Skip to content

Гарчиг руу орох

Золиос биднийг хэрхэн авардаг вэ?

Золиос биднийг хэрхэн авардаг вэ?

Золиос биднийг хэрхэн авардаг вэ?

«Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг» (ИОХ. 3:36).

1, 2. «Сионы Харуулын Цамхаг» сэтгүүл анх хэвлэгдэх болсны нэг шалтгаан юу байсан бэ?

 «БИБЛИЙГ нямбай судалдаг ямар ч хүнд Христийн үхлийн ач холбогдол тодорхой харагддаг» гэж «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1879 оны 10 дугаар сарын 4 дэх дугаарт бичжээ. Мөнхүү өгүүллийн төгсгөлд: «Христийн үхлийг нүглийн төлөөх тахил, эвлэрүүлэл гэж үздэггүй, үнэ цэнийг нь бууруулдаг, эсвэл авч хэрэгсдэггүй аливаа бүхнээс болгоомжилцгооё» хэмээн бичиж, чухал санааг онцлон тэмдэглэжээ (1 Иохан 2:1, 2-ыг уншина уу).

2 1879 оны 7 дугаар сард «Сионы Харуулын Цамхаг» анх хэвлэгдэх болсны нэг шалтгаан нь золиосны тухай Библийн сургаалыг хамгаалах явдал байлаа. Өөрийгөө христиан гэгчдийн дотор Есүсийн үхэл бидний нүглийн золиос болж чадна гэж үү хэмээн эргэлзэх хүний тоо 1800-аад оны сүүлчээр улам нэмэгдэж байсан учир уг сэтгүүл үнэхээр «цагт нь» өгсөн «хоол унд» болсон (Мат. 24:45). Тэр үед олон хүн эволюцийн онол буюу хүн төгс бус болсныг үгүйсгэх үзэл онолд итгэдэг болов. Эволюцийн онолыг баримтлагчид, хүн өөрийгөө хөгжүүлэн сайжруулах чадвартай, золиосны хэрэг байхгүй гэж заадаг. Тэгэхлээр, Паулын Тимотод өгсөн зөвлөгөө туйлын зөв зүйтэй юм. Тэрбээр: «Чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд „мэдлэг“ гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий. Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн» гэжээ (1 Тим. 6:20, 21).

3. Ямар асуултуудыг авч үзэх вэ?

3 Та «итгэлээсээ төөрөх[гүй]» байхаар бат шийдсэн нь эргэлзээгүй. Итгэлээ сулруулахгүйн тулд дараах асуултуудыг бодож үзэх нь сайн. Надад ямар учраас золиос хэрэгтэй вэ? Золиос төлөхийн тулд Ехова Есүс хоёр хэр их гарз хохирол амссан бэ? Намайг Бурхны уур хилэнгээс аварч чадах энэ үнэтэй зүйлийн ач тусыг яавал хүртэж болох вэ?

Бурхны уур хилэнгээс аврагдах нь

4, 5. «Бурханы уур хилэн [өнөөгийн ёс бус тогтолцооны] дээр» байсаар байгаа нь юунаас харагддаг вэ?

4 Адамыг нүгэл үйлдсэн цагаас эхлэн «Бурханы уур хилэн [хүн төрөлхтөн] дээр» байсаар байгаа нь Библи болон иргэний түүхээс харагддаг (Иох. 3:36). Үхдэггүй хүн байдаггүй нь үүний баталгаа юм. Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг Сатаны засаглал хүн төрөлхтнийг тасралтгүй үргэлжилж буй гай гамшгаас аварч огт чаддаггүй. Ард иргэдийнхээ үндсэн хэрэгцээг хангаж чаддаг нэг ч засгийн газар байдаггүй (1 Иох. 5:19). Тиймээс хүн төрөлхтөн дайн, гэмт хэрэг, ядуурлаас болж зовсоор байна.

5 Тэгэхлээр, Ехова өнөөгийн ёс бус тогтолцоог ивээдэггүй нь тодорхой байна. Паул: «Бурханы уур хилэн ... аливаа бурханлаг бус ... байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг» гэжээ (Ром 1:18–20). Тиймээс Бурханд таалагдахаар амьдардаггүйдээ гэмшдэггүй хүмүүс түүнийхээ үр дагавраас зугтах аргагүй юм. Өнөөдөр, Бурхан уур хилэнтэй байгаа нь Сатаны ертөнцийн дээр гамшиг адил бууж байгаа шүүх мэдээнээс харагддаг. Тэр мэдээ Библид үндэслэн гаргасан манай байгууллагын олон ном хэвлэлд бий (Илч. 16:1).

6, 7. Тослогдсон христианууд ямар ажлыг манлайлдаг вэ? Сатаны ертөнцийн харьяанд байдаг хүмүүст ямар боломж нээлттэй байгаа вэ?

6 Тэгвэл хүмүүс Сатаны дарлалаас чөлөөлөгдөж, Бурхны сайшаалыг хүлээхээсээ нэгэнт өнгөрсөн хэрэг үү? Тийм биш ээ. Еховатай эвлэрэх үүд хаалга нээлттэй хэвээрээ байна. «Христийн төлөөх элчин сайд нар» буюу тослогдсон христианууд дэлгэрүүлэх ажлыг манлайлж, бүх үндэстний хүмүүсийг «Бурхантай эвлэрцгээ» хэмээн урьж байна (2 Кор. 5:20, 21).

7 Элч Паул «ирэх уур хилэнгээс [Есүс] биднийг гэтэлгэдэг» тухай хэлжээ (1 Тес. 1:10). Ехова гэмшдэггүй нүгэлтнүүдэд уур хилэнгээ эцсийн удаа гаргаж, тэднийг бүрмөсөн устгана (2 Тес. 1:6–9). Тэр үеэр хэн Бурхны уур хилэнгээс зугтах вэ? Библид: «Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг» гэж бичжээ (Иох. 3:36). Тийм ээ, энэ тогтолцооны сүйрлийг үзэх хүмүүс Есүс болон золиосонд итгэдгээ үйлсээрээ харуулдаг бол Бурхны уур хилэнгийн эцсийн өдрөөр устгагдалгүй үлдэнэ.

Золиосны ач тус

8. а) Адам Ева хоёрыг ямар гайхамшигтай ирээдүй хүлээж байсан бэ? б) Ехова төгс шударга Бурхан гэдгээ хэрхэн баталсан бэ?

8 Адам Ева хоёр Бурхны төгс бүтээл байв. Хэрэв тэд Бурханд үргэлж дуулгавартай байсан бол өнөр өтгөн болсон үр удмынхаа хамт Диваажин дэлхийдээ өнөөдөр ч жаргалтай амьдарч байх байлаа. Харамсалтай нь, анхны эцэг эх маань Бурхны тушаалыг санаатайгаар зөрчсөн. Үүнээсээ болоод мөнхийн үхлээр шийтгүүлж, анхны Диваажингаас хөөгджээ. Адам Ева хоёрыг үр хүүхэд төрүүлэх үед нүгэл хүн төрөлхтөнд тархсан бөгөөд анхны эр эм хоёр ч эцэстээ хөгширч, үхсэн. Энэ явдал Еховаг хэлсэн үгэндээ хүрдгийг баталдаг. Түүнээс гадна, Ехова бол төгс шударга Бурхан. Тиймээс хориглосон жимснээс идвэл үхнэ гэж Адамд анхааруулсан нь ёсоор болсон.

9, 10. а) Адамын үр удам ямар учраас үхдэг вэ? б) Бүрмөсөн устгагдах ял шийтгэлээс чөлөөлөхөд юу хэрэгтэй вэ?

9 Адамын үр удам бид төгс бус биеийг өвлөн төрдөг. Тийм учраас нүгэл үйлддэг, эцэстээ үхдэг. Адамыг нүгэл үйлдэх үед бид хараахан төрөөгүй байсан. Үр удам нь болж төрснөөрөө бид ч бас үхэх ялтай. Хэрэв Ехова золиос төлөхгүйгээр хөгшрөх, үхэх явцыг арилгасан бол шударга бус болох байв. Паул бид бүгдэд хандан: «Хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?» хэмээн хэлжээ (Ром 7:14, 24).

10 Зөвхөн Ехова Бурхан л бидний нүглийг зүй ёсоор уучлан, бүрмөсөн устгагдах ял шийтгэлээс чөлөөлөх хуулийн үндэстэй арга хэмжээ авч чадсан. Үүний тулд хайртай Хүүгээ тэнгэрээс илгээн, төгс хүн болгон төрүүлснээр Хүү нь бидний төлөө амиа золиос болгон өгөх байлаа. Есүс төгс байдлаа алдаагүйгээрээ Адамаас ялгаатай. «Тэр нүгэл үйлдээгүй» (1 Петр 2:22). Тийм учраас төгс үр удам төрүүлэх боломжтой байсан. Гэвч тэрбээр Бурхны дайснуудын гарт амиа алдсанаараа Адамын нүгэлт үр удмыг үрчлэн авч, өөрт нь итгэдэг хүмүүст мөнхийн амьтай болох боломжийг бүрдүүлсэн юм. Сударт үүнийг тайлбарлан: «Ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ. Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн» хэмээн бичжээ (1 Тим. 2:5, 6).

11. а) Золиосны ач тусыг ямар жишээгээр тайлбарлаж болох вэ? б) Золиосны ач тусыг хэн хэн хүртэж болох вэ?

11 Золиосны ач тусыг ойлгохын тулд жишээгээр бодъё. Банк дампуурснаас хадгалуулсан мөнгөө алдсан хүмүүс юу ч үгүй хоцорч, яваандаа өр ширэнд баригджээ. Банкны эзэн ч зохих ял шийтгэлээ хүртэж, шоронд хэдэн жил хоригдох болов. Гэтэл гэм буруугүй мөнөөх хохирогчид яах бол? Тартагтаа тулсан тэдний хувьд сайхан сэтгэлтэй баян хүн тэр банкийг худалдан авч, хохирогчдын хадгалуулсан бүх мөнгийг эргүүлэн өгч, өрөө төлөхөд нь туслахгүй л бол тэдэнд ямар ч гарц байхгүй. Ехова Бурхан хайртай Хүүтэйгээ хамт Адамын үр удмыг худалдан авч, Есүсийн асгаруулсан цусанд үндэслэн нүглийн өрийг нь тэглэсэн. Тийм ч учраас Баптисм хүртээгч Иохан Есүсийн тухай: «Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!» гэж хэлсэн байдаг (Иох. 1:29). Нүглээсээ салсан хүмүүс нь зөвхөн амьд хүмүүс ч биш, бас нас барагсад байх юм.

Золиос төлөхөд хэр их гарз хохирол амссан бэ?

12, 13. Абрахам Исаак хоёрт тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?

12 Тэнгэрийн Эцэг маань хайртай Хүүгийнхээ хамт хэр их хохирол амсан байж золиос төлснийг бид бүрэн ойлгож чадахгүй ч Библид бичигдсэн зарим түүхийн тусламжтайгаар энэ талаар эргэцүүлэн бодож болно. Тухайлбал, Абрахам Бурханд дуулгавартай захирагдан, гурван өдрийн зайтай Мориа гэдэг газар луу явахдаа сэтгэл санаа нь ямар байсныг төсөөлөөд үзээрэй. Бурхан түүнд: «Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар руу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө» хэмээн тушаасан байлаа (Эх. 22:2–4).

13 Абрахам яван явсаар Бурхны заасан газар очжээ. Тэгээд Исаакийн гар, хөлийг хүлж, өөрийнхөө босгосон тахилын ширээн дээр хэвтүүлэхэд зүрх нь яаж шимширч байсныг бод доо. Хүүгээ алахаар хутгаа далайхад Абрахамд ямар аймшигтай байсан бол оо! Бас тахилын ширээн дээр хэвтээд, хурц хутгаар бүлүүлэн, тарчилж үхэхээ хүлээн хэвтэхдээ Исаакийн юу бодож байсныг төсөөлөөрэй. Тэгтэл яг тэр үед Еховагийн тэнгэр элч Абрахамыг болиулжээ. Ехова Хүүг нь алахыг Сатаны талынханд зөвшөөрөхдөө хэчнээн их гарз хохирол амссаныг Абрахам Исаак хоёрын явдал бидэнд ойлгуулж өгдөг. Исаак Абрахамтай санаа нийлсэн нь Есүс бидний төлөө тарчилж үхэхэд бэлэн байсныг тод томруун харуулдаг (Евр. 11:17–19).

14. Иаковын амьдралд тохиолдсон ямар үйл явдал золиосны үнэ цэнийг ойлгоход тус болдог вэ?

14 Золиос төлөхөд хэр их гарз хохиролтой байсныг Иаковт тохиолдсон явдлаас бас ойлгож болно. Иаков олон хүүгийнхээ дотроос Иосефт илүү хайртай байжээ. Харин Иосефын ах нар дүүгээ үзэн яддаг, дүүдээ атаархдаг байв. Гэсэн хэдий ч Иосеф аавынхаа үгэнд дуртайяа орж, ах нарынхаа мэнд сайн байгаа эсэхийг мэдэхээр явдаг. Тэр үед ах нар нь Хеброн дахь гэрээсээ хойш 100 километр зайд орших газар эцэг Иаковынхаа хонийг хариулж байжээ. Сүүлд нь Иаков цусанд будагдсан Иосефын дээлийг хараад санаа сэтгэл нь ямар болсныг бодоод үзээрэй! Тэрбээр: «Миний хүүгийн дээл мөн байна» хэмээн дуу алдаж, «Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тастчуулсан нь гарцаагүй» гэж хэлдэг. Энэ бүхэнд ихэд цочирдсон Иаков, хүү Иосефынхоо хойноос олон хоног гашууджээ (Эх. 37:33, 34). Ехова тийм нөхцөлд төгс бус хүмүүстэй яг адил байхгүй нь мэдээж. Гэхдээ л Иаковын амьдралд тохиолдсон энэ явдлыг эргэцүүлж бодвол хүмүүс хайртай Хүүтэй нь зүй бус харьцаж, хэрцгийгээр хөнөөхөд Бурханд ямар хэцүү байсныг тодорхой хэмжээгээр ойлгож болох юм.

Золиосны ач тусыг хүртэх нь

15, 16. а) Ехова золиосыг хүлээн авсан нь юунаас харагддаг вэ? б) Та золиосноос ямар ач тус хүртсэн бэ?

15 Ехова Бурхан үнэнч Хүүгээ сүр жавхлан төгөлдөр сүнсэн биетэй болгон амилуулжээ (1 Петр 3:18). Амилсан Есүс 40 хоногийн турш шавь нартаа үзэгдэж, итгэлийг нь бэхжүүлж, сайн мэдээ тунхаглах агуу ажилд бэлдээд, эцэст нь өөрөө тэнгэрт гарсан. Тэгээд, асгаруулсан цусныхаа үнэ цэнийг Бурханд өргөн барьжээ. Бурхан түүнийг нь Есүсийн золиосонд итгэдэг жинхэнэ дагалдагчдынх нь төлөө ашиглах байлаа. Үнэхээр ч Ехова Бурхан МЭ 33 оны Пентекостын өдөр Иерусалимд цугларсан шавь нар дээр ариун сүнс асгахыг Есүст даалгасан нь Христийн золиосыг хүлээн авсан хэрэг байв (Үйлс 2:33).

16 Эдгээр тослогдсон дагалдагчид Бурхны уур хилэнгээс зугтахыг хүмүүст тэр даруй уриалж эхэлжээ. Хүмүүс Бурхны уур хилэнгээс зугтахын тулд нүглээ уучлуулах зорилгоор Есүс Христийн нэрээр баптисм хүртэх учиртай болов (Үйлс 2:38–40-ийг уншина уу). Түүхэнд болсон тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүх үндэстний олон сая хүн Есүсийн золиосны үндсэн дээр Бурхантай харьцаа тогтоох болсон (Иох. 6:44). Тэгвэл одоо, хоёр асуулт гарч ирж байна. Бид сайн үйлс хийснийхээ төлөө мөнх амьдрах найдвартай болсон уу? Нэгэнт ийм сайхан найдвартай болсон бол үүнийгээ хэзээ ч алдахгүй гэсэн үг үү?

17. Бурхны анд нөхөр байхын агуу ивээлийнхээ талаар ямар бодолтой байх ёстой вэ?

17 Уг нь бид золиосны ач тусыг хүртэх эрхгүй хүмүүс юм. Гэвч өнөөдөр олон сая хүн золиосонд итгэснийхээ ачаар Бурхантай анд нөхөд бололцож, диваажин дэлхийд мөнх амьдрах найдвар өвөрлөж явна. Гэхдээ Еховагийн анд нөхөр болсон ч энэ харьцаагаа алдахгүй гэсэн баталгаа байхгүй. Бурхны уур хилэнгийн өдрөөс зугтъя гэвэл «Христ Есүс доторх золилтын» төлөө гүнээ талархдагаа ил тод харуулж байх учиртай (Ром 3:24; Филиппой 2:12-ыг уншина уу).

Золиосонд итгэх итгэлээ бүү алдагтун

18. Золиосонд итгэдэг хүн яах хэрэгтэй вэ?

18 Эзэн Есүс Христэд итгэдэг хүн түүнд дуулгавартай байх ёстойг энэ өгүүллийн гол зүйл болох Иохан 3:36 хэлж өгдөг. Золиосыг үнэлж эрхэмлэдэг бол Есүсийн сургаал номлол, түүний дотор ёс суртахууны тухай сургаалынх нь дагуу амьдрах учиртай (Марк 7:21–23). Садар самуун үйлддэг, шалиг завхай юм ярьдаг, порно байнга үзэх гэх мэтээр «аливаа бузар булай» юмтай хутгалддаг, үүндээ гэмшдэггүй бүх хүний дээр «Бурханы уур хилэн ... буух» гэж байна (Ефес 5:3–6).

19. Золиосонд итгэдгээ ямар сайн үйлсээр харуулж болох вэ?

19 Золиос өгсөнд нь чин сэтгэлээсээ талархдаг хүн «Бурханд үнэнч байдлын үйлс» хийж, амсхийх зав чөлөө гаргадаггүй (2 Петр 3:11, ШЕ). Тогтмол, шаргуу залбирах, бие даан Библи судлах, цуглаанд очих, гэр бүлийн хичээл хийх, Хаанчлалын тухай мэдээ идэвхтэй тунхаглахад хангалттай цаг зав гаргацгаая. Тэгээд, «сайныг үйлдэхээ болон хуваалцахаа» мартахгүй байцгаая. «Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай» (Евр. 13:15, 16).

20. Золиосонд итгэх итгэлээ алдаагүй бүх хүн ирээдүйд ямар ивээл хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байж болох вэ?

20 Еховагийн уур хилэн өнөөгийн ёс бус тогтолцоон дээр буух тэр цагт бид золиосонд итгэж, үүний төлөө үргэлж талархаж байсандаа хэчнээн их баярлах бол оо! Тэгээд амласан шинэ ертөнцөд очсон хойноо Бурхны уур хилэнгээс биднийг аварсан энэ гайхамшигтай арга хэмжээнийх нь төлөө Бурхандаа мөнхөд талархах болно (Иохан 3:16; Илчлэлт 7:9, 10, 13, 14-ийг уншина уу).

Хариулна уу

• Золиос зайлшгүй хэрэгтэйн учир юу вэ?

• Золиос төлөхийн тулд Ехова Есүс хоёр хэр их гарз хохирол амссан бэ?

• Золиосны ач тус юу вэ?

• Есүсийн золиосонд итгэдгээ хэрхэн харуулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Еховатай эвлэрэх үүд хаалга нээлттэй байна

[15-р хуудасны зураг]

Абрахам Исаак Иаков нарт тохиолдсон явдлыг эргэцүүлэн бодвол золиос асар үнэтэйг ойлгоно