Skip to content

Гарчиг руу орох

Бурхны ард түмний дунд аюулгүй байгтун

Бурхны ард түмний дунд аюулгүй байгтун

Бурхны ард түмний дунд аюулгүй байгтун

«Би Танд их чуулганд талархал өргөнө» (ДУУ. 35:18).

1-3. а) Зарим христиан юунаас болоод сүнслэг аюулд өртдөг вэ? б) Бурхны үйлчлэгчид хаана байвал аюулгүй вэ?

 ЖО амралтаараа эхнэрийнхээ хамт аялж явахдаа далайд байдаг шүрэн хадны дээгүүр, өнгө алаглах том, жижиг загасан дунд сэлж байлаа. Тэгснээ, шүрэн хадыг үзэх санаатай жаахан доогуур сэлж эхлэв. Эхнэр нь хэтэрхий гүн рүү орсноо анзаараад: «Бид хоёр дэндүү хол явчих шиг боллоо» гэжээ. Жо: «Зүгээр ээ. Би юу хийж байгаагаа мэдэж байна» хэмээн хариулсан боловч удалгүй, «Нээрээ, нөгөө олон загас хааччихав аа?» гэж гайхан бодлоо. Тэгтэл ч учир нь олджээ. Ёроолгүй гүнээс аварга загас яг өөрийг нь чиглээд ирж явах нь тэр. Ингээд яах ч аргагүй болов. Гэтэл аварга загас хэдхэн метрийн зайд ойртож ирснээ, зүгээ өөрчлөн алга болжээ.

2 Христиан хүн үзэж харах, уншиж сонсох зүйл, ажил алба, эд хөрөнгө гэх мэтийн Сатаны ертөнцийн гял цал бүхэнд хүчтэй татагдсаар «усны гүн рүү» өөрийн мэдэлгүй явчих аюултай. «Би энэ явдлаас үүдээд ямар хүмүүстэй нөхөрлөдгөө бодох болсон. Аюул осолгүй, таатай газар л сэлэх хэрэгтэй. Энэ бол хурал шүү!» гэж христиан ахлагч Жо хэлсэн юм. Тийм ээ, усны гүн рүү бүү шумбаарай. Тэгвэл та хурлаас холдож, аюултай газарт очно гэсэн үг. Хэрэв тийм газар байгаагаа ойлговол «далайн аюулгүй хэсэг рүү» даруйхан сэлээрэй. Эс тэгвээс сүнслэгээр осолдоно шүү.

3 Өнөөгийн ертөнц христиануудын хувьд аюултай газар юм (2 Тим. 3:1–5). Сатан өөртөө бага хугацаа байгааг мэддэг бөгөөд сонор сэрэмжгүй хүмүүсийг залгихаар хайж явдаг (1 Петр 5:8; Илч. 12:12, 17). Гэхдээ бидэнд хамгаалалт бий. Ехова үйлчлэгчдэдээ найдвартай сүнслэг хоргодох газар буюу христиан хурлыг өгсөн билээ.

4, 5. Хүмүүс ирээдүйнхээ талаар юу гэж боддог вэ? Яагаад?

4 Өнөөгийн нийгэмд хүмүүс бие махбод болон сэтгэл санааны хувьд аюулгүй амьдрахыг хичээдэг боловч тэр бүр санасандаа хүрдэггүй. Гэмт хэрэг, хүчирхийлэл, амьдралын өртөг, тэр байтугай байгалийн бохирдлоос болоод аюулгүй амьдрах нөхцөл бүрддэггүй гэж боддог хүн цөөнгүй. Нас ахих, эрүүл мэнд муудахын зовлон үздэггүй хүн байхгүй. Ажил төрөлтэй, гэр оронтой, бэл бэнчинтэй, харьцангуй эрүүл хүмүүс хүртэл сайхан амьдралаа хэдий хүртэл үргэлжлэх бол гэж санааширдаг байж болох юм.

5 Сэтгэл санааны хувьд аюулгүй байдлаа хангаж чаддаггүй хүн бас олон байдаг. Гэрлэж, үр хүүхэдтэй болбол амар тайван, сэтгэл хангалуун амьдарна гэж бодож байсан хүмүүсийн итгэл найдвар хөсөрддөг нь харамсалтай. Шашин шүтлэгтэй хүмүүс лам хуврагуудын сургаал номлолын ач тустай эсэхэд эргэлзэж, ялангуяа, тэднийг зохисгүй авирлаж, Бурхны Үгтэй зөрчилдсөн сургаал заадгийг ажиглаад цөхөрч хоцордог. Тиймээс олон хүн шинжлэх ухаан юм уу хүмүүсийн сайхан сэтгэлд л итгэж найдахаас өөр аргагүй гэж боддог. Тэгэхлээр хүмүүс өөрсдийгөө аюулгүй амьдардаг гэж үздэггүй нь, эсвэл ирээдүйн талаар нухацтай бодохыг хүсдэггүй нь гайхах хэрэг биш.

6, 7. а) Бурханд үйлчилдэг болон үйлчилдэггүй хүмүүсийн үзэл бодол ялгаатай байдгийн учир юу вэ? б) Энэ өгүүллээр юун тухай үзэх вэ?

6 Христиануудын үзэл бодол христиан биш хүмүүсийнхээс эрс ялгаатай байдаг. Еховагийн ард түмэн бид бусдын л адил зовж шаналдаг ч зовлон бэрхшээлд өөрөөр ханддаг (Исаиа 65:13, 14; Малахи 3:18-ыг уншина уу). Учир нь бид, хүн төрөлхтөн одоо ямар байдалд байгааг Библиэс мэдэж авсан бөгөөд бэрхшээлийг давах арга ухаанд суралцдаг. Иймээс ирээдүйдээ хэтэрхий их санаа зовдоггүй. Еховад үйлчилдгийнхээ ачаар Библийн бус сургаалд төөрөлдөх, садар самуунд орооцолдох зэргээс ангид байж, түүний үр дагавраас сэргийлж чаддаг. Тиймээс христиан хурлын гишүүд итгэгч бус хүний мэдэрдэггүй тийм амар тайвныг мэдэрдэг (Ис. 48:17, 18; Флп. 4:6, 7).

7 Еховад үйлчилдэг хүмүүсийн аюулгүй байдлыг Еховад үйлчилдэггүй хүмүүсийнхтэй харьцуулж, эргэцүүлэн бодоход туслах хэдэн жишээ үзье. Эдгээр жишээ үзэл бодол, үйл хэргээ шалгах хүсэл төрүүлнэ. Бас биднийг хамгаалах гэж өгдөг Бурхны зөвлөгөөг одоогийнхоосоо илүү өргөн хүрээнд биелүүлэх хэрэгтэй эсэхийг магадлахад тусална ​(Ис. 30:21).

«Би бараг хөл алдав»

8. Еховагийн үйлчлэгчид цаг ямагт яах хэрэгтэй болдог вэ?

8 Еховад үйлчилж, түүнд захирагдахаар шийдсэн хүмүүс Еховад үйлчилдэггүй хүмүүстэй дотно нөхөрлөхөөс зайлсхийж ирсэн нь хүний түүхийн эхнээс харагддаг. Тэгээд ч Ехова өөрийнх нь үйлчлэгчид болон Сатаныг дагагчдын хооронд дайсагнал гарахыг урьдаас мэдэгдсэн билээ (Эх. 3:15). Бурхны үйлчлэгчид тогтоосон хэм хэмжээг нь чанд баримталдаг учир эргэн тойрныхоо хүмүүсээс үйл хэргээрээ ялгардаг (Иох. 17:15, 16; 1 Иох. 2:15–17). Гэхдээ ингэх нь тэр бүр амар байдаггүй. Өөрийгөө золиосолж амьдрах нь ухаалаг хэрэг мөн эсэхэд эргэлзэх үе Еховагийн зарим үйлчлэгчид гарч байсан.

9. 73-р дууллыг бичигч юунаас болоод зовж шаналж байсан бэ?

9 Ухаалаг шийдвэр гаргасан эсэхдээ эргэлзэж байсан нэг хүн бол 73-р дууллыг бичигч бөгөөд тэрбээр Асафын удмын хүн байсан бололтой. Дуулалч муу хүмүүсийг ажил үйлс нь бүтэмжтэй, аз жаргалаар дүүрэн, баян чинээлэг байхад, Бурханд үйлчилдэг хүмүүсийн зовж, зүдэрдэгт шаналж байжээ (Дуулал 73:1–13-ыг уншина уу).

10. Дуулалчийн хөндсөн асуудлыг хүн бүр авч үзэх ёстойн учир юу вэ?

10 Та дуулалчийнхтай төстэй асуултыг өөртөө тавьж байсан уу? Тийм бол өөрийгөө хэтэрхий их буруутгах юм уу итгэл минь суларчээ гэж бодох хэрэггүй. Үнэндээ, Еховагийн олон үйлчлэгчид, Библийг бичсэн зарим хүнд хүртэл тийм бодол төрж байжээ (Иов 21:7–13; Дуу. 37:1; Иер. 12:1; Хаб. 1:1–4, 13). Нарийн яривал, Еховад үйлчлэхийг хүсдэг бүх хүн «Бурханд үйлчилж, түүнд дуулгавартай байх нь хамгийн сайн зам мөн үү?» гэдэг асуултыг нухацтай бодож, хариултыг нь олж авах ёстой. Энэ асуулт Сатаны Еден цэцэрлэгт хөндсөн маргаантай асуудалтай холбоотойн зэрэгцээ орчлонт ертөнцөд дэгдсэн, Бурхны хэмжээгүй эрх мэдэлд хамаатай асуудлын салшгүй хэсэг юм (Эх. 3:4, 5). Тэгэхлээр бид бүгдээрээ дуулалчийн хөндсөн асуудлыг авч үзэх нь зүйтэй. Зовох юмгүй сайхан амьдардаг юм шиг харагддаг хорон муу, сайрхагч хүмүүст атаархах хэрэг байна уу? «Хөл алдан» Еховад үйлчлэхээ больж, тэдэнтэй адилхан болох юм гэж үү? Сатан л биднийг ингээсэй гэж хүсдэг нь ойлгомжтой.

11, 12. а) Дуулалч юуны ачаар эргэлзэхээ больсон бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ? б) Та юуны ачаар дуулалчийнхтай адилхан дүгнэлтэд хүрсэн бэ?

11 Дуулалчийг эргэлзэхээ болиход нь юу тус болсон бол? Тэрбээр бараг хөл алдан, зөв замаас гарах шахсан ч «Бурханы ариун газарт» ороод бодлоо өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, Бурхны асар буюу сүмд сүнслэг хүмүүстэй ойр дотно байж, Бурхны санаа зорилгыг эргэцүүлэн бодсон аж. Тэгээд хорон мууг үйлдэгчдийн амсах зүйлийг амсахыг хүсээгүйгээ ухаарчээ. Дуулалч тэр хүмүүсийг сонгосон зам, хийдэг үйл хэргээсээ болоод «хальтиргаатай газар дээр» зогссоныг олж харж чадсан. Мөн Еховагаас холдсон бүх хүн «гэнэтийн аймшгаар» зайлшгүй сөнөж, харин Еховад үйлчилдэг хүмүүс тусламж дэмжлэгийг нь авна гэдгийг ойлгожээ (Дуулал 73:16–19, 27, 28-ыг уншина уу). Дуулалчийн үг үнэн гэдгийг та ойлгодог биз ээ. Бурхны хуулийг үл тоомсорлон, өөрийнхөө төлөө амьдрах нь олон хүнд сайхан санагддаг байж болох ч тэгж амьдрахын эцсийн үр дагавраас зайлах аргагүй ​(Гал. 6:7–9).

12 Дуулалчид тохиолдсон явдлаас өөр ямар сургамж авч болох вэ? Тэрбээр Бурхны ард түмний дунд аюулгүй байн, мэргэн ухааныг олж авсан. Еховаг шүтдэг газар очоод эрүүл саруулаар эргэцүүлэн бодох болжээ. Бид ч бас ухаалаг зөвлөгчдийг хурлаас олж, Бурхны Үгэнд үндэслэсэн, сүнслэг хоолыг цуглааны үед хүртэх боломжтой. Тэгэхлээр, Ехова үйлчлэгчдэдээ цуглаанд очихыг уриалдаг нь зөв байгаа биз дээ? Бид цуглаанд очин урмаа сэргээж, аливаа зүйлийг мэргэн ухаалгаар хийх хүсэлтэй болдог (Ис. 32:1, 2; Евр. 10:24, 25).

Найз нөхдөө ухаалгаар сонгох нь

13-15. а) Динад юу тохиолдсон бэ? Бидэнд ямар сургамжтай вэ? б) Итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөх нь өөрийгөө хамгаалж байгаа хэрэг гэхийн учир юу вэ?

13 Иаковын охин Дина бол ертөнцийн хүмүүстэй нөхөрлөхийн горыг амссан хүмүүсийн нэг юм. Тэрбээр гэрийнхнийхээ сууж байсан Канаан нутгийн охид бүсгүйчүүлтэй найзалж нөхөрлөдөг байсан тухай «Эхлэл» номд өгүүлдэг. Канаанчууд Еховагийн үйлчлэгчидтэй адил ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахидаг хүмүүс биш байв. Үнэндээ тэд бэлгийн гаж харьцааг өөгшүүлсэн шүтлэг, хиймэл шүтээн, садар самуун, хүчирхийллээр нутаг орноо дүүргэсэн нь археологийн олдворуудаас харагддаг (Ег. 23:23; Лев. 18:2–25; Д.хууль 18:9–12). Дина тэр хүмүүстэй нөхөрлөснөөр ямар үр дагавар амссаныг санацгаая.

14 «Эцгийнхээ гэрт хамгийн хүндтэйд» тооцогддог, Канаан нутгийн Шехем гэгч залуу Динаг хараад, «авчирж, хүчирхийлэн бузарлав» (Эх. 34:1, 2, 19). Ямар их гай вэ! Дина өөрт нь тийм зүйл тохиолдоно чинээ төсөөлөө ч үгүй байх. Тэрбээр уг нутгийн залуучуудыг өөрт нь муу юм хийнэ гэж саналгүй, зүгээр л нөхөрлөхийг хүсэж байсан биз ээ. Гэвч маш том эндүүрчээ.

15 Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Гашуун үр дагавар амсахгүйгээр итгэгч бус хүмүүстэй нөхөрлөж болно гэж бодож болохгүй ажээ. Сударт: «Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» хэмээн бичсэн байдаг (1 Кор. 15:33). Нөгөө талаар, итгэл үнэмшил нэгтэй, ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахидаг, Еховаг өөрсөдтэй маань адилхан хайрладаг хүмүүстэй нөхөрлөх нь өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Ийм сайн нөхдийн ачаар ухаалаг байж чадна ​(Сур. 13:20).

«Та нар угаагдсан»

16. Элч Паул Коринтын хурлын зарим христианы тухай юу гэж бичсэн бэ?

16 Христиан хурлын тусламжтайгаар хүмүүс бузар муу зуршлаа хаядаг. Элч Паул Коринтын хуралд илгээсэн эхний захидалдаа тэндхийн христиануудыг Бурхны тогтоосон хэм хэмжээнд нийцүүлэн амьдрахын тулд хэрхэн өөрчлөгдсөнийг нь бичжээ. Тэдний зарим нь шүтээн шүтдэг, садар, завхай, ижил хүйстэн, хулгайч, архичин гэх мэтийн хүмүүс байв. «Гэвч ... та нар угаагдсан» гэж Паул хэлжээ (1 Коринт 6:9–11-ийг уншина уу).

17. Библийн хэм хэмжээг баримталдаг болсон олон хүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

17 Удирдлага болгон баримталчихаар зарчим Бурханд итгэдэггүй хүмүүст байдаггүй. Тиймээс өөрсдийнхөө замаар явах юм уу эсвэл эртний Коринтын христианууд итгэгч болохоосоо өмнө ямар байсан шиг, эргэн тойрныхоо ёс суртахуунгүй хүмүүсийн замаар замнадаг (Ефес 4:14). Гэхдээ ямар ч хүн Бурхны Үг хийгээд санаа зорилгын тухай нарийн зөв мэдлэгт үндэслэн Библийн заавар зөвлөгөөг хэрэгжүүлбэл амьдрал нь сайжран өөрчлөгддөг (Кол. 3:5–10; Евр. 4:12). Еховагийн зөв шударга хэм хэмжээг сурч мэдэж, хэрэгжүүлэхээсээ өмнө ёс суртахуунгүй амьдарч байсан тухайгаа ярих хүн христиануудын дунд цөөнгүй бий. Тэд тэр үедээ сэтгэл дундуур, аз жаргалгүй амьдарч байсан бөгөөд Бурхны ард түмний дунд орж, Библийн зарчмыг хэрэгжүүлж эхлээд л амар тайван амьдардаг болсон ажээ.

18. Нэг эмэгтэй залуу байхдаа яасан бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?

18 Зарим хүн христиан хурал хэмээх «аюулгүй газрыг» орхих шийдвэр гаргасандаа хожим нь их харамсдаг байна. Таня * гэдэг Гэрч эмэгтэй «бага байхаасаа Библийн үнэнийг зохих хэмжээгээр мэддэг байсан» ч 16 настайдаа «ертөнцийн хорхой хүргэм зүйл хөөж», хурлыг орхисон тухайгаа ярьсан юм. Үүнээс болоод олон үр дагавар амссаны дотор өөрөө хүсээгүй мөртлөө жирэмсэн болж, үр хөндүүлжээ. Таня: «Би хурлаас хол хөндий гурван жил явахдаа сэтгэлдээ арилшгүй муухай шарх олсон юм. Хэвлий дэх үрээ хөнөөсөндөө одоо ч шаналдаг. ... Ертөнцийг хэсэг зуур ч гэсэн „амсаж үзэхсэн“ гэж хүсэж байгаа залууст: „Битгий, хэрэггүй!“ гэж хэлье. Эхлээд гоё амттай юм шиг санагддаг юм. Дараа нь ямар гашуун байдаг гээч! Энэ ертөнц гай зовлонгоос өөр юу ч өгдөггүй юм. Би өөрөө амсаж үзсэн болохоор мэднэ ээ. Еховагийн байгууллагаас битгий яваарай! Аз жаргал авчирдаг цорын ганц зам энэ шүү!» хэмээн захиж байна.

19, 20. Христиан хурал биднийг хэрхэн хамгаалдаг вэ?

19 Найдвартай хамгаалалт бүхий орчныг бүрдүүлдэг христиан хурлаас гарвал юу болохыг бод доо. Олон хүн Библийн үнэнийг хүлээж авахаасаа өмнө дэмий хоосон амьдарч байснаа дурсахаас ч эвгүйцдэг (Иох. 6:68, 69). Хэрэв бид христиан ах дүүстэйгээ ойр дотно байх аваас Сатаны ертөнцөд газар авсан гай зовлонгоос хамгаалагдаж, үргэлж аюулгүй амьдрах болно. Итгэл нэгтнүүдтэйгээ харьцаа холбоотой байж, цуглаанд тогтмол очдог бол Еховагийн зөв шударга хэм хэмжээг сахих нь хэчнээн ухаалаг болохыг улам бүр ухаарч, тэр дагуу амьдрах гэсэн урам зориг маань бадарна. Дуулалчийн адилаар Еховад «их чуулганд талархал өргөх» хүндтэй шалтгаан бидэнд бий (Дуу. 35:18).

20 Заримдаа янз бүрийн шалтгаанаас болоод, үнэнч байхад амаргүй санагдах үе христиан хүн бүрд тулгардаг. Тийм үед юу хийхийг хэлээд өгчих хүн хэрэгтэй байж мэдэх юм. Итгэл нэгтнүүдэд маань ийм асуудал тулгарахад христианууд дор бүрнээ болон хурлаараа яаж тусалж болох вэ? Дараагийн өгүүллээр, ах дүүгээ хэрхэн «тайтгаруулж, ... барьж байгуулж» болохыг үзье (1 Тес. 5:11).

Хариулна уу

73-р дууллыг бичигчид тохиолдсон явдал бидэнд ямар сургамжтай вэ?

• Динагийн түүхээс юу сурч болох вэ?

• Христиан хуралд айх аюулгүй байж болдгийн учир юу вэ?

[Зүүлт]

^ Нэрийг өөрчлөв.

[Догол мөрийн асуулт]

[7-р хуудасны зураг]

Аюулгүй газар сэлээрэй. Хуралдаа байгаарай!