Skip to content

Гарчиг руу орох

Тусламж гуйн хашхирдаг хүмүүсийг хэн аврах вэ?

Тусламж гуйн хашхирдаг хүмүүсийг хэн аврах вэ?

Тусламж гуйн хашхирдаг хүмүүсийг хэн аврах вэ?

«Бурхан, Өөрийн шүүлтийг хаанд ... өгөөч. Тэрбээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь ... аварна» (ДУУ. 72:1, 12).

1. Давидад тохиолдсон явдлыг бодвол, Бурхны энэрэнгүй сэтгэлийн талаар юу мэдэж болох вэ?

 ЭРТНИЙ Израилийн хаан Давидын бичсэн энэ үгийг уншихлаар сэтгэл уужирдаг. Тэрбээр үүнийг бичихээсээ олон жилийн өмнө Батшебатай завхайрсандаа ихэд гэмшиж байжээ. Тэр үед Давид Бурхнаас гуйн: «Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. ... Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг. ... Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд нүглийн дунд эх минь намайг олж тээсэн» гэж хэлжээ (Дуу. 51:1–5). Бурхан энэрэнгүй учир бидний нүгэлтэй төрдгийг харгалзан үздэг.

2. 72-р дуулал бидэнд юу хэлж өгдөг вэ?

2 Ехова бидний хөөрхийлөлтэй байдлыг ойлгодог. Зөгнөл ёсоор, Бурхны тосолсон Хаан «гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна. Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд гачигдагсдын амийг аврах болно» (Дуу. 72:12, 13). Яаж аврахыг 72-р дуулал хэлж өгдөг. Давидын хүү Соломоны хаанчлалын тухай энэ дуунаас Бурхны Хүү Есүс Христийн засаглал хүн төрөлхтнийг зовлонгоос нь хэрхэн ангижруулах үлгэр загвар харагддаг.

Христийн засаглалын үлгэр загвар

3. Соломон юу гуйсан бэ? Бурхан түүнд юу өгсөн бэ?

3 Нас дээр гарсан Давид Соломоныг хаан болгох зарлиг буулгасныхаа дараа түүнд захиас сургамжаа тодорхой хэлж өгчээ. Түүнийг нь ч Соломон үнэнчээр сахисан (Х.дээд 1:32–35; 2:1–3). Ехова хожим нь Соломоны зүүдэнд үзэгдэж, «Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун» хэмээн айлдсанд Соломон нэг л зүйлийг гуйжээ. Тэрбээр: «Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг боолдоо өгөөч» гэж даруухнаар гуйсанд Бурхан хүсэлтийг нь биелүүлснээр барахгүй илүү их зүйлийг нэмж өгсөн (Х.дээд 3:5, 9–13).

4. Соломоны хаанчлалын талаар тэр үеийн өөр нэг удирдагч юу гэж дүгнэсэн бэ?

4 Еховагийн ивээлээр, Соломоны засаглал дэлхий дээрх ямар ч засгийн газрын хийж чадаагүйг хийн, гайхалтай амар тайвныг тогтоож, улс гүрнээ арвин ихээр цэцэглүүлэн хөгжүүлж чаджээ (Х.дээд 4:25). Соломоны хаанчлалыг үзэх гэж ирсэн хүмүүсийн дотор үй олон бараа бологчоо дагуулан ирсэн Шебагийн хатан хаан байлаа. Тэрбээр Соломонд: «Өөрийн оронд байхдаа ... сонссон бүхэн маань үнэхээр үнэн болохыг мэдлээ. ... Гэтэл миний сонссон зүйлс энэ бүгдийн хагас нь л байж. Үнэндээ таны мэргэн ухаан, хөгжил цэцэглэлт миний сонсож дуулснаас үлэмж их ажээ» гэж хэлжээ (Х.дээд 10:1, 6, 7). Харин Есүс түүнтэй зүйрлэшгүй мэргэн ухаантай байсан тул өөрийнхөө тухай: «Үзэгтүн, энд Соломоноос аугаа Нэгэн байна» гэж хэлсэн нь зөв зүйтэй юм (Мат. 12:42).

Их Соломоны засаглалын үед хүртэх ивээл

5. 72-р дуулал юуг илчилдэг вэ? Есүс юуг үлгэрлэн үзүүлсэн бэ?

5 Одоо, Их Соломон Есүс Христийн засаглалын үед ямар ивээл хишиг хүртэхээ мэдэх зорилгоор 72-р дууллын онцлогуудыг авч үзье (Дуулал 72:1–4-ийг уншина уу). Ехова өөрийн Хүү, «Энхийн Жонон» Есүс Христийн «засаглалын» талаар ямар үзэл бодолтой байдгийг энэ дуулал илчилдэг (Ис. 9:6, 7). Бурхны удирдлага дор Их Соломон үгээгүйчүүдийг өмгөөлж, гачигдагсдын хүүхдүүдийг аварна. Тэрбээр амар тайван, зөв шударгаар удирдана. Есүс Мянган жилийн засаглалын үед хийх зүйлийнхээ дүр зургийг дэлхийд байхдаа урьдчилан үзүүлсэн (Илч. 20:4).

6. Есүс хаанчлах үедээ юу хийхээ хэрхэн үзүүлсэн бэ?

6 72-р дуулалд зөгнөсний дагуу хүн төрөлхтний төлөө юу хийхийг нь төсөөлөх зорилгоор дэлхийд байхдаа хийсэн Есүсийн зарим үйлсийг авч үзье. Тэрбээр зовж шаналсан хүмүүсийг асар ихээр өрөвддөг байсан нь гүн сэтгэгдэл төрүүлдэг (Мат. 9:35, 36; 15:29–31). Жишээ нь, уяман өвчнөөр шаналж байсан нэгэн хүн Есүс дээр хүрч ирээд, «Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ» гэж гуйсанд Есүс: «Би хүсэж байна. Цэвэрш» гэж хариулдаг. Тэгтэл мөнөөх хүн эдгэрчээ! (Марк 1:40–42). Хожим нь Есүс ганц хүүгээ алдаад байсан бэлэвсэн эмэгтэйтэй тааралддаг. Есүс түүнийг «ихэд өрөвдөн», хүүд хандан: «Бос!» хэмээн хэлсэнд хүү ч босжээ. Тэр амилжээ! (Лук 7:11–15).

7, 8. Есүсийн анагаах хүчийг харуулсан жишээ хэлнэ үү.

7 Ехова Есүст гайхамшиг үйлдэх чадвар өгсөн. Үүнийг «арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэйд» тохиолдсон явдал харуулдаг. Тэр эмэгтэй «олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч» бие нь улам дордсон аж. Тэрбээр хүмүүсийн дундуур явсаар, Есүст хүрчээ. Энэ нь «цусан гоождостой» хүний хувьд Мосегийн хуулийг зөрчсөн явдал байлаа (Лев. 15:19, 25). Есүс өөрөөс нь хүч гарахыг мэдэрч, хэн өөрт нь хүрснийг асуусанд тэр эмэгтэй «айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ». Түүнийг Ехова эдгээснийг ойлгосон Есүс: «Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун» хэмээн өрөвдөн хэлжээ (Марк 5:25–27, 30, 33, 34).

8 Бурхны өгсөн хүчээр өвчтэй хүнийг эдгээж буй Есүсийг харсан хүмүүст хүчтэй сэтгэгдэл төрсөн байж таарна. Жишээлбэл, Есүс «Ууланд айлдсан номлол» хэлэхийнхээ өмнө хүмүүсийн өвчнийг эдгээдэг. Үүнийг харсан олон түмний сэтгэл хөдөлсөн нь гарцаагүй (Лук 6:17–19). Баптисм хүртээгч Иохан Есүсийг Мессиа мөн гэдгийг магадлахаар хоёр элчээ илгээсэнд Есүс «олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ». Есүс хоёр элчид: «Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав» гэжээ (Лук 7:19–22). Иохан үүнийг сонсоод ямар их урамшсан бол!

9. Есүсийн үйлдсэн гайхамшиг юуны дүр зураг байсан бэ?

9 Есүс дэлхий дээр үйлчилж байх хугацаандаа хүмүүсийг зовлон зүдүүрээс нь ангижруулсан нь түр зуурын ач холбогдолтой байсан нь үнэн. Эдгээсэн, амилуулсан хүмүүс нь хожмоо үхэцгээсэн. Гэхдээ дэлхийд байхдаа үйлдсэн гайхамшиг нь Мессиагийн засаглалын үед хүн төрөлхтний хүртэх мөнхийн ивээлийн дүр зураг байсан юм.

Дэлхий диваажин болох цаг ойрхон байна!

10, 11. а) Хаанчлалын ивээл хэр удаан үргэлжлэх вэ? Есүсийн засаглалыг юутай адилтгаж болох вэ? б) Хэн Христтэй хамт Диваажинд байх вэ? Тэр хүн мөнх амьдрах боломжоо алдахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

10 Дэлхий диваажин болоход амьдрал ямар байхыг төсөөл дөө (Дуулал 72:5–9-ийг уншина уу). Цорын ганц жинхэнэ Бурхныг шүтэгчид «нарыг болон сарыг байхад» буюу үүрд мөнхөд Диваажинд амьдарна! Хаан Есүс Христ тэднийг «хатсан өвсөн дээр бороо шиг, газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг» сэргээх болно.

11 Энэ дууллыг биелж байгаагаар төсөөлөхлөөр диваажин дэлхийд мөнх амьдрах найдвар сэтгэлийг тань хөдөлгөхгүй гэж үү? Есүсийг: «Чи надтай хамт Диваажинд байх болно» гэж хэлэхэд шонд хадуулсан гэмт хэрэгтний сэтгэл хөдөлсөн нь лавтай (Лук 23:43). Тэр хүн Есүсийн Мянган жилийн засаглалын үед амилна. Тэгээд Христэд захирагдвал дэлхий дээр мөнхөд эрүүл саруул, жаргалтай амьдрах болно.

12. Христийн Мянган жилийн засаглалын үед амилсан «зөв бус хүмүүст» ямар боломж олгох вэ?

12 Их Соломон Есүс Христийн удирдлага дор «зөв шударга хүн цэцэглэнэ» (Дуу. 72:7). Тэр үед Христ хүн төрөлхтнийг дэлхийд байсныхаа адил асар ихээр хайрлан халамжилна. «Зөв бус хүмүүсийг» хүртэл амилуулаад, Бурхны амласан шинэ ертөнцөд Еховагийн хэм хэмжээг сахиж амьдрах боломжийг хайрын сэтгэлээр олгоно (Үйлс 24:15, МБОХ, 1996). Харин Бурхны шаардлагыг биелүүлэхээс санаатайгаар татгалзвал шинэ ертөнцийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд цаашид үргэлжлүүлэн амьдрахыг зөвшөөрөхгүй.

13. Хаанчлал хэр өргөн хүрээг хамрах вэ? Амар амгалан байдал хэзээ ч алдагдахгүй гэхийн учир юу вэ?

13 Их Соломоны засаглал дэлхий дахиныг хамрахыг дараах үгнээс мэдэж болно. «Тэрээр далайгаас далай хүртэл, [Евфрат] мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай. Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж, түүний дайснууд тоос шороог долоох болтугай» (Дуу. 72:8, 9). Тийм ээ, Есүс Христ дэлхийг бүхэлд нь захирна (Зех. 9:9, 10). Түүний удирдлагыг, түүгээр удирдуулахын ивээлийг эрхэмлэдэг, үнэлдэг хүмүүс «бөхийж», дуртайяа захирагдах болно. Харин нүглээ үл гэмшигчдийг зуун настай байсан ч устгана (Ис. 65:20). Тэд «тоос шороог долооно».

Өрөвч сэтгэлийн үүднээс санаа тавьдаг

14, 15. Есүс хүмүүсийн сэтгэлийг ойлгодог бөгөөд «гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь» аварна гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

14 Нүгэлт хүн төрөлхтний байдал туйлын өрөвдмөөр байна. Тэдэнд тусламж зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ найдвар бий (Дуулал 72:12–14-ийг уншина уу). Их Соломон Есүс бидний төгс бусыг ойлгодог учир ихэд өрөвддөг. Түүнээс гадна, Есүс зөвт байдлын төлөө зовсон бөгөөд Бурхан түүнд сорилтыг бор зүрхээрээ давахыг нь зөвшөөрсөн. Тиймээс Есүсийн сэтгэл маш их зовж, хөлс нь «цусны дусал мэт газарт дусалж байв»! (Лук 22:44). Хожим нь тэрбээр тарчлаах шонд хадуулчихаад байхдаа: «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» хэмээн хашхирчээ (Мат. 27:45, 46). Есүс ямар ч зовлон амссан, Сатан өөрийг нь Еховагаас урвуулах гэж ямар ч арга хэрэглэсэн, Ехова Бурханд үнэнч гэдгээ батлан харуулсан.

15 Есүс зовж байгаа хүмүүсийг ойлгодог бөгөөд «гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна» гэдэгт итгэлтэй байж болно. Тэрбээр Эцгээ дууриан, бидэнд хайрын үүднээс санаа тавьж, «гачигдагсдыг сонсон», «эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, тэдний шархыг бооно» (Дуу. 69:33; 147:3). Есүс «бидний мөхөс байдлыг хувцаалцаж» чадна. Учир нь тэр «бүх талаар бидэн шиг соригдсон» (Евр. 4:15). Хаан Есүс Христ одоо тэнгэрээс захирч байгаа бөгөөд зовж шаналж буй хүмүүсийг тайвшруулахыг хүсэн тэмүүлж байгаа гэж бодохлоор хэчнээн сайхан бэ!

16. Соломон ард түмнээ өрөвдөж чаддаг хаан байсны учир юу вэ?

16 Соломон хэрсүү, мэргэн ухаантай байсан учир «ядуус[ыг] өршөөж» байсан нь лавтай. Үүний зэрэгцээ, Соломоны амьдралд гунигтай, сэтгэл шархлуулам явдал тохиолдож байсан. Ах Амнон нь эгч Тамарыг нь хүчиндэж, үүнээс болоод Абсалом ах нь Амноныг хөнөөсөн (2 Сам. 13:1, 14, 28, 29). Абсалом, эцэг Давидынхаа хаан ширээг булаан авсан боловч төрийн эргэлт хийх гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж, Иоабын гарт амь үрэгддэг (2 Сам. 15:10, 14; 18:9, 14). Хожим нь Соломоны ах Адониа өөрийгөө хаанаар өргөмжлөхийг оролдсон. Хэрэв энэ нь бүтсэн бол Соломон гарцаагүй үхэх байв (Х.дээд 1:5). Тиймээс Соломон хүний зовлонг ойлгодог болжээ. Энэ нь Еховагийн сүмийг нээх ёслолын үед хэлсэн залбирлаас нь тодорхой харагддаг. Тэрбээр ард иргэдийнхээ талаар: «Хүн бүр өөрийн зовлон шаналал, өвчингөө ойлго[дог]. ... [Ехова] Та ... уучилж, ... хүн бүрд өөрийнх нь үйлдлийн дагуу өгөөрэй» хэмээн залбирчээ (Ш.дэд 6:29, 30).

17, 18. Бурхны зарим үйлчлэгч ямар зовлонг тэвчих хэрэгтэй болдог вэ? Тэвчихэд нь юу тус болдог вэ?

17 Бид өнгөрсөн явдлаасаа болж «өөрийн зовлон шаналалтай» болж болох юм. Еховагийн Гэрч, 30-аад настай Мери *: «Уг нь би жаргалтай байх бүрэн боломжтой хүн. Гэвч өнгөрсөн явдалдаа ичих, зэвүүцэх сэтгэл төрж, үүнээс болоод сэтгэл дотроо шаналж, маш их уйтгар гунигт автдаг. Тэр бүхэн өчигдөрхөн болсон юм шиг санагдан, юм л бол уйлдаг. Хэзээ ч балрахгүй дурсамжаасаа болоод, би хэнд ч хэрэггүй гэж бодон, өөрийгөө буруутгахгүй байж чаддаггүй» гэж бичжээ.

18 Бурхны олон үйлчлэгчид ийм сэтгэл төрдөг. Гэхдээ үүнийг тэвчих хүчийг тэд хаанаас авч чаддаг вэ? «Жинхэнэ найз нөхөд болон сүнслэг гэр бүлийнхэн маань надад аз жаргал бэлэглэдэг. Бас би Еховагийн ирээдүйн амлалтад анхаарлаа хандуулахыг үргэлж хичээдэг. Тусламж гуйсан гунигийн нулимс минь баярын нулимсаар солигдоно гэдэгт итгэдэг» гэж Мери ярьсан юм (Дуу. 126:5). Бурхан Хүүгээ бидний Захирагчаар томилсон билээ. Тиймээс бид энэ арга хэмжээнд найдах хэрэгтэй. Тэрхүү Захирагчийн талаар: «Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд гачигдагсдын амийг аврах болно. Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно» хэмээн зөгнөжээ (Дуу. 72:13, 14). Хэчнээн тайтгаруулам үг вэ!

Баян тансаг шинэ ертөнц биднийг хүлээж байна

19, 20. а) 72-р дуулалд бичсэнээр Хаанчлалын үед ямар бэрхшээл шийдэгдэх вэ? б) Христийн засаглалын төлөө гол нь хэнийг магтах учиртай вэ? Христийн засаглалын хийх зүйл танд ямар санагддаг вэ?

19 Бурхны шинэ ертөнцөд Их Соломоноор удирдуулан амьдрах зөв шударга хүмүүсийн ирээдүйг ахиад нэг төсөөлье. Бидэнд «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх» болно гэсэн Бурхны амлалт бий (Дуу. 72:16). Ер нь, үр тариа уулын оройд ургадаггүй. Тиймээс энэ үг нь газар хэчнээн үржил шимтэй болохыг онцолж байна. Газар дэлхий Соломоны хаанчлалын үед элбэг дэлбэг ургац өгч байсан «Ливан» хэмээх газар шиг үр жимс ургуулах ажээ. Хүнсний хомсдол дахин гарахгүй, цаашид хэн ч хоол тэжээлээр дутагдахгүй, нэг ч хүн өлсөхгүй гээд бод доо! Тэр үед бүх хүн «элбэг дэлбэг найр» хийнэ (Ис. 25:6–8; 35:1, 2).

20 Энэ бүх ивээл хишгийн төлөө хэнийг магтах учиртай вэ? Гол нь, Мөнхийн Хаан, Орчлонт ертөнцийг Захирагч Ехова Бурхныг магтах ёстой. Тиймээс бид ийм сайхан, сэтгэл хөдөлгөм дууны төгсгөлийн хэсэгт түрлэг нэмэн: «Түүний [буюу Хаан Есүс Христийн] нэр мөнхөд байх болтугай. Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай. Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч. Бүх үндэстэн түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун. Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай. Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай. Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй. Амен, Амен» хэмээн баярлан дуулах болно (Дуу. 72:17–19).

[Зүүлт]

^ Нэрийг өөрчлөв.

Хариулна уу

72-р дуулалд юуг зөгнөсөн байдаг вэ?

• Их Соломон гэж хэн бэ? Засаглалынх нь хамрах хүрээ хэр өргөн бэ?

72-р дуулалд зөгнөн бичсэн ивээлүүдээс таны сэтгэлийг юу нь илүү их хөдөлгөдөг вэ?

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Соломоны хаанчлалын үеийн хөгжил цэцэглэл юуг бэлгэдэн харуулсан бэ?

[32-р хуудасны зураг]

Их Соломоны удирдлага дор Диваажинд амьдрахын төлөө гаргаж буй хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй