Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн өдөр юуг илчлэх вэ?

Еховагийн өдөр юуг илчлэх вэ?

Еховагийн өдөр юуг илчлэх вэ?

«Эзэний [Еховагийн] өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд ... газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана [«илчлэгдэнэ», ШЕ]» (2 ПЕТР 3:10).

1, 2. а) Өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөл хэрхэн болох вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ӨНӨӨГИЙН ёс бус тогтолцоо нь, хүн Еховагийн оролцоогүйгээр дэлхийг амжилттай захирч чадна гэсэн худал үгэнд үндэслэгддэг (Дуу. 2:2, 3). Худал хуурмаг үндэстэй юм мөнхөд оршин тогтноно гэж үү? Хэрхэвч үгүй! Гэхдээ Сатаны ертөнц өөрөө устаж үгүй болох юм биш, харин Бурхан үүнийг товлосон цагтаа, өөрийнхөө аргаар устгана. Ёс бус энэ ертөнцийн эсрэг явуулах Бурхны ажиллагаа шударга зан, хайрыг нь төгс харуулах болно ​(Дуу. 92:7; Сур. 2:21, 22).

2 Элч Петр: «Эзэний [буюу Еховагийн] өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана [«илчлэгдэнэ», ШЕ]» гэж бичжээ (2 Петр 3:10). Энд гардаг «тэнгэр», «газар» гэж юу вэ? «Бодисууд» устгагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? «Газар болоод түүн дээрх ажлууд» «илчлэгдэнэ» гэдгээр Петр юуг хэлсэн бэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл ойрын ирээдүйд болох сүрдэм үйл явдалд бэлдэх боломжтой.

Тэнгэр, газар өнгөрнө

3. 2 Петр 3:10-т гардаг «тэнгэр» гэж юу вэ? Яаж «өнгөрөх» вэ?

3 Библид «тэнгэр» гэдэг үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэхдээ, их төлөв, ард түмнийхээ дээр өндөрт өргөмжлөгдсөн эрх барих хүчнүүдийг хэлдэг (Ис. 14:13, 14; Илч. 21:1, 2). «Өнгөрөх» «тэнгэр» нь Бурхнаас хөндийрсөн нийгмийг захирдаг хүний засаглалыг төлөөлдөг. «Нүргэлээд өнгөрнө» гэдэг нь маш хурдан устгагдана гэсэн үг ажээ.

4. «Газар» гэж юу вэ? Яаж устгагдах вэ?

4 «Газар» гэдэг нь Бурхнаас хөндийрсөн хүний ертөнц юм. Тийм ертөнц Ноагийн үед байсан бөгөөд Бурхны тушаалаар, Усан галав юүлэхэд устгагдсан. «Өнөөгийн тэнгэр болоод газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна» (2 Петр 3:7). Усан галаваар ёс бус бүх хүн нэгэн зэрэг устгагдсан. Харин «үлэмж их зовлон»-гийн үед болох ирээдүйн сүйрэл хэд хэдэн үе шаттай (Илч. 7:14). Энэхүү гай гамшгийн эхний шатанд Бурхан улс төрийн удирдагчдаар «агуу их Вавилон»-ыг устгуулж, янхан эмтэй зүйрлэм шашныг жигшин зэвүүцдэгээ харуулна (Илч. 17:5, 16; 18:8). Дараа нь Ехова агуу их гай гамшгийн эцсийн шат буюу Хармагедоноор Сатаны ертөнцийн үлдсэн хэсгийг газрын хөрснөөс арчина ​(Илч. 16:14, 16; 19:19–21).

«Бодисууд ... устгагдана»

5. «Бодисууд» гэж юу вэ?

5 «Устгагдах» «бодисууд» гэж юу вэ? Петрийн хэлсэн «бодисууд» гэдэг нь Бурхныг үл тоомсорлох үзэл бодол, хандлага, үйл хэрэг, зорилгын үндэс болдог зүйлүүд юм. «Дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй» «ертөнцийн сүнс» энэ «бодисууд»-ын нэг нь юм (1 Кор. 2:12; Ефес 2:1–3-ыг уншина уу). Тэр «сүнс» буюу «агаар» Сатаны ертөнцөд тархсанаас болоод хүмүүс бодож, төлөвлөж, ярьж, хийхдээ «агаарын хүчний» бардам, зөрүүд «ноёрхогч» Сатаны үзэл бодлыг тусган харуулдаг.

6. Ертөнцийн сүнс юугаар илэрдэг вэ?

6 Тийм учраас ертөнцийн сүнсэнд хордсон хүмүүс санаатай ч бай, үгүй ч бай ухаан санаа, зүрх сэтгэлээ Сатаны хэвэнд цутгуулж, түүний үзэл бодол, хандлагыг тусгадаг. Тэгээд Бурхны хүсэл юу вэ гэдгийг ч бодохгүй, юу хүссэнээ хийдэг. Тэд бардам зан юм уу аминч үзлээр аливаад хандаж, эрх мэдлийг эсэргүүцэх хандлага гаргаж, «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаалаа» зоргоор нь тавьдаг ​(1 Иохан 2:15–17-г уншина уу).

7. Бид ямар учраас «зүрхээ хамгаалах» ёстой вэ?

7 Тэгэхлээр найз нөхөд, ном зохиол, үзэж харах зүйл, Интернетийн Вэб сайт гэх зэргийг сонгохдоо Бурхны тогтоосон хэм хэмжээнд нийцүүлэн ухаалаг байж, «зүрхээ хамгаалах» нь хэчнээн чухал бэ! (Сур. 4:23). Элч Паул: «Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн» гэж бичжээ (Кол. 2:8). Еховагийн өдөр ойртох тусам энэ сэрэмжлүүлгийг илүү онцгой анхаарах шаардлагатай болж байна. Учир нь энэ өдөр урьд өмнө болж байгаагүйгээр халах бөгөөд Сатаны тогтолцооны «бодисуудыг» бүгдийг нь хайлуулж, Бурхны уур хилэнгийн галд тэсвэргүй болохыг нь илчилнэ. Энэ нь Малахи 4:1-д: «Зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүн болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно» хэмээн бичсэнийг санагдуулдаг.

Газар болоод түүн дээрх ажлууд нь илчлэгдэнэ

8. Газар болоод түүн дээрх ажлууд яаж «илчлэгдэх» вэ?

8 Петр «газар болоод түүн дээрх ажлууд нь илчлэгдэнэ» гэдгээр ямар санаа илэрхийлсэн юм бол оо? Ехова агуу их гай гамшгийн үеэр Сатаны ертөнцийн үнэн нүүр царайг илчилж, өөрийг нь болон Хаанчлалыг нь эсэргүүцэж байсныг, улмаар устгагдах ёстой болсныг нь илчилнэ гэдгийг Петр хэлсэн хэрэг ажээ. Исаиа 26:21-д тэр цаг үеийн тухай: «ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй» гэж зөгнөжээ.

9. а) Юунаас хол явах хэрэгтэй вэ? Яагаад? б) Ямар зан чанар хөгжүүлэх хэрэгтэй вэ? Яагаад?

9 Еховагийн өдрөөр, ертөнц болон ертөнцийн бузар муу сүнсний хэвэнд цутгуулсан хүмүүс үнэн нүүр царайгаа харуулж, нэг нэгнээ хүртэл алж хядна. Өнөөдөр түгээмэл болоод байгаа хүчирхийллийг дэвэргэсэн үзвэрүүд хүмүүсийн тархийг угааж байна гэж хэлж болохоор. Тэгээд цаг нь болоход хүн бүрийн гар «нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөх» болно (Зех. 14:13). Тэгэхлээр биднийг бардам, хүчирхийлэлд дуртай гэх мэтийн Бурхны үзэн яддаг зан чанартай болгож болзошгүй кино, ном, видео тоглоом гэх мэтээс хол явах нь хэчнээн чухал бэ! (2 Сам. 22:28; Дуу. 11:5) Тэгээд Бурхны ариун сүнсний үр жимс болсон зан чанаруудыг хөгжүүлцгээе. Учир нь тийм зан чанарууд бэлгэдлийн галд шатахгүй ​(Гал. 5:22, 23).

«Шинэ тэнгэр, шинэ газар»

10, 11. «Шинэ тэнгэр», «шинэ газар» гэж юу вэ?

10 2 Петр 3:13-ыг уншина уу. «Шинэ тэнгэр» гэдэг нь «харь үндэстний цаг» дуусахад буюу 1914 онд байгуулагдсан Бурхны тэнгэрийн Хаанчлал юм (Лук 21:24). Энэхүү хаант засгийн газрыг Христ Есүс болон түүнтэй хамт захирах 144 000 хүн бүрдүүлдэг. Тэдний ихэнх нь тэнгэрийн шагналаа хэдийнээ авсан. Сонгогдсон эдгээр хүнийг «Илчлэлт» номд «нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэх» «Ариун хот, шинэ Иерусалим» хэмээн дүрсэлсэн байдаг (Илч. 21:1, 2, 22–24). Иерусалим хот эртний Израилийн засгийн газрын төв нь болж байсан шиг Шинэ Иерусалим болон түүний Хүргэн шинэ тогтолцооны засгийн газрыг бүрдүүлнэ. Тэнгэрийн энэ хот «тэнгэрээс буун ирэх» буюу дэлхий рүү анхаарлаа хандуулна.

11 «Шинэ газар» гэдэг нь Бурхны Хаанчлалд дуртайяа захирагддагаа батлан харуулсан хүмүүсээс бүрдэх шинэ нийгэм юм. Одоо ч Бурхны ард түмний дунд ноёлж буй сүнслэг диваажин эцсийн эцэст «ирэх ертөнц» буюу ирээдүйн үзэсгэлэнт дэлхийд ноёлох болно (Евр. 2:5). Тэр шинэ тогтолцоонд амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

Еховагийн агуу өдөрт бэлдэгтүн

12. Еховагийн өдөр болоход ертөнц ямар учраас гайхаж балмагдах вэ?

12 Паул Петр хоёрын хэн хэн нь Еховагийн өдрийг «хулгайч мэт» нууцаар, гэнэт ирэхийг зөгнөсөн (1 Тесалоник 5:1, 2-ыг уншина уу). Тэр өдрийг хүлээж байсан жинхэнэ христианууд хүртэл гэв гэнэт ирэхэд нь гайхах ажээ (Мат. 24:44) . Энэ ертөнц бүр ч илүү гайхаж цочирдоно. Паул: «[Еховагаас хөндийрсөн] хүмүүсийг „Амар тайван, аюулгүй байдал“ гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтаж огт чадахгүй» хэмээн бичжээ ​(1 Тес. 5:3).

13. «Амар тайван, аюулгүй байдал» гэсэн урианд хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

13 Чөтгөрүүдийн гаргах бас нэг худал үг нь: «Амар тайван, аюулгүй байдал» гэсэн уриа байх болно. Харин Еховагийн үйлчлэгчид үүнд хууртахгүй. Паул: «Та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм» гэж бичжээ (1 Тес. 5:4, 5). Тиймээс үргэлж гэрэлд байж, Сатаны ертөнцийн харанхуйгаас холдоцгооё. Петр: «Хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн [христиан хурал дотор байдаг хуурамч багш нарын] төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий» гэжээ ​(2 Петр 3:17).

14, 15. а) Ехова биднийг хүндэтгэдгээ хэрхэн харуулдаг вэ? б) Бурхны хэлсэн ямар үгийг бид сэтгэлдээ тээж явах учиртай вэ?

14 Ехова бидэнд «Өөрсдийгөө сэргийл» гэж хэлээд л орхичихдоггүй. Тэрбээр биднийг хүндэтгэж, сайхан сэтгэлийн үүднээс ирээдүйд болох үйл явдлын ерөнхий дүр зургийг «урьдаас мэд[үүлдэг]».

15 Гэтэл зарим хүн сонор сэрэмжтэй байх тухай сануулгыг эс хайхрах юм уу, тэр байтугай элэг доог болгодог нь харамсалтай. Тэд: «Энэ сэрэмжлүүлгийг өчнөөн олон жил сонслоо» гэж хэлж магадгүй. Гэхдээ ингэж хэлдэг нь зөвхөн итгэмжит боолын ангид төдийгүй Ехова болон түүний Хүүд эргэлзэж байгаа хэрэг гэдгийг санах учиртай. «Хүлээгтүн» гэж Ехова хэлсэн (Хаб. 2:3). Есүс ч бас: «Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай» гэж хэлсэн (Мат. 24:42). Петр: «Ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл» хэмээн бичжээ (2 Петр 3:11, 12). Итгэмжит боолын анги болон Удирдах Зөвлөл энэ чухал үгэнд хэзээ ч тоомжиргүй хандахгүй!

16. Ямар үзэл бодолтой болохоос сэргийлэх хэрэгтэй вэ? Яагаад?

16 Харин Эзнийгээ удаан хугацаагаар ирэхгүй гэж боддог «муу боол» тэгж хайхрамжгүй ханддаг (Мат. 24:48). Тэр боол бол 2 Петр 3:3, 4-т дүрсэлсэн бүлэг хүний нэг хэсэг нь юм. «Эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган», Еховагийн өдрийг үргэлж санадаг дуулгавартай хүмүүсийг «элэглэн дооглосоор ирэх болно» гэдгийг Петр сануулан бичжээ. Тийм хүмүүс Бурханд үйлчилж, Хаанчлалын үйл хэргийг дэмжих тухай бодохын оронд өөрсдийгөө, хүсэл тачаалаа илүүтэй анхаардаг. Тэдэн шиг дуулгаваргүй, аюултай үзэл бодолтой болохоос ямагт сэргийлж явцгаая! «Бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооцож», Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд идэвхтэй оролцон, ирээдүйн үйл явдлууд хэзээ болох талаар хэтэрхий санаа зовохгүй байцгаая. Тэр цагийг мэдэх нь Ехова Бурхны мэдлийн хэрэг юм​(2 Петр 3:15; Үйлс 1:6, 7-г уншина уу).

Авралын Бурханд найдагтун

17. Үнэнч христианууд Иерусалимаас зугт хэмээсэн Есүсийн сануулгад хэрхэн хандсан бэ? Яагаад?

17 МЭ 66 онд Ромын цэрэг Иудей рүү довтлоход үнэнч христианууд эхний боломж олдмогц Иерусалим хотоос зугт хэмээсэн Есүсийн зөвлөгөөг дагажээ (Лук 21:20–23). Тэд ямар учраас тийм шуурхай, зоримог алхам хийсэн бэ? Есүсийн сэрэмжлүүлгийг санаж байсан нь лавтай. Христийн анхааруулснаар, тийм шийдвэр гаргахад хүнд хэцүү явдал тулгарахыг тэд ойлгож байсан. Гэхдээ Ехова үнэнч үйлчлэгчдээ хэзээ ч орхихгүй гэдгийг мэдэж байжээ​(Дуу. 55:22).

18. Та Лук 21:25–28-д байдаг Есүсийн үгийг уншаад, удахгүй болох агуу их гай гамшгийн талаар ямар бодолтой байх хэрэгтэй вэ?

18 Бид ч бас Еховад бүрэн дүүрэн найдах учиртай. Яагаад гэвэл, өнөөгийн тогтолцоо хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу гай гамшигт нэрвэгдэх цагт биднийг Аврагч нь цорын ганц Ехова Бурхан байх юм. Агуу их гай гамшиг эхэлсний дараа, Еховаг ертөнцийн бусад бүх зүйлийг устгахаас өмнө хүмүүс «дэлхийд ирж буй зүйлсийг ... санаж, айснаасаа ухаан алдана». Бурхны дайснууд айсандаа чичирч байхад, Еховагийн үнэнч үйлчлэгчид айх биш, харин ч аврал ойрхон байгааг ойлгоод баярлах болно​(Лук 21:25–28-ыг уншина уу).

19. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Ертөнц болон ертөнцийн «бодисуудаас» ангид үлдсэн хүмүүсийг ямар сайхан ирээдүй хүлээж байна вэ! Харин мөнх амьдрахын тулд муу бүхнээс зугтаад зогсохгүй, түүнээс ч илүү их юм хийх ёстойг дараагийн өгүүллээр тайлбарлана. Бид яах ёстой вэ гэвэл, Еховагийн таалалд нийцдэг зан чанарыг өөртөө төлөвшүүлж, Еховагийн санаанд таарах ажлыг хийх хэрэгтэй​(2 Петр 3:11).

Тайлбарлана уу

• Тэнгэр, газар гэж юу вэ?

• «Бодисууд» гэж юу вэ?

• «Шинэ тэнгэр, шинэ газар» гэж юу вэ?

• Бид ямар учраас Бурханд бүрэн найддаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны зураг]

«Зүрхээ хамгаалж», ертөнцөөс тусгаар байхын тулд яах ёстой вэ?

[6-р хуудасны зураг]

«Бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооцдогоо» яаж харуулах вэ?