Охид хөвгүүд ээ, Бурхны Үгээр удирдуулаарай
Охид хөвгүүд ээ, Бурхны Үгээр удирдуулаарай
«Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав» (СУР. 4:5).
1, 2. а) Өөрийгөө ялахад нь элч Паулд юу тус болсон бэ? б) Яавал «мэргэн ухаан болон оюун ухааныг олж авах» вэ?
«САЙНЫГ үйлдэхийг хүсдэг миний дотор бузар муу нь байдаг». Энэ үгийг хэн хэлсэн билээ? Тийм ээ, элч Паул хэлсэн. Еховад хайртай түүнд ч зөв юм хийхэд хэцүү санагдах үе байжээ. Өөрөө өөртэйгөө тэмцэж байсан тэрбээр: «Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!» хэмээн бичжээ (Ром 7:21–24). Хүүхдүүд та нар Паулын сэтгэлийг ойлгож байна уу? Заримдаа та нарт зөв юм хийхэд хэцүү санагддаг уу? Тийм үед Паулын адил гонсойдог уу? Тэгвэл сэтгэлээр бүү унаарай. Паул тэр бүх зовлонгоо амжилттай давж чадсан, та нар ч бас чадна.
2 Паул «эрүүл үгсээр» удирдуулдаг байсан учраас амжилт олсон (2 Тим. 1:13, 14). Үүний ачаар бэрхшээлээ давж, зөв шийдвэр гаргах мэргэн ухаантай, ойлгох чадвартай болжээ. Ехова Бурхан та нарт ч бас «мэргэн ухаан болон оюун ухааныг» олж авахад тусална (Сур. 4:5). Тэрбээр өөрийн Үг Библиэр дамжуулан хамгийн сайн зөвлөгөө өгдөг (2 Тимот 3:16, 17-г уншина уу). Одоо, эцэг эхтэйгээ харьцахдаа, мөнгө төгрөг зарцуулахдаа, ганцаараа байхдаа Библийн зарчмын ач тусыг хэрхэн хүртэж болох тухай ярилцъя.
Эцэг эхтэйгээ харьцахдаа
3, 4. Эцэг эхийнхээ тогтоосон дүрэм журамд захирагдах нь хэцүү юм шиг санагддагийн учир юу вэ? Эцэг эхчүүд ямар учраас дүрэм журам тогтоодог вэ?
3 Эцэг эхийнхээ тогтоосон дүрэм журмыг дагаж амьдрахад чамд хэцүү байдаг уу? Яагаад тэр вэ? Илүү чөлөөтэй байх гэж хүсдэг чинь үүний нэг шалтгаан байж болох юм. Тэгж хүсэх нь гажууд юм биш л дээ. Хүн бүхэн ийм үеийг дайраад л гардаг. Гэхдээ эцэг эхийнхээ гэрт байгаа цагт тэдэндээ захирагдах ёстой шүү дээ (Еф. 6:1–3).
4 Эцэг эхийнхээ тогтоосон дүрэм журам, тавьсан шаардлагын цаад учрыг ойлговол тэдгээрийг сахиж мөрдөхөд илүү хялбар болно. Заримдаа чамд 18 настай Бриел * охиныхтой адилхан бодол төрдөг байх. Тэрбээр эцэг эхийнхээ тухай: «Тэд миний насан дээр байгаагүй юм шиг зан гаргадаг. Надад үг хэлэх ч, сонгох ч эрх байдаггүй. Аав ээж хоёр намайг дандаа жаахан хүүхэд шиг санадаг» хэмээн хэлсэн юм. Чи ч бас Бриел шиг, эцэг эх маань миний эрх чөлөөг арай дэндүү хааж боодог гэж боддог байж магадгүй. Гэхдээ эцэг эх чинь чамайг л гэсэндээ дүрэм журам гаргадаг юм шүү дээ. Түүнээс гадна, христиан эцэг эхчүүд үр хүүхдэдээ яаж санаа тавьдгаа Еховад тайлагнах үүрэгтэйгээ ойлгодог (1 Тим. 5:8).
5. Эцэг эхдээ дуулгавартай байх нь хүүхдүүд та нарт ямар ач тустай вэ?
5 Эцэг эхийнхээ тогтоосон дүрэм журмыг дагах нь банкнаас зээл авч, өр тавиад, түүнийгээ буцааж төлөхтэй адил юм. Өрөө цагт нь төлж, итгэл олбол банк дахин зээл олгохдоо дуртай байна. Үүнтэй адил, чи эцэг эхээ хүндэлж, тэдэнд дуулгавартай байх «өртэй» (Сургаалт үгс 1:8-ыг уншина уу). Хэдийчинээ дуулгавартай байна, эцэг эх чинь төдийчинээ эрх чөлөө олгоно (Лук 16:10). Харин үгэнд нь орохгүй яваад байвал банк зээлийн хэмжээгээ бууруулах юм уу эсвэл бүр зээл олгодоггүй шиг, эцэг эх чинь чиний эрх чөлөөг хязгаарлах юм уу, бүр хорьж мэднэ.
6. Эцэг эхчүүд үр хүүхдээ дуулгавартай болгон хүмүүжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
6 Эцэг эхчүүд үр хүүхдээ дуулгавартай болгон хүмүүжүүлэхийн тулд өөрсдөө үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй. Тэд өөрсдөө Еховагийн шаардлагыг дуртайяа биелүүлэн Бурхны хууль тушаалыг сахих нь ухаалаг гэдгийг харуулах учиртай. Ингэвэл хүүхдүүд ч мөн адил эцэг эхийнхээ тогтоосон дүрэм журмыг сахихыг ухаалаг гэж үздэг болно (1 Иох. 5:3). Түүнээс гадна, Ехова зарим асуудлаар үйлчлэгчдийнхээ саналыг сонссон тухай Библид гардаг (Эх. 18:22–32; Х.дээд 22:19–22). Эцэг эхчүүд та нар үр хүүхдийнхээ саналыг асуудаг уу?
7, 8. а) Зэмлүүлсэн хүүхдэд юу бодогддог вэ? б) Сахилга батын арга хэмжээний ач тусыг хүртэхийн тулд юу ойлгох хэрэгтэй вэ?
7 Буруу юм хийгээгүй байхад эцэг эх маань зэмлээд байна гэсэн бодол хүүхдэд төрж болох юм. Крейг гэдэг залуу: «Ээж өө болгоныг хайдаг мөрдөгч шиг санагддаг байсан» хэмээн ярьжээ. Заримдаа чамд Крейгтэй санал нийлэх үе гардаг байх.
8 Ер нь алдааг засах, сахилгажуулахад аашилж загнах нь олонтаа. Сахилга батын арга хэмжээ авахуулах бүрэн үндэс байлаа ч тэвчихэд тэр бүр амаргүйг Библид бичсэн байдаг (Евр. 12:11). Сахилга батын арга хэмжээг юу гэж үзэх хэрэгтэй вэ? Эцэг эх чинь чамайг хайрласандаа зэмлэдэг гэдгийг үргэлж санах хэрэгтэй (Сур. 3:12). Тэд чамайг муу зуршилд автахаас сэргийлж, сайн хэвшилтэй болоход туслахыг хүсдэг. Тэгээд ч сахилгажуулахгүй бол чамайг хайрладаггүйн шинж болно гэдгээ ойлгодог (Сургаалт үгс 13:24-ийг уншина уу). Түүнээс гадна, юм сурч, ахиц дэвшил гаргах нэг арга нь алдаа дутагдлаа ойлгох явдал юм. Эцэг эхийгээ аашилж зэмлэхэд гомдохын оронд, хэлсэн үгийнх нь цаана ямар ухаалаг зөвлөгөө байгааг олж хараарай. «Мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашгаас ч илүү, орлого нь шижир алтныхаас ч илүү» гэдэг шүү дээ (Сур. 3:13, 14).
9. Хэтэрхий хатуу шийтгэлээ гэж гомдохын оронд яах хэрэгтэй вэ?
9 Эцэг эхчүүд ч алддаг нь үнэн (Иак. 3:2). Тэд та нарыг зэмлэхдээ хааяа бодлогогүй үг хэлж магадгүй (Сур. 12:18). Юунаас болоод ингэдэг вэ? Сэтгэл санаа нь тавгүйтсэнээс болдог байж мэднэ. Эсвэл чамайг сайн хүмүүжүүлж чадахгүй байна гэж өөрийгөө буруутгаад бодлогогүй үг хэлчихдэг байж болох шүү дээ. Хэтэрхий хатуу шийтгэлээ гэж гомдохын оронд туслах гэсэн сэтгэлийг нь бодоод талархаж болохгүй гэж үү? Зэмлэлийг дуртайяа хүлээн авч сурвал том хүн болоход тустай.
10. Эцэг эхийнхээ зэмлэлийг дуртайяа хүлээж, сахилга батын арга хэмжээнийх нь ач тусыг илүү их хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?
10 Хүүхдүүд та нар эцэг эхийнхээ зэмлэлийг дуртайяа хүлээж, сахилга батын арга хэмжээнийх нь ач тусыг илүү их хүртмээр байна уу? Тэгвэл хүнтэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Чухам яаж? Эхлээд сонсоорой. Библид: «Сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг» гэж бичсэн байдаг (Иак. 1:19). Өөрийгөө зөвтгөхийг урьтал болголгүй, уураа барьж, эцэг эхийнхээ юу хэлэх гээд байгааг ойлгохыг хичээгээрэй. Тэдний яаж хэлснийг бус, юу хэлснийг анхаараарай. Дараа нь, буруугаа хүлээж, хариу хэлэхдээ хүндэтгэлтэй байгаарай. Ингэвэл үгийг нь сонсжээ гэж ойлгоод, эцэг эхийн чинь санаа амарна. Хэрэв учраа хэлмээр байвал яах вэ? Ер нь, эцэг эхийнхээ шаардлагыг биелүүлтлээ «амаа захирах» нь ухаалаг байдаг (Сур. 10:19). Үгийг нь сонссон гэдгийг эцэг эх ойлговол та нарыг сонсохдоо ч дуртай байна. Ингэж хэрсүү байх нь Бурхны Үгээр удирдуулдгийн шинж юм.
Мөнгө төгрөг зарцуулахдаа
11, 12. а) Бурхны Үг мөнгөнд яаж хандахыг уриалдаг вэ? Яагаад? б) Мөнгөө ухаалаг зарцуулахад эцэг эх чинь хэрхэн тусалж чадах вэ?
11 «Мөнгө бол хамгаалалт» гэж Библид бичсэн байдаг. Гэхдээ мэргэн ухаан мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй гэж цааш нь бичжээ (Ном. 7:12). Бурхны Үг мөнгөний талаар зөв үзэл бодолтой бай гэдгээс бус, мөнгийг хайрла гэдэггүй. Мөнгийг хайрладаг болохын аюулаас яагаад зайлсхийх хэрэгтэй вэ? Жишээ нь, хурц хутга сайн тогоочийн чухал багаж болдог. Харин тэр хутга анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хүний гарт орвол ноцтой хор хөнөөл учруулж мэднэ. Ухаалаг ашиглавал мөнгө үнэхээр тустай. Харин «баяжих хүсэлтэй хүмүүс» найз нөхөд, гэр бүл, тэр байтугай Бурхантай тогтоосон харьцаагаа золиослох нь олонтаа. Үүнээс болоод, «түмэн зовлонгоор өөрсдийгөө» сүлбэдэг (1 Тимот 6:9, 10-ыг уншина уу).
12 Мөнгөө хэрхэн зөв зарцуулж сурах вэ? Мөнгө төгрөгөө яаж зөв хуваарилж болохыг эцэг эхээсээ асууж болно. «Мэргэн нэг нь сонсож, мэдлэгээ тэлэх, ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөө авахын тулд» хэмээн Соломон бичжээ (Сур. 1:5). Анна гэдэг охин «мэргэн зөвлөгөө» өгөхийг эцэг эхээсээ хүсжээ. Тэрбээр: «Аав надад гэр бүлийн төсөв яаж гаргахыг зааж, мөнгө төгрөгөө зарцуулахдаа тооцоотой байхын чухлыг ойлгуулсан» гэж ярьсан юм. Ээж нь бас Аннад олон зүйлийг заажээ. «Юм худалдаж авахаасаа өмнө үнийг нь харьцуулах хэрэгтэйг би ээжээсээ сурсан» гэж Анна хэлсэн. Ач тус нь юу байсан бол? Тэрбээр: «Одоо би тооцоотой байж сурсан учраас мөнгөө юунд, яаж зарцуулахаа мэддэг. Мөнгөө дэмий үрж, өр тавьдаггүй учраас зовох юмгүй, амар тайван явдаг» гэж хариулжээ.
13. Мөнгөө зөв зарцуулахын тулд яаж өөрийгөө захирдаг болох вэ?
13 Огт төлөвлөөгүй мөртлөө харсан болгоноо худалдан авах юм уу, найзууддаа гайхуулах гэж мөнгө үрдэг бол өрөнд орох амархан. Ийм урхинд орохгүйн тулд яах вэ? Мөнгө зарцуулахдаа өөрийгөө захирдаг байх хэрэгтэй. 20 гаруй настай Елена үүнийг сурчээ. Тэрбээр: «Би найзуудтайгаа гадуур явахаасаа өмнө урьдчилан төлөвлөж, хэдэн төгрөгт багтааж юм авч болохоо тооцдог. ... Мөнгөө хамаагүй үрдэггүй, анх харангуутаа шууд авахаасаа өмнө үнийг нь харьцуулахыг зөвлөдөг хүмүүстэй хамт дэлгүүр явах нь ухаалаг юм байна гэдгийг бас ойлгосон» гэж ярьсан юм.
14. «Эд баялгийн хуурамч байдал»-аас сэрэмжлэх хэрэгтэйн учир юу вэ?
14 Мөнгө олох, мөнгөө зөв зарцуулах нь амьдралын нэг салшгүй хэсэг юм. Гэхдээ Есүс «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг» хүн жинхэнэ аз жаргалтай гэж хэлсэн (Мат. 5:3, ШЕ). Тэрбээр «эд баялгийн хуурамч байдал» гэх мэтийн зүйл хүнийг сүнслэг асуудалд дур сонирхолгүй болгох аюултайг анхааруулсан (Марк 4:19). Бурхны үгээр удирдуулж, мөнгөний талаар зөв үзэл бодолтой байх нь хэчнээн чухал бэ!
Ганцаараа байхдаа
15. Бурханд үнэнч эсэх чинь хэдийд хамгийн их соригддог вэ?
15 Бурханд үнэнч эсэх чинь хэдийд хамгийн их соригддог гэж боддог вэ? Хүмүүстэй хамт байхад уу? Ганцаараа байхад уу? Ер нь чи ажил, сургууль дээрээ байхдаа Бурхантай тогтоосон харьцаанд чинь хор хөнөөл учруулж болзошгүй аливаа зүйлд илүү сонор сэрэмжтэй байдаг байх. Харин амраад сонор сэрэмжээ сулруулсан үедээ ёс суртахууны хувьд сорилтод унах нь их байдаг биз дээ?
16. Ганцаараа байхдаа ч Еховад дуулгавартай байх хэрэгтэйн учир юу вэ?
16 Ганцаараа байхдаа ч Еховад дуулгавартай байх хэрэгтэйн учир юу вэ? Чи нэг бол Еховагийн сэтгэл зүрхийг өвтгөдөг, нэг бол баярлуулдаг гэдгээ битгий мартаарай (Эх. 6:5, 6; Сур. 27:11). Ехова «та нарын төлөө санаа тавьдаг» учраас хийж байгаа бүхэн чинь түүнд хамаатай шүү (1 Петр 5:7). Тэрбээр чамаас үгийг минь дуулаасай гэж хүсдэг. Энэ нь чамд л тустай (Ис. 48:17, 18). Еховад үйлчилж байсан эртний израильчуудын зарим нь заавар зөвлөгөөг нь үл тоомсорлоход Ехова гашуудсан (Дуу. 78:40, 41). Нөгөө талаас Ехова зөнч Даниелыг их хайрладаг байсан учир нэг тэнгэр элч түүнийг «ихэд хүндлэгддэг» гэж хэлсэн байдаг (Дан. 10:11). Учир нь Даниел олны дунд байхдаа ч, ганцаараа байхдаа ч Бурханд үнэнч байж чадсан юм (Даниел 6:10-ыг уншина уу).
17. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо ямар асуултыг өөрөөсөө асуух нь зүйтэй вэ?
17 Дэргэдээ хүнгүй үед Бурханд үнэнч байхын тулд «сайн мууг ялгах» чадвараа хөгжүүлээрэй. Дараа нь тэр чадвараа сайжруулж зөв гэж мэддэг юмаа хийгээрэй (Евр. 5:14). Жишээлбэл, хөгжим, кино, Интернетийн сайт сонгохдоо дараах асуултыг бодож үзвэл зөвийг нь сонгож, буруугаас нь зайлсхийж чадна. «Би үүнийг сонирхвол уян зөөлөн сэтгэлтэй болох уу? Эсвэл бусдын „гай гамшигт баясагч“ болох уу?» (Сур. 17:5). «„Сайныг хайрлахад“ туслах уу? Эсвэл „мууг үзэн ядахад“ маань саад болох уу?» (Ам. 5:15). Ганцаараа байхдаа хийдэг зүйл чинь чиний хувьд юу жинхэнэ үнэ цэнэтэй байдгийг харуулна (Лук 6:45).
18. Нууцаар буруу хэрэг хийдэг бол яах хэрэгтэй вэ? Яагаад?
18 Мэдсээр байж нууцаар буруу юм хийдэг бол яах хэрэгтэй вэ? «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ» гэдгийг санаарай (Сур. 28:13). Үргэлж буруу юм хийн, «Бурханы Ариун Сүнсийг» гомдоох нь мунхаг бус уу? (Еф. 4:30). Чи хийсэн буруу хэргээ Бурхан, эцэг эхдээ хэлэх үүрэгтэй. Ингэх нь чамд л ашигтай. Энэ талаар «чуулганы ахлагчид» чамд их тус болно. Шавь Иаков: «Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно» гэж хэлсэн байдаг (Иак. 5:14, 15). Үнэндээ нүглээ илчлэх нь ичгэвтэр бөгөөд үр дагавар нь таагүй байж болох юм. Гэхдээ зориг гарган тусламж гуйвал дараа дараагийн гашуун зовлонг амсахгүй бөгөөд мөс чанар зовохоо больж, сэтгэл уужирна (Дуу. 32:1–5).
Еховаг баярлуулаарай
19, 20. Ехова чамаас юу хүсдэг вэ? Чи юу хийх ёстой вэ?
19 «Жаргалтай Бурхан» Ехова чамайг ч бас жаргалтай байгаасай гэж хүсдэг (1 Тим. 1:11, ШЕ). Ехова чамайг их анхаарч сонирхдог. Зөв юм хийхийг хичээж байгааг чинь бусад хүн анзаарахгүй байлаа ч Ехова харж байдаг. Түүнээс юу ч нуух аргагүй. Тэрбээр сайн юм хийхийг хичээж байгаа чамайг дэмжих гэж хардгаас бус, гэм буруу олох гэж хардаггүй. «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм» (Ш.дэд 16:9).
20 Тийм учраас Бурхны Үгээр удирдуулан, заавар зөвлөгөөг нь хэрэгжүүлээрэй. Ингэвэл чи мэргэн ухаан, оюун ухааныг олж аваад, амьдралд тулгарах бэрхшээлийг даван туулж, чухал шийдвэр гаргаж чаддаг болно. Тэгээд эцэг эхээ баярлуулж, Еховагийн таалалд нийцээд зогсохгүй, жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна.
[Зүүлт]
^ Нэрийг өөрчлөв.
Хариулна уу
• Эцэг эхийнхээ зэмлэлийг дуртайяа хүлээж, сахилга батын арга хэмжээнийх нь ач тусыг илүү их хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?
• Мөнгө төгрөгийн талаар зөв үзэл бодолтой болох нь яагаад чухал бэ?
• Ганцаараа байхдаа ч Еховад үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]
[6-р хуудасны зураг]
Ганцаараа байхдаа Бурханд үнэнч байж чадах уу?