Та итгэл нэгтнээ өөрөө эхэлж хүндэтгэдэг үү?
Та итгэл нэгтнээ өөрөө эхэлж хүндэтгэдэг үү?
«Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» (РОМ 12:10).
1, 2. а) Паул Ромчуудад бичсэн захидлаараа юу гэж зөвлөсөн бэ? б) Бид ямар ямар асуулт авч үзэх вэ?
БИЕ БИЕЭ хайрлах нь итгэл нэгтнүүдийн хувьд чухал гэдгийг элч Паул онцлоод, «хайр нь хоёр нүүргүй» байх ёстойг анхааруулсан. Мөн «ах дүүсийн хайр»-ын тухай дурдаад, «халуунаар хайрлах» ёстойг тэмдэглэжээ (Ром 12:9, 10а, МБОХ, 1996).
2 Ах дүүсийн хайраар хайрлах гэдэг нь бусдыг гэсэн халуун сэтгэлээ зүгээр л дотроо хадгалаад явна гэсэн үг биш юм. Тийм хайр үйл хэргээр илрэх ёстой. Тэгээд ч ямар нэг байдлаар илэрхийлэхгүй бол халуун хайрыг маань хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм учраас цааш нь Паул «бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн», өөрөө эхэлж хүндэтгэхийг зөвлөжээ (Ром 12:10б). Хүндэтгэх гэж юу гэсэн үг вэ? Итгэл нэгтнээ өөрөө эхэлж хүндэтгэх нь яагаад чухал бэ? Хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ?
Хүндэтгэх гэж юу гэсэн үг вэ?
3. Библийн эх бичигт гардаг «хүндэтгэх» гэдэг үг ямар утга илэрхийлдэг вэ?
3 Хүндэтгэх гэдэг санаа илэрхийлэхэд голчлон хэрэглэдэг еврей үгийг үгчлэн орчуулбал «хүнд» гэсэн утгатай. Олны хүндлэл хүлээсэн хүнийг эрхэм чухал, хүндтэйд тооцдог. Үүнтэй төстэй еврей үгийг Библид ихэвчлэн «алдар хүнд» гэж орчуулсан байдаг бөгөөд, энэ нь хүндэтгэл хүлээсэн хүнийг өндөр үнэлэх гэсэн утгыг бас илэрхийлдэг (Эх. 45:13). Хүндэтгэх гэж орчуулсан грек үг нь үнэлэх, эрхэмлэх, үнэтэйд тооцох гэсэн утга агуулдаг (Лук 14:10) Хүндэлж явдаг хүмүүс маань бидэндээ үнэ цэнэтэй.
4, 5. Хүнийг сэтгэлдээ хүндэтгэн үзэх, хүндэтгэлтэй харьцах хоёр ямар холбоотойг жишээгээр тайлбарлана уу.
4 Хүндэтгэх гэж юу гэсэн үг вэ? Хүндэтгэл бусдын тухай юу гэж боддогоос эхэлнэ. Тухайн хүний талаар ямар бодолтой явдаг нь түүнтэй харьцах харьцаанд нөлөөлдөг. Жишээ нь тэр хүнийг сэтгэлдээ хүндэтгэн үздэг бол хүндэтгэлтэй харьцах нь лавтай.
5 Христиан хүн итгэл нэгтнээ дотроо хүндэтгэдэггүй бол чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй харьцаж чадна гэж үү? (3 Иох 9, 10). Ургамлыг сайн хөрсөнд суулгасан цагт л ургаж цэцэглээд, гоё хэвээрээ байдаг шиг, хүндэтгэх сэтгэлийг зүрхнийхээ угт байлгасан цагт л бусдыг чин сэтгэлээсээ, цаг үргэлж хүндэтгэж чадна. Харин сэтгэл зүрхнийхээ угаас хүндэтгэхгүй бол ийм хүндэтгэл муу хөрсөнд суулгасан ургамал адил эрт орой хэзээ боловч «хатаж гандах» тавилантай. Тэгэхлээр Паул бусдыг хүндэтгэхийг уриалахын өмнө: «Хайр нь хоёр нүүргүй байг» гэж тодорхой хэлсэнд гайхах хэрэггүй (Ром 12:9; 1 Петр 1:22-ыг уншина уу).
Хүн «Бурханы дүр төрхөөр» бүтээгдсэн учир хүндэтгэгтүн
6, 7. Бусдыг хүндэтгэх ёстойн учир юу вэ?
6 Бусдад хүндэтгэл үзүүлэхийн нууц нь тэднийг чин сэтгэлээсээ хүндэтгэн үзэх явдал гэдгийг ярилцлаа. Тэгвэл итгэл нэгтнээ хүндэтгэх ямар ямар шалтгааныг Библид тайлбарласан байдаг вэ? Хоёрыг нь авч үзье.
7 Хүн «Бурханы дүр төрхөөр» бүтээгдсэнээрээ дэлхий дээрх бусад бүх бүтээлээс ялгаатай (Иак. 3:9). Тийм болохоор хайр, мэргэн ухаан, шударга ёс гэх мэтийн Бурхны зан чанар хүмүүст бий. Бүтээгч маань бидэнд өөр юу өгснийг анхааръя. Дуулалч: «ЭЗЭН, ... Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ. ... Та ... алдар ба хүндэтгэлийн титмийг [хүнд] өмсгөжээ» хэмээсэн байдаг (Дуу. 8:1, 4, 5; 104:1). * Бурхан хүн төрөлхтөнд тодорхой хэмжээний алдар ба хүндэтгэлийн титмийг өгчээ. Тийм учраас хэн нэгэнд хүндэтгэлтэй хандана гэдэг нь хүнд алдар, хүндэтгэлийг Ехова өгсөн гэж ухамсарладгийн шинж юм. Ямар ч хүнийг хүндэтгэх ийм хүндтэй шалтгаан байдгийг бодвол итгэл нэгтнээ бүр ч их хүндэтгэх нь лавтай! (Иох. 3:16; Гал. 6:10).
Бид нэг гэр бүлийн гишүүд
8, 9. Паулын хэлснээр итгэл нэгтнүүдээ хүндэтгэх ямар шалтгаан байдаг вэ?
8 Нэг нэгнээ хүндэтгэх ёстойн өөр нэг шалтгааныг Паул дурдсан. Тэрбээр хүндэтгэхийг уриалахынхаа өмнө: «Ахан дүүсийн хайраар бие биеэ хайрла» хэмээжээ. «Хайрла» гэж орчуулсан грек үг нь бие биеэ хайрлан дэмждэг гэр бүлийг нэгтгэдэг бат холбоо гэсэн утгатай. Паул христиан хурлын гишүүдийн харьцааг эв нэгдэлтэй гэр бүлийнх шиг бат бэх, халуун дотно байх учиртайг онцлох зорилгоор энэ үгийг хэрэглэжээ (Ром 12:5). Мөн түүнчлэн, Паул Еховагийн үрчилж авсан тослогдсон христиануудад хандан дээрх үгийг бичсэнийг анхаараарай. Тэд бүгдээрээ нэг Эцэгтэй учраас үнэхээр дотно, онцгой гэр бүл байсан юм. Тэгэхлээр Паулын үеийн тослогдсон христиануудад нэг нэгнээ хүндэтгэх хүндтэй шалтгаан байжээ. Энэ нь өнөөгийн тослогдсон христиануудын тухайд ч мөн ялгаагүй.
9 «Өөр хонинуудын» тухай юу хэлж болох вэ? (Иох. 10:16, ШГ). Тэд одоохондоо Бурхны үрчилж авсан хүүхдүүд биш ч, эв нэгдэлтэй, дэлхий дахины христиан гэр бүлийг бүрдүүлдэг учир нэг нэгнээ ах дүү гэж үздэг нь зүйн хэрэг (1 Петр 2:17; 5:9). Эв нэгдэлтэй, дэлхий дахины христиан гэр бүлд багтдагаа сайн ойлгодог бол эдгээр өөр хонинууд ч гэсэн итгэл нэгтнээ чин сэтгэлээсээ хүндэтгэх учиртай (1 Петр 3:8-ыг уншина уу).
Хүндэтгэх нь яагаад чухал бэ?
10, 11. Итгэл нэгтнээ хүндэтгэн үзэж, хүндэтгэлтэй харьцах нь яагаад чухал бэ?
10 Итгэл нэгтнээ хүндэтгэн үзэж, хүндэтгэлтэй харьцах нь яагаад чухал бэ? Итгэл нэгтэндээ хүндэтгэл үзүүлж байж хурлын эв нэгдэл, сайн сайханд асар их хувь нэмэр оруулна.
11 Жинхэнэ христианууд бид Еховатай дотно харьцаатай байж, сүнснийх нь дэмжлэгийг авахыг хүчтэй болох хамгийн үр нөлөөтэй арга гэж үздэг (Дуу. 36:7; Иох. 14:26). Үүний зэрэгцээ итгэл нэгтнүүд маань биднийг үнэлж эрхэмлэдгийг мэдэхлээр урамтай сайхан санагддаг (Сур. 25:11). Хэн нэг нь биднийг хүндэтгэдгээ үг яриа, үйл хэргээрээ илэрхийлэхэд сэтгэл сэргэдэг. Энэ нь амь руу хөтлөх замаар баяр хөөртэй, шийдвэртэй алхсаар байх хүч өгдөг. Та ч бас үүнийг биеэрээ амссан нь эргэлзээгүй.
12. Хурлын хамт олны халуун дотно харьцаанд хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?
12 Ехова бусдаар хүндэтгүүлэх гэсэн бидний төрөлхийн хэрэгцээг мэддэг учраас үгээрээ дамжуулан: «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» гэж уриалдаг нь зүйн хэрэг юм (Ром 12:10; Матай 7:12-ыг уншина уу). Хуучиршгүй энэ зөвлөгөөг зүрх сэтгэлээрээ хүлээж авдаг христиан бүр ах дүүгийн халуун дотно харьцаа холбоог батжуулахад хувь нэмэр оруулдаг. Тиймд түр саатан: «Би хурлынхаа итгэл нэгтнүүдийг чин сэтгэлээсээ хүндэтгэдгээ үгээрээ, үйлсээрээ хамгийн сүүлд хэзээ харуулсан билээ?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй (Ром 13:8).
Хүн бүрд өгсөн даалгавар
13. а) Бусдыгаа хэн нь эхлээд хүндэтгэх вэ? б) Ром 1:7-д байдаг Паулын үг хэнд хамаатай вэ?
13 Бусдыгаа хэн нь эхлээд хүндэтгэх вэ? Паул еврей христиануудад бичсэн захидалдаа христиан ахлагчдыг «удирдагчид» гэжээ (Евр. 13:17). Ахлагч хүн олон ажилд манлайлан оролцдог ч гэлээ, сүргийг хариулах хоньчны хувьд итгэл нэгтнээ төдийгүй бусад ахлагчийг өөрөө эхэлж хүндэтгэх хэрэгтэй. Жишээ нь, ахлагчид хурлынхаа сүнслэг хэрэгцээний тухай ярилцахаар цугларлаа гэж бодъё. Тийм үед бусад ахлагчийнхаа алиных нь ч саналыг анхааралтай сонсвол хүндэтгэж байна гэсэн үг. Мөн шийдвэр гаргах болоход бүх ахлагчийн санал бодлыг харгалзан үздэг нь хүндэтгэж буйн илрэл юм (Үйлс 15:6–15). Гэхдээ ромчуудад бичсэн Паулын захидал ахлагчдад төдийгүй хурлын бүх гишүүнд хамаатайг санах хэрэгтэй (Ром 1:7). Үүнийг бодвол өөрөө эхэлж хүндэтгэ гэсэн уриалга өнөөгийн бидэнд ч хамаатай.
14. а) Хүндэтгэл үзүүлэх, өөрөө эхэлж хүндэтгэх хоёрын ялгааг жишээгээр хэлнэ үү? б) Бид өөрсдөөсөө юу гэж асууж болох вэ?
14 Паулын өгсөн зөвлөгөөний нэг санааг анхааръя. Ром 12:10-т «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» гэж орчуулсныг эх хэлээр нь авч үзвэл, Паул бие биеэ хүндэтгэ гээд орхичихсон юм биш, өөрөө эхэлж хүндэтгэхийг Ром дахь итгэл нэгтнүүддээ уриалсан нь харагддаг. Өөрөө эхэлж хүндэтгэх нь зүгээр нэг хүндэтгэхээс юугаараа ялгаатай вэ? Нэг жишээ авъя. Багш нь бичиг үсэгт тайлагдсан сурагчдадаа уншиж сурах даалгавар өгөх үү? Үгүй. Тэд чинь хэдийн уншаад сурчихсан шүү дээ. Харин тэднийг илүү сайн уншиж сурахад нь тусална. Үүнтэй адилаар бид аль хэдийнээс бие биеэ хүндэлж сурсан хүмүүс. Учир нь жинхэнэ христиануудын онцлог шинж болсон хайрын ачаар бусдад ингэж ханддаг болсон (Иох. 13:35). Гэхдээ бичиг үсэгт тайлагдсан сурагчид улам ахихын тулд унших чадвараа сайжруулдаг шиг бид бас улам ахихын тулд өөрөө эхэлж хүндэтгэл үзүүлдэг байх учиртай (1 Тес. 4:9, 10). Энэ нь хүн нэг бүрд өгсөн тусгай даалгавар юм. Тиймээс, «Би хурлынхаа итгэл нэгтнүүдийг өөрөө эхэлж хүндэтгэдэг үү?» гэж өөрөөсөө асууж болно.
«Дорд нэгнийг» хүндэтгэх нь
15, 16. а) Ямар хүмүүсийг хүндэтгэхээ умартах ёсгүй вэ? Яагаад? б) Бүх итгэл нэгтнээ чин сэтгэлээсээ хүндэтгэдгээ хэрхэн мэдэж болох вэ?
15 Ямар хүмүүсийг хүндэтгэхээ умартах ёсгүй вэ? Бурхны Үгэнд: «Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ! Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна» гэж бичжээ (Дуу. 41:1). Энд байдаг зарчим бусдыг өөрөө эхэлж хүндэтгэхэд хэрхэн тус болох вэ?
16 Ихэнх хүмүүс өөрөөсөө дээгүүр байр суурьтай хүнд хүндэтгэл үзүүлэх талтай байдаг мөртлөө өөрөөсөө дорд гэж үздэг хүнд тийм ч хүндэтгэлтэй ханддаггүй эсвэл огт хүндэтгэдэггүй гэдэгтэй таны санал нийлэх байх. Харин Ехова тэгдэггүй. Тэрбээр: «Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ» хэмээн айлдсан (1 Сам. 2:30; Дуу. 113:5–7). Өөрийг нь хүндэтгэж, өөрт нь үйлчилдэг хэн бүхнийг Ехова хүндэтгэдэг. Тэрбээр «дорд нэгнийг» тоохгүй өнгөрдөггүй (Исаиа 57:15-ыг уншина уу; Ш.дэд 16:9). Бид Еховаг дууриахыг эрмэлздэг нь зүйн хэрэг. Бусдыгаа хэр зэрэг чин сэтгэлээсээ хүндэтгэдэг эсэхээ мэдэхийг хүсвэл өөрөөсөө: «Хуралд хариуцлагатай үүрэг хүлээгээгүй, хэнд ч анзаарагдаад байдаггүй хүнд би хэрхэн ханддаг вэ?» гэж асуух хэрэгтэй (Иох. 13:14, 15). Энэ асуултад хэрхэн хариулахаас бусдыгаа хэр зэрэг чин сэтгэлээсээ хүндэтгэдгээ мэдэж болно (Филиппой 2:3, 4-ийг уншина уу).
Цаг заваа харамгүй зориулах нь
17. Өөрөө эхэлж хүндэтгэх нэг гол арга юу вэ? Ингэх нь яагаад чухал бэ?
17 Хурлын бүх хүнийг өөрөө эхэлж хүндэтгэх нэг гол арга юу вэ? Тэдний төлөө цаг заваа харамгүй зориулах явдал юм. Яагаад тэгж хэлж болох вэ? Христианууд бид хувийн амьдралдаа ч завгүй, хурлын олон чухал үйл хэрэгт ч их цаг зарцуулаад зав багатай явдаг. Иймээс цаг бидэнд үнэтэй байх нь ч аргагүй. Итгэл нэгтнүүдийнхээ цаг заваас хэтэрхий ихийг авах ёсгүйгээ бид ойлгодог. Мөн түүнчлэн хурлынхан маань өөрсдийнхөө төлөө их цаг зав гаргахыг биднээс шаарддаггүйд нь бид талархдаг.
18. 18-р хуудсан дахь зурагт дүрсэлснээр, итгэл нэгтэндээ цаг заваа зориулахад бэлэн байгаагаа хэрхэн харуулж болох вэ?
18 Гэсэн хэдий ч бид (ялангуяа хуралд хоньчноор үйлчилдэг хүмүүс) өөрийнхөө ажлыг түр хойш тавиад, итгэл нэгтнүүддээ цаг зав гаргахад бэлэн байвал тэднийгээ хүндэтгэж байгаа хэрэг юм. Хийж байсан ажлаа зогсоогоод цаг заваа итгэл нэгтнүүддээ зориулбал бид нэг ёсондоо: «Би таныг эрхэмлэдэг учраас одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлэхээс тантай цагаа өнгөрүүлэхийг илүү чухал гэж бодож байна» хэмээн хэлж байгаатай адил юм (Марк 6:30–34). Гэтэл итгэл нэгтэндээ цаг заваа зориулахдаа дурамжхан байдаг бол намайг бараг тоож үздэггүй юм байна гэж бодоход хүрч мэднэ. Заримдаа зогсоох аргагүй яаралтай ажил байдаг нь ойлгомжтой. Гэлээ ч итгэл нэгтнээ хэр зэрэг чин сэтгэлээсээ хүндэтгэдэг нь бусдын төлөө цаг зав гаргахад бэлэн үү, эсвэл дурамжхан уу гэдгээс харагддаг (1 Кор. 10:24).
Өөрөө эхэлж хүндэтгэх шийдвэр төгс байгтун
19. Цаг заваа зориулахаас гадна өөр ямар аргаар итгэл нэгтнээ хүндэтгэж болох вэ?
19 Итгэл нэгтэндээ хүндэтгэл үзүүлэх өөр олон чухал арга байдаг. Жишээ нь тэдэнд цаг заваа зориулахын зэрэгцээ анхаарал тавих хэрэгтэй. Ехова энэ талаар сайхан жишээ үзүүлдэг. Дуулалч Давид: «ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг» гэж хэлсэн (Дуу. 34:15). Еховаг дууриан, ялангуяа тусламж гуйн ирэх итгэл нэгтнүүдээ ширтэн харж, чих тавин сонсох буюу тэдэнд анхаарлаа бүрэн хандуулахыг хичээцгээе. Ингэвэл тэднийгээ хүндэтгэдэг маань харагдана.
20. Хүндэтгэх талаар юу санаж явах ёстой вэ?
20 Дээр ярилцсан, итгэл нэгтнүүдээ чин сэтгэлээсээ хүндэтгэхийн учрыг сайн санаж явцгаая. Түүнээс гадна, бүх хүнийг, ялангуяа дорд хүмүүсийг өөрөө эхэлж хүндэтгэх боломжийг хайж явцгаая. Эдгээр алхмыг хийвэл хурлынхаа эв нэгдлийг хадгалж, ах дүүгийн холбоог зузаатгана. Тиймээс бүгдээрээ нэг нэгэндээ хүндэтгэл үзүүлээд зогсохгүй, өөрөө эхэлж хүндэтгэж явцгаая. Та тийм шийдвэр төгс байна уу?
[Зүүлт]
^ 8-р дуулалд гардаг Давидын үг зөгнөлийн утгаар төгс хүн Есүс Христэд хамаатай (Евр. 2:6–9).
Санаж байна уу?
• Бусдыг хүндэтгэх гэдэг нь юу гэсэн үг вэ?
• Итгэл нэгтнээ хүндэтгэх ямар ямар шалтгаан байдаг вэ?
• Нэг нэгнээ хүндэтгэх нь яагаад чухал бэ?
• Итгэл нэгтнээ хүндэтгэх ямар ямар арга байдаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[18-р хуудасны зураг]
Итгэл нэгтнээ хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ?