Skip to content

Гарчиг руу орох

Хурлыг «барьж байгуулагтун»

Хурлыг «барьж байгуулагтун»

Хурлыг «барьж байгуулагтун»

«Нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун» (1 ТЕС. 5:11).

1. Христиан хурлын гишүүн байх нь ямар ивээлтэй вэ? Гэлээ ч ямар бэрхшээл тулгарч болох вэ?

 ХРИСТИАН хурлын гишүүн байна гэдэг үнэхээр том завшаан! Христиан хүн Ехова Бурхантай дотно харьцаа тогтоодог. Бас Бурхны Үгийг удирдлага заавраа болгодгийн ачаар христиан хүний хувьд зохисгүй амьдралын гашуун үр дагавар амсдаггүй. Үргэлж сайн сайхныг хүсдэг жинхэнэ анд нөхөдтэй болдог. Энэ мэтээр тоолж баршгүй олон ивээл хүртдэг. Гэвч ихэнх христианд янз бүрийн асуудал тулгардаг. Заримд нь Бурхны Үгийн гүн юмсыг ойлгоход нь тусламж зайлшгүй хэрэгтэй байхад, зарим нь өвддөг, сэтгэл гутралд автдаг. Эсвэл ухаалаг бус шийдвэр гаргасныхаа үр дагаврыг амсаж байж болох юм. Бид бүгдээрээ Бурхнаас хөндийрсөн ертөнцөд амьдардаг.

2. Ах дүү нарт маань бэрхшээл тулгарвал бид яах хэрэгтэй вэ? Яагаад?

2 Хэн маань ч итгэл нэгтнүүдээ зовж зүдрээсэй гэж хүсдэггүй. Элч Паул хурлыг биетэй зүйрлэн, «нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтнүүд зовно» хэмээсэн байдаг (1 Кор. 12:12, 26). Тийм нөхцөлд бид ах дүү нартаа түшиг тулгуур болох учиртай. Христиан хурлын гишүүд бэрхшээл зовлон амсаж буй нэгэндээ тусалсан олон жишээг Сударт тэмдэглэсэн байдаг. Тэдгээрийг авч үзэнгээ танай хуралд төстэй явдал боллоо гэхэд та итгэл нэгтэндээ яаж тусалж чадахаа бодоорой. Та Еховагийн хурлыг барьж байгуулахын тулд ах дүү нартаа ямар сүнслэг тусламж үзүүлж чадах вэ?

«Түүнийг ... хажуу тийш нь авч гарав»

3, 4. Акул Прискила хоёр Аполд яаж тусалсан бэ?

3 Апол Ефест ирж суурьших үедээ хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгч болчихсон байлаа. «Үйлс» номд түүнийг: «Гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Ингэхдээ гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг байжээ» гэж бичжээ. Апол «Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр» хүртээдэг баптисмын тухай мэддэггүй байсан нь түүнд Баптисм хүртээгч Иоханы шавь нар юм уу, эсвэл Есүсийн дагалдагчид МЭ 33 оны Пентекостын өдрөөс өмнө дэлгэрүүлснийх бололтой. Тэрбээр хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг байсан ч зарим нэг чухал зүйлийг ойлгоогүй байв. Итгэл нэгтнүүд нь түүнд яаж тусалсан бол? (Үйлс 1:4, 5; 18:25; Мат. 28:19).

4 Христиан хос Акул Прискила хоёр Аполыг синагогт зоригтой ярьж байхыг сонсоод, түүнийг хажуу тийш нь авч гаран, улам сайн зааж өгсөн (Үйлс 18:24–26-г уншина уу). Тэд хайрандаа хөтлөгдөн тийнхүү тусалжээ. Ингэхдээ, христиан хурлын эхэн үеийн түүхийг мэддэггүй байсан Аполыг шүүмжилсэн өнгөөр бус, харин ая эвийг нь олоод, туслах зорилгоор түүн рүү очсон байж таарна. Апол ч ийм нарийн ширийн зүйлийг мэдүүлж өгсөн шинэ нөхдөдөө талархсан нь лавтай. Шинэ юм мэдэж авсан тэрбээр Ахай дахь ах дүү нартаа «үлэмж тусалж», сайтар гэрчилжээ ​(Үйлс 18:27, 28).

5. Олон мянган дэлгэрүүлэгч хүмүүст хайрын сэтгэлээр хэрхэн тусалдаг вэ? Ямар үр дүнд хүрдэг вэ?

5 Орчин үед ч христиан хурлын олон гишүүн Библийг ойлгуулж өгсөн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж явдаг. Багш шавийн барилдлагатай байсан хүмүүс үүрдийн найзууд болох нь олонтаа. Библийн үнэнийг хүмүүст ойлгуулахын тулд ихэнхдээ хэдэн сарын турш тодорхой хуваариар, тогтмол ярилцах шаардлага гардаг. Гэхдээ Хаанчлалын тухай мэдээ тунхаглагчид үүний төлөө өөрийгөө золиослоход бэлэн байдаг нь хүний амь настай холбоотой асуудал гэдгийг сайн ойлгодгийнх юм (Иох. 17:3). Хүмүүс үнэнийг ойлгоод, мэдлэгийнхээ дагуу амьдардаг болж, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхээр амь амьдралаа зориулж байгааг харах хэчнээн сайхан бэ!

«Сайнаар яригддаг нэгэн байв»

6, 7. а) Паул Тимотыг явуулын ажилдаа туслуулахаар сонгосны учир юу вэ? б) Тимот ямар ахиц гаргасан бэ?

6 Паул Силас хоёр миссионерийн 2 дахь аяллаараа Лустрт очихдоо хориод настай Тимот гэдэг залуутай таарчээ. «Тэр Лустр болон Икониумын ах дүүсийн дотор сайнаар яригддаг нэгэн байв». Тимотын эх Юник, эмэг эх Лой нь христиан, харин эцэг нь итгэгч биш хүн байлаа (2 Тим. 1:5). Паул хэдэн жилийн өмнө тэр нутагт анх ирэхдээ эднийхэнтэй танилцсан бололтой. Харин энэ удаад Тимотыг ирээдүйтэй залуу хэмээн онцолж сонирхжээ. Тэгээд Паул нутгийн ахлагчдын зөвлөлтэй хэлэлцээд Тимотыг миссионерийн ажилдаа туслуулах болсон байна ​(Үйлс 16:1–3-ыг уншина уу).

7 Ахмад хамтрагчаасаа сурах юм Тимотод их байлаа. Яваандаа улам ахиж дэвшсэн учир Паул түүнд итгэл хүлээлгэж, хурлуудад эргэлт хийлгэн, өөрийнхөө өмнөөс үйлчлүүлэхээр илгээжээ. Туршлагагүй, бүрэг ичимхий байсан Тимот гэгч энэ залуу 15 жил Паултай хамтран зүтгэж, чадварлаг ахлагч болтлоо өсжээ ​(Флп. 2:19–22; 1 Тим. 1:3).

8, 9. Хурлын гишүүд залуучуудын урмыг бадраахын тулд юу хийж болох вэ? Жишээ хэлнэ үү.

8 Өнөөдөр христиан хурлын хүүхэд залууст ахиж дэвших боломж асар их байна. Сүнслэгээр төлөвшсөн нөхөд нь тэднийг урамшуулан зоригжуулж, тусалж дэмжээд өгвөл тэд үйлчлэлээ өргөжүүлэх зорилт тавьж, түүндээ хүрч чадна. Та хурлынхаа гишүүдийг тойруулаад нэг хар даа! Тимот шиг өөрийгөө Бурхны ажилд зориулахыг хичээдэг охид хөвгүүд харагдана уу? Хэрэв таныг тусалж, урам зориг хайрлавал тэд эхлэгч, бетелчин, миссионер, явуулын харгалзагч ч болох юм бил үү? Тийм зорилтоо биелүүлэхэд нь та яаж тусалж чадах вэ?

9 Бетелд 20 жил үйлчилж буй Мартин 30 жилийн өмнө өөртэй нь хамт дэлгэрүүлсэн нэг дүүргийн харгалзагч ямар их анхаарал тавьж байсныг одоо ч талархан дурсдаг ажээ. Тэр харгалзагч залуу байхдаа Бетелд үйлчилдэг байсан тухайгаа урам зоригтой ярьж өгчээ. Тэгээд Еховагийн байгууллагад бетелчнээр үйлчлэх талаар бодож үзэхийг Мартинд зөвлөсөн байна. Мартагдашгүй дурсамж болон үлдсэн энэ яриа хожим гаргасан шийдвэрийнх нь үндэс байсан гэж Мартин боддог гэнэ. Та ч бас залуу хүмүүст сүнслэг зорилго тавихыг уриалбал ямар их тус болох бол?

«Гутарсан хүмүүсийг тайвшруул»

10. Епафродитын сэтгэл ямар байсан бэ? Яагаад?

10 Епафродит гэдэг христиан, итгэл үнэмшлээсээ болж хоригдсон элч Паулыг эргэхээр Филиппой хотоос Ром хүртэлх саад тотгор ихтэй холын замыг туулжээ. Филиппойн христианууд түүнийг илгээсэн аж. Епафродит тэдний бэлгийг авч явсан төдийгүй, тийм хэцүү нөхцөлд байгаа Паултай хамт байж, чадлынхаа хэрээр туслах бодолтой явсан боловч Ромд очоод өвдөж, үхлийн ирмэгт тулжээ. Тэрбээр даалгавраа биелүүлж чадсангүй хэмээн бодоод ихэд шаналж байв ​(Флп. 2:25–27).

11. а) Хурлын маань хэн нэг нь сэтгэл санааны хямралд орсон бол яагаад гайхах хэрэггүй вэ? б) Паул Епафродитод хэрхэн хандахыг зөвлөсөн бэ?

11 Орчин үед хүмүүс янз бүрийн дарамт шахалтын улмаас сэтгэл санааны хямралд ордог. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хийсэн судалгаагаар таван хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед сэтгэл гутрах өвчнөөр шаналдаг ажээ. Еховагийн ард түмнийг ч ийм зовлон тойрдоггүй. Гэр бүлээ тэжээх гэж зүдрэх, өвчин эмгэг тусах, алдаа дутагдлаасаа болж сэтгэлээр унах гэх мэтийн янз бүрийн хүчин зүйл зовлон дээр зовлон нэмдэг. Филиппойн христианууд Епафродитод яаж тусалж чадах байсан бэ? Паул: «Түүнийг Эзэн дотор их баяр хөөртэйгээр хүлээн ав. Түүн шиг хүмүүсийг хүндлээрэй. Яагаад гэвэл тэрээр та нарыг орлож, надад үйлчлэхийн тулд амь өрсөн, Христийн ажлын төлөө үхэлд ойрхон очсон билээ» гэж бичжээ ​(Флп. 2:29, 30).

12. Гутарсан хүмүүсийг яаж тайвшруулах вэ?

12 Бид ч бас гутарсан, сэтгэл санааны хямралд орсон ах дүүдээ сэтгэлийн дэм өгөх учиртай. Еховад үйлчилдгийнх нь төлөө магтаж болно. Тухайлбал, тэд христиан болохын тулд юм уу бүрэн цагаар үйлчлэхийн тулд амьдралаа ихээхэн өөрчилсөн байж болох юм. Бид тэр хүчин зүтгэлийг нь өндөр үнэлдэг бөгөөд Ехова ч үнэлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Өтөлж хөгшрөөд, эсвэл бие нь муудсаны улмаас урьдынх шигээ үйлчилж чадахаа больсон хүмүүсийг өмнө нь хийж байсан зүйлийг нь бодож хүндэтгэх хэрэгтэй. Тэгээд ч Ехова үнэнч үйлчлэгчдэдээ: «Гутарсан хүмүүсийг тайвшруулан, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнийг хүлцэн тэвч» гэж уриалдаг (1 Тес. 5:14, ШЕ).

«Түүнийг уучилж, тайвшруул»

13, 14. а) Коринтын хурал ямар чухал арга хэмжээ авсан бэ? Яагаад? б) Хурлаас хасах арга хэмжээ авсан нь ямар үр дүнд хүрсэн бэ?

13 Нэгдүгээр зууны Коринтын хуралд садар самуун үйлддэг, түүндээ гэмшдэггүй хүн байжээ. Тэр хүний хийсэн хэрэг хурлын цэвэр ариун байдалд заналхийлж, итгэгч бус хүмүүсийн дунд хүртэл дуулиан тарьжээ. Тиймээс Паул тэр хүнийг хурлаас хасахыг тушаасан нь зүйд нийцэж байв ​(1 Кор. 5:1, 7, 11–13).

14 Сахилга батын ийм арга хэмжээ авснаар сайн үр дүн гарчээ. Энэ арга хэмжээ хурлыг муу нөлөөнөөс хамгаалж, нүгэл үйлдсэн хүнд нүглийг нь ухааруулж, чин сэтгэлээсээ гэмшихэд хүргэсэн. Паул уг хуралд илгээсэн хоёр дахь захидалдаа тэр хүнийг гэмшсэнээ үйлсээрээ баталсны учир эрхийг нь сэргээх заавар өгчээ. Гэхдээ үүгээр зогсолгүй, нүгэл үйлдсэн «тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд ... уучилж, тайвшруулахыг» тушаасан ​(2 Коринт 2:5–8-ыг уншина уу).

15. Үйлдсэн нүглээ гэмшээд, эрхээ сэргээлгэсэн хүнд хэрхэн хандах ёстой вэ?

15 Энэ түүхээс ямар сургамж авч болох вэ? Хүн хурлаас хасагдахад бид туйлын их харамсдаг. Тэр хүн Бурхны нэрийг гутааж, хурлын нэр төрийг унагасан байж мэднэ. Тэр байтугай, хурлын хэн нэг хүнийг хохироосон байж болох юм. Гэтэл уг хэрэг явдлыг нягталж үзэхээр томилогдсон ахлагчид нүглээ гэмшсэн хүнийг хуралд дахин хүлээн авч болно гэж Еховагийн удирдлагаар шийдвэл энэ нь Ехова тэр хүнийг уучилсан гэсэн үг юм (Мат. 18:17–20). Тэгвэл бид Еховаг дууриах хэрэгтэй биз дээ? Хэтэрхий хатуурхаж, уучилж өршөөхгүй бол Еховаг эсэргүүцсэнтэй адил болно. Хурлын эв нэгдэл, тайван амгалан байдалд хувь нэмэр оруулж, Бурхныхаа сайшаалыг хүлээе гэвэл чин сэтгэлээсээ гэмшиж, эрхээ сэргээлгэсэн хүнийг хайрлах «хайраа бататгах» хэрэгтэй (Мат. 6:14, 15; Лук 15:7).

«Тэр надад хэрэгтэй»

16. Паул Маркаас болж урам нь хугарсны учир юу вэ?

16 Урам хугалсан хүнд хар буруу санах ёсгүйг Судрын өөр нэгэн түүх хэлж өгдөг. Марк гэгддэг Иохан элч Паулын урмыг хугалсан байдаг. Чухам юу болсон бэ? Паул Барнаб хоёрыг миссионерийн анхны аялалдаа гарахад нь Марк тэдэнд туслахаар хамт явжээ. Гэтэл замынхаа дундаас тодорхойгүй шалтгаанаар нөхдөө орхиод, гэр лүүгээ буцжээ. Паул Маркийн энэ шийдвэрээс болж урам нь хугарсан учир хоёр дахь аяллаа төлөвлөхдөө түүнийг дахин авч явах эсэх талаар Барнабтай ширүүн маргасан аж. Анхны аяллаар юу болсныг санаж байсан Паул Маркийг хамт авч явахыг хүсэхгүй байв (Үйлс 13:1–5, 13; 15:37, 38-ыг уншина уу).

17, 18. Паул Марк хоёрын дундах зөрчил шийдэгдсэн нь юунаас харагддаг вэ? Эндээс ямар сургамж авч болох вэ?

17 Паул өөрийг нь авч явахгүй гэснээс болж Марк тэгтлээ их сэтгэлээр унаагүй нь тодорхой харагддаг. Учир нь тэрбээр Барнабтай хамт миссионерийн аяллаа үргэлжлүүлэхээр өөр зүг явдаг (Үйлс 15:39). Марк итгэл хүлээх найдвартай хүн гэдгээ баталсныг хэдэн жилийн дараа бичсэн Паулын өөр нэг захидлаас мэдэж болно. Ромд хорионд байсан Паул Тимотод захидал бичин түүнийг өөр дээрээ ирүүлэхийг хүсжээ. Мөнхүү захидалдаа: «Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна» гэж бичжээ (2 Тим. 4:11). Паул Маркийг сайжирч өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй болсон байлаа.

18 Энэ явдлаас сургамж авах хэрэгтэй. Марк миссионер хүнд хэрэгтэй зан чанарыг төлөвшүүлжээ. Тэрбээр Паул өөрийг нь авч яваагүйд гомдож бүдрээгүй. Тэдний аль аль нь сүнслэг хүмүүс байсан бөгөөд хоорондоо мөнхөд дайсагналцаагүй юм. Харин ч Паул Маркийг сайн туслагчаа хэмээн хүлээн зөвшөөрөх болжээ. Тэгэхлээр, христианууд хоорондох маргаанаа шийдэж, бэрхшээлийнхээ ард гарсан бол урагшаа явж, бусдыг сүнслэгээр өсөхөд нь туслах ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Бусдынхаа сайн талыг хүлээн зөвшөөрвөл хурлыг барьж байгуулна.

Хурал ба та

19. Христиан хурлын гишүүд бүгдээрээ нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

19 «Эцсийн өдрүүд»-ийн «хэцүү цагт» хурлын ах дүүсийн тань тусламж танд хэрэгтэй, таны тусламж тэдэнд хэрэгтэй (2 Тим. 3:1). Христиан хүн тулгараад байгаа нөхцөл байдлаа чухам яаж амжилттай давахаа тэр бүр мэдэхгүй байж болох ч Ехова сайн мэддэг. Ехова тухайн христианыг зөв замаар явуулахын тулд хурлын янз бүрийн гишүүнээр, түүний дотор танаар туслуулж чадна (Ис. 30:20, 21; 32:1, 2). Тиймээс, элч Паулын уриалгыг хүлээн авч, «одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулж» явцгаая! ​(1 Тес. 5:11).

Хариулна уу

• Христиан хурлын гишүүд нэг нэгнээ барьж байгуулах хэрэгтэйн учир юу вэ?

• Та бусдадаа ямар ямар бэрхшээлийг даван туулахад нь тусалж чадах вэ?

• Бидэнд хурлын гишүүдийн тус дэм хэрэгтэй байдгийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[11-р хуудасны зураг]

Бид хүнд байдалд орсон итгэл нэгтэндээ тусалж чадна

[12-р хуудасны зураг]

Христиан охид хөвгүүдэд ахиж дэвших боломж их байдаг