Skip to content

Гарчиг руу орох

Уураа дарж, «бузар мууг сайнаар дийлэгтүн»

Уураа дарж, «бузар мууг сайнаар дийлэгтүн»

Уураа дарж, «бузар мууг сайнаар дийлэгтүн»

«Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. ... Бузар мууг сайнаар дийлэгтүн» (РОМ 12:19, 21).

1, 2. Аялж явсан Гэрчүүд ямар сайн жишээ үзүүлсэн бэ?

 НЭГЭН салбарыг Еховад зориулах ёслолд оролцохоор 34 Гэрч онгоцоор аялж явжээ. Тэгтэл онгоцонд гэмтэл гарч нислэг нь түр саатжээ. Онгоцондоо цагийн дотор шатахуун хийгээд цааш нисэх ёстой байсан ч 44 цаг саатаж, улмаар зорчигчид төвөөс алслагдсан онгоцны буудалд хоол хүнс, ундны усаар гачигдан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хоноглоход хүрчээ. Олон зорчигч уурлаж бухимдан, буудлын ажилчдыг айлган сүрдүүлж байхад Гэрчүүд тайван байлаа.

2 Эцэст нь Еховагийн Гэрчүүд зорьсон газраа хүрч, ёслолын арга хэмжээний төгсгөлийн хэсэгт амжиж очжээ. Замдаа алжааж ядарсан ч хөтөлбөрийн дараа орон нутгийн Гэрчүүдтэй цагийг хамтдаа өнгөрүүлэв. Замын туршид тэвчээр алдалгүй, биеэ сайн захирч байсан нь хүмүүсийн анхааралд өртсөнийг тэд дараа нь мэджээ. Нэгэн зорчигч агаарын тээврийн компанийнханд: «Бидэнтэй хамт тэр 34 христиан яваагүй бол онгоцны буудалд бослого гарах байсан» гэж хэлжээ.

Бид ууртай хүмүүсийн дунд амьдардаг

3, 4. а) Уур хилэн хүн төрөлхтөнд хэзээнээс, хэрхэн нөлөөлж ирсэн бэ? б) Каин уураа дарж чадах байсан уу? Тайлбарлана уу.

3 Өнөөгийн ёс бус тогтолцоон дахь амьдралын дарамт шахалтаас болоод хүмүүс уур уцаартай явдаг (Ном. 7:7). Уур бухимдал нь үзэн ядалт, хүчирхийлэлд хүргэх нь олонтаа. Улс орнууд дотроо болон бие биетэйгээ дайтах нь цөөнгүй. Дотроо зөрчилтэй айл олон бий. Ер нь уур хилэн, хүчирхийлэл эртнээс эхтэй. Адам Ева хоёрын ууган хүү Каин дүү Абелдаа атаархан хорссондоо түүнийг хөнөөжээ. Ехова түүнд уураа дарахыг сануулж, энэ дутагдлаа засвал ивээнэ гэж амласан боловч тэрбээр ийм бузар хэрэг хийсэн ​(Эхлэл 4:6–8-ыг уншина уу).

4 Каин төгс бус ч гэсэн яахаа шийдэж чадах байсан. Түүнд уураа дарах боломж байсан. Тийм ч учраас, харгис балмад үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой байв. Уураа дарах, уурын мунхгаар буруу алхам хийхээс зайлсхийх нь төгс бус бидэнд ч бас амаргүй байдаг. Өнөөгийн «хэцүү цагт» тулгардаг бусад бэрхшээлтэй асуудал уур бухимдлыг улам дэвэргэдэг (2 Тим. 3:1). Жишээ нь, санхүүгийн асуудлаас болоод сэтгэл санаа хямардаг. Цагдаагийн болон гэр бүлд туслах зорилготой байгууллагуудын үзэж байгаагаар хүмүүс уур уцаартай болж, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь санхүүгийн хямралтай холбоотой ажээ.

5, 6. Хүмүүс уур хилэнг юу гэж үздэг вэ? Энэ үзэл нь бидэнд яаж нөлөөлж болзошгүй вэ?

5 Түүнээс гадна, бид «өөрсдийгөө хайрлагч», «их зантай», тэр байтугай «хэрцгий» авиртай олон хүнтэй тааралддаг. Ийм муухай зан авиртай хүмүүсийн нөлөөнд автаж, уур уцаартай болох амархан (2 Тим. 3:2–5). Кино, телевизийн нэвтрүүлэгт өшөө авахыг ариун шударга үйлс, хүчирхийллийг саад бэрхшээлийг шийдэх зүй ёсны арга мэтээр дүрсэлдэг. Хүмүүс ч иймэрхүү юм үзсээр байгаад дасаж, эсрэг талын баатрын «шангаа хүртэхийг» буюу эерэг талын баатрын гарт амиа алдахыг нь хүсэн хүлээдэг болчихдог.

6 Ийм үзэл Бурхны бус, «ертөнцийн сүнс» болон ертөнцийн харгис захирагч Сатаны үзэл бодлыг хөөрөгддөг (1 Кор. 2:12; Ефес 2:2; Илч. 12:12). Ертөнцийн сүнс нь төгс бус махан биеийн хүслийг өөгшүүлдэг бөгөөд Бурхны ариун сүнс болон ариун сүнсний үр жимстэй эрс зөрчилддөг. Гэтэл христиан хүний сахих ёстой гол сургаалын нэг нь хүндэтгэх шалтгаан байлаа ч өшөө авч болохгүй гэсэн сургаал юм (Матай 5:39, 44, 45-ыг уншина уу). Тэгвэл Есүсийн сургаалыг яаж одоогийнхоосоо илүү сайн дагах вэ?

Сайн ба муу жишээ

7. Симеон Леви хоёр уураа дараагүй нь юунд хүргэсэн бэ?

7 Уураа хэрхэн дарах талаар Библид олон зөвлөгөө байдаг бөгөөд уураа дарвал ямар ач тустай, дарахгүй бол ямар үр дагавар амсахыг харуулсан жишээнүүд байдаг. Иаковын хүү Симеон Леви хоёр дүү Динаг нь хүчирхийлсэн Шехемээс өшөө авахад юу болсныг үзье. Тэд «ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ» (Эх. 34:7). Дараа нь Иаковын бусад хөвгүүд Шехемийн хотын бүх эрчүүдийг хядаад, хотыг нь тонон дээрэмдэж, хүүхэд эмэгтэйчүүдийг олзолсон. Ийм хэрэг үйлдсэн нь ганц Динаг бодсоных бус, бас гэр бүлийнх нь нэр хүнд унасанд харамссаных байв. Тэд Шехемийг өөрсдийг нь болон эцэг Иаковыг нь доромжилсон гэж үзсэн. Харин Иаков хөвгүүдийнхээ хийсэн хэргийг юу гэж үзсэн бол?

8. Өшөө авах тухайд Симеон Леви хоёрын түүхээс юу ойлгож болох вэ?

8 Динад тохиолдсон эмгэнэлт явдлаас болж Иаков ихэд гашуудсан нь лавтай. Гэхдээ дүүгийнхээ өшөөг авсан хөвгүүдээ зэмлэн буруушаасан. Гэтэл Симеон Леви хоёр өөрсдийгөө өмөөрөн: «Тэрээр охин дүүтэй минь янхан мэт хандах ёстой байсан гэж үү?» хэмээн хэлжээ (Эх. 34:31). Энэ явдал үүгээр дуусаагүй бөгөөд Еховагийн дургүйг хүргэсэн. Олон жилийн дараа Иаков зөгнөхдөө, Симеон Леви хоёрыг уурандаа автан харгис балмад хэрэг үйлдсэн учир үр удам нь Израилийн овгуудын дунд тарж бутрах тухай хэлсэн (Эхлэл 49:5–7-г уншина уу). Тийм ээ, тэд уураа дараагүйгээс болж Бурхны ч, эцгийнхээ ч сайшаалыг алджээ.

9. Давид юунаас болоод уурандаа дийлдэх шахсан бэ?

9 Харин Давид хаан тэднээс өөр хүн байв. Өшөө авах боломж түүнд нэг бус удаа олдож байсан ч өшөө авч байгаагүй юм (1 Сам. 24:3–7). Гэхдээ нэгэн удаа уурандаа дийлдэх шахжээ. Цагтаа Давид нөхдийнхөө хамт баян Набалын мал сүрэг болон хоньчдыг харж хамгаалж байжээ. Набал үүнийг нь умартан, тэднийг харааж зүхдэг. Нөхдийг нь доромжилсонд гомдсондоо ч тэр үү, Давид өшөө авахаар шийджээ. Тэгээд Набалынхан руу довтлохоор хүмүүстэйгээ хамт замд гараад явж байх зуур Набалын ухаант эхнэр Абигаилд нэг зарц нь болсон явдлын талаар дуулгаж, шуурхай арга хэмжээ авахыг ятгадаг. Абигаил тэр даруй бэлэг сэлт базааж аваад Давидтай уулзахаар явдаг. Тэрбээр бүдүүлэг авирласан Набалын өмнөөс даруухнаар ярьж, Еховагаас эмээх сэтгэлийнхээ үүднээс уучлахыг гуйжээ. Тэгэхэд Давид юу хийх гэж байгаагаа ухаарч, «Намайг өнөөдөр цус урсгахаас ... болиулсан чи магтагдах болтугай» гэж хэлдэг ​(1 Сам. 25:2–35).

Христиан үзэл бодол

10. Христиан хүн өшөө авахыг юу гэж үзэх ёстой вэ?

10 Симеон Леви хоёр болон Давид Абигаил хоёрт тохиолдсон явдлаас үзэхэд Ехова хазааргүй уур хилэн, хүчирхийллийг сайшаадаггүй бөгөөд эв эеэ олохыг чармайдаг хүнийг ивээдэг нь тодорхой харагдаж байна. Элч Паул: «Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь „«Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө» гэж Эзэн айлдав “ гэж бичигджээ. „Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг“. Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн» гэж бичжээ ​—(Ром 12:18–21). *

11. Нэг Гэрч эмэгтэйг уураа дарж сурахад нь юу тус болсон бэ?

11 Энэ зөвлөгөө бидэнд ч хамаатай. Жишээ авъя. Нэг Гэрч эмэгтэй ажлынхаа шинэ менежерийн талаар ахлагчид гомдолложээ. Эмэгтэйн хэлснээр, менежер нь хатуу сэтгэлтэй, шударга бус хүн байсан учир дургүй нь хүрч, ажлаасаа гаръя гэсэн бодолтой байв. Ахлагч түүнд гоомой алхам хийхгүй байхыг зөвлөжээ. Гэрч эмэгтэй менежерээ шударга бус загнахад нь уурлан бухимддагаас нөхцөл байдал улам дордож байгааг ахлагч ойлгожээ (Тит 3:1–3). Тийм учраас, алсдаа өөр ажилд орлоо ч эвгүй зан гаргасан хүмүүстэй харьцдаг аргаа өөрчлөх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн байна. Бас Есүсийн зааснаар, өөрт нь хэрхэн хандаасай гэж хүснэ, менежертээ тийн хандахыг зөвлөжээ (Лук 6:31-ийг уншина уу). Гэрч эмэгтэй зөвлөгөөг хэрэгжүүлж үзэхээр шийджээ. Үүний дүнд, хэсэг хугацааны дараа менежерийнх нь зан ааш зөөлөрч, тэр байтугай ажлаа сайн хийдэгт нь талархлаа илэрхийлсэн байна.

12. Итгэл нэгтэнтэйгээ зөрчилдөхөд илүү хэцүү санагддагийн учир юу вэ?

12 Гэрч биш хүнээс болоод ийм асуудалтай тулгарахад бид тэр бүр гайхдаггүй. Сатаны ертөнцөд шударга бус явдал олон гардгийг, бузар мууг үйлдэгчдээс болж уур хилэндээ дийлдэхгүй байх хэрэгтэйгээ мэддэг (Дуу. 37:1–11; Ном. 8:12, 13; 12:13, 14). Гэхдээ итгэл нэгт ах дүүтэйгээ зөрчилдөхөд их хэцүү санагддаг. Нэг Гэрч эмэгтэй: «Үнэний замаар явж эхлэх үед, Еховагийн ард түмэн ч төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрөх хамгийн хэцүү байсан» гэж дурсжээ. Ер нь хүн хүйтэн хөндий, хахир хатуу ертөнцөөс гараад, христиануудын дунд орохдоо бүх хүнийг бие биедээ сайхан сэтгэлээр хандана гэж боддог. Тиймээс, итгэл нэгтэн нь, ялангуяа, хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн бодлогогүй үг хэлчихдэг юм уу христиан хүнд зохисгүй юм хийчихдэг бол гомдох юм уу уур хүрч, «Еховагийн ард түмний дунд ийм юм байж болно гэж үү?» гэсэн бодол төрж болох юм. Үнэндээ ийм явдал элч нарын амьд ахуйд тослогдсон христиануудын дунд ч гардаг байсан (Гал. 2:11–14; 5:15; Иак. 3:14, 15). Бидэнд ийм явдал тохиолдвол яах нь зүйтэй вэ?

13. Зөрчил маргаанаа ямар учраас, хэрхэн шийдэх хэрэгтэй вэ?

13 Дээр дурдсан Гэрч: «Намайг гомдоосон хүмүүсийн төлөө би залбирч сурсан. Энэ нь дандаа тус болдог» гэж хэлжээ. Дээр тэмдэглэснээр, Есүс хавчигчдынхаа төлөө залбирч байхыг бидэнд захисан (Мат. 5:44). Тэгвэл сүнслэг ах дүү нарынхаа төлөө залбирах нь бүр ч чухал биз дээ? Эцэг хүн хүүхдүүд нь бие биеэ хайрлаасай гэж хүсдэг шиг Ехова дэлхий дэх үйлчлэгчид нь нэг нэгнээ хайрлаасай гэж хүсдэг. Бид итгэл нэгтнүүдтэйгээ мөнхөд эв нэгдэлтэй, аз жаргалтай амьдрах цагийг тэсэн ядан хүлээдэг. Харин Ехова биднийг ирээдүйн амьдралд одооноос бэлтгэж байгаа шүү дээ. Тэрбээр өөр хоорондоо эв нэгдэлтэйгээр агуу ажлыг нь хамтарч хийгээсэй гэж хүсдэг. Тиймээс, зөрчил маргаанаа шийдэх юм уу эсвэл бусдынхаа гэм бурууг «харахгүй өнгөрч», эв эеэ сахиж явцгаая (Сургаалт үгс 19:11-ийг уншина уу). Хоорондоо маргалдлаа гэхэд нэгнээсээ хөндийрөхийн оронд хамтдаа Бурхны ард түмний дунд үлдэж, Еховагийн «мөнхийн мутарт» аюулгүй байхыг хичээх учиртай​(Д. хууль 33:27).

Бүх хүнд эелдэг зөөлөн хандах нь сайн үр дүнтэй

14. Сатаны хагалан бутаргах аргад хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

14 Сатан болон чөтгөрүүд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд саад хийхийн тулд аз жаргалтай айл гэр болон хурлуудыг бусниулахыг шаргуу оролдож байна. Хүмүүс дотроо хагаралдвал сүйрэлд хүрдгийг тэд мэддэг учир хагалан бутаргах арга хэрэглэдэг (Мат. 12:25). Тэдний хорон муу аргад хууртахгүйн тулд «Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд» гэсэн Паулын зөвлөгөөг дагах нь зүйтэй (2 Тим. 2:24). Бидний тэмцэл бол «махан бие ба цусны эсрэг биш, харин ... бузар муугийн сүнслэг хүчний эсрэг» гэдгийг бүү мартаарай. Энэ тэмцэлдээ ялалт байгуулъя гэвэл сүнслэг зэр зэвсэг, түүний дотор «амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг» агсах хэрэгтэй​(Ефес 6:12–18).

15. Еховагийн дайснууд бидэн рүү довтолбол яах нь зүйтэй вэ?

15 Дайснууд Еховагийн эв нэгдэлтэй үйлчлэгчид рүү харгис хэрцгийгээр дайрч довтолдог. Зарим нь Еховагийн Гэрчүүдийн биед халддаг. Зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр юм уу шүүх дээр гүтгэдэг. Ийм юм болно гэдгийг Есүс дагалдагчдадаа анхааруулж байсан билээ (Мат. 5:11, 12). Бид яах ёстой вэ? Үг яриа, үйл хэргээрээ «хэзээ ч бузар мууг бузар муугаар» хариулах ёсгүй​(Ром 12:17; 1 Петр 3:16-г уншина уу).

16, 17. Нэг хурлынханд ямар төвөгтэй асуудал тулгарсан бэ?

16 Диаволыг яаж ч байсан бид «бузар мууг сайнаар дийлбэл» гэрчлэх сайхан боломж олддог. Жишээ татъя. Номхон далайн арлын орны нэг хурал Дурсах цуглаан зохион байгуулахаар танхим түрээсэлжээ. Нутгийн сүмийн удирдлагууд үүнийг мэдээд, манайхны товлосон цагт, яг тэр танхимд цуглаанаа хийхээр сүсэгтнүүдээ цуглуулах болжээ. Гэтэл цагдаагийн дарга уг танхимд товлосон цагтаа арга хэмжээгээ явуулах боломжийг Гэрчүүдэд олгохыг сүмийн удирдлагуудаас шаарджээ. Гэсэн хэдий ч, цаг болоход сүмийн гишүүд танхимыг дүүргэж, цуглаанаа эхлүүлсэн байлаа.

17 Цагдаа нар танхимыг чөлөөлөхийн тулд хүч хэрэглэхээр бэлтгэж байтал сүмийн тэргүүн, ахлагчдын нэгэн дээр очоод, «Та нар өнөө орой ямар нэг тусгай юм хийхээр төлөвлөө юү?» гэж асуужээ. Ахлагч ч Дурсах цуглааны тухай ярьсанд нөгөө хүн: «Өө тийм үү, би мэдээгүй л дээ!» хэмээн хариулав. Тэгэхэд нь нэг цагдаа: «Гэхдээ бид танд өнөө өглөө хэлээ биз дээ!» хэмээн дуу алджээ. Сүмийн тэргүүн, ахлагч руу харж, зальтай нь аргагүй инээмсэглээд, «Одоо та нар яах гэж байна? Манайд танхим дүүрэн хүн ирчихсэн байна. Та нар биднийг цагдаагийн хүчээр тараах уу?» гэж асуужээ. Тэрбээр Гэрчүүдийг хавчин гадуурхагч мэтээр харагдуулах заль зохиосон байлаа! Тэгэхэд нь итгэл нэгтнүүд маань яасан бол?

18. Өдөөн хатгалгад Гэрчүүд ямар хариу өгсөн бэ? Ямар үр дүнтэй байсан бэ?

18 Гэрчүүд сүмийнхнийг тэр танхимд хагас цаг цуглаанаа хийхийг нь зөвшөөрөөд, дараа нь өөрсдөө Дурсах арга хэмжээгээ зохион байгуулахаар болжээ. Гэтэл сүмийн цуглаан цагаасаа хэтэрчээ. Сүмийн хүмүүсийг явсны дараа Дурсах цуглаан болов. Маргааш нь засгийн газар болсон явдлыг магадлуулахаар ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хэргийг хянан хэлэлцээд, буруутан нь Гэрчүүд биш, сүмийн тэргүүн байсныг олон нийтэд мэдэгдэхийг сүмд үүрэг болгожээ. Түүнчлэн, тийм хэцүү асуудлыг тэвчээртэйгээр шийдвэрлэж чадсан Еховагийн Гэрчүүдэд талархсан байна. «Бүх хүнтэй эвтэй байх» гэсэн Гэрчүүдийн чармайлт сайн үр дүнд хүрчээ.

19. Бусадтай эвтэй байхад өөр юу тус болох вэ?

19 Бусадтай эвтэй байх бас нэг арга бол үг яриагаа «нигүүлсэнгүй» байлгах явдал юм. Дараагийн өгүүллээр «нигүүлсэнгүй» яриа гэж юу болох, бусадтай харьцахдаа яаж нигүүлсэнгүй байж сурахыг үзье.

[Зүүлт]

^ «Галтай нүүрс» гэдэг нь хүдэр хайлуулж металл гаргаж авахын тулд дээр доороос нь халаадаг эртний аргыг хэлсэн бололтой. Хатуу сэтгэлтэй хүмүүст сайхан сэтгэл гаргахад хатуу сэтгэл нь зөөлөрч, сайн чанар нь тодрон гарч болох юм.

Тайлбарлана уу

• Өнөөгийн хүмүүс их уур уцаартай байдгийн учир юу вэ?

• Уураа дарахын ач тус, уурандаа дийлдэхийн хор хөнөөлийг Библийн ямар жишээнээс мэдэж болох вэ?

• Итгэл нэгтэн маань биднийг гомдоовол яах нь зүйтэй вэ?

• Еховагийн дайснууд бидэн рүү довтолбол яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[16-р хуудасны зураг]

Симеон Леви хоёр уурандаа дийлдсэн

[18-р хуудасны зураг]

Сайхан сэтгэл хүний сэтгэлийг зөөлрүүлдэг