Skip to content

Гарчиг руу орох

Жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байгтун

Жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байгтун

Жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байгтун

«Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна» (МАТ. 9:37).

1. Хүн яарахлаараа яадаг вэ?

 ТА нэг хүнд маш чухал бичиг баримтыг өдөртөө багтааж өгөх боллоо гэж бодъё. Яах вэ? Эхлээд тэр бичиг баримт дээр «ЯАРАЛТАЙ!» гэсэн тэмдэг тавина. Тэгээд нөгөө хүнтэйгээ уулзахаар замдаа гарлаа. Гэтэл хариугүй хоцрох нь ээ. Яах вэ? «ЯАРАЛТАЙ ажлаар явна. Хурдлаарай!» гэж жолоочийг шавдуулах биз. Тийм ээ, заавал амжуулах ёстой чухал ажил байгаад, цаг нь тулчихсан бол сандраад, тайван байж чадахгүй. Сэтгэл догдолж, хамаг хүчээ шавхан, аль болохоор хурдан амжуулах гэж мэрийнэ. Яаралтай учраас тэр шүү дээ!

2. Орчин үеийн жинхэнэ христиануудын хийх ёстой хамгийн яаралтай ажил юу вэ?

2 Орчин үеийн жинхэнэ христиануудын хувьд бүх үндэстэнд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэхээс өөр яаралтай ажил байхгүй (Мат. 24:14; 28:19, 20). Шавь Марк Есүсийн хэлсэн үгийг иш татахдаа энэ ажлыг «эхлээд» буюу төгсгөл ирэхээс өмнө хийх ёстойг тэмдэглэжээ (Марк 13:10). Энэ нь ч зөв юм. Учир нь Есүс: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна» гэж хэлсэн. Ер нь ургац хураах ажлыг хойшлуулж болдоггүй. Улирал нь дуусахаас урьтаж заавал хийх ёстой байдаг (Мат. 9:37).

3. Дэлгэрүүлэх ажлыг яарах сэтгэлээр хийх хэрэгтэйг мэдсэн хүн яадаг вэ?

3 Дэлгэрүүлэх ажил ийм чухал учраас бид аль болох их цаг, хүч зарцуулж, анхаарлаа хандуулбал зохино. Олон хүн ийнхүү зүтгэж байгааг магтууштай. Зарим хүн амьдралаа энгийн болгож, эхлэгч юм уу миссионер болж бүрэн цагаар дэлгэрүүлдэг. Эсвэл Бетелд үйлчилдэг. Тэд үнэхээр завгүй хүмүүс. Олон юмаа золиосолсон ч байж магадгүй. Бас тэдэнд чамгүй их бэрхшээл тулгардаг. Гэсэн ч Ехова тэднийг өгөөмрөөр ивээдэг. Тийм хүмүүст баярлахгүй байхын аргагүй (Лук 18:2830-ийг уншина уу). Зарим нь бүрэн цагаар үйлчлэх боломжгүй ч амь аврах энэхүү ажилд, ялангуяа, үр хүүхдийнхээ амь насны төлөө аль болох олон цаг зарцуулдаг (Д.хууль 6:6, 7).

4. Зарим хүн юунаас болоод яарах сэтгэлээ алддаг вэ?

4 Дээр ярилцсанаас үзвэл, цаг нь тулчихсан юм уу дуусах дөхчихсөн ажилд хүн их яардаг. Бид төгсгөлийн цаг үед амьдарч байна. Үүнийг Библийн болон түүхийн олон баримт баталдаг (Мат. 24:3, 33; 2 Тим. 3:1–5). Гэсэн хэдий ч төгсгөл яг хэзээ ирэхийг мэддэг хүн байхгүй. Есүс «үеийн төгсгөлийн» «шинж тэмдгийг» тайлбарлахдаа: «Тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ» гэж онцлон хэлжээ (Мат. 24:36). Тийм учраас, зарим хүн, ялангуяа олон жил яарах сэтгэлээр үйлчилж байсан хүн жил өнгөрөх тусам тэр сэтгэлээ гээж мэднэ (Сур. 13:12). Танд тэгж санагдах үе гардаг уу? Өнөөдөр Ехова Бурхан болон Есүс Христийн өгсөн даалгаврыг үргэлж яарах сэтгэлээр хийхэд юу туслах вэ?

Есүсийн жишээг санагтун

5. Бурханд үйлчлэхдээ Есүс яарах сэтгэлийг хэрхэн илэрхийлсэн бэ?

5 Бурханд яарах сэтгэлээр үйлчилж байсан хүмүүсээс Есүс Христ хамгийн сайн жишээ үзүүлсэн нь ойлгомжтой. Тэрбээр ердөө гурван жил хагасын дотор ихийг амжуулах ёстой байсан нь яарах нэг шалтгаан болжээ. Цаг хугацаа давчуу байсан ч Есүс жинхэнэ шүтлэгийн төлөө хэнээс ч илүү ихийг хийсэн. Тэрбээр Эцгийнхээ нэр, санаа зорилгыг хүмүүст мэдүүлж, Хаанчлалын тухай сайн мэдээг тунхаглаж, шашны удирдагчдын хоёр нүүр, буруу сургаалыг илчилж, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үхэн үхтэлээ дэмжсэн. Хүчээ үл хайрлан, нутаг орноороо хөндлөн гулд явж, хүмүүст зааж, тусалж, өвчнийг нь эдгээж байсан (Мат. 9:35). Энэ богинохон хугацаанд ийм их юм амжуулсан хүн байхгүй. Есүс байгаа боломжоо шавхан нөр их хөдөлмөрлөсөн (Иох. 18:37).

6. Есүс амьдралдаа юуг гол болгосон бэ?

6 Есүс юуны учир эцэж цуцахыг мэдэхгүй үйлчилсэн бэ? Еховагийн цагийн хуваарийн дагуу хэдий хэрийн хугацаанд ажлаа хийж гүйцэтгэхээ Есүс Даниелын зөгнөлөөс мэдэж байсан нь лавтай (Дан. 9:27). Тийм учраас, зөгнөлд дурдсанчлан, «долоон хоногийн дунд» буюу гурван жил хагасын дараа дэлхий дээрх үйлчлэлээ гүйцээсэн. МЭ 33 оны хавар Иерусалимд хааны ёсоор ирснийхээ дараахан Есүс: «Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ» гэжээ (Иох. 12:23). Үхэх цаг нь ойртсоныг мэдэж байсан ч үүнд хамаг анхаарлаа төвлөрүүлээгүй. Мөн үүнээс болоод л нөр их хөдөлмөрлөсөн юм биш ээ. Харин ч боломж бүрийг алдалгүй ашиглан, Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлж, хүмүүст хайраа илэрхийлж байсан. Тийн хайрладаг учраас шавь нараа цуглуулан тэднийг сургаж, дэлгэрүүлэх ажилд илгээсэн. Үүний учир нь эхлүүлснийг нь үргэлжлүүлж, өөрийнх нь хийж байснаас ч илүү агуу ажлыг гүйцэтгээсэй гэснийх ажээ (Иохан 14:12-ыг уншина уу).

7, 8. Есүс сүмийг цэвэрлэхэд шавь нарт нь юу бодогдсон бэ? Яагаад Есүс ингэхэд хүрсэн бэ?

7 Есүс хэр их хичээл зүтгэлтэй байсныг харуулах нэг үйл явдлыг авч үзье. МЭ 30 оны Дээгүүр өнгөрөх баярын үеэр буюу дэлхий дэх үйлчлэлээ эхлээд удаагүй байхад нь энэ явдал болжээ. Есүс шавь нарынхаа хамт Иерусалимд ирж, «сүмийн дотор үхэр, хонь, тагтаа худалдаалагчид, мөн мөнгө солигчдын сууж байхыг» харжээ. Тэгээд яасан бэ? Багшийгаа хараад шавь нарт нь юу бодогдсон бэ? (Иохан 2:13–17-г уншина уу).

8 Тэр үед Есүсийн хэлсэн үг, хийсэн үйлдлээс болж шавь нар нь Давидын зохиосон нэгэн дуулалд байдаг: «Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгив» хэмээсэн зөгнөлийн үгийг санасан биз ээ (Дуу. 69:9). Учир нь, Есүсийн үйлдэл өөрт нь гай тарихаар байв. Тэгээд ч сүмд хийж байсан хууль бус бизнесийн цаана тахилчид, хуулийн багш нар гэх мэтийн сүмийн эрхтэн дархтнууд байсан. Есүс тэдний башир аргыг илчилж, таслан зогсоох гэснээс болж өөрийгөө тухайн үеийн шашны удирдагчдын дайсан болгосон. Шавь нарынх нь зөв дүгнэснээр, Бурхны өргөө буюу жинхэнэ шүтлэгийн төлөөх хичээл зүтгэл тодорхой болсон. Тэгвэл хичээл зүтгэл гэж юу вэ? Яарах сэтгэлээс ялгаатай юу?

Яарах сэтгэл хичээл зүтгэл хоЁрын ялгаа

9. Хичээл зүтгэлийг юу гэж тайлбарлаж болох вэ?

9 «Хичээл зүтгэл» гэдэг үгийг нэгэн тольд «аливаа зүйлийн төлөөх чармайлт, мэрийлт» хэмээн тодорхойлж, ойролцоо утгатай үг нь хүсэл тачаал, ааг омог, гал цог, урам зориг гэжээ. Есүсийн үйлчлэлийг энэ бүх үг хэллэгээр илэрхийлж болно. Тийм учраас, Библийн нэг орчуулгад: «Таны суух газрыг хайрлах хайр намайг гал мэт шатаачихна» гэж хөрвүүлжээ (Иох. 2:17, ШГ). Сонирхолтой нь, азийн зарим хэлэнд «хичээл зүтгэл» гэдэг үг шатаж байгаа юм шиг «халуун зүрх» гэсэн утгатай хоёр ханз үсгээс бүрддэг. Сүмд Есүсийн хийсэн бүхнийг шавь нар нь хараад Давидын үгийг санасанд гайхах хэрэггүй. Есүс юунаас болоод зүрхээ гал дээр тавьсан мэт шатааж, ийм үйлдэл хийсэн бэ?

10. Библид бичсэн «хичээл зүтгэл» гэдэг үг ямар утгатай вэ?

10 Давидын дуулалд гардаг «хичээл зүтгэл» гэдэг үг нь Библийн бусад номд ихэнхдээ «хартай» гэж орчуулдаг еврей үгнээс гаралтай ажээ. «Шинэ ертөнцийн орчуулга»-д энэ үгийг «зөвхөн өөрт нь үнэнч байхыг шаарддаг» гэж хөрвүүлжээ (Египетээс гарсан нь 20:5; 34:14; Иошуа 24:19-ийг уншина уу). Библийн нэгэн тольд: «Голдуу гэр бүлийн харилцааны тухай ярихад энэ үгийг хэрэглэдэг. ... Нөхөр юм уу эхнэр нь хардах буюу өөрөөс нь өөр хэнийг ч хайрлахгүй байхыг ханиасаа шаарддаг шиг Бурхан ч гэсэн өөрийнхөө хүмүүсээс зөвхөн өөрт нь үнэнч байж, дэмжихийг шаардах эрхтэй» хэмээн тайлбарлажээ. Тэгэхлээр, Библид бичсэн хичээл зүтгэл гэдэг үг нь тодорхой нэг зүйлийн төлөө, тухайлбал, дуртай спортынхоо төлөө гаргадаг хөгжөөн дэмжигчдийнх нь ааг омог, урам зоригоос илүү гүнзгий утгатай юм. Давид юуны төлөө хичээл зүтгэл гаргадаг байсан бэ? Еховатай өрсөлдөх, Еховагийн нэрийг гутаан доромжлохыг үл тэвчсэндээ, мөн бусдын нэр хүндийг хамгаалах, бусдад учирсан хор хохирлыг арилгахын төлөө хичээл зүтгэл гаргадаг байсан.

11. Есүс ямар учраас хичээл зүтгэл гаргасан бэ?

11 Шавь нар нь сүмд Есүсийн хийсэн үйлдлийг Давидын бичсэн үгтэй холбож ойлгосон нь зөв байлаа. Есүс зөвхөн цаг хугацаа давчуу байснаас болоод биеэ дайчилсан юм биш ээ. Харин Эцгийнхээ нэр болон цэвэр шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй буюу хартай байсан. Бурхны нэр хүнд гутаан доромжлогдсоныг хараад хардалт бухимдал төрсөн нь зүйн хэрэг байв. Тэгээд сүмийн үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс тодорхой алхам хийсэн. Есүс хичээл зүтгэлтэй байсан учраас шашны удирдагчдад дарлагдаж байсан энгийн номхон ардыг хараад, тэднийг тайвшруулахын зэрэгцээ тэдгээр дарлагчдыг хурцаар зэмлэн буруушаасан (Мат. 9:36; 23:2, 4, 27, 28, 33).

Жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байгтун

12, 13. Христ шашны ертөнцийн удирдагчид а) Бурхны нэрийг яасан бэ? б) Бурхны Хаанчлалтай холбоотой юу хийсэн бэ?

12 Бидний эргэн тойронд амьдардаг, өөрсдийгөө Бурхан шүтдэг гэж хэлдэг хүмүүсийн хандлага, үйл хэргийг Есүсийн үеийнхээс бүр дордсон гэхгүй ч төстэй гэж хэлж болно. Есүс Бурхны нэрийн тухай залбирахыг дагалдагчдадаа заахдаа: «Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж онцолсныг саная (Мат. 6:9). Гэтэл шашны удирдагчид, ялангуяа, христ шашны ертөнцийн лам хуврагууд Бурхныг нэрээр нь дуудаж, тэр нэрийг ариунаар дуурсгах буюу хүндлэхийг хүмүүст заадаг бил үү? Харин ч тэд Гурвал, үхэшгүй мөнхийн сүнс, галт там гэх мэтийн хуурамч сургаал зааж, Бурхныг нууцлаг, ойлгомжгүй, харгис хэрцгий, тэр битгий хэл, хүний зовлонгоор бах таваа хангадаг гэсэн буруу ташаа ойлголт төрүүлдэг. Түүнчлэн, тэд шившгээ тарьж, хоёр нүүр гарган Бурхныг гутаадаг (Ром 2:2124-ийг уншина уу). Бас, Бурхны оноосон нэрийг нуун дарагдуулах боломжтой бүхнийг хийсэн. Тэр байтугай, Библи орчуулахдаа нэрийг нь хассан. Ийнхүү тэд Бурханд ойртож дотносох гэсэн хүмүүст саад болдог (Иак. 4:7, 8).

13 Есүс бас шавь нартаа Бурхны хаанчлалын тухай: «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж залбирахыг заасан (Мат. 6:10). Христ шашны удирдагчид энэ залбирлыг байнга давтдаг боловч улс төрийн болон өөр янз бүрийн байгууллагыг дэмжихийг хүмүүст уриалдаг. Түүнээс гадна, тэд Хаанчлалын тухай гэрчилж, дэлгэрүүлэхийг хичээдэг хүмүүсийг дорд үздэг. Үүний улмаас, өөрсдийгөө христиан гэж үздэг хүмүүс Бурхны Хаанчлалын тухай ярьдаг ч үгүй, итгэдэг ч үгүй болжээ.

14. Христ шашны лам хуврагууд Бурхны Үгийг хэрхэн уландаа гишгэдэг вэ?

14 Есүс Бурханд хандан залбирахдаа: «Таны үг бол үнэн мөн» хэмээн тодорхой хэлсэн (Иох. 17:17). Дагалдагчдад нь сүнслэг хоол өгөх «итгэмжит, ухаалаг боолыг» томилохоо тэнгэрт гарахаасаа өмнө амласан (Мат. 24:45). Христ шашны ертөнцийн лам хуврагууд өөрсдийгөө Бурхны Үгийн нярав гэж хэлэх дуртай. Гэхдээ тэд Эзнийхээ итгэлийг даадаг үнэнч хүмүүс гэдгээ баталсан уу? Үгүй. Тэд Библид бичсэн зүйлийг үлгэр домог гэдэг. Сүргийг сүнслэг хоолоор тэжээж, тайвшруулан, гэгээрүүлэхийн оронд хүний гүн ухаанаар сүсэгтнүүдийнхээ «чихийг гижигддэг». Тэд шинэ ёс суртахуун гэгчийг гаргаж, Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэдэг (2 Тим. 4:3, 4).

15. Бурхны нэрийг барьж лам хуврагуудын хийсэн бүхэн танд ямар санагддаг вэ?

15 Библийн Бурхны нэрийг барьж хийсэн энэ бүх хэргээс болоод чин сэтгэлтэй олон хүний урам хугарах юм уу, Бурханд болон Библид бүрмөсөн итгэхээ больж, Сатан болон түүний ёс бус ертөнцийн олз болдог. Өдөр бүр болж буй иймэрхүү явдлыг харж, сонсохлоор танд ямар санагддаг вэ? Еховагийн үйлчлэгч таны хувьд гутаан доромжлогдож байгаа Бурхны нэрийн төлөө чадах бүхнээ хийх хүсэл төрөхгүй гэж үү? Хууран мэхлэгдэж, бусдын олз болж буй чин сэтгэлтэй дарлагдсан хүмүүсийг тайвшруулахыг хүсэхгүй гэж үү? Есүс тухайн үеийнхээ «хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан» хүмүүсийг зүгээр нэг өрөвдөөд зогсоогүй, «тэдэнд олон зүйлийг зааж» эхэлсэн (Мат. 9:36; Марк 6:34). Бидэнд ч бас Есүсийн адилаар жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байх хүндтэй шалтгаан бий.

16, 17. а) Бид ямар учраас Бурханд хичээл зүтгэлтэй үйлчилдэг вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

16 Хэрэв бид Бурханд хичээл зүтгэлтэй үйлчилбэл 1 Тимот 2:3, 4-т байдаг элч Паулын үг хэчнээн гүн утгатай болохыг ойлгоно (Уншина уу). Бид эцсийн өдрүүдэд амьдарч байгаагаа мэддэг төдийгүй, дэлгэрүүлэх ажлыг Бурхны хүсэл таалал гэж үздэг учраас хичээл зүтгэлтэй хийдэг. Бурхан хүмүүсийг үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг. Хэрэв хүмүүс үнэний мэдлэг рүү ирвэл Бурхныг хэрхэн шүтэх, түүнд хэрхэн үйлчлэхийг сурч мэдээд, их ивээл хүртэнэ. Гол нь бага хугацаа үлдсэн учраас бид дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцдог юм биш ээ. Харин Бурхны нэрийг хүндэтгэн, хүмүүст Бурхны хүсэл тааллыг мэдүүлэхийг хүсдэг учраас биеэ дайчилдаг. Бид жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэл гаргадаг (1 Тим. 4:16).

17 Еховагийн үйлчлэгчид бид дэлхий болон хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг үнэн зөвөөр нь мэдсэн хүмүүс. Аз жаргалаа олж, ирээдүйн жинхэнэ найдвар өвөрлөхөд нь хүмүүст туслах арга хэрэгсэл бидэнд бий. Сатаны ертөнц устгагдах үеэр аврагдахын тулд юу хийх хэрэгтэйг тэдэнд зааж чадна (2 Тес. 1:7–9). Еховагийн өдөр ирэхгүй удаад байна гэж сэтгэлээр унаж, цөхрөхийн оронд жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэл гаргах цаг одоо ч байгаад баярлах хэрэгтэй (Мика 7:7; Хаб. 2:3). Яавал улам хичээл зүтгэлтэй болох вэ? Үүнийг дараагийн өгүүллээр авч үзнэ.

Тайлбарлана уу

• Есүс юуны учир эцэж цуцахыг мэдэхгүй үйлчилсэн бэ?

• Библид бичсэн «хичээл зүтгэл» гэдэг үг ямар утгатай вэ?

• Жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэл гаргах хүслийг юу төрүүлдэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[8-р хуудасны зураг]

Есүс Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлж, хүмүүст хайраа илэрхийлэхийг голлон анхаарч байсан

[10-р хуудасны зураг]

Жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байх хүндтэй шалтгаан бидэнд бий