Skip to content

Гарчиг руу орох

Охид хөвгүүд ээ, үеийнхнийхээ нөлөөнд бүү автаарай

Охид хөвгүүд ээ, үеийнхнийхээ нөлөөнд бүү автаарай

Охид хөвгүүд ээ, үеийнхнийхээ нөлөөнд бүү автаарай

«Та нарын яриа ... давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» (КОЛ. 4:6).

1, 2. Бусдаас ялгарах нь охид хөвгүүдэд ямар санагддаг вэ? Яагаад?

 «ҮЕ тэнгийнхний дарамт шахалт». Чи энэ үгийг сонсохоор барахгүй, чухам юу байдгийг нь биеэрээ амссан байх. Хүүхдүүд чамаар буруу юм хийлгэх гэж оролдох үе байсан л биз дээ. Тэгэхэд нь чи яадаг вэ? «Заримдаа зүгээр л алга болоод өгчих юмсан гэж боддог. Эсвэл ангийнхантайгаа адилхан болбол ялгараад байхгүй амар гэж бодогддог» хэмээн 14 настай Кристофер хүү ярьсан юм.

2 Чи үе тэнгийнхнийхээ нөлөөнд амархан автдаг уу? Тийм бол яагаад? Гадуурхагдахыг хүсдэггүй учраас уу? Уг нь ч буруу биш л дээ. Томчууд хүртэл бусдаас ялгараад байхыг хүсдэггүй. Хөгшин, залуу хэн боловч ад үзэгдэх дургүй байдаг. Үнэндээ, зөв юм хийлээ гэхэд хүмүүс тэр бүр сайшаагаад байдаггүй. Есүс хүртэл энэ гашуун үнэнийг биеэрээ амссан. Тэглээ ч зөв юм хийхээ болиогүй. Зарим хүн Есүсийг дагаж, шавь нь болсон байхад, зарим нь Бурхны Хүүг ад үзэж, «хүндэтгээгүй» (Ис. 53:3).

Өөртэйгөө адилхан байлгах гэсэн үе тэнгийнхний чинь дарамт шахалт хэр зэрэг хүчтэй вэ?

3. Үе тэнгийнхнийхээ сэтгэлд нийцүүлэх нь яагаад алдаа болдог вэ?

3 Үе тэнгийнхэндээ гологдохгүйн тулд тэдний сэтгэлд нийцүүлэхийг хүсэх үе байж болох юм. Ингэвэл ч алдаа болно шүү. Христианууд хүүхэд адил «давалгаанд энд тэнд шидэгдэх» ёсгүй (Еф. 4:14). Жаахан хүүхэд бусдын нөлөөнд автамтгай байдаг. Харин чи том хүн болж яваа. Тийм учраас, Еховагийн хэм хэмжээ чиний сайн сайхны төлөө байдаг гэдэгт итгэдэг бол энэхүү итгэлийнхээ дагуу амьдрах үүрэгтэй (Д.хууль 10:12, 13). Үгүй бол өөрийгөө зөв залж чадахгүйд хүрнэ. Бусдын дарамт шахалтад бууж өгвөл үнэн хэрэгтээ тэдний гарын аясаар хөдөлдөг утсан хүүхэлдэй нь болж байгаагаас өөрцгүй юм (2 Петр 2:19-ийг уншина уу).

4, 5. а) Аарон бусдын нөлөөнд хэрхэн автсан бэ? Энэ явдлаас бид ямар сургамж авч болох вэ? б) Үеийнхэн чинь чамайг яаж дарамталж магадгүй вэ?

4 Нэгэн удаа Мосегийн ах Аарон бусдын нөлөөнд автжээ. Израильчуудыг өөрсдөдөө зориулж бурхан бүтээхийг шаардахад нь тэдний хүсэлтийг биелүүлсэн. Аарон хулчгар хүн байгаагүй. Өмнө нь тэрбээр Мосег Египетэд хамгийн эрх мэдэлтэй фараонтой уулзах үед хамт байж, Бурхнаас авсан мэдээгээ зоригтой тунхаглаж явсан. Гэсэн хэдий ч израильчууд өөрийг нь дарамтлахад бууж өгчээ. Бусдын нөлөө үнэхээр хүчтэй байгаа биз! Аарон Египетийн хааны дарамт шахалтыг тэвчиж чадсан мөртлөө израильчуудын нөлөөнд амархан автжээ (Ег. 7:1, 2; 32:1–4).

5 Нас залуу, эсвэл муу юм хийхийг хүсдэг хүн л бусдын нөлөөнд автдаг юм биш гэдгийг Ааронд тохиолдсон явдал харуулдаг. Зөв юм хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг чам шиг хүмүүс ч үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад автах аюул бий. Үеийнхэн чинь чамайг дарамталж уруу татахдаа өднө, муулна, хорон үг хэлнэ. Аль нь ч байлаа гэсэн тэдгээрийг эсэргүүцэх амаргүй. Гэхдээ үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байя гэвэл эхлээд юу хийх хэрэгтэй вэ? Итгэж үнэмшдэг зүйлээ үнэн гэсэн баталгааг олж авах хэрэгтэй.

«Өөрсдийгөө батал»

6, 7. а) Итгэл үнэмшлээ зөв гэсэн баталгаа олж авах нь яагаад чухал бэ? Итгэлээ улам батжуулахын тулд яах хэрэгтэй вэ? б) Итгэлээ батжуулахын тулд ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

6 Үе тэнгийнхнийхээ нөлөөнд автахгүйн тулд итгэл үнэмшил, баримталдаг хэм хэмжээгээ зөв гэсэн баталгааг олж авах хэрэгтэй (2 Коринт 13:5-ыг уншина уу). Тийнхүү баталбал чи угийн ичимхий байлаа ч зоригтой болно (2 Тим. 1:7, 8). Хэчнээн зоригтой хүн ч ямар нэг зүйлд хагас дутуу итгэдэг бол түүнийгээ тууштай дэмжинэ гэж байхгүй шүү дээ. Библиэс сурч мэдсэн зүйлээ үнэхээр үнэн гэсэн баталгааг олж аваарай. Эхлээд үндсэн сургаалд итгэдэг эсэхээ шалгаж үзээрэй. Жишээлбэл, чи Бурханд итгэдэг биз дээ. Бас Бурхан байдагт итгэдэг учраа ярьж байхыг нь хүмүүсээс бишгүй л сонссон байх. Тэгвэл одоо өөрөөсөө: «Бурхан байдагт би яагаад итгэдэг вэ?» гэж асуугаарай. Ингэж асуудаг нь эргэлзээ төрүүлэх бус, харин итгэлийг чинь батжуулах зорилготой. Түүнчлэн дараах асуултуудыг бодож үзээрэй. «Библийг Бурхан бичүүлснийг би хаанаас олж мэдсэн бэ?» (2 Тим. 3:16). «Одоо „эцсийн өдрүүд“ гэдэгт би яагаад итгэдэг вэ?» (2 Тим. 3:1–5). «Еховагийн тогтоосон хэм хэмжээ үнэхээр миний сайн сайхны төлөө байдаг гэдэгт би яагаад итгэдэг вэ?» (Ис. 48:17, 18).

7 Хариулж чадахгүй гэж бодоод ийм асуултыг өөртөө тавихаасаа айж байж болох юм. Гэхдээ энэ нь шатахуун дууссан гэж айгаад машиныхаа хянах самбараас шатахууны заагуурыг харахаас айж байгаатай адил юм. Шатахууны сав хоосорсныг мэдвэл дараа нь юу хийх хэрэгтэйгээ мэднэ. Түүнтэй адилаар, юун дээр итгэл дутаж байгаа, итгэлээ батжуулахын тулд яах ёстойгоо мэдэх нь сайн (Үйлс 17:11).

8. Садар самууныг цээрлэ хэмээсэн Бурхны тушаалыг сахих нь ухаалаг гэдэгт итгэдгээ хэрхэн бататгаж болох вэ?

8 Нэг жишээ авъя. Библид: «Садар самуун явдлаас зугтан явагтун» гэж байдаг. «Энэ тушаалыг сахих нь яагаад ухаалаг гэж хэлж болох вэ?» гэсэн асуултыг өөртөө тавиарай. Үеийнхэн чинь яагаад садар самуун явдалд орооцолддогийг бүх талаас нь бодож үзээрэй. Садар самуун явдалтай хүн «өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэгийн» янз бүрийн шалтгааныг эргэцүүлэн бодоорой (1 Кор. 6:18). Тэгээд тэдгээр шалтгааныг дүгнэж: «Аль замаар нь явбал хамгийн сайн бэ? Садар самуун үйлдэх нь үнэхээр гэмгүй юү?» гэж өөрөөсөө асуугаад, «Хэрэв би садар самуун үйлдвэл дараа нь надад ямар санагдах бол?» гэдгийг нухацтай бодоорой. Чи үе тэнгийнхэндээ шууд л таалагдаж магадгүй. Гэхдээ дараа нь эцэг эх юм уу, итгэл нэгтнүүдийнхээ нүүрийг яаж харах вэ? Бурханд залбирах гэхэд ямар санагдах вэ? Зөвхөн ангийнхаа хүүхдүүдэд таалагдах гэсэндээ, Бурхны өмнө хадгалсаар ирсэн цэвэр ариун байдлаа золиослох юм гэж үү?

9, 10. Итгэж үнэмшдэг зүйлээ үнэн гэж баттай мэддэг байх нь үе тэнгийнхэнтэйгээ илүү итгэлтэй ярихад хэрхэн туслах вэ?

9 Хэрэв чи өсвөр насных бол эргэцүүлэн бодох чадвар чинь илүү хөгжиж яваа насан дээрээ байна гэсэн үг (Ром 12:1, 2-ыг уншина уу). Энэ боломжийг ашиглаад, Еховагийн Гэрч байна гэдэг чиний хувьд юу гэсэн үг болохыг нухацтай бодоорой. Ингэж эргэцүүлэн бодвол итгэж байгаа зүйлээ үнэн гэсэн баталгааг олж авна. Тэгээд үе тэнгийнхэн чинь дарамталсан ч итгэлтэйгээр няцааж чадна. Нэг христиан бүсгүй: «Дарамтыг давна гэдэг нь өөрийнхөө хэн гэдгийг хүмүүст мэдүүлж байгаа хэрэг юм. „Ямар нэгэн шашин“-аас болоод ингэдэг юм биш. Энэ бол миний үзэл бодол, зорилго, ёс суртахуун, амь амьдралын минь салшгүй хэсэг» гэж хэлсэн шиг чи ч яг тийм бодолтой болно.

10 Тийм ээ, зөв гэж мэддэг зүйлдээ тууштай байхын тулд чармайх хэрэгтэй (Лук 13:24). Ингэх нь тийм чухал юм уу гэж чи бодож магадгүй. Гэхдээ мэдэж, итгэдэг зүйлээсээ ичих юм уу, эсвэл гэмшингүй царай гаргавал хүмүүс үүнийг чинь дор нь анзаараад бүр их дарамталж магадгүйг бүү мартаарай. Харин бат итгэлтэй яривал үе тэнгийнхнийхээ дарамтлахаа болихыг хараад чи лав гайхна даа (Лук 4:12, 13-тай харьцуулна уу).

«Яаж хариулахаа цэгнэх нь»

11. Урьдаас бэлтгэх нь ямар ач тустай вэ?

11 Үе тэнгийнхний нөлөөнд автахгүй байх бас нэг чухал алхам бол бэлтгэл юм (Сургаалт үгс 15:28-ыг уншина уу). Бэлтгэнэ гэдэг нь ямар нөхцөл байдалтай тулгарч болохыг урьдчилан бодохыг хэлдэг. Бүр өмнөөс бодчихсон байхад л томоохон саадыг давж чадна. Тухайлбал, чи явж байгаад ангийнхаа хүүхдүүдийн тамхи татаж байгааг холоос харжээ. Тэд чамайг бас тамхи тат гэх болов уу? Ямар асуудалтай тулгарах гэж байгаагаа ойлгосон бол яах вэ? Сургаалт үгс 22:3-т: «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» гэж байдаг. Өөр замаар явбал ямар ч асуудалтай тулгарахгүй өнгөрч магадгүй. Энэ нь айж хулчийсан хэрэг биш, харин ч ухаалаг алхам юм.

12. Дарамт шахалтыг хэрхэн амжилттай эсэргүүцэж болох вэ?

12 Хэрэв тойроод явах аргагүй бол яах вэ? Жишээ нь, үе тэнгийнхэн чинь чамаас: «Чи одоо болтол найз охинтой (хөвгүүнтэй) болоогүй юм уу?» гэж асуужээ. Колоссай 4:6-д байдаг, «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» хэмээсэн зөвлөгөөг дагаарай. Энд бичсэнээр, яаж хариулах вэ гэдэг нь нөхцөл байдлаас шалтгаална. Ер нь Библийн тухай лекц унших шаардлага байхгүй. Энгийн боловч эрс шийдэмгий хариулахад л болно. Жишээ нь, дээрх асуултад зүгээр л «Тийм», эсвэл «Энэ бол миний хэрэг» гэж хариулж болно.

13. Үе тэнгийнхний эрээ цээргүй асуултад хариулахдаа хэрсүү байх хэрэгтэйн учир юу вэ?

13 Есүс юу ч яриад нэмэргүй үед товчхон хариулдаг байсан. Тэр байтугай, Херодын асуултад юу ч хариулаагүй (Лук 23:8, 9). Ер нь, эрээ цээргүй асуултад хариулахгүй байсан нь дээр (Сур. 26:4; Ном. 3:1, 7). Нөгөө талаас зарим хүүхэд, тэр бүү хэл, чамайг эхлээд муулж байсан хүүхэд хүртэл чиний итгэл үнэмшлийг, тухайлбал, бэлгийн харилцааны ёс суртахууны талаарх үзэл бодлыг чинь үнэхээр сонирхож байгааг чи анзаарч болох юм (1 Петр 4:4). Тийм үед Библийн үндэстэй итгэл үнэмшлээ илүү дэлгэрэнгүй тайлбарлах нь зохистой. Бүү айж зүрхшээгээрэй. «Хариу өгөхөд ямагт бэлэн» байгаарай (1 Петр 3:15).

14. Зарим тохиолдолд хэрхэн эвийг нь олоод хариу шахалт үзүүлж болох вэ?

14 Зарим тохиолдолд чи өөрөө хариу шахалт үзүүлж болох юм. Гэхдээ эвийг нь олох хэрэгтэй. Жишээ нь, ангийн чинь хүүхэд тамхи татахыг ятгавал чи: «Үгүй, баярлалаа» гэчихээд, «Чам шиг ийм ухаантай хүүхдийг тамхи татдаг гэж бодсонгүй!» гэж хэлж болно. Энэ нь хариу шахалт үзүүлж байгаа хэрэг. Тэр хүүхэд тамхи татдаггүйн чинь учрыг чамаас асуухгүй, харин өөрөө тамхи татдагийнхаа учрыг өөрөөсөө асуухад хүрнэ.

15. Дарамтлаад байгаа хүүхдүүдээс хэдийд зугтах нь тохиромжтой вэ? Яагаад?

15 Хэчнээн хичээгээд ч үеийнхэн чинь чамайг дарамталсаар байвал яах вэ? Зүгээр л яваад өгсөн нь дээр. Явахгүй байгаад байвал довтолгоо улам ширүүснэ шүү. Тийм учраас, тэндээс хурдхан холдоорой. Ингэлээ гээд ялагдсан хэрэг биш, харин ч ялсан гэсэн үг. Учир нь чи бусдын гарын аясаар хөдөлдөг утсан хүүхэлдэй бололгүй, Еховагийн зүрхийг баярлуулсан шүү дээ (Сур. 27:11).

Ашигтай төлөвлөгөө

16. Христиан гэж нэрийддэг хүүхдүүдийн зүгээс ямар дарамт учирч болзошгүй вэ?

16 Заримдаа Еховагийн үйлчлэгч гэж нэрийддэг хүүхдүүд зохисгүй юманд уруу татахыг оролдож болох юм. Жишээ нь, тийм хүүхдийн зохион байгуулсан үдэшлэгт очтол, харгалзах том хүн байхгүйг анзаарвал яах вэ? Эсвэл өөрийгөө христиан гэж хэлдэг хүүхэд согтууруулах ундаа авчирчээ. Гэтэл нийллэгт ирсэн хүүхдүүд бүгдээрээ насанд хүрээгүй бол яах вэ? Энэ мэтээр янз бүрийн нөхцөл байдал үүсэж болзошгүй. Тийм үед Библиэр сургасан мөс чанартаа захирагдах хэрэгтэй болно. 16 настай нэг христиан охин: «Найзуудтайгаа нэг кино үзэх болсон юм. Гэтэл тэр кинонд хараалын үг их гарч байгааг анзаараад дүү бид хоёр гараад явлаа. Бусад хүүхэд үлдсэн. Аав ээж маань биднийг магтаж билээ. Харин нөгөө хүүхдүүд өөрсдийг нь эвгүй байдалд оруулсан гээд бидэнд уурласан» гэж ярьжээ.

17. Үдэшлэг уулзалтад явахдаа Бурхны хэм хэмжээг зөрчихгүйн тулд ямар ямар алхам хийж болох вэ?

17 Библиэр сургасан мөс чанартаа захирагдахад эвгүй байдалд ч орж болохыг дээрх явдал харуулж байна. Тэглээ ч гэсэн зөв гэж мэддэг юмаа хийгээрэй. Урьдчилж бэлтгээрэй. Үдэшлэг уулзалтад явж байгаа бол, санаандгүй юм боллоо гэхэд тэндээс хурдхан гарах төлөвлөгөөтэй байгаарай. Зарим хүүхэд аав ээжтэйгээ тохиролцон, гэртээ эрт харихыг сануулж утасдаарай гэж хэлдэг (Дуу. 26:4, 5). Тийм «төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» (Сур. 21:5).

«Идэр насандаа баярлаж цэнгэ»

18, 19. а) Ехова чамайг жаргалтай байгаасай гэж хүсдэгт итгэхийн учир юу вэ? б) Үе тэнгийнхнийхээ нөлөөнд автахгүй байвал Бурханд ямар санагддаг вэ?

18 Ехова чамайг амьдралын баяр баясгалан эдлээсэй гэж бүтээсэн бөгөөд аз жаргалтай байгаасай гэж хүсдэг (Номлогчийн үгс 11:9-ийг уншина уу). Үе тэнгийнхний чинь амсаж эдэлдэг зүйл бол ердөө л «нүглийн цаг зуурын жаргал» гэдгийг битгий мартаарай (Евр. 11:25). Жинхэнэ Бурхан үүнтэй харьцуулшгүй сайн сайхныг хүсдэг. Чамайг үүрд мөнх жаргалтай амьдруулах хүсэлтэй. Тийм учраас, Бурханд таалагддаггүйг нь мэдсээр байж хийчихмээр санагдвал Еховагийн шаарддаг зүйл эцэстээ чамд ач тусаа заавал өгнө гэдгийг санаарай.

19 Охид хөвгүүд та нар үеийнхэндээ таалагдлаа ч хэдэн жилийн дараа тэдний ихэнх нь та нарын нэрийг ч санахгүй л болов уу. Харин үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байхыг хичээдэг бол Ехова үүнийг чинь ажиглаж байдаг бөгөөд үнэнч байсныг чинь хэзээ ч мартахгүй. Тэрбээр «та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгана» (Мал. 3:10). Түүнээс гадна, дутууг чинь дүүргэхийн тулд ариун сүнсээ өгөөмрөөр өгнө. Үе тэнгийнхнийхээ нөлөөнд автахгүй байхад чинь Ехова заавал тусална!

Санаж байна уу?

• Бусдын нөлөө хэр зэрэг хүчтэй вэ?

• Итгэлтэй байх нь үе тэнгийнхнийхээ нөлөөнд автахгүй байхад хэрхэн туслах вэ?

• Үе тэнгийнхний зүгээс учрах дарамтад хэрхэн бэлтгэж болох вэ?

• Чамайг үнэнч байгааг Ехова үнэлдгийг чи хаанаас мэддэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[8-р хуудасны зураг]

Аарон алтан тугал хийхийг зөвшөөрсний учир юу вэ?

[10-р хуудасны зураг]

Юу гэж хэлэхээ урьдчилан бэлтгээрэй