Skip to content

Гарчиг руу орох

Сүнслэг зүйлд сэргэгтүн

Сүнслэг зүйлд сэргэгтүн

Сүнслэг зүйлд сэргэгтүн

«Буулгыг минь өөр дээрээ ав ... Та нар сэргэх болно» (МАТ. 11:29, ШЕ).

1. Ехова Синаи ууланд ямар арга хэмжээ авсан бэ? Яагаад?

 СИНАИ ууланд ёслол төгөлдөр байгуулсан Хуулийн гэрээнд долоо хоног бүрийн Амралтын өдрийн арга хэмжээний тухай заалт орсон байдаг. Ехова Израилийн ард түмэнд: «Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг» хэмээсэн тушаалыг өөрийн төлөөлөгч Мосегоор өгүүлжээ (Ег. 23:12). Ехова Мосегийн хуулийг сахидаг ард түмэндээ санаа тавьж, хайрын сэтгэлээр амралтын өдрийн арга хэмжээ авчээ. Үүний ачаар израильчууд «сэргэх» байлаа.

2. Израильчууд Амралтын өдрийн тухай хуулийг сахин биелүүлснээр ямар ач тус хүртдэг байсан бэ?

2 Амралтын өдрөөр зөвхөн амарч сэргэх байсан уу? Үгүй ээ. Энэ өдөр нь израильчуудын хувьд Еховаг шүтэх шүтлэгийн нэг чухал хэсэг байв. Амралтын өдрийн арга хэмжээний ачаар өрхийн тэргүүнүүд гэрийнхнийгээ үргэлж «ЭЗЭНий замаар дагуулан, зөв[ийг] ... үйлдүүлж» байхын тулд тэдэнд зааж сургах боломжтой байжээ (Эх. 18:19). Түүнчлэн энэ өдөр гэр бүлээрээ болон найз нөхөдтэйгөө Еховагийн үйл хэргийн тухай эргэцүүлэн бодож, баяр хөөр болон цуглах завшаан олддог байсан (Ис. 58:13, 14). Гол нь, Христийн мянган жилийн засаглалын үед жинхэнэ ёсоор сэргэх цаг ирнэ гэдгийг энэхүү Амралтын өдөр зөгнөн харуулжээ (Ром 8:21). Харин орчин үеийн тухайд юу хэлж болох вэ? Еховагийн үзэл бодлыг сонирхдог жинхэнэ христианууд хаана, яаж сэргэх вэ?

Итгэл нэгтнүүдийнхээ тусламжтайгаар сэргэгтүн

3. І зууны христианууд нэг нэгэндээ хэрхэн тус дэм болдог байсан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

3 Элч Паул христиан хурлыг «үнэний багана ба суурь» хэмээсэн байдаг (1 Тим. 3:15). Эртний христианууд нэг нэгнээ урамшуулан зоригжуулж, хайр дотор бие биеэ «босгон барьж», ихээхэн дэмжлэг туслалцаа авдаг байжээ (Ефес 4:11, 12, 16). Паулыг Ефест байхад Коринтын хурлын гишүүд эргэж очин, урмыг нь сэргээжээ. Паул үүнд ямар сэтгэгдэлтэй байсныг «Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. ... Учир нь тэд миний болон та нарын сүнсийг тэнхрүүлсэн юм» гэж бичсэнээс нь мэдэж болно (1 Кор. 16:17, 18). Бас Титийг Коринтын хурлын ах дүүстээ үйлчлэхээр очсоных нь дараа Паул уг хуралд: «Түүний сүнс та бүгдээс болж сэргэсэн байв» гэж бичжээ (2 Кор. 7:13). Өнөөдөр ч бас Еховагийн Гэрчүүд итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөн, бие биеэ жинхэнэ ёсоор сэргээдэг.

4. Цуглаан биднийг хэрхэн сэргээдэг вэ?

4 Цуглаан баяр хөөрийн эх булаг болдгийг та биеэрээ мэдэрдэг байх. Цуглаан дээр бидний «хэн хэн нь нөгөөгийнхөө ... итгэлээр хамтдаа зоригждог» шүү дээ (Ром 1:12). Христиан ах дүүс гэдэг бол зүгээр нэг замын хань биш, хайр хүндэтгэлийг маань хүлээсэн жинхэнэ анд нөхөд юм. Тэдэнтэйгээ байнга хамт цугладгийн ачаар бид их баяр хөөрийг амсаж, сэтгэл тайвширдаг билээ (Флм 7).

5. Чуулганы үеэр нэг нэгнээ хэрхэн сэргээж болох вэ?

5 Түүнээс гадна, биднийг сэргээдэг өөр нэг эх булаг бол жил бүр зохиогддог чуулган юм. Том хэмжээний ийм чуулганаар Бурхны Үг Библийн үнэний амь өгөгч ус авахаас гадна бие биетэйгээ «өргөнөөр нээлттэй байх» боломж олддог (2 Кор. 6:12, 13). Гэхдээ бүрэг ичимхий зан маань хүмүүстэй уулзаж ярилцахад саад болдог бол яах вэ? Сүнслэг ах дүү нартайгаа танилцах нэг арга бол чуулганы үеэр бусдын төлөө цаг зав, хүч хөдөлмөрөө зориулах явдал юм. Олон улсын чуулганы ажилд туслалцсан нэг Гэрч бүсгүй: «Тэнд манай гэрийнхэн, цөөхөн хэдэн найзаас минь өөр таньж мэдэх хүн байгаагүй. Харин би цэвэрлэгээний ажилд оролцоод олон ах дүүтэй танилцсан! Үнэхээр хөгжилтэй байсан!» гэж ярьжээ.

6. Амралтаараа хэрхэн сэргэж болох вэ?

6 Израильчууд жил бүр болдог гурван баяраар Еховаг шүтэхээр Иерусалимд очдог байжээ (Ег. 34:23). Үүний тулд тариа ногооны ажлаа зогсоож, дэлгүүр хоршоогоо хаагаад, замын тоосонд дарагдан хэдэн өдрийн турш явган явдаг байж. Гэлээ ч сүмд очоод, «ЭЗЭНийг ... магтаж» байгаа хүмүүсийг харахлаараа «маш их баяр хөөр» болдог байсан (Ш.дэд 30:21). Өнөөдөр ч бас Бурхны үйлчлэгчид ойролцоох Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбар буюу Бетелд очиж үзэхээр гэр бүлээрээ хамтдаа аялан, асар их баяр хөөрийг мэдэрдэг. Та дараагийн амралтаараа гэр бүлийнхэнтэйгээ салбарт очихоор төлөвлөж болохгүй нь юу билээ?

7. а) Үдэшлэг цэнгүүн ямар ач тустай вэ? б) Сайхан дурсамжтай, урам хөгжөөсөн үдэшлэг зохиохын тулд яах хэрэгтэй вэ?

7 Гэрийнхэн, найз нөхөдтэйгөө хамт цагийг зугаатай өнгөрөөх нь сэтгэл сэргээдэг. Мэргэн хаан Соломон: «Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй» хэмээн хэлсэн байдаг (Ном. 2:24). Үдэшлэг цэнгүүний үед зөвхөн сэтгэл сэргээд зогсохгүй, итгэл нэгтнүүдтэйгээ улам дотно танилцаж, хайрын холбоогоо бататгадаг. Сайхан дурсамжтай, урам хөгжөөсөн цэнгүүн зохиохын тулд цөөхөн хүн урих нь сайн бөгөөд энэ үеэр зохих хяналт тавьж байх хэрэгтэй. Ялангуяа архи дарс тавьсан бол энэ нь бүр ч чухал юм.

Дэлгэрүүлэх ажил сэргээдэг

8, 9. а) Есүсийн тунхагладаг байсан мэдээг хуулийн багш нар болон фарисайчуудынхтай харьцуулахад ямар байдаг вэ? б) Библийн үнэнийг хуваалцахын ач тус юу вэ?

8 Есүс өөрөө идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг, бас тийм байхыг шавь нартаа уриалдаг байсан. Үүнийг, «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа» хэмээн хэлснээс нь мэдэж болно (Мат. 9:37, 38). Есүсийн тунхагладаг мэдээ үнэхээр сэтгэл сэргээдэг, «сайн мэдээ» байсан (Мат. 4:23; 24:14). Энэ нь ард түмэнд дарамт болдог фарисайчуудын зохиосон дүрэм журмаас тэс ондоо байлаа ​(Матай 23:4, 23, 24-ийг уншина уу).

9 Бид хүмүүст Хаанчлалын тухай мэдээ хүргэн сүнслэгээр сэргээхийн зэрэгцээ Библийн эрхэм үнэнийг өөрсдийнхөө оюун бодол, зүрх сэтгэлд хоногшуулдаг. Дуулалч: «ЭЗЭНийг магтагтун! Учир нь бидний Бурханд магтан дуулах нь сайн билээ. Учир нь магтах нь тааламжтай болон зохистой байна» хэмээн тун оновчтой хэлжээ (Дуу. 147:1). Та хүмүүст Еховаг магтаж ярин, илүү их баяр хөөрийг эдлээрэй.

10. Хүмүүс сайн мэдээг нааштай хүлээн авах эсэхээс бидний дэлгэрүүлэх ажлын амжилт шалтгаалдаг уу? Тайлбарлана уу.

10 Зарим хэсэгт хүмүүс нь сайн мэдээг уриалагхан хүлээж авдаг байхад, зарим хэсэгт байдал өөр байдаг (Үйлс 18:1, 5–8-ыг уншина уу). Танай хэсгийн ихэнх хүн Хаанчлалын тухай мэдээг хүлээж авдаггүй бол дэлгэрүүлэх ажлын ачаар ямар сайн үйлс хийдгээ бодохыг хичээгээрэй. Еховагийн нэрийг тунхаглахын төлөө үргэлж мэрийж байдаг тань талаар болохгүй гэдгийг санаж яваарай (1 Кор. 15:58). Түүнээс гадна, хүмүүс сайн мэдээг нааштай хүлээж авах эсэхээс бидний дэлгэрүүлэх ажлын амжилт шалтгаалдаггүй. Ехова чин сэтгэлтэй хүмүүст Хаанчлалын тухай мэдээ сонсох боломж олгоно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй ​(Иох. 6:44).

Гэр бүлийн хичээл сэргээдэг

11. Ехова эцэг эхчүүдэд ямар үүрэг оноосон бэ? Эцэг эхчүүд яавал үүргээ биелүүлж чадах вэ?

11 Бурхнаас эмээдэг эцэг эхчүүд үр хүүхдэдээ Ехова болон түүний үйл хэргийн тухай зааж сургах үүрэг хүлээдэг (Д.хууль 11:18, 19). Хэрэв та хүүхэдтэй бол хайртай тэнгэрийн Эцгийнхээ тухай ярьж сургах цаг зав гаргадаг уу? Энэ чухал үүргээ биелүүлж, гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахад тань туслах үүднээс Ехова ном, сэтгүүл, видео, аудио бичлэг гэх зэрэг хэрэгслийн тусламжтайгаар ашигтай сүнслэг хоолыг арвин ихээр өгдөг.

12, 13. а) Гэр бүлийн Библийн хичээл ямар ач тустай вэ? б) Гэр бүлийн хичээлээр хүн болгон сэргэдэг байхын тулд эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ?

12 Түүнээс гадна, итгэмжит, ухаалаг боолын анги «Гэр бүлийн Библийн хичээл» гэдэг арга хэмжээ зохиосон. Долоо хоногийн нэг өдрийг сонгон, ийм хичээл хийж байх учиртай. Үүний ачаар олон хүн бие биетэйгээ дотносож, бие биедээ улам хайртай болж, Еховатай тогтоосон харьцаагаа зузаатгаж байна. Харин гэр бүлийн хичээлээ сүнслэгээр сэргээх эх булаг болгохын тулд эцэг эхчүүд яах хэрэгтэй вэ?

13 Гэр бүлийн Библийн хичээлийг уйтгартай, хэтэрхий хатуу чанга болгож болохгүй. Бид «жаргалтай Бурхан» шүтдэг хүмүүс шүү дээ. Бурхан маань биднийг өөрт нь үйлчлэхдээ баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг (1 Тим. 1:11, ШЕ; Флп. 4:4). Библийн үнэт сургаалын тухай ярилцах тогтсон нэг өдөртэй байна гэдэг үнэхээр ач тустай. Эцэг эхчүүд үр хүүхдээ зааж сургахдаа уян хатан байж, төсөөлөн бодох, шинийг санаачлах чадвараа ашиглаж болно. Жишээ нь, нэг айл арван настай Брэндон гэдэг хүүгээрээ «Библид Сатаныг могой гэдгийн учир юу вэ?» гэсэн сэдвээр яриулахаар болжээ. Брэндон могойд хайртай учир энэ асуултын хариуг авахыг их хүсдэг байсан бөгөөд могойг Сатантай холбоход ихэд гонсойдог байсан аж. Зарим айл үе үе Библид үндэслэсэн жүжиг найруулж, хүн болгон нэг дүрд тоглон, Библиэс унших юм уу эсвэл тухайн үйл явдлыг жүжиглэн үзүүлдэг. Ийм арга сонирхолтой төдийгүй хүүхэд бүрийг татан оролцуулдаг. Үүний дүнд, Библийн зарчим тэдний зүрх сэтгэлийг хөндөж болох юм. *

Дарамт болох зүйлээс хол байгтун

14, 15. а) Эцсийн өдрүүдэд сэтгэлд дарамттай, айдас түгшүүр төрүүлэм зүйл хэрхэн ихсэж байна вэ? б) Бид илүү их зовлон амсдаг гэхийн учир юу вэ?

14 Ёс бус тогтолцооны эцсийн энэ өдрүүдэд сэтгэлд дарамттай, айдас түгшүүр төрүүлэм зүйл улам ихсэж байна. Ажилгүйдэл болон санхүүгийн янз бүрийн асуудал олон сая хүнийг нэрвэж байна. Ажил хийлээ ч авсан цалин нь цоорхой түрийвчид хийсэнтэй адил тул гэр бүлийнхээ төлөө хурааж хуримтлуулах боломж хомс байх нь олонтаа (Хаггаи 1:4–6-тай харьцуулна уу). Улс төрчид болон захирагч, удирдагчид алан хядлага гэх мэтийн муу муухай бүхний эх сурвалжтай тэмцэж байгаа ч хүчин мөхөсдөж байна. Бас алдаж энддэгээсээ болж зовж шаналдаг хүн цөөнгүй​(Дуу. 38:4).

15 Жинхэнэ христианууд бол Сатаны ертөнцийн зүгээс учирдаг зовлон бэрхшээл, дарамт шахалтаас ангид хүмүүс биш юм (1 Иох. 5:19). Тэд Еховад үнэнч байх гэснээсээ болоод илүү их зовлон амсах нь ч бий. Есүс: «Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» гэж хэлсэн (Иох. 15:20). Гэлээ ч Христийн дагалдагчид «хавчигддаг боловч хаягддаггүй» (2 Кор. 4:9). Ямар учраас тэр вэ?

16. Баяр баясгалангаа алдахгүй байхад юу тусалдаг вэ?

16 Есүс: «Нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн та нар бүгдээрээ над руу ир. Би та нарыг сэргээнэ» хэмээн айлджээ (Мат. 11:28, ШЕ). Бид Христийн золиосонд бүрэн итгэдэг учир Еховад өөрсдийгөө даатгадаг. Ийнхүү «хэрээс хэтэрсэн хүч» авдаг (2 Кор. 4:7, ШЕ). «Туслагч» болох Бурхны ариун сүнс итгэлийг маань үнэхээр бэхжүүлж, сорилт бэрхшээл, гай зовлонг тэвчихэд төдийгүй баяр баясгалангаа алдахгүй байхад тусалдаг​(Иох. 14:26; Иак. 1:2–4).

17, 18. а) Бид ямар хандлагатай тэмцэх хэрэгтэй вэ? б) Ертөнцийн зугаа цэнгэлийг онцгой анхаарвал юу болох вэ?

17 Өнөөдөр жинхэнэ христианууд зугаа цэнгэлийг юунаас ч илүүд үздэг ертөнцийнхний нөлөөнд хэт автахгүйн тулд тэмцэх хэрэгтэй болдог (Ефес 2:2–5-ыг уншина уу). Тэмцэхгүй бол «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал»-д урхидуулна (1 Иох. 2:16). Эсвэл махан биеийн хүслээ биелүүлбэл сэргэнэ гэсэн буруу бодолд эзэмдүүлнэ (Ром 8:6). Жишээ нь, зарим хүн сэтгэлээ сэргээхийн тулд мансууруулах бодис, архи дарс, порно, аз туршсан спорт болон өөр янз бүрийн гаж буруу юм сонирхож эхэлдэг. Сатаны «заль мэх» хүмүүсийг төөрөлдүүлэн, сэргэж байна гэсэн хуурамч мэдрэмж төрүүлдэг​(Ефес 6:11).

18 Идэж уух, зөв зохистой амарч зугаалах, аятайхан үзвэр тоглолт үзэхдээ хэр хэмжээг нь тааруулаад явахад буруу юм байхгүй. Гэхдээ тиймэрхүү зүйлийг амьдралынхаа гол зорилго болгож болохгүй. Ялангуяа амьдарч буй цаг үеэ бодож үзвэл дүн нуруутай байж, өөрийгөө захирах нь туйлын чухал. Бид амин хувийн хүсэлдээ хөтлөгдөж амьдарвал дарамтад орж, «Эзэн Есүс Христийг мэдэх» талаар «үр ашиггүй, үр жимсгүй» болох аюултай​(2 Петр 1:8).

19, 20. Яавал жинхэнэ ёсоор сэргэх вэ?

19 Бодол санаагаа Еховагийн хууль тогтоолд нийцүүлдэг хүн энэ ертөнцийн амсуулдаг зугаа цэнгэл цаг зуурынх болохыг ойлгодог. Мосе тийн ойлгож байсан, бид ч мөн ялгаагүй (Евр. 11:25). Тэнгэрийн Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлж байж л жинхэнэ ёсоор сэргэдэг бөгөөд үүний дүнд сэтгэлийнхээ угаас баярлаж, сэтгэл үргэлж тэнүүн явдаг ​(Мат. 5:6).

20 Сүнслэг зүйлд үргэлж сэргэж явцгаая. Ингэвэл «өөрсдийн аугаа Бурхан ба Аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийлэл хийгээд ерөөлт найдварыг хүлээнгээ» «бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэнэ» (Тит 2:12, 13). Тиймээс Есүсийн буулганаас гарахгүй байж, эрх мэдэл, удирдлага зааварт нь захирагдацгаая. Ингэснээр жинхэнэ аз жаргалыг олж, сэргэх болно!

[Зүүлт]

^ Гэр бүлийн хичээлийг яаж хийвэл сонирхолтой, ач холбогдолтой болох талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2009 оны 10 дугаар сарын 15-ны дугаарын 29–31-р хуудсанд дэлгэрэнгүй бичсэн (англи).

Хариулна уу

• Өнөөдөр Еховагийн ард түмэн хэрхэн сэргэдэг вэ?

• Дэлгэрүүлэх ажил биднийг болон сонсогчдыг маань хэрхэн сэргээдэг вэ?

• Гэр бүлийн хичээлийн ачаар бүгдээрээ сэргэдэг байхын тулд өрхийн тэргүүн юу хийх хэрэгтэй вэ?

• Сүнслэг байдлыг маань юу дарамталдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[26-р хуудасны зураг]

Есүсийн буулганд орвол сэргээх зүйл олон