Сүнслэг ургац хураах агуу ажилд хамаг чадлаараа оролцогтун
Сүнслэг ургац хураах агуу ажилд хамаг чадлаараа оролцогтун
«Эзэний үйл хэрэгт үргэлж бялх» (1 КОР. 15:58).
1. Есүс шавь нараа юунд уриалсан бэ?
МЭ 30 оны сүүлээр Есүс Самари нутгаар дайран өнгөрөхдөө Сухар хотод байдаг нэгэн худгийн дэргэд түр амсхийжээ. Тэнд байхдаа шавь нартаа: «Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ» хэмээн айлджээ (Иох. 4:35). Есүс ургац хураах ажлын тухай бус, дагалдагч нь болох чин сэтгэлтэй хүмүүсийг цуглуулах сүнслэг ажлын тухай хэлсэн. Энэ нь уг ажилд оролцохыг шавь нартаа уриалсан хэрэг байв. Ажил ч их, цаг ч бага байлаа!
2, 3. а) Бид ургац хураах цагт амьдарч байгаа нь юунаас харагддаг вэ? б) Энэ өгүүллээр юун тухай үзэх вэ?
2 Ургац хураах тухай Есүсийн хэлсэн үг орчин үед онцгой хамаатай. Бид хүн төрөлхтөн хэмээх ургацын «талбай цайрч хураалтанд бэлэн» болсон цаг үед амьдарч байна. Жил бүр олон сая хүн амь өгөх үнэний урилгыг хүлээн авдаг бөгөөд олон мянган хүн Есүсийн шавь болж баптисм хүртдэг. Бид бүхий л цаг үед явагдсан ургац хураах ажлаас хамгийн агуу ажилд ургацын Эзэн Ехова Бурхнаар удирдуулан оролцох завшаантай хүмүүс. Та энэ ажлаар «үргэлж бялхдаг» уу? (1 Кор. 15:58).
3 Есүс дэлхийд гурван жил хагас үйлчлэхдээ ургац хураах ажилд шавь нараа тусгайлан бэлтгэсэн. Энэ өгүүллээр, Есүсийн шавь нартаа заасан олон чухал зүйлийн гурвыг авч үзнэ. Хичээл бүр нь бидэнд маш их хэрэг болох нэг нэг чанарыг онцолдог бөгөөд уг чанаруудын ачаар бид шавь цуглуулах орчин үеийн ажилд хамаг чадлаараа оролцож чадах юм. Эдгээрийг нэгбүрчлэн авч үзье.
Даруу зан амин чухал
4. Даруу байхын чухлыг Есүс хэрхэн заасан бэ?
4 Дөнгөж сая, Есүсийн шавь нарын дунд хэн нь агуу болох талаар бөөн маргаан болоод өнгөрсөн байлаа. Нэг нэгэндээ үл итгэсэн, дайсагналцсан шинж царайнаас нь илт харагджээ. Есүс нэг жаахан хүүхдийг дуудаж авчраад, тэдний дунд зогсоов. Тэгээд тэдний анхаарлыг мөнөөх хүүхдэд хандуулан ийн хэлсэн нь: «Хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно» (Матай 18:1–4-ийг уншина уу). Шавь нар нь хүнийг эрх мэдэл, эд хөрөнгө, алдар цуугаар нь хэмждэг ертөнцийнхөнтэй адил бодож сэтгэхийн оронд, харин ч өөрсдийгөө «даруу болгож» байж л агуу болно гэдгээ ухамсарлах ёстой байлаа. Үнэн сэтгэлээсээ даруу байсан цагт л Ехова тэднийг ивээж, ажлаа хийлгэх байв.
5, 6. Ургац хураах ажилд хамаг чадлаараа оролцохын тулд даруу байх ёстойн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.
5 Өнөөгийн ертөнцийн олон хүн эрх мэдэл, эд хөрөнгө, алдар цуутай болохын төлөө амь амьдралаа зориулдгаасаа болоод Бурхны тухай сурч мэдэх, түүнд үйлчлэхэд тун бага цаг зарцуулах юм уу эсвэл зав гаргаж огт чаддаггүй (Мат. 13:22). Харин Еховагийн үйлчлэгчид ургацын Эзний ивээлийг хүртэж, магтаал сайшаалыг нь хүлээхийн тулд өөрсдийгөө «даруу болгодогтоо» жаргалтай байдаг (Мат. 6:24; 2 Кор. 11:7; Флп. 3:8).
6 Өмнөд Америкт ахлагчаар үйлчилдэг Франсискогийн жишээг авч үзье. Залуу байхдаа эхлэгчээр үйлчлэхийн тулд их сургуулиа орхисон тэрбээр: «Би сүй тавих үедээ мөнгө төгрөгний талаар санаа зовох юмгүй амьдрах боломжтой ажилд орж болох байлаа. Гэсэн ч эхнэр бид хоёр энгийн амьдарч, хамтдаа бүрэн цагийн үйлчлэлээ үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Хожим нь хүүхдүүд төрж, бэрхшээл нэмэгдсэн. Гэвч Ехова бидэнд шийдвэрээсээ няцахгүй байхад тусалсан» хэмээн яриад, «30 гаруй жил ахлагчаар үйлчилж, өөр олон тусгай даалгавар биелүүлэх завшаан надад тохиосон. Энгийн амьдарсандаа өчүүхэн ч харамсаж үзээгүй» гэж дүгнэн хэлсэн юм.
7. Та Ром 12:16-д бичсэн зөвлөгөөг хэрэгжүүлж үзсэн үү? Үр дүн нь ямар байсан бэ?
7 Энэ ертөнцийн хүмүүсийн эрхэмлэдэг зүйлсээс татгалзан, «төлөв даруу байхыг эрхэмлэвэл» та ч бас их ивээл хүртэж, ургац хураах ажилд оролцон олон сайхан даалгавар биелүүлэх нь лавтай (Ром 12:16; Мат. 4:19, 20; Лук 18:28–30).
Хичээл зүтгэлтэй байвал ивээл хүртэнэ
8, 9. а) Талантын тухай Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг товч ярина уу. б) Энэ сургаалт зүйрлэл ямар хүмүүст онцгой урам зориг өгдөг вэ?
8 Ургац хураах ажилд хамаг чадлаараа оролцоход хэрэг болох бас нэг чанар бол хичээл зүтгэлтэй байх явдал юм. Есүс үүнийг талантын тухай ёгт үлгэрээр тайлбарласан. * Тэр үлгэрт, нэгэн хүн холын аянд гарахдаа гурван боолдоо хөрөнгөө хариуцуулж үлдээсэн тухай гардаг. Эхний боолдоо тав, хоёр дахь боолдоо хоёр талант тус тус өгдөг. Харин гурав дахь боолдоо нэг талант өгчээ. Эзнийгээ явсны дараа эхний хоёр боол нь хичээл зүтгэл гарган, өгсөн талантаар нь тэр даруй «худалдаа хийдэг». Гэтэл гурав дахь боол «залхуу» байв. Тэрбээр нэг талантаа газарт булжээ. Эзэн нь эргэж ирээд эхний хоёр боолоо шагнан, «ихийг» хариуцуулдаг. Харин гурав дахь боолоос талантыг авч, гэрээсээ хөөсөн(Мат. 25:14–30).
9 Та Есүсийн ярьсан ёгт үлгэрийн хичээл зүтгэлтэй боолуудыг дууриан, шавь бэлдэх ажилд болж өгвөл хамаг чадлаараа оролцохыг хүсдэг байх. Гэтэл нөхцөл байдлаасаа шалтгаалаад одоо хийж чадах юм тань маш бага байвал яах вэ? Эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлөөс болж гэр бүлээ тэжээхийн тулд олон цагаар ажиллах шаардлага гарсан ч юм уу, эсвэл залуугийнх шигээ эрч хүчтэй, эрүүл чийрэг биш болсон ч байж мэднэ. Тийм бол талантын тухай ёгт үлгэрт таны урмыг сэргээх санаа бий.
10. Ёгт үлгэрийн эзэн хэрсүү ухаалаг хүн байсныг юунаас мэдэж болох вэ? Энэ нь танд урамтай санагдсаны учир юу вэ?
10 Боол бүрийнх нь чадвар харилцан адилгүйг ёгт үлгэрийн эзэн мэддэг байсныг анхааръя. «Хүн нэг бүрд чадварынх нь дагуу» талант өгснөөс нь үүнийг мэдэж болно (Мат. 25:15). Тэр эзний бодсончлон, эхний боол хоёр дахь боолоос хамаагүй их ашиг олсон хэдий ч хоёулангийнх нь хичээл зүтгэлийг үнэлж, «итгэмжит сайн боол» гэж хэлээд хоёуланг нь адилхан шагнасан (Мат. 25:21, 23). Ургацын Эзэн Ехова Бурхан ч өөрт нь үйлчлэх таны боломж бололцоо нөхцөл байдлаас тань шалтгаалдгийг мэддэг. Ехова таны чин сэтгэлийн хүчин чармайлтыг анзааралгүй өнгөрөхгүй, харин ч тохирох шагнал өгнө(Марк 14:3–9; Лук 21:1–4-ийг уншина уу).
11. Хүнд хэцүү нөхцөлд хичээл зүтгэлтэй байх нь их ивээл авчирдгийг жишээгээр хэлнэ үү.
11 Бурханд хичээл зүтгэлтэй үйлчлэхэд амьдралын нөхцөл заавал таатай байх албагүйг Бразилд амьдардаг Селмира гэдэг христиан эмэгтэйн жишээ харуулдаг. Нөхөр нь хорин жилийн өмнө дээрэмчдийн гарт амиа алдаж, Селмира бага насны гурван хүүхэдтэй хоцорчээ. Гэрийн үйлчлэгчийн ажилтай тэрбээр олон цаг шаардагддаг энэ ажилдаа очихын тулд дүүрэн хүнтэй унаанд чихэлдэн, ядартлаа явдаг байв. Ийм бэрхшээл байсан ч ажил хэргээ зохицуулан, байнгын эхлэгчээр үйлчилдэг болжээ. Дараа нь гурван охиных нь хоёр нь бас эхлэгчээр үйлчлэх болов. «Би энэ бүх хугацаанд 20 гаруй хүнтэй Библийн хичээл хийсэн. Тэд манай „гэр бүлийн“ хүмүүс болсон. Одоо би тэдний хайр, элгэмсэг халуун сэтгэлийг мэдэрч, баярлаж явдаг. Энэ бол мөнгөөр худалдан авч болшгүй эрдэнэ юм» гэж Селмира ярьсан юм. Селмира хичээл зүтгэлийнхээ үрээр ургацын Эзнээс ивээл хүртсэн нь тодорхой байна!
12. Дэлгэрүүлэх ажилд хэрхэн хичээл зүтгэл гаргаж болох вэ?
12 Амьдралын одоогийн нөхцөлөөс болоод дэлгэрүүлэх ажилд зориулах цаг бага байлаа ч үйлчлэлээ үр өгөөжтэй болгохыг хичээдэг бол ургац хураах ажилд түлхүү оролцож байгаа хэрэг юм. 7 хоног бүр Үйлчлэх цуглаанаар өгдөг ашигтай зөвлөгөөг сайн хэрэгжүүлбэл дэлгэрүүлэх ур чадвар тань сайжирч, гэрчлэх шинэ аргатай болно (2 Тим. 2:15). Бас тийм ч чухал биш гэсэн ажлынхаа хуваарийг өөрчлөх юм уу эсвэл тэр ажлаа бүрмөсөн орхиж болох юм. Тэгвэл хурлаас зохион байгуулдаг дэлгэрүүлэх арга хэмжээнд тогтмол оролцож чадна(Кол. 4:5).
13. Хичээл зүтгэлтэй байхад туслах гол түлхүүр нь юу вэ?
13 Еховаг хайрлаж, түүнд талархдаг бол хичээл зүтгэл аяндаа гардгийг бүү мартаарай (Дуу. 40:8). Есүсийн ёгт үлгэрийн гурав дахь боол эзнийгээ өндөр шаардлагатай хэнхэг хүн гэж бодоод түүнээс айсан учир өгсөн талантыг нь өсгөж үржүүлэхийн оронд газарт булчихдаг. Тийм цалгар назгай хандахгүйн тулд ургацын Эзэн Еховатай халуун дотно харьцаа тогтоож, түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Хайр, тэвчээр, энэрэл гэх мэтийн сэтгэл татам чанарынх нь тухай судалж, эргэцүүлэн бодох зав гаргаж байгаарай. Ингэвэл түүнд хамаг чадлаараа үйлчлэх хүсэл зүрхнээс тань ундран гарах болно(Лук 6:45; Флп. 1:9–11).
«Та нар ариун байгтун»
14. Ургац хураах ажилд оролцохыг хүсдэг хүмүүс ямар чухал шаардлагыг хангах ёстой вэ?
14 Элч Петр Еврей Судраас иш татахдаа Бурхан дэлхий дэх үйлчлэгчдийнхээ талаар тодорхой хүсэлтэй байдгийг илэрхийлж: «Та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл „Би ариун учраас та нар ариун байгтун“ гэж бичигдсэн юм» хэмээн бичжээ (1 Петр 1:15, 16; Лев. 19:2; Д.хууль 18:13). Ургац хураах ажилчид сүнслэг талаараа ч, ёс суртахууны хувьд ч цэвэр байх ёстойг дээрх зүйл онцолж байна. Бид энэ шаардлагыг хангахын тулд бэлгэдлийн утгаар угаагдах хэрэгтэй. Чухам яаж? Бурхны сургаалын тусламжтайгаар юм.
15. Бурхны сургаал юу хийх хүчтэй вэ?
15 Бурхны сургаалыг хир буртаг угаах устай зүйрлэсэн байдаг. Жишээ нь, элч Паул тослогдсон христиануудын хурлыг Бурхны нүдэнд Христийн ариун журамт сүйт бүсгүй адил цэвэр харагддаг бөгөөд Христ түүнийг «үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ... ямар ч толбогүй, ... ариун» болгосон гэж бичжээ (Ефес 5:25–27). Есүс ч бас түгээн дэлгэрүүлж байсан Бурхны сургаалаа аливааг цэвэрлэх хүчтэй гэж хэлж байсан билээ. Тэрбээр шавь нартайгаа ярилцаж байхдаа: «Миний хэлсэн үгнээс болж, та нар хэдийн цэвэр болжээ» гэж хэлжээ (Иох. 15:3). Тиймд Бурхны сургаал хүнийг сүнслэг талаар болон ёс суртахууны хувьд цэвэрлэх хүчтэй ажээ. Сургаалаар нь тийнхүү цэвэрлүүлсэн цагт л Ехова бидний шүтлэгийг хүлээн авна.
16. Сүнслэг талаараа болон ёс суртахууны хувьд үргэлж цэвэр ариун байхын тулд яах хэрэгтэй вэ?
16 Тэгэхлээр, Бурхны ургацыг хураах ажилчин болохын тулд эхлээд сүнслэг талаар болон ёс суртахууны хувьд бохирдуулдаг бүх зуршлаа хаях хэрэгтэй. Ургац хураах ажилчин байх шаардлагыг үргэлж хангахын тулд Еховагийн тогтоосон сүнслэг болон ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахих талаар үлгэр жишээч байх учиртай (1 Петр 1:14–16-г уншина уу). Биеийн ариун цэвэр сахихыг байнга анхаардаг шигээ Бурхны сургаалын цэвэрлэх хүчээр тогтмол ариусах ёстой. Үүний тулд Библи уншиж, цуглаанд очих нь чухал. Бас Бурхны өгсөн сануулгыг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хичээх хэрэгтэй. Ингэвэл нүгэлт хандлагатайгаа тэмцэж, энэ ертөнцийн хир буртгийг өөртөө халдаахгүй байж чадна (Дуу. 119:9; Иак. 1:21–25). Бурхны сургаалын хүчээр ноцтой нүгэл ч «угаагдана» гэж бодохлоор хэчнээн сэтгэл уужрам бэ! (1 Кор. 6:9–11).
17. Цэвэр ариун хэвээрээ байя гэвэл Библийн ямар зөвлөгөөг сахих ёстой вэ?
17 Та Бурхны сургаалын цэвэрлэх нөлөөг амьдралдаа чөлөөтэй нэвтрүүлдэг үү? Жишээ нь, энэ ертөнцийн янз бүрийн зугаа цэнгэлийн бузарлах аюулын тухай сэрэмжлүүлгийг хэрхэн хүлээн авдаг вэ? (Дуу. 101:3). Итгэл үнэмшлээрээ адилгүй хүмүүстэй ажил юм уу сургууль дээрээ хэтэрхий дотносохоос зайлсхийдэг үү? (1 Кор. 15:33). Еховагийн нүдэнд таныг бохир харагдуулж мэдэх дутагдал байдаг бол түүнийгээ ялахыг чин сэтгэлээсээ хичээдэг үү? (Кол. 3:5). Улс төрийн зөрчил маргаан болон спортын олон төрлийг өрсөлдөөнтэй болгодог үндсэрхэг үзлээс ангид байдаг уу? (Иак. 4:4).
18. Сүнслэг талаараа болон ёс суртахууны хувьд цэвэр байх нь ургац хураах ажилд ямар нөлөөтэй вэ?
18 Энэ мэтийн асуудлаар дуулгавартай байвал үр дүн нь ч үнэхээр сайн байх болно. Есүс тослогдсон шавь нараа усан үзмийн модны мөчиртэй зүйрлэн: «Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг [Эцэг минь] авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг» гэж хэлжээ (Иох. 15:2). Бид Библийн үнэний усанд угаагдвал илүү их жимс ургуулна.
Эдүгээ ба ирээдүйн ивээл
19. Есүсийн шавь нар ургац хураах ажилд хичээл зүтгэлтэй оролцоод ямар ивээл хүртсэн бэ?
19 Есүсээр заалгаж суралцсан үнэнч шавь нар нь «энэ дэлхийн хязгаар хүртэл» дэлгэрүүлэх хүчийг ариун сүнсний тусламжтайгаар МЭ 33 оны Пентекостын өдөр авчээ (Үйлс 1:8). Тэд удирдах зөвлөлийн гишүүн, миссионер, явуулын ахлагчаар үйлчилж, сайн мэдээг «тэнгэрийн доорх бүх бүтээлд» тунхаглахад гол үүрэг гүйцэтгэсэн (Кол. 1:23). Ямар их ивээл бэ! Тэдний ачаар хүмүүс ч өчнөөн их баяр баясгалантай болсон биз ээ!
20. а) Та сүнслэг ургац хураах ажилд хамаг чадлаараа оролцоод ямар ямар ивээл хүртэж байгаа вэ? б) Та яахаар шийдсэн бэ?
20 Үнэндээ даруу, хичээл зүтгэлтэй байж, Бурхны Үгийн өндөр хэм хэмжээг сахиж явбал одоо өрнөж буй сүнслэг ургац хураах их ажилд хамаг чадлаараа, үр бүтээлтэй оролцсоор байх болно. Олон хүн энэ ертөнцийн эд хөрөнгө, зугаа цэнгэл хөөсөн амьдралын зовлон шаналал, гуниг цөхрөлийг амсаж байхад, бид жинхэнэ баяр хөөрийг мэдэрч, сэтгэл хангалуун явдаг (Дуу. 126:6). Хамгийн чухал нь бидний «нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш» юм (1 Кор. 15:58). Ургацын Эзэн Ехова Бурхан «Өөрийнх нь нэрийн төлөөх [бидний] үйл хэргийг болон хайрыг» санан, биднийг мөнхөд ивээх болно(Евр. 6:10–12).
[Зүүлт]
^ Талантын тухай ёгт үлгэрт гол нь Есүс болон түүний тослогдсон шавь нарын хоорондох харьцааны тухай гардаг боловч бүх христианд тохирох зарчим бий.
Та санаж байна уу?
Ургац хураах ажилд хамаг чадлаараа оролцохдоо ...
• даруу зан илэрхийлэх нь яагаад амин чухал бэ?
• хичээл зүтгэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?
• сүнслэг талаараа болон ёс суртахууны хувьд цэвэр ариун байх нь яагаад чухал бэ?
[Догол мөрийн асуулт]
[17-р хуудасны зураг]
Энгийн амьдарч, Хаанчлалын үйл хэрэгт анхаарлаа төвлөрүүлэхэд даруу зан тусалдаг