Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн «оюун ухааныг хэн мэдсэн бэ?»

Еховагийн «оюун ухааныг хэн мэдсэн бэ?»

Еховагийн «оюун ухааныг хэн мэдсэн бэ?»

«„Эзэний [«Еховагийн», ШЕ] оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүнд заавар өгөх вэ?“. Харин бидэнд Христийн оюун ухаан бий» (1 КОР. 2:16).

1, 2. а) Хүмүүст ямар бэрхшээл тулгардаг вэ? б) Бидний болон Еховагийн бодол санааны талаар юу санах хэрэгтэй вэ?

 ХҮНИЙ бодол санааг ойлгоход хэцүү үе танд байсан уу? Хэрэв та саяхан гэрлэсэн бол ханийнхаа бодол санааг бүрэн ойлгохгүйн зовлонг биеэрээ үзэж байгаа байх. Үнэндээ эрэгтэй эмэгтэй хүн өөрөөр бодож сэтгэдэг, тэр байтугай бодлоо илэрхийлэх арга нь ч өөр байх нь бий. Зарим улс оронд нэг хэлээр ярьдаг мөртлөө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ярьдаг аялгуу гэж байдаг ажээ! Түүнээс гадна, хэл соёлын ялгаа хүмүүсийн бодож сэтгэх, биеэ авч явах байдалд нөлөөлдөг. Гэхдээ бусдыг хэдийчинээ сайн мэднэ, юу бодож санадгийг нь төдийчинээ сайн ойлгодог болно.

2 Тэгэхлээр бидний бодол санаа Еховагийнхаас эрс ялгаатай байдагт гайхах хэрэггүй. Ехова зөнч Исаиагаар: «Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр» гэж израильчуудад хэлүүлжээ. Дараа нь үүнийгээ жишээгээр тайлбарлан: «Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ» хэмээн хэлсэн (Ис. 55:8, 9).

3. Ямар хоёр аргаар Еховатай ойр дотно болох вэ?

3 Тэгвэл бид Еховагийн бодол санааг ойлгох гэж оролдох ч хэрэггүй гэсэн үг үү? Тийм биш ээ. Бид Еховагийн бодол санаа бүрийг бүрэн ойлгож чадахгүй нь үнэн хэдий ч Библи биднийг Еховатай ойр дотно болохыг уриалдаг (Сургаалт үгс 3:32-ыг уншина уу). Еховатай илүү дотно болох нэг арга нь түүний Үг болох Библид бичсэн үйл хэргийг нь анхаарч үзэх явдал юм (Дуу. 28:5). «Үл үзэгдэгч Бурханы дүр» болох «Христийн оюун ухааныг» мэдэх нь бас нэг арга юм (1 Кор. 2:16; Кол. 1:15). Библид бичсэн түүхийг цаг зав гарган судалж, эргэцүүлэн бодвол Еховагийн зан чанар, бодол санааг зах зухаас нь ойлгодог болно.

Буруу хандлагаас сэрэмжлэгтүн

4, 5. а) Ямар буруу хандлагаас зайлсхийх ёстой вэ? Тайлбарлана уу. б) Израильчууд ямар буруу үзэлд автсан бэ?

4 Еховагийн үйл хэргийг эргэцүүлэн бодохдоо хүний хэмжүүрээр Бурхныг шүүхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ хандлагын тухай Ехова: «Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон» хэмээн хэлснийг Дуулал 50:21-д бичсэн байдаг. Бас одоогоос 175 жилийн өмнө Библи судлаач нэг эрдэмтэн: «Хүмүүс өөрийнхөөрөө Бурхныг шүүх дуртай байдаг. Өөрсдийнх нь сахидаг хуульд Бурхан ч бас захирагддаг гэж тэд боддог» гэж хэлжээ.

5 Бид Еховагийн талаарх үзэл бодлоо өөрсдийнхөө хэмжүүр, хүсэл сонирхолд нийцүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Ингэх нь яагаад чухал вэ? Библийг судлахдаа төгс бус, алдаа дутагдалтай хүний хэмжүүрээр Еховагийн зарим үйл хэргийг авч үзвэл зөв биш юм шиг санагдаж болох юм. Эртний израильчууд ийм үзэлд автсаныхаа гайгаар Ехова өөрсөдтэй нь хэрхэн харьцдагийг зөв ойлгож чадаагүй. Ехова тэдэнд юу гэж хэлснийг анхааръя. «Та нар „Эзэний зам нь зөв бус юм“ хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?» гэжээ (Езе. 18:25).

6. Иов ямар сургамж авсан бэ? Энэ нь бидэнд ямар ач тустай вэ?

6 Еховаг өөрийнхөөрөө дүгнэхгүй байх нэг гол арга бол явцуу боддог, буруу зөрүү дүгнэдгээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Иов үүнийгээ мэдэх хэрэгтэй байсан. Тэрбээр зовлон үзээд цөхрөхдөө, илүү чухал асуудлыг мартан өөртөө анхаарал хандуулсан удаатай. Гэхдээ Ехова чөлөөтэй сэтгэхэд нь Иовд хайрын сэтгэлээр тусалсан. Ехова Иовын хариулж чадахгүй 70 гаруй асуултыг асууж, ойлгож чадахгүй юм олон байгааг нь ухааруулсан. Тэгэхэд нь Иов даруу байж, үзэл бодлоо зассан (Иов 42:1–6-г уншина уу).

«Христийн оюун ухаантай» болох нь

7. Есүсийн үйл хэргийг судалбал Еховагийн үзэл бодлыг ойлгоход дөхөм болно гэхийн учир юу вэ?

7 Есүс Эцгээ төгс дууриадаг байсан нь үг яриа, үйл хэрэг бүхнээс нь харагддаг (Иох. 14:9). Тийм учраас, Есүсийн үйл хэргийг судалбал Еховагийн үзэл бодлыг ойлгоход дөхөм болно (Ром 15:5; Флп. 2:5). Библид байдаг хоёр түүхийг ярилцъя.

8, 9. Иохан 6:1–5-д бичсэнээр, Есүс ямар тохиолдолд Филипээс асуулт асуусан бэ? Тийнхүү асуусны учир юу вэ?

8 МЭ 32 оны Пентекостын өдрийн өмнөхөн ийм нэгэн явдал болжээ. Есүсийн элч нар Галилд дэлгэрүүлчихээд, буцаж ирээд байлаа. Ихэд ядарсан тэднийг Есүс Галил нуурын зүүн хойд эрэгт орших зэлүүд газар луу авч явсанд олон мянган хүн тэднийг дагажээ. Есүс өдий төдий хүнийг эдгээж, их зүйлийг зааж сургаад байтал нэг асуудал тулгарав. Ийм олон хүн энэ зэлүүд газрын хаанаас идэх юм олох билээ? Яах хэрэгтэйгээ ойлгосон Есүс тэр нутгийн Филипээс: «Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ?» гэж асуув (Иох. 6:1–5).

9 Есүс Филипээс ингэж асуусны учир юу вэ? Яахаа мэдэхгүй байсан хэрэг үү? Үгүй. Тэдэнтэй хамт байсан элч Иохан Есүсийн чухам юу бодож байсныг хожим нь тайлбарлаж: «Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Учир нь Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа» хэмээн бичжээ (Иох. 6:6). Шавь нар нь сүнслэгээр хэр зэрэг өссөнийг Есүс шалгасан ажээ. Ингэхдээ эргэцүүлэн бодуулах асуулт асуугаад өөрийнх нь хүч чадалд итгэдгээ харуулах боломж олгосон. Гэтэл тэд уг боломжийг алдаад, явцуу бодолтойгоо илчилсэн (Иохан 6:7–9-ийг уншина уу). Есүс тэдний санаанд огт оромгүй юмыг хийж, өлсөж байсан хэдэн зуун хүнийг хооллон гайхамшиг үйлдсэн (Иох. 6:10–13).

10-12. а) Есүс грек эмэгтэйн хүсэлтийг тэр дор нь биелүүлээгүйн учир юу вэ? Тайлбарлана уу. б) Одоо юу үзэх вэ?

10 Бас нэгэн удаа болсон явдал Есүсийн юу бодож байсныг ойлгоход тусалдаг. Энэ олон хүмүүсийг хооллосны дараахан Есүс элч нартайгаа Израилийн хилээс хойш Тир, Сидоны орчимд аялж явжээ. Тэнд нэгэн грек эмэгтэй охиноо эдгээж өгөхийг Есүсээс гуйдаг. Анхандаа Есүс тэр эмэгтэйг тоодоггүй. Гэтэл эмэгтэй шалсаар байсан тул Есүс түүнд: «Эхлээд хүүхдийг цатга. Учир нь хүүхдийн талхыг авч нохдод хаях нь зохисгүй» гэж хариулдаг (Марк 7:24–27).

11 Есүс энэ эмэгтэйн гуйлтыг шууд биелүүлээгүй нь ямар учиртай вэ? Филипийг сорьсон шигээ түүнийг сорьж, итгэлтэйгээ хэрхэн харуулахыг нь үзэх гэсэн юм болов уу? Есүс ямар өнгө аясаар ярьсан нь тодорхойгүй. Юутай ч эмэгтэйн урмыг хугалаагүй ажээ. Дээрх зүйрлэлд «ноход» гэж орчуулсан еврей үг нь хүнийг доромжилсон ямар ч утга илэрхийлдэггүй. Есүс тэр эмэгтэйд, хүүхдийнхээ гуйлтыг биелүүлэхэд бэлэн байгаа ч түүнийгээ шууд мэдэгдэлгүй, эхлээд үнэхээр хүсэж байгаа эсэхийг нь шалгадаг эцэг хүн шиг хандсан. Ямар ч атугай, өөрт нь үнэхээр итгэж байгааг нь мэдээд хүсэлтийг нь дуртайяа биелүүлсэн (Марк 7:28–30-ийг уншина уу).

12 Бид «Христийн оюун ухааныг» гүнзгий ойлгоход тусалдаг хоёр түүхийг авч үзлээ. Тэгвэл Еховагийн бодол санааг илүү сайн ойлгоход эдгээр түүх хэрхэн туслахыг үзье.

Ехова Мосетой хэрхэн харьцсан нь

13. Есүсийн бодол санааг мэдэх нь ямар ач тустай вэ?

13 Есүсийн бодол санааг сайн мэдэх нь Сударт байгаа, ойлгоход амаргүй зүйлүүдийг тунгаахад тус болно. Израильчуудыг алтан тугал бүтээгээд түүндээ мөргөсний дараа Еховагийн Мосед юу хэлснийг жишээ болгон авч үзье. Бурхан: «Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна. Одоо Миний уур хилэн тэдний эсрэг шатаж, Би тэднийг устгах учраас Намайг орхи. Би чамайг агуу үндэстэн болгоно» гэж хэлжээ (Ег. 32:9, 10).

14. Еховагийн үгийг сонссон Мосе яасан бэ?

14 Цааш нь уншвал: «Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж: „ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраараа Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ? «Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хорон муу санаагаар гаргасан юм» гэж египетчүүд яагаад ярих ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, Өөрийн ард түмэнд хөнөөлт үйл учруулах санаагаа өөрчлөөч. Өөрийн зарц Абрахам, Исаак, Израилийг санаач. Та тэдэнд тангараглан «Би чиний үр удмыг тэнгэрийг од шиг олон болгож, амласан бүх газраа чиний үр удамд өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно» гэж айлдсан шүү дээ“ гэв. Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв» гэж бичсэн байдаг (Ег. 32:11–14). *

15, 16. а) Ехова хэлсэн үгээрээ Мосед ямар боломж өгсөн бэ? б) Ехова «санаагаа өөрчлөв» гэсэн нь ямар утгатай вэ?

15 Мосе үнэхээр Еховагийн үзэл бодлыг засах хэрэгтэй байсан уу? Яалаа гэж! Ехова юу хийх санаатайгаа хэлсэн ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байсан. Үнэндээ, Есүс Филип болон грек эмэгтэйг сорьсон шиг, Ехова Мосег сорьж, санал бодлоо хэлэх боломж олгосон. * Ехова Мосег Израиль болон Өөрийнхөө хоорондох зуучаар томилсон бөгөөд өөрөө энэ арга хэмжээгээ дэмжиж байсан. Тиймд Мосег шалгаж, уурандаа автах нь уу, үгүй юү, израильчуудын оронд өөрийнх нь үр удмыг агуу үндэстэн болгох гэсэн санааг нь хөхүүлэн дэмжих нь үү, үгүй юү гэдгийг мэдэхийг хүссэн.

16 Мосе Еховагийн шударга занд итгэж найддагийг хариултаас нь мэдэж болно. Амин хувиа бодохын оронд Еховагийн нэрийн төлөө санаа зовж явдаг хүн байсан нь харагддаг. Тэрбээр Еховагийн нэр бузарлагдах вий гэхээс эмээж байсан. Үүгээрээ «Эзэний [«Еховагийн», ШЕ] оюун ухааныг» ойлгосноо харуулсан (1 Кор. 2:16). Үр дүн нь ямар байсан бэ? Ехова чухам юу хийхээ хараахан шийдээгүй байсан учир Библид түүнийг «санаагаа өөрчлөв» гэж бичсэн байдаг. Энэ үг еврей хэлээр ард түмэндээ оноох гэж байсан ял шийтгэлээ оноогоогүй гэсэн утгатай.

Ехова Абрахамтай хэрхэн харьцсан нь

17. Ехова Абрахамтай харьцахдаа асар их тэвчээртэйгээ хэрхэн харуулсан бэ?

17 Ехова итгэл найдвараа илэрхийлэх боломжийг үйлчлэгчдэдээ олгосон бас нэг явдлыг авч үзье. Содомын талаар дараалсан найман хүсэлт гаргасан Абрахамд Ехова асар их тэвчээртэй хандсан. Абрахам: «Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү?» хэмээн ихэд хүсэмжлэн гуйжээ (Эх. 18:22–33).

18. Ехова Абрахамтай хэрхэн харьцсан нь бидэнд ямар сургамжтай вэ?

18 Энэ явдлаас үзвэл Еховагийн бодол санааны тухай юу мэдэж болох вэ? Зөв шийдвэр гаргахын тулд Абрахамтай зөвлөлдөх шаардлага Еховад байсан уу? Байгаагүй. Яагаад ингэж шийдэх болсноо эхнээсээ хэлчихэж болох л байсан. Гэхдээ Абрахамд олон дахин асуух боломж олгосноороо өөрийнх нь бодол санааг ойлгож, гаргасан шийдвэрийг хүлээж авах хугацаа өгсөн. Түүнчлэн хэчнээн их өрөвч сэтгэлтэй, шударга Бурхан гэдгээ ойлгуулсан. Ингэж Абрахамтай андын ёсоор харьцсан (Ис. 41:8; Иак. 2:23).

Сургамж авах нь

19. Бид Иовыг хэрхэн дууриаж болох вэ?

19 «Еховагийн оюун ухааны» талаар бид юу мэдэж авав? Бурхны Үгийн тусламжтайгаар Еховагийн бодол санааг зөв ойлгох хэрэгтэй. Явцуу бодолтой бид өөрсдийн хэмжүүрээр Еховаг шүүж хэрхэвч болохгүй. Иов: «Бид хамтдаа шүүх уруу явж би Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш» гэж хэлжээ (Иов 9:32). Бид Иовын адилаар Еховагийн бодол санааг ойлгохлоороо: «Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ? Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ?» хэмээн өөрийн эрхгүй дуу алддаг (Иов 26:14).

20. Библи уншихдаа ойлгоход хэцүү хэсэгтэй таарвал яах нь зүйтэй вэ?

20 Библи уншиж байхдаа Еховагийн бодол санаатай холбоотой ойлгоход хэцүү хэсэгтэй таарвал яах вэ? Энэ талаар судалж үзсэн ч тодорхой хариу олж мэдээгүй бол Еховад хэр зэрэг итгэдэг маань соригдож байна гэж үзэх хэрэгтэй. Библийн зарим хэсэг Еховагийн зан чанаруудыг хэр зэрэг сайн ойлгодгийн шалгуур болдог. Тийм үед, Еховагийн хийсэн аливаа зүйлд зан чанар нь шингэсэн байдгийг санацгаая. Еховагийн хийсэн бүхнийг нэгбүрчлэн ойлгохгүйгээ даруухнаар хүлээн зөвшөөрцгөөе (Ном. 11:5). Тэгвэл бид элч Паулын: «Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ? Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ? Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен» хэмээсэнтэй санал нийлэхээс өөр аргагүй болдог (Ром 11:33–36).

[Зүүлт]

^ Тооллого 14:11–20-д төстэй үйл явдлыг бичсэн байдаг.

^ Зарим эрдэмтний үзэж байгаагаар, Египетээс гарсан нь 32:10-т «Намайг орхи» гэж хөрвүүлсэн үгийг Ехова болон Израилийн хоорондох «зөрчил дунд зогсох» буюу зуучлах урилгыг Мосед өгсөн, тийм санал тавьсан гэж ойлгож болох ажээ (Дуу. 106:23; Езе. 22:30). Юутай ч, Мосе Еховад санал бодлоо зоволгүйгээр чөлөөтэй хэлж чадсан бололтой.

Санаж байна уу?

• Еховаг өөрсдийнхөө хэмжүүрээр шүүх хандлагаасаа зайлсхийхэд бидэнд юу туслах вэ?

• Есүсийн үйл хэргийг ойлгох нь Еховатай ойр дотно болоход ямар ач тустай вэ?

• Ехова Мосе Абрахам нартай хэрхэн харьцсанаас та юу мэдэж авсан бэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны зураг]

Ехова Мосе Абрахам нартай хэрхэн харьцсанаас бодол санааных нь тухайд юу мэдэж болох вэ?