Skip to content

Гарчиг руу орох

«Нигүүлсэнгүй» яриа сайн харьцааг батжуулдаг

«Нигүүлсэнгүй» яриа сайн харьцааг батжуулдаг

«Нигүүлсэнгүй» яриа сайн харьцааг батжуулдаг

«Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй ... байг» (КОЛ. 4:6).

1, 2. Гэрч эрэгтэй эелдэг боловсон харьцааныхаа ачаар ямар сайн үр дүнд хүрсэн бэ?

 «БИ айлаар дэлгэрүүлж яваад нэг хүнтэй уулзсан юм. Тэр хүн аймаар уурлаж, бүр уруул нь чичрэн, хамаг бие нь салганаж байсан. Би их тайвнаар, Библиэс тайлбарлахыг оролдсон боловч тэр хүн улам уурласан. Эхнэр, хүүхдүүд нь түүнтэй нийлэн намайг загнаж, доромжилж эхлэхэд явах хэрэгтэйгээ ойлгосон юм. Би тэдэнд сайн санаж ирсэн шигээ л салах хүсэлтэйгээ хэлж хайр, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал, амар тайван гэх мэтийн зан чанарыг дурдсан Галат 5:22, 23-ыг үзүүлээд явсан юм» гэж нэг Гэрч эрэгтэй ярьжээ.

2 Тэрбээр цааш нь: «Тэгээд би эсрэг талын гудамжны байшингуудаар дэлгэрүүлж явахдаа нөгөө айлын хүмүүсийг довжоон дээрээ сууж байхыг харлаа. Тэгтэл тэд намайг дуудах нь тэр. «Одоо яадаг бол?» гэж бодсоор очлоо. Нөгөө хүн барьж байсан домботой хүйтэн уснаасаа надад өгөв. Тэгээд, бүдүүлэг харьцсандаа уучлал гуйж, бат итгэлтэйг минь магтаж билээ. Ингээд бид эв найртай салсан юм» гэжээ.

3. Хүмүүс уур хүргэлээ ч биеэ барих хэрэгтэйн учир юу вэ?

3 Юм юмаар дарамталж байдаг өнөөгийн ертөнцөд, ялангуяа, дэлгэрүүлэх ажлын үеэр уур уцаартай хүмүүстэй тааралдах нь жирийн үзэгдэл. Тийм хүмүүстэй «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр» харьцах нь туйлын чухал юм (1 Петр 3:15). Дээр дурдсан Гэрч, гэрийн эзнийг уурлан, муухай аашлахад нь адилхан уурласан бол тэр хүн тайвширч, зөөлрөх байсан нь юу л бол. Харин ч уур омог нь улам буцлах байсан биз. Гэрч биеэ захирч, эелдэг боловсон харьцсан учир үр дүн нь сайн байсан шүү дээ.

Яавал үг яриа «нигүүлсэнгүй» болдог вэ?

4. Үг яриа «нигүүлсэнгүй» байх нь яагаад чухал бэ?

4 Ертөнцийн хүмүүс, итгэл нэгтнүүд, тэр байтугай гэрийнхнийхээ хэнтэй нь ч харьцсан, элч Паулын: «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг» хэмээсэн зөвлөгөөг дагах нь амин чухал юм (Кол. 4:6). Хоорондоо илэн далангүй ярилцаж, эв найртай байхад сэтгэлд таатай, цагаа олсон үг их тус болдог.

5. Илэн далангүй ярилцах гэдэг нь юу гэсэн үг биш вэ? Тайлбарлана уу.

5 Илэн далангүй ярих гэдэг нь ямар ч үед, ялангуяа, сэтгэл тавгүй байхдаа санаандаа орсныг шууд хэлэх гэсэн үг биш ээ. Уураа барьж чаддаггүй хүн хүчтэй бус, харин ч сул дорой байдгийг Судар хэлж өгдөг (Сургаалт үгс 25:28; 29:11-ийг уншина уу). Тухайн үеийнхээ ямар ч хүнээс «маш даруу» Мосе нэг удаа Израилийн ард түмний өдүүлсэн үймээн самуунаас болж сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйн гайгаар Бурхныг алдаршуулахаа умартсан. Тэрбээр уурандаа дийлдэн санаандаа орсныг шууд хэлсэн. Гэтэл энэ нь Еховад таалагдаагүй. Мосе Израилийг 40 жил удирдсаны эцэст ард түмнийг Амласан газар авч орох завшаангүй хоцорсон (Тоо. 12:3; 20:10, 12; Дуу. 106:32)

6. Хүнтэй ярихдаа болгоомжтой байна гэж яахыг хэлдэг вэ?

6 Хүнтэй ярихдаа биеэ барьж, болгоомжтой буюу ухаалаг байхыг Библи сайшаадаг. «Үг олшроход нүгэл зайлшгүй, харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм» (Сур. 10:19; 17:27). Гэхдээ болгоомжтой байгаа нь энэ гээд санаа бодлоо огт илэрхийлэхгүй байна гэсэн үг биш. Харин хүний сэтгэлийг шархлуулах бус, илааршуулахын тулд «нигүүлсэнгүй» буюу эелдэг үгээр ярина гэсэн үг (Сургаалт үгс 12:18; 18:21-ийг уншина уу).

«Дуугүй байх хийгээд ярих цаг»

7. Ямар зан авир гаргаж болохгүй вэ? Яагаад?

7 Ажлынхан болон дэлгэрүүлэхэд тааралддаг танихгүй хүмүүстэй ярихдаа эелдэг байж, биеэ барих хэрэгтэйн адил хурлын гишүүд болон гэрийнхэнтэйгээ ч мөн тийн харьцах учиртай. Үр дагаврыг нь бодохгүйгээр уураа гаргавал өөрийнхөө болон бусдын сүнслэг байдал, сэтгэл санаа, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй (Сур. 18:6, 7). Бид төгс бус учир заримдаа сэтгэл тавгүйтдэг. Тийм үед ч сэтгэлээ жолоодох шаардлагатай. Бусдыг гүтгэх, дооглох, доромжлох, өширхөн уурлах нь буруу (Кол. 3:8; Иак. 1:20). Ийн авирлавал бусадтай болон Еховатай тогтоосон эрхэм нандин харьцаагаа таслах аюултай. Есүс: «Ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ „Хоосон толгой“ гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. „Мунхаг“ гэж хэлсэн хэн боловч галтай тамд ороход хангалттай буруутгагдах болно» хэмээн сургасан билээ​(Мат. 5:22).

8. Ямар тохиолдолд санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй вэ? Хэрхэн илэрхийлэх вэ?

8 Гэхдээ заримдаа ярилцах зайлшгүй шаардлагатай гэмээр асуудлууд гарч ирдэг. Итгэл нэгтнийхээ хэлсэн үг, хийсэн үйлдэлд их шаналж, үүнийг нь харахгүй өнгөрч чадахгүй байвал яах вэ? Таагүй бодлоо дотроо хадгалаад явбал уур хорсол улам нэмэгдэнэ (Сур. 19:11). Хэрэв хүн таны уурыг хүргэвэл биеэ бариарай. Дараа нь тухайн асуудлыг шийдэх алхам хийгээрэй. Паул: «Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг» гэж бичсэн байдаг шүү дээ. Тухайн хэрэг явдал таны сэтгэлийг зовоож байгаа учир цагийг нь олоод, эвтэйхэн ярилцах хэрэгтэй (Ефес 4:26, 27, 31, 32-ыг уншина уу). Сайхан харьцаагаа сэргээх зорилго өвөрлөн, шулуухан хэлэхийн зэрэгцээ эелдэг байгаарай​(Лев. 19:17; Мат. 18:15).

9. Тайвширсныхаа дараа ярилцах хэрэгтэйн учир юу вэ?

9 Хэзээ ярилцахаа ухаалгаар шийдэх хэрэгтэй. «Дуугүй байх хийгээд ярих цаг» гэж байдаг (Ном. 3:1, 7). Түүнээс гадна, «шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг» (Сур. 15:28). Уг асуудлын талаар ярихаа түр азнахыг ч бас үүнд хамруулж болох юм. Уур уцаартай байхдаа ярилцвал байдал бүр дордож мэднэ. Гэхдээ асуудлыг шийдэхгүй удах нь ч ухаалаг хэрэг биш.

Найр тавих нь сайн харьцааг батжуулдаг

10. Найр тавих нь бусадтайгаа дотносоход хэрхэн тус болдог вэ?

10 Эелдэг боловсон харьцаж, илэн далангүй ярилцах нь бие биетэйгээ эв найртай байж, тэр харьцаагаа хэвээр хадгалахад тусалдаг. Үнэхээр ч бусадтайгаа улам дотносохын төлөө чадах бүхнээ хийвэл илэн далангүй ярилцдаг болдог. Тус дэм үзүүлэх боломж хайх, бэлэг өгөх, дайлж зочлох зэргээр чин сэтгэлээсээ сайн үйлс хийвэл илэн далангүй ярилцахад их хувь нэмэртэй байдаг. Тэр байтугай энэ нь хүний толгой дээр «галтай нүүрс овоолж» байгаа хэрэг бөгөөд сайхан зан чанарыг нь ил гаргаж, асуудлаа илэн далангүй ярилцахад хялбар болж болох юм​(Ром 12:20, 21).

11. Иаков Есавтай эвлэрэхийн тулд юу хийсэн бэ? Ямар үр дүнтэй байсан бэ?

11 Израильчуудын өвөг Иаков найр тавихын чухлыг ойлгодог байжээ. Тэрбээр ихрийн өрөөсөн Есаваа өөрт нь уурлан хорсоход, гарт нь үрэгдэхээс айсандаа зугтдаг. Олон жилийн дараа Иаковыг эргэж ирэхэд нь Есав 400 хүн дагуулан түүнийг угтахаар гардаг. Иаков ч Еховагаас тусламж гуйн залбираад, сүргээсээ бэлгийн мал таслан, Есав руу явуулжээ. Бэлэг өгсөн нь ч зөв болж, ах Есавынх нь сэтгэл зөөлөрсөн байлаа. Ах дүү хоёр нүүр тулан уулзахад Есав гүйн очиж, дүүгээ тэврэн авдаг​(Эх. 27:41–44; 32:6, 11, 13–15; 33:4, 10).

«Нигүүлсэнгүй» яриагаар бусдадаа урам зориг хайрлах нь

12. Ах дүүстээ нигүүлсэнгүй үг хэлэх хэрэгтэйн учир юу вэ?

12 Христианууд хүмүүст бус, Бурханд үйлчилдэг. Гэсэн ч хүн л юм хойно, бусдаас магтаал сонсохыг хүсдэг. Бидний хэлсэн нигүүлсэнгүй үгс ах дүүсийн маань зовлонг нимгэлэх чадалтай. Харин хайр найргүйшүүмжилбэл зовлон дээр нь зовлон нэмнэ. Тэр байтугай, Еховагийн сайшаалыг хүлээхээ больсон юм болов уу даа гэж бодож болох юм. Тиймээс урмын үг болон «хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үгийг» чин сэтгэлээсээ хэлж байцгаая. «Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө»​(Ефес 4:29).

13. Ахлагчид а) зөвлөгөө өгөхдөө; б) захидал бичихдээ юу санах ёстой вэ?

13 Ялангуяа, ахлагчид сүрэгтэй харьцахдаа «зөөлөн» байх учиртай (1 Тес. 2:7, 8). Зөвлөгөө өгөх шаардлага гарахад, «зөрөлдөгсөдтэй» ч «төлөв байдал дотор» ярилцахыг хичээх нь зүйтэй (2 Тим. 2:24, 25).Түүнчлэн ахлагчид өөр хурлын ахлагчдын зөвлөл юм уу салбартай захидлаар харилцах шаардлага гарвал саналаа эвтэйхэн илэрхийлж, Матай 7:12-ын зарчмын дагуу эелдэг боловсон байж, ая эвийг нь олох учиртай.

Гэрийнхэнтэйгээ ярилцахдаа «нигүүлсэнгүй» байх нь

14. Паул нөхрүүдэд ямар зөвлөгөө өгсөн бэ? Яагаад?

14 Үг яриа, нүүрний хувирал, үйл хөдлөл маань хүмүүст бидний төсөөлж байгаагаас ч илүү нөлөөлдөг. Жишээ нь, хэлсэн үг нь эмэгтэйчүүдийн сэтгэлд хэр их хүчтэй нөлөөлдгийг зарим эрчүүд тэр бүр ойлгодоггүй байж болох юм. Нэг Гэрч эмэгтэй: «Нөхрийгөө уурлаж, дуугаа өндөрсгөхөд би их айдаг» гэж хэлжээ. Хатуу ширүүн үг эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүнд илүү хүчтэй тусдаг бөгөөд удаан хугацаагаар мартагдахгүй үлдэж ч мэднэ (Лук 2:19). Ялангуяа хайрлаж, хүндэтгэдэг хүнээсээ ийм үг сонсоход бүр ч хүнд байдаг. Паул: «Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд» хэмээн нөхрүүдэд зөвлөжээ​(Кол. 3:19).

15. Нөхөр хүн эхнэртэйгээ зөөлөн харьцах ёстойн учрыг тайлбарлана уу.

15 Гэрлээд олон жил болсон нэг Гэрч, нөхөр хүн эхнэртэйгээ «сул дорой сав» мэт зөөлөн харьцах ёстойн учрыг тайлбарлан: «Хүн маш нарийн хийцтэй, үнэтэй ваарт болгоомжтой хүрдэг. Хэрэв тэгэхгүй бол хагарна. Нааж янзаллаа ч хагархай нь харагдана шүү дээ. Нөхөр нь хэтэрхий хатуу ширүүн үгээр эхнэртэйгээ харьцдаг бол сэтгэлийг нь шархлуулна. Энэ нь тэдний харьцаанд үүрдийн ан цав суулгаж ч мэднэ» гэж хэлжээ​(1 Петр 3:7-г уншина уу).

16. Эхнэр хүн орон гэрээ хэрхэн төвхнүүлдэг вэ?

16 Эрчүүд ч бас бусдын, ялангуяа, эхнэрийнхээ хэлсэн үгэнд урамшдаг, эсвэл урам нь хугардаг. Нөхрийнхөө «бүрэн итгэлийг» хүлээсэн «ухаалаг эхнэр» сэтгэл санааг минь анхаараасай гэж хүсдэг шигээ, өөрөө ч нөхрийнхөө сэтгэл санааг бодолцдог (Сур. 19:14; 31:11). Айл гэр сайн сайхан байх уу, эсвэл тааруухан байх уу гэдэг нь эхнэр хүнээс ихээхэн шалтгаална. «Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг бол мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг» ​(Сур. 14:1).

17. а) Хүүхдүүд эцэг эхтэйгээ хэрхэн харьцах ёстой вэ? б) Томчууд хүүхэдтэй хэрхэн харьцах ёстой вэ? Яагаад?

17 Эцэг эх, хүүхдүүд ч бас нэг нэгэнтэйгээ харьцахдаа эелдэг байх хэрэгтэй (Мат. 15:4). Томчууд хэлэх үгээ бодож байгаад хүүхдүүдтэй ярилцвал тэдний «сэтгэлийг мохоохгүй», тэднийг «уурлуул[ахгүй]» байж чадна (Кол. 3:21; Ефес 6:4). Хүүхдэд сахилга батын арга хэмжээ авах боллоо ч эцэг эхчүүд, ахлагчид тэдэнтэй хүндэтгэлтэй харьцах учиртай. Ингэвэл алдаа дутагдлаа засаж, Бурхантай дотно хэвээрээ байхад нь хүүхдэд илүү амар байх болно. Тэгэхгүй бол томчууд өөрийг нь засрах ямар ч найдлагагүй гэж үздэг гэсэн сэтгэгдлийг хүүхдэд төрүүлж, улмаар тэд ч бас өөрийгөө тэгж бодоход хүрнэ. Хүүхдүүд өгсөн зөвлөгөө болгоныг санахгүй байж болох ч өөртэй нь яаж ярьж байсныг санах биз ээ.

Сэтгэлийнхээ угаас сайн сайхан зүйл ярих нь

18. Гомдол бухимдлаа авч хаяхын тулд яах вэ?

18 Уураа дарна гэдэг бол зөвхөн гаднаа тайван царайлна гэсэн үг биш ээ. Уур цухлаа хүчээр дарахаас илүү ихийг хийх шаардлагатай. Уур нь дотроо буцалж байгаа хэр нь гаднаа тайван юм шиг байх гэж хичээх нь улам их ядраадаг. Энэ нь машины тоормос хааз хоёрыг зэрэг гишгэхтэй адил юм. Ингэвэл машины ачаалал нэмэгдэж, эвдрэх аюултай. Түүн шиг, уураа дотроо хадгалбал хожим нь дэлбэрнэ шүү. Гомдол бухимдлаа зүрхнээсээ авч хаяхад туслахыг Еховагаас гуйж залбираарай. Ариун сүнс таны бодол санаа, зүрх сэтгэлийг Еховагийн таалалд нийцүүлэн өөрчлөх болтугай ​(Ром 12:2; Ефес 4:23, 24-ийг уншина уу).

19. Уурлан сөргөлдөхгүйн тулд ямар ямар алхам хийх нь тустай вэ?

19 Уураа дарахад тус болох алхмуудыг хийгээрэй. Жишээ нь, таагүй нөхцөл байдлаас болж сэтгэл тавгүйтээд, уур хүрч эхэлбэл тэндээс хэсэг зуур холдох нь тустай байж болох юм. Тэр хугацаанд уур гарч тайвшрах биз ээ (Сур. 17:14). Ярилцаж байгаа хүн тань уурлаж эхэлбэл бүр ч илүү эелдэг байхыг хичээгээрэй. «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» гэдгийг санаарай (Сур. 15:1). Гомдмоор, уур хүрмээр үгийг зөөлөн хэллээ ч түлээ нэмж гал өрдөхтэй адил болно (Сур. 26:21). Тиймд биеэ барихад хэцүү байлаа ч «ярихдаа удаан, уур хилэндээ хойрго» байгаарай. Муу муухай үг хэлэхээс зайлсхийж, сайн сайхан юм ярихад сүнсээрээ туслахыг гуйж Еховад залбираарай ​(Иак. 1:19).

Үнэн зүрхнээсээ уучлах нь

20, 21. Яавал бусдыг уучлахад амар болох вэ? Яагаад?

20 Бидний хэн маань ч үг хэлээ төгс захирч чаддаггүй нь харамсалтай (Иак. 3:2). Хэчнээн их хичээдэг ч гэсэн гэр бүлийн маань хүмүүс, итгэл нэгтнүүд хүртэл заримдаа үгээ бодолгүй, гомдмоор юм хэлчихдэг. Тийм үед яаран гомдохоосоо түрүүлээд, яагаад тийм үг хэлчихэв ээ гэдгийг тэвчээртэйгээр эргэцүүлж бодоорой (Номлогчийн үгс 7:8, 9-ийг уншина уу). Тэд сэтгэл санааны дарамттай, айж түгшсэн, бие нь тааруухан, эсвэл илт мэдэгдэхгүй ямар нэг зовлон бэрхшээл амсаж байсан юм биш байгаа?

21 Иймэрхүү шалтгаанаас болоод таагүй үг хэлснийг нь зөвтгөх аргагүй. Гэхдээ эдгээрийг тооцож үзвэл хүмүүс заримдаа хэлэх ёсгүй юм хэлж, хийж болохгүй юм хийдгийн учрыг ойлгож, тэднийг уучлах хүсэл төрнө. Бид бүгдээрээ бусдыг гомдоох юм хэлсэн, хийсэн байгаа. Тэр хүмүүс биднийг өгөөмрөөр уучилсан нь лавтай (Ном. 7:21, 22). Бурхны өршөөлийг хүртэхийн тулд бид өөрсдөө бусдыг уучлах ёстой гэдгийг Есүс сануулсан билээ (Мат. 6:14, 15; 18:21, 22, 35). Тиймээс аль болох хурдан уучлал гуйдаг, уучилдаг байх ёстой. Ингэсэн цагт «эв нэгдлийн төгс холбоос» болох хайрыг гэр бүл болон хуралдаа илэрхийлсээр байх болно ​(Кол. 3:14).

22. Бусадтай эелдэг боловсон харьцахыг хичээх нь ямар ач тустай вэ?

22 Уур бухимдлаар дүүрсэн өнөөгийн ертөнцийн төгсгөл ойртох тусам баяр баясгалантай, эв нэгдэлтэй байхад улам хэцүү болох биз ээ. Бурхны Үгэнд байдаг ашигтай зарчмуудыг хэрэгжүүлбэл ам хэлээрээ мууг бус, сайныг үйлдэж, хурлын итгэл нэгтнүүд болон гэрийнхэнтэйгээ улам эв нэгдэлтэй болно. Бидний энэ сайхан жишээ «жаргалтай Бурхан» Еховагийн маань талаар бусад хүнд сайн гэрчлэл болно​(1 Тим. 1:11, ШЕ).

Тайлбарлана уу

• Маргаанаа шийдэхэд тохиромжтой цаг сонгох нь яагаад чухал бэ?

• Гэр бүлийн гишүүд бие биетэйгээ ярилцахдаа «нигүүлсэнгүй» байх хэрэгтэйн учир юу вэ?

• Гомдмоор үг хэлэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

• Бусдыг уучилдаг байхад юу туслах вэ?

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны зураг]

Тайвшрахыг хичээ. Дараа нь ярилцахад тохиромжтой цаг олоорой

[23-р хуудасны зураг]

Нөхөр нь эхнэртэйгээ ярилцахдаа үргэлж эелдэг зөөлөн байх учиртай