Skip to content

Гарчиг руу орох

Ганц бие байхын давуу талаа ашиглагтун

Ганц бие байхын давуу талаа ашиглагтун

Ганц бие байхын давуу талаа ашиглагтун

«Үүнийг хүлээж авах чадвартай нэг нь хүлээн аваг» (МАТ. 19:12).

1, 2. а) Ганц бие байхыг Есүс, Паул гэх мэтийн хүмүүс хэрхэн үздэг байсан бэ? б) Зарим хүн ганц бие байхыг ямар учраас бэлэг гэж үздэггүй вэ?

 ГЭР БҮЛТЭЙ болох гэдэг нь Бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн хамгийн үнэтэй бэлгүүдийн нэг яах аргагүй мөн (Сур. 19:14). Гэхдээ ганц бие христианууд ч сэтгэл дүүрэн амьдардаг. Насаараа ганц бие яваа 95 настай Харолд: «Би хүмүүстэй хамт байж, дайлж цайлах дуртай. Ганцаараа байхдаа ч уйтгарлахыг ер мэдэхгүй. Ганц бие байгаагаа би Бурхны өгсөн бэлэг гэж боддог» хэмээн ярьсан юм.

2 Гэр бүлтэй болох нь Бурхны бэлэг байдгийн адил, ганц бие байх нь ч бэлэг гэдгийг Есүс Христ, элч Паул нар хэлжээ (Матай 19:11, 12; 1 Коринт 7:7-г уншина уу). Гэхдээ, гэрлээгүй хүн болгон хүслээ дагаад ганц бие болдоггүй нь ойлгомжтой. Янз бүрийн шалтгааны улмаас таарч тохирох ханиа олоход тэр бүр амаргүй байсан байх. Эсвэл олон жил ханилсны эцэст салах, бэлэвсрэх зэргээр хүсээ ч үгүй байтал ганцаар хоцордог. Тэгвэл ганц бие байхыг яагаад бэлэг гэж хэлж болох вэ? Христиан хүн ганц бие байхын давуу талаа хэрхэн ашиглаж болох вэ?

Хосгүй бэлэг

3. Ганц бие христиануудад ямар ямар завшаан олддог вэ?

3 Ганц бие хүн гэрлэсэн хүнийг бодвол, илүү их завтай, эрх чөлөөтэй байдаг (1 Кор. 7:32–35). Үйлчлэлээ өргөжүүлэх, өргөнөөр нээлттэй байн бусдыгаа хайрлах, Еховатай илүү ойр дотно болох хосгүй боломжтой. Тийм учраас, ганц бие байхын давуу талыг үнэлж үзээд, ядаж хэсэг хугацаанд ганц бие хэвээрээ байхаар шийддэг христиан цөөнгүй. Зарим нь ганцаараа байя гэж анхнаасаа төлөвлөөгүй байтал нөхцөл байдал нь өөрчлөгдөхөд энэ тухайгаа залбирч байгаад эргэцүүлэн бодож, Еховагийн тусламжтайгаар «зүрхэндээ бат зогсож» чадахаа ойлгодог. Тийм учраас, нөхцөл байдлаа тооцож үзээд, гэр бүлтэй болох тухай бодохгүй байхаар шийддэг (1 Кор. 7:37, 38).

4. Ганц бие христианууд өөрийгөө Бурхны зохистой, үнэ цэнэтэй үйлчлэгч гэж үзэх хэрэгтэйн учир юу вэ?

4 Ганц бие христианууд гэрлэхгүй байлаа ч Ехова болон түүний байгууллагын сайшаалыг хүлээнэ гэдгээ мэддэг. Ехова хүн нэг бүрийг хайрладаг (Мат. 10:29–31). Биднийг Бурхны хайраас хэн ч, юу ч салгаж чадахгүй (Ром 8:38, 39). Бид гэр бүлтэй ч бай, үгүй ч бай, өөрсдийгөө Бурхны зохистой, үнэ цэнэтэй үйлчлэгчид гэж үзэж болно.

5. Ганц бие байхын давуу талыг бүрэн дүүрэн ашиглахын тулд яах хэрэгтэй вэ?

5 Ганц бие байхын давуу талыг бүрэн дүүрэн ашиглахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай байдаг. Ганц бие явахаар зориуд шийдсэн, эсвэл янз бүрийн шалтгаанаар ганц бие болсон эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу хүмүүсийн аль нь ч байлаа гэсэн давуу талаа хэрхэн ашиглах вэ? Эртний христиан хурлын итгэл нэгтнүүдийнхээ сайхан жишээг авч үзээд, хэрхэн дууриаж болохыг ярилцъя.

Залуу насандаа ганц бие байх нь

6, 7. а) Бурханд үйлчлэх ямар завшаан Филипийн дөрвөн охинд олдсон бэ? б) Тимот ганц бие байхын давуу талаа хэрхэн ашигласан бэ? Залуугаасаа Бурханд үйлчлэхэд бэлэн байсныхаа ачаар ямар ивээл хүртсэн бэ?

6 Сайн мэдээ тунхаглагч Филип дөрвөн онгон охинтой байжээ. Тэд бүгдээрээ эцэгтэйгээ хамт хичээл зүтгэлтэйгээр сайн мэдээ тунхагладаг байв (Үйлс 21:8, 9). Ариун сүнсний нэг гайхамшигт бэлэг нь зөгнөх явдал байсан бөгөөд Иоел 2:28, 29-ийн дагуу тэд энэ чадвараа ашигласан.

7 Тимот бол ганц бие байхын ашиг тусыг бүрэн дүүрэн хүртсэн залуу юм. Эх Юник, эмэг эх Лой нь түүнийг бага байхад «Ариун Бичээсүүдийг» зааж өгчээ (2 Тим. 1:5; 3:14, 15). Гэхдээ тэд МЭ 47 оны орчим Паулыг төрөлх хот Лустрт нь анх ирж байх тэр үед л христиан болсон бололтой. Түүнээс хойш хоёр жилийн дараа Паулыг хоёр дахь удаагаа ирэхэд Тимот 20-оод настай байв. Нас нь залуу, үнэнийг мэдээд удаагүй байсан хэдий ч Лустр болон зэргэлдээх хот Икониумын хурлын ахлагчдын дотор «сайнаар яригддаг» байжээ (Үйлс 16:1, 2). Тийм ч учраас Паул Тимотыг хамтран зүтгэгчээ болгон, явуулын ажилдаа туслуулахаар болжээ (1 Тим. 1:18; 4:14). Тимот насаараа ганц бие явсан эсэх нь тодорхойгүй. Харин тэрбээр залуу байхдаа Паулын урилгыг дуртайяа хүлээн авч, түүнээс хойш олон жил ганц бие явж, миссионер, харгалзагчаар баяр хөөртэй үйлчилснийг бид мэдэх билээ (Флп. 2:20–22).

8. Марк гэгддэг Иохан ямар учраас сүнслэг зүйлийг зорилгоо болгож чадсан бэ? Ямар ивээл хүртсэн бэ?

8 Марк гэгддэг Иохан бас залуудаа ганц бие байж, үүнийхээ давуу талыг ухаалаг ашигласан. Тэрбээр эх Мариа, үеэл Барнаб нарын хамт Иерусалим дахь хурлын анхны гишүүд болжээ. Маркийн гэр бүл хотод өөрийн гэсэн байшинтай, зарцтай, тохь тухтай амьдарч байсан бололтой (Үйлс 12:12, 13). Нөхцөл бололцоо сайтай байсан хэдий ч залуу Марк дур зоргоороо амьдарч, хувиа бодож явсангүй. Бас эхнэр авч, тав тухтай амьдрал хөөгөөгүй. Элч нартай эртнээс нөхөрлөж явсан нь түүнийг миссионерээр үйлчлэх хүсэл тэмүүлэлтэй болгосон. Паул Барнаб хоёрын миссионерийн анхны аялалд дуртайяа хамт явж, тэдэнд тусалж байжээ (Үйлс 13:5). Дараа нь Барнабтай аялж, эцэст нь Петртэй хамт Вавилонд үйлчилж байсныг Библид бичжээ (Үйлс 15:39; 1 Петр 5:13). Марк хэр удаан ганц бие явсныг бид мэдэхгүй. Гэхдээ бусдад дуртайяа үйлчилдэг, Бурхны Хаанчлалын үйл хэргийн төлөө илүү ихийг хийхэд бэлэн хүн гэдгээрээ олонд хүндлэгдэж явжээ.

9, 10. Ганц бие залуу христиануудад үйлчлэлээ өргөжүүлэх ямар ямар боломж байдаг вэ? Жишээ хэлнэ үү.

9 Өнөөдөр ч бас христиан хурлын олон залуус ганц бие байгаа дээрээ Бурханд илүү ихээр үйлчилж байна. Тэд Марк Тимот нарын адилаар, ганц бие яваагаа «эргэлт буцалтгүйгээр Эзэнд үнэнч» үйлчлэх завшаан гэж эрхэмлэдэг (1 Кор. 7:35). Энэ бол үнэхээрийн завшаантай хэрэг юм. Эхлэгчээр үйлчлэх, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар нүүж очих, гадаад хэл сурах, Хаанчлалын танхим болон салбарын барилга барих ажилд туслах, Үйлчлэл дээшлүүлэх сургуульд суралцах, Бетелд үйлчлэх зэрэг олон сайхан боломж тийм хүмүүсийн өмнө нээлттэй байна. Хэрэв та залуу, гэрлээгүй бол энэ сайхан завшаанаа бүрэн дүүрэн ашиглаж байна уу?

10 Хориод настай байхдаа эхлэгчээр үйлчилж эхэлсэн Марк Үйлчлэл дээшлүүлэх сургуульд сурч, дэлхийн өнцөг булан бүрд очиж, янз бүрийн даалгавар биелүүлсээр иржээ. Тэрбээр бүрэн цагаар үйлчилсэн 25 жилээ дурсан: «Би хурлынхаа бүх хүнтэй дэлгэрүүлдэг, тэдэнд хоньчны эргэлт хийдэг, гэртээ урьдаг, тэр байтугай, нэг нэгнээ сүнслэгээр бэхжүүлэх зорилготой нийтийн арга хэмжээ зохиодог байлаа. Энэ бүхэн надад асар их баяр баясгалан авчирдаг байсан» хэмээн ярьсан юм. Хүн бусдад өгч байж хамгийн их баяр баясгалан эдэлдэг бөгөөд Бурхны үйл хэрэгт амьдралаа бүрэн зориулбал бусдад өгөх олон сайхан боломж нээгддэгийг Маркийн хэлсэн үг тодорхой харуулж байна (Үйлс 20:35). Залуучууд та нарын хүсэл сонирхол, авьяас чадвар, амьдралын туршлага ямар ч бай, Эзний үйл хэргээр үргэлж бялхаарай (1 Кор. 15:58).

11. Гэрлэх гэж яарахгүй байх нь ямар ач холбогдолтой вэ?

11 Залуусын ихэнх нь яваандаа гэрлэхийг хүсдэг. Гэсэн ч яарах хэрэггүй. Паул залуу хүмүүсийг ядаж «насанд хүртлээ» буюу бэлгийн дур хүсэл хамгийн хүчтэй байдаг үеэ өнгөртөл хүлээхийг уриалжээ (1 Кор. 7:36). Өөрийгөө сайн мэддэг болж, тохирох ханиа сонгоход хэрэг болох амьдралын туршлага хуримтлуулахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Нөхөр эхнэр болох нь насан туршийн холбоо учир гэрлэлтийн тангараг өргөхийн тулд нухацтай бодож шийдэх учиртай (Ном. 5:2–5).

Насны эцэст ганц бие

12. а) Бэлэвсэн эмэгтэй Анна өөрчлөгдсөн нөхцөл байдлыг хэрхэн даван туулсан бэ? б) Түүнд ямар завшаан тохиосон бэ?

12 «Лук» номд дурдагдсан Анна гэдэг эмэгтэй гэрлээд долоохон жилийн дараа гэнэт бэлэвсрэхдээ ихэд уй гашуу болсон нь лав. Тэрбээр хүүхэд төрүүлж байсан уу, дахин гэрлэх талаар бодож байсан уу гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ 84 насандаа бэлэвсэн байсныг нь Библид бичжээ. Лукийн бичсэнээс үзвэл, Анна өөрчлөгдсөн нөхцөл байдлыг ашиглан, Еховатай улам ойр дотно болсон гэж дүгнэж болохоор байна. Тэрбээр «мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй» (Лук 2:36, 37). Тэгэхлээр түүний амьдралын хамгийн чухал зүйл нь Бурхныг шүтэх байжээ. Ингэхийн тулд тууштай, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй байлаа. Хэдийгээр амаргүй байсан ч тэрбээр их ивээл хүртсэн. Аннад нялх Есүсийг нүдээр үзэх завшаан тохиож, энэхүү ирээдүйн Мессиагийн авчрах эрх чөлөөний тухай хүмүүст ярьж гэрчилсэн (Лук 2:38).

13. а) Доркас хурлын үйл хэрэгт идэвхтэй оролцдог байсныг юу харуулдаг вэ? б) Энэрэнгүй, сайхан сэтгэлтэй Доркас ямар ивээл хүртсэн бэ?

13 Доркас буюу Табита гэдэг эмэгтэй Иерусалимын баруун хойд зүгийн эртний боомт хот Иоппад амьдардаг байжээ. Библид Доркасыг нөхөртэй гэж бичээгүй тул тухайн үедээ ганц бие байсан бололтой. Доркас «үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ». Ядуу зүдүү хүмүүс, бэлэвсэн эмэгтэйчүүдэд хувцас оёж өгдөг түүнд хурлынхан нь их хайртай байв. Тийм учраас, гэнэт өвдөөд, нас барахад нь Петр лүү хүн илгээж, хайртай итгэл нэгтнийг нь амилуулж өгөхийг хүсжээ. Доркасын амилсан тухай мэдээ Иоппа даяар тархаж, олон хүн итгэгч болсон (Үйлс 9:36–42). Тэрбээр гайхалтай сайхан сэтгэлтэй хүн байсан учир итгэгч болсон тэр хүмүүсийн заримд ч тусалсан биз ээ.

14. Ганц бие христианууд ямар учраас Еховатай улам дотно болдог вэ?

14 Анна Доркас нар шиг, ганц бие байсаар нас нь ахисан хүмүүс хурлуудад олон байдаг. Зарим нь тохирох ханиа олоогүй байж болох юм. Зарим нь салж сарнидаг, эсвэл бэлэвсэрдэг. Сэтгэл санаагаа хуваалцах ханьгүй ганц бие христианууд Еховад илүү их найдаж сурдаг (Сур. 16:3). 38 жил Бетелд үйлчилж байгаа Силвиа гэдэг эмэгтэй ганц бие байгаагаа ивээл гэж үздэг ажээ. Тэрбээр: «Бусдыг зоригжуулсаар байгаад заримдаа ядардаг л юм. „Намайг зоригжуулах хүн байна уу?“ гэж бодогдох үе ч байдаг шүү» хэмээн үнэнээ хэлсэн юм. Гэвч тэрбээр цааш нь: «Надад юу хэрэгтэй байгааг Ехова надаас илүү мэддэгт би итгэдэг. Тийм болохоор Еховатай улам дотно болдог. Ехова намайг үргэлж зоригжуулдаг. Заримдаа санаанд оромгүй аргаар ч зоригжуулах нь бий» гэж ярьжээ. Өөрт нь ойр байсан цагт Ехова илүү энэрэнгүй хандаж, сэтгэл тайвшруулдаг.

15. Гэрлээгүй христианууд хэрхэн бусдад хайраа илэрхийлэн «өргөнөөр нээлттэй байж» болох вэ?

15 Ганц бие хүн бусдад хайраа илэрхийлэн «өргөнөөр нээлттэй байх» онцгой боломжтой (2 Коринт 6:11–13-ыг уншина уу). 34 жил бүрэн цагаар үйлчилж буй Жолин гэдэг эмэгтэй: «Би зөвхөн өөрийнхөө насны хүмүүстэй төдийгүй, бүх хүнтэй дотно нөхөрлөхийг их хичээдэг. Ганц бие хүмүүс Еховад, гэр бүлийнхэндээ, итгэл нэгтнүүддээ, айл хөршийнхөндөө бүхнээ зориулж чаддаг. Нас ахих тусам ганц бие байгаадаа илүү их баярладаг» гэж ярьсан юм. Өөрийгөө үл хайхран бусдад тусалдаг ганц бие итгэл нэгтнүүддээ өндөр настай, бие муутай христианууд, ганц бие эцэг эхчүүд, залуучууд болон хурлынх нь бусад гишүүд талархаж явдаг. Үнэндээ, бусдыг хайрлахын хэрээр өөрийгөө илүү их хүндэтгэдэг. Та бас бусдад хайраа илэрхийлэн «өргөнөөр нээлттэй байдаг» уу?

Насаараа ганц бие

16. а) Есүс насаараа ганц бие явсны учир юу вэ? б) Паул ганц бие байхын давуу талаа хэрхэн ухаалаг ашигласан бэ?

16 Есүс Еховад үйлчлэхэд өөрийгөө бэлдэж, авсан даалгавраа гүйцэтгэх ёстой байсан тул гэрлээгүй. Тэрбээр нутаг орноор хөндлөн гулд явж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол хөдөлмөрлөж, эцэст нь амиа золиосолжээ. Ганц бие байсны хүчинд энэ бүхнийг амжуулж чаджээ. Элч Паул дэлгэрүүлэх ажил хийн олон мянган бээр аялж, хүнд хэцүү саад бэрхшээлтэй тулгарч явсан (2 Кор. 11:23–27). Залуудаа гэрлэсэн ч байж магадгүй. Ямар ч байсан, элчээр томилогдохдоо ганц бие байжээ (1 Кор. 7:7; 9:5). Бурханд үйлчлэхийн тулд, болж өгвөл, өөрсөдтэй нь адил ганц бие байхыг Есүс Паул хоёр бусдадаа уриалж байсан. Гэхдээ тэр хоёрын хэн нь ч Бурхны үйлчлэгч хүн гэрлэх ёсгүй гэж хэлээгүй (1 Тим. 4:1–3).

17. Өнөөдөр зарим хүн Есүс Паул хоёрын жишээг хэрхэн дагадаг вэ? Өөрийгөө тийнхүү золиосолдог хүмүүсийг Ехова үнэлж эрхэмлэдэг гэхийн учир юу вэ?

17 Орчин үед ч бас зарим хүн Бурханд илүү их үйлчлэхийн тулд ганц бие байхаар зориуд шийддэг. Дээр дурдсан Харолд Бетелд 56 жил баяр хөөртэй үйлчилж байна. Тэрбээр: «Гэр бүлтэй олон хүн өвчний улмаас, эсвэл өндөр настай эцэг эхээ асрахаар Бетелээс гарч байхыг би Бетелд үйлчлээд арван жил болохдоо ажигласан юм. Харин миний эцэг эх нас барсан байсан. Би өөрөө бетелчин байх үнэхээр дуртай. Энэ сайхан завшаанаа алдахыг хүсээгүй учраас гэрлээгүй юм» гэж ярьжээ. Түүнчлэн, олон жил эхлэгчээр үйлчилсэн Маргарет: «Надад гэрлэх боломж олон удаа гарч байсан ч би гэрлээгүй. Харин ч ганц бие байгаагийнхаа ачаар дэлгэрүүлэх ажилдаа хамаг цаг заваа зориулж, илүү эрх чөлөөтэй байж чаддаг учраас маш их аз жаргалтай байдаг» гэж хэдэн жилиийн өмнө ярьсан юм. Жинхэнэ шүтлэгийн төлөө хувиа бодолгүй олон юмаа золиосолдог хэн бүхнийг Ехова хэзээ ч мартахгүй (Исаиа 56:4, 5-ыг уншина уу).

Нөхцөл байдлаа бүрэн дүүрэн ашиглагтун

18. Ганц бие итгэл нэгтнүүдээ бусад нь хэрхэн дэмжиж, зоригжуулах вэ?

18 Еховад үйлчлэхийн төлөө бүхнээ зориулж яваа гэрлээгүй христиан бүр бидний чин сэтгэлийн магтаал сайшаалыг хүлээдэг. Хуралдаа жинтэй хувь нэмэр оруулж, олон сайхан зан чанар илэрхийлдэг тэднийгээ хайрлахгүй байхын аргагүй. Хэрэв бид тэднийхээ сүнслэг ах, эгч, дүү, эх, үр хүүхэд нь болбол тэд хэзээ ч ганцаардахгүй (Марк 10:28–30-ийг уншина уу).

19. Ганц бие байхын давуу талаа бүрэн дүүрэн ашиглахын тулд юу хийж болох вэ?

19 Та ганц бие явахаар зориуд шийдсэн ч бай, нөхцөл байдлаасаа болоод ганцаар хоцорсон ч бай, жаргалтай, утга учиртай амьдарч болдгийг дээр ярьсан Библийн болон орчин үеийн жишээ баталж байна. Бэлэг авахыг хүсдэг шиг ганц бие байхыг хүсдэг хүмүүс бий. Гэтэл зарим хүн огт хүсээгүй хэр нь ганц бие явахаас өөр аргагүйд хүрдэг. Зарим нь ганц бие байхын давуу талыг шууд ойлгодог байхад, нөгөө зарим нь хэсэг хугацааны дараа л ойлгодог. Тэгэхлээр энэ нь тухайн хүний үзэл бодлоос ихээхэн шалтгаалдаг ажээ. Ганц бие байхын давуу талаа бүрэн дүүрэн ашиглахын тулд юу хийж болох вэ? Еховатай улам дотно болоорой. Бурхны үйл хэргээр үргэлж бялхаарай. Бусдадаа хайраа илэрхийлэн өргөнөөр нээлттэй байгаарай. Ганц бие байгаадаа Бурхны үзэл бодлоор хандаж, энэ завшаанаа ухаалаг ашиглавал гэр бүл болох нь Бурхны өгсөн бэлэг байдгийн адилаар ганц бие байх нь ч мөн бэлэг байх болно.

Санаж байна уу?

• Ганц бие байхыг бэлэг гэж үзэхийн учир юу вэ?

• Залуу хүмүүсийн хувьд ганц бие байх нь хэрхэн ивээл болдог вэ?

• Ганц бие христианууд Еховатай улам дотносох, бусдыг хайрлан «өргөнөөр нээлттэй» байх ямар ямар боломжтой вэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны зураг]

Та Бурханд үйлчлэх боломжоо бүрэн дүүрэн ашиглаж байгаа юу?