Skip to content

Гарчиг руу орох

Гэр бүлийг Бурхны өгсөн бэлэг хэмээн хүндэтгэн үзэгтүн

Гэр бүлийг Бурхны өгсөн бэлэг хэмээн хүндэтгэн үзэгтүн

Гэр бүлийг Бурхны өгсөн бэлэг хэмээн хүндэтгэн үзэгтүн

«Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» (ЭХ. 2:24).

1. Еховаг бидний хүндэтгэлийг хүлээх зохистой Нэгэн гэхийн учир юу вэ?

 ГЭР БҮЛ болохыг хамгийн анх санаачлан бий болгосон Ехова Бурхан бидний хүндэтгэлийг хүлээх зохистой Нэгэн билээ. Бүтээгч, Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн Эцэг тэрбээр «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг»-ийн Эх булаг гэж хэлүүлэх бүрэн эрхтэй (Иак. 1:17; Илч. 4:11). Ехова төгс бэлэг өгч агуу хайраа илчилдэг (1 Иох. 4:8). Зааж сургасан, хүсэж шаардсан, өгч хайрласан бүхэн нь зөвхөн бидний сайн сайхны төлөө байдаг (Ис. 48:17).

2. Ехова анхны хосод ямар заавар өгсөн бэ?

2 Библид бичсэнээр тэр сайн бэлгүүдийн нэг нь гэр бүлтэй болох явдал юм. Ехова анхны гэрлэх ёслолыг зохион байгуулахдаа, жаргалтай амьдрахад нь тустай тодорхой зааврыг Адам Ева хоёрт өгчээ (Матай 19:4–6-г уншина уу). Тэд Бурхны тушаалыг дагасан бол үүрд аз жаргалтай амьдрах байв. Гэвч ухаангүй загнаж, Бурхны тушаалыг үл хүндэтгэн, аймшигтай үр дагаварт хүрсэн (Эх. 3:6–13, 16–19, 23).

3, 4. а) Өнөөдөр хүмүүс Еховаг ч, гэрлэлтийг ч хүндэтгэн үздэггүй нь юунаас харагддаг вэ? б) Бид энэ өгүүллээр ямар жишээ авч үзэх вэ?

3 Өнөөдөр олон хүн гэр бүлтэй холбоотой шийдвэр гаргахдаа анхны хүмүүн хосын адилаар Бурхны удирдлагыг бараг тоодоггүй, эсвэл бүр огт хэрэгсдэггүй. Зарим нь албан ёсоор гэрлэхгүйгээр хамтран амьдардаг байхад, зарим нь ижил хүйстэнтэйгээ гэрлэх гэх зэргээр өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлдэг (Ром 1:24–32; 2 Тим. 3:1–5). Тэд гэр бүл болохыг Бурхны өгсөн бэлэг гэж тооцдоггүй. Ийнхүү Ехова Бурхныг ч, өгсөн бэлгийг нь ч хүндэтгэн үздэггүй.

4 Тэр байтугай, Ехова гэрлэлтийг хэрхэн үздэгийг анхаарахаа болих явдал үйлчлэгчдийнх нь дунд ч мэр сэр гардаг. Зарим христиан хос тусдаа амьдрахаар шийдэх юм уу, Библийн үндэслэлгүй салдаг. Үүнээс яаж сэрэмжлэх вэ? Эхлэл 2:24-т байдаг Бурхны удирдлага гэр бүлээ бат тогтвортой байлгах юм уу салж сарнихаас сэргийлэхэд нь христиан хосуудад хэрхэн туслах вэ? Гэрлэхээр төлөвлөж буй хүмүүс наана нь ямар бэлтгэл хийх хэрэгтэй вэ? Эрт цагт гэр бүлээ сайн сайхан авч явсан гурван хосын жишээг үзье. Гэр бүл урт удаан хугацаагаар оршин тогтнохын нууц нь Еховаг хүндэтгэх явдал гэдгийг тэдний жишээ харуулдаг.

Үргэлж үнэнч байгтун

5, 6. Захариа Елизабет хоёрт ямар сорилт тулгарсан бэ? Тэд үнэнч байсныхаа төлөө ямар ивээл хүртсэн бэ?

5 Захариа Елизабет хоёр үргэлж зөв юм хийдэг хүмүүс байв. Тийм ч учраас, Еховагийн үнэнч үйлчлэгчийг насны ханиа болгон сонгожээ. Нөхөр нь тахилчийн үүргээ хариуцлагатай биелүүлэхээс гадна, хэн хэн нь Бурхны хуулийг чанд сахихын төлөө чадах бүхнээ хийдэг байв. Энэ хос их олон юмны төлөө Бурханд талархдаг байсан нь эргэлзээгүй. Гэсэн хэдий ч, Иудад очоод тэдний гэрт орсон хүн нэг зүйл дутуу байгааг анзаарна. Тэднийх хүүхэдгүй аж. Елизабет хүүсэр байсаар хоёул өтөлжээ (Лук 1:5–7).

6 Эртний израильчууд үр хүүхэд төрүүлэхийг ихэд эрхэмлэдэг байжээ. Өнөр өтгөн айл гэр ч олон байв (1 Сам. 1:2, 6, 10; Дуу. 128:3, 4). Хүүхэд төрүүлэхгүй бол эхнэрээсээ салж, үнэнч бус загнадаг израиль эрчүүд тэр үед байсан ч Захариа Елизабетаас салаагүй. Тэр хоёр салж сарнихыг урьтал болгодоггүй байсан. Үр хүүхэд төрүүлээгүйдээ гуньж гутардаг ч хоёр биендээ үнэнч байж, Ехова Бурхандаа ч тууштай үйлчилсээр байсан. Хожим нь Ехова гайхамшиг үйлдэн, нас өндөр болсон тэднийг өгөөмрөөр ивээж, хүүтэй болгожээ (Лук 1:8–14).

7. Елизабет нөхөртөө үнэнч гэдгээ хэрхэн харуулсан бэ?

7 Елизабетын үнэнч занг үнэхээр магтууштай. Энэ нь бас нэг явдлаас харагддаг. Нэгэн удаа нөхөр нь Бурхны тэнгэр элчийн үгэнд эргэлзсэний улмаас хэлгүй болсон учир хүү Иоханаа төрөх үед ярьж чадаагүй. Гэхдээ Еховагийн тэнгэр элчийн тушааснаар хүүдээ «Иохан» гэдэг нэр хайрлах ёстой болсноо эхнэртээ ямар нэг аргаар ойлгуулсан байж таарна. Айл хөрш хамаатан садангууд нь хүүд эцгийнх нь нэрийг өгөхийг хүссэн боловч Елизабет нөхрийнхөө захисныг үнэнчээр дагаж: «Үгүй, тэр Иохан гэж дуудагдах болно» гэжээ (Лук 1:59–63).

8, 9. а) Үнэнч байдал нөхөр эхнэрийн харьцааг хэрхэн бат бэх болгодог вэ? б) Ханьдаа үнэнч гэдгээ хэрхэн тодорхой харуулж болох вэ?

8 Захариа Елизабет нарын адилаар өнөөдөр хосууд гуньж гутрахаас эхлээд янз бүрээр зовж шаналдаг. Нөхөр эхнэр хоёр нэг нэгэндээ үнэнч байсан цагт л гэр бүл бат тогтвортой байна. Сээтэгнэх, порно үзэх, завхайрах гэх мэтийн янз бүрийн аюул ариун журамт гэр бүлд ч заналхийлж, ханьдаа итгэх итгэлийг алдруулж болдог. Эр эм хоёр бие биедээ итгэхээ боливол хайр хөрч эхэлдэг. Үнэнч байдлыг байшинг тойруулан барьсан хашаатай зүйрлэж болох юм. Тийм хашаа гэр доторх хүмүүсийг урилгагүй зочин, болзошгүй аюулаас хамгаалж, тодорхой хэмжээгээр тайван амгалан байлгадаг. Хос хоёр үнэнч байвал сэтгэлээ уудлан ярьж, бие биеэ улам хайрлан, айх аюулгүй амар жимэр амьдардаг. Үнэнч байдал үнэхээр чухал байгаа биз?

9 Ехова Адамд: «Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийл[дэг]» гэж хэлжээ (Эх. 2:24). Энэ нь юу гэсэн үг вэ? Найз нөхөд, хамаатан садангаа гэсэн өмнөх хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Гэрлэсэн хос цаг зав, анхаарал халамжаа юуны түрүүнд хоёр биендээ зориулах учиртай. Ханиа үл тоомсорлон, найз нөхөд, хамаатан садандаа илүү их санаа тавьж, цаг зав гаргаж болохгүй. Мөн аливаа шийдвэр гаргах юм уу, маргаанаа шийдвэрлэхдээ эцэг эхээ оролцуулах ёсгүй. Зөвхөн нөхөр эхнэр хоёр л бие биетэйгээ нийлж нэгдэх ёстой. Энэ бол Бурхны заавар юм.

10. Гэр бүлийн хос яавал үргэлж үнэнч байж чадах вэ?

10 Үнэнч байх нь шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд ч ач тустай байдаг. Итгэгч бус ханьтай нэг Гэрч эмэгтэй: «Нөхөртөө захирагдаж, нөхрөө гүн хүндэтгэхийг зааж өгсөн Еховадаа маш их талархаж явдаг. Үнэнч байсныхаа ачаар 47 жил хайр, хүндэтгэлээр дутсангүй» гэж ярьжээ (1 Кор. 7:10, 11; 1 Петр 3:1, 2). Ханийнхаа сэтгэлийг түгшээхгүйн төлөө чадах бүхнээ хийгээрэй. Таны хувьд хань тань энэ дэлхий дээрх хамгийн чухал хүн гэдгийг үг яриа, үйл хэргээрээ түүнд ойлгуулах арга зам хайгаарай. Хэн нэгнийг юм уу ямар нэг зүйлийг дундуураа оруулахгүйн тулд чадах бүхнээ хийгээрэй (Сургаалт үгс 5:15–20-ийг уншина уу). 35 жил ханилж буй Рон Жанет хоёр: «Бид Бурхны шаарддаг бүхнийг үнэнчээр сахин биелүүлдэг учраас гэр бүлийн маань амьдрал аз жаргалтай, сайн сайхан байдаг» гэж ярьжээ.

Эв нэгдэлтэй бол гэр бүл тогтвортой

11, 12. Акул Прискила хоёр а) гэртээ, б) ажил дээрээ, в) христиан үйл хэрэгт хэрхэн хамтран ажилладаг байсан бэ?

11 Элч Паул дотнын нөхөд Акул Прискила хоёрын тухай ярихдаа нэгийг нь нөгөөгөөс нь салгаж дурдсан удаагүй. Нөхөр эхнэр хоёр «нэгэн бие» болох ёстой хэмээн Бурхны айлдсан үгийн утгыг энэ хос жинхэнэ ёсоор харуулж үргэлж хамтдаа байсан (Эх. 2:24). Тэд гэртээ ч, ажил дээрээ ч, дэлгэрүүлэхдээ ч хамт байв. Паулыг Коринт хотод анх ирэхэд Акул Прискила хоёр түүнийг гэртээ байлгахаар найрсгаар урьсанд Паул хэсэг хугацаагаар тэднийд байж, ажил хэргээ явуулж байсан бололтой. Хожим нь энэ хосыг Ефест байхад гэрт нь цуглаан болдог байсан бөгөөд Апол гэх мэтийн шинэ хүмүүсийг сүнслэгээр өсөхөд нь тэд тусалж байсан (Үйлс 18:2, 18–26). Хичээл зүтгэлтэй Акул Прискила хоёр дараа нь Ром руу нүүсэн ч ах дүүсийн өмнө үүд хаалгаа нээн, урьдын адил гэртээ цуглаан явуулдаг байв. Дараа нь Ефест буцаж ирэн ах дүүсээ зоригжуулсан (Ром 16:3–5).

12 Акул Прискила хоёр адилхан ажил эрхэлдэг Паултай хамтарч хэсэг хугацаанд майхан оёжээ. Энэ хос ажил хийхдээ ч цуг байж, гар нийлэн зүтгэдэг байсныг та анзаарсан биз дээ? (Үйлс 18:3). Түүнээс гадна, христиан үйл хэрэгт хамтран оролцдог байсан учир гэр бүл нь бат бэх, аз жаргалтай, сүнслэгээр хүчтэй байжээ. Коринт, Ефес, Ром гээд хаа ч явсан «Христ Есүс дотор ... хамтран зүтгэгч» гэдгээрээ алдаршжээ (Ром 16:3). Тэд хаана ч үйлчилсэн, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг урагш ахиулахын төлөө мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байв.

13, 14. а) Гэр бүлийн эв нэгдэлд юу саад болдог вэ? б) Гэр бүлийн хос «нэгэн бие» мэт байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

13 Зорилго, ажил үйлс нэгтэй бол гэр бүл тогтвортой байх нь дамжиггүй (Ном. 4:9, 10). Харамсалтай нь орчин үед хосууд хамтдаа байх нь ховор болжээ. Тэд өөр өөр газар ажиллаж, олон цагаар тусдаа байдаг. Зарим нь хол зам туулж ажилдаа очдог. Нөгөө нэг хэсэг нь хилийн чанадад ганцаараа очиж ажиллан, гэрийнхэндээ мөнгө явуулдаг. Нэг дор байгаа хэр нь зурагт үзэх, дуртай юмаа хийх, спортоор хичээллэх, видео тоглоом тоглох, интернетээр аялах гэх зэрэгт ихэнх цагаа зориулдгаас болоод хамт байж чаддаггүй. Танайх тэгдэг юм биш биз? Тийм бол илүү олон цагийг хамт өнгөрөөхийн тулд хүсэл сонирхол, дадал заншлаа өөрчлөх боломж хайвал ямар вэ? Хоол хийх, аяга таваг угаах, гэр цэвэрлэх гэх зэргийн өдөр тутмын ажлыг цуг хийж болохгүй нь юу билээ? Хамтдаа үр хүүхдэдээ санаа тавих юм уу, өндөр настай эцэг эхээ асарч болно биз дээ?

14 Хамгийн чухал нь Еховаг шүтэхтэй холбоотой үйл хэрэгт тогтмол хамт оролцох явдал юм. Өдөр тутмын зүйлийг хамтдаа ярилцаж, Гэр бүлийн Библийн хичээл хийвэл адил бодол санаа, зорилго төлөвлөгөөтэй байх сайхан боломж олддог. Дэлгэрүүлэх ажлаа ч хамт хийгээрэй. Болж өгвөл, ганц сар ч юм уу эсвэл ганц жил ч байсан хамаагүй, хоёулаа эхлэгчээр үйлчлэхийг бодоорой (1 Коринт 15:58-ыг уншина уу). Нөхөртэйгөө эхлэгчээр үйлчилдэг байсан нэг Гэрч эмэгтэй: «Дэлгэрүүлэх нь хамтдаа цагийг өнгөрөөж, чин сэтгэлээсээ ярилцах нэг арга байсан. Бид хоёр бусдад сүнслэг тусламж үзүүлэх ижил зорилготой байсан учир жинхэнэ нэг багийн гишүүд шиг санагддаг байсан. Миний хувьд нөхөр минь амьдралын хань төдийгүй хамгийн дотнын найз юм» гэж хэлжээ. Нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зүтгэхийн хэрээр та хоёрын хүсэл сонирхол, эрхэмлэдэг зүйл, дадал заншил яваандаа нийцэн зохицож, Акул Прискила хоёрын адилаар «нэгэн бие» мэт боддог, мэдэрдэг, үйлддэг болно.

Бурхны зааврыг дагагтун

15. Гэр бүлээ сайн сайхан авч явахын нууц нь юу вэ? Тайлбарлана уу.

15 Гэр бүлийн хос Бурхны зааврыг дагах нь чухал гэдгийг Есүс мэддэг байсан. Ехова анхны хурим зохион байгуулахыг тэрбээр харсан. Адам Ева хоёр Бурхны хуулийг сахиж амьдрахдаа хэчнээн жаргалтай байгааг ажиглаж, хуулийг нь зөрчөөд ямар их зовлон амссаныг ч бас харжээ. Тиймээс хүмүүст сургаалаа айлдахдаа Эхлэл 2:24-т байдаг Эцгийнхээ зааврыг давтан хэлээд, цааш нь: «Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэжээ (Мат. 19:6). Тэгэхлээр, Еховаг гүнээ хүндэтгэх нь гэр бүлээ аз жаргалтай, сайн сайхан авч явахын нууц ажээ. Есүсийн эцэг эх Иосеф Мариа хоёр энэ талаар сайхан жишээ үлдээсэн.

16. Иосеф Мариа хоёр сүнслэг асуудалд гүн хүндэтгэлтэй ханддаг байсан нь юунаас харагддаг вэ?

16 Иосеф Мариад сайхан сэтгэлээр, хүндэтгэлтэй ханддаг байв. Хөл хүнд болсныг нь анх дуулаад, нарийн учрыг Бурхны тэнгэр элчээс хараахан мэдэж амжаагүй байхдаа Мариад өршөөнгүй хандах бодолтой байлаа (Мат. 1:18–20). Тэд гэр бүл болсон хойноо ч Цезарийн зарлигийг дагадаг, Мосегийн хуулийг чанд баримталдаг байсан (Лук 2:1–5, 21, 22). Еховаг шүтэх баяр ёслолд зөвхөн эрчүүд оролцдог байсан ч Иосеф Мариа хоёр хүүхдүүдээ аваад баяр тэмдэглэхээр жил бүр Иерусалимыг зорьдог байжээ (Д.хууль 16:16; Лук 2:41). Сүсэг бишрэлтэй энэ хос Еховагийн тааллыг олох гэж ийнхүү мэрийдэг, сүнслэг асуудалд гүн хүндэтгэлтэй ханддаг байжээ. Иймээс Ехова тэднийг сонгож, нялх Есүсийг халамжлуулсан нь гайхах хэрэг биш юм.

17, 18. а) Нөхөр эхнэр хоёр сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавих ямар ямар арга байна вэ? б) Ингэх нь ямар ашигтай вэ?

17 Танай гэр бүл бас Бурхны зааврыг дагадаг уу? Жишээ нь, та нар чухал шийдвэр гаргахдаа эхлээд Библийн зарчмыг судалж, тухайн асуудлынхаа талаар залбираад, дараа нь төлөвшсөн христианаас зөвлөгөө авдаг уу? Эсвэл өөрсдийнхөө юм уу эцэг эх, найз нөхдийнхөө зөв гэж үзсэний дагуу асуудлаа шийддэг үү? Гэрлэлт, гэр бүлийн амьдралын талаар итгэмжит боолын ном хэвлэлээр өгсөн заавар зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг үү? Эсвэл нутгийн ёс заншил, ертөнцийнхний дунд түгээмэл байдаг зөвлөгөөг дагадаг уу? Та нар байнга залбирч, Библийг хамтдаа судалж, сүнслэг зорилго тавьж, гэр бүлийнхнийхээ эн тэргүүнд тавьдаг зүйлийн тухай ярилцдаг уу?

18 Гэрлээд 50 жил жаргалтай амьдарч буй Рей: «Еховаг „гурамсалж гөрсөн сур“-ынхаа нэг хэсэг болгосон болохоор бид хоёрт дааж давшгүй бэрхшээл хэзээ ч тулгарч байгаагүй» хэмээн ярьсан юм (Номлогчийн үгс 4:12-ыг уншина уу). Данни Трина хоёр ч үүнтэй санал нийлдэг. «Бид хоёр Бурхандаа хамт үйлчлэх тусмаа улам дотно болдог» гэж ярьсан тэд 34 жил сайхан амьдарч явна. Танайх сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавьдаг бол гэр бүлээ сайн сайхан авч явахад тань Ехова тусалж, та нарыг арвин ихээр ивээнэ (Дуу. 127:1).

Бурхны өгсөн бэлэгт үргэлж хүндэтгэлтэй хандагтун

19. Бурхан гэр бүлийг бэлэг болгон өгсний учир юу вэ?

19 Өөрөө л жаргалтай амьдарч байвал боллоо гэж боддог хүн өнөөдөр олон болжээ. Харин Еховагийн үйлчлэгч өөр бодолтой явдаг. Гэр бүл бол Бурхны өгдөг бэлэг бөгөөд санаа зорилготой нь нягт холбоотой гэдгийг ойлгодог (Эх. 1:26–28). Адам Ева хоёр энэ бэлэгт хүндэтгэлтэй хандсан бол дэлхий тэр аяараа диваажин болж, Бурхны жаргалтай, зөв шударга үйлчлэгчдээр дүүрэх байв.

20, 21. а) Гэр бүлийг ариун гэж үзэх ёстойн учир юу вэ? б) Дараагийн долоо хоногт ямар бэлгийн тухай үзэх вэ?

20 Түүнээс гадна, Бурхны үйлчлэгчид гэрлэхийг Еховаг магтан алдаршуулах нэг арга гэж үздэг (1 Коринт 10:31-ийг уншина уу). Үнэнч, эв нэгдэлтэй байж, сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавивал Еховагийн таалалд нийцэж, гэр бүлийн холбоо батаждаг болохыг энэ өгүүллээр үзлээ. Гэрлэхээр төлөвлөж байгаа, гэр бүлээ сайн сайхан авч явахыг, эсвэл аврахыг хичээж байгаагийн аль нь ч байлаа гэсэн гэр бүл гэж чухам юу болохыг эхлээд ойлгосон байх учиртай. Гэр бүл бол Бурхны өгсөн ариун байгууламж юм. Үүнийг байнга санаж явбал гэр бүлтэй холбоотой шийдвэрийг Бурхны Үгэнд үндэслэн гаргахын төлөө чадах бүхнээ хийх болно. Ингэвэл гэр бүлийг бэлэг гэж үнэлээд зогсохгүй, энэ бэлгийг өгсөн Ехова Бурхныг хүндэтгэж байна гэсэн үг.

21 Гэр бүл бол Еховагийн өгсөн цорын ганц бэлэг ч биш, аз жаргалтай амьдрах цорын ганц арга зам ч биш ээ. Дараагийн өгүүллээр Бурхны өгсөн өөр нэг бэлэг буюу ганц бие байх тухай үзнэ.

Хариулна уу

• Үнэнч байх нь гэр бүлтэй христиануудад ямар ач тустай вэ?

• Хамтран ажиллах нь гэр бүлийн холбоог бататгадаг гэхийн учир юу вэ?

• Гэрлэсэн хүмүүс Бурхны зааврыг хэрхэн дагаж болох вэ?

• Гэр бүлийг Санаачлагч Еховаг хэрхэн хүндэтгэж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[15-р хуудасны зураг]

Нөхөр эхнэр хоёр хамтран ажиллавал эв нэгдэлтэй байна