Эв нэгдэл бол жинхэнэ шүтлэгийн нэг шинж мөн
Эв нэгдэл бол жинхэнэ шүтлэгийн нэг шинж мөн
«Хашаан дахь хоньд ... мэт Би тэднийг хамт байлгана» (МИКА 2:12).
1. Бурхны мэргэн ухаан бүтээлүүдээс хэрхэн харагддаг вэ?
ДУУЛАЛЧ: «Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм» хэмээжээ (Дуу. 104:24). Хоорондоо гайхалтай харилцан шүтэлцээтэй оршдог ургамал ногоо, хорхой шавьж, ан амьтан, бичил биетүүдийн олон төрөл зүйлээс Бурхны мэргэн ухаан харагддаг. Түүнчлэн, хүний бие дотор том эрхтнүүдээс өгсүүлээд эсийн доторх өчүүхэн жижиг молекулууд хүртэл янз бүрийн ажил үүрэг гүйцэтгэдэг боловч хоорондоо харилцан холбоотой ажиллаж, нэгэн бүхэл, эрүүл биеийг бүрдүүлдэг.
2. 13-р хуудасны зургийг харвал, христиануудын эв нэгдлийг гайхамшиг гэж үзэж болохын учир юу вэ?
2 Ехова хүмүүсийг харилцан хамааралтай байхаар бүтээжээ. Хүмүүс гадаад төрх, зан чанар, авьяас чадвараараа ялгаатай. Бурхан анхны хүмүүст өөрийнхөө зан чанарыг шингээсэн бөгөөд үүний ачаар тэд нэг нэгнээ дэмжиж, хамтран ажиллаж чадах байв (Эх. 1:27; 2:18). Харамсалтай нь, хүн төрөлхтөн бүхэлдээ Бурхнаас хөндийрч, дэлхий даяараа эв нэгдэлтэй байх аргагүй болсон (1 Иох. 5:19). Тиймээс, нэгдүгээр зууны христиан хурал Ефесийн боолууд, Грекийн нөлөө бүхий эмэгтэйчүүд, Иудейн эрдэм номтой эрчүүд болон урьд нь хиймэл шүтээн шүтдэг байсан хүмүүсээс бүрддэг атлаа эв нэгдэлтэй байсныг үнэхээр гайхамшиг гэж үзэхээс өөр аргагүй (Үйлс 13:1; 17:4; 1 Тес. 1:9; 1 Тим. 6:1).
3. Библид христиануудын эв нэгдлийг юутай зүйрлэдэг вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?
3 Жинхэнэ шүтлэг хүмүүсийг нэг биеийн эрхтнүүд шиг эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах чадвартай болгодог (1 Коринт 12:12, 13-ыг уншина уу). Энэ өгүүллээр: «Жинхэнэ шүтлэг хүмүүсийг хэрхэн нэгтгэдэг вэ? Бүх үндэстний олон сая хүнийг нэгтгэдэг цорын ганц нэгэн бол Ехова мөн гэхийн учир юу вэ? Эв нэгдэлтэй байхад саад болдог ямар ямар бэрхшээлийг давахад Ехова тусалдаг вэ? Эв нэгдлийн тухайд жинхэнэ христианууд хуурамч христиануудаас ямар ялгаатай вэ?» гэсэн асуултуудыг авч үзье.
Жинхэнэ шүтлэг хүмүүсийг хэрхэн нэгтгэдэг вэ?
4. Жинхэнэ шүтлэг хүмүүсийг хэрхэн нэгтгэдэг вэ?
4 Ехова бүх юмыг бүтээсэн учир орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Захирагч байх эрхтэй гэдгийг жинхэнэ шашныг шүтэгчид хүлээн зөвшөөрдөг (Илч. 4:11). Тиймээс, жинхэнэ христианууд янз бүрийн нийгэм, янз бүрийн нөхцөлд амьдардаг ч тэдний сахидаг Бурхны хууль, баримталдаг Библийн зарчим адилхан байдаг. Бурхны жинхэнэ үйлчлэгчид бүгдээрээ Еховаг «Эцэг» гэж зүй ёсоор дууддаг (Ис. 64:8; Мат. 6:9). Тийнхүү, тэд бүгд сүнслэг ахан дүүс болдог бөгөөд дуулалчийн: «Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» хэмээн бичсэн шиг эв нэгдэлтэй байдаг (Дуу. 133:1).
5. Жинхэнэ христиануудыг юу эв нэгдэлтэй байлгадаг вэ?
5 Жинхэнэ христианууд төгс бус ч бие биеэ хайрлахад суралцдаг учир Бурхнаа эв нэгдэлтэй шүтдэг. Тэдэнд бие биеэ хайрлахыг заадаг цорын ганц нэгэн бол Ехова юм (1 Иохан 4:7, 8-ыг уншина уу). Түүний Үгэнд: «Өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн [«Ехова», ШЕ] уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» гэж бичжээ (Кол. 3:12–14). Жинхэнэ христианууд эв нэгдлийн төгс холбоос болох хайраараа танигддаг. Ийм эв нэгдэл жинхэнэ шүтлэгийн онцлог гэдгийг та биеэрээ үзсэн биз дээ? (Иох. 13:35).
6. Хаанчлалд найдах нь эв нэгдэлтэй байхад ямар ач тустай вэ?
6 Жинхэнэ шашин шүтдэг хүмүүс эв нэгдэлтэй байдгийн бас нэг шалтгаан нь Бурхны Хаанчлалыг хүн төрөлхтний цорын ганц найдвар гэж үздэгтэй холбоотой. Тэд Бурхны Хаанчлал удахгүй хүний засаглалыг халж, дуулгавартай хүн төрөлхтнийг жинхэнэ бөгөөд үүрдийн амар тайван болгоно гэдгийг мэддэг (Ис. 11:4–9; Дан. 2:44). Тийм учраас, христианууд Есүсийн: «Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» хэмээн дагалдагчдадаа хэлсэн үгийг сахидаг (Иох. 17:16). Жинхэнэ христианууд ертөнцийнхний зөрчил мөргөлдөөнд оролцолгүй төвийг сахидаг учир эргэн тойрных нь хүмүүс дайтаж байхад ч эв нэгдлээ хадгалж чаддаг.
Сүнслэг удирдамж зааврын цорын ганц Эх булаг
7, 8. Библийн удирдамж заавар биднийг эв нэгдэлтэй байхад хэрхэн тусалдаг вэ?
7 Нэгдүгээр зууны христиануудын урам зоригийг бадраадаг эх булаг нь нэг байсан учир тэд эв нэгдэлтэй байжээ. Есүс удирдах зөвлөлөөр дамжуулан хуралд заавар, удирдамж өгдгийг тэд ойлгодог байсан. Удирдах зөвлөлийг бүрдүүлж байсан Иерусалим дахь үнэнч элч нар болон ахлагчид Бурхны Үгэнд үндэслэн шийдвэр гаргаж, явуулын харгалзагчдаар дамжуулан олон орны хурлуудад заавар өгдөг байв. Тийм явуулын харгалзагчдын талаар Библид: «Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элч нар болон ахлагч нарын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа» хэмээн бичжээ (Үйлс 15:6, 19–22; 16:4).
8 Түүнтэй адилаар, өнөөдөр ч гэсэн сүнсээр тослогдсон христиануудаас бүрддэг Удирдах Зөвлөл дэлхий дахины хурлуудын эв нэгдэлд хувь нэмэр оруулдаг. Удирдах Зөвлөл сүнслэгээр сэргээдэг ном хэвлэлийг олон хэлээр гаргадаг. Ийм сүнслэг хоол Бурхны Үгэнд үндэслэгддэг учир удирдамж заавар нь хүнийх биш, Еховагийнх юм (Ис. 54:13).
9. Эв нэгдэлтэй байхад Бурхны өгсөн ажил хэрхэн тусалдаг вэ?
9 Түүнчлэн, христиан харгалзагчид энэхүү эв нэгдэлд хувь нэмрээ оруулан дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог. Бурханд мөр зэрэгцэн үйлчилдэг хүмүүсийн хоорондох харьцаа зүгээр хамтдаа зугаацдаг ертөнцийнхний хоорондох харьцаанаас хавьгүй илүү дотно байдаг. Христиан хурлыг чөлөөт цагаа сайхан өнгөрөөх гэж зохион байгуулаагүй, харин Еховаг магтан алдаршуулах, сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх, хурлыг «барьж байгуулах» зорилгоор үүсгэжээ (Ром 1:11, 12; 1 Тес. 5:11; Евр. 10:24, 25). Тийм учраас, элч Паул христиануудын тухай: «Та нар... сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож байгаа» хэмээжээ (Флп. 1:27).
10. Бурхны ард түмэн ямар учраас эв нэгдэлтэй байдаг вэ?
10 Тэгэхлээр, Еховагийн ард түмэн бид хэмжээгүй эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрч, итгэл нэгтнүүдээ хайрлаж, Бурхны Хаанчлалд итгэж найдан, биднийг удирдуулахаар Бурхны томилсон хүмүүсийг хүндэтгэдэг учир эв нэгдэлтэй байдаг. Ехова төгс бустай маань холбоотой зарим хандлагыг ялахад бидэнд тусалдаг. Хэрэв тусалдаггүй байсан бол бид эвтэй байж чадахгүйд хүрнэ (Ром 12:2).
Бардам зан ба атаархлыг ялах нь
11. Бардам зан хүмүүсийг салгадгийн учир юу вэ? Бардам зангаа ялахад Ехова хэрхэн тусалдаг вэ?
11 Бардам зан хүмүүсийг салгадаг. Бардам хүн өөрийгөө дээгүүр тавьдаг бөгөөд өөрөөрөө сайрхаж таашаал авдаг. Харин энэ нь эв нэгдэлтэй байхад саад болдог. Учир нь тийм хүнийг сайрхахад сонссон нэг нь атаархдаг. Шавь Иаков: «Иймэрхүү аливаа сайрхал нь бузар юм» хэмээн шууд хэлсэн байдаг (Иак. 4:16). Хүмүүсийг дорд үзэх нь хайрлахгүй байгаагийн шинж юм. Ехова бидэн шиг төгс бус хүмүүст хандахдаа даруу байдаг нь дууриавал зохих жишээ болдог. Давид: «[Бурхан] Таны тусламж [«даруу зан», ШЕ] намайг агуу болгодог» гэж бичжээ (2 Сам. 22:36). Зөв үзэл бодолтой болох, бардам зангаа ялахад Бурхны Үг бидэнд тусалдаг. Паул Бурхнаар удирдуулан: «Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ?» хэмээн асуужээ (1 Кор. 4:7).
12, 13. а) Атаархахад амархан байдгийн учир юу вэ? б) Бусдыг Еховагийн нүдээр харвал ямар үр дүнд хүрэх вэ?
12 Эв нэгдэлтэй байхад атаархал бас саад болдог. Бид бүгдээрээ төгс бусаасаа болоод «атаархах» хандлагатай байдаг бөгөөд олон жилийн туршлагатай христианууд хүртэл бусдын нөхцөл байдал, эд хөрөнгө, үүрэг хариуцлага, авьяас чадварт хааяа атаархаж болох юм (Иак. 4:5). Жишээ нь, эхнэр хүүхэдтэй Гэрч бүрэн цагаар үйлчлэх завшаан эдэлдэг хүнд атаархаж байхад, харин бүрэн цагийн тэр үйлчлэгч эхнэр хүүхэдтэй мөнөөх хүнд атаархаж магадгүй. Энэ мэтээр атаархаж, эв нэгдлээ эвдэхгүйн тулд яах вэ?
13 Христиан хурлын тослогдсон гишүүдийг хүний биеийн эрхтэнтэй зүйрлэсэн Библийн зүйлийг санах нь атаархахгүй байхад тус болдог (1 Коринт 12:14–18-ыг уншина уу). Жишээ нь, нүд ил харагддаг байхад, зүрх харагддаггүй. Гэсэн ч хоёулаа үнэ цэнэтэй биз дээ? Түүнтэй адилаар, хурлын зарим хүн бусдаасаа арай илүү нэр нөлөөтэй юм шиг байлаа ч Ехова бүгдийг нь үнэ цэнэтэй гэж үздэг. Тийм учраас, итгэл нэгтнүүдээ Еховагийн нүдээр харцгаая. Бусдадаа атаархахын оронд санаа тавьж, анхааран халамжилцгаая. Ингэвэл, жинхэнэ христианууд болон христ шашны ертөнцийн хоорондох ялгааг улам тод болгоно.
Христ шашны хуваагдмал ертөнц
14, 15. Тэрслүү христ шашин хэрхэн хуваагдсан бэ?
14 Жинхэнэ христиануудын эв нэгдэл болон христ шашны ертөнцийнхний зөрчил маргаан тэнгэр газар шиг ялгаатай. Тэрслүү христ шашин түгэн дэлгэрсэн учир дөрөвдүгээр зуун гэхэд хуурамч шашин шүтдэг Ромын эзэн хаан хүртэл уг шашинд орж, мөн өөрөө удирдах болсноор христ шашны ертөнц хүрээгээ тэлэхэд хувь нэмэр оруулжээ. Дараа нь үзэл бодлын зөрчлөөс болж олон хаант улс Ромоос өрх тусгаарлаж, өөр өөрийн гэсэн христ шашны сүм хийд, шүтлэг мөргөлтэй болсон.
15 Тэдгээр хаант улсууд олон зууны турш бие биетэйгээ дайтсаар ирсэн. XVII–XVIII зууны үед Их Британи, Франц, Америкийн Нэгдсэн Улсын ард иргэд улс эх орныхоо төлөө бие сэтгэлээ зориулах үзлийг хөхүүлэн дэмждэг байсны дүнд үндсэрхэг үзлийг шашин адил дээдэлдэг болжээ. Үндсэрхэг үзэл XIX–XX зууны үед ихэнх хүний оюун санаанд хүчтэй нөлөөлж эхэлжээ. Хожим нь христ шашны ертөнц маш олон урсгал болон хуваагдаж, тэдний ихэнх нь үндсэрхэг үзлийг хүлцэн тэвчдэг болов. Сүсэгтнүүд нь хүртэл өөр улсын итгэл нэгтнүүдийнхээ эсрэг дайнд мордож байв. Эдүгээ, христ шашны ертөнц үндсэрхэг үзэл хийгээд үзэл бодлын зөрчлөөс болж хуваагдсан.
16. Христ шашны ертөнц ямар асуудлаас болоод хуваагддаг вэ?
16 XX зуунд христ шашны ертөнцийн олон зуун урсгалын зарим нь бусад урсгалтайгаа эвлэрэн нэгдэх хөдөлгөөн өрнүүлсэн. Олон арван жилийн турш хүчин зүтгэсний үрээр цөөн хэдэн урсгал нэгдэж чадсан боловч сүсэгтнүүд нь эволюци, үр хөндөх, ижил хүйстэнтэйгээ явалдах, эмэгтэйчүүдэд шашны хэргэм зэрэг олгох гэх зэргийн асуудлаар санал зөрөлддөг тул хуваагдмал хэвээрээ байгаа. Христ шашны ертөнцийн зарим хэсэгт сүмийн тэргүүнүүд янз бүрийн урсгалыг эв нэгдэлтэй болгохыг урьтал болгосноос, урьд нь санал зөрөлдөөний үндэс болж байсан сургаал номлолыг үл тоомсорлодог болжээ. Гэтэл сургаал номлолыг үл тоомсорлох нь сүсэгтнүүдийн итгэлийг сулруулдаг ба христ шашны хуваагдмал ертөнцийг нэгтгэхэд ямар ч тус болдоггүй.
Үндсэрхэг үзлийг ялах нь
17. «Эцсийн өдрүүдэд» жинхэнэ шүтлэг хүмүүсийг нэгтгэх тухай ямар зөгнөл байдаг вэ?
17 Эдүгээ хүн төрөлхтөн урьд хожид байгаагүйгээр хуваагдчихаад байна. Гэтэл жинхэнэ шашныг шүтэгчид эв нэгдлээ хадгалж чаддагаараа бусдаас ялгардаг. Бурхны зөнч Мика: «Хашаан дахь хоньд ... мэт Би тэднийг хамт байлгана» гэж зөгнөжээ (Мика 2:12). Мика жинхэнэ шүтлэгийг хуурамч бурхад юм уу улс гүрнийг шүтэн дээдлэх гэх зэргийн аливаа шүтлэгээс дээгүүр өргөмжлөгдөх тухай зөгнөсөн. Тэрбээр: «Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүн уруу цутгана. Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд ... өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» гэж бичжээ (Мика 4:1, 5).
18. Жинхэнэ шүтлэг хүмүүсийг яаж өөрчилсөн бэ?
18 Түүнээс гадна, Мика өмнө нь дайсагналцдаг байсан хүмүүс хүртэл жинхэнэ шүтлэгийн ачаар эв нэгдэлтэй болохыг зөгнөж: «Олон үндэстэн [хүмүүс] ирээд, „Ирцгээ! ЭЗЭНий уул болон Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замуудын тухай сургаж, бид Түүний жимээр алхах юм“ гэцгээнэ. ... Тэгээд тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» хэмээжээ (Мика 4:2, 3). Еховаг шүтэхийн тулд хиймэл бурхдаа хаяж, улс үндэстнийг шүтэхээ больсон хүмүүс дэлхий даяар эв нэгдэлтэй байж чаддаг. Бурхан хэрхэн хайрлахыг тэдэнд заадаг.
19. Олон сая хүн жинхэнэ шүтлэгийн ачаар эв нэгдэлтэй болж байгаа нь юуны баталгаа вэ?
19 Өнөөдөр жинхэнэ христианууд дэлхий даяар эв нэгдэлтэй байдгаараа хосгүй юм. Энэ нь Ехова ард түмнээ ариун сүнсээрээ удирдсаар байгаагийн тодоос тод баталгаа болдог. Бүх үндэстний хүмүүс урьд хожид байгаагүй хэмжээгээр нэгдэж байгаа нь Илчлэлт 7:9, 14-т бичсэн зөгнөл гайхалтайгаар биелж буй хэрэг бөгөөд Бурхны тэнгэр элчүүд өнөөгийн ёс бус ертөнцийг устгах «салхийг» сул тавих дөхсөнийг илтгэдэг (Илчлэлт 7:1–4, 9, 10, 14-ийг уншина уу). Дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад нэгдэнэ гэдэг юутай сайхан завшаан бэ! Энэхүү эв нэгдэлд хүн бүр ямар хувь нэмэр оруулж болох вэ? Энэ талаар дараагийн өгүүллээр үзнэ.
Хариулна уу
• Жинхэнэ шүтлэг хүмүүсийг хэрхэн нэгтгэдэг вэ?
• Эв нэгдлийг эвддэг атаархах сэтгэлээс хэрхэн зайлсхийж болох вэ?
• Үндсэрхэг үзэл Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг салгаж чадахгүйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[13-р хуудасны зураг]
I зууны христиануудын гарал үүсэл, ахуй амьдрал янз бүр байсан
[15-р хуудасны зураг]
Хаанчлалын танхимын ажилд туслах нь эв нэгдэлтэй байхад ямар ач тустай вэ?