас гуйх нь чухал (Дуулал 25:4, 5-ыг уншина уу).
12. Христиан эрэгтэй үүргээ биелүүлэх мэргэн ухааныг хэрхэн олж авч болох вэ?
12 Христиан эрэгтэй, хурлын гишүүдийн төлөө үйлчлэх нь чадал сорьсон, бэрх ажил юм байна гэж ойлгоод, хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлзэхээ больё гэж бодож болох юм. Эсвэл өөрийгөө хариуцлагатай үүрэг хүлээхээр мэргэн хүн биш гэж чамлаж магадгүй. Хэрэв тэгдэг бол Бурхны Үг болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг илүү нямбай судалбал мэргэн ухаантай болно. Тиймээс «Би Бурхны Үгийг судлах зав гаргадаг уу? Мэргэн ухаан гуйж залбирдаг уу?» гэсэн асуултыг бодож үзэх нь сайн. Шавь Иаков: «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно» гэж бичжээ (Иак. 1:5). Та Бурхны онгод оруулан бичүүлсэн энэ үгэнд итгэдэг үү? Бурхан Соломоны залбиралд хариулан, «мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг» өгсөнд Соломон аливаа хэргийг шүүхдээ сайн, мууг ялгаж чаддаг болсон (Х.дээд 3:7–14). Соломонд тохиолдсон явдал жирийн биш байсан нь үнэн. Гэхдээ Бурхан хоньдоо зүй зохистой удирдуулахын тулд хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүдэд мэргэн ухаан өгнө гэдэгт итгэлтэй байж болно (Сур. 2:6).
13, 14. а) Паул «Христийн хайранд» хэрхэн хөтлүүлдэг байсан бэ? б) «Христийн хайр» бидэнд ямар сэтгэл төрүүлэх учиртай вэ?
13 Бусдад үйлчлэх хүслээ оргилуулахад тус болох бас нэг зүйл бол Ехова болон түүний Хүүгийн бидэнд хийж өгсөн бүхнийг гүн гүнзгий эргэцүүлэн бодох явдал юм. Жишээ болгон 2 Коринт 5:14, 15-ыг авч үзье (Уншина уу). «Христийн хайр биднийг албаддаг» гэдэг нь юу гэсэн үг вэ? Христ Бурхны хүслийн дагуу бидний төлөө амиа өгч, агуу хайраа илэрхийлснийг нь бодохлоор өндөр үнэлж, хариу талархах хүсэл бадардаг. Паул Христийн хайранд хөтлүүлдэг байсан. Тийм учраас, амин хувийн хүслээ хорьж, Бурханд болон итгэл нэгтнүүддээ, бас христиан биш хүмүүст үйлчлэхийг гол зорилгоо болгодог байжээ.
14 Хүмүүсийг гэсэн Христийн хайрыг эргэцүүлэн бодвол хариу талархах сэтгэл төрдөг. Үүний дүнд, «махан биед тарих» буюу хувийн ашиг бодож, өөрийнхөө л хүслийг хангахын төлөө амьдрах нь туйлын зохисгүй явдал болохыг ойлгож, Бурхны даалгасан ажлыг эн тэргүүнд тавихын тулд амьдралаа өөрчилдөг. Бид хайрандаа хөтлөгдөн ах дүүдээ «үйлчилдэг» (Галат 5:13-ыг уншина уу). Еховад өөрсдийгөө зориулсан үйлчлэгчдийнх нь төлөө даруухнаар үйлчлэн, өөрийгөө боол мэт үздэг бол тэднийг дээдлэн, хүндэтгэлтэй харьцана. Бид Сатаны хөхүүлэн дэмждэг шүүмжлэмтгий, өөнтөгч занг дууриахыг хүсдэггүй (Илч. 12:10).
Гэр бүлийнхний хүчин зүтгэл
15, 16. Ахлагч, туслах үйлчлэгч болох шаардлага хангахыг хүсдэг хүний гэр бүлийнхэн ямар үүрэгтэй вэ?
15 Хэрэв Гэрч эрэгтэй эхнэр, хүүхэдтэй бол туслах үйлчлэгч, ахлагч болох шаардлага хангасан эсэхийг нь тогтоохдоо ар гэрийнх нь нөхцөл байдлыг тооцож үздэг. Тухайн хүний хариуцлагатай үүрэг хүлээх эсэх нь гэр бүлийнх нь гишүүдийн сүнслэг байдал, нэр хүндээс шууд шалтгаалдаг. Тэгэхлээр, туслах үйлчлэгч юм уу ахлагч болж, хуралд үйлчлэхийг эрмэлздэг нөхөр, эцэг хүнд гэр бүлийнх нь дэмжлэг чухал гэсэн үг юм (1 Тимот 3:4, 5, 12-ыг уншина уу).
16 Христиан гэр бүлийн гишүүд нэг нэгэнтэйгээ хамтран ажилладаг бол Еховад таалагддаг (Ефес 3:14, 15). Өрхийн тэргүүн хуралд хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн зэрэгцээ өөрийн гэрийг «сайн» захирахын тулд дүн нуруутай байх хэрэгтэй. Тиймээс ахлагч, туслах үйлчлэгч хүн долоо хоног бүр гэр бүлийн хичээлээр эхнэр, хүүхэдтэйгээ Библийг үр ашигтай судлах нь чухал юм. Мөн тэдэнтэйгээ тогтмол дэлгэрүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас, өрхийн тэргүүнийхээ хүчин чармайлтыг үнэлж, хамтран ажиллах нь гэр бүлийн гишүүдэд ч ач холбогдолтой.
Та дахин үйлчлэх үү?
17, 18. а) Хэрэв Гэрч эрэгтэй хариуцлагатай үүрэг хүлээх эрхгүй болсон бол яах нь зүйтэй вэ? б) Өмнө нь ахлагч, туслах үйлчлэгч байсан Гэрч эрэгтэй ямар үзэл бодолтой байх нь сайн бэ?
17 Та өмнө нь ахлагч юм уу туслах үйлчлэгч байсан ч, одоо тийм биш байж болох юм. Гэхдээ та Еховад хайртай, Ехова ч танд одоо хүртэл санаа тавьдаг нь лавтай (1 Петр 5:6, 7). Танд зарим зүйлээ засахыг зөвлөсөн байж болох юм. Тэгвэл дутагдлаа шууд хүлээн зөвшөөрч, Бурхны тусламжтайгаар засахыг хичээгээрэй. Бүү өш санаарай. Ухаалаг, өөдрөг байгаарай. Олон жил ахлагчаар үйлчилж байгаад, энэ эрхээ алдсан нэг Гэрч: «Би ахлагч байх үеийнх шигээ цуглаанд очдог, дэлгэрүүлдэг, Библи уншдаг байхаар шийдсэн. Энэ нь ч миний хүрч чадах зорилго байсан. Ахлагч байх эрхийг маань ганц хоёрхон жилийн дотор сэргээчихнэ гэж бодож байсан ч бараг долоон жил хүлээж байж энэ эрхийг олж авч билээ. Тийм болохоор тэвчээрт суралцсан. Тэр хугацаанд цөхрөхгүй, хүсэл эрмэлзлээ алдахгүй байхад олон зүйл тусалсан» хэмээн ярьжээ.
18 Та бас үүнтэй төстэй байдалд байгаа бол сэтгэлээр бүү унаарай. Ехова таны үйлчлэлийг болон гэр бүлийг хэрхэн ивээж буйг эргэцүүлж бодоорой. Гэр бүлийнхнээ сүнслэгээр тэтгэж, итгэл нэгтнүүдээ өвдөж зовоход эргэж тойрч, гуньж гутрахад нь урмыг нь сэргээж байгаарай. Хамгийн гол нь Бурхныг магтан алдаршуулж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг Еховагийн Гэрч байх завшаанаа өндөр үнэлээрэй (Дуу. 145:1, 2; Ис. 43:10–12).
Өөр өнцгөөс харах нь
19, 20. а) Баптисм хүртсэн бүх эрчүүдийг юунд уриалж байна вэ? б) Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?
19 Өнөөдөр ахлагч, туслах үйлчлэгчид урьд урьдынхаасаа их хэрэгтэй байна. Тиймд бид баптисм хүртсэн бүх эрчүүдийг нөхцөл байдлаа өөр өнцгөөс харж байгаад, «Би чухам ямар шалтгаанаар туслах үйлчлэгч юм уу ахлагчаар үйлчилдэггүй вэ?» гэж өөрийгөө шалгаж үзэхийг уриалж байна. Энэ чухал асуудалд зөв ханддаг болоход тань Бурхны сүнс туслах болтугай.
20 Христианууд өөрийгөө золиослон хүчин чармайлт гаргахад хурлын бүх гишүүн үр шимийг нь хүртдэг. Амин хувиа бодолгүйгээр сайхан сэтгэлийн үйлс хийвэл бусдад үйлчилж, сүнсэнд тарихын баяр баясгалан эдэлдэг. Гэхдээ бид Бурхны ариун сүнсийг гомдоох ёсгүй. Яавал ийм аюулаас сэргийлэх вэ? Энэ тухай дараагийн өгүүллээр ярилцана.
Хариулна уу
• Мика 5:5-д бичсэн зөгнөл юуг батлан хэлдэг вэ?
• Өөрийгөө золиослох сэтгэл гэж юу болохыг тайлбарлана уу.
• Яавал бусдад үйлчлэх хүсэлтэй болох вэ?
• Христиан эрэгтэйг туслах үйлчлэгч юм уу ахлагч болох шаардлага хангахад нь гэр бүлийнхнийх нь хүчин зүтгэл хэр зэрэг чухал бэ?
[Догол мөрийн асуулт]
[25-р хуудасны зураг]
Хариуцлагатай үүрэг хүлээе гэвэл яах хэрэгтэй вэ?